Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 110

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                                

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж, шүүгч Б.Батаа, шүүгч Б.Дашдондов,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Дашням,

            улсын яллагч Б.Батболд,

            иргэдийн төлөөлөгч Ч.Чимэддулам,

            хохирогч Д.Сосор,

            шүүгдэгч Н.Самдан, түүний өмгөөлөгч Н.Цэрэндулам нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар: Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хаад Боржигин овогт Нансалмаагийн Самданд холбогдох эрүүгийн 201626012308 дугаартай хэргийг 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1988 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, “Эрдэнэ Транс” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны Орбитын 35-603 тоотод оршин суух хаягтай, урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2003 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 344 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 150.000 төгрөгөөр торгох ял шийтгэгдэж байсан, Хаад Боржигин овогт Нансалмаагийн Самдан /РД:ШУ88042151/

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Н.Самдан нь 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүрэг, 32 дугаар хороо, Шандын 1 дүгээр гудамж, 8 тоотод амьдрах Д.Сосорыг хашаандаа байхад нь түүний 1 ширхэг цагаан шүрэн хөөрөг, 3 ширхэг алтан бөгжийг нь авах зорилгоор толгойнд нь 2 удаа сүхээр цохиж, цээжин дээр нь өвдөглөж уушигны эдийн няцрал, цээжний хөндийн цусан хураа бүхий учрах үедээ амь биед аюултай хүнд гэмтэл учруулан хоолойг нь гараараа шахаж алахыг завдсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Н.Самдангийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “....Тухайн өдрийн он сарыг сайн мэдэхгүй байна. Өглөөний 10 цагт өвөө Д.Сосорын гэрт очсон. Гэрт орж цай уугаад, өвөөтэй ойр зуурын юм ярьсан. Цай уугаад 30 орчим минут юм ярьж байгаад, өвөө гарч хийж байсан ажлаа үргэлжлүүлсэн, би гарч бие зассан. Дараа нь Асемын уулзалтын үеэр өмсөж байсан ажлын цагаан бээлийг арын халаасандаа хийснээ гэнэт санаад тухайн бээлийгээ гаргаж өмсөөд саравч дахь хөрзөнг гишгэсэн. Өмнөх өдөр нь том эгч Нанжилмаа танай өвөө чинь чиний зээлсэн 600.000 төгрөгийг нэхэж байна, ойрын хугацаанд өгөөрэй гэж хэлсэн. Тухайн өдөр өвөөгийн гэрт очсон шалтгаан нь зээлсэн 600.000 төгрөгийг сарын хугацаатай хойшлуулах боломжтой юу гэж гуйх санаатай очсон. Тэгээд өвөөгийн хажууд очиж суугаад 600.000 төгрөгийн цалин буухаар өгье гэж хэлсэн. Тухайн өдөр өвөөтэй хамт амьдардаг Лууяа гэх хүн хот руу явсан байсан. Өвөө жоохон ууртай байсан. Бид хоёр юм ярьж байгаад хоорондоо маргасан. Өвөө босохдоо намайг өшиглөсөн, зүүн гарын шууг хутгаар зүссэн. Би хутгыг нь булааж авах гэж жоохон ноцолдсон. Би цус их алдсан, дугуйны хий гарч байгаа юм шиг цус гоожиж байсан. Миний ухаан санаа балартсан тэрнээс хойш юу болсныг санахгүй байна. Би хойшоо унахдаа хашаанд байсан хоёр гэрийн шинэ гэрийн хажууд унаснаа санаж байна. Би унахдаа газар байсан зүйлийг тэмтэрч байгаад бариад өвөө Д.Сосорын бие рүү цохисон. Өвөөг холдоход нь жийсэн. Намайг хэрэг гарсан газрын хоосон хашаанаас олсон гэсэн, би хаанаас олдсоноо санахгүй байна. Өвөө Д.Сосороос би хутгыг нь салгаж аваад шидсэнээ санаж байна. Өвөөг хайч бариад над руу дайрч байгааг харсан. Өвөөг цааш түлхэхэд өвөө унасан. Би босч явснаа санахгүй байна. Би цэргийн госпиталд очиход эмч 18 удаа хутгалуулсан гэж хэлсэн, сорви нь байгаа. Би өвөөг алах гэж гэрт нь очоогүй. Би хөөрөгний талаар мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

 

 Хохирогч Д.Сосорын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “....Шүүгдэгч Н.Самданг эх нь хайхардаггүй, бага наснаасаа талийгаач хөгшин бид хоёрын гар дээр өссөн. Багаасаа бие муутай эмнэлэгт их хэвтдэг эвэрхийтэй хүүхэд байсан. Талийгаач 2000 онд нас бараад миний гар дээр өссөн. Би Н.Самданг зодож байгаагүй, эрх дураар нь өсгөж байсан. Аашилж загнаж байсан тохиолдол байгаа байх. 2003 онд намайг эзгүйд авдранд байсан 1.300.000 төгрөг хулгайлсан байсан. Н.Самданг сургах санаатай тухайн асуудлыг цагдаад өгөөд прокурор, шүүхээр оруулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт очоод Н.Самдан төлбөрийн чадваргүй, нас бага гээд хэргийг нь цайруулсан. Түүнээс хойш ээж болон хойд эцэг хоёртойгоо амьдарсан. Тэр хугацаанд их хөрөнгө сүйтгэсэн. Эцэг, эх нь миний байшинд амьдарч байсан. Миний хашаанд үнэт зүйлийн том амбаар байдаг. Тэгсэн амбаарын ар талыг эвдээд тухайн үед 7.000.000-8.000.000 төгрөгийн эд зүйлийг үгүй хийсэн байсан. Би та нэг ч юм үлдээсэнгүй та нарын идэх хоол байсан гэж хэлсэн. Н.Самдан эхнэр авна, гэр өг гэхээр нь гэрээ буулгаж өгсөн. 2016 оны 8 дугаар сард эхнэртэйгээ манай гэрт ирээд шинэ тэрэг авах гэсэн юм мөнгө хэрэгтэй байна. 500.000-600.000 төгрөг өгчих гэж хэлсэн. Би Н.Самданг өгөхгүйг нь мэдээд “чамд зээлдүүллээ, чи цалинтай юм чинь цувуулаад төлнө биз” гээд өгсөн. 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өглөө гэнэт Н.Самдан гэрт ороод ирсэн. Би саравчны урд талд гэрийн бүрээс оёж суусан. Би гэртээ ороод цай өгөөд “хүү минь тэргээ авсан уу” гэж хэлэхэд “мөнгө хүрэхгүй юм чинь яаж авах юм бэ” гэж надад хэлсэн. Би 600.000 төгрөг нэхээгүй, манай том охин нэхсэн байсан. Чамд ахиж өгөх мөнгө байхгүй, надад мөнгө хэрэгтэй байгаа, би гарч гэрийн бүрээсээ оёлоо гэж хэлээд гэрээс гарч бүрээсээ оёсон. Н.Самдан эмнэлгийн нимгэн цагаан бээлийтэй байсан. Халааснаасаа ноосон бээлий хоёрыг гаргасан. Гараад юм оёж байхад Самдан дэргэд ирээд хойш, урагшаа явж байснаа буцаад гэр рүү орсон. Би баруун тийшээ хараад дөрвөн хөллөөд юм оёж байхад араас гүйгээд ирэх шиг болсон, би эргэж хараагүй, эргэж харах зав гараагүй, гэнэт тархи дундуур цохисон. Дотор муухай болоод газар дайвалзаад явсан. Хэд цохисныг нь мэдэхгүй, ямар ч байсан хоёр цохисон. Би хэн, юугаар цохиж байгааг тухайн үедээ мэдээгүй. Тэгсэн Самдан шилэн хүзүүн дээрээс базаад нэг гараараа хоолой багалзуурдаад, нэг гараараа ам барьсан. Би “амийг минь уучил, чи юу авах гэснээ ав” гэж хэлсэн чинь улам хоолой шахаад байсан. Газар нь баруун тийш хазгай байсан. Миний дээр гараад багалзуурдаад бээлийтэй гараа ам руу хийсэн, хэлийг давхар эрүүтэй барьсан. Амь тавихын алдад хутга, хайч хоёр санаанд  орсон. Гараараа тэмтрэхэд хутга гарт баригдсан. Тэгэхээр нь гарын шуу руу нь нэг удаа хатгасан. Тэгсэн Н.Самдан надтай хутга булаацалдаад намайг 2 удаа хутгалсан. Хутга хол шидэгдсэн. Н.Самдан дахин миний багалзуурыг шахсан. Гараа тэмтрэхэд хайч таарсан. Хайч аваад гуяны дотор тал руу нь дүрсэн хэд дүрснээ мэдэхгүй байна. Тэгээд босохоор нь баруун талын хашаа руу зугтааж амь гарсан. Гэрийн бүрээс дээр их хэмжээний цус болсон байсан. Би сүхээр цохиулаад ухаан алдаагүй, үхээгүй. Хутга, хайч байсан болохоор би амьд үлдсэн. Ард талын хашаанд байсан хүмүүс Н.Самданг манайх руу орохыг харсан байсан, сүх гэрийн зүүн талд байсан ” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

  

Мөн хавтаст хэргээс:

          1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газрын бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-14 х/

 

          2. Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол, гэрэл зураг /хх-ийн 20-21 х/: “...18 см урттай төмөр хайч, 019 см урттай эвхдэг хутга, модон иштэй төмөр толгойтой сүх, цус мэт зүйлээр бохигрлогдсон ажлн бээлий” зэрэг.

 

3. Хураан авах тогтоол, хураан авсан тухай тэмдэглэл: “...хохирогч Д.Сосорын 5 ширхэг фото зураг” /хх-ийн 26, 27 х/

 

4. Хохирогч Д.Сосор болон түүний хөөрөг, 3 ширхэг алтан бөгжний гэрэл зураг /хх-ийн 130-138 х/

 

5. Хохирогч Д.Сосорын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Ард халх Дамдбадаржаагийн Сосор миний бие 1933 онд төрсөн, одоо 84 настай бөгөөд эхнэр бид хоёр 11 хүүхэд төрүүлж өсгөн том болгож хүмүүжүүлсэн. Эхнэр маань олон жилийн өмнө нас барсан. Би одоо Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Шандын 1-08 тоотод монгол гэрт ганцаараа амьдардаг. 2016 оны 9 дүгээр сарын 09-ны өдөр гадаа тэнгэр цэлмэг, цаг агаар сайхан байсан болохоор би хашаанд гэрийнхээ бүрээсийг оёод байж байтал гаднаас миний зээ хүү Нансалмаагийн Самдан орж ирэхээр нь би угтаж тосоод гэр рүү ороод тавагтай идээ тавьж өгөөд “цай уу” гэхэд тэрээр гартаа эмнэлгийн нэг удаагийн цагаан бээлий хийчихсэн, тэр бээлийтэй гараараа идээнээс амсаад байхаар нь би тэрхэн үедээ гайхаад орхисон юм. Тэгээд би Н.Самдангаас “машин авах асуудал чинь юу болов” гэхэд “мөнгө хүрэхгүй юм чинь яаж авах юм бэ” гэж хэлсэн. Тэгээд би Н.Самданг “чи наад идээнээс ууж идээд цайлаад гараарай” гээд өөрөө гэрээс түрүүлж гарч бүрээсээ оёж эхэлсэн юм. Н.Самдан өмнө нь надаас машин авах гэж байна гээд 600.000 төгрөг зээлсэн юм. Тэгээд машин аваагүй байсан. Н.Самдан тухайн үед ганцаараа орж ирсэн ба эрүүл, ямар нэг архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Н.Самдан гэж залуу манай гэрт эхнэр бид хоёрын гар дээр өсөж том болж тусдаа гарч явсан учиртай. ...Юм оёж байхдаа нүднийхээ булангаар харахад Н.Самдан гэрээс гараад над руу ирж явах шиг харагдсан. Гэтэл удалгүй миний толгой дундуур 2 удаа маш хүчтэй өвдөлт мэдрэгдэж толгой өвдөж манарах үед Нансалмаа овогтой Самдан нь намайг эргүүлж харуулаад цээж хэсэг дээр өвдөглөж байгаад нэг гараараа хоолой боож шахаж нөгөө гараараа миний амыг барьж дарсан. Тэгэхээр нь “авах юмаа ав амьд үлдээчих” гэж гуйхад тэрээр бүр илүү чангалж, шахаж эхэлсэн. Энэ үед би амьсгаа давчдаад сарваганаж байхдаа бүрээс оёход ашиглаж байсан мөнгөлөг цагаан өнгийн эвхдэг хутга гарт таарахаар нь аваад миний хоолой шахаж байсан Н.Самдангийн баруун гарыг шууд 1 удаа бүлсэн. Тэгэхэд Н.Самдан миний эвхдэг тонгорогыг булааж аваад миний баруун гарын эрхий долоовор хоёр хурууны заагт 1, баруун шууны гадна хэсэгт 1 удаа хатгасан. Би Н.Самдантай хутга булаацалдаад байж байтал нөгөө хутга Н.Самдангийн гараас мултарч хажуу тийш шидэгдсэн. Энэ үед Самдан миний дээр дарсан хэвээрээ байсан. Хутга алдагдаж шидэгдсэний дараа Н.Самдан дахин миний багалзуурыг шахаж, ам барьсан би ахиад амь тэмцээд сарваганаж байтал мөн бүрээс оёх үед ашиглаж байсан жижигхэн үйлийн төмөр хайч таарахаар нь аваад Н.Самдангийн зүүн гуяны дотор талд 3 удаа бүлсэн. Тэгтэл тэрээр надаас нэг жаахан хөндийрч зай авахаар нь эргэж дөрвөн хөллөж, босоод зугтааж, хашааны хаалгаар гараад баруун талынхаа айл болох Батбилэг гэж залуугийн хашаанд орсон. Тэгэхэд Н.Самдан миний араас хөөж ирээгүй, надтай анх таарсан хүмүүс надад эмнэлэг цагдаа хоёр дуудаж өгсөн. Эмнэлгийн байгууллага ирж намайг үзээд шууд гэмтлийн эмнэлэгт аваачиж хэвтүүлээд толгойны орой хэсэгт 5, ар дагз хэсэгт 7, баруун гарын эрхий долоовор 2 хурууны завсар 5, гарын шуунд З, дэлэнд 7 удаа тус тус оёдол тавьсан. Одоо миний толгой байнга хатгаж өвдөн, цээж хэвлий хэсгээр амьсгаа авах үед давчдан, сэтгэл санааны хувьд маш их гомдолтой байна.

 ...2016 оны 8 дугаар сарын эхээр Н.Самдан надаас машин авах мөнгө ирж авахдаа миний авдар дотор байсан 3 ширхэг алтан бөгж, 1 ширхэг шүрэн хөөргийг хараад нэгийг нь хуруундаа хийчихээд энэ надад л байж байх бөгж байна гэхээр нь би хариуд нь намайг үхэхээр чи ах, дүү хоёртойгоо нэг нэгээр нь аваарай, би хоёр ахад чинь хөөрөг бэлгэнд өгсөн. Одоо энэ жилийн цагаан сараар чамд хөөрөг бэлэглэнэ гэж хэлэхэд эхнэр нь бас ямар гоё хөөрөг бэ гээд байсан. Н.Самдангийн 2016 оны 9 дүгээр сарын 09-ны өдөр манайд орж ирж намайг алах гэж оролдсон шалтгаан нь өмнө харсан гурван бөгж, хөөрөг зэргийг авах гэсэн байх. ...Харин өс хонзонгийн хувьд надад Н.Самданд өс санах зүйл байхгүй. Самдан надад өс санах учир байхгүй. Ийм учир тэрээр намайг шунахайн сэдэлтээр ирж амь насыг хохироох гэж ирсэн. ...2016 оны 9 дүгээр сарын 09-ны өдөр би Н.Самдантай хэрэлдэж маргаагүй, зүгээр энгийн яриа өрнөөд би гарч бүрээсээ оёсон. Сүхээр цохьсоныг яаж мэдсэн бэ гэхээр миний бүрээс оёж байсан газар манай гэрийн зүүн талд байсан модон иштэй төмөр сүх байгаагүй. Гэтэл намайг Н.Самдантай ноцолдож зугтаж гарсан тэр газар манай сүх байсан, хэргийн газрын үзлэгээр тэндээс хураагдсан. Тэгэхээр би Самданг тэр сүхээр миний араас цохьсон үзэж байгаа, өөр цохих зүйл байхгүй...Би Самдангийн далны хэсэгт яг хатгасан эсэхээ санахгүй байна, хэрвээ хатгасан бол би хайчаар хатгасан байх тэр үед амь тэмцээд юу болсныг заримыг санахгүй байна. Самдан дээр гарч суухдаа хавирга руу өвдгөөрөө дарсан юм. Тэгээд хавирга хугараад тэр уушгинд хүрсэн байсан. Тэр үедээ би мэдээгүй, эмнэлгийн зурган дээрээс гарсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-32 х, 33-34 х/

 

