Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 106

 

 

                               

                        

 

 

 

 

 

                       

 

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                             

 Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, Ч.Лхагвасүрэн, улсын яллагч Д.Энх-Оргил, шүүгдэгч Д.Цог нарыг оролцуулан тус шүүхийн   шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дүгээр зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сартуул овогт Дамдинжавын Цогт холбогдох эрүүгийн 201725030325 дугаартай, 186/2016/0136/э индекстэй хэргийг 2017 оны 03 дугаар сарын 17-ны  өдөр хүлээн авч шүүн  хэлэлцэв.                                                         

Шүүгдэгчийн биеийн байцаалт:                                            

Монгол Улсын иргэн, 1985 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, удирдлага, гадаад, худалдаа, гаалийн эдийн засагч мэргэжилтэй, Цайз зах дээр хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүрэг, 16 дугаар хороо, Согоотын 25-342 тоотод оршин суух гэх, Сартуул овогт Дамдинжавын Цог /РД:ХМ85091919/,

Холбогдсон хэргийн талаар:    

            Д.Цог нь 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 14 цагийн үед Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 43 дугаар байрны 54 тоотод оршин суух иргэн И.Ариунаагийн орон сууцны хаалганы цоожинд түлхүүр тааруулан нэвтрэн орж 6 мутартай нүүрэн хэсэг нь алтан шаргал өнгөтэй Гонгор нэртэй бурханыг  хулгайлж бусдад 10.000.000 /арван сая/ төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулсан  гэмт  хэрэгт  холбогджээ.

 

                                                                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

     Нэг: Шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн  мэдүүлэг:

1.1. Шүүгдэгч Д.Цог шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..Би эхнэртэйгээ “Цайз” зах дээр барилгын материал зарж наймаа хийдэг. Тэгээд хамт бараа зардаг таньдаг хүнээсээ 2015 онд 1.500.000 иен зээлж төлж барагдуулсан. Тэгээд 2016 онд дахиж тэр ахаас 1.000.000 иен зээлсэн, ингээд валютын савалгаагаар иен үнэ өссөн. Тэгээд тэр хүнээс зээлсэн мөнгөө төлж чадахгүйд хүрсэн. Тухайн хүн бид хоёрыг иргэний шүүхэд өгсөн байсан, шүүх мөнгө зээлж авсан хүн бид хоёрыг 3 сарын хугацаатай эвлэр гэж хугацаа өгсөн. Тэгээд шүүхээс материалыг шүүхийн шийдвэр биелүүлэх газарлуу шилжлүүлсэн ингээд манай эхнэрийг барьж хорино гэж сандаргаад байсан. Надад мөнгө олдохгүй болохоор эгчийн гэрт байсан бурханыг хулгай хийсэн, би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна, дахиж  гэмт хэрэгт холбогдохгүй гэв.

Хоёр: Шүүгдэгчийг мэдүүлэг өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

2.1. Мөрдөн байцаалтын шатанд хохирогч И.Ариунаагийн:..Би нөхөр хүүхдийн хамт Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, Жуулчины 43-54 тоотод 2012 оноос хойш амьдарч байна. Манай жижиг өрөөнд 2010 онд Цогийн ээж нь өнгөрөөд надад өвлөгдөж ирсэн, Гонгор нэртэй бурханыг 2017 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр бурханаа солигдсоныг мэдсэн. Манай бурханы оронд өөр шүтээн тавьсан байсан.  Шүтээнээс арай жижиг шүтээн байсан. Ингээд би Цагдаагийн байгууллагад хандсан. Цог нь манай ээжийн хамгийн бага дүүгийнхэн хүүхэд манайхаар хааяа орж, гардаг. Манай бурхан шүтээн хулгайд алдсан үеэр манай хамаатны хүн нас бараад ажил явдалтай байх хойгуур Цог манай гэрт  түлхүүр тааруулан орж манай бурханыг хулгайлсан байсныг мэдэж яаралтай цагдаад хандаж хураалгасан. Гонгор нэртэй бурхан шүтээн байсан ба  бурхан маань 6 мутартай, нүүрэн хэсэг нь алтан шаргал өнгөтэй, духан дээрээ нүдтэй бурхан байсан.  Би 10.000.000 төгрөгөөр үнэлсэн. Үнэлгээний талаар гомдол санал байхгүй гэх мэдүүэг. /хх 24-25/

2.2. Мөрдөн байцаалтын шатанд гэрч Л.Баатархүүгийн:..Цог нь 1985 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ээж, аав, ах, дүү нарын хамт амьдардаг байсан. Цогийнх нь манай гэрийн хажуугийн хашаанд байдаг байсан. 2012 оноос хойш өөр өөр газар амьдрах болсон. 2014 онд Нийслэлийн 72 дугаар дунд сургуулийг төгсөөд хувийн их сургуульд гаалийн чиглэлээр суралцаж төгссөн. Мэргэжлээрээ ажиллахгүйгээр ахтайгаа барилгын материал зардаг болсон, эхнэртэйгээ хамт 2008 оноос Цайз зах дээр барилгын материал зараад ажил үйлс нь бүтэмжтэй яваад байгаа. Барилгын салбар 2014 оноос хямралд өртөөд бизнес нь жаахан муу болсон, одоо бол хийсэн ажилгүй, хааяа Балжинням гэдэг найзынхаа машиныг гуйж аваад халтуур хийдэг. Уг нь бол ажил төрөлд их сайн янз бүрийн асуудалд ороод яваад байдаггүй гэх мэдүүлэг. /хх 26-27/, 

2.3. Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Балжиннямын:…Би он сар өдрийг нь санахгүй байна. Цог нь миний эзэмшлийн приус 20 маркийн 37-64  УНД улсын дугаартай мөнгөлөг өнгийн автомашиныг хаяа авч унадаг юм. Бид 2 бараг дундаа хэрэглэдэг  юм. Би машин гуйсан үед нь л өгчихдөг юм. 2017 оны 1 дүгээр сарын      20-ны өдөр авсан байх гэж бодож байна. Мөнгө төгрөг хэрэгтэй байна, хаалтуур хийх гэсэн юм, гэр оронд асуудал гарлаа гэх зэргээр л машин авдаг юм. 2017 оны  01 дүгээр сарын 21-ний өдөр манай хамаатны хүн нас бараад ажил явдалтай бид нар хайлаастад байхад манай Ариунаа эгчийн нөхөр Энхбат, Цог  хоёрыг Чингэлтэй дүүрэг рүү яваад ширээ сандал аваад ир гээд нэг хүний утасны дугаар өгсөн.  Тэгээд бид  хоёр Чингэлтэй дүүрэг дээр ирээд нөгөө дугаар луу нь ярьсан чинь  хоёр эрэгтэй хүн хүрээд ирсэн. Тэгээд нэр асуугаад Балжинням байж бай, Цогийг уулзья гээд дагуулаад явсан.  Би Чингэлтэй дүүргийн гадна үлдсэн, удалгүй Цогийг нэг залуу нь дагуулаад Чингэлтэй дүүрэг тойроод явсан, удалгүй буцаж ирээд намайг байж бай гээд явсан.  Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэс дээр хүрээд ир гэж хэлсэн. Цагдаагийн хэлтсийн үүдэн ирээд байж байтал Энхбат ах надруу залгаад намайг цагдаагаас дуудаад байна ирээд аваадах гэсэн.  Би Энхбат ахыг очиж аваад цагдаа  дээр авчирсан. Энхбат ахыг цагдаа руу авчирч байхад надад Цог манай гэрээс шүтээн хулгайлсан байна, би өөр хүнд мэдэгдүүлэхгүй гээд чамтай цуг явуулсан гэж хэлсэн. Би машин дотор бурхан шүтээн байхыг хараагүй, Цогийг хулгай хийсэнийг ч мэдээгүй, сүүлд Энхбат ахаас сонссон гэх мэдүүлэг. /хх 28-29/,

2.4. Мөрдөн байцаалтын шатанд гэрч А.Чинчулууны:..Би 2017 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр жижүүрийн шуурхай бүрэлдэхүүнд эрүүгийн төлөөлөгчөөр 24 цагийн үүрэг гүйцэтгэж хонож ажилласан.  Энэ үед Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны 43 дугаар байрны 54 тоотод хулгай орж бурхан шүтээнээ алдсан гэсэн дуудлага ирсэний дагуу бүрэлдэхүүний хамт очиж ажилласан, ажиллах хугацаандаа тухай байрны хяналтын камерыг хохирогч иргэн Ариунаагийн нөхөртэй нь шүүж үзэхэд Ариунаагийн нөхөр нь манай хүргэн дүү Цог манай гэрлүү ороод гарсан юм шиг байна гэж хэлсэний дагуу дүүг нь шалгахаар Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд эмээгийнх гэрт нь очсон, Цог байхгүй байсан.  Тэгээд утас руу нь залгахад Цог драгон дээр явж байна гэсэн. Тэгээд Ариунаагийн нөхөртэй Цогийг яаж ажлын ойролцоо авчирах талаар ярилцсан тухайн үед тэдний хамаатны хүн нас бараад ажил явдал гарсан байсан учраас хамаатны машинтай залуутай нь Чингэлтэй дүүрэг дээрээс сандал ширээ авхуулахаар тохиролцсон.  Тэгээд 16 цагийн үед Цог хамаатны залуугийн хамт Чингэлтэй дүүргийн гадна ирчихлээ гээд залгахаар нь очиж Цогийг барьсан. Цогийг бариад цуг ирсэн залуу нь ямар учиртай, яах гэж байгаа юм бэ, үнэмлэх бичиг баримтаа үзүүлээд өөрт чинь хамааралгүй асуудал, ажил дээр аваачиж шалгах зүйл байна та ажлаа хийгээд явж бай гээд явуулсан.  Цогийг ажил дээр авчирч ирж шалгахад бурхан тахил  ганцаараа орж хулгайлсанаа хүлээсэн гэх мэдүүлэг. /хх 30-31/,

2.5. Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Ичинхорлоогийн:..Цог гэдэг хүнийг танина, миний төрсөн ах байгаа юм, бид нар эхээсээ гурвуулаа Цог дунд хүү, Улаанбаатар хотод 1985 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн. Одоо эхнэр хүүхдийн хамт амьдардаг, бага хүүхэд нь 5 настай, том хүү 15 настай. Цог нь хувиараа барилгын материал зардаг.  Цог ах хааяа баяр ёслолын үеэр л архи дарс хэрэглэдэг, өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй, эелдэг нийтэч хүн байгаа юм гэх мэдүүлэг. /хх 34-33/,

2.6. Шүүхийн шинжилгээний үдэсний хүрээлэнгийн шинжээчийн 06/103 тоот акт

1. 2017 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүрэг 3 дугаар хороо       43-54 тоот иргэн И.Ариунаагийн бурхан шүтээн солигдсон байна гэх хэргийн газраас бэхжүүлж ирүүлсэн ¹ 1, 2 гэсэн дугаартай гарын мөрүүд нь шинжилгээнд тэнцэхгүй. Цаашид харьцуулан шинжлэх боломжгүй. Шинжээч, Цагдаагийн ахлах дэслэгч Б.Бүжинлхам гэсэн дүгнэлт. /хх-38/,

Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд

3.1. Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургууд /хх 9-14/, эд зүйлийн үнэлгээ /хх-15/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, фото зураг /хх 16-17/, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-20/, эд зүйл хүлээлгэн өгсөн баримт /хх-21/,   Д.Цогийг сэжигтнээр тооцсон тогтоол, сэжигтнийг байцаасан тэмдэглэл /хх 46-47/, яллагдагчаар татсан тогтоол, тэмдэглэлүүд /хх 48-50/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-54/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-56/ зэрэг  нотлох баримтуудыг шинжлэн судлав.                                                                              

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын  шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах  үйл баримтуудыг тогтоов.                       

Д.Цог нь 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 14 цагийн үед Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 43 дугаар байрны 54 тоотод оршин суух иргэн И.Ариунаагийн орон сууцны хаалганы цоожинд түлхүүр тааруулан нэвтрэн орж 6 мутартай нүүрэн хэсэг нь алтан шаргал өнгөтэй “Гонгор” нэртэй бурханыг  хулгайлж бусдад 10.000.000 /арван сая/ төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулсан  гэмт  хэргийг үйлдсэн болох нь  хохирогч И.Ариунаа, гэрч Б.Балжинням, А.Чинчулуун, Д.Ичинхорлоо нарын мэдүүлэг,  хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургууд,  эд зүйлийн үнэлгээ, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл,  эд зүйл түр хураан авсан тэмдэглэл, шүүгдэгч Д.Цогийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд хэргээ  хүлээн мэдүүлж  байгаа  мэдүүлгүүд зэрэг хавтаст хэрэгт авагдсан  нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдов.

 Шүүгдэгч Д.Цог нь хэргийн  талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээсэн  нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар батлагдаж байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 82 дугаар зүйлийн 82.2 дахь хэсэгт зааснаар яллах үндэслэл болж байгааг тэмдэглэж байна.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.Цогт холбогдуулан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Д.Цогийг бусдын орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлан бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга  ёсны, эрүүгийн  хариуцлага гарцаагүй  байх зарчмуудыг баримтлан, эрүүгийн  хариуцлага хүлээлгэн ял шийтгэл оногдуулах  хууль зүйн үндэслэлтэй  байна гэж  шүүх  дүгнэв.                         

Хохирогч И.Ариунаа нь 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтэндээ: “ Миний бие шүүгдэгч Д.Цогоос цаашид  гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болно гэсэн тул шүүгдэгч Д.Цогийг  бусдад учруулсан хохирлыг бүрэн төлж  барагдуулсан, гэм хорыг арилгасан  байна гэж үзлээ.  

 Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын  шинж чанар, гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл  байдал, учруулсан хор уршиг, хохирлын хэр хэмжээ, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  55 дугаар зүйлийн 55.1.1., 55.1.3., 55.1.9 дэх хэсэгт зааснаар  анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд авч үзсэнээс гадна түүний хувийн байдал зэргийг тус тус харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг заавал биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1,   61.4-ийг хэрэглэв.

 Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 10 см өндөртэй, толгойн хэсгээрээ гартай, урд хэсэгтээ 2 гартай,  баруун дээд гартаа цагираг хэлбэртэй зүйл барьсан,  зүүн гартаа матигар хэлбэртэй зүйл барьсан, урд талын зүүн гартаа улаан өнгийн дугуй зүйл барьсан шармал өнгөтэй бурханыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгуулахаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасан болохыг тус тус  дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298  дугаар зүйлүүдийг удирдлага болгон                                                                                                                                                             

                                                                                                            ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Сартуул овогт Дамдинжавын Цогийг бусдын орон байранд нэвтэрч  бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

     2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Цогоос 500.000 /таван зуун мянган/ төгрөгний эд хөрөнгө хурааж, 2 /хоёр/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар  хорих ялаар шийтгэсүгэй.

     3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Д.Цогт   500.000 /таван зуун мянган/ төгрөгний эд хөрөнгө хурааж, 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн  хорих ангид эдлүүлсүгэй.

     4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Д.Цогоос 500.000 /таван зуун мянган/ төгрөгний эд хөрнгө хурааж  2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүй тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж түүнд хяналт тавихыг  Чингэлтэй дүүргийн  Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

     5. Шүүгдэгч Д.Цог нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд зүйлгүй болохыг тус тус  дурдсугай.

      6. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.4 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 10 см өндөртэй, толгойн хэсгээрээ гартай, урд хэсэгтээ 2 гартай баруун дээд гартаа цагираг хэлбэртэй зүйл барьсан,  зүүн гартаа матигар хэлбэртэй зүйл барьсан, урд талын зүүн гартаа улаан өнгийн дугуй зүйл барьсан шармал өнгөтэй бурханыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгохыг  Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Цогийн бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                С.БАТЖАРГАЛ