Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2021/01040

 

2021 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2021/01040

 

 

Д.Д-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Ч.Цэнд, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 102Ш2021/01055 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Д.Д-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Э-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 324 744 015,82 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай хариуцагч Б.Э-ын сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч, түүний өмгөөлөгч нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Д-, өмгөөлөгч Г.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Д- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Б.Э-д 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 29 000 ам.долларыг 12 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй, 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 7 000 ам.долларыг 4 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй, 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 18 500 ам.долларыг 6 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй, 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 9 000 ам.долларыг 6 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй, 2014 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 20 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 3,8 хувийн хүүтэйгээр тус тус зээлдүүлсэн. Үндсэн зээлийн төлбөрт нэг ч ам.доллар болон төгрөг төлөөгүй болно. Зээлдэгч зээлийг зориулалт бусаар ашиглаж, гэрээгээр халхавчлан гэрээний үүргээ ноцтой зөрчсөний улмаас би 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст өргөдөл гарган Эрүүгийн хэргийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулсан боловч 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Улсын Ерөнхий Прокурорын газраас 4/2126 тоот тогтоолоор эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож учирсан хохирлыг иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсан. Иймд үндсэн зээлийн төлбөрт 63 500 ам доллар, зээлийн хүүд 7 804 ам.доллар, алданги 31 750 ам.доллар. Мөн үндсэн зээлийн төлбөрт 20 000 000 төгрөг, зээлийн хүүд 800 000 төгрөг, алданги 10 000 000 төгрөг, нийт Монгол банкны 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн ам.долларын ханш 2 852,33 төгрөгөөр тооцон 324 744 015,82 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байна. Б.Э- нь хамтарч ажилладаг үзүүлэх гэсэн юм гээд 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 498 доллар, 9 250 доллар, 3 500 долларыг надад төлөөгүй байж хий бичилтүүд хийлгэсэн байгаа, тэр хэрэгт энэ 20 000 000 төгрөг ороогүй, Итгэлт Миллион ББСБ-тай холилдоогүй, Б.Э-аас зээлийн хүүд 7 795 доллар буюу 13 431 244 төгрөг, мөн төгрөгийн зээлийн хүүд 800 000 төгрөг авсан, үндсэн зээлээс нэг ч төгрөг төлөгдөөгүй, Б.Э- байнга Солонгос улс руу явчихдаг байсан гэжээ.

Хариуцагч Б.Э- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Д-ийн нэхэмжилсэн 324 744 015 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй, үүнээс 110 463 905 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна, 2013 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Д.Д-ээс 60 000 000 төгрөгийн зээлийг 4 хувийн хүүтэй, 2014 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 20 000 000 төгрөгийг 3,8 хувийн хүүтэй зээлээд тус бүр хүүгээ төлөөд явж байтал энэ 2 зээлийг нэгтгээд Д.Д- өөрийн нэр дээрх Итгэлт Миллион ББСБ-д шилжүүлсэн бөгөөд 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 80 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. Гэтэл Д.Д- намайг БНСУ руу явсан хойгуур Итгэлт Миллион ББСБ-ын 80 000 000 төгрөгийн зээлийг дуусгавар болгоод Цэн Шижир ББСБ-тай 2015 оны 01 дүгээр сарын 05-нд 60 000 000 төгрөгийн зээлийн гэрээ, 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр 80 000 000 төгрөгийн үлдэгдэл 20 000 000 төгрөг дээр зээлийн төлөгдөөгүй хүү, алдангийг нэмж 41 000 000 төгрөг болгож гэрээ хийж байсан. Тиймээс миний Д.Д-ээс зээлсэн 20 000 000 төгрөг болон түүнд хамаарах хүү 800 000 төгрөг, алданги 10 000 000 төгрөг, нийт 30 800 000 төгрөгийг төлөх ёсгүй. Энэ зээлийн гэрээ нь тусдаа тул 20 000 000 төгрөгийг хүү, алдангийн хамт хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч Б.Э- шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Д.Д- нь Б.Э-тай 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 29 000 ам.долларын зээлийн гэрээ, 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 7 000 ам.долларын зээлийн гэрээ, 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 18 500 ам.долларын зээлийн гэрээ, 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 9 000 ам.долларын зээлийн гэрээ, 2014 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 20 000 000 төгрөгийн зээлийн гэрээнүүд байгуулсан ба эдгээрээс 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 29 000 ам.долларын, 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 7 000 ам.долларын, 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 18 500 ам.долларын, 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 9 000 ам.долларын зээлийн гэрээнүүд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хууль зөрчсөн хэлцэл бөгөөд Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т заасан гадаад валютаар зээлийн гэрээ байгуулах эрхийг Банк болон Банк бус санхүүгийн байгууллагад олгосон байхад Д.Д- нь Б.Э-тай 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 29 000 ам.долларын зээлийн гэрээ, 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 7 000 ам.долларын зээлийн гэрээ, 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 18 500 ам.долларын зээлийн гэрээ, 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 9 000 ам.долларын зээлийн гэрээнүүдийг ам.доллараар байгуулсан нь төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийг зөрчиж хийсэн байх тул уг гэрээнүүд нь хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Энэхүү дээрх 4 удаагийн долларын зээлийн гэрээнүүдийн дагуу миний дараах төгрөгийг авсан байна. Үүнд: 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 29 000 ам.долларыг Монгол банкны тухай өдрийн ханшаар 1 745,84 төгрөг буюу 50 629 360 төгрөг, 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 7 000 ам.долларыг Монгол банкны тухай өдрийн ханшаар 1 745,75 төгрөг буюу 12 220 250 төгрөг, 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 18 500 ам.долларыг Монгол банкны тухай өдрийн ханшаар 1 722,55 төгрөг буюу 31.867.175 төгрөг, 2014 оны 2 дугаар сарын 14-ний өдөр 9 000 ам.долларыг Монгол банкны тухай өдрийн ханшаар 1 749,68 төгрөг буюу 15 747 120 төгрөгийг үүрэг үүсэх үеийн ханшаар хүчин төгөлдөр бус гэрээ байгуулсан өдрөөр нийт 110 463 905 төгрөгийг байна. Уг 110 463 905 төгрөгөөс 13 удаагийн төлөлтөөр 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 750 ам.доллар, Монгол банкны тухай өдрийн ханшаар 1 745,75 төгрөгөөр, 1 309 312 төгрөгийг, 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 870 ам.доллар, Монгол банкны тухай өдрийн ханшаар 1 620,27 төгрөгөөр, 1 409 634 төгрөгийг, 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 525 ам.доллар, Монгол банкны тухай өдрийн ханшаар 1 620,27 төгрөгөөр, 850 641 төгрөгийг, 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 870 ам.доллар, Монгол банкны тухай өдрийн ханшаар 1 722,55 төгрөгөөр, 1 498 618 төгрөгийг, 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 900 ам.доллар, Монгол банкны тухай өдрийн ханшаар 1 776,11 төгрөгөөр, 1 598 895 төгрөгийг, 2014 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 1739 ам.доллар, Монгол банкны тухай өдрийн ханшаар 1 778,93 төгрөгөөр, 3 093 559 төгрөгийг, 2014 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 483 ам.доллар, Монгол банкны тухай өдрийн ханшаар 1 778,93 төгрөгөөр, 859 223 төгрөгийг, 2014 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 1 140 ам.доллар, Монгол банкны тухайн өдрийн ханшаар 1 778,93 төгрөгөөр, 2 027 980 төгрөгийг, 2014 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 248 ам.доллар, Монгол банкны тухай өдрийн ханшаар 1 778,93 төгрөгөөр, 292 374 төгрөгийг, 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 270 ам.доллар, Монгол банкны тухай өдрийн ханшаар 1 818,55 төгрөгөөр, 491 008 төгрөгийг, 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 498 ам.доллар, Монгол банкны тухай өдрийн ханшаар 1 888,44 төгрөгөөр, 940 443 төгрөгийг, 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 9 250 ам.доллар, Монгол банкны тухай өдрийн ханшаар 1 888,44 төгрөгөөр, 17 468 070 төгрөгийг, 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 3 500 ам.доллар, Монгол банкны тухай өдрийн ханшаар 1 888,44 төгрөгөөр, 6 609 540 төгрөгийг нийт 21 043 ам.доллар буюу 38 449 297 төгрөгийг төлсөн. Иймд Д.Д- болон Б.Э- нар нь 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 29 000 ам.долларын зээлийн гэрээ, 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 7 000 ам.долларын зээлийн гэрээ, 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 18 500 ам.долларын зээлийн гэрээ, 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 9 000 ам.долларын зээлийн гэрээнүүдийн дагуу 110 463 905 төгрөгийг авсан бөгөөд үүнээс 38 449 297 төгрөгийг төлсөн тул 72 014 608 төгрөгийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагаас 252 729 407 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Мөн Д.Д- болон Б.Э- нар нь 2014 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 20 000 000 төгрөгийн зээлийн гэрээг 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Цэн Шижир ББСБ болон Б.Э- нарын хооронд байгуулсан 41 000 000 төгрөгийн зээлийн гэрээнд шилжүүлэн, үлдсэн 21 000 000 төгрөгийг Д.Д- болон Б.Э- нар нь 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 29 000 ам.долларын зээлийн гэрээ, 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 7 000 ам.долларын зээлийн гэрээ, 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 18 500 ам.долларын зээлийн гэрээ, 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 9 000 ам.долларын зээлийн гэрээ, 2014 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 20 000 000 төгрөгийн зээлийн гэрээнүүд хүү, алдангийг тооцон хийсэн болно. Уг 20 000 000 төгрөгийн зээл Цэн Шижир ХХК руу шилжсэн тул Д.Д- уг мөнгийг нэхэмжлэх эрхгүй юм. Д.Д- болон Цэн Шижир ХХК-ийн хоорондын төлбөр тооцооны асуудлыг би мэдэхгүй. Иймд Д.Д-ийн нэхэмжлэлтэй Б.Э-д холбогдох зээлийн төлбөрт 324 744 015 төгрөг гаргуулах тухай хэргийн нэхэмжлэгч Д.Д- болон Б.Э- нарын хооронд 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 29 000 ам.долларын, 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 7 000 ам.долларын, 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 18 500 ам.долларын, 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 9 000 ам.долларын зээлийн гэрээнүүдийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар хууль зөрчиж байгуулсан хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.Д- шүүхэд гаргасан тайлбартаа: Ам.долларын зээлийн гэрээнүүд 2 талаас харилцан тохиролцож хийгдсэн, хүчин төгөлдөр гэрээ бөгөөд нэхэмжлэлийг Монголбанкны тухайн өдрийн ханшаар тооцон гаргасан нь ямар ч хууль зөрчөөгүй, 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Монгол банкны ханш 2 852,33 байсан. Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийг бараа, ажил үйлчилгээнд хэрэглэдэг. Хариуцагчийн хүсэлтээр ам.доллароор зээл өгсөн байгаа. Иймд Б.Э-ын гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Б.Э- нь 2014 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хийгдсэн зээлийн гэрээний үүрэгт 30 800 000 төгрөг, 2013 оны 11 дүгээр сарын 25, 2013 оны 11 дүгээр сарын 28, 2014 оны 01 дүгээр сарын 27, 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдрүүдийн зээлийн гэрээний үүрэгт 268 925 962 төгрөг, нийт 299 725 962 төгрөгийг Д.Д-т төлөх үүрэгтэй гэж үзэж, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг баримтлан Б.Э-аас 299 725 962 төгрөгийг гаргуулан Д.Д-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 25 018 053 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар Д.Д- Б.Э- нарын хооронд байгуулагдсан 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 29 000 ам.долларын, 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 7 000 ам.долларын, 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 18 500 ам.долларын, 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 9 000 ам.долларын зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай Б.Э-ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 781 670 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Б.Э-аас 1 656 580 төгрөгийг гаргуулан Д.Д-т олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч, түүний өмгөөлөгч нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Зохигчдын хооронд 2013 онд 2 удаа, 2014 онд 3 удаа байгуулагдсан зээлийн гэрээний үүрэг биелүүлэх хугацаа, зээлдэгчийн эрх ашиг хэзээ хэрхэн зөрчигдсөн талаар болон зээлийн гэрээний үүргийн биелэлтийн талаарх маргааныг иргэний шүүхээр шийдвэрлүүлэх хуулийн заалтыг ямар учир шалтгааны улмаас биелүүлэхгүйгээр эрүүгийн журмаар шалгуулах болсон зэргийг шалгаж, хэргийн бодит байдлыг шүүх тогтоогоогүй. Анхан шатны шүүх зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнүүдийг тайлбарлаагүй, шаардах эрхийн үндэслэлийг дүгнээгүй атлаа хариуцагч талд зээлийн төлбөрийг бүрэн хэмжээнд хариуцуулсан нь үндэслэлгүй байна.

