| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагаагийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 183/2017/00098/и |
| Дугаар | 00529 |
| Огноо | 2018-02-23 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 02 сарын 23 өдөр
Дугаар 00529
Э ХХК-ийн нэхэмжлэлтэй,
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2017/02749 дүгээр шийдвэртэй, нэхэмжлэгч Э ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.В, Ч.О, В.Г, Х.В нарт холбогдох
Хувьцаа худалдах-худалдан авах гэрээнээс учирсан хохиролд хариуцагч Ч.О-гаас 117 508 147 төгрөг, Г.В-гээс 114 606 712 төгрөг, В.Гээс 114 606 712 төгрөг, Х.В-гээс 59 479 432 төгрөг нийт 406 201 003 төгрөг нийт 406 201 003 төгрөг гаргуулах тухай хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Оюунболдын гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяржаргал, Ж.О, хариуцагч Г.В-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, хариуцагч Г.В-гийн өмгөөлөгч Д.Наранцэцэг, хариуцагч Ч.О, В.Г, Х.В нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э ХХК нь анх 2011 оны 6 дугаар сарын 13-ны өдөр “Стандарт майнинг транс” ХХК-ийн 51 хувийн хувьцааг худалдан авсан байдаг. Улмаар үлдэгдэл 44 хувийг худалдан авахаар тус компанийн захирал Г.В болон хувьцаа эзэмшигч Ч.О, В.Г, Х.В болон нэр бүхий 2 Солонгос иргэнтэй 2011 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хувьцааг худалдах-худалдан авах гэрээг байгуулсан. Тус гэрээний 3.3.а-д “Б тал буюу хувьцааг худалдаж байгаатай холбоотой төлөх төлбөр, татвар, зээл хүү алданги гэх зэрэг төлбөр хураамжуудыг барагдуулсан” гэж заасан бөгөөд энэхүү хэлцэлд төлбөрөө бүрэн барагдуулснаар “Стандарт майнинг транс” ХХК-ийн 44 хувийн хувьцааг авсан боловч дараах нөхцөл байдал үүсч шүүхэд хандсан. Хувьцаа худалдах-худалдан авах гэрээний 3.3.а-д зааснаар тухай компани ямар нэгэн өр төлбөргүй байх байсан боловч Ж.Мэндсайханы “Стандарт майнинг транс” ХХК-ийн захирал Г.В-тэй 2011 оны 3 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан зээл хөрөнгө оруулалтын гэрээний алдангийг нэхэмжилсэн бөгөөд тухайн төлбөрт 298 865 682 төгрөгийг “Стандарт майнинг транс” ХХК-иас гаргуулж шийдвэрлэсэн. Түүний дагуу 2014 оны 02, 3 дугаар сард 2 000 000 төгрөгийг бэлнээр, компанийн эзэмшлийн битүүмжлэгдсэн Hyundai HD маркийн 5 машины 3 машиныг чиргүүлийн хамтаар 2013 оны 5 дугаар сарын 09-ний өдөр үлдэгдэл 196 865 682 төгрөгийг Ж.Мэндсайханд өгч, улсын тэмдэгтийн хураамжид 4 956 950 төгрөг нийт 303 822 632 төгрөгийг төлсөн.
Иргэн Ж.Мэндсайханы шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй “Стандарт майнинг транс” ХХК-ийн Кёондэй НТ маркийн 5 автомашиныг шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээг 2012 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 5064 дүгээр захирамжаар Ховд аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас Хөшөөтийн уурхайг битүүмжилсэн. 2012 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2014 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хүртэл битүүмжилсэн бөгөөд эдгээр 5 автомашин энэ хугацаанд хэвийн ажил гүйцэтгэх байсан ба 140 630 000 төгрөгийн хохирол хүлээсэн. Мөн Э.Мэндсайханд холбогдуулан 102 000 000 төгрөгийг бэлнээр өгснийг мөн тухайн компанид байгаагүй, Солонгос улсын нэр 3 иргэнээс зээлж авч өгсөн. Уг зээлийн хүүд 17 611 480 төгрөг өгч хохирол хүлээсэн байдаг. Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай акт Ховд аймаг руу компанийн ажилчид явсантай холбогдуулан 1 296 800 төгрөгийн зардал гарсан. 2013 онд тус компани нь Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсээс 2011-2012 онд иж бүрэн шалгалт хийж, 43 294 800 төгрөгийн татварын акт тогтоосон.
