Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2021/01103

 

 

 

 

 

2021 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2021/01103

 

 

 

 

С.Чын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Н.Батзориг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2021/00728 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч С.Чын хариуцагч “Ш” ХХК-д холбогдуулан гаргасан үндэслэлгүй хөрөнгөжсөнөөс 15 400 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч С.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс К.С.Б ХХК-ийн гүйцэтгэх захирлаар өнөөдрийг хүртэл ажиллаж байна. К.С.Б ХХК нь Н.Л.Р ХХК-тай 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 05-16 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, мөн сарын 30-ны өдрөөс мөн оны 7 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд бетон, авто замын ажлыг 48 000 000 төгрөгөөр хийж гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцсон. Гэрээний дагуу Н.Л.Р ХХК-д К.С.Б ХХК-иас 2016 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 14 000 000 төгрөг, мөн оны 6 дугаар сарын 20-ны өдөр 10 000 000 төгрөг нийт 24 000 000 төгрөгийг К.С.Б ХХК-ийн 25 хувийн хувьцаа эзэмшигч А.Б, Ч.М нарын зүгээс ажил гүйцэтгэгчид төлсөн. Хариуцагч Ш ХХК нь Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны 60 айлын орон сууцны тодорхой хэсгийг авсны хувьд тус орон сууцны гаднах бетон, авто замын ажлыг хийлгэх Н.Л.Р ХХК-д 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 05-16 дугаар ажил гүйцэтгэх гэрээний дагуу төлөх төлбөрийн 50 хувийг хариуцахаар болж гэрээний төлбөрөөс 10 000 000 төгрөгийг 2016 оны 7 дугаар сард Н.Л.Р ХХК-д төлсөн.Н.Л.Р ХХК нь гэрээний дагуу 385 метр авто замыг барьж дуусгасны дараа 14 000 000 төгрөгийг Ш ХХК-иас шаардсан боловч орон сууцны борлуулалт байхгүй гэсэн шалтгаанаар төлөлгүй өнөөдрийг хүрсэн ба С.Чын хувьд 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр гэрээний үлдэгдэл 14 000 000 төгрөгийг Ш ХХК-ийн өмнөөс Н.Л.Р ХХК-д төлсөн.Ш ХХК-ийн захирал Н.Б-аас өөрийн төлсөн 14 000 000 төгрөгийг шаардаж 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1/24 дугаар албан бичиг явуулж, 2018 онд удаа дараа шаардаж байсан ч өнөөдрийг хүртэл өгөөгүй байна. Бид орон сууцны цахилгааны шугмын хүчин чадлыг нэмэх хөрөнгө оруулалт, байр хүрэх асфальтан авто зам тавих ажлыг 2 тэнцүү гаргана гэж тохиролцсон боловч төлбөрийг бүрэн төлөөгүй болно. Иймд 2016 оны 5 дугаар 26-ны өдөр 05-16 дугаар ажил гүйцэтгэх гэрээний дагуу Н.Л.Р ХХК-д төлөх ёстой байсан 14 000 000 төгрөг, өмгөөллийн хөлс 1 400 000 төгрөг, нийт 15 400 000 төгрөгийг хариуцагч Ш ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т шүүхэд гаргасан хариу тайлбартаа: С.Ч иргэнийхээ хувиар иргэний эрх зүйн харилцаанд орсон тохиолдолд өөрийн үйл ажиллагаанаас үүдэн гарах үр дагаврыг бүрэн хариуцах үүрэгтэй. Хэрэв С.Ч нь хуулийн этгээдийг төлөөлөн иргэний эрх зүйн харилцаанд орсон бол Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хуулийн этгээд өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцах хуулийн зохицуулалттай. Хэрэгт авагдсан материалаар С.Ч нь иргэнийхээ хувиар бус К.С.Б ХХК-ийг төлөөлөн хэлцэлд орсон нь батлагдаж байгаа бөгөөд Ш ХХК-ийг нь иргэн С.Ч хариуцагчаар татаж буй нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

 Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Ш” ХХК-аас 14 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Чад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 400 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 234 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ш” ХХК-аас 227 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаар хариуцагч “Ш” ХХК-аас 14 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Чад олгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьж, хэрэгт авагдсан нотлох баримтанд бүрэн дүгнэлт хийлгүй шийдвэр гаргасан нь үндэслэл муутай болсон гэж үзэж байна. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, дараах үндэслэл болон нотлох баримтуудыг гаргаж мэтгэлцсэн боловч шүүх харгалзан үзэж, зөв дүгнэлт хийгээгүй. Хариуцагч “Ш” ХХК-ийн зүгээс автозам барьсны төлбөрийн 50 хувийг “Н.Л.Р” ХХК-д төлөх тухай гэрээ байгуулаагүй. Гэрээ байгуулаагүй хэдий ч барилгын хөрөнгө оруулагчийн хувьд барилгын гүйцэтгэгч “К.С.Б” ХХК-ийн хүсэлтээр 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр болон 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдрүүдэд “замын төлбөрт” гэх утгаар нийт 14 000 000 төгрөг шилжүүлэн өгснөөр замын ажилд оролцох оролцоо дуусгавар болсон тул “К.С.Б” ХХК-ийн зүгээс 2016 оны эцэст, барилгатай холбоотой, “ Ш” ХХК-иас нэхэмжлэх ямар нэг төлбөр тооцооны асуудал байхгүй гэсэн тодорхойлолт өгсөн бөгөөд уг тодорхойлолт нь хэрэгт нотлох баримтаар авагдсан. ”К.С.Б” ХХК, “Ш” ХХК-ийн хоорондох барилга хамтран барих асуудлын хүрээнд дээрх барилга хүртэлх замын асуудал яригдах ёстой атал иргэн С.Ч энэ асуудалд хамааралгүй этгээд атлаа хувиасаа хэн нэгэнд шилжүүлсэн мөнгөө хариуцагчаас нэхэмжлэх үндэслэлгүй. “Ш” ХХК нь С.Чаар ямар нэг төлбөрийн үүрэг гүйцэтгүүлэхээр хүсэлт гаргасан тухай ямар ч нотлох баримт байхгүй. ”Ш” ХХК, “К.С.Б” ХХК-ийн хооронд байгуулагдсан “Хөрөнгө хуваарилах тогтоол”-ын 7 дах заалтыг үндэслэн шүүх төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн. Гэтэл энэ тогтоол гарснаас хойш “К.С.Б” ХХК нь орон сууц борлуулсан орлогоос дураараа завшиж, “Ш”ХХК-ийг хохироосон тул одоог хүртэл бид нэхэмжилсээр байгаа ба харин эсрэгээрээ “К.С.Б” ХХК нь “Ш” ХХК-аас нэхэмжлэх төлбөр тооцоо дууссан гэдгээ бичгээр хүлээн зөвшөөрсөн. Дээрх үндэслэлээр С.Чад хариуцагч 14 000 000 төгрөгийг буцаан төлөх үндэслэлгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

             Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

            Нэхэмжлэгч С.Ч нь хариуцагч “Ш” ХХК-д холбогдуулан үндэслэлгүй хөрөнгөжсөн 15 400 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “Ш” ХХК-ийн өмнөөс ажил гүйцэтгэгч “Н.Л.Р” ХХК-д төлөх ёстой 14 000 000 төгрөгийг төлсөн” гэж тайлбарлан “К.С.Б” ХХК, Н.Л.Р” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 05-11 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ, ажлын хөлс шилжүүлсэн тухай бэлэн мөнгөний орлогын болон зарлагын баримтууд, 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн ажил гүйцэтгэх акт, “К.С.Б” ХХК-ийн удирдах зөвлөлийн хурлын 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 01 дугаартай тогтоол, хүчин төгөлдөр болсон Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2020/01879 дугаартай шийдвэр зэрэг баримтуудыг шүүхэд гарган өгчээ. /хх7-9, 12-13, 16, 31-34, 44/

            Хэргийн 44 дэх талд авагдсан “К.С.Б” ХХК-ийн 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 01 дугаартай Удирдах зөвлөлийн тогтоол, “Хөрөнгө хуваарилах тухай” гэх баримтад  “... ХУД-ийн 16 дугаар хороонд барьж ашиглалтад оруулсан 60 айлын орон сууцыг хуваарилах тухай” гэж, “Тогтоосон нь” гэх хэсгийн 7-д “Орон сууцны цахилгааны шугамын хүчин чадлыг нэмэх хөрөнгө оруулалт, байр хүрэх асфальтан зам тавих ажлыг 2 тал тэнцүү гаргана” гэсэн бичиглэл хийж, “Ш” ХХК-ийг төлөөлж Н.Батаа, “К.С.Б” ХХК-ийг төлөөлж С.Ч гарын үсгээ зурж, компанийн тамга дарж баталгаажуулсан байна.

            Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2020/01879 дугаартай шийдвэрийн үндэслэх хэсэгт дээрх тогтоолын агуулгыг “... Хан-Уул дүүрэг, 16 дугаар хороонд барьсан 60 айлын орон сууцыг хэрхэн хуваарилах, орон сууц барихад хэн, хэдэн төгрөгийн хөрөнгө оруулсан, цаашид борлуулалтыг хэрхэн ямар байдлаар хариуцах асуудлыг тусгасан, мөн “Ш” ХХК-ийг төлөөлж Н.Батаа гарын үсэг зурж ..., “Кэ” ХХК-ийг төлөөлж С.Ч гарын үсэг зурж, хуулийн этгээдийн тамга дарж баталгаажуулсан үйл баримтаас үзэхэд “Ш” ХХК болон “К.С.Б” ХХК нарын хооронд гэрээ нэртэй хэлцлийг дүгнэсэн баримт гэж үзэхээр байна” гэж дүгнэжээ. /хх-33 ар тал/

            Ажил гүйцэтгэгч “Н.Л.Р” ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын хөлсний дүн болох 48 000 000 төгрөгөөс хариуцагч “Ш” ХХК нь 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 5 000 000 төгрөг, мөн оны 6 дугаар сарын 02-ны өдөр 5 000 000 төгрөг, нийт 10 000 000 төгрөг, “К.С.Б” ХХК-ийн хувьд 24 000 000 төгрөг, нэхэмжлэгч С.Ч 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 14 000 000 төгрөг тус тус төлсөн болох нь хэрэгт авагдсан бэлэн мөнгөний орлого, зарлагын баримт, харилцагчийн дансны хуулга, зохигчдын тайлбараар нотлогдсон байна. /хх-17-18, 55-56, 59-60/

            Нэхэмжлэгч тал дээрх баримтуудыг нотолгооны эх сурвалжаа болгон зааж, “хариуцагчийн өмнөөс “Н.Л.Р” ХХК-д ажлын хөлсний үлдэгдлийг төлсөн” гэж тайлбарлажээ. Хариуцагч тал дээрх нотлох баримтуудыг үгүйсгээгүй, харин татгалзлын үндэслэлээ “С.Ч нь иргэнийхээ хувиар бус “К.С.Б” ХХК-ийг төлөөлж хэлцэлд орсон нь батлагдаж байгаа, “Ш” ХХК-ийг иргэн С.Ч хариуцагчаар татаж буй нь үндэслэлгүй” гэж тайлбарлан, маргажээ.

            Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, зохигчдын тайлбарыг үндэслэн “К.С.Б” ХХК болон “Н.Л.Р” ХХК-ийн хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсч, гэрээний дагуу ажил гүйцэтгэгч тал ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн, мөн “К.С.Б” ХХК болон “Ш” ХХК-ийн хооронд 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн хэлцлээр хариуцагч “Ш” ХХК-д мөнгөн төлбөр төлөх үүрэг үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, тухайн хэрэгт ач холбогдолтой эргэлзээгүй талаас нь үнэлэх журамд нийцжээ. Иймээс хариуцагчийн “нотлох баримтад бүрэн дүгнэлт хийлгүй, нэг талыг баримталж шийдвэрлэсэн” гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.   

            Харин шүүх талуудын маргааны зүйлийг тодорхойлохдоо Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг буруу тайлбарлан хэрэглэжээ.

            Учир нь ажил гүйцэтгэгч “Н.Л.Р” ХХК-д төлөх ёстой төлбөрийг өмнө харилцан тохиролцсоны дагуу “К.С.Б” ХХК 24 000 000 төгрөгийг төлж үүргээ гүйцэтгэсэн, харин “Ш” ХХК 10 000 000 төгрөгийг төлж, үлдэх 14 000 000 төгрөгийг төлөөгүй буюу үүргээ зохих ёсоор биелүүлээгүй. Нэхэмжлэгч С.Ч нь түүний төлөх ёстой 14 000 000 төгрөгийг өмнөөс нь төлснөөр “Ш” ХХК тэр хэмжээний төлбөрийн үүргээс чөлөөлөгдсөн байх тул Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт “Хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно” гэж заасантай нийцэж байх тул талуудын маргаанд уг хуулийн зохицуулалт үйлчилнэ.

 

            Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2021/00728 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “492 дугаар зүйлийн 492.1.1” гэснийг “496 дугаар зүйлийн 496.1” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 227 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.НЯМБАЗАР 

            

              ШҮҮГЧИД                                     Н.БАТЗОРИГ         

  

 Ч.ЦЭНД