Тухайлбал; 1.2013.11.25-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээ, 12 сарын хугацаатай. Уг гэрээний шаардах эрх 2014.11.24-нөөс үүснэ.

2.2013.11.28-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээ, 4 сарын хугацаатай. Уг гэрээний шаардах эрх 2014.03.26-наас үүснэ.

3.2014.01.27-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээ, 6 сарын хугацаатай. Уг гэрээний шаардах эрх 2014.07.25-наас үүснэ.

4.2014.02.14-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээ, 6 сарын хугацаатай. Уг гэрээний шаардах эрх 2014.08.12-ноос үүснэ.

5.2014.03.24-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээ, 6 сарын хугацаатай Уг гэрээний шаардах эрх 2014.08.22-ноос үүснэ.

Тэгтэл хуульд заасан журмаар зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шүүхийн журмаар шаардаагүй байж эрүүгийн журмаар шалгуулахаар цагдаагийн байгууллагад өгч, 2020 оны 8 сард цагдаагийн байгууллага үүсгэсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байгаа нь нэхэмжлэгч Д.Д-ийг хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг өнгөрөөсөн гэж дүгнэх үндэслэлгүй байна. Б.Э-ыг 2016-2020 онуудад Цагдаагийн байгууллагад өгч байсан мэдүүлэгтээ 2014 онд Д.Д-ээс зээл авч байснаа мэдүүлж байсан байх тул түүнийг үүргээ хүлээн зөвшөөрсөн гэж шүүх үзээд хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй дүгнэлт болсон. Нэхэмжлэгчийг нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн шалтгаанаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт анхан шатны шүүхийн шийдвэрт оруулж өгнө үү.

3охигчдын хооронд байгуулсан 5 удаагийн зээлийн гэрээ нь талууд гарын үсэг зурж баталгаажуулсан иргэд хоорондын зээл харагдаж байгаа боловч зохигчдын тайлбар, хэргийн үйл баримтаар зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий ББСБ-ын зээл байна. Хариуцагч байнга "Дүгэр захирал", "өөрийн нэр дээрх Итгэлт миллион ББСБ шилжүүлсэн" гэж тайлбарласныг үндэслэл болгох нь зүйтэй байна. Тухайлбал; 2014 оны 3 дугаар сарын 24-ний өдөр байгуулагдсан 6 сарын хугацаатай 20 000 000 төгрөгийг 3,8 хувийн хүүтэй зээлсэн зээлийн гэрээний дагуу хүүг төлөөд явж байтал өмнөх 2013 оны 8 дугаар сарын 23-ны өдөр зээлсэн 4 хувийн хүүтэй, 60 000 000 төгрөгийн зээлтэй нэгтгээд 80 000 000 төгрөг болгон 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдөр гэрээ байгуулаад Д.Д- өөрийн "Итгэлт миллион" ББСБ-д шилжүүлсэн бөгөөд дараа нь намайг Солонгос явсан хойгуур Итгэлт миллион ББСБ зээлийг дуусгавар болгоод "Цэн шижир" ББСБ-д шилжүүлсэн байсан. Нэхэмжлэлдээ дээрх мөнгийг хүү, алдангийн хамт 30 800 000 төгрөг төлөх үндэслэлгүй гэсэн тайлбар хариуцагч тал гаргасан байдаг.

Тиймд Д.Д-ийн өөрийнх нь ББСБ-тай холбоотой нотлох баримтыг цуглуулж, Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т заасан үндэслэлд нийцэж байгаа эсэхийг дүгнэж байж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэх боломжтой болох юм. Шүүхээс сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ. Хэрэгт байгаа материалаар ББСБ хувиар дандаа ам.долларын гэрээ байгуулсан байна, тэгэхээр уг зээлийн харилцаанууд нь иргэд хоорондын зээлд хамрагдаж, алданги тооцохгүй. Харин Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 заасан зохицуулалтуудаар зохицуулагдана. Эндээс зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдийн долларын зээлийг иргэд хоорондын зээл гэж, хэлцлийн эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцээгүй хууль зөрчиж хийсэн байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.9-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл тул эдгээр хэлцлүүдийг хүчин төгөлдөр бусд тооцсон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт тооцооны өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Д.Д- нь хариуцагч Б.Э-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 63 500 ам.доллар, хүү 7 804 ам.доллар, алданги 31 750 ам.доллар, зээлийн төлбөрт 20 000 000 төгрөг, хүү 800 000 төгрөг, алданги 10 000 000 төгрөг, нийт 324 744 015,82 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг 110 463 905 төгрөгийг хүлээн зөвшөөрч, бусад хэсгийг эс зөвшөөрч, 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн, 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн, 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн, 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн зээлийн гэрээнүүдийг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгохоор сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Зохигчдын хооронд 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч Д.Д- нь 29 000 ам.долларыг 12 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй, 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 7 000 ам.долларыг 4 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй, 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 18 500 ам.долларыг 6 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй, 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 9 000 ам долларыг 6 сарын хугацаатай, сарын  3 хувийн хүүтэй, мөн 2014 оны 3 дугаар сарын 24-ны өдөр 20 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 3,8 хувийн хүүтэй тус тус Б.Э-д зээлдүүлэхээр харилцан тохиролцсон, гэрээний зүйлийг зээлдэгч Б.Э-д гүйлгээний баримтуудаар шилжүүлсэн, хариуцагч 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд нийт 21 043 ам.доллар төлсөн зэрэг үйл баримт талуудын тайлбар, зээлийн гэрээнүүд, УЕПГ-ын хариу мэдэгдэх хуудас, цагдаагийн байгууллагад Б.Э-ын гэрчийн мэдүүлэг өгсөн тэмдэглэлүүд зэрэг хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдсон байна. / хх-ийн 6, 7, 10-22, 33, 76-83, 126-140 /

 

Анхан шатны шүүх талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, нэхэмжлэгч гэрээний үүргийг шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт нийцсэн байна.

 

Харин шүүх хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэл 299 725 962 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Д-т олгож шийдвэрлэхдээ дээрх зээлийн гэрээнүүдийн дагуу хариуцагчийн төлөх нийт үүргийн хэмжээг үндэслэлтэй зөв тогтоогоогүй байгааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн зээлийн гэрээгээр үндсэн зээл 29 000 ам.доллар, 12 сарын зээлийн хүү 10 440 ам.доллар, 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн зээлийн гэрээгээр үндсэн зээл 7 000 ам долларыг 4 сарын зээлийн хүү 980 ам.доллар, 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн зээлийн гэрээгээр зээл 18 500 ам.доллар, 6 сарын зээлийн хүү 1620 ам.доллар, 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн гэрээгээр зээл 9 000 ам доллар, 6 сарын зээлийн хүү 3330 ам.доллар тус тус тооцогдож, үндсэн зээл 63 500 ам.доллар, нийт зээлийн хүү 16 370 ам.доллар байна.

 

Хариуцагч нь нийт 21 043 ам.доллар төлсөн болох нь түүний тайлбартаа хавсаргаж ирүүлсэн зээлийн хүүгийн төлбөр төлсөн баримтуудаар / хх-ийн 76-84 / тогтоогдож байх тул зээлийн хүүг бүрэн төлсөн, харин илүү төлсөн 4 673 ам.долларыг үндсэн зээлийн 63 500 ам.доллароос хасч тооцоход үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрт 58 827 ам.долларыг, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцүүлэн нэхэмжлэгчийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 58 827 ам.долларын 50 хувиар алданги тооцож, 29 413 ам.долларын хамт нийт 88 240 ам.долларыг хариуцагч Б.Э- нь нэхэмжлэгч Д.Д-т төлөх үүрэгтэй байна.

 

Нэхэмжлэгчийн зээлийн гэрээгээр хүлээсэн үүрэг дуусгавар болоогүй, зохигчдын хооронд ам.долларын зээлийн гэрээ хийгдэж, гэрээний зүйл болох төлбөрийг зээлдэгч хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд үүргээ биелүүлэх үед ам.доларын монгол төгрөгтэй ямар харьцаатай байна тэр хэмжээгээр төлбөрийг үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэл гаргах үеийн ханш болох 2 852 төгрөгөөр тооцвол 251 689 599 төгрөг, мөн 2014 оны 3 дугаар сарын 24-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 30 800 000 төгрөгийг нэмж, нийт 282 489 599 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт бараа, ажил, үйлчилгээний үнийг үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгөөр илэрхийлж, төлбөр тооцоог гүйцэтгэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж зааснаас гадна талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан, зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгчийн хариуцагчид шилжүүлэж өгсөн зүйл нь ам.доллар байгаа тохиолдолд тэрээр мөн ам.долларыг буцаан өгөх үүрэгтэй тул зохигчдын хооронд хийгдсэн зээлийн гэрээнүүдийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар хууль зөрчсөн хэлцэл гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж заасан боловч нэхэмжлэгч Д.Д- нь цагдаагийн байгууллагад дээрх нэхэмжлэлд дурдаж буй үйл баримтын талаар гомдлоо гаргаж, хариуцагч Б.Э- 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдөр, 2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр, 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр, 2020 оны 02 дугаар сарын 09-ний өдөр тус тус талуудын хоорондох авсан зээл, төлсөн хүүгийн талаар тайлбар, мэдүүлэг өгч байсан тул Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.2 дахь хэсэгт тус тус зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан байна. /хх-ийн 126-140/

Иймд хариуцагч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдолд дурдсан нэхэмжлэгч нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн, хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдохгүй, харин дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт тооцооны өөрчлөлт оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 102Ш2021/01055 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Б.Э-аас 282 489 599 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 42 254 415 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 3 дахь заалтын 1 656 580 гэснийг 1 570 398 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 440 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХТӨР

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

Н.БАТЗОРИГ