| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтохын Гандиймаа |
| Хэргийн индекс | 102/2020/03283/И |
| Дугаар | 102/ШШ2021/00783 |
| Огноо | 2021-03-25 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 102/ШШ2021/00783
| 2021 оны 03 сарын 25 өдөр | Дугаар 102/ШШ2021/00783 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг тоотод оршин суух овогт Ж О/, утасны дугаар: /
Хариуцагч: Баянгол дүүрэг тоотод оршин суух овогт Г Г/РД: , утасны дугаар: /
15,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Н
хариуцагч Г.Г
нарийн бичгийн дарга Б.Сэндэр нар оролцов.
Нэхэмжлэлийг 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Гнь 2016 оны 6 сард барилгын бетон шал цутгах зориулалт бүхий помпыг 25,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, манай ажилчин Г.Ш дагуулан Сүхбаатар аймагт очиж ажилласан. Очоод 1 сарын хугацаанд манай ажилчин, помп машиныг ашиглаж тендерийн ажлаа хийж дуусгаад 2016 оны 7 сард помп чинь эвдэрсэн, ирж ав гэсэн. Ингээд 2016 оны 7 сард би очиж помпоо авсан. Г.Г нь миний помпыг ашиглаж үр шимийг нь хүртэж ашиг олсон. Иймд Г.Г помп ашигласны төлбөр 15,000,000 төгрөгийг нэхэмжилж байна. 1 өдрийн помпын түрээсиийн төлбөр 500,000 төгрөг байдаг бөгөөд 30 хоног 15,000,000 төгрөг болно.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Г нь 2016 оны 6 сард барилгын бетон шал цутгах зориулалт бүхий помпыг 25,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, 15,000,000 төгрөгийг урьдчилгаа болгож өгсөн байдаг. Ингээд үлдэгдэл төлбөрөө өгөхгүй байсан тул нэхэмжлэгч нь помп машинаа буцааж авсан бөгөөд Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т заасны дагуу өөрт учирсан хохиролд 15,000,000 төгрөг нэхэмжилж байгаа. Манай помп машиныг ашиглаж Сүхбаатар аймагт 1 сарын хугацаанд ажиллаж тендэрийн ажлаа хийж дуусгаад 2016 оны 7 сард помп чинь эвдэрсэн гэсэн асуудал ярьсан. Манай ажилтан Г.Ш 3 хоног ажиллуулаад явуулаагүй 10 хоног ажиллуулсан, мөнгөө шаардахад ажлынхаа мөнгийг аваагүй байна гээд өгөөгүй. Ажлаа хийж байгаад үлдсэн мөнгийг өгье гэж ярьсан, яг нарийн хугацаа тохироогүй. Ингээд мөнгөө өгөхгүй байхаар нь помпоо очиж авсан. Г.Г нь миний помпыг ашиглаж үр шимийг нь хүртэж ашиг олсон. Иймд Г.Г-с помп ашигласны төлбөр 15,000,000 төгрөгийг нэхэмжилж байна. Гээрээ цуцлагдсан үндэслэл нь доголдлоос болоогүй гэдгийг гэрчүүд нотлох байх. Хэрвээ бид өөрсдөө ашиглаж байсан бол тодорхой хэмжээний орлого олох боломжтой байсан гэж үзэж байгаа учраас 15,000,000 төгрөг гаргуулахаар шаардаж байна.
Хариуцагч Г.Г шүүхэд гаргасан тайлбартаа: Г овогтой Г миний бие 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр иргэн Ж.О-с шал цутгагч помпыг худалдан авч Сүхбаатар аймгийн төвд орон сууцны хорооллын дундах гадна талбайн ажил гүйцэтгэж байсан танил ах руугаа өгсөн. Уг помпыг ажиллуулж мэдэхгүй тул Ж.О өөрийн нэг ажилтантай явуулж, ажиллуулахыг зааж өгөхийг хүсэхэд бидэнд Г.Ш санал болгосноор бид хамт явсан. Сүхбаатар аймагт очоод бэлтгэл ажил ажилд 2 хоног зарцуулан үүний дараагаас талбай цутгах ажил эхэлсэн. Помпны үйл ажиллагаа жигд хэвийн биш байснаас 3 хоногт бид нийт талбайн багахан хэсгийг цутгасан. Помп хэвийн ажиллагаатай байсан бол уг талбайг 4-6 цагт цутгах байсан. Үүний дараа н.Ш хотод ажилтай тул буцлаа гэснээр бэлтгэл ажлын 3 хоногтойгоо нийлээд Сүхбаатар аймагт 6 хоноод Улаанбаатар руу буцсан. н.Ш буцсаны маргааш цутгасан талбай хатсан боловч чанарын шаардлага хангахгүй хагарч, бутарч байсны улмаас Сүхбаатар аймгийн Тохижилт, үйлчилгээний газраас уг ажлыг зогсоосон. Би тэр даруй Ж.Отгонбаяр руу утасдаж помп асуудалтай байна, буцаах талаар ярилцаж тохиролцон Улаанбаатар хотоос помпыг ачих ачааны машин дуудан авчирч ачуулан буцааж хот руу аваачсан. Ингэхэд 4 хоног зарцуулсан. Помпыг хотод Сонгинохайрхан дүүрэг, Баянхошуунд байрлах хашаанд хадгалж байсан бөгөөд Ж.О ярьж тохиролцсоны дагуу мөнгөө өгөөд помпоо авахыг хүсч удаа дараа залгасан. 2016 оны 7 сард Ж.О өөрөө над руу залган би Баянзүрх дүүргийн барилгын шал цутгах ажил авсан, тэгтэл ажиллуулж байсан помп маань эвдэрчихлээ. Чи надад помпоо өгчих би ажлаа гүйцэтгээд чиний 15,000,000 төгрөгийг өгье гэж хэлсэн. Би помп чинь хэвийн ажиллагаатай биш гэдгийг хэлсэн, зүгээр ээ янзалж болгоно гээд аваад явсан. Помп нь шахагч болон зуурагч гэсэн 2 бүрдэл хэсэгтэй байснаас Ж.О тухайн үед гол хэсэг болох шахагч төхөөрөмжийг авч яваад сураг тасарсан. 1 жилийн хугацаанд утсаар залган мөнгөө өгөхийг хүссэн боловч холбогдохгүй байсан. 2017 онд Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст хандаж Ж.О гомдол гаргасан. Тэр үед Ж.О нь цагдаагийн газар хүрч ирэхдээ үүссэн нөхцөл байдлыг бүгдийг нь хүлээж хохирлыг барагдуулах хугацаа тохирон, графикийн дагуу төлнө гэснээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Хэргийг хэрэгсэхгүй болгох шийд гарсны 7 хоногийн дараа Ж.О үлдэгдэл төхөөрөмжөө авч явсан. Үүнээс хойш бас сураг тасарсан. 2019 оны эхээр Баянгол дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, Ж.О эвлэрэх хүсэлт гаргаснаар эвлэрсэн. н.Ш нэг сар гаруй Сүхбаатар аймагт ажиллаагүй. Би тэр помпоор ашиг олоогүй бөгөөд Сүхбаатар аймаг руу зөөх, авчрах зэрэг зардал гарсан. Уг хийх ёстой ажлын 100 хувиас 5 хувийг цутгасан бөгөөд цутгаж хийсэн талбай нь хагарч, нурсан байдалтай тул уг ажил бүрмөсөн хийгдээгүй.
Хариуцагч Г.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Худалдах худалдан авах гэрээ хийгээд помпыг Сүхбаатар аймаг руу аваад явсан. Надад ажиллагаа хэвийн багажийг өгөх ёстой байсан. Гэвч авч очиход помп нь үнэхээр болоогүй. Өмнөх шүүх хуралдаан дээр гэрч М.М, Г.Ш нар помп бөглөрөөд болохгүй байсан талаар хэлсэн. Ж.О болохгүй юм надад өгөөд, түүнийг нь ашиглаж болохгүй байсан тул би буцаагаад өгсөн. Надаас урьдчилгаа мөнгө аваад помпоо 2 хоног янзалсан. Тэр нь эвдэрхий юм байсан. Анх ярьж тохирохдоо 15,000,000 төгрөг өгөөд үлдсэн мөнгийг нь ажлынхаа 50 хувийг нь хийж дуусаад Сүхбаатар аймгаас гүйцэтгэлийн мөнгө өгөхөөр гаргаж өгье гэж тохиролцсон байсан. Бид помпноос болоод 50 хувийн ч ажлаа хийж чадаагүй, тендэрийн ажил цуцлагдсан. Иймд үлдсэн төлбөрийг өгөх боломжгүй болж, өөрсдөө эрсдэлд орсон. Эргүүлж помпыг өгөхөөр тохиролцсон байхад Ж.О 7 сард нь гэнэтхэн над руу өөрөө залгаад миний помп эвдэрчихлээ, наад помпоор чинь ажлаа дуусгаад мөнгийг чинь өгье гэж хэлээд помпоо аваад явсан. Надад стандартын дагуу ажилладаг багаж өгсөн бол 10,000,000 төгрөгийг асуудалгүй өгөх байсан. Хэвийн ажиллагаатай биш байсан учраас помпыг буцааж өгсөн. Иймд 15,000,000 төгрөгийг төлөх ёсгүй гэж бодож байна.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгов. Учир нь:
Нэхэмжлэгч Ж.О нь хариуцагч Г.Г холбогдуулан барилгын бетон шал цутгагч помп ашигласны төлбөрт 15,000,000 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Хариуцагч нь 2016 оны 6 дугаар сард барилгын гадна болон дотор бетон шал цутгах зориулалт бүхий помпыг 25,000,000 төгрөгөөр нэхэмжлэгчээс худалдан авахаар тохирсон байх ба помпыг нэхэмжлэгчээс хүлээн авч, гэрээний үнээс 15,000,000 төгрөгийг төлжээ. Дээрх үйл баримтад талууд маргаагүй байна. Иймд зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзнэ.
Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. Энэхүү гэрээний худалдагчийн гол үүрэг нь биет байдлын болон эрхийн доголдолгүй эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх юм. Уг үүргээ худалдагч зохих ёсоор биелүүлээгүй бол худалдан авагч Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй. Хариуцагч нь нэхэмжлэгчийг биет байдлын доголдолгүй эд хөрөнгө шилжүүлэх гэрээний гол үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу помпны үйл ажиллагаа хэвийн бус доголдолтой байснаас цутгасан талбай нь чанарын шаардлага хангаагүй үндэслэлээр гэрээнээс татгалзаж, помпыг буцааж өгсөн, урьдчилгаа төлбөрөөс 13,000,000 төгрөгийг аваагүй гэж маргав. Харин нэхэмжлэгч хариуцагч нь ажлаа хийчихээд помпны үлдсэн төлбөрийг төлнө гэсэн боловч төлөөгүй, дараа нь помп эвдэрсэн гэж хэлсэн, мөнгөө өгөхгүй байсан учраас помпоо буцааж авсан гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж байна.
Талуудын тайлбараар худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн зүйлээ харилцан буцаахаар тохиролцож, хариуцагч нь помпыг 2 салгаж нэхэмжлэгчид буцааж өгсөн, нэхэмжлэгч нь 2,000,000 төгрөгийг хариуцагчид буцаан өгч, 13,000,000 төгрөгийг өгөөгүй байгаа үйл баримт тогтоогдсон, энэ талаар зохигч маргаагүй, харин худалдагч, худалдан авагчийн хэн нь үүргээ зөрчсөнөөс гэрээ цуцлагдсан /татгалзсан/ асуудлаар маргаж байна.
Эд хөрөнгийг шилжүүлэх үед гэрээгээр тохирсон тоо, хэмжээ, чанарт нийцэхгүй байвал түүнийг биет байдлын доголдол гэж үзэх ба энэ талаар гэрээндээ тохиролцоогүй бол худалдагч нь Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2 дахь хэсэгт Хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ гэж заасны дагуу ердийн зориулалт, ашиглалтад нийцэх дундаас доошгүй чанартай эд хөрөнгийг шилжүүлэх үүрэгтэй. Талууд гэрээгээр помпны чанарын талаар тохиролцоогүй байх тул нэхэмжлэгчийг гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглах боломжтой, дундаас доошгүй чанартай помп хариуцагчид шилжүүлэх үүрэгтэй гэж үзэх бөгөөд энэхүү үүргийг зохих ёсоор биелүүлээгүй бол Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан биет байдлын доголдолгүй эд хөрөнгө шилжүүлэх үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.
Хариуцагч нь гэрээнд заасан зориулалтаар помпыг ашиглах боломжгүй байсны улмаас Сүхбаатар аймагт хийж байсан ажил цуцлагдсан гэсэн тайлбартайгаа холбогдуулан М.М гэрчийн мэдүүлэг авахуулсан ба гэрч помп нь ажиллаж эхлээд 10-20 минут болоод гацаад бөглөрөөд, буудаад байсан. Бөглөрөхөд нь хоолойг нь 30-40 минут зарцуулж задалсан, 4-5 хоног цутгасан боловч шаардлага хангаагүй, хагараад байсан, гараараа нөхөж хийе гээд гараараа хийж байгаад ажлыг хянаж байсан хүмүүс ирээд болиулсан, помпны ажиллагаа хэвийн биш байсан, хайрганы чулууг авч шидээд ард байсан машины шилийг хүртэл хагалсан гэж мэдүүлжээ. Харин нэхэмжлэгч талын хүсэлтээр асуусан гэрч Г.Ш мэдүүлэгт би помпыг ажиллуулж зааж өгөөд явах байсан, тэнд 10 хоног болсон, 5 хоног нь танай талаас шалтгаалсан, би 2 хоног бэлтгэл ажил хийсэн, 3 хоног помпыг ажиллуулаад явсан, помп хэвийн ажиллаж байсан, хайрга нь том, том чулуутай шаардлага хангахгүй байснаас чулуугаа шидсэн, би хайргаа соль гэж хэлсэн гэжээ. Дээрх гэрч нарын мэдүүлгээр помпыг зориулалтаар нь ашиглах боломжгүй доголдолтой байсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл помп бүхэлдээ доголдолтой байсан эсэх, цутгасан бетон талбай шаардлага хангахгүй байсан эсэх, энэ нь помпны ажиллагаанаас хамааралтай байсан эсэх нь тодорхойгүй, тухайн нөхцөл байдал гэрч нарын мэдүүлгээр нотлогдоогүй гэж үзэв.
Мөн хариуцагч нь тухайн үед помпны доголдолтой холбоотойгоор гэрээ цуцлагдсан болохыг цагдаагийн байгууллагад шалгагдаж байх үедээ нэхэмжлэгчийг зөвшөөрсөн гэж тайлбарладаг боловч эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан материалд авагдсан баримтуудаар дээрх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Иймд нэхэмжлэгчийг биет байдлын доголдолтой эд хөрөнгө шилжүүлснээс худалдах, худалдан авах гэрээ цуцлагдсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2.1 дэх хэсэгт өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн эзэмшилд шилжүүлснээр эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлсэн гэж үзнэ гэж заасны дагуу помпыг хариуцагчийн өмчлөлд шилжүүлж худалдах, худалдан авах гэрээний үүргээ биелүүлжээ. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгийн үнийг төлөхийг худалдан авагч Г.Г шаардах эрхтэй. Энэхүү үүргийг худалдан авагч Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт зааснаар үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ. Талууд гэрээгээр хариуцагчийг тодорхой хэмжээний ажил хийсний дараа үлдэгдэл төлбөрөө өгөхөөр тохирсон гэж байгаа боловч хэдий хэмжээний ажлыг, хэдий хугацаанд гүйцэтгэхээр тооцож хугацааг тогтоосон /болзол тавьсан хугацаа/ нь тодорхойгүй байх тул Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт заасныг үндэслэн талуудыг үүрэг гүйцэтгэх хугацаа тогтоогоогүй гэж үзэв. Иймд Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.2 дахь хэсэгт Үүрэг гүйцэтгэх хугацаа тогтоогоогүй буюу болзол тавиагүй, үүргийн шинж чанараас шалтгаалан түүнийг тодорхойлох боломжгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг хэдийд ч шаардах эрхтэй, үүрэг гүйцэтгэгч нэн даруй гүйцэтгэх үүрэгтэй байна гэж зааснаар нэхэмжлэгчийн шаардсан даруйд хариуцагч үлдэгдэл төлбөрийг төлөх үүрэгтэй байна. Хариуцагч хариу төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзах /цуцлах/ үндэслэл болох бөгөөд талуудын хүсэл зориг Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр болсон байна. Иймд Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь гэрээ цуцлагдсаны улмаас учирсан хохирлоо хариуцагчаас шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч нь помпыг 2016 оны 6 сарын сүүлээр өгөөд 2016 оны 7 сард буцааж авсан гэж тайлбарлаж, хариуцагчийн эзэмшил, ашиглалтад 2016 оны 6-7 сард помп байсан гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагаа 30 хоногт орох байсан орлого гэж тооцон нэхэмжлэлийн үнийг тодорхойлжээ. Хэрэгт авагдсан баримтуудаар помпыг нэхэмжлэгчийг автал хариуцагчийн эзэмшилд 30 хоног байсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийн тайлбар, гэрч нарын мэдүүлгийг үндэслэн хугацааг багасган тогтоож олох байсан орлогод 7,500,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэлээс 7,500,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х овогт Г Г 7,500,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б овогт Ж О олгож, нэхэмжлэлээс 7,500,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Г.Г улсын тэмдэгтийн хураамжид 134,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.О олгож, шинжээчийн зардалд нэхэмжлэгч Ж.О 50,000 төгрөг, хариуцагч Г.Г 50,000 төгрөг гаргуулж Х ү т ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА