Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 853

 

С.С-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Очмандах, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор Г.Мижиддорж,

            шүүгдэгч С.С-н өмгөөлөгч Г.Өлзий-Орших,

            нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж, шүүгч С.Базарханд, Б.Батболор нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 2020/ШЦТ/211 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.С-н өмгөөлөгч Г.Өлзий-Оршихын гаргасан давж заалдах гомдлоор С.С-т холбогдох 2010 00071 0025 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

И М овгийн С-н С, 19.. оны ... дүгээр сарын ...-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, дүүгийн хамт .................... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: .........../;

С.С нь Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо........ дугаар гудамжны ....... тоотод оршин суух иргэн Ц.Ч-н гэрт 2020 оны 1 дүгээр сарын 1-ний орой 19 цагийн орчим Ц.Ч, Д.Г, Д.Г нартай хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байх үедээ Д.Г-тэй маргалдаж улмаар түүний цээжин тус газарт гараараа 2-3 удаа, толгойн тус газарт зузаан суурьтай шилэн хундагаар 2-3 удаа цохиж зодсоны улмаас түүний биед дух чамархай яс, дагз ясны шугаман хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн дух, чамархай, суурийн хэсгийн аалзан бүрхүүл доорх зузаан цус харвалт, баруун духны хэсэгт баруун хажуу ховдол руу ивэрсэн няцрал, баруун хажуу ховдол шингэн цус духны зүүн суурь хэсгийн няцрал бүхий гэмтлийг учруулж, амь насыг нь хохироосон буюу хүнийг алах гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: С.С-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: И м овогт С-н С-г хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.С-г 8 жил 5 сарын хорих ялаар шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.С-н цагдан хоригдсон 93 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн тунгалаг өнгийн 12 см өндөртэй амсар хэсэг нь 5.2 см, гол хэсэгтээ 3.5 см бариултай шилэн хундага 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч С.С нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч С.С-н өмгөөлөгч Г.Өлзий-Орших давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 2020/ШЦТ/211 шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Шүүгдэгч С.С нь 2020 оны 1 дүгээр сарын 1-ний орой 18.00 цагийн үед Д.Г, Д.Г, Ц.Ч нартай хамт архи ууж байхдаа үеэл Д.Г-тэй маргалдаж, түүний цээжинд гараар, толгой руу шилэн хундагатай гараар цохьсон гэжээ. Д.Г нь гавал тархины битүү гэмтлээр нас барсан гэсэн дүгнэлтийг шинжээч гаргасан. Талийгаачийн цогцосны гадна үзлэгээр доод уруулын зүүн хэсэгт, баруун шууны дунд хэсэгт, зүүн бугалганы дээд хэсэгт, зүүн тохойны үенд, зүүн шууны дээд хэсэгт, дунд хэсэгт хүрэн өнгийн зулгаралт тогтоогдсон гэжээ. Гэрч Ч.О 2020 оны 1 дүгээр сарын 1-ний 19 цагийн үед талийгаач Д.Г, түүний дүү Д.Г нарыг Нисэхийн уулзварын Янгир хайрхан дэлгүүрийн урд талын зогсоол дээр машинаар хүргэж өгсөн байна. Гэрч Е.Рабби “...Янгир дэлгүүрийн урд талд согтуу хүн хэвтэж байна” гэсэн дуудлагаар Баярсайхан очиж 20.18 цагт Д.Г гэх хүнийг авчирсан. Удалгүй түргэн тусламжийн эмч ирээд даралтыг үзээд биеийн байдал нь зүгээр байна гэсэн бичиг хийж өгөөд явсан. Тухайн хүнээс ар гэрийнхний чинь утасны дугаар байна уу гэж асуухад эхнэрийнхээ 966817.. дугаарыг надад өгсөн. Уг дугаарын утас руу 20.58 цагт холбогдож “Д.Г гэх хүн таны нөхөр мөн үү, ирж нөхрөө ав, гудамжинд унтаж байсан” гэж хэлсэн. ...” гэжээ.

Гэрч Д.С “... Би Цагдаагийн хэлтэс дээр очиход талийгаач үүдний сандал дээр согтуу байдалтай байхаар нь аваад гарсан. Гэртээ очоод талийгаачаас юу болсон талаар асуухад би ядраад байна гээд унтаад өгсөн. Талийгаач шөнө 05 цагийн орчим босож шээсэн, тэгээд унтаж байгаад 2020 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн 15 цагийн үед нэг босож шээсэн. Юм идэж уухгүй унтаад байсан. Ойролцоогоор 19 цагийн үед нүүр нь хөхрөөд эвгүй болчихсон, түргэн ирээд өнгөрчихсөн байна гэж хэлсэн. Талийгаач Д.Г нь 1993 онд зам тээврийн осолд орж, тархиндаа гэмтэл авч, том хагалгаанд орж байсан. Толгой тархи нь байнга өвддөг. ...” гэжээ. Д.Г 1995 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Түлэнхийн төвд баруун хөлийн хугарлын улмаас 43 хоног хэвтэж эмчлүүлсэн талаар № 04995 өвчтөний картанд тэмдэглэжээ. Энэхүү № 04995 картанд Д.Г 1994 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр машинд дайрагдан шинэ гэмтлийн эмнэлэгт 60 хоног эмчлэгдэж гараад сар болоод эргэж 1995 оны 2 дугаар сарын 20-ны өдөр хэвтсэн тухай дурдсан байна.

2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн 19-20 цагийн хооронд Д.Г нь Янгир дэлгүүрийн гадна зогсоол дээр ямар байдалтай байсан. Толгойгоороо унаж ойчсон эсэх, согтуу Д.Г-н талаар цагдаад хэн дуудлага өгсөн, Д.Г-н уруул, гарын шуу, бугалга, тохойнд үүссэн 6 зулгаралт яаж үүссэнийг мөрдөн байцаалтын шатанд бүрэн тогтоогоогүй. Д.Г-н гавал, тархинд илэрсэн битүү шинэ гэмтэл нь тархины хуучин гэмтэлтэй холбоотой эсэхийг тогтоолгох зорилгоор бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулах хүсэлтийг 2020 оны 3 дугаар сарын 4-ний өдөр шүүхэд гаргасан боловч хүлээж аваагүй.

Талийгаач Д.Г нь 2020 оны 1 дүгээр сарын 1-ний орой 18 цагийн үед тархиндаа битүү гэмтэл авч 2020 оны 1 дүгээр сарын 2-ны орой 19 цагийн үед нас барах хүртэл 24 цагийн хугацаа өнгөрчээ. Д.Г гэмтэл аваад ухаан алдаагүй бөгөөд толгойдоо цохиулснаа түргэн тусламжийн эмч болон ар гэрийнхэндээ хэлж, тархины рентген зураг авахуулах, оношлуулах, эмнэлгийн тусламж яаралтай авч, эмчилгээ хийлгэсэн бол тархинд цусан хураа үүсэхээс өмнө амь насыг нь аврах хугацаа, боломж байжээ гэж үзэж байна.

Шүүгдэгч С.С нь үеэл Д.Г-н амь насыг хохироох санаа агуулаагүй бөгөөд ялимгүй зүйл дээр маргалдаж, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас Д.Г-н эрүүл мэндэд хүнд хохирол учруулжээ. Иймд С.С-т холбогдох хэргийн нөхцөл байдлыг харгалзан, хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар өөрчлөн ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Прокурор Г.Мижиддорж тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Архи ууж байх үедээ зүгээр яриа хөөрөөтэй сууж байсан хохирогч цохиулсныхаа дараа хөдөлгөөн нь илт суларсан талаар гэрчүүд мэдүүлсэн. Шинжээч эмч Даваасүрэнгийн мэдүүлэгт “уг гэмтэл нь зулайн орой хэсэгт учирсан байсан. Ийм гэмтлийг унасны улмаас авах магадлал маш бага, бараг боломжгүй” гэж мэдүүлсэн. Мөн шүүгдэгч, хохирогч нар нь үеэлүүд буюу ах дүүсийн хүүхдүүд байсан учраас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь “хохирол, төлбөр нэхэмжлэхгүй” гэж мэдүүлсэн. Энэ байдлыг харгалзан үзэж, С.С-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын хамгийн доод хэмжээгээр буюу 8 жил 5 сарын хорих ял оногдуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

С.С нь Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, .... дугаар гудамжны .... тоотод оршин суух иргэн Ц.Ч-н гэрт 2020 оны 1 дүгээр сарын 1-ний орой 19 цагийн орчим Ц.Ч, Д.Г-тулга, Д.Г нартай хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байх үедээ Д.Г-тэй маргалдаж улмаар түүний цээжин тус газарт гараараа 2-3 удаа, толгойн тус газарт зузаан суурьтай шилэн хундагаар 2-3 удаа цохиж зодсоны улмаас түүний биед дух чамархай яс, дагз ясны шугаман хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн дух, чамархай, суурийн хэсгийн аалзан бүрхүүл доорх зузаан цус харвалт, баруун духны хэсэгт баруун хажуу ховдол руу ивэрсэн няцрал, баруун хажуу ховдол шингэн цус духны зүүн суурь хэсгийн няцрал бүхий гэмтлийг учруулж, амь насыг нь хохироож, хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Б-н “... Би 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өглөө 08 цагийн үед эмнэлэгт ахын эхнэрт хоол цай хүргэж өгчихөөд иртэл манай аав Д.Г Нисэх рүү ах дүү нарынхаараа орно гэсэн. Би аавын хамт Нисэх ороод төрсөн эгч Оюуны байрных нь гадаа очоод орцнынх нь үүдэнд аав Д.Г-г буулгасан. ... Орой 21 цагийн үед ээж Сарантуяа руу цагдаагийн газраас залгаад “Д.Г гэдэг хүний гэр бүлийн хүн мөн үү, танай нөхрийг гудамжинд ухаангүй байдалтай байхад нь оллоо, ирж аваарай” гэж хэлэхээр нь ээжийн хамт очсон. Ээж ороод жижүүрийн цагдаагийн хамтаар аавыг сугадаж гарч ирээд машинд суулгасан. ... Маргааш өглөө нь намайг хоол цай хүргэж өгөхөөр явах үед аав унтаж байсан. ... Орой 17 цагийн үед гэртээ иртэл аав бас л унтаж байхаар нь аавыг татсан чинь хөдлөхгүй байхаар нь хартал бие нь хөхөрчихсөн байсан. ...” /1 хх 35-36/,

гэрч Д.С-н “... 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өглөө хүү Б-р О эгчийнх рүү явахдаа талийгаачийн биед үл харагдах гэмтэл бэртэл огт байгаагүй, зүгээр байсан. ...” /1 хх 42-43/,

гэрч Е.Р-н “... Эргүүлийн офицер Хишигдорж, Баярсайхан нар дуудлагаар 20 цаг 18 минутын орчим очиж, 50 гаран насны Д.Г гэх хүнийг авчирч, үзлэгийн тэмдэглэл хийж хүлээлгэж өгсөн. ...” /1 хх 48-49/,

гэрч Ч.О-н “...Тэр хооронд би хэсэг хугацааны дараа дэлгүүр орох гэж гараад 30 орчим минутын дараа орж иртэл С.С ах явчихсан, Д.Г ах том өрөөний сандал доошоо тонгойгоод суучихсан, согтуу янз бүрийн юм яриад сууж байсан. Тэгтэл ээж “энэ хоёрыг эгчийнх нь гэр лүү хүргээд өгчих, Нисэхийн 35 дугаар байранд байдаг, эд нар хоорондоо зодолдоод ядаргаатай юм” гэж хэлсэн. Тэгээд ээжийн хамт Д.Г ахыг түшиж гаргах гэтэл дийлэхгүй, ямар ч хөдөлгөөнгүй байдалтай байсан бөгөөд Д.Г-тулга ахыг түшээд хамт гаргалцаад өгч гэж хэлээд бид гурав түшиж байгаад өөрийнхөө машины хойд талын сандал дээр Д.Г ах, Д.Г-тулга ах хоёрыг суулгаад хөдөлсөн. ... Д.Г ах манайд орж ирэхдээ бага зэрэг халамцуу байдалтай байсан бөгөөд биеийн байдал нь хэвийн, яриа хөөрөөтэй байсан. Сүүлд би дэлгүүр явж байгаад эргээд ирсэн чинь нэлээд согтсон юм уу, сандал дээр суучихсан, хөдөлгөөнгүй байдалтай сууж байгаа харагдаад авч явах гэтэл хөдөлж чадахгүй байсан. ...” /1 хх 50-52/,

гэрч С.О-н “... Би гал тогооны өрөөнд хоол цай гээд зогсож байтал гэнэт С.С, Д.Г-тулга, Д.Г нар хоорондоо хэрэлдээд шууд бужигнаад зодолдоод явчихаар нь очтол тэр гурвын сууж байсан байрлал солигдчихсон Д.Г цаад талын буйдан дээр доошоогоо гулдайгаад тонгойсон байдалтай суучихсан, С.С баруун гартаа бариултай архины хундага барьчихсан Д.Г-тулга руу дайраад “чамайг ална шүү” гэх мэтийн зүйл яриад зогсож байхаар нь С.С-д хандаад “чи боль, айлд яаж байгаа юм, гар” гэж хэлээд С.С -г гэрээсээ хөөгөөд гаргасан. Тэгээд Д.Г-г харсан чинь буйдан дээр суудгаараа хөдөлгөөнгүй байдалтай сууж харагдсан. Энэ хооронд манай охин О ороод ирэхээр нь Д.Г, Д.Г-тулга хоёрыг  хүргээд өгчих, маргалдаад зодолдсон учраас гэрт нь хүргээд өгчих... гэж хэлээд охин О-н машинд суулгах гээд Д.Г-тулгад “Д.Г-г суулга” гэж хэлтэл “миний гар өвчтэй” гэж хэлээд байсан. Тэгэхээр нь би охин О болон Д.Г-тулга нарын хамтаар гурван талаас нь түшээд гэрээс гаргаад машинд суулгаад манай охин хүргэж өгөхөөр явсан. ...” /1 хх 52-53/,

гэрч Ц.Ч-н “...С.С нэлээд согтчихсон, Д.Г, Д.Г-тулга хоёр луу агсам тавиад босоод ирсэн. Тэгтэл Д.Г, Г-тулга хоёр С.С-г дагаад босоод ирсэн. С.С Д.Г рүү харж байгаад түүний цээж хэсэгт гараараа 2-3 удаа цохиод авсан чинь Д.Г доошоо тонгойтол түүний толгойн орой дээрээс нь С.С гараараа 2-3 удаа цохиод автал цаанаас манай эхнэр Одонхүү “хүүе та нар чинь яаж байгаа юм бэ” гээд С.С-н гараас шилэн архины хундагыг булааж авахад нь С.С-н гарт нь шилэн архины хундага атгаатай байхыг нь харсан. Д.Г-н толгойн орой дээрээс цохисны дараа эвхрээд ширээний цаад талын түшлэгтэй сандал дээр ирээд Д.Г суучихсан. ... С.С Д.Г рүү харж байгаад түүний цээж хэсэгт гараараа 2-3 удаа цохиод авсан чинь Д.Г доошоо тонгойтол түүний толгойн орой дээрээс 2-3 удаа цохисон. Энэ үед манай эхнэр О гал тогооны өрөөнөөс орж ирээд С.С-г боль гэж хэлээд болиулахад С.С баруун гартаа шилэн архины хундага атгачихсан байсныг эхнэр салгаж гараас нь булаагаад авч байгаа харагдсан. ...” /1 хх 54-55/,

шинжээч Б.Даваасүрэнгийн “... Талийгаач Д.Г-д дух, чамархай яс, дагзны шугаман хугарал, тархины зүүн баруун тал бөмбөлгийн дух, чамархай, суурийн хэсгийн аалзан бүрхүүл доорх зузаан цус харвалт, баруун духны хэсэгт, баруун хажуу ховдол руу ивэрсэн няцрал, баруун хатуу ховдол шингэн цус, духны зүүн суурь хэсгийн няцрал гэмтэл тогтоогдсон байдаг. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой гэмтэл байсан. ... Тухайн ясны хугарал болон тархины судасны гэмтлээс алдаж байгаа цусны хэмжээнээс хамаараад тархи дарагдах хүртэл алхаж, гишгэх, ямар нэг үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой. ... Талийгаач Д.Г-н гавал тархинд учирсан битүү гэмтэл нь унах үед үүсэх боломж багатай. Учир нь, толгойн оройн зулай хэсгээр унаж гэмтэх нь ховор байдаг. ...” /1 хх 64-66/,  

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “... Талийгаачид дух, чамархай яс, дагз ясны хугарал, тархины зүүн баруун тал бөмбөлгийн дух, чамархай, суурийн хэсгийн аалзан бүрхүүл доорх зузаан цус харвалт, баруун духны хэсэгт баруун хажуу ховдол руу ивэрсэн няцрал, баруун хажуу ховдол шингэн цус, духны зүүн суурь хэсгийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаач нь гавал тархины битүү гэмтлээр нас баржээ. ...” гэсэн 216 дугаартай дүгнэлт /1 хх 68-72/,

  хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 4-12, 19-20/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 13/, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл /1 хх 26-27/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч С.С-г хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч С.С-н үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч С.С-г анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гомдолгүй гэсэн хүсэлт гаргасныг харгалзан үзэж, түүнд 8 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна.

Шүүгдэгч С.С-н өмгөөлөгч Г.Өлзий-Оршихоос “...Тухайн өдрийн 19-20 цагийн хооронд Д.Г нь “Янгир” дэлгүүрийн гадна зогсоол дээр ямар байдалтай байсан, толгойгоороо унаж ойчсон эсэх, Д.Г-н талаар цагдаад хэн дуудлага өгсөн, Д.Г-н уруул, гарын шуу, бугалга, тохойнд үүссэн 6 удаагийн зулгаралт гэмтэл яаж үүссэнийг, мөн Д.Г-н гавал, тархинд илэрсэн битүү шинэ гэмтэл нь тархины хуучин гэмтэлтэй холбоотой эсэхийг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогоогүй.

С.С-т холбогдох хэргийн нөхцөл байдлыг харгалзан, хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар өөрчлөн, ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн утга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах боломжгүй байна.

 Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох гэрч Ц.Ч-н “... С.С нэлээд согтчихсон, Д.Г, Д.Г-тулга хоёр луу агсам тавиад босоод ирсэн. Тэгтэл Д.Г, Д.Г-тулга хоёр С.С-г дагаад босоод ирсэн. С.С Д.Г рүү харж байгаад түүний цээж хэсэгт гараараа 2-3 удаа цохиод авсан чинь Д.Г доошоо тонгойтол түүний толгойн орой дээрээс нь С.С гараараа 2-3 удаа цохиод автал цаанаас манай эхнэр Одонхүү “хүүе та нар чинь яаж байгаа юм бэ” гээд С.С-н гараас шилэн архины хундагыг булааж авахад нь С.С-н гарт нь шилэн архины хундага атгаатай байхыг нь харсан. ...” /1 хх 54-55/, гэрч С.О-н “... гэнэт С.С, Д.Г-тулга, Д.Г нар хоорондоо хэрэлдээд шууд бужигнаад зодолдоод явчихаар нь очтол тэр гурвын сууж байсан байрлал солигдчихсон, Д.Г цаад талын буйдан дээр доошоогоо гулдайгаад тонгойсон байдалтай суучихсан, С.С баруун гартаа бариултай архины хундага барьчихсан Д.Г-тулга руу дайраад байсан. ...” /1 хх 52-53/ гэсэн мэдүүлгүүдээр С.С нь суурь хэсэг нь зузаан архины хундагаар толгойн тус газарт 2-3 удаа цохисон хэргийн үйл баримт хөдөлбөргүй тогтоогджээ.

