Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 315

 

Н.Самданд холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Р.Очирсүрэн,

ялтан Н.Самдан, түүний өмгөөлөгч А.Ганбат,

хохирогч Д.Сосор,

нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алтанцэцэг даргалж, шүүгч Б.Батаа, Б.Дашдондов нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 110 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Н.Самдан, түүний өмгөөлөгч А.Ганбат нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн Н.Самданд холбогдох 201626012308 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Хаад Боржигин овгийн Нансалмаагийн Самдан, 1988 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, “Эрдэнэ Транс” ХХК-нд жолооч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 35 дугаар гудамжны 603 тоотод оршин суух хаягтай, /регистрийн дугаар: ШУ88042151/,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2003 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 344 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 150.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн.

Н.Самдан нь 2016 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Шандын 1 дүгээр гудамжны 8 тоотод амьдрах Д.Сосорыг хашаандаа байхад нь түүний нэг ширхэг цагаан шүрэн хөөрөг, гурван ширхэг алтан бөгжийг авах зорилгоор толгойд нь 2 удаа цохиж, цээжин дээр нь өвдөглөж уушигны эдийн няцрал, цээжний хөндийн цусан хураа бүхий учрах үедээ амь биед аюултай хүнд гэмтэл учруулан, хоолойг нь гараараа шахаж алахыг завдсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас: Н.Самданд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Хаад Боржигин овогт Нансалмаагийн Самданг шунахайн сэдэлтээр хүнийг санаатай алах гэмт хэргийг үйлдэхийг завдсан гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.2, 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1 дэх хэсэгт зааснаар Н.Самданг 9 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Самданд оногдуулсан 9 жилийн хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Самдангийн цагдан хоригдсон 149 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 18 см урттай төмөр хайч, 19 см эвхдэг хутга, модон иштэй төмөр толгойтой сүх, цус мэт зүйлээр бохирлогдсон ажлын бээлий зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах коммист даалгаж,

Н.Самдангийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж,

Н.Самданд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Ялтан Н.Самдан гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1 дэх хэсэгт заасан зүйл ангийг огт хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь хэрэг гарсан 2016 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр 10 цагийн үед хохирогч Д.Сосорын гэрт очсон. Очих болсон шалтгаан нь 2016 оны 8 дугаар сарын эхээр Д.Сосороос өөрийн эхнэр Цэцэгжаргалын хамт очиж 600.000 төгрөг зээлсэн юм. Тэр мөнгийг авсан хугацаа нь дуусаж байсан болохоор ярилцаж, 1 сар хугацаа сунгах талаар гуйх гэж очсон. Д.Сосор тухайн үед эхнэртэйгээ муудалцсан байсан ба маш ууртай байсан. Тэр үед би тухайн зээлсэн мөнгөний тухай ярьж бид хоёрын дунд сунгах, сунгахгүй талаар маргаан үүссэн. Надтай муухай харьцаж, хэл амаар доромжилж байснаа босч ирээд намайг нэг өшиглөсөн. Намайг сууж байсан газраасаа босоход Д.Сосор гартаа хутга барьж над руу чичиж, миний зүүн гарын шууг зүссэн. Тэр үед хутгыг нь булааж авах гэж ноцолдож байгаад гэрийн зүүн талын хаяанд би доор нь орж унасан. Гэтэл миний дээр өвдөглөн дарж суугаад зүүн гуяны дотор тал руу хоёр удаа цохисон. Би болиулж босох гэж эрүү рүү нь түлхсэн боловч намайг үргэжлүүлэн энд тэндгүй цохиод байсан. Миний нүд харанхуйлан дотор муухай оргиж байсан. Би босох гэж гараараа газар тултал гарт нэг зүйл баригдсан. Гарт баригдсан зүйлээрээ нэг удаа зангаж айлгаад цээж рүү нь жийж түүнийг өөрөөсөө холдуулсан. Гарт баригдсан зүйл юу болохыг мэдээгүй, тэр зүйл сүх байгаагүй. Хэрвээ тэр зүйл сүх мөн байсан гэж үзэхэд би өөрөө хүний доор орчихсон зодуулж байгаа хүн хуучны хүнд сүхийг үнэхээр даахгүй. Мөн тэр зүйлээр би Д.Сосорыг цохиогүй. Тэр цохисон байж болох гээд байгаа сүхэн дээр миний хурууны хээ огт байхгүй. Миний хуулийн мэдлэггүй байдлыг ашиглан тулгаж, шахан дарамталж байцаалт авсан нь хэргийн үнэн зөвийг олоход биш хэргийг надтай холбож түргэн шийдвэрлэх зорилготой байсанд харамсан гомдож байна. Миний бие хохирогч Д.Сосорд гомдолтой байна. Зөвхөн намайг буруутган яллаж байгаад маш ихээр харамсаж байна. Гэр дотор хохирогч Д.Сосор бид хоёрыг яг яаж байсан талаар хоёр гэрийн голд зогсож байсан хүн гэрчилсэн нь эргэлзээтэй нөхцөл байдал үүсгэж байна. Мөн гэрийн зүүн талд болж буй асуудал яахаараа гэрийн баруун талтай холбоотой болов гэх зэргээс мөрдөн байцаалт маш худал, зөрүүтэй болсон нь харагдаж байна. Би өөрийн үйлдлийг аргагүй хамгаалалт гэж үзэж байна. Иймд хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Ялтан Н.Самдангийн өмгөөлөгч А.Ганбат гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч Н.Самданг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.2, 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт заасан зүйл хэсгүүдийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн 9 жил хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр яллаж байгаа боловч уг гэмт хэрэг үйлдэгдсэн тухайн нөхцөл байдал, хэргийн зүйлчлэлийн хувьд хохирогчийн мэдүүлэгт хөтлөгдөн хэт яллах талын байр суурьтай мөрдөн байцаах ажиллагаа явагдсан нь онолын хувьд маргаантай нөхцөл байдал үүсгэж байна.

1. Хохирогч Д.Сосор мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ “...Н.Самдан намайг гадаа гэрийн бүрээс оёод сууж байхад араас ирж 2 удаа толгой дундуур сүхэдсэн” гэдэг. Гэтэл 29 орчим настай эрүүл, чийрэг, тарган цатгалан эр бяр нь жагсаж яваа эр хүн өндөр настай хөгшин настай хүнийг араас нь алах зорилготой очоод толгой дундуур нь сүхээр хоёр удаа цