Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 102/шш2021/01055

 

 

 

 

 

 

2021 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2021/01055

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Эрхүүгийн гудамж, 9 дүгээр байрны 92 тоотод оршин суух, регистр УЕ 56082004, Олхонууд овогт Дамдингийн Дүгэрийн нэхэмжлэлтэй

Хариуцагч:Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Амарсанаа гудамж, 36-И байрны 14 тоотод оршин суух, регистр ЧД 76011864, Боржигон овогт Батдэлгэрийн Энхзулд холбогдох

324744015 төгрөг гаргуулах тухай шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч Д.Дүгэр, өмгөөлөгч Г.Хишигжаргал, хариуцагч Б.Энхзул, өмгөөлөгч Ш.Базаррагчаа, гэрч Ц.Мөнхбат, А.Занахүү, Г.Эрдэнэбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Дүгэр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Би Б.Энхзулд 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 29,000 ам.долларыг 12 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй, 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 7,000 ам.долларыг 4 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй, 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 18,500 ам.долларыг 6 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй, 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 9,000 ам.долларыг 6 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй, 2014 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 20,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 3,8 хувийн хүүтэйгээр тус тус зээлдүүлсэн.Үндсэн зээлийн төлбөрт нэг ч ам.доллар болон төгрөг төлөөгүй болно.Зээлдэгч зээлийг зориулалт бусаар ашиглаж, гэрээгээр халхавчлан гэрээний үүргээ ноцтой зөрчсөний улмаас би 2016.08.08-ны өдөр Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст өргөдөл гарган Эрүүгийн хэргийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулсан боловч 2020.08.24-ний өдөр Улсын Ерөнхий Прокурорын газраас 4/2126 тоот тогтоолоор эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож учирсан хохирлыг иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсан.Иймд үндсэн зээлийн төлбөрт 63,500 ам доллар, зээлийн хүүд 7,804 ам.доллар, алданги 31,750 ам.доллар.Мөн үндсэн зээлийн төлбөрт 20,000,000 төгрөг, зээлийн хүүд 800,000 төгрөг, алданги 10,000,000 төгрөг, нийт Монгол банкны 2020.10.26-ны өдрийн ам.долларын ханш 2,852.33 төгрөгөөр тооцон 324,744,015.82 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байна.Б.Энхзул нь хамтарч ажилладаг үзүүлэх гэсэн юм гээд 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 498 доллар, 9250 доллар, 3500 долларыг надад төлөөгүй байж хий бичилтүүд хийлгэсэн байгаа, тэр хэрэгт энэ 20 сая төгрөг ороогүй, Итгэлт Миллионтой холилдоогүй, Б.Энхзулаас зээлийн хүүд 7795 доллар буюу 13,431,244 төгрөг, мөн төгрөгийн зээлийн хүүд 800,000 төгрөг авсан, үндсэн зээлээс нэг ч төгрөг төлөгдөөгүй, Б.Энхзул байнга Солонгос улс руу явчихдаг байсан гэв.

Хариуцагч Б.Энхзул шүүхэд гаргасан тайлбартаа: Д.Дүгэрийн нэхэмжилсэн 324 744 015 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй, үүнээс 110 463 905 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна, 2013 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Д.Дүгэрээс 60 сая төгрөгийн зээлийг 4 хувийн хүүтэй, 2014 оны 3 дугаар сарын 24-ны өдөр 20 сая төгрөгийг 3,8 хувийн хүүтэй зээлээд тус бүр хүүгээ төлөөд явж байтал энэ 2 зээлийг нэгтгээд Д.Дүгэр өөрийн нэр дээрх Итгэлт Миллион ББСБ руу шилжүүлсэн бөгөөд 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 80 сая төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан.Гэтэл Д.Дүгэр намайг БНСУ руу явсан хойгуур Итгэлт Миллион ББСБ-ын 80 сая төгрөгийн зээлийг дуусгавар болгоод Цэн Шижир ББСБ-тай 2015 оны 01 дүгээр сарын 05-нд 60 сая төгрөгийн зээлийн гэрээ, 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр 80 сая төгрөгийн үлдэгдэл 20 сая дээр зээлийн төлөгдөөгүй хүү, алдангийг нэмж 41 сая төгрөг болгож гэрээ хийж байсан.Тиймээс миний Д.Дүгэрээс зээлсэн 20 сая төгрөг болон түүнд хамаарах хүү 800 000 төгрөг, алданги 10 сая төгрөг, нийт 30 сая 800 000 төгрөгийг төлөх ёсгүй гэжээ.

Хариуцагч Б.Энхзул шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Би Д.Дүгэрээс 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 29.000 ам долларыг 12 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй, 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 7,000 ам долларыг 4 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй, 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 18.500 ам.долларыг 6 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй, 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 9.000 ам долларыг 6 сарын хугацаатай, сарын хувийн хүүтэй нийт 63.500 ам доллар зээлсэн, үүнээс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 498 ам доллар, 9250 ам доллар, 3500 ам доллар нийт 13 248 ам долларыг эргүүлж төлсөн, үүнээс үлдсэн төлбөрийг тухайн үеийн ханшаар тооцож төлнө.Мөн 2013 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Д.Дүгэрээс 60.000.000 төгрөгийг 4 хувийн хүүтэй, 2014 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 20.000.000 төгрөгийг 3,8 хувийн хүүтэй зээлээд тус бүр хүүгээ төлөөд явж байтал энэ хоёр зээлийг нэгтгээд Д.Дүгэр өөрийн нэр дээрх Итгэлт Миллион ББСБ руу шилжүүлсэн бөгөөд 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 80.000.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан нь энэ хэргээс тусдаа 80 сая төгрөгийг нэхээд явж байгаа тул 20 саяыг төлөх ёсгүй юм.Энэ зээлийн гэрээ нь тусдаа тул 20.000.000 төгрөгийг хүү, алдангийн хамт хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Хариуцагч Б.Энхзул шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Д.Дүгэр нь Б.Энхзултай 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 29.000 ам.долларын зээлийн гэрээ, 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 7000 ам.долларын зээлийн гэрээ, 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 18.500 ам.долларын зээлийн гэрээ, 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 9.000 ам.долларын зээлийн гэрээ, 2014 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 20.000.000 төгрөгийн зээлийн гэрээнүүд байгуулсан ба эдгээрээс 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 29.0 ам.долларын, 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 7000 ам.долларын, 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 18.500 ам.долларын, 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 9.000 ам.долларын зээлийн гэрээнүүд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хууль зөрчсөн хэлцэл бөгөөд Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т заасан гадаад валютаар зээлийн гэрээ байгуулах эрхийг Банк болон Банк бус санхүүгийн байгууллагад олгосон байхад Д.Дүгэр нь Б.Энхзултай 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 29.0 ам.долларын зээлийн гэрээ, 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 7000 ам.долларын зээлийн гэрээ, 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 18.500 ам.долларын зээлийн гэрээ, 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 9.000 ам.долларын зээлийн гэрээнүүдийг ам.доллараар байгуулсан нь төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийг зөрчиж хийсэн байх тул уг гэрээнүүд нь хүчин төгөлдөр бус хэлцэл юм.Энэхүү дээрх 4 удаагийн долларын зээлийн гэрээнүүдийн дагуу миний дараах төгрөгийг авсан байна.Үүнд:2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 29.000 ам.долларыг Монгол банкны тухай өдрийн ханшаар 1745,84 төгрөг буюу 50.629.360 төгрөг, 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 7000 ам.долларыг Монгол банкны тухай өдрийн ханшаар 1745,75 төгрөг буюу 12.220.250 төгрөг, 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 18.500 ам.долларыг Монгол банкны тухай өдрийн ханшаар 1722,55 төгрөг буюу 31.867.175 төгрөг, 2014 оны 2 дугаар сарын 14-ний өдөр 9.000 ам.долларыг Монгол банкны тухай өдрийн ханшаар 1749,68 төгрөг буюу 15.747.120 төгрөгийг үүрэг үүсэх үеийн ханшаар хүчин төгөлдөр бус гэрээ байгуулсан өдрөөр нийт 110.463.905 төгрөгийг байна.Уг 110.463.905 төгрөгөөс 13 удаагийн төлөлтөөр 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 750 ам.доллар, Монгол банкны тухай өдрийн ханшаар 1745,75 төгрөгөөр, 1.309.312 төгрөгийг, 2013 оны 12 дугаар сарын 24-ны өдөр 870 ам.доллар, Монгол банкны тухай өдрийн ханшаар 1620,27 төгрөгөөр, 1.409.634 төгрөгийг, 2013 оны 12 дугаар сарын 24-ны өдөр 525 ам.доллар, Монгол банкны тухай өдрийн ханшаар 1620,27 төгрөгөөр, 850.641 төгрөгийг, 2014 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр 870 ам.доллар, Монгол банкны тухай өдрийн ханшаар 1722,55 төгрөгөөр, 1.498.618 төгрөгийг, 2014 оны 2 дугаар сарын 24-ний өдөр 900 ам.доллар, Монгол банкны тухай өдрийн ханшаар 1776,11 төгрөгөөр, 1.598.895 төгрөгийг, 2014 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 1739 ам.доллар, Монгол банкны тухай өдрийн ханшаар 1778,93 төгрөгөөр, 3.093.559 төгрөгийг, 2014 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 483 ам.доллар, Монгол банкны тухай өдрийн ханшаар 1778,93 төгрөгөөр, 859.223 төгрөгийг, 2014 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 1140 ам.доллар, Монгол банкны тухайн өдрийн ханшаар 1778,93 төгрөгөөр, 2.027.980 төгрөгийг, 2014 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 248 ам.доллар, Монгол банкны тухай өдрийн ханшаар 1778,93 төгрөгөөр, 292.374 төгрөгийг, 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 270 ам.доллар, Монгол банкны тухай өдрийн ханшаар 1818,55 төгрөгөөр, 491.008 төгрөгийг, 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 498 ам.доллар, Монгол банкны тухай өдрийн ханшаар 1888,44 төгрөгөөр, 940.443 төгрөгийг, 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 9250 ам.доллар, Монгол банкны тухай өдрийн ханшаар 1888,44 төгрөгөөр, 17.468.070 төгрөгийг, 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 3500 ам.доллар, Монгол банкны тухай өдрийн ханшаар 1888,44 төгрөгөөр, 6.609.540 төгрөгийг нийт 21.043 ам.доллар буюу 38.449.297 төгрөгийг төлсөн. Иймд Д.Дүгэр болон Б.Энхзул нар нь 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 29.000 ам.долларын зээлийн гэрээ, 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 7000 ам.долларын зээлийн гэрээ, 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 18.500 ам.долларын зээлийн гэрээ, 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 9.000 ам.долларын зээлийн гэрээнүүдийн дагуу 110.463.905 төгрөгийг авсан бөгөөд үүнээс 38.449.297 төгрөгийг төлсөн тул 72.014.608 төгрөгийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагаас 252.729.407 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.Мөн Д.Дүгэр болон Б.Энхзул нар нь 2014 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 20.000.000 төгрөгийн зээлийн гэрээг 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Цэн Шижир ББСБ болон Б.Энхзул нарын хооронд байгуулсан 41.000.000 төгрөгийн зээлийн гэрээнд шилжүүлэн, үлдсэн 21.000.000 төгрөгийг Д.Дүгэр болон Б.Энхзул нар нь 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 29.000 ам.долларын зээлийн гэрээ, 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 7000 ам.долларын зээлийн гэрээ, 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 18.500 ам.долларын зээлийн гэрээ, 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 9.000 ам.долларын зээлийн гэрээ, 2014 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 20.000.000 төгрөгийн зээлийн гэрээнүүд хүү, алдангийг тооцон хийсэн болно.Уг 20.000.000 төгрөгийн зээл Цэн Шижир ХХК руу шилжсэн тул Д.Дүгэр уг мөнгийг нэхэмжлэх эрхгүй юм.Д.Дүгэр болон Цэн Шижир ХХК-ийн хоорондын төлбөр тооцооны асуудлыг би мэдэхгүй.Иймд Д.Дүгэрийн нэхэмжлэлтэй Б.Энхзулд холбогдох зээлийн төлбөрт 324.744.015 төгрөг гаргуулах тухай хэргийн нэхэмжлэгч Д.Дүгэр болон Б.Энхзул нарын хооронд 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 29.000 ам.долларын, 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 7000 ам.долларын, 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 18.500 ам.долларын, 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 9.000 ам.долларын зээлийн гэрээнүүдийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар хууль зөрчиж байгуулсан хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Б.Энхзулын Д.Дүгэрээс авсан 63 500 ам долларын зээлийн гэрээ нь Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийг зөрчсөн хэлцэл байгаа тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгөхийг хүсэж байна.Б.Энхзул 13 удаагийн төлөлтөөр 21 043 долларыг хүлээлгэж өгөөд гарын үсэг зурсан байдаг, нийт 63,500 доллароос 21 043 долларыг нь төлсөн.Гэрээ хүчин төгөлдөр бусад тооцогдож байгаа тул хүү алдангийг хүлээн зөвшөөрөх боломжгүй, авсан 110,000,000 төгрөгөөс төлснөө хасаад, үндсэн зээлийн үлдэгдлийг зээл авсан үеийн ханшаар тооцож 72014608 төгрөгийг зөвшөөрнө гэв.

