Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 211

 

 

 

 

 

 

    2020         04           10                                  2020/ШЦТ/211

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж, шүүгч С.Базарханд, Б.Батболор нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Боорчи хөтөлж,

иргэдийн төлөөлөгч Ц.Батдорж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн прокурорын газрын ахлах прокурор Г.Мижиддорж,

шинжээч эмч Б.Даваасүрэн,

           хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Б-,

шүүгдэгч С.С-, түүний өмгөөлөгч Г.Өлзий-Орших нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И-овогт С-гийн С-т холбогдох эрүүгийн 201000071000000 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 1975 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, дүүгийн хамт Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаагийн 3 дугаар гудамжны 000 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, И-овогт С-гийн С-

 

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч С.С- нь Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаагийн 6 дугаар гудамж, 0000 тоотод оршин суух иргэн Ц.Ч-ын гэрт 2020 оны 01 дүгээр сарын 01-ний орой 19 цагийн орчимд Ц.Ч-, Д.Г-, Д.Г-нартай хамт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж үедээ Д.Г-тэй маргалдаж улмаар түүний цээжин тус газарт гараараа 2-3 удаа, толгойн тус газарт зузаан суурьтай шилэн хундагаар 2-3 удаа цохиж, зодсоны улмаас түүний биед дух, чамархай яс, дагз ясны шугаман хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн дух, чамархай, суурийн хэсгийн аалзан бүрхүүл доорхи, зузаан цус харвалт, баруун духны хэсэгт баруун хажуу ховдол руу ивэрсэн няцрал, баруун хажуу ховдол шингэн цус, духны зүүн суурь хэсгийн няцрал бүхий гэмтлийг учруулж амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараахь нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

         Шүүгдэгч С.С- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Амь хохирогч бид хоёр үеэлүүд. Би талийгаачийн толгой руу гараараа цохьсон. Хундагаар цохиогүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэв.

 

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2020 оны 01 дүгээр сарын 01-ний өглөө аавыг авга эгчийн гэрийн гадаа машинаас буулгасан. Орой 21 цагийн орчимд Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтсээс талийгаачийг очиж авсан. Машинаас буугаад ээж түшээд гэрт оруулсан. С.С-аас нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй...” гэв.

 

            Шинжээч эмч Б.Даваасүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Задлан хийх явцад амь хохирогч өмнө 1994 онд мэс засалд орсон гэх шарх, ул мөр байсан. Амь хохирогчийн гэмтэл шинэ гэмтэл. Амь хохирогчид учирсан гавал ясны битүү гэмтэл, дух дагзны гэмтэл нарийссан гэмтлүүд нь хатуу мохой зүйлийн үйлчлэлийн улмаас үүсэх гэмтэлүүд байна. Амь хохирогч өмнөх гэмтлээ бүрэн эдгээсэн байсан. Гэмтлийн төгсөх газрын зураас нарийссан гэдэг нь гэмтэл хаанаас эхэлсэн гэдгийг нотолно. Амь хохирогчид учирсан гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаг тухайн үед эмнэлгийн тусламж авсан бол амь хохирогч амьд үлдэх боломжгүй байсан. Учир нь амь хохирогчид учирсан гэмтэл нь хүнд зэргийн гэмтэл. Амь хохирогч хамраараа машин мөргөхөд тухайн гэмтэл үүсэх боломжгүй. Шилэн хундагаар амь хохирогчийг цохиход түүнд үүссэн гэмтэл учрах боломжтой...” гэв.

 

Эрүүгийн 201000071000000 дугаартай хэргээс:

 

          Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-12-р хуудас/ Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 51-р байрны 000 тоотод

           Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 13-17-р хуудас/

           Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 19-25-р хуудас/ Хан-Уул дүүргийн 16-р хороо, Буянт-Ухаа  Б тоот

           Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 26-30-р хуудас/ гэрч С.Одонхүүгийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл,

           Эд мөрийн баримтаар тооцож, 1 ширхэг шилэн хундага /хх-ийн 33-р хуудас/,

           Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Б-ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 34-37-р хуудас/,

           Гэрч Д.Сарантуяагийн мөрдөн байцаалтанд өгсөн  мэдүүлэг /хх-ийн 39-41, 42-43, 44-45-р хуудас/,

           Гэрч Д.Оюуны мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 46-47-р хуудас/

           Гэрч Е.Раббигийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 48-49-р хуудас/,

           Гэрч Ч.Одончимэгийн  мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 50-51-р хуудас/

           Гэрч С.Одонхүүгийн  мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 52-53-р хуудас/

           Гэрч Ц.Ч-ын мөрдөн байцаалтанд өгсөн  мэдүүлэг /хх-ийн 54-55-р хуудас/

           Гэрч Ч.Баярсайханы мөрдөн байцаалтанд өгсөн   мэдүүлэг /хх-ийн 56-57-р хуудас/

           Гэрч А.Хүрэлтогоогийн мөрдөн байцаалтанд өгсөн     мэдүүлэг /хх-ийн 58-60-р хуудас/

           Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн цогцост хийсэн Шүүх эмнэлгийн шинжилгээний 216 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зураг /хх-ийн 68-78-р хуудас/

           Шинжээч эмч Б.Даваасүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 64-66-р хуудас/,

           Нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 128-р хуудас/

           Нас барсаны гэрчилгээнд Д.Г-2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр нас барсан /хх-ийн 132-р хуудас/

           Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 85 дугаартай дүгнэлт /хх-ийн 89-90-р хуудас/,

           Шүүгдэгч С.С- мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн: “...Талийгаачийг ямар ч байсан ууж байсан архины шилэн хундагаар нэг удаа цохисноо санаж байна. Харин яг хичнээн удаа цохисон талаараа санахгүй байна...Би 2019 оны 11 дүгээр сарын 10-ны үед байх Нисэхэд айлд тавилга өргөж байгаад бүдрээд зүүн гарын шуу хэсгээр хугалж гэмтээгээд ГССҮТ-д очиж үзүүлтэл хугарсан байна гээд гипс тавьж өгсөн юм. Харин баруун гарын ядам хуруугаа тэр унахдаа бас тулгаад гэмтээчихсэн юм. Тэгээд гипсээ 12 дугаар сарын 16-ны өдөр авхуулсан, тэр үеэс гайгүй болоод одоо харин өвдсөн зүйл байхгүй эдгэчихсэн... Би Чулуунбатын гэрт архи ууж байхад ширээн дээр хуучны болор хундага гэдэгтэй адилхан, дунд хэсэгтээ шилбэтэй, доороо бөөрөнхий тойрсон тавагтай архины шилэн хундага байсан. Таны үзүүлсэн архины шилэн хундагаар би талийгаачийг цохисон архины шилэн хундага мөн байна. Дээр үеийнх шиг шилэн болор хундага байсан. Гэхдээ яг тийм төстэй хундага гэж хэлж байгаа юм. дунд хэсэгтээ шилбэтэй, доороо бөөрөнхий тойрсон тавагтай архины шилэн хундага байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 108-110-р хуудас/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд ял шалгах хуудас /хх-ийн 141-р хуудас/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 142-р хуудас/, Бүрэн бус дунд боловсролын гэрчилгээ /хх-ийн 163-р хуудас/, Хан-Уул дүүргийн 16-р хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 161-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 187-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

            Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч С.С-ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч С.С- нь Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаагийн 6 дугаар гудамж, 251б тоотод оршин суух иргэн Ц.Ч-ын гэрт 2020 оны 01 дүгээр сарын 01-ний орой 19 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ амь хохирогч Д.Г-тэй маргалдаж улмаар цээжинд гараараа цохиж, толгойн тус газар нь шилэн хундагаар цохиж “гавал тархины битүү гэмтэл” учруулж амь насыг нь хохироосон болох нь:

           Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 51-р байрны 63 тоотод...талийгаачийн нүүр болон бусад газарт ил харагдах гэмтэл шархгүй байв гэжээ. /хх-ийн 4-12-р хуудас/

           Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 13-17-р хуудас/

           Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтэд: Хан-Уул дүүргийн 16-р хороо, Буянт-Ухаа 6-251 Б тоот, /хх-ийн 19-25-р хуудас/,

           Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн цогцост хийсэн Шүүх эмнэлгийн шинжилгээний 216 дугаартай: “...талийгаачид  дух, чамархай яс, дагз ясны шугаман хугарал,  тархины зүүн тал бөмбөлгийн дух, чамархай, суурийн хэсгийн аалзан бүрхүүл доорх зузаан цус харвалт, баруун духны хэсэгт баруун хажуу ховдол руу ивэрсэн няцрал, баруун хажуу ховдол шингэн цус духны зүүн суурь хэсгийн няцрал гэмтэл тогтоогдлоо...талийгаач нь гавал тархины битүү гэмтлээр нас барсан байна...” гэх дүгнэлт, гэрэл зураг /хх-ийн 68-78-р хуудас/

           Шинжээч эмч Б.Даваасүрэнгийн: “...талийгаачид учирсан битүү гэмтэл нь шинэ гэмтэл байсан. Хуучин гэмтэл байгаагүй... унах үед үүсэх боломж багатай Учир нь толгойн оройн зулай хэсгээр унаж гэмтэх ховор байдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 64-66-р хуудас/,

           Гэрч С.Одонхүүгийн: “...2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр гэртээ байхад 17 цагийн үед Г-, Г- хоёр 1 шил архи бариад манайд ирсэн. Тэр хоёр ойр зуурын юм яриад сууж байтал араас нь манай нөхөр Чулуунбат ажлаасаа буугаад  ирсэн. Тэр 3 юм яриад нөгөө авчирсан архиа задлаад сууж байхад Сүхээ гаднаас ороод ирсэн.  Манай гэрийн модон диван дээр Г-, Г-, Сүхээ нар зэрэгцэж суугаад манай нөхөр ширээний хойд талд сууж байсан. Тэд зураг үзээд юм яриад сууцгаасан. Би гал тогооны өрөөнд хоол цай хийгээд зогсож байтал гэнэт Сүхээ, Г-, Г- нар хоорондоо хэрэлдээд бужигнаад зодолдоод явчихаар нь “юу болов хүүе” гээд очтол тэр 3-ын сууж байсан байрлал нь өөрчлөгдөөд Г- цаад талын буйдан дээр доошоо гулдайгаад тонгойсон байдалтай суучихсан. Сүхээ баруун гартаа бариултай архины хундага барьчихсан Г- руу дайраад “чамайг ална шүү, чи муу багадна шүү” гэх мэтийн зүйл яриад зогсож байхаар нь Сүхээд хандаад “чи боль, айлд яаж байгаа юм бэ” гэж хэлээд Сүхээг гэрээсээ хөөгөөд гаргасан. Тэгээд Г-ийг харсан чинь буйдан дээр суугаараа хөдөлгөөнгүй байдалтай сууж харагдсан. Энэ хооронд манай охин Одончимэг дэлгүүр ороод ирэхээр нь “Г-, Г- хоёрыг хүргээд өгчих, маргалдаад зодолдсон учраас  хонуулахгүйгээр явуулсан нь дээр” гээд охин Одончимэгийн Приус-20 маркийн автомашин Г-ийг суулгах гэтэл Г- “миний гар өвчтэй” гээд байсан. Тэгэхээр нь би охин Одончимэг болон Г- нарын хамтаар Г-ийг гурван талаас нь түшээд гэрээс гаргаад машинд суулгаад манай охин хүргэж өгөхөөр явсан.  Охин Одончимэг тэднийг нисэхийн хуучин 3 давхар байрны орцон дээр буулгасан гээд ирсэн...Г-, Г- хоёр манай гэрт 17 цагийн үед орж ирэхдээ халамцуу орж ирсэн. Г- яриа хөөрөөтэй, их л цоглог орж ирсэн. Харин дүү Гантулгын хувьд манайд анх удаа орж ирсэн юм. Талийгаач манай гэрт байхдаа яриа хөөрөөтэй цоглог шахуу байсан. Тэгтэл Сүхээтэй маргалдаж хэсэг хугацаанд зодолдсоны дараагаар Г- сууж байсан газраа өөрчилсөн тонгойсон байдалтай суучихсан. Тэрнээс хойш юу ч яриагүй, их сонин болчихсон, машинд суулгах гэтэл хөл дээрээ ч тогтож чадахгүй байсан. Ил харагдахаар шарх, цус болоогүй..” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53-р хуудас/

