Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 935

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж, шүүгч С.Болортуяа, шүүгч Г.Золоо нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

улсын яллагч Г.Эрдэмбаатар,

иргэдийн төлөөлөгч Б.О,

шүүгдэгч Н.Э түүний өмгөөлөгч Я.Баярсайхан, С.Батсайхан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З овогт Н-ын Э-д холбогдох эрүүгийн 1905048980107 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 00 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилтэй, ажилтай, ам бүл 5, ххххххх дүүрэг 00 дугаар хороо 0 хороолол, 00 байр, 00 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, З овогт Н-ын Э регистрийн дугаар /ЧТ/0000000.

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Н.Э нь 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 0-р хороо, 00 дугаар байрны 00 тоотод Н.М-ийн хэвлийн зүүн талд зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох хутгаар хутгалж цээжний зүүн талд суганы арын шугамаар 12-р хавирга хугарч хэвлийн хөндийд нэвтэрч дэлүүний дээд холбоо, бүдүүн гэдэсний уруудах хэсгийн зүсэгдсэн шарх, хэвлийн хөндий дэх шингэн хуралдалт /2200 мл/ гэмтэл бүхий эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Э мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Хохирогч Н.М-ийн:

“...Бид хоёрыг ороход А, Э хоёр согтуу байсан бид 4 хамт суугаад бид хоёрын авчирсан архийг ууж суусан. Би зурагтны суваг солих гээд бостол ард талд Э өндөр А хоёр хоорондоо маргалдаад заамдалцаад авсан. Тэгэхээр нь өндөр А ахыг болио гээд диваан дээр түлхэж суулгасан. Тэгтэл миний араас юм хатгах шиг болсон би эргээд хартал Э ах том цагаан саарал иштэй хутга барьцан зогсож байсан. Тэгтэл гэнэт миний нуруу руу халуун оргиод явсан. Тэгэхээр нь би цамцаа тайлаад толь руу хартал цус гарч байсан. Шинжээчийн дүгнэлттэй танилцлаа миний биед учирсан гэмтлийг зөв тодорхойлсон байна. Энэ гэмтлүүдийг Э ах миний араас хутгалж учруулсан...” гэсэн мэдүүлэг /хх 20-21/,

2. Гэрч Х.А-гийн:

“...Э хар иштэй том хутга барьцан гал тогооны өрөөнөөс гараад ирсэн. Тэгэхээр нь би Эг цааш түлхэхэд орон дээр суусан. Тэгтэл Э нь дахиад хутга бариад гал тогооны өрөөнөөс гараад ирэхэд М боль гээд хутгыг нь тавиулах гэтэл Э М 1 удаа хутгалсан. М “энэ намайг хутгалчихлаа” гэхээр нь би очоод Эг барьж аваад диваан дээр дараад хутгыг нь булааж авсан...” гэсэн мэдүүлэг /хх 24-25/,

3. Гэрч Б.А-ийн:

“...Архи ууж байтал Э өндөр А хоёр маргалдсан. Тэгтэл М тэр хоёрын голоор нь ортол М-г манай гэрийн том саарал хутгыг аваад 1 удаа хутгалсан. Тэгтэл М-ийн биенээс маш их цус гараад өндөр хочтой А М-г гэмтлийн эмнэлэг авч явсан...” гэсэн мэдүүлэг /хх 29-30/,

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 12- ны өдрийн 146 тоот шинжээчийн дүгнэлт:

“...Н.М-ийн биед хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх, хэвлийн хөндий дэх шингэн /2200 мл/ мэс заслын дараах дэлүү авагдсан байдал, уруудах гэдэсний шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна гэх дүгнэлт /хх 36-37/,

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 360 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

“...Н.М-ийн биед цээжний зүүн талд суганы арын шугамаар 12-р хавирга хугарч хэвлийн хөндийд нэвтэрч дэлүүний дээд холбоо, бүдүүн гэдэсний уруудах хэсгийн зүсэгдсэн шарх, хэвлийн хөндий дэх шингэн хуралдалт /2200 мл/ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэн. Гэмтэл нь шинэ гэмтэл байна. Зүүн 12-р хавирганы хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Н.М-ийн биед цээжний зүүн талд суганы арын шугамаар 12-р хавирга хугарч хэвлийн хөндийд нэвтэрч дэлүүний дээд холбоос, бүдүүн гэдэсний уруудах хэсгийн зүсэгдсэн шарх, хэвлийн хөндий дэх шингэн хуралдалт /2200 мл/ гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Зүүн 12-р хавирганы хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх 89-91/,

6. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 3-4/, гэрэл зургийн үзүүлэлт /хх 6-7/,

7. Шүүгдэгч Н.Э-гийн:

“...Тэр хоёрын авчирсан архийг бид дөрөв хувааж уусан би согтоод өндөр А-тай маргалдсан. Тэгээд тэрнээс хойш юу болсоныг огт санахгүй байгаа цагдаа ирээд намайг аваад эрүүлжүүлэх рүү явахад л би ухаан орсон. Эрүүлжүүлэхээс гарсаны маргааш нь А-тай маргалдаж байгаад Энхтөрийг хутгалсан гэж А хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх 60-61/ болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Н.Э-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгч Н.Э нь хохирогч Н.М-ийн хэвлийн зүүн талд зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох хутгаар хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч нар “Гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргахгүй” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Н.Э-гийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Н.Э нь 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 7-р хороо, 66 дугаар байрны 23 тоотод Н.М-ийн хэвлийн зүүн талд зэвсэг,тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох хутгаар хутгалж цээжний зүүн талд суганы арын шугамаар 12-р хавирга хугарч хэвлийн хөндийд нэвтэрч дэлүүний дээд холбоо, бүдүүн гэдэсний уруудах хэсгийн зүсэгдсэн шарх, хэвлийн хөндий дэх шингэн хуралдалт /2200 мл/ гэмтэл бүхий эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан болох нь:

-Хохирогч Н.М-ын мэдүүлэг /хх 20-21/, гэрч Х.А-гийн мэдүүлэг /хх 24-25/, гэрч Б.А-гийн мэдүүлэг /хх 29-30/, гэрч Б.М-ын мэдүүлэг /хх 11-12/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 146 тоот шинжээчийн дүгнэлт /хх 36-37/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 360 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 89-91/, Шинжээч эмч Б.Даваасүрэнгийн мэдүүлэг /хх 94/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 3-4/, Гэрэл зургийн үзүүлэлт /хх 6-7/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан.

Шүүгдэгч Н.Э нь хохирогчийг хутгалсан идэвхтэй үйлдэл нь хохирол хор уршигт зориуд хүргэсэн шууд санаатай үйлдэл байна. Мөн Эрүүгийн хуульд зааснаар “зэвсэгт” аливаа биетийг устгах, гэмтээх хүйтэн, хийн үйлдвэрийн, гар хийцийн эд зүйлийг хамааруулан ойлгох бөгөөд шүүгдэгч Н.Э нь гэмт хэрэг үйлдэж бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулахдаа зэвсэг буюу хутгыг хэрэглэж үйлдсэн байна.

Иймд прокуророос шүүгдэгчийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилсэн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч Н.Э-г зэвсэг хэрэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар заасан.

Шүүгдэгч Н.Э нь хохирогч Н.М-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан байх ба хохирогч Ч.М нь эмчилгээний зардал, бусад гэм хорын зардалд 3.000.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч Н.Э 3.000.000 төгрөгийг төлж барагдуулсан байна. Иймд шүүгдэгч Н.Э-г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч Н.Э-г Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 6 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэх, түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” тухай дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нар эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ “шүүгдэгч Н.Э нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учируулсан хохиролыг нөхөн төлсөн, хохирогч нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, мөн шүүгдэгчийн хувийн байдлыг нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг хэрэглэж өгнө үү” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргасан.

Шүүх: шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч Н.Э нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүгдэгч Н.Э нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, түүний хувийн байдал буюу насны байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг хэрэглэж, шүүгдэгч Н.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 3 жил 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 1905048980107 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутгийг зохих журмын дагуу устгах, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, шүүгдэгч Н.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.