Иймд дээрх нийт хохирол 510 652 712 төгрөг болж байна. Гэхдээ 2011 оны хувьцаа худалдах, худалдан авах гэрээний худалдагч тал буюу Г.В, Ч.О, В.Г, Х.В болон нэр бүхий 2 Солонгос иргэн байсан. Тухайн Солонгос 2 иргэнд ногдох хэсгийг хасч, Ч.О-гаас 117 508 147 төгрөг, Г.В-гээс 114 606 712 төгрөг, В.Г-ээс 114 606 712 төгрөг, Х.В-гээс 59 479 432 төгрөг нийт 406 201 003 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.В-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.В нь В.Г, Ч.О, Х.В нарын хамт 2010 оны 12 дугаар сард “Стандарт майнинг транс” ХХК-тай байгуулсан хувьцааг 100 хувь эзэмшиж байсан. Хувь нийлүүлэгчдийн хурлаас гүйцэтгэх захирлаар Г.В-г томилсон. 2011 оны 6 дугаар сарын 10-ны өдөр “Стандарт майнинг транс” ХХК Солонгосын хөрөнгө оруулалтай Э ХХК-д 51 хувиас гадна Ц.Батболд 5 хувь, Солонгос улсын иргэн Park Heung Kuy 5 хувь, Cho Sung Beom 4 хувь, нийт 65 хувийн хувьцааг шилжүүлж, бусад 35 хувийн хувьцааны эзэмшилтэй үлдсэн байсан. 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Г.В гүйцэтгэх захирлын ажлаа өгч, компанийн дүрмийн санд 9 хувийн хувьцаа эзэмшигч болсон. 2011 оны 12 дугаар сарын 09-ний өдөр “Стандарт майнинг транс” ХХК-д хувьцаа эзэмшиж байсан Солонгос улсын 2 иргэн, Монгол улсын 4 иргэн өөрсдийн эзэмшил бүхий хувьцаагаа ЭХХК-д худалдсан. Ц.Батболдыг 5 хувийн хувьцаа эзэмшигчээр үлдээсэн. Ж.Мэндсайханаас авсан 708 000 ам.долларын хөрөнгө оруулалтаар том оврын автомашин худалдаж авч байсан бөгөөд энэ нь компанийн хөрөнгө гэдгээр хувьцааны хамт Э ХХК-д шилжсэн. “Стандарт майнинг транс” ХХК нь хэд хэдэн хувьцаагаа ЭХХК-д худалдсан. Г.В гүйцэтгэх захирлын албан тушаалыг өгснөөс хойш “Стандарт майнинг транс” ХХК-ийн өр төлбөрийг хариуцах хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэжээ.