Нэхэмжлэгч Д.Дүгэр шүүхэд гаргасан тайлбартаа:Б.Энхзулын гаргасан сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч байна, ам долларын зээлийн гэрээнүүд 2 талаас харилцан тохиролцож хийгдсэн, хүчин төгөлдөр гэрээ бөгөөд нэхэмжлэлийг Монгол банкны тухайн өдрийн ханшаар тооцон гаргасан нь ямар ч хууль зөрчөөгүй, 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Монгол банкны ханш 2852.33 төгрөг байсан.Иймд Б.Энхзулын гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Хариуцагч Б.Энхзулын шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч байна. Ам.долларын зээлийн гэрээнүүд 2 талаас харилцан тохиролцож хийгдсэн, хүчин төгөлдөр гэрээ бөгөөд нэхэмжлэлийг Монгол банкны тухайн өдрийн ханшаар тооцон гаргасан нь ямар ч хууль зөрчөөгүй, 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Монгол банкны ханш 2852.33 байсан.Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийг бараа, ажил үйлчилгээнд хэрэглэдэг. Хариуцагчийн хүсэлтээр доллароор зээл өгсөн байгаа.Иймд Б.Энхзулын гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Дүгэр нь үндсэн зээлийн төлбөрт 63.500 ам.доллар, зээлийн хүү 7804 ам.доллар, алданги 31.750 ам.доллар, мөн үндсэн зээлийн төлбөрт 20.000.000 төгрөг, зээлийн хүү 800.000 төгрөг, алданги 10.000.000 төгрөг нийтдээ Монгол банкны 2020.10.26-ны өдрийн ам.долларын ханш 2.852,33 төгрөгөөр тооцон 324.744.015,82 төгрөгийг хариуцагч Б.Энхзулаас гаргуулах тухай шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Б.Энхзул нь Д.Дүгэртэй байгуулсан 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 29.000 ам.долларын зээлийн гэрээ, 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 7000 ам.долларын зээлийн гэрээ, 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 18.500 ам.долларын зээлийн гэрээ, 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 9.000 ам.долларын зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгөх тухай сөрөг шаардлагыг шүүхэд гаргажээ.

