Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 183/ШШ2021/00728

 

 

 

 

2021 оны 03 сарын 24 өдөр Дугаар 183/ШШ2021/00728 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 0 дугаар хороо, Оюутны гудамж, 00/0 дүгээр байр, 0 тоотод оршин суух, Ч овогт С.Ч /РД:ХЖ00000000/-ын нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 00 дугаар хороо, Сонгино тосгон, өөрийн байранд байрлах, Ш ХХК /РД:0000000/-д холбогдох,

15,400,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Ч итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг тэмдэглэл хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч С.Ч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ннар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...С.Ч миний бие Кэй Си Би ХХК-ийн гүйцэтгэх захирлаар 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Кэй Си Би ХХК нь Нью ланд роуд ХХК-тай 2016 оны 5 дугаар 26-ны өдөр 05-16 дугаар Ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулж 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 07 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд бетон, авто замын ажлыг хийж 48,000,000 төгрөгөөр хийж гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулсан.

Гэрээний дагуу Нью ланд роуд ХХК-д Кэй Си Би ХХК-иас 2016 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 14,000,000 төгрөг, 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 10,000,000 төгрөг нийт 24,000,000 төгрөгийг Кей Си Би ХХК-ийн 25 хувийн хувьцаа эзэмшигч А.Б, Ч.М нарын зүгээс ажил гүйцэтгэгч Нью ланд роуд ХХК-д төлсөн.

Хариуцагч Ш ХХК нь Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны 60 айлын орон сууцны тодорхой хэсгийг авсны хувьд тус орон сууцны гаднах бетон, авто замын ажлыг хийлгэх Нью ланд роуд ХХК-д 2016 оны 5 дугаар 26-ны өдөр 05-16 дугаар Ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу төлөх төлбөрийн 50 хувийг хариуцахаар болж гэрээний төлбөрөөс '10,000,000 төгрөгийг 2016 оны 7 дугаар сард Нью ланд роуд ХХК-д төлсөн юм.

Нью ланд роуд ХХК нь гэрээний дагуу 385 метр авто замыг барьж дуусгасны дараа 14,000,000 төгрөгийг Ш ХХК-иас шаардсан боловч орон сууцны бсрлуулт байхгүй гэсэн шалтгаанаар төлөлгүй өнөөдрийг хүрсэн ба С.Ч миний хувьд 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр гэрээний үлдэгдэл 14,000,000 төгрөгийг өөрөө Ш ХХК-ийн өмнөөс Нью ланд роуд ХХК-д төлсөн.

Ш ХХК-ийн захирал Н.Б өөрийн төлсөн 14,000,000 төгрөгийг шаардаж 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1/24 дугаар албан бичиг явуулж, 2018 онд удаа дараа шаардаж байсан ч өнөөдрийг хүртэл өгөөгүй байна. Бид орон сууцны цахилгааны шугамын хүчин чадлыг нэмэх хөрөнгө оруулалт, байр хүрэх асфальтан авто зам тавих ажлыг 2 тэнцүү гаргана гэж тохиролцсон боловч төлбөрийг бүрэн төлөөгүй болно. Иймд 2016 оны 5 дугаар 26-ны өдөр 05-16 дугаар Ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу Нью ланд роуд ХХК-д төлөх ёстой байсан 14,000,000 төгрөг, өмгөөллийн хөлс 1,400,000 төгрөг, нийт 15,400,000 төгрөгийг хариуцагч Ш ХХК-иас гаргуулж өгнө үү ... гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...С.Ч иргэнийхээ хувиар иргэний эрхзүйн харилцаанд орсон тохиолдолд өөрийн үйл ажиллагаанаас үүдэн гарах үр дагаврыг бүрэн хариуцах үүрэгтэй. Хэрэв С.Ч нь хуулийн этгээдийг төлөөлөн иргэний эрхзүйн харилцаанд орсон бол Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар хуулийн этгээд өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцах хуулийн зохицуулалттай. Хэрэгт авагдсан материалаар С.Ч нь иргэнийхээ хувиар бус Кэй Си Би ХХК-ийг төлөөлөн хэлцэлд орсон нь батлагдаж байгаа бөгөөд Ш ХХК-ийг нь иргэн С.Ч хариуцагчаар татаж буй нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй ... гэв.

Шүүх зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Ч нь хариуцагч Ш ХХК-д холбогдуулан 15,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Ш ХХК болон Кей Си Би ХХК нар Хан-Уул дүүрэг 00 дугаар хороо 00 дүгээр байр, 60 айлын орон сууцыг барих хөрөнгө оруулалтыг хийж, барилгыг ашиглалтад оруулж, хөрөнгийг хуваарилсан болох нь 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн №00 тоот хөрөнгө хуваарилах хурлын тогтоол, зохигчдын тайлбараар тус тус тогтоогдож байна. /х.х-ийн 43 хуудас/

Дээрх хөрөнгө хуваарилах тогтоолын 7-д Орон сууцны цахилгааны шугамын хүчин чадлыг нэмэх хөрөнгө оруулалт, байр хүрэх асфальтан авто зам тавих ажлыг 2 тал тэнцүү гаргана гэж Ш ХХК болон Кей Си Би ХХК нар талууд харилцан тохиролцож, тогтоолд гарын үсэг зурж, тамга тэмдэг дарж баталгаажуулжээ.

Кей Си Би ХХК нь Хан-Уул дүүрэг 16 хороо 41 дүгээр байр хүртэлх 6 х 135 метрийн суурьтай бетон замын ажлыг 48,000,000 төгрөгөөр хийж гүйцэтгүүлэхээр Нью ланд роуд ХХК-тай 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Ажил гүйцэтгэх 05-16 дугаар гэрээг байгуулж, гэрээний дагуу ажил гүйцэтгэгч Нью ланд роуд ХХК бетон замын ажлыг бүрэн хийж, 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 2 дугаартай ажил гүйцэтгэх акт үйлдэж, ажлыг хүлээлгэн өгсөн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /х.х-ийн 7-9,15,16 хуудас /

Ажил гүйцэтгэх 05-16 дугаар гэрээний төлбөр болох 48,000,000 төгрөгийн төлбөрийг 2016 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 14,000,000 төгрөг, 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 10,000,000 төгрөгийг тус тус Кей Си Би ХХК, 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 5,000,000 төгрөг, 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 5,000,000 төгрөгийг тус тус Ш ХХК, 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 14,000,000 төгрөгийг иргэн С.Ч нар тус тус Нью ланд роуд ХХК-нд төлж барагдуулсан байна. /х.х-ийн 12,13, 53,54 хуудас/

Ш ХХК болон Кей Си Би ХХК нарын хооронд хөрөнгө хуваарилах хурлын тогтоол буюу хэлцлийн 7 дах хэсэгт зааснаар хэлцлийн талууд ...байр хүрэх асфальтан авто зам тавих ажлыг 2 тал тэнцүү гаргана гэж тохиролцсоноос дүгнэвэл уг ажлын төлбөрийг талууд тэнцүү хуваахаар тохиролцсон байх бөгөөд зам тавих замын ажлын төлбөр нийт 48,000,000 төгрөгөөс Ш ХХК нийт 10,000,000 төгрөг, Кей Си Би ХХК нь 24,000,000 төгрөгийг тус тус төлсөн байна.

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж заасан бөгөөд хэлцлийн дагуу Ш ХХК нь зам тавих ажлын төлбөрийг тэнцүү хуваахаар тохиролцсон тул төлбөрийн тал хувь буюу 24,000,000 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, ... гэж зааснаар нэхэмжлэгч С.Ч хариуцагч Ш ХХК-ийн Нью ланд роуд ХХК-нд төлөх мөнгөн төлбөрийн үүргийг хариуцагчийн өмнөөс биелүүлсэн байх тул хариуцагч Ш ХХК-ийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж үндэслэлгүй хөрөнгөжсөн 14,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэв.

Харин нэхэмжлэгч нь Үндсэн хуульд заасан өмгөөлүүлэх эрхээ хэрэгжүүлэх нь нэхэмжлэгчийн бүрэн эрх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч оролцоогүй, өмгөөлөгчид төлбөр төлсөн болох нь баримтаар тогтоогдохгүй байх тул өмгөөллийн хөлс 1,400,000 төгрөг гаргуулах шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ш ХХК-аас 14,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Ч-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,400,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 234,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш ХХК-аас 227,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

ШҮҮГЧ                            Ц.ОЮУНБИЛЭГ