            6. Гэрч Ш.Отгонжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...2016 оны 9 дүгээр сарын 09-ны өдрийн 09 цагаас оройн 17 цаг хүртэл хугацаанд Сэлбэ-115 дугаар чиглэл буюу Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт ахмад Б.Бат-Эрдэний хамт машинт эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн юм. Үүрэг гүйцэтгэж байх үед өдрийн 12 цаг 25 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Шандын 1-08 тоотод “хүн хутгалууллаа” гэх дуудлага ирсний дагуу уг хаяг дээр 12 цаг 45 минутанд яваад очиход хутгалуулсан гэх Д.Сосор гэж өвгөн биенээс нь цус гарчихсан 103-ын машинаар эмнэлэг явж байсан. Бид хоёрыг хэргийн газрыг хамгаалтанд авч төв рүүгээ дуудлага өгч бүрэлдэхүүн дуудаад хүлээж байхад Д.Сосор гэж хүнийг гэмтээсэн залуу болох Н.Самдан нь Д.Сосор гэж хүний зүүн талын хашаа даваад явсан гэж хажуу айлын залуу нь хэлэхээр нь зүүн талын хашаа руу ороход эзэнгүй байшин дотор цээж хэсгээрээ саарал өнгийн футволктой, биеийн зүүн гарын шууны дотор хэсгээс цус ихээр гарсан дотор гуя нь мөн хатгагдаж цус гарсан 25-30 орчим насны залуу дээшээ хараад хэвтэж байсан. Тэгээд бид хоёр дахин түргэний машин дуудаж нөгөө залууг явуулсан юм. Анх хэрэг болсон гэх газар очиход Шандын 1-08 тоот хашаанд 2 монгол гэр бариатай, уг хоёр гэрийн хойд талд байх малын модон саравчны урд цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон хайч, хутга, малгай, гэрийн бүрээс гэх мэд зүйлүүд байсан бөгөөд Д.Сосор гэж өвгөн бид хоёртой уулзаагүй хажуу талынхаа айлын залууд “хэрвээ би эмнэлэгт хүрч чадахгүй үхвэл намайг зээ хүү Н.Самдан ирж ийм болгосон гэж хэлээрэй” гээд явсан байсан. Харин Н.Самдан гэх залуугийн байгаа газар ороход ухаан нь балартсан яриа нь орж гарсан, юу болсон гэж асуухад манай нас барсан эмээ нааш нь хөтлөөд аваад ирлээ, юу болсоныг мэдэхгүй энд хэвтэж байна гээд эмнэлэг явсан. Энэ хоёр хүнийг архи, согтууруулах ундааны зүйл хэргэлсэн байсан эсэхийг гаднаас нь үнэрлээд мэдэх боломжгүй байсан. Насны хувьд Д.Сосор гэж хүн 80 гарсан настай, биеийн байдал жижиг туранхай хөгшин байсан. Харин Самдан гэж залуу 25-30 орчим настай, 175 орчим өндөр, махлаг, биеэрхүү залуу байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-40 х/

 

             7. Гэрч С.Намжилмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:   

              “...2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр миний охин дүү Нансалмаагийн том хүү Самдан аавын /Д.Сосор/ гэрт очиж аавыг маань хүндээр бэртээсэн байсан. Би энэ талаар мөн өдөр мэдсэн бөгөөд хажуу талынх нь айлын хүн нь над руу залгаж “аав чинь цус алдаад муу байна, хурдан ир” гэхээр нь би яваад очиход аав маань толгой, гар, ам гэх газруудаас их хэмжээний цус гарсан, “Самдан ирээд намайг ийм болгочихлоо” гэж хэлсэн. Тэгээд эмч нар, цагдаа нар ирсэн. ...Ажлын цагаан бээлийтэй гаднаас орж ирсэн гэж аав маань хэлсэн. Үүнээс үзэхэд дотроо ямар нэг санаа бодол агуулж орж ирсэн байх...Самдан 2016 оны 8 дугаар сард манай аав Сосороос машин авна гээд 600.000 төгрөг зээлсэн байсныг би сүүлд мэдсэн. Тэгээд би 2016 оны 9 дүгээр сарын эхээр Самдан руу залгаад “өвөөгөөсөө авсан мөнгөө даруй өгөөрэй” гэж хэлсэн. Түүнээс “өвөө чинь мөнгөө нэхээд байна” гэж хэлсэн зүйл байхгүй. Тэгээд ч манай аав мөнгөө нэхээгүй. ...Манай аав Самданд дургүй хүн бол биш бусад хүүхдийнхээ адилаар ханддаг байсан. ...Манай аавд 3 алтан бөгж, 1 хөөрөг зэрэг зүйл байсныг авах зорилгоор очоод ийм зүйл болсон гэж бодож байна. Нэг ёсондоо аавыг маань толгой руу нь сүхээр цохиод багалзуурыг нь шахсан гэхээр шууд алах зорилготой л байсан гэж бодож байна. 1 ширхэг хөөргийг нь бол би мэднэ. Би чулууг нь мэдэхгүй. Цагаан өнгөтэй хөөрөг байдаг. 3 ширхэг алтан бөгж байдгийг нь мэднэ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43-44, 48-50 х/

 

               8. Гэрч А.Батбилэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

                 “...Тэр өдөр 12 цагийн үед шиг санаж байна, манайх гэрээ буулгачихаад байж байтал манай хажуу хашааны Сосор өвгөн гэнэт орилоод, нохой шуугилдаад явчихсан юм. Тэгтэл би хашааны завсраар хартал Сосор өвгөний толгой нил цус болчихсон хашааны хаалгаараа гарах гээд явж байсан. Тэгтэл гэрийнх нь ардуур нэг цагаан цамцтай хүн хашаа даваад цаашаа буусан. Тэгээд би Сосор өвгөнийг хашаандаа оруулаад юу болсон талаар асуухад “манай ач гэлүү, зээ гэлүү нэг хүн сүхдчихээд явлаа” гэж хэлсэн. Тэгээд би түргэн дуудаж өгсөн. Тэгээд 30 гаран минутын дараа түргэн ирээд араас нь цагдаа ирсэн. Тэгээд хэрэг болсон газарт нь цагдаатай очиход 1 ширхэг төмөр сүх, эргүүлээд дотор талыг нь гаргачихсан цус болчихсон цагаан өнгийн бээлий байсан. Тэгээд тэд нарыг цагдаа, өвгөнийг түргэн аваад явсан. Сосорын толгой ардуураа хагарсан, толгой хэсэг нь нилдээ цус болсон байсан. Гартаа нэг хайч барьчихсан үүгээр амь гарлаа гээд явж байсан. Даавуун материалтай цагаан бээлий байсан. Сосор ааш зангийн хувьд ямар нэгэн муу зүйл байхгүй. Тохьтой л хүн. Бид нар нэг нэгнийхээрээ орж гарч л байдаг...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 189-190 х/

 

            9. Гэрч Ц.Баясгалангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

  “...2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Сосор гэх хүний хэлэнд оёдол тавьсан. Ямар хүчин зүйлийн улмаас үүссэн гэдгийг мэдэхгүй байна. Үзлэгээр хэлнээс цус гарсан байсан тул цус тогтоох оёдол тавьсан. Дээрх шарх нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдээгүй байсан. Энэ шарх нь хүчтэй /толгой руу/ цохиулах үед хэлээ хазсаны улмаас үүссэн байх магадлалтай. Түүнээс яг нарийн шарх үүссэн болохыг хэлэх боломжгүй. Баруун сарвууны шарх нь хурц иртэй зүйлээр зүсэгдэж үүссэн байж болзошгүй байна. Би өвчтөнийг санахгүй байгаа учир өвчний түүхийг эргэж үзэхэд зөвхөн баруун гарандаа шархтай гэж бичигдсэн байна. Шархны хэмжээ болон гүнзгийг би санахгүй байна. Тухайн үед хэмжиж үзсэн үгүйгээ ч санахгүй байна. Ээлжинд гарах хугацаанд 30-40 хүн үздэг тул аль алиныг нь санахгүй байна. Сосорын хүзүү хойлойнд боолтын ул мөр байсныг санахгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 51-52 х/

 

            10. Гэрч Ц.Цэнд-Очирын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

            “...Сосорт мэс заслын эмчилгээ хийгээгүй. Харин өвчтний өвчний түүхийг бичих явцад эмнэлгээс гарах үеийн хуудсанд мэс заслын эмчилгээ гэсэн сонголтыг санамсаргүй дугуйлсан байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 55-56 х/

 

            11. Д.Сосорын өвчний түүх /хх-ийн 162-170 х/

 

12. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 12704 дугаартай дүгнэлтэд:

 а/ Сосорын биед баруун уушгины эдийн няцрал, цээжний хөндийн цусан хураа, баруун талын 4, 5-р хавирганы далд зөрүүтэй хугарал, баруун зулай, дагз баруун сарвуу, шуу няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, хэлэнд шарх, хүзүү, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

 б/ Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

 в/ Уушгины эдийн няцрал, цээжний хөндийн цусан хураа гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Баруун талын 4,5-р хавирганы хугарал гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр, бусад гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            г/ Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 60 х/

 

         13. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 8522 дугаартай дүгнэлтэд:

а/ Шинжилгээнд ирүүлсэн 1 гэж дугаарласан Д.Сосорын гэх шингэн цус нь АВО системээр В/III/ бүлгийн харьяалалтай байна.

б/ 2 гэж дугаарласан Н.Самдангийн гэх шингэн цус нь АВО системээр В/III/ бүлгийн харьяалалтай байна.

в/ 3 гэж дугаарласан 11 см шаргал өнгийн оруулгатай иштэй 19 см урттай хутга, 4 гэж дугаарласан бор өнгийн даавуун малгай, 5 гэж дугаарласан хос ажлын бээлий, 6 гэж дугаарласан хөрсний хэсэг, 7 гэж дугаарласан хөшигний тасархай, 8 гэж дугаарласан цагаан өнгийн бариултай хайч, 9 гэж дугаарласан саарал өнгийн футболк дээр цус илэрсэн.

г/ 4 гэж дугаарласан бор өнгийн даавуун малгай, 5 гэж дугаарласан хос ажлын бээлий, 7 гэж дугаарласан хөшигний тасархай, 9 гэж дугаарласан саарал өнгийн фудболк дээр илэрсэн цус нь АВО системээр В/III/ бүлгийн харьяалалтай, хайчин дээр илэрсэн цусны бүлгийн харьяаллыг тогтоох боломжгүй байна.

д/ 10 гэж дугаарласан 19,5 х 14,5 см хэмжээтэй төмөр толгойтой 53,5 см хэмжээтэй төмөр толгойтой 53,5 см модон иштэй сүхэн дээр цус илрээгүй гэжээ. /хх-ийн 90 х/

 

            14. Шинжээч М.Отгонбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

                 “...Сосорын биед тухайн үед буюу 2016 оны 09 дүгээр сарын 09-ний
өдөр бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, баруун уушигны
эдийн няцрал, цээжний хөндийн цусан хураа, баруун талын 4,5 дугаар хавирганы
зөрүүтэй хугарал, баруун зулай, дагз баруун сарвуу, шуунд няцарсан шарх зөөлөн
эдийн няцрал, хэлэнд шарх, зүүн хацарт зулгаралт бүхий шинэ гэмтэл тогтоогдсон. Харин зүүн талын нүдний ухархайн дотор хананы хуучин цөмөрсөн хугарал
мөн хамар ясны хуучин хугарал, хамрын таславчийн муруйлт, цээжний КТГ-ийн
шинжилгээнд илэрсэн баруун талын 6-11 дүгээр хавирганы бороолсон хуучин
хугарал, бүсэлхийн 1 дүгээр нугаламын шахагдсан хуучин хугарал зэрэг нь дээрх
дүгнэлтэнд тусгагдсан гэмтэлтэй шалтгаант холбоогүй, тусдаа хуучин үүсгэгдсэн
хуучин гэмтэл учир дүгнэлтэнд тусгаагүй. Д.Сосорын биед дүгнэлт гаргахдаа бодит үзлэг хийж мөн гэмтлийн эмнэлэгт эмчлэгдэж байсан өвчний түүх болон Д.Сосорын биед хийгдсэн шинжилгээнүүдийг үндэслэн дүгнэлтийг гаргасан. Бодит үзлэгээр баруун зулай дагз сарвуу, шууны няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал хэлэнд шарх, зүүн хацарт зулгаралт бүхий гэмтэл тогтоогдсон. Цээжний КТГ-ийн шинжилгээнд баруун уушигны эдийн няцрал, цээжний хөндийн цусан хураа, баруун талын 4, 5 дугаар хавирганы далд зөрүүтэй хугарал, гэмтэл оношлогдсон. Эдгээрийг үндэслэн дүгнэлтийг гаргасан. Гэмтлийн эмнэлгийн оношинд “тархи доргилт” гэж оношлогдсон бөгөөд энэ нь бодит үзлэг болон хийгдсэн шинжилгээнд тогтоогдоогүй учир дүгнэлтэнд тусгагдаагүй. Д.Сосорын биед үүссэн баруун уушигны эдийн няцрал цээжний хөндийн цусан хураа гэмтэл нь ШЭГЗТЖ-ын 3.1.12-т зааснаар амь биед аюултай гэмтлийн “хүнд” зэрэгт хамаарах бөгөөд мэс заслын эмчилгээ хийгдэх болон эмийн эмчилгээ хийгдэх зэрэг нь тухайн үеийн эмчилгээний тактик байдаг бөгөөд ийм гэмтэлтэй хүнд заавал мэс заслын эмчилгээ хийнэ гэсэн заалт байхгүй. Хохирогчийн тархинд үүссэн шарх болон бусад дүгнэлтэнд тусгагдсан гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дүгнэлтэнд тусгагдсан байгаа. Тухайн хүний нас болон биеийн онцлог тухайн үеийн биеийн байдал зэргээс шалтгаалж харилцан адилгүй байх бөгөөд биеэ хамгаалж чадахгүй байх байдал бий болсон эсэхийг тогтоох боломжгүй. Хохирогчийн биед баруун зулай дагз баруун сарвуу, шуунд болон хэлэнд шарх бүхий гэмтэл үүссэн байсан, эдгээр гэмтэл нь тус тусдаа мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Д.Сосорын биед үүссэн баруун уушигны эдийн няцрал цээжний хөндийн цусан хураа гэмтэл нь ШЭГЗТЖ-ын 3.1.12-т зааснаар Амь биед аюултай гэмтлийн “Хүнд” зэрэгт хамаарна. Цээжний баруун талын 4, 5 дугаар хавирганы хугарал нь тусдаа гэмтлийн “хүндэвтэр” зэрэгт хамаарна. Шарх зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтэл нь тусдаа гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаарагдана...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 68-69 х/

 

            15. Сэтгэц эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 989 дугаартай дүгнэлтэд:

                  а/ Д.Сосор нь “тархи доргилтын дараах хам шинж” хэмээх сэтгэцийн эмгэгтэй байна.

                  б/ Уг эмгэг нь олдмол /2016-09-09-нд бусдад зодуулж тархиндаа гэмтэл авсны улмаас дээрхи гэмтэл үүснэ/

                в/ Д.Сосор нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

                г/ Д.Сосор нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна гэжээ. /хх-ийн 101-104 х/

 

            16. Сэтгэц эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 984 дугаартай дүгнэлтэд:

            а/ Н.Самдан нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

    б/ Н.Самдан нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

    г/ Н.Самдан нь хэрэг хариуцах чадвартай байна гэжээ. /хх-ийн 96-97 х/

 

            17. Гэрч О.Цэцэгжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

              “...Н.Самдан нь 1988 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эхээс 3-уулаа, 2 эрэгтэй дүүтэй, айлын том хүүхэд юм. Бага насаа эмээ, өвөө дээрээ өнгөрүүлсэн. Эмээ нь одоо нас барсан. Өвөө нь байдаг. Одоо Эрдэм Транс ХХК-д жолооч хийдэг. Өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Ааш зангийн хувьд ширүүн, догшин зан байхгүй. ...2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 11 цаг өнгөрч байхад Самдан над руу залгаад “чи хүрээд ирээч, би үхлээ” гэж хэлсэн. Тэгээд би хаана байгааг нь асуухад “өвөөгийнд байна” гэж хэлсэн. Тэгээд би такси бариад очтол өвөөг нь эмнэлэг аваад явчихсан. Самданг хажуу хашааны амбаараас олоход гарнаас, хөлнөөс нь цус гараад цус алдсан байсан. Тэгээд 1 цаг гарангийн дараа түргэн ирээд Самданг аваад явсан. Би тэр хоёрыг юунаас болж маргалдаад тийм асуудал болсныг мэдэхгүй байна. ...2016 оны 8 сард Самдан бид 2 өвөөгөөс нь очиж 600.000 төгрөг зээлсэн юм. Тэгээд очиход өвөө нь 1 ширхэг хөөрөг, 3 ширхэг алтан бөгж үзүүлээд цагаан сараар Самданд хөөргийг нь өгнө гэж ярьж байсан. 2015 оны цагаан сараар би ажилтай өвөөгийнд нь очиж чадаагүй Самдан хамаатнуудтайгаа очсон юм. Тэгтэл тэр өдөр над руу утсаар залгаад уйлаад, Мөнхбаяр, Батбаяр хоёрт өвөө хөөрөг өгсөн мөртлөө надад өгсөнгүй гээд уйлаад байсан. Тэгээд мөнгө зээлэх гэж очихдоо энэ талаар ярихад өвөө нь хөөрөг өгнө гэж байсан юм байна лээ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 46-47, 186-188 х/

 

           18. Гэрч Н.Сампилбазарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

            “...Самдан нь 1988 онд Улаанбаатар хотод төрсөн. Бага насаа эмээ, өвөө дээр өнгөрүүлсэн, сургуульд сураагүй байх. Эмээ дээр л мал маллаад байдаг байсан. Энэ үед би ээж дүүтэйгээ хотод байдаг байсан. Тэгээд ах маань 15-16 настайдаа хотод орж ирээд бид нартай амьдарсан. Энэ хугацаандаа микро автобусанд кондуктор, барилгын ажил зэрэг хийдэг байсан. Манай ээж сүүлийн нөхрөөсөө салаад ажил төрөл хийдэггүй байхад ах маань л бид гурвыг авч явдаг байсан. Тэгээд би ахтайгаа сүүлийн үед уулзалдахаа байсан. Тусдаа амьдралтай болохоор бие биетэйгээ нэг их уулзаад байдаггүй байсан. ...Самдан архи ууж, тамхи татдаггүй...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 57-59 х/

 

19. Гэрч С.Наранцэнгэлийн мэдүүлэг /хх-ийн 53-54х/

20.Шүүгдэгч Н.Самдангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

             “...Би тэр өдөр өөрийн өвөө дээрээ очихдоо алах санаа зорилготой очоогүй, би 1 сарын өмнө өвөөгөөсөө 600.000 төгрөг зээлсэн байсан юм. Тэгээд хугацаандаа төлж чадахгүй байсан учраас хугацааг нь бага зэрэг хойшлуулах санаатай өвөөгийндөө очсон юм. Хэрэг болохоос 3 хоногийн өмнө манай ээжийн том эгч Намжилмаа “өвөө чинь мөнгөө авах гээд нэхэж байна” гэж хэлсэн. Тэгээд би очиж уулзах гэж гэрт нь очсон юм. 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр би гэрээсээ 08 цаг 30 минутад гараад Эмээлт рүү өвөөтэйгээ очиж уулзах гээд гэр рүү нь явсан. Тэгээд 10 цаг 25 минутын орчим гэрт нь очсон. Намайг очиход манай өвөө гэртээ ганцаараа байсан. Тэгээд би гэрт өвөөтэй хамт ороод цай унд уусан. Энэ үед манай өвөө ууртай байсан. Тэгээд юу болсон талаар асуухад Лууяа өглөө хувцсаа аваад хот руу явсан гэж ярьж байсан. Тэгээд өвөөтэй 30-аад минут ах дүүсийнхээ талаар юм ярьж сууж байгаад тэгээд өвөө бид 2 хамт гарсан. Тэгээд өвөө саравчныхаа урд туурга оёод суусан. Би саравчин дотор хөрзөн гишгээд байж байсан. Хэсэг хугацааны дараа би өвөөтэй зээлсэн мөнгөнийхээ талаар ярих гээд хажууд нь очоод суусан. Тэгээд өвөөд хандаж цалин буухаар дараа сараас мөнгийг чинь өгье гэж хэлэхэд өвөө уурлаж “мөнгө авчихаад тухайн үед нь өгөхөд яадаг юм, заяагүй хулгайч” гэж хэлээд босохдоо намайг 2 удаа өшиглөөд авсан. Тэгэхээр нь би шууд босоод гэрийн хаяанд байсан модон иштэй төмөр сүхийг аваад ар талаар нь өвөөгийн толгойны дагз хэсэгт нь нэг удаа цохьсон. Тэгээд би сүхээ хаятал өвөө газарт байсан эвхэгддэг жижиг хутгаа аваад миний зүүн гарын шууг зүссэн. Тэгтэл миний гарнаас цус хүчтэй гарахаар нь баруун гараараа дартал өвөө намайг дараад унасан. Тэгээд миний нүд эрээлжлээд өвөөг түлхсэн. Тэгтэл өвөө дахин намайг дарж аваад миний гуя руу хутгаар хатгасан. Тэгээд би өвөөгийн зүүн цээжний хэсэг рүү нь жийсэн. Тэгтэл өвөө хойшоо унасан. Тэгээд би босоод явах гэтэл толгой эргээд гуйваад байсан. Тэгээд гэр рүү ороод ус уусан. Энэ хооронд өвөө малын саравч руу орсон байх, би хажуу хашааны амбаарт ороод хэвтсэнээ санаж байна. Тэгээд л ухаан алдсан байх. Нэг ухаан ороод эмнэлгийн машин ирэхэд манай гэрийнхэн бүгд ирчихсэн байсан. Тэгээд эмнэлэгт хүргэгдсэн. Би өвөө рүү хутга барьж дайраагүй, харин хутгыг нь салгах гэж булаацалдаж байх хоорондоо л гарыг нь зүссэн байх. Түүнээс би хутгалаагүй. Би хутгыг нь авахдаа дээр нь гарч мордож суугаад хутгыг нь аваад шидсэн, харин амыг нь дарсан зүйл байхгүй. Би ам руу нь ямар нэгэн зүйл хийж чихээгүй. Би автобусны жолооч тул АСЕМ-ийн уулзалтын үеэр бид нарт 3 ширхэг цагаан бээлий тарааж өгсөн юм, би түүнийхээ нэгийг тэр өдөр халаасандаа хийчихсэн явж байсан бөгөөд хөрзөн гишгэхдээ гаргаж ирж өмссөн юм. Тэгээд өвөөтэй ноцолдоод гараа зүсүүлэхдээ баруун гарынхаа бээлийг тайлж зүүн гартаа барьсан юм. Түүнээс ам руу нь ямар нэгэн зүйл хийгээгүй. Би өвөөгөөсөө 600.000 төгрөг зээлэхээсээ өмнө 1.000.000 төгрөг зээлсэн байсан, түүнийгээ өгөөгүй байсан юм. Өвөөгөөс авах авлага байхгүй, ямар нэгэн өс хонзонгийн асуудал гэх зүйл байхгүй. Намайг сарын өмнө эхнэртэйгээ өвөөгийн гэрт очоод “та ачдаа муу юм байна даа, нөгөө 2 ачдаа хөөрөг өгчихөөд надад өгөхгүй, надад муу юм байна” гээд тоглоод хэлж байсан. Тэгтэл өвөө нэг цагаан хөөрөг харуулаад тэр хөөргөө энэ цагаан сараар надад өгнө гээд бэлдсэн гэж ярьж байсан. Тэр хөөрөгнийхөө хажуугаар 3 ширхэг алтан бөгж гаргаж ирээд 3 ачдаа өгнө гэж ярьж байсан. Тэр үед би 3 бөгжийг гартаа зүүж байсан. Би тэдгээр зүйлсийг авах санаа зорилготой байгаагүй. Цагаан сараар өгнө гэж байсан болохоор нь энэ цагаан сараар нэг хөөрөгтэй болох юм байна даа гэж бодсон. ...Надад нийт 18 хутганы шарх байна, эдгээр нь зарим нь хутга булаацалдаж байхад үүссэн, зарим нь өвөө зүссэн юм байгаа байх. Заримыг нь мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 119-122, 191-193 х/

 

            21. Шүүгдэгч Н.Самдангийн хувийн байдалтай холбоотой баримтууд Үүнд:

            - Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 148 х/

            - Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 149 х/

            - Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 154, 194 х/

    - Н.Самдангийн өвчний түүх /хх-ийн 73-80 х/

    -  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1389 дугаартай дүгнэлт /хх-ийн 85-86 х/, улсын яллагчаас гаргаж өгсөн 1хуудас баримт зэрэг болно.

 

Шүүхийн дүгнэлтийн талаар:

Шүүгдэгч Н.Самдан нь 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүрэг, 32 дугаар хороо, Шандын 1 дүгээр гудамж, 8 тоот хашаан дотор шунахайн сэдэлтээр хохирогч Д.Сосорыг амь биед нь аюултай хүнд гэмтэл учруулан хүнийг санаатай алахыг завдсан болох нь:

 

 Хохирогч Д.Сосорын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад өгсөн: “....Шүүгдэгч Н.Самдан нь бага наснаасаа талийгаач хөгшин бид хоёрын гар дээр өссөн. Би Н.Самданг зодож байгаагүй, эрх дураар нь өсгөж байсан. Аашилж загнаж байсан тохиолдол байгаа байх. 2016 оны 8 дугаар сард эхнэртэйгээ манай гэрт ирээд шинэ тэрэг авах гэсэн юм мөнгө хэрэгтэй байна. 500.000-600.000 төгрөг өгчих гэж хэлсэн. Би Н.Самданг өгөхгүйг нь мэдээд “чамд зээлдүүллээ, чи цалинтай юм чинь цувуулаад төлнө биз” гээд өгсөн. 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өглөө гэнэт Н.Самдан гэрт ороод ирсэн. Би саравчны урд талд гэрийн бүрээс оёж суусан. Би гэртээ ороод цай өгөөд “хүү минь тэргээ авсан уу” гэж хэлэхэд “мөнгө хүрэхгүй юм чинь яаж авах юм бэ” гэж надад хэлсэн. Би 600.000 төгрөг нэхээгүй, манай том охин нэхсэн байсан. Чамд ахиж өгөх мөнгө байхгүй, надад мөнгө хэрэгтэй байгаа, би гарч гэрийн бүрээсээ оёлоо гэж хэлээд гэрээс гарч бүрээсээ оёсон. Н.Самдан эмнэлгийн нимгэн цагаан бээлийтэй байсан. Халааснаасаа ноосон бээлий хоёрыг гаргасан. Гараад юм оёж байхад Самдан дэргэд ирээд хойш, урагшаа явж байснаа буцаад гэр рүү орсон. Би баруун тийшээ хараад дөрвөн хөллөөд юм оёж байхад араас гүйгээд ирэх шиг болсон, би эргэж хараагүй, эргэж харах завдал гараагүй. Гэтэл удалгүй миний толгой дундуур 2 удаа маш хүчтэй өвдөлт мэдрэгдэж толгой өвдөж манарах үед Нансалмаа овогтой Самдан нь намайг эргүүлж харуулаад цээж хэсэг дээр өвдөглөж байгаад нэг гараараа хоолой боож шахаж нөгөө гараараа миний амыг барьж дарсан. Тэгэхээр нь “авах юмаа ав амьд үлдээчих” гэж гуйхад тэрээр бүр илүү чангалж, шахаж эхэлсэн. Энэ үед би амьсгаа давчдаад сарваганаж байхдаа бүрээс оёход ашиглаж байсан мөнгөлөг цагаан өнгийн эвхдэг хутга гарт таарахаар нь аваад миний хоолой шахаж байсан Н.Самдангийн баруун гарыг шууд 1 удаа бүлсэн. Тэгэхэд Н.Самдан миний эвхдэг тонгорогыг булааж аваад миний баруун гарын эрхий долоовор хоёр хурууны заагт 1, баруун шууны гадна хэсэгт 1 удаа хатгасан. Би Н.Самдантай хутга булаацалдаад байж байтал нөгөө хутга Н.Самдангийн гараас мултарч хажуу тийш шидэгдсэн. Энэ үед Самдан миний дээр дарсан хэвээрээ байсан. Хутга алдагдаж шидэгдсэний дараа Н.Самдан дахин миний багалзуурыг шахаж, ам барьсан би ахиад амь тэмцээд сарваганаж байтал мөн бүрээс оёх үед ашиглаж байсан жижигхэн үйлийн төмөр хайч таарахаар нь аваад Н.Самдангийн зүүн гуяны дотор талд 3 удаа бүлсэн. Тэгтэл тэрээр надаас нэг жаахан хөндийрч зай авахаар нь эргэж дөрвөн хөллөж, босоод зугтааж, хашааны хаалгаар гараад баруун талынхаа айл болох Батбилэг гэж залуугийн хашаанд орсон. Би сүхээр цохиулаад ухаан алдаагүй, үхээгүй. Хутга, хайч байсан болохоор би амьд үлдсэн. Ард талын хашаанд байсан хүмүүс Н.Самданг манайх руу орохыг харсан байсан, сүх гэрийн зүүн талд байсан. 2016 оны 9 дүгээр сарын 09-ны өдөр манайд орж ирж намайг алах гэж оролдсон шалтгаан нь өмнө харсан гурван бөгж, хөөрөг зэргийг авах гэсэн байх. Маш их гомдолтой байна. Энэ хүнээс нэхэмжлэх зүйлгүй, зохих ял шийтгэлийг нь оногдуулж өгнө үү” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл, хх-ийн 29-32 х, 33-34 х/

  

            Гэрч Ш.Отгонжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 9 дүгээр сарын 09-ны өдрийн 12 цаг 25 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Шандын 1-08 тоотод “хүн хутгалууллаа” гэх дуудлага ирсний дагуу уг хаяг дээр 12 цаг 45 минутанд яваад очиход хутгалуулсан гэх Д.Сосор гэж өвгөн биенээс нь цус гарчихсан 103-ын машинаар эмнэлэг явж байсан. Хэргийн газрыг хамгаалтанд авч төв рүүгээ дуудлага өгч бүрэлдэхүүн дуудаад хүлээж байхад Д.Сосор гэж хүнийг гэмтээсэн залуу болох Н.Самдан нь Д.Сосор гэж хүний зүүн талын хашаа даваад явсан гэж хажуу айлын залуу нь хэлэхээр нь зүүн талын хашаа руу ороход эзэнгүй байшин дотор цээж хэсгээрээ саарал өнгийн футволктой, биеийн зүүн гарын шууны дотор хэсгээс цус ихээр гарсан дотор гуя нь мөн хатгагдаж цус гарсан 25-30 орчим насны залуу дээшээ хараад хэвтэж байсан. ...Анх хэрэг болсон гэх газар очиход Шандын 1-08 тоот хашаанд 2 монгол гэр бариатай, уг хоёр гэрийн хойд талд байх малын модон саравчны урд цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон хайч, хутга, малгай, гэрийн бүрээс гэх мэд зүйлүүд байсан бөгөөд Д.Сосор гэж өвгөн бид хоёртой уулзаагүй хажуу талынхаа айлын залууд “хэрвээ би эмнэлэгт хүрч чадахгүй үхвэл намайг зээ хүү Н.Самдан ирж ийм болгосон гэж хэлээрэй” гээд явсан байсан. Насны хувьд Д.Сосор гэж хүн 80 гарсан настай, биеийн байдал жижиг туранхай хөгшин байсан. Харин Самдан гэж залуу 25-30 орчим настай, 175 орчим өндөр, махлаг, биеэрхүү залуу байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-40 х/

 

             Гэрч С.Намжилмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр миний охин дүү Нансалмаагийн том хүү Самдан аавын /Д.Сосор/ гэрт очиж аавыг маань хүндээр бэртээсэн байсан. Би энэ талаар мөн өдөр мэдсэн бөгөөд хажуу талынх нь айлын хүн нь над руу залгаж “аав чинь цус алдаад муу байна, хурдан ир” гэхээр нь би яваад очиход аав маань толгой, гар, ам гэх газруудаас их хэмжээний цус гарсан, “Самдан ирээд намайг ийм болгочихлоо” гэж хэлсэн...Ажлын цагаан бээлийтэй гаднаас орж ирсэн гэж аав маань хэлсэн. Үүнээс үзэхэд дотроо ямар нэг санаа бодол агуулж орж ирсэн байх...Самдан 2016 оны 8 дугаар сард манай аав Сосороос машин авна гээд 600.000 төгрөг зээлсэн байсныг би сүүлд мэдсэн. Тэгээд би 2016 оны 9 дүгээр сарын эхээр Самдан руу залгаад “өвөөгөөсөө авсан мөнгөө даруй өгөөрэй” гэж хэлсэн. Түүнээс “өвөө чинь мөнгөө нэхээд байна” гэж хэлсэн зүйл байхгүй...Манай аавд 3 алтан бөгж, 1 хөөрөг зэрэг зүйл байсныг авах зорилгоор очоод ийм зүйл болсон гэж бодож байна. Нэг ёсондоо аавыг маань толгой руу нь сүхээр цохиод багалзуурыг нь шахсан гэхээр шууд алах зорилготой л байсан гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43-44, 48-50 х/

 

               Гэрч А.Батбилэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэр өдөр 12 цагийн үед шиг санаж байна, манайх гэрээ буулгачихаад байж байтал манай хажуу хашааны Сосор өвгөн гэнэт орилоод, нохой шуугилдаад явчихсан юм. Тэгтэл би хашааны завсраар хартал Сосор өвгөний толгой нил цус болчихсон хашааны хаалгаараа гарах гээд явж байсан. Тэгтэл гэрийнх нь ардуур нэг цагаан цамцтай хүн хашаа даваад цаашаа буусан. Тэгээд би Сосор өвгөнийг хашаандаа оруулаад юу болсон талаар асуухад “манай ач гэлүү, зээ гэлүү нэг хүн сүхдчихээд явлаа” гэж хэлсэн. Тэгээд би түргэн дуудаж өгсөн. Тэгээд 30 гаран минутын дараа түргэн ирээд араас нь цагдаа ирсэн. Тэгээд хэрэг болсон газарт нь цагдаатай очиход 1 ширхэг төмөр сүх, эргүүлээд дотор талыг нь гаргачихсан цус болчихсон цагаан өнгийн бээлий байсан. Даавуун материалтай цагаан бээлий байсан. Сосорын толгой ардуураа хагарсан, толгой хэсэг нь нилдээ цус болсон байсан. Гартаа нэг хайч барьчихсан үүгээр амь гарлаа гээд явж байсан....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 189-190 х/

 

             Гэрч Ц.Баясгалангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Сосор гэх хүний хэлэнд оёдол тавьсан. Ямар хүчин зүйлийн улмаас үүссэн гэдгийг мэдэхгүй байна. Үзлэгээр хэлнээс цус гарсан байсан тул цус тогтоох оёдол тавьсан. Дээрх шарх нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдээгүй байсан. Энэ шарх нь хүчтэй /толгой руу/ цохиулах үед хэлээ хазсаны улмаас үүссэн байх магадлалтай. Түүнээс яг нарийн шарх үүссэн болохыг хэлэх боломжгүй. Баруун сарвууны шарх нь хурц иртэй зүйлээр зүсэгдэж үүссэн байж болзошгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 51-52 х/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 12704 дугаартай дүгнэлтэд:

 а/ Сосорын биед баруун уушгины эдийн няцрал, цээжний хөндийн цусан хураа, баруун талын 4, 5-р хавирганы далд зөрүүтэй хугарал, баруун зулай, дагз баруун сарвуу, шуу няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, хэлэнд шарх, хүзүү, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

 б/ Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

 в/ Уушгины эдийн няцрал, цээжний хөндийн цусан хураа гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Баруун талын 4,5-р хавирганы хугарал гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр, бусад гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

     г/ Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 60 х/

 

         Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 8522 дугаартай дүгнэлтэд:

а/ Шинжилгээнд ирүүлсэн 1 гэж дугаарласан Д.Сосорын гэх шингэн цус нь АВО системээр В/III/ бүлгийн харьяалалтай байна.

б/ 2 гэж дугаарласан Н.Самдангийн гэх шингэн цус нь АВО системээр В/III/ бүлгийн харьяалалтай байна.

в/ 3 гэж дугаарласан 11 см шаргал өнгийн оруулгатай иштэй 19 см урттай хутга, 4 гэж дугаарласан бор өнгийн даавуун малгай, 5 гэж дугаарласан хос ажлын бээлий, 6 гэж дугаарласан хөрсний хэсэг, 7 гэж дугаарласан хөшигний тасархай, 8 гэж дугаарласан цагаан өнгийн бариултай хайч, 9 гэж дугаарласан саарал өнгийн футболк дээр цус илэрсэн.

 г/ 4 гэж дугаарласан бор өнгийн даавуун малгай, 5 гэж дугаарласан хос ажлын бээлий, 7 гэж дугаарласан хөшигний тасархай, 9 гэж дугаарласан саарал өнгийн фудболк дээр илэрсэн цус нь АВО системээр В/III/ бүлгийн харьяалалтай, хайчин дээр илэрсэн цусны бүлгийн харьяаллыг тогтоох боломжгүй байна.

д/ 10 гэж дугаарласан 19,5 х 14,5 см хэмжээтэй төмөр толгойтой 53,5 см хэмжээтэй төмөр толгойтой 53,5 см модон иштэй сүхэн дээр цус илрээгүй гэжээ. /хх-ийн 90 х/

 

            Шинжээч М.Отгонбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:                  “...Сосорын биед тухайн үед буюу 2016 оны 09 дүгээр сарын 09-ний
өдөр бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, баруун уушигны
эдийн няцрал, цээжний хөндийн цусан хураа, баруун талын 4,5 дугаар хавирганы
зөрүүтэй хугарал, баруун зулай, дагз баруун сарвуу, шуунд няцарсан шарх зөөлөн
эдийн няцрал, хэлэнд шарх, зүүн хацарт зулгаралт бүхий шинэ гэмтэл тогтоогдсон. Д.Сосорын биед дүгнэлт гаргахдаа бодит үзлэг хийж мөн гэмтлийн эмнэлэгт эмчлэгдэж байсан өвчний түүх болон Д.Сосорын биед хийгдсэн шинжилгээнүүдийг үндэслэн дүгнэлтийг гаргасан. Бодит үзлэгээр баруун зулай дагз сарвуу, шууны няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал хэлэнд шарх, зүүн хацарт зулгаралт бүхий гэмтэл тогтоогдсон. Цээжний КТГ-ийн шинжилгээнд баруун уушигны эдийн няцрал, цээжний хөндийн цусан хураа, баруун талын 4, 5 дугаар хавирганы далд зөрүүтэй хугарал, гэмтэл оношлогдсон. Эдгээрийг үндэслэн дүгнэлтийг гаргасан. Д.Сосорын биед үүссэн баруун уушигны эдийн няцрал цээжний хөндийн цусан хураа гэмтэл нь ШЭГЗТЖ-ын 3.1.12-т зааснаар амь биед аюултай гэмтлийн “хүнд” зэрэгт хамаарах бөгөөд мэс заслын эмчилгээ хийгдэх болон эмийн эмчилгээ хийгдэх зэрэг нь тухайн үеийн эмчилгээний тактик байдаг бөгөөд ийм гэмтэлтэй хүнд заавал мэс заслын эмчилгээ хийнэ гэсэн заалт байхгүй. Хохирогчийн тархинд үүссэн шарх болон бусад дүгнэлтэнд тусгагдсан гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цээжний баруун талын 4, 5 дугаар хавирганы хугарал нь тусдаа гэмтлийн “хүндэвтэр” зэрэгт хамаарна. Шарх зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтэл нь тусдаа гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаарагдана...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 68-69 х/

 

             Гэрч О.Цэцэгжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 11 цаг өнгөрч байхад Самдан над руу залгаад “чи хүрээд ирээч, би үхлээ” гэж хэлсэн. Тэгээд би хаана байгааг нь асуухад “өвөөгийнд байна” гэж хэлсэн. Тэгээд би такси бариад очтол өвөөг нь эмнэлэг аваад явчихсан. Самданг хажуу хашааны амбаараас олоход гарнаас, хөлнөөс нь цус гараад цус алдсан байсан. Тэгээд 1 цаг гарангийн дараа түргэн ирээд Самданг аваад явсан. Би тэр хоёрыг юунаас болж маргалдаад тийм асуудал болсныг мэдэхгүй байна. ...2016 оны 8 сард Самдан бид 2 өвөөгөөс нь очиж 600.000 төгрөг зээлсэн юм. Тэгээд очиход өвөө нь 1 ширхэг хөөрөг, 3 ширхэг алтан бөгж үзүүлээд цагаан сараар Самданд хөөргийг нь өгнө гэж ярьж байсан. 2015 оны цагаан сараар би ажилтай өвөөгийнд нь очиж чадаагүй Самдан хамаатнуудтайгаа очсон юм. Тэгтэл тэр өдөр над руу утсаар залгаад уйлаад, Мөнхбаяр, Батбаяр хоёрт өвөө хөөрөг өгсөн мөртлөө надад өгсөнгүй гээд уйлаад байсан. Тэгээд мөнгө зээлэх гэж очихдоо энэ талаар ярихад өвөө нь хөөрөг өгнө гэж байсан юм байна лээ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 46-47, 186-188 х/

 

Шүүгдэгч Н.Самдангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би тэр өдөр өөрийн өвөө дээрээ очихдоо алах санаа зорилготой очоогүй, би 1 сарын өмнө өвөөгөөсөө 600.000 төгрөг зээлсэн байсан юм. Тэгээд хугацаандаа төлж чадахгүй байсан учраас хугацааг нь бага зэрэг хойшлуулах санаатай өвөөгийндөө очсон юм ...хэсэг хугацааны дараа би өвөөтэй зээлсэн мөнгөнийхээ талаар ярих гээд хажууд нь очоод суусан. Тэгээд өвөөд хандаж цалин буухаар дараа сараас мөнгийг чинь өгье гэж хэлэхэд өвөө уурлаж “мөнгө авчихаад тухайн үед нь өгөхөд яадаг юм, заяагүй хулгайч” гэж хэлээд босохдоо намайг 2 удаа өшиглөөд авсан. Тэгэхээр нь би шууд босоод гэрийн хаяанд байсан модон иштэй төмөр сүхийг аваад ар талаар нь өвөөгийн толгойны дагз хэсэгт нь нэг удаа цохьсон. Тэгээд би сүхээ хаятал өвөө газарт байсан эвхэгддэг жижиг хутгаа аваад миний зүүн гарын шууг зүссэн. Тэгтэл миний гарнаас цус хүчтэй гарахаар нь баруун гараараа дартал өвөө намайг дараад унасан. Тэгээд миний нүд эрээлжлээд өвөөг түлхсэн. Тэгтэл өвөө дахин намайг дарж аваад миний гуя руу хутгаар хатгасан. Тэгээд би өвөөгийн зүүн цээжний хэсэг рүү нь жийсэн. Тэгтэл өвөө хойшоо унасан. Тэгээд би босоод явах гэтэл толгой эргээд гуйваад байсан. Тэгээд гэр рүү ороод ус уусан. Энэ хооронд өвөө малын саравч руу орсон байх, би хажуу хашааны амбаарт ороод хэвтсэнээ санаж байна. Тэгээд л ухаан алдсан байх. ...би автобусны жолооч тул АСЕМ-ийн уулзалтын үеэр бид нарт 3 ширхэг цагаан бээлий тарааж өгсөн юм, би түүнийхээ нэгийг тэр өдөр халаасандаа хийчихсэн явж байсан бөгөөд хөрзөн гишгэхдээ гаргаж ирж өмссөн юм. Тэгээд өвөөтэй ноцолдоод гараа зүсүүлэхдээ баруун гарынхаа бээлийг тайлж зүүн гартаа барьсан юм. Түүнээс ам руу нь ямар нэгэн зүйл хийгээгүй. Би өвөөгөөсөө 600.000 төгрөг зээлэхээсээ өмнө 1.000.000 төгрөг зээлсэн байсан, түүнийгээ өгөөгүй байсан юм. Өвөөгөөс авах авлага байхгүй, ямар нэгэн өс хонзонгийн асуудал гэх зүйл байхгүй. Намайг сарын өмнө эхнэртэйгээ өвөөгийн гэрт очоод “та ачдаа муу юм байна даа, нөгөө 2 ачдаа хөөрөг өгчихөөд надад өгөхгүй, надад муу юм байна” гээд тоглоод хэлж байсан. Тэгтэл өвөө нэг цагаан хөөрөг харуулаад тэр хөөргөө энэ цагаан сараар надад өгнө гээд бэлдсэн гэж ярьж байсан. Тэр хөөрөгнийхөө хажуугаар 3 ширхэг алтан бөгж гаргаж ирээд 3 ачдаа өгнө гэж ярьж байсан. Тэр үед би 3 бөгжийг гартаа зүүж байсан. Би тэдгээр зүйлсийг авах санаа зорилготой байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 119-122, 191-193 х/

Шүүгдэгч Н.Самдангийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “....Тухайн өдөр өвөөгийн гэрт очсон шалтгаан нь зээлсэн 600.000 төгрөгийг сарын хугацаатай хойшлуулах боломжтой юу гэж гуйх санаатай очсон. Өвөө бид хоёр юм ярьж байгаад хоорондоо маргасан. Өвөө босохдоо намайг өшиглөсөн, зүүн гарын шууг хутгаар зүссэн. Би хутгыг нь булааж авах гэж жоохон ноцолдсон. Би цус их алдсан, дугуйны хий гарч байгаа юм шиг цус гоожиж байсан. Миний ухаан санаа балартсан тэрнээс хойш юу болсныг санахгүй байна. Би хойшоо унахдаа хашаанд байсан хоёр гэрийн шинэ гэрийн хажууд унаснаа санаж байна. Би унахдаа газар байсан зүйлийг тэмтэрч байгаад бариад өвөө Д.Сосорын бие рүү цохисон. Өвөөг холдоход нь жийсэн. Намайг хэрэг гарсан газрын хоосон хашаанаас олсон гэсэн, би хаанаас олдсоноо санахгүй байна. Өвөө Д.Сосороос би хутгыг нь салгаж аваад шидсэнээ санаж байна. Өвөөг хайч бариад над руу дайрч байгааг харсан. Өвөөг цааш түлхэхэд өвөө унасан. Би босч явснаа санахгүй байна. Би цэргийн госпиталд очиход эмч 18 удаа хутгалуулсан гэж хэлсэн, сорви нь байгаа. Би өвөөг алах гэж гэрт нь очоогүй. Би хөөрөгний талаар мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

 

          Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газрын бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-14 х/

 

          Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол, гэрэл зураг /хх-ийн 20-21 х/: “...18 см урттай төмөр хайч, 019 см урттай эвхдэг хутга, модон иштэй төмөр толгойтой сүх, цус мэт зүйлээр бохигрлогдсон ажлн бээлий” зэрэг.