Хариуцагч Ч.О, В.Г, Х.В нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагч Х.В-гийн хувьд энэ компанийн талаар мэдэхгүй. Хүү нь энэ компанид миний нэрийг оруулсан байсан, түүнтэй холбоотой асуудлаар цагдаад нэлээд шалгагдаж, энэ талаар мэдэхгүй тухай мэдүүлэг өгсөний үндсэн дээр ямар ч хамааралгүй болох нь тогтоогдсон, Г.В мэднэ гэж хэлдэг. Дараа нь н.О “Стандарт майнинг транс” ХХК-ийн хувьцааг Солонгосын 4 үүсгэн байгуулагчид зарахдаа 5 хувийн хувьцааг авч үлдсэн. Ингэхдээ түүнийг Г.В хариуцан авч, өр төлбөрийн дагалдах зүйлүүдийг төлсөн. Ж.Мэндсайханаас Г.В нь н.Содгэрэлийн хамт мөнгө зээлсэн байдаг. Энэ нь хоорондоо хувиараа зээлсэн асуудал учраас надад хамаагүй. Энэ хэргийн талаар би мэдэхгүй, манай нөхөр нэрийг оруулсан гэж хэлдэг. Н.С-ийн хувьд нөхөр нь энэ компанийн үүсгэн байгуулагчаар нэр оруулсан учраас компанийн үйл ажиллагаатай холбоотой асуудлыг мэдэхгүй. Компанийн үйл ажиллагааны талаар Г.В удирдаж байснаас бид мэдэхгүй гэж тайлбарладаг. Иймээс хариуцагч нарт хамааралгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 261 дүгээр зүйлийн 261.1, 227 дугаар зүйлийн 227.3, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт зааснаар Г.В, Ч.О, В.Г, Х.В нараас хувьцаа худалдах, худалдан авах гэрээнээс учирсан хохиролд нийтдээ 406 201 003 төгрөг гаргуулахыг хүссэн Э ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 711 214 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч тал 2011 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн "Эс Эм Ти" ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн хооронд байгуулсан хувьцаа худалдах-худалдан авах гэрээний 3.3.б-д заасныг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ болгож, бусдад төлөх төлбөр, татвар зээл, хүү, алданги зэрэг төлбөр хураамжуудыг барагдуулсан гэж худал мэдээлэл өгснөөс компанид 510 652 712 төгрөгийн хохирол учирсан гэж тайлбарладаг бөгөөд энэ үндэслэл нь хуульд зааснаар зүй ёсны болохыг баталж чадаагүй гэж шүүх үзлээ. Хариуцагч Г.В "Стандарт майнинг транс" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа бусадтай байгуулсан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага нь нэр бүхий 6 иргэний "Эс Эм Ти" ХХК-тай байгуулсан гэрээний үүргээс тусдаа харилцаа байхад "Стандарт майнинг транс" ХХК-иас гаргуулсан төлбөрийг Г.В болон бусад нэр бүхий хариуцагч нараас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй” гэж дүгнэжээ.
Нэхэмжлэгч "Э" ХХК нь “Стандарт майнинг транс” ХХК-ийн 95 хувийн хувьцааг эзэмшдэг Компанийн тухай хуульд зааснаар толгой компани, харин "Стандарт майнинг транс" ХХК нь ЭХХК-ийн охин компани гэдгийг дурдах нь зүйтэй. Шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Түүнчлэн нэр томьёоны хувьд "Стандарт майнинг транс" ХХК-ийг англи үсгээр товчлон "SMT" ХХК гэж бичсэн байдаг бөгөөд түүнийг тус компанийн ажилчид "Эс Эм Ти" ХХК гэж гэрээнд оруулсан байдаг боловч энэ нь үндсэндээ "Стандарт майнинг транс" ХХК-ийг хэлж буй хэрэг бөгөөд үүнийг шийдвэрт хоёр хуулийн этгээд мэтээр бичиж төөрөлдүүлж байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна.
Нэхэмжлэгч 2011 оны 12 дугаар сарын 09-ний өдөр иргэн Г.В, Ч.О, В.Г, Х.В нартай Э ХХК-ийн байгуулсан "Стандарт майнинг" ХХК-ийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээтэй холбоотой шаардлага гаргаж байхад үндэслэлгүй хэмээн шийдвэрлэсэн нь ойлгомжгүй. Гэрээний нэг тал нөгөө талаасаа гэрээний үүргээ биелүүлээгүй тухай маргаж байхад шаардах эрхгүй, үндэслэлгүй гэж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.
Нэхэмжлэгч Э ХХК хувьцаа худалдах-худалдан авах гэрээнээс учирсан хохиролд хариуцагч Ч.О-гаас 117 508 147 төгрөг, Г.В-гээс 114 606 712 төгрөг, В.Г-ээс 114 606 712 төгрөг, Х.В-гээс 59 479 432 төгрөг нийт 406 201 003 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч тал эс зөвшөөрч маргажээ.
“Эс Эм Ти” ХХК-ийн хувь нийлүүлэгч болох ЭХХК, иргэн Ч.О, Г.В, В.Г, Х.В, Солонгос улсын иргэн Пак Хын Гюү, Жу Сон Бом нарын хооронд 2011 оны 12 дугаар сарын 09-ний өдөр “Эс Эм Ти” ХХК-ийн 44 хувийн хувьцааг 2 200 000 ам.доллараар худалдах-худалдан авах, гэрээний төлбөрийн урьдчилгаа 730 000 ам.долларыг гэрээ байгуулсны дараа даруй шилжүүлэх, үлдэгдэл 1 470 000 ам.долларыг ажлын 10 хоногийн дотор шилжүүлэхээр харилцан тохиролцож, уг төлбөрийг хариуцагч Г.В хүлээн авсан үйл баримт тогтоогдсон талууд энэ талаар маргаагүй.
Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараас үзэхэд “Стандарт майнинг транс” ХХК 2011 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр үүсгэн байгуулагдсан ба нэхэмжлэгч ЭХХК 2011 оны 6 дугаар сарын 13, 2011 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээгээр тус компанийн нийт хувьцааны 51 хувийг болон Ч.О, Г.В, В.Г, Х.В, Солонгос улсын иргэн Пак Хын Гюү, Жу Сон Бом нар 44 хувийн хувьцааг худалдан авснаар, 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар компанийн 95 хувийн хувьцааг, иргэн Ц.Батболд 5 хувийн хувьцааг тус тус эзэмших болсон нь хуулийн этгээдийн бүртгэлийн архивын лавлагаагаар тогтоогдсон байна. /хх 14-15/
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч нар дээрх хувьцаа худалдах-худалдан авах гэрээний 3.3-ын б дахь заалтыг зөрчсөний улмаас “Стандарт майнинг транс” ХХК-ийн бусдад төлөх төлбөрийг төлсөн гэж тайлбарлажээ.
Зохигчдын хооронд 2011 оны 12 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан Хувьцаа худалдах-худалдан авах гэрээний 3.3-ын б-д Б тал буюу Ч.О, Г.В, В.Г, Х.В, Солонгос улсын иргэн Пак Хын Гюү, Жу Сон Бом нар бусдад төлөх төлбөр, татвар, зээл, хүү алданги гэх мэт төлбөр хураамжуудыг барагдуулсан” гэжээ.
Нэхэмжлэгч Э” ХХК 2011 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс “Стандарт майнинг транс” ХХК-ийн нийт хувьцааны 51 хувийг эзэмшсэн атлаа иргэн Ж.Мэндсайхан болон “Стандарт майнинг транс” ХХК-ийн хоорондох 2011 оны 3 дугаар сарын 09, 6 дугаар сарын 09-ний өдрийн гэрээний дагуу тус компанид үүссэн өр авлагыг хариуцагч иргэдээс нэхэмжилж байгаа нь ойлгомжгүйн зэрэгцээ гэрээний дээрх заалтын агуулгаас үзэхэд “Стандарт майнинг транс” ХХК-ийн бусдад төлөх өр төлбөртэй хамааралтай зохицуулалт биш байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.
Түүнээс гадна татварын улсын байцаагч 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн “Стандарт майнинг транс” ХХК нь 2011-2012 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн талаар торгууль, алдангид нийт 43 291 800 төгрөгийн татварын өр төлбөртэй гэж тодорхойлсон боловч гэрээ байгуулах хүртэл хичнээн төгрөгийн татварын өртэй, татварын ямар зөрчил гаргасан нь тодорхойгүй байх тул уг төлбөрийг тооцон гаргуулах боломжгүй.
Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2017/02749 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчий итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О-ын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 189 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Д.БАЙГАЛМАА