Д.Дүгэр нь Б.Энхзулд 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 29.000 ам долларыг 12 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй, 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 7000 ам долларыг 4 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй, 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 18.500 ам.долларыг 6 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй, 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 9000 ам долларыг 6 сарын хугацаатай, сарын хувийн хүүтэй, 2014 оны 03 дугаар сарын 24-ны өдөр 20.000.000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 3,8 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн болох нь тэдний хооронд хийгдсэн зээлийн гэрээнүүдээр нотлогдож байх бөгөөд энэхүү хэлцлүүд нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан үндэслэлд нийцэж байна./хх-6,7,14,18,22/

Д.Дүгэрээс 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 29.000 ам.доллар, 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 7000 ам.доллар, 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 18.500 ам.доллар, 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 9000 ам.доллар, 2014 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 20.000.000 төгрөгийг зээлж авсан, ам долларын зээлээс эргүүлж 13.248 ам.доллар төлсөн, хүү, алдангийг зөвшөөрөхгүй, үндсэн зээлийн үлдэгдлийг зээл авсан үеийн ханшаар тооцож 72 014 608 төгрөгийг зөвшөөрнө, харин 20.000.000 төгрөгийн зээлийг Д.Дүгэр нь 2013 оны 8 дугаар сарын 23-ны өдөр авсан 60.000.000 төгрөгийн зээлтэй нэгтгээд Итгэлт Миллион ББСБ руу шилжүүлсэн тул 20.000.000 төгрөгийн зээлийн төлбөрийг зөвшөөрөхгүй гэж Б.Энхзул тайлбарлаж байна.

Хариуцагчийн тайлбарын агуулгаас үзэхэд тэрээр Д.Дүгэрээс 2013 оны 11 дүгээр сарын 25, 2013 оны 11 дүгээр сарын 28, 2014 оны 01 дүгээр сарын 27, 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдрүүдэд нийт 63.500 ам доллар, 2014 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 20.000.000 төгрөг зээлж авсан тухай үйл баримтад маргахгүй байна.

Төлбөр тооцоог Үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт бараа, ажил, үйлчилгээний үнийг үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгөөр илэрхийлж, төлбөр тооцоог гүйцэтгэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж заасан байх тул зохигчдын хооронд хийгдсэн долларын зээлийн гэрээнүүдийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар хууль зөрчсөн хэлцэл гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл зохигч талуудын хооронд хийгдсэн долларын зээлийн гэрээнүүд нь Төлбөр тооцоог Үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т заасан Банк, банк бус санхүүгийн байгууллагын мөнгөн хадгаламж, зээл, тэдгээртэй адилтгах аливаа үйлчилгээ, санхүүгийн үүсмэл хэрэгслэлтэй холбоотой байгуулах гэрээ, түүгээр хүлээх үүргийг гадаад валютаар илэрхийлж, гүйцэтгэлийг гадаад валютаар хангуулж болно гэсэн үндэслэлд хамаарахгүй байх тул дээрх 4 удаагийн долларын зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох үндэслэлгүй байна.

Хариуцагч Б.Энхзул нь долларын зээлийн төлбөрт 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 3 удаагийн баримтаар 13.248 ам долларыг Д.Дүгэрт төлсөн гэж тайлбарлаж байхад нэхэмжлэгч Д.Дүгэр нь би 13.248 ам долларыг Б.Энхзулаас хүлээж аваагүй байж, хүлээн авсан гэж гарын үсэг зурсан гэж тайлбарлаж байх боловч нэхэмжлэгчийн энэхүү тайлбар нь баримтаар нотлогдоогүй байна./хх-73/

Иймээс Д.Дүгэр нь долларын зээлийн төлбөрт 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 3 удаагийн төлөлтөөр 13.248 ам долларыг Б.Энхзулаас хүлээн авсан байна гэж үзэж, зээлийн 63.500 ам доллароос хариуцагчийн эргүүлж төлсөн 13.248 ам долларыг хасаж, үлдсэн 50.252 ам долларыг Б.Энхзул төлөх нь үндэстэй байна.

Мөн 2014 оны 3 дугаар сарын 24-ний өдөр зээлсэн 20.000.000 төгрөгийг Д.Дүгэр нь Б.Энхзулын 2013 оны 8 дугаар сарын 23-ны өдөр авсан 60.000.000 төгрөгийн зээлтэй нэгтгээд Итгэлт Миллион ББСБ руу шилжүүлсэн гэх тайлбар нь баримтаар нотлогдохгүй байна.