Мөн С.С-н уг үйлдлийн улмаас талийгаач нь орчиндоо харьцаа муутай болж, үйл хөдлөл нь хязгаарлагдсан талаар түүнийг гэрээсээ гаргаж машиндаа суулгаж явсан гэрч Ч.О-н мэдүүлгээр давхар нотлогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж гэм буруугийн хэлбэрийг тодорхойлжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан бол гэмт хэрэгт тооцохоор заажээ.

“Хүнийг санаатай алах”, “хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогч нас барах” гэмт хэргүүдийн ялгаа нь гэмт этгээдийн үйлдэлдээ болон хор уршигт хандсан сэтгэхүйн харьцаа буюу санаа зорилгоор, мөн хохирогч уг гэмтлийн улмаас шууд үхэлд хүрсэн, эсхүл уг гэмтлээс шалтгаалан бусад хүндрэл үүсч нас барсан зэргээр тус тус ялгагдана.

С.С нь талийгаачийн амь насыг хохирооход чиглэсэн буюу толгойн хэсэгт зузаан суурьтай хундагаар цохих үйлдэл хийсний улмаас Д.Г нас барсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байх бөгөөд түүний үйлдэл, талийгаачийн үхэл хоёрын хооронд шууд шалтгаант холбоотой, уг үйлдлийг хүнийг алах гэмт хэргийн шинжтэй гэж үзнэ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад авсан гэрчүүдийн мэдүүлгүүд нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Талийгаачид дух, чамархай яс, дагз ясны хугарал, тархины зүүн баруун тал бөмбөлгийн дух, чамархай, суурийн хэсгийн аалзан бүрхүүл доорх зузаан цус харвалт, баруун духны хэсэгт баруун хажуу ховдол руу ивэрсэн няцрал, баруун хажуу ховдол шингэн цус, духны зүүн суурь хэсгийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаач нь гавал тархины битүү гэмтлээр нас баржээ. ...” гэсэн 216 дугаартай /1 хх 68-72/ дүгнэлт болон хэргийн үйл баримттай тохирч байхаас гадна “талийгаачид учирсан гавал тархины гэмтэл нь унаж ойчиход учрах боломжгүй” талаар шинжээч эмч Б.Даваасүрэн мэдүүлснийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Хэрэгт талийгаачийн үхлийн шалтгааныг тодорхойлсон шинжээчийн 216 дугаартай дүгнэлт нь эргэлзээгүй байх ба талийгаачийн гавал, тархинд илэрсэн битүү шинэ гэмтэл нь тархины хуучин гэмтэлтэй холбоотой эсэхийг тогтоох зорилгоор дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагагүй юм. 

Өөрөөр хэлбэл, урьд талийгаач Д.Г нь зам тээврийн осолд орж, 1995 онд Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлүүлж байсан талаарх өвчний түүхийн хуулбар хэрэгт авагдсан байх ба уг гэмтэл нь бүрэн эдгэрсэн байсан талаар анхан шатны шүүх хуралдааны явцад шинжээч эмч мэдүүлсэн, мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “... талийгаач гавал тархины битүү гэмтлээр нас баржээ. Талийгаач нь ерөнхий судас хатуурах өвчин, элэгний хатуурал өвчтэй байжээ. Энэ нь үхэлд хүргэхгүй...” гэсэн 216 дугаартай дүгнэлтээс үзэхэд талийгаачийг өмнөх 1995 онд авсан гэмтлийн улмаас нас барсан гэж үзэхгүй.

Иймд шүүгдэгч С.С-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар зүйлчлэх хууль зүйн үндэслэлгүй тул түүний өмгөөлөгч Г.Өлзий-Оршихын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.