 

Хураан авах тогтоол, хураан авсан тухай тэмдэглэл: “...хохирогч Д.Сосорын 5 ширхэг фото зураг” /хх-ийн 26, 27 х/

 

            Д.Сосорын өвчний түүх /хх-ийн 162-170 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзсэн болно.

 

Иймд шүүгдэгч Н.Самданг шунахайн сэдэлтээр хүнийг санаатай алах гэмт хэргийг үйлдэхээр завдсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.2, 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 91 дугаар зүйлийн 91.2.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэлийг оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

 

Харин шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Цэрэндулам нь  “...миний үйлчлүүлэгч Н.Самдан нь шунахай сэдэлтээр хүнийг санаатай алахыг завдсан болох нь хэргийн үйл баримтаар тогтоогддоггүй. Харин танхай сэдэлтээр бусдын биемахбодид санаатай хүнд гэмтэл учруулсан болох нь тогтоогдсон тул тус зүйл ангиар зүйлчилж, зохих ял шийтгэлийг оногдуулж өгнө үү” гэх санал гаргасныг хүлээн авах боломжгүй байна. Учир нь,

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд шүүгдэгч Н.Самдан нь анхнаасаа танхайрахад чиглэгдсэн гэмт санаатай үйлдэл хийгээгүй буюу олон нийтийг илтэд үл хүндэтгэн айлган түгшээх, жигшил дургүйцлийг нь төрүүлэхээр тийм орчин нөхцлийг бүрдүүлж, өөрийгөө бусдын анхаарлын төвд байлгахыг хүсэж эрмэлзэх зэргээр эмх замбараагүй байдал бий болгосон гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Өөрөөр хэлбэл, тухайн гэмт хэрэг нь ахуйн хүрээнд, хохирогч, шүүгдэгч нарын хоорондын мөнгөтэй холбоотой маргаанаас үүдэлтэй,  энэхүү маргаанаас болж шүүгдэгч нь хохирогчид хүнд гэмтэл учруулан алахыг оролдсон идэвхитэй үйлдэл хийснээр төгссөн байх тул танхай сэдэлтээр үйлдэгдсэн гэж үзэх үндэслэлгүй юм.

 

Харин хэрэгт цугларсан нотлох баримтуудыг өөр хооронд нь харьцуулан судалвал, шүүгдэгч Н.Самдан нь хохирогч Д.Сосорын төрсөн охин болох С.Нансалмаагийн ууган хүүхэд болон төрж, хохирогчийн гэрт хохирогчтой хамт бага наснаасаа насанд хүртлээ хамт амьдарч тэжээн тэтгүүлсэн, энэ хугацаандаа шүүгдэгч нь хохирогчийн гэрээс хулгай хийж шүүхээр шийтгүүлж байсан, мөн хохирогчоос мөнгө зээлсэн ч буцаан төлөлгүйгээр дахин мөнгө зээлэх, хохирогчид байгаа үнэт зүйл тухайлбал, хөөрөг, 3 ширхэг алтан бөгж зэргийг сонирхож “надад л байх зүйл байна” гэх мэтээр ярих болон үйлдэл хийх зэргээр хохирогч, шүүгдэгч нарын хооронд мөнгөтэй холбоотой тодорхой харилцаа явагдсаар байсныг хохирогч, гэрч, шүүгдэгч нар нь хэн аль нь үгүйсгээгүй бөгөөд эцэстээ шүүгдэгч нь хохирогчийг алахад чиглэсэн үйлдэл хийхэд хүргэжээ.

Өөрөөр хэлбэл, хохирогч, шүүгдэгч нарын хооронд урьд нь мөнгө төгрөг, үнэт зүйл өгөх, авахтай холбоотой асуудал үүсэж байсан байх бөгөөд шүүгдэгч нь анхнаасаа хохирогч Д.Сосороос зээлсэн мөнгөө буцаан өгөх санаа зорилго агуулаагүйгээс гадна хохирогчид байгаа үнэт зүйлүүдийг авахыг санаархсан байдал хохирогч, гэрч нарын мэдүүлэгт дурдагдсан төдийгүй шүүгдэгч нь дээрх гэмт санаа зорилгоо хэрэгжүүлэхээр  хохирогчийн толгойн тус газар нь сүхээр удаа дараа цохих, хутгаар гарыг нь эсгэх, зүсэх, цээжин тус газар нь өвдөглөж дарах, хоолойг нь боох, аман дотор нь бээлийтэй гараа хийж амыг нь дарах гэх мэтээр амь биед нь аюултай хүнд гэмтэл санаатай учруулан алахаар тодорхой үйлдэл хийсэн боловч түүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас туйлдаа хүрээгүй байх тул хүнийг санаатай алахыг завдсан гэмт хэргийг шунахайн сэдэлтээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

            Шүүгдэгч Н.Самдангийн мөрдөн байцаалтад өгсөн “... өвөө уурлаж “мөнгө авчихаад тухайн үед нь өгөхөд яадаг юм, заяагүй хулгайч” гэж хэлээд босохдоо намайг 2 удаа өшиглөөд авсан. Тэгэхээр нь би шууд босоод гэрийн хаяанд байсан модон иштэй төмөр сүхийг аваад ар талаар нь өвөөгийн толгойны дагз хэсэгт нь нэг удаа цохьсон” гэсэн мэдүүлгээ шүүхийн хэлэлцүүлэгт өөрчлөн “...Өвөө бид хоёр юм ярьж байгаад хоорондоо маргасан. Өвөө босохдоо намайг өшиглөсөн, миний зүүн гарын шууг хутгаар зүссэн. Би хутгыг нь булааж авах гэж жоохон ноцолдсон. Тэгээд миний ухаан санаа балартсан тэрнээс хойш юу болсныг санахгүй байна. Би хойшоо унахдаа хашаанд байсан хоёр гэрийн шинэ гэрийн хажууд унахдаа газар байсан зүйлийг тэмтэрч байгаад бариад өвөө Д.Сосорын бие рүү цохисон” гэж  мэдүүлсэн нь шүүгдэгч  өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй, өөрийн гэм бурууг нотлох үүрэг хүлээхгүй байх эрхтэй, хуульд заасан эрхийн хүрээнд мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгээ өөрчлөн мэдүүлсэн нь хэргийг мөрдөн байцаалтанд буцаах, хэргийн зүйлчлэлд нөлөөлөх үндэслэл, нотолгоо болохгүй юм.       

Шүүгдэгч Н.Самдан нь урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2003 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 344 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 150.000 төгрөгөөр торгох ял шийтгэгдэж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар / хх-ийн 194 х, улсын яллагчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн 1 хуудас баримт/ зэргээр  тогтоогдсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.2 дахь хэсэгт заасан хугацаанд гэмт хэрэг үйлдээгүй байх тул шүүгдэгч Н.Самданг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

  

Хохирол төлбөрийн тухайд:

Хохирогч Д.Сосор нь шүүгдэгчээс эмчилгээний зардал болон бусад зардлыг нэхэмжлэхээс татгалзсан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

           

Шүүгдэгч Н.Самдан нь 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүртэл нийт 149 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцов. /хх-ийн 114, 196, 209 х/

 

Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 18 см урттай төмөр хайч, 19 см эвхдэг хутга, модон иштэй төмөр толгойтой сүх, цус мэт зүйлээр бохирлогдсон ажлын бээлий зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг тэмдэглэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Хаад Боржигин овогт Нансалмаагийн Самданг шунахайн сэдэлтээр хүнийг санаатай алах гэмт хэргийг үйлдэхийг завдсан гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.2, 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1 дэх хэсэгт зааснаар Н.Самданг 9 /ес/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Самданд оногдуулсан 9 жилийн хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Самдангийн цагдан хоригдсон 149 /нэг зуун дөчин ес/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 18 см урттай төмөр хайч, 19 см эвхдэг хутга, модон иштэй төмөр толгойтой сүх, цус мэт зүйлээр бохирлогдсон ажлын бээлий зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах коммист даалгасугай.

 

 6. Шүүгдэгч Н.Самдангийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

 7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.Самданд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.        

 

9. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд ялтан Н.Самданд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                       

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.АЛТАНЦЭЦЭГ

 

 

                             ШҮҮГЧИД                              Б.БАТАА

 

 

                                                                             Б.ДАШДОНДОВ