           Гэрч Ц.Ч-ын: “...талийгаач бид хоёр багаасаа нисэхэд хамт өссөн, 10 жилийн найзууд юм. Талийгаач Өвөрхангай аймагт онгоцны буудалд ажиллахаар явсан. Улаанбаатар хотод ирэхээрээ манай гэрээр ирдэг. Харин түүний төрсөн дүү Г- ажил төрөл байхгүй энүүгээр архи уугаад явж байдаг. С.С- нь манай урд талын Буянт ухаагийн 3 дугаар гудамжинд байдаг, хамт ажиллаж байсан. Манай гэрээр орж гардаг найзууд шахуу л явдаг... 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр бүх нийтийн амралтын өдөр байсан боловч би ажилтай байсан. Үдээс хойш 16 цагийн үед ажлаасаа тараад гэртээ иртэл Г-, Г- хоёр манай гэрт ирчихсэн байсан. Талийгаач 1 шил архи авчирсан байсан тэрийгээ задлаад бид нар юм яриад архиа уугаад сууж байсан. Би С- руу залгаад “манай гэрт хүрээд ир, ганц нэг зуу татах уу” гэхэд “тэгье” гээд удаагүй С- гаднаас орж ирээд Г-, Г- хоёрын сууж байсан буйдан дээр голд суугаад нөгөө архиа хуваагаад ууж дуусгасан. Бид манай гэрт байсан тал шил вискиг хувааж уугаад дуусч байхад С- нилээн согтчихоод Г-, Г- хоёр руу агсам тавиад  босоод ирсэн. Тэгтэл Г-, Г- хоёр С-ыг дагаад босоод ирсэн. С- Г-ийн цээж хэсэгт гараараа 2-3 удаа цохиход Г- доошоо тонгойтол толгойн орой дээрээс нь С-  2-3 удаа цохиод автал цаанаас манай эхнэр Одонхүү “хүүе та нар чинь яаж байгаа юм бэ, өвчтэй юм уу” гээд С-ын гарнаас шилэн архины хундага булааж авахад гарт нь шилэн архины хундага атгаатай байсныг харсан. Г- толгойн орой хэсэгт цохиулсны дараа эвхрээд ширээний наад талын түшлэгтэй сандал суучихсан. Г- тэр үед наад талд нь бас салгах гээд зогсож байсан. Тэр үед эхнэр уурлаад С-ыг гэрт зодоон хийлээ гээд гэрээс гаргатал удаагүй байтал манай охин Одончимэг ороод ирсэн. Тэгээд эхнэр Одонхүү эд нарыг гэрт нь хүргээд өг, эгчийнх нь доод талын байранд байдаг гэж хэлээд би ч гэсэн эгчийнх нь гэрийг зааж өгөөд Г-ийг хажуу талаас нь өргөөд машинд суулгаад явуулсан. Манай охин гаднаас орж ирээд Нисэхийн 35 дугаар байрны тэнд буулгаад ирлээ, Г- ах чинь их тэнэг ах байна лээ ш дээ, ахыгаа дүү минь гээд цохисон гэж хэлсэн. Түүнээс хойш 2 хоногийн дараагаар Г- “ах өнгөрчихлөө” гэж хэлсэн. Талийгаач манай гэрт гар утсаа үлдээсэн байсан... Маргаан болох шалтгаан нь Г-, Г- хоёр С-ыг “ах нартайгаа нийлж архи уулаа, одоо ингээд яв” гэж хэлтэл С- “та нар намайг хөөлөө” гэж уурлаад агсраад эхэлсэн...Манай гэрт нийт 6 ширхэг шилэн архины хундага байдаг. Бид тэр 6 ширхэг хундаганы 2 ширхэг хундагаар нь архи ууцгаасан...Намайг 16 цагийн үед ажлаасаа ирэхэд талийгаач хувцас хунараа тайлчихсан, их гайгүй байдалтай сууж байгаа харагдсан. Манай гэрт бид хуучнаа дурсаад их л яриа хөөрөөтэй сууцгаасан. Талийгаач С-т цохиулснаас хойш хөл дээрээ тогтож чадахгүй эхнэр Одонхүү болон дүү Г-ар сугдуулаад машинд суусан...” гэх мэдүүлэг /хх-ийн 54-55-р хуудас/

           Гэрч Ч.Одончимэгийн: “...Г- ахыг автомашинд ээж, дүү Гантулгын хамтаар хоёр талаас нь түшиж байгаад суулгаад хажууд нь дүү Гантулгыг суулгаад  эгчийнх нь байдаг Нисэхийн 35 дугаар байр руу явсан. Би автомашинаа бариад явж байхад дүү Г- нь согтуу “алнаа, хүүрийг чинь тараанаа, ямар овоо бацаан бэ, чи Г- ахыгаа таньж байна уу” гээд хувцаснаас зуурч татсан байдалтай гараараа ёвроод явсан. Түүнээс Г- ахыг гараараа хүчтэй цохиж, өшиглөсөн зүйл байхгүй. Г- ахыг автомашинаас буулгах үед өөрөө хөл дээрээ тогтож чадахгүй гуйвж байгаад өвдгөөр нугарч урагшаа зөөлөн унасан. Гэхдээ толгойгоо цохиогүй. Дараа нь босгоод автомашиныхаа хаалгыг хаагаад эргээд хартал тэнцвэрээ олохгүй гуйвж байгаад зогсоол дээр байсан Приус-20 автомашины хойд талын багажийн дээд хэсэгт байдаг салхи зүсэгчийг хамрын дээд хэсгээр мөргөөд тулаад зогсохоор араас нь гүйж очоод “та яаж байна аа, зүгээр үү” гээд түшээд автал “ах нь гайгүй” гэж дуугарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51-р хуудас/,

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Б-ын “...Манай аав Г- ээж Сарантуяа нар 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумаас Улаанбаатар хотод ирсэн. 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өглөө 08 цагийн үед эмнэлэгт байгаа ахын эхнэрт хоол цай хүргэж өгчхөөд иртэл аав Г- Нисэхэд байдаг ах дүү нарынхаа гэрээр очно гээд зогсож байсан. Ээж бид хоёр аавыг явуулахгүй гэтэл “явна” гээд гараад явахаар нь би хүргэж өгөхөөр болсон. Би 09 цаг 50 минутын үед Янгир дэлгүүрийн хойд талын 5 давхар байранд байдаг төрсөн эгч Оюуны гадаа аав Г-ийг буулгаад  явсан. Өдөр нь аавын 85889944, 96661260 дугаар руу залгахад дуудсан боловч утсаа авахгүй байсан. Орой 18 цаг өнгөрч байхад нэг утас руу залгахад жаахан хүүхэд утсыг нь аваад тоглоод байхаар нь ямар ч байсан айлд байгаа юм байна гэж бодоод санаа амраад байж байгаад дахин залгахад холбогдох боломжгүй болчихсон. Орой 21 цагийн орчимд ээж Сарантуяа руу Хан-Уул дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсээс залгаад “Г- гэх хүний гэр бүлийн хүн мөн үү, танай нөхрийг чинь гудамжинд ухаангүй байдалтай байхад нь оллоо ирж аваарай” гэж хэлэхээр нь ээжийн хамт цагдаа дээр очсон. Ээж цагдаагийн газар руу ороод жижүүрийн цагдаагийн хамт  аавыг сугадаад гарч ирээд машинд суулгасан. Тэндээсээ шууд Зайсанд байх ахын гэрт ирээд би ээжийнхээ хамтаар аавыг түшээд гэрт оруулсан. Би буцаж гараад машинаа байрлуулчихаад ороход ээж аавд газар ор засчихсан, аав бага зэрэг ёолж байгаад нам унтчихсан. Маргааш нь буюу 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өглөө 08-09 цагийн үед  намайг эмнэлэг рүү хоол цай хүргэж өгөхөөр явах үед аав унтаж байсан. Би эгчийн ажилд туслаад ресторанаар мах тараагаад 17 цаг өнгөрч байхад гэртээ очтол аав бас л унтаж байхаар нь “аав яасан юм бэ” гээд татсан чинь хөдлөхгүй байхаар нь хэсэг байж байгаад эргээд татсан чинь наашаагаа харахаар нь хартал бие нь хөхөрчихсөн байдалтай харагдахаар судсыг нь барьж үзээд түргэн тусламж дуудаад үзүүлтэл нас барсан байна гэж хэлсэн... Цагдаагийн хэлтсээс аавыг авах үед нилээн даарсан, их согтсон байдалтай ажиглагдсан. Мөн гадуураа өмссөн хувцасны нэг тал нь нилэнхүйдээ шороо болчихсон байхаар газар унасан   байх гэж бодсон. Цагдаагаас ярьж мэдэгдэхдээ газар хэвтэж байхад нь авчирсан гэж хэлсэн....” /хх-ийн 34-37-р хуудас/,

           Гэрч Д.Сарантуяагийн мэдүүлэг “...2019 оны 12 дугаар сарын 29-ний өдөр талийгаачийн хамт Улаанбаатар хотод ирсэн. Миний дунд хүүгийн эхнэр Долгормаа хийсвэрээр хүндрэлтэй төрөх болсон тул бид ирсэн юм. 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өглөө хүү Нямбаярын гэрт хоол цай хийж бага хүү Булгантамирт өгөөд эмнэлэг рүү явуулчихаад талийгаач бид хоёр хадам эгч Оюуныд очихоор ярилцсан боловч эмнэлэгт байгаа бэрдээ оройн хоол хийх болж таараад би үлдээд талийгаачийг Нисэх рүү хүү Булгантамир хүргэж өгсөн. Тэгээд Оюун эгчтэй ярихад талийгаачийг ирсэн гэхээр нь дахиж яриагүй байж байгаад талийгаачийн утас руу орой залгахад холбогдох боломжгүй байсан. Оюун эгчээс асуухад “гараад явсан очоогүй юм уу” гэхээр нь ирэх юм байх гээд хүлээгээд байж байтал 21 цагийн үед Хан-Уул дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсээс “Г- гэж танай нөхөр мөн үү гудамжинд хэвтэж байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би хүү Булгантамирын хамтаар Яармагт байх цагдаагийн хэлтэс дээр очтол талийгаач үүдний сандал дээр согтуу байдалтай сууж байхаар нь аваад гарсан. Талийгаачийг авч гарах үед цаг, бөгж, 6000 төгрөг биед нь байсан зүйл гэж өгсөн. Харин гар утас нь байгаагүй. Гэртээ очоод талийгаачаас юу болсон талаар асуухад “би ядраад байна” гэж хэлээд унтаад өгсөн. Хувцасыг нь тайлах үед түүний баруун гарын шуу хөхөрчихсөн байдалтай харагдахаар нь асуутал юм дуугарахгүй хэвтээд унтаад өгсөн... Талийгаач зан байдлын хувьд хүнд их тусархаг, хамт олондоо нийтэч харьцаа сайтай хүн. Сардаа 2 удаа архи хэрэглэчихдэг, тамхи татдаг. Архи хэрэглэсэн согтуу үедээ янз бүрийн ааш араншин байхгүй. Өмнө нь 1993 онд зам тээврийн осолд ороод тархиндаа хагалгаа хийлгээд баруун талын хөл нь 2-3 хугарч хадуулж байсан гэх мэдүүлэг” /хх-ийн 39-41, 42-43, 44-45-р хуудас/,

           Гэрч Ч.Баярсайханы “2020 оны 01 дүгээр сарын 01-ний орой 19 цагийн үед Хан-Уул дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст машинт эргүүлийн үүрэг гүйцэтгэж Эрхэс-112 чиглэлд офицер ахлах дэслэгч С.Хишигдоржийн хамтаар үүрэг гүйцэтгэж  байхад 20 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Янгир дэлгүүрийн урд талын зам дээр согтуу хүн байна гэсэн дуудлага мэдээлэл аваад очиход замын боржур хэсэгт их согтуу 50 гаран насны эрэгтэй хүн сууж байсан. Тэр хүнийг “та босоод ир. Машинд суу” гээд тохойноос нь түшээд босгоход өөрөө  яваад машинд суусан. Тэр хүнийг Эрхэс-10 жижүүр дээр авчраад 103-т түргэн тусламж дуудаад, биед нь үзлэг хийж гарсан эд зүйлийг нь жижүүрийн цагдаа, дэд ахлагч Раббид хүлээлгэн өгсөн. Тэр хүнээс нэрийг нь асуухад Г- гэж байсан санагдаж байна гэх мэдүүлэг /хх-ийн 56-57-р хуудас/

          Гэрч Е.Раббигийн “...2020 оны 01 дүгээр сарын 01-ний орой Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Янгир дэлгүүрийн урд талд согтуу хүн хэвтэж байна гэсэн дуудлагаар Эрхэс-112 чиглэлийн эргүүлийн офицер а/д Хишигдорж, а/а Баярсайхан нар дуудлагаар очиж 20 цаг 18 минутад 50 гаран насны Дамбын Г- гэх хүнийг авчирч үзлэгийн тэмдэглэл хийж хүлээлгэн өгсөн. Тухайн хүнийг үүдний сандал дээр суулгаад 103-т дуудлага өгчихсөн байсан. Удалгүй түргэн тусламжийн эмч ирээд даралтыг нь үзээд биеийн байдал нь зүгээр байна гээд бичиг хийж өгөөд явсан.  Тухайн хүнээс “ар гэрийнхэний чинь утасны дугаар байна уу” гэж асуухад эхнэрийнхээ 96681732 дугаарыг надад өгсөн. Уг дугаарын утас руу 20 цаг 58 минутад холбогдож “Дамбын Г- гэх хүн таны нөхөр мөн үү, та эхнэр үү” гэж асуухад “тийм байна” гэхээр нь “та Хан-Уул дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэс дээр ирж нөхрөө ав, гудамжинд унтаж байсан юм байна” гэдгийг хэлсэн. Удалгүй эхнэр нь 21 цаг өнгөрч байхад ирэхээр нь түүнд шар өнгийн цаг 1 ширхэг, 6000 төгрөг, шар өнгийн бөгж зэрэг эд зүйлүүдийг хүлээлгэн өгөөд хамт гараад машинд суулгаад явуулсан...Анх дуудлагаар очсон цагдаагийн алба хаагч нар талийгаачийг оруулж ирэхдээ сугадаад орж ирсэн. Талийгаач тэр үед хөл дээрээ тогтож чадахгүй, ухаангүй шахуу байдалтай байсан. Газар унасан байдалтай гадна талын хувцас нь шороотой, нимгэн хувцастай харагдсан...Би тухайн хүнээс өөрөөс нь ар гэрийнхэний утсыг асуутал надад эхнэрийнхээ утасны дугаарыг хэлсэн...” гэх  мэдүүлэг /хх-ийн 48-49-р хуудас/,

           Гэрч Д.Оюуны “...2020 оны 01 дүгээр сарын 01-ний өглөө 10 цагийн үед талийгаач Г- манай гэрт ганцаараа ирсэн. Талийгаач манай гэрт байхдаа их л яриа хөөрөөтэй баясгалантай юм ярьж байгаад гарсан. Талийгаачийн биед ил харагдах гэмтэл, бэртэл, шарх байгаагүй...Миний төрсөн дүү Д.Г-нь хамт олондоо нэр хүндтэй, ажилсаг, хүнтэй маргаж муудалцаад байдаггүй, их тусархаг хүн. Архи согтууруулах ундаа хааяа бага зэрэг хэрэглэдэг байх, хэрэглэсэн үедээ их л өглөгч болчихдог, агсам согтуу тавиад явж байхыг нь огт дуулаагүй гэх мэдүүлэг” /хх-ийн 46-47-р хуудас/

           Гэрч А.Хүрэлтогоогийн “2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 12 цаг 30 минутын үед талийгаач Б.Г- 0.75 грамм Экс архи 1 шил, набор барьсан ганцаараа ирсэн. Талийгаач манайд орж ирээд авч ирсэн архиа хувааж уугаад сууж байтал 13 цагийн орчимд дүү Г- халамцуу орж ирсэн. Г-, Г- хоёр 14 цагийн орчимд манайхаас гарч явсан гэх мэдүүлэг /хх-ийн 58-60-р хуудас/

           Гэрч С.Одонхүүгийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зураг, /хх-ийн 26-30-р хуудас/

           Эд мөрийн баримтаар 1 ширхэг шилэн хундага хурааж авсан тэмдэглэл /хх-ийн 33-р хуудас/, Нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 128-р хуудас/, Нас барсаны гэрчилгээ /хх-ийн 132-р хуудас/ зэрэг хэрэгт цугларсан баримтуудаар нотлогдож байна.

 

           Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Талийгаачид гэмтэл учруулах, алах санаа зорилго байгаагүй. Талийгаач нь 1994 онд автын осолд орж тархиндаа гэмтэл авч байсан. С.С-т холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар зүйлчилж  өгнө үү...” гэсэн санал гаргаж мэтгэлцэв.

 

          Хүнийг алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүний амь хохирсон бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байх шинжийг агуулдаг.

           Тухайн хэргийн нөхцөлд шүүгдэгч С.С- нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ амь хохирогч Д.Г-тэй үл ялих зүйлээр шалтаглан маргаж, толгойн орой хэсэгт шилэн хундагаар цохиж “гавал тархины битүү гэмтэл” учруулсны улмаас амь хохирогч нас барсан болох нь хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдож байх тул хүнийг алах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан байна.

 

         Иймд шүүгдэгч С.С-ыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

          Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчөөс “шүүгдэгч С.С-ыг гэм буруутай” гэсэн дүгнэлт гаргасан нь шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн үйл баримттай тохирсон үндэслэл бүхий дүгнэлт гаргав.

          Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

 

           Энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Б-“шүүгдэгч С.С-аас нэхэмжлэх зүйлгүй” гэсэн тул шүүгдэгч С.С-ыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

             

 Эрүүгийн хариуцлагын талаар.

 

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших ба тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлах нь зүйтэй.

 

          Шүүгдэгч С.С- нь сэтгэцийн ямар нэг өвчин эмгэггүй, өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгож удирдан жолоодох чадвартай, эрх зүйн бүрэн чадамжтай болох нь хавтаст хэргийн  89-90-р хуудасанд авагдсан Шүүх сэтгэц эмгэг судлалын 85 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.

         

            Шүүгдэгч С.С- нь хүнийг алах гэмт хэрэгт гэм буруутай болох нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

          Эрүүгийн хариуцлагын хуралдаанд: улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.С-т 13 жил хорих ялыг оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал буюу тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэнийг харгалзан хөнгөрүүлж өгнө үү” гэсэн санал гаргав.

         

          Шүүгдэгч С.С- ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гомдолгүй гэх хүсэлт, шүүгдэгч нь урьд ял шийтгэгдэж байгаагүй хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жил 5 сарын хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

           Шүүгдэгч С.С-ыг 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс шүүхийн зөвшөөрөлгүй баривчилж /хх-ийн 95-96-р хуудас/, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба шийтгэх тогтоол гарсан энэ өдрийн байдлаар нийт 93 хоног цагдан хоригдсон хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т заасныг баримтлан түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шилэн хундага 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.

 

             Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шилжиж ирээгүй болохыг тус тус  дурдах нь зүйтэй.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. И-овогт С-гийн С-ыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.С-ыг 8 жил 05 сарын /найман жил таван сарын/ хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.С-т оногдуулсан 8 жил 05 сарын  хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.С-ын цагдан хоригдсон 93 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

          5. Шүүгдэгч С.С-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс тоолсугай.

 

6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн тунгалаг өнгийн 12 см өндөртэй амсар хэсэг  нь 5.2 см, гол хэсэгтээ 3.5 см бариултай  шилэн хундага 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

7. Шүүгдэгч С.С- нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч С.С-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Х.ОДБАЯР

                

          ШҮҮГЧИД                                       С.БАЗАРХАНД

 

                                                                                    Б.БАТБОЛОР