Иймд зохигчдын хооронд 2014 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хийгдсэн зээлийн гэрээний 1 болон 3 дугаар зүйлд зааснаар Д.Дүгэр нь зээлийн хүү, алданги шаардах эрхтэй байх тул үндсэн зээлийн 20.000.000 төгрөг, зээлийн хүү 800.000 төгрөг, алданги 10.000.000 төгрөг нийт 30.800.000 төгрөгийг Б.Энхзул нь төлөх үндэстэй байна.

Гэрч А.Занахүү нь нэхэмжлэгч Д.Дүгэрийн удирдлагад хамт ажиллаж байсан, гэрч Ц.Мөнхбат нь хариуцагч Б.Энхзулын гэр бүлийн хүн, гэрч Г.Эрдэнэбат нь өөрөө хариуцагч Б.Энхзулд мөнгө зээлдүүлж байсан болохоос зохигчдын хоорондын зээлийн гэрээний үүргийн талаар тодорхой мэдэхгүй байх тул эдгээр гэрчүүдийн мэдүүлгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй гэж үзэх боломжгүй байна.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж заасан байна.

Гэвч Б.Энхзул нь 2013 оны 2 дугаар сараас 2020 оны 2 дугаар сарын хооронд Буян-Ухаа боомтоор 16 удаа хил нэвтэрсэн болох нь Хил хамгаалах ерөнхий газрын лавлагааны баримтаар нотлогдож байна./хх-114, 115, 123/

Улсын ерөнхий прокурорын газрын 2020 оны 8 дугаар сарын 24-ны өдрийн 4/2126 дугаар хариу мэдэгдэх хуудаст:...Итгэлт Миллион ББСБ-ын захирал Д.Дүгэр нь Б.Энхзултай харилцан тохиролцож, 2013 оны 11 дүгээр сарын 25, 2014 оны 01 дүгээр сарын 27, 2014 оны 02 дугаар сарын 14, 2013 оны 11 дүгээр сарын 28-ний өдрүүдэд зээлийн гэрээ байгуулж 63.500 ам долларыг зээлсэн, Б.Энхзулаас зээлийн хүүг төлж байсан гэжээ./хх-32/

Нэхэмжлэгчийн хүсэлтээр Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас ирүүлсэн баримтаас үзэхэд хариуцагч Б.Энхзул Цагдаагийн байгууллагад 2016-2020 онуудад өгч байсан мэдүүлэгтээ Д.Дүгээрээс 2014 онд дээрх зээлүүдийг авсан тухайгаа мэдүүлж байсан байх тул түүнийг үүргээ хүлээн зөвшөөрсөн гэж үзэж, Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-т зааснаар хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан байна гэж үзэв.

Иймээс Б.Энхзул нь 2014 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хийгдсэн зээлийн гэрээний үүрэгт 30.800.000 төгрөг, 2013 оны 11 дүгээр сарын 25, 2013 оны 11 дүгээр сарын 28, 2014 оны 01 дүгээр сарын 27, 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдрүүдийн зээлийн гэрээний үүрэгт 268.925.962 төгрөг нийт 299.725.962 төгрөгийг Д.Дүгэрт төлөх үүрэгтэй байна.

Хариуцагч Б.Энхзул нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд төлөх 711.000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжаас тус шүүхийн шүүгчийн 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШЗ2021/04026 дугаар захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг баримтлан Б.Энхзулаас 299.725.962 /хоёр зуун ерэн есөн сая долоон зуун хорин таван мянга есөн зуун жаран хоёр/ төгрөгийг гаргуулан Д.Дүгэрт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 25.018.053 /хорин таван сая арван найман мянга тавин гурван/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар Д.Дүгэр Б.Энхзул нарын хооронд байгуулагдсан 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 29.000 ам.долларын, 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 7000 ам.долларын, 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 18.500 ам.долларын, 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 9.000 ам.долларын зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай Б.Энхзулын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.781.670 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Б.Энхзулаас 1.656.580 /нэг сая зургаан зуун тавин зургаан мянга таван зуун наян/ төгрөгийг гаргуулан Д.Дүгэрт олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН