Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2023/00093

 

Гын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 142/ШШ2023/00077 дугаар шийдвэр,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 207/МА2023/00020 дугаар магадлалтай,

Гын нэхэмжлэлтэй

Дт холбогдох

150,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О-н хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Гоос хариуцагч Дт холбогдуулан 150,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2. Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 142/ШШ2023/00077 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 205 дугаар зүйлийн 205.1. дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Даас 150,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Год олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 907,950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Даас 907,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Год олгож шийдвэрлэжээ.

3. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 207/МА2023/00020 дугаар магадлалаар: Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 142/ШШ2023/00077 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О-н давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй орхиж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Охяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 172-р зүйлийн 172.2.1-т заасан үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4.1. Анхан шатны шүүхээс зохигчдын маргааныг Иргэний хуулийн 243-р зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагчид биет байдлын доголдолгүй эрхийн зөрчилгүй хөрөнгө түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, мөн хуулийн 122-р зүйлийн 122.2-т зааснаар эрх буюу шаардах эрх эзэмшигч нь уул эрхийг эзэмшиж байсан хэмжээгээр өөр этгээдийн өмчлөлд шилжүүлж болно гэж зааснаар нэхэмжлэгч шаардах эрхтэй гэж заасан.

Гэтэл компанийн эрхийг худалдах-худалдан авахаар Г нь тухайн компанийн хувьцааны 50 хувийг худалдах-худалдан авах талаар мөнгө шилжүүлсэн гэх нэхэмжлэгчийн тайлбарыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй, нэг ч удаа өөрийгөө 50 хувийг худалдан авагч учир эрх шилжүүлэхдээ нэрийг маань гэрчилгээнд оруулаарай гэж хариуцагчид мэдэгдэж байгаагүй. Мөн нэхэмжлэгч нь Г нь өөрөө Эд компанийн эзэмших эрхийг шилжүүлэх гэрээ хийх үед нэрээ оруулахаас татгалзаж байгаагаа мэдэгдэж, банкнаас миний мөнгийг гаргаад өг гэсний дагуу тухайн компанийн эрхийг барьцаалан Год 100,000,000 төгрөгийг шилжүүлсэн тухай Э гэрчийн мэдүүлэг болон мөнгө шилжүүлэн өгсөн талаарх дансны хуулга зэрэг нотлох баримтаас Дыг гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй байх ба түүний сайн дураар татгалзсан үйлдэлд Д буруутай эсэхэд аль ч шатны шүүх дүгнээгүй. Өөрөөр хэлбэл Г нь компанийн эрхийг эзэмшихээ илэрхийлж, хэлцэл хийж байгаагүй. Харин хариуцагч нь Худалдах-худалдан авах гэрээний дагуу өөрийн хувьцааг болон компанийн үйл ажиллагаа болон эд хөрөнгөө бүрэн шилжүүлэн өгсөн байх ба хамтарсан гэх Г, Э нар нийлж ашиг олсон, үйл ажиллагаа 3 жил орчим явуулсан, нийлж компанийн эрхийг банкинд барьцаалж, банкнаас зээлж авсан 100,000,000 төгрөгөө нэхэмжлэгчид өгсөн үйл баримтад маргадаггүй.

Түүнчлэн гэрч Э нь энэхүү компанийн эрхийг эзэмшихтэй холбоотой нэхэмжлэгчид 271,000,000 төгрөг өгсөн гэх мэдүүлгэн баримт, дансны хуулга зэрэг баримт хэрэгт авагдсан бөгөөд энэхүү үйл баримтад Иргэний хуулийн 205-р зүйлийн 205.1, 227-р зүйлийн 227.1 дэх заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Гэрээнээс татгалзсан гэж үзвэл хэзээ хаана, хэрхэн яаж татгалзснаа, мэдэгдснээ нэхэмжлэгч нотлох, уг гэрээнээс татгалзсантай холбоотой гэрээний талууд өгсөн авснаа зүйлээ буцаасан эсэх зэргийг анхаарах шийдвэрлээгүй. Уг гэрээг байгуулсан гэж үзэж байгаа бол нэхэмжлэгч тухайн компанийг эрхийг эзэмшиж, ашиг олсон, банкинд барьцаалж, мөнгийг нь авсан үйл баримтад шүүх дүгнэлт зайлшгүй хийх бөгөөд энэ талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй атлаа Иргэний хуулийн 205-р зүйлийн 205.1 дэх заалтыг хэрэглэсэн. Гэтэл энэхүү заалт нь гэрээнээс татгалзсантай холбоотой гэрээний талуудыг хэн алиных нь эрх ашгийг доголдолгүйгээр хангагдсан байхыг шаардах бөгөөд хэрэгт шийдвэрлэх үед гэрээнээс татгалзсантай холбоотой Дын компанийн 50 хувийг буцаан эзэмших эрх хангагдаагүй буюу нэхэмжлэгчийн хүсэлтээр банкинд барьцаалагдсан нь Иргэний хуулийн 205-р зүйлийн 205.1 дэх заалт хэрэгжих боломжгүй нөхцөл үүссэн байгааг шүүх анхааралгүй хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

4.2. Нэхэмжлэгч Г нь компанийг эзэмшилдээ авч, 100 м.куб модыг ашиглах, захиран зарцуулах эрхийг компанийн нэр дээр авч худалдан борлуулсан байх /модны үндсэн үнэ 70,000,000 төгрөг/ ба нэхэмжлэгч түүнээс хэрхэн ашиг орлого олсон талаар гэрч Б мэдүүлсэн ба Иргэний хуулийн 205-р зүйлийн 205.1 заалт нь гэрээнээс татгалзсантай холбоотой гэрээнээс үүссэн ашгийг буцаах асуудалд хууль зүйн дүгнэлт хийгээгүй нь Дын эрх ашгийг шийдвэрлэсэн гэж үзэх боломжгүй байна.

Мөн гэрээнээс татгалзснаа хариуцагч Дт мэдэгдсэн гэх үйл баримт хэрэгт огт байхгүй байхад гэрээнээс татгалзсан байна гэж шүүх дүгнэлт хийж, улмаар гэрээнээс татгалзсантай холбоотой хариуцагчийн хөрөнгө биет байдлаар буцаан өгөх үүргийг шийдвэрлээгүй нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О-н гаргасан гомдлыг хэлэлцээд хоёр шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2023.05.11-ний өдрийн 001/ШХТ2023/00545 дугаар тогтоолыг гаргажээ.

ХЯНАВАЛ:

6. Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

7.Нэхэмжлэгч Г хариуцагч Дт холбогдуулан 150,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “...найз Эын хамт Орхон аймгийн “Д” ХХК-ийн захирал Дтай уулзаж, түүний  үйлдвэртэй танилцаад үйлдвэрийг тоног төхөөрөмж, машин механизм, газар, үл хөдлөх хөрөнгүүдийнх нь хамт нийт 300,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохирч, төлбөрийг Э бид хоёр тэнцүү хувааж төлөхөөр болоод би өөрийн 150,000,000 төгрөгийг Дын Хаан банкин дахь эзэмшлийн дансанд 2021.06.05-ны өдөр 100,000,000 төгрөг, 06-ны өдөр 50,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн.

...Ковид-19 цар тахал гайгүй болж компаниа шилжүүлж авъя гэхэд эхлээд “за” гэж байснаа сүүлдээ Э, Д нар миний утсыг авахаа больж, хаана байгаа нь мэдэгдэхгүй алга болсон. ...компанийг хэний нэр дээр байгааг шалгахад уг компани Эын нэр дээр шилжсэн байна, хариуцагч Д нь надаас 150,000,000 төгрөг дансаар шилжүүлэн авсан атлаа “Д” ХХК-ийн 100 хувийн хувьцааг иргэн Эд шилжүүлэн өгсөн байх тул  Даас 150,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэж тайлбарласан,

Хариуцагч Д нэхэмжлэлийг эс зөвшөөрч: “...Би өөрийн компаниа 300,000,000 төгрөгөөр зарах санал гаргаж, иргэн Э нь 2021.06.05-ны өдөр ирж уулзаад өөрийнх нь данснаас бүх мөнгө нэг дор гарах боломжгүй, ...өдөрт 100,000,000 төгрөг гарах боломжтой байгаа учраас өөр хүний данснаас мөнгө шилжүүлье гээд дагуулж ирсэн хүнийхээ данснаас 100,000,000 төгрөг шилжүүлсэн, тэгээд маргааш нь үлдэгдэл төлбөрийг шилжүүлсэн. ...нэхэмжлэгч Г уг компанийг хамтран худалдаж авч байгаа тухайгаа надад хэлээгүй, бид наймаагаа хийгээд компанийнхаа үйл ажиллагааг Эд хүлээлгэн өгөхөд нэхэмжлэгч хамт ирсэн байсан. ...Г гэх хүний нэр дээр 100 м.куб модны ажил хийх зөвшөөрлийг авч өгсөн, үүнээс хойш тухайн хүмүүстэй харьцаагүй, ...2021 оны намар Г над руу залгаж Э мөнгө өгөхгүй байна, чамруу шилжүүлсэн мөнгө минийх байсан гэж ярьсан, энэ яриа болох хүртэл компанийг эдгээр хүмүүс хамтран худалдан авсан гэдгийг мэдээгүй, энэ талаар Этай ярихад бидний хооронд маргаан үүссэн тул танд хамаагүй гэж хэлж байсан, ...иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй...” гэж маргажээ.

8. Анхан шатны шүүх “...Г, Э нар Даас “Д” ХХК-ийг 300,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож, мөнгийг тэнцүү хувааж төлсөн болох нь талуудын тайлбар, банкны дансны хуулга, гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байна. ...Иргэний хуулийн 122 дугаар зүйлийн 122.2.-т зааснаар эрх буюу шаардах эрх эзэмшигч нь уул эрхийг эзэмшиж байсан хэмжээгээрээ өөр этгээдийн өмчлөлд шилжүүлж болно гэж зааснаар нэхэмжлэгч шаардах эрхтэй, ...нэхэмжлэгч Г нь “Д” ХХК-ийн хувьцаанд ногдох эрхийн 50 хувийг худалдаж авахаар 150,000,000 төгрөгийг Дт шилжүүлэх үүргээ биелүүлсэн, хариуцагч Д компанийн эрхийг Год шилжүүлэх үүргээ биелүүлээгүй зөрчсөн нөхцөл байдал тогтоогдож байна. ...гэрээний нэг тал үүргээ зөрчсөн үндэслэлээр нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж, гэрээний үүрэгт хариуцагчид төлсөн 150,000,000 төгрөгөө буцаан авахаар шаардсаныг Иргэний хуулийн 205.1, 227.1-д зааснаар хангах үндэслэлтэй...” гэж дүгнэн, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн,

Давж заалдах шатны шүүх: “...хариуцагч Дт бэлэн бусаар мөнгө шилжүүлэхэд гүйлгээний утган дээр “Э Г” гэж тодорхой зааж бичсэн, мөнгө шилжүүлсний дараа тэрээр нэхэмжлэгчийн нэр дээр 100 м.куб мод бэлтгэх зөвшөөрөл олгогдсон байх тул нэхэмжлэгчийг Этай хамтарч байсан гэдгийг хариуцагч мэдсэн гэж үзэхээр байна, ...нэхэмжлэгч Этай хамтарч тус компанийн эрхийг шилжүүлэн авах гэрээнээс татгалзсан нь тогтоогдож байх тул хариуцагч гэрээний дагуу авсан 150,000,000 төгрөгийг буцааж өгөх үүрэгтэй талаарх хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д нийцсэн...” гэх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хяналтын журмаар гаргасан: “...хоёр шатны шүүх хуулийг агуулгаас нь зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн, ...компанийн эрх, хувьцааг худалдах-худалдан авах гэрээний талаар үндэслэл бүхий дүгнээгүй, ...нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй...” талаарх гомдол /тодорхойлох хэсгийн 4-т тусгагдсан/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлд нийцсэн гэж үзэж хяналтын шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцсэн болно.

10. Нэхэмжлэгч Г нь өөрийн найз Этай хамтарч иргэн Дтай харилцан тохиролцсоны үндсэн дээр “Д” ХХК-ийг тоног төхөөрөмж, машин механизм, газар, үл хөдлөх эд хөрөнгүүдийн хамт нийт 300,000,000 төгрөгөөр худалдан авахаар амаар харилцан тохиролцсон, гэрээний үнэ 300,000,000 төгрөгийн 150,000,000 төгрөгийг худалдагч Дт шилжүүлсэн байтал хариуцагч нь компанийн 50 хувийг шилжүүлэх үүргээ биелүүлээгүй, компанийг 100 хувь Эын эзэмшилд шилжүүлсэн үндэслэлээр худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний үүрэгт шилжүүлсэн 150,000,000 төгрөгийг Даас буцаан гаргуулахаар шаарджээ.

Хэрэгт цугларсан 2022.01.14-ний өдрийн Компанийн эрх шилжүүлэх гэрээгээр эрх шилжүүлэгч Б.Б регистрийн дугаартай “Д” ХХК-ийн өөрийн хувьцаанд ногдох эрх, үүргээ эрх хүлээн авагч Эд шилжүүлэхээр харилцан тохиролцсон, дээрх гэрээг үндэслэн Э 2022.01.17-ны өдөр “Д” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

11. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж, 260 дугаар зүйлийн 260.3-т Эд хөрөнгө эзэмших боломж олгож байгаа эрхийг худалдсан тохиолдолд худалдагч тухайн эд хөрөнгийг худалдан авагчид биет байдлын болон эрхийн доголдолгүй шилжүүлэх үүрэгтэй гэж тус тус зохицуулсан.

Нэхэмжлэгчийн худалдаж авсан гэх “Д” ХХК нь хязгаарлагдмал хариуцлагатай компани бөгөөд Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.5-д зааснаар хязгаарлагдмал хариуцлагатай компани гэж хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь хувьцаанд хуваагдаж, түүнийг захиран зарцуулах эрх нь хууль болон компанийн дүрмээр хязгаарлагддаг компани гэж тодорхойлжээ.

Хэргийн 106 дугаар талд авагдсан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар “Д” ХХК нь нэг бүр нь 80,000 төгрөгийн үнэтэй, 100,000 ширхэг хувьцаа бүхий  8,000,000 төгрөгийн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй, цэцэрлэгжүүлэлт, ойн мэргэжлийн ангийн үйл ажиллагаа, зочид буудал, амралтын газар, түр хоноглох байрны үйлчилгээ зэргийг явуулах эрх бүхий хуулийн этгээд гэж бүртгэгдсэн байна.

Иймд хоёр буюу түүнээс дээш хэд хэдэн этгээд компанийн эрхийг шилжүүлэх, хувьцааг худалдах-худалдан авах гэрээ байгуулж байгаа бол тэдгээр нь худалдан авсан хувьцааны тоо ширхэг болон хувьцаа эзэмшигчийн хувь хэмжээг гэрээгээр тодорхойлох боломжтой байна.

12. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй, 205 дугаар зүйлийн 205.1-д  хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж тус тус зохицуулсан.

Хэдийгээр худалдах-худалдан авах гэрээнд хэлбэрийн шаардлага тавигддаггүй боловч хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар нь улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсч /Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1/, тухайн хуулийн этгээдийн мэдээллийн санд орсон өөрчлөлтийг тухай бүр бүртгүүлэхээр хуулиар зохицуулсан байх тул компанийн хувийн хэрэгт өөрчлөлт орж, мэдээлэл өөрчлөгдсөнийг нотлох эрх шилжүүлэх гэрээ бичгээр үйлдэгдэж, улсын бүртгэлд бүртгэгдсэнээр хүчин төгөлдөр болно.

Зохигчийн хооронд бичгээр гэрээ үйлдэгдээгүй бөгөөд нэхэмжлэгч Г “Д” ХХК-ийн хувьцааны хэдэн хувийг худалдан авахаар хариуцагчтай тохирсон болох, хариуцагч нь тухайн эрхийг шилжүүлэх үүрэг хүлээсэн талаар баримтгүй тул зохигчийн хооронд үүссэн хувьцаа худалдах-худалдан авах гэрээгээр хариуцагч нь компанийн хувьцааны 50 хувийн эрх шилжүүлэх үүрэг хүлээсэн гэх нэхэмжлэлийн шаардлага нотлогдоогүй,  улмаар хариуцагчийг гэрээний үүргээ зөрчиж, компанийн 50 хувийн хувьцааг шилжүүлэх үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр гэрээнээс татгалзаж, гэрээний үүрэгт шилжүүлсэн 150,000,000 төгрөгөө шаардах эрх нэхэмжлэгчид үүсээгүй, хэрэгт цугларсан баримтаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй байна.

13. Түүнчлэн хоёр шатны шүүх хэрэгт авагдсан гэрч Эын: “...компанийн бичиг баримтыг шилжүүлж авах үед Г нь намайг компанийг өөр дээрээ шилжүүлж аваад миний оруулсан мөнгийг банкнаас гаргаад өгчих, ...миний хийдэг ажил биш байна, ...Улаанбаатар хотоос явахад хэцүү байна... гэхээр нь би бичиг баримтаа өөр дээрээ шилжүүлж авах болсон...” /хх-92-96/ гэсэн тайлбарт үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүйгээс Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх зохицуулалтыг агуулгаас нь буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ.

Өөрөө хэлбэл,  нэхэмжлэгч нь компанийн хувьцаа Эын нэр дээр бүртгэлтэй болохыг мэдсэн нь бүртгэлийг зөвшөөрсөн агуулгатай байх тул нэхэмжлэл үндэслэлгүй, хариуцагч тал буруугүй гэж үзнэ.

Дээр дурдснаар нэхэмжлэгч Г нь хариуцагч Даас 150,000,000 төгрөгийг шаардах эрхгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 142/ШШ2023/00077 дугаар шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 207/МА2023/00020 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хариуцагч Даас 150,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Гын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О-н гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч Д-аас 2023.04.10-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 907,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Н.БАЯРМАА

                            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                        Г.АЛТАНЧИМЭГ

                            ШҮҮГЧИД                                                             П.ЗОЛЗАЯА

                                                                                                          Д.ЦОЛМОН

                                                                                                           Х.ЭРДЭНЭСУВД