Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 819

 

      Н.Э-д холбогдох

            эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:     

прокурор Г.Эрдэмбаатар,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж, шүүгч А.Алтанхуяг, Ц.Дайрийжав нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 56 дугаартай шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч прокурор С.Цэрэндоржийн бичсэн 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 42 дугаартай прокурорын эсэргүүцлээр Н.Э-д холбогдох эрүүгийн 1905 04898 0107 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

З овгийн Н-н Э, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, хадам эх, эхнэр, хүүхэд, зээ нарын хамт .................... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ЧТ60043012/;

Н.Э нь 2019 оны 12 дугаар сарын 8-ны өдөр ....... дүүргийн 7 дугаар хороо, .. дугаар байрны .. тоотод Н.М-н хэвлийн зүүн талд зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох хутгаар хутгалж, цээжний зүүн талд суганы арын шугамаар 12 дугаар хавирга хугарч, хэвлийн хөндийд нэвтэрч дэлүүний дээд холбоо, бүдүүн гэдэсний уруудах хэсгийн зүсэгдсэн шарх, хэвлийн хөндий дэх шингэн хуралдалт /2200 мл/ бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Н.Э-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 140 дугаар дүгнэлтэд “... М-н биед хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх, хэвлийн хөндий дэх шингэн /2200 мл/, мэс заслын дараах дэлүү авагдсан байдал, уруудах гэдэсний шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар учрах үедээ амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.”, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 360 дугаар нэмэлт шинжилгээний дүгнэлтэд “1. Н.М-н биед цээжний зүүн талд суганы арын шугамаар 12 дугаар хавирга хугарч, хэвлийн хөндийд нэвтэрч, дэлүүний дээд холбоос, бүдүүн гэдэсний уруудах хэсгийн зүсэгдсэн шарх, хэвлийн хөндий дэх шингэн хуралдалт /2200 мл/ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. 2. Зүүн 12 дугаар хавирганы хугарал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 3. Н.М-н биед цээжний зүүн талд суганы арын шугамаар 12 дугаар хавирга хугарч, хэвлийн хөндийд нэвтэрч, дэлүүний дээд холбоос, бүдүүн гэдэсний уруудах хэсгийн зүсэгдсэн шарх, хэвлийн хөндий дэх шингэн хуралдалт /2200 мл/ гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Зүүн 12 дугаар хавирганы хугарал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ.

Баянгол дүүргийн прокурорын газрын 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 124 дугаартай тогтоолоор “... Н.Э-г Н.М-н хэвлийн зүүн талд зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох хутгаар хутгалж, хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх, хэвлийн хөндий дэх шингэн хуралдалт /2200 мл/, мэс заслын дараах дэлүү авагдсан байдал, уруудах гэдэсний шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн...” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татжээ.

Дээрх прокурорын тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 98 дугаартай прокурорын тогтоолоор “... хутгалж, цээжний зүүн талд суганы арын шугамаар 12 дугаар хавирга хугарч, хэвлийн хөндийд нэвтэрч, дэлүүний дээд холбоо, бүдүүн гэдэсний уруудах хэсгийн зүсэгдсэн шарх, хэвлийн хөндий дэх шингэн хуралдалт /2200 мл/ бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн” гэж нэмэлт өөрчлөлт оруулсан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4-т “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заажээ. Гэтэл хохирогчийн биед учирсан цээжний зүүн талд суганы арын шугамаар 12 дугаар хавирга хугарч, хэвлийн хөндийд нэвтэрч, дэлүүний дээд холбоо, бүдүүн гэдэсний уруудах хэсгийн зүсэгдсэн шарх нь ямар хүчин зүйлээр үүсгэгдсэн, хохирогчид хөнгөн гэмтэл хэзээ яаж учирсан болохыг шалгаагүй байна.

Дээрх мөрдөн шалгах ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэн, Н.Э-д холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

           

Прокурор С.Цэрэндорж бичсэн эсэргүүцэлдээ: “...  Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар хохирогч Н.М “...Тэгтэл миний араас юм хатгах шиг болсон, би эргээд хартал Н.Э ах том цагаан саарал иштэй хутга барьсан зогсож байсан. Тэгтэл гэнэт миний нуруу луу халуун оргиод явсан. Тэгэхээр нь би цамцаа тайлаад толь руу хартал цус гарч байсан. Шинжээчийн дүгнэлттэй танилцлаа, миний биед учирсан гэмтлийг зөв тодорхойлсон байна. Энэ гэмтлүүдийг Н.Э ах миний араас хутгалж учруулсан. ...” гэх мэдүүлэг /хх 20-21/,

гэрч Х.А-н “...Н.Э хар иштэй том хутга барьсан гал тогооны өрөөнөөс гараад ирсэн. Тэгэхээр нь би Н.Э-г цааш түлхэхэд орон дээр суусан. Тэгтэл Н.Э нь дахиад хутга бариад гал тогооны өрөөнөөс гараад ирэхэд Н.М Н.Э-г боль гээд хутгыг нь тавиулах гэтэл Н.Э Н.М-г 1 удаа хутгалсан. Н.М “энэ намайг хутгалчихлаа” гэхэд би очоод Н.Э-г барьж аваад буйдан дээр дараад хутгыг нь булааж авсан. ...” гэх мэдүүлэг /хх 24-25/,

гэрч Б.А-н “...Архи ууж байтал Н.Э өндөр Амараа хоёр маргалдсан. Тэгтэл Мөнхөө тэр хоёрын голоор нь ортол Н.Э Мөнхөөг манай гэрийн том саарал хутгыг аваад 1 удаа хутгалсан. Тэгтэл Мөнхөөгийн биеэс маш их цус гараад өндөр хочтой Амараа Мөнхөөг Гэмтлийн эмнэлэг авч явсан. ...” гэх мэдүүлэг /хх 29-30/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 146 тоот шинжээчийн дүгнэлт “... Н.М-н биед хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх, хэвлийн хөндий дэх шингэн /2200 мл/, мэс заслын дараах дэлүү авагдсан байдал, уруудах гэдэсний шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна. ...” гэх дүгнэлт /хх 36-37/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 360 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “... Н.М-н биед цээжний зүүн талд суганы арын шугамаар 12 дугаар хавирга хугарч, хэвлийн хөндийд нэвтэрч дэлүүний дээд холбоо, бүдүүн гэдэсний уруудах хэсгийн зүсэгдсэн шарх, хэвлийн хөндий дэх шингэн хуралдалт /2200 мл/ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. Зүүн 12 дугаар хавирганы хугарал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Н.М-н биед цээжний зүүн талд суганы арын шугамаар 12 дугаар хавирга хугарч, хэвлийн хөндийд нэвтэрч дэлүүний дээд холбоос, бүдүүн гэдэсний уруудах хэсгийн зүсэгдсэн шарх, хэвлийн хөндий дэх шингэн хуралдалт /2200 мл/ гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Зүүн 12 дугаар хавирганы хугарал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэх дүгнэлт /хх 89-91/ зэрэг нотлох баримтуудаар яллагдагч Н.Э нь зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох хутгаар нэг удаагийн үйлдлээр, нэг санаа зорилгоор хохирогч Н.М-г хутгалж биед нь цээжний зүүн талд суганы арын шугамаар 12 дугаар хавирга хугарч, хэвлийн хөндийд нэвтэрч дэлүүний дээд холбоос, бүдүүн гэдэсний уруудах хэсгийн зүсэгдсэн шарх, хэвлийн хөндий дэх шингэн хуралдалт /2200 мл/ гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн ба гэмт хэрэг үйлдэх явцад хохирогчийн 12 дугаар хавирга хугарсан болох нь тогтоогддог.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 146 тоот шинжээчийн дүгнэлтийн “үзлэг” хэсэгт “...12 дугаар хавирга хугарсан” гэмтлийг дурдсан атал “дүгнэлт” хэсэгт тусгаагүй байсан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмэлт шинжээч томилон 2020 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 360 дугаартай шинжээчийн дүгнэлтийг гаргуулсан. Уг дүгнэлтийн 3 дахь заалтад “... Н.М-н биед цээжний зүүн талд суганы арын шугамаар 12 дугаар хавирга хугарч, хэвлийн хөндийд нэвтэрч дэлүүний дээд холбоос, бүдүүн гэдэсний уруудах хэсгийн зүсэгдсэн шарх, хэвлийн хөндий дэх шингэн хуралдалт /2200 мл/ гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...” гэж хохирогчийн биед учирсан гэмтлийг бүрэн хамруулан гэмтлийн зэргийг тогтоосон байна.

Гэтэл анхан шатны шүүхээс 2020 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 360 дугаартай шинжээчийн дүгнэлтийн 2 дахь хэсэгт үндэслэн 12 дугаар хавирганы хугарал гэмтлийг тусдаа гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Яллагдагч Н.Э нь хохирогчийг 1 удаа хутгалсан үйлдлийн улмаас хүнд гэмтэл учруулсан болох нь тогтоогдсон байхад шинжээч нэмэлт шинжилгээ хийж гаргасан дүгнэлтдээ “...12 дугаар хавирганы хугарлыг гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэж бичсэн нь 12 дугаар хавирганы хугарлыг нэмж шинжээчийн дүгнэлтэд оруулсантай холбоотой бөгөөд үүнд үндэслэж анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нэг үйлдлээр хэд хэдэн гэмт хэргийн шинжийг хангасан гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй юм. Энэхүү нэмэлт шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан 12 дугаар хавирганы хугарлыг 98 дугаартай прокурорын тогтоолд орхигдуулсан байсныг уг тогтоолд өөрчлөлт оруулах замаар Н.Э-н үйлдлийн улмаас хохирогч Н.М-н эрүүл мэндэд учирсан гэмтлийг нарийвчлан тогтоосон болохоос хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй өөрчлөлт юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх...” гэсэн, “нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэсэн тус тус шударга ёсны зарчимтай нийцэхгүй байна. Мөн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 146 тоот шинжээчийн дүгнэлтэд “...Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэсэн дүгнэлт нь хэрэгт авагдсан хохирогч Н.М, гэрч Х.А, Б.А, шинжээч эмч Ч.Даваасүрэн нарын мэдүүлгээр хохирогчийн биед учирсан гэмтлүүд нь ир үзүүртэй зүйл буюу хутганы хүчин зүйлийн нэг удаагийн үйлдлийн улмаас гэмт хэрэг гарах цаг хугацаанд буюу 2019 оны 12 дугаар сарын 8-ны өдөр учирсан “амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл” болох нь нотлогдон тогтоогдсон байхад “...зүсэгдсэн шарх нь ямар хүчин зүйлээр үүсгэгдсэн, хохирогчид хөнгөн гэмтэл хэзээ, яаж учирсан болохыг шалгаагүй” гэсэн нь үндэслэлгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх боломжтой юм.

Иймд яллагдагч Н.Э-д холбогдох хэргийг прокурорт буцаасан 2020 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 56 дугаартай шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцаалгахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэжээ.

Прокурор Г.Эрдэмбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шинжээчийн дүгнэлт болон хавтас хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээр нэг удаа хутгалсан болох нь тогтоогддог. Шинжээчийн дүгнэлтээр 12 дугаар хавирга хугараад дотогшоо дэлүү рүү зүсэгдсэн гэмтэл учирсан. Энэ нь нэг удаа хутгалсны улмаас буюу нэг удаагийн үйлдлийн улмаас уг гэмтэл учирсан тул давхар өөр гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үзэх боломжгүй. Прокурор С.Цэрэндоржийн бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. ...” гэв.          

 ТОДОРХОЙЛОХ нь:

  Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүх хохирогч Н.М-н биед учирсан цээжний зүүн талд суганы арын шугамаар 12 дугаартай хавирга хугарч, хэвлийн хөндийд нэвтэрч, дэлүүний дээд холбоо, бүдүүн гэдэсний уруудах хэсгийн зүсэгдсэн шарх нь ямар хүчин зүйлээр үүсгэгдсэн, хөнгөн хохирол учруулсан гэмтлийг хэзээ, хэрхэн учирсныг шалгаж тогтоох гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцаажээ.

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудын талаар шалгасан байх бөгөөд уг байдлуудыг шүүх хуралдааны явцад нотлох талаар мөн зүйлд заажээ.

Н.Э-д холбогдох хэргийн хувьд, энэ заалтын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан бөгөөд прокурор хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд шүүх хуралдаанд гэрч, хохирогч, шинжээч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, шүүх хуралдаанд хэргийн бодит байдлыг тогтоох чиг үүргийг хэрэгжүүлвэл зохино.

Түүнчлэн, шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гэрч, хохирогч, шинжээч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, цагаатгах, ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хэрэгжүүлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчимд нийцнэ.

Иймд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд Н.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэх боломжтой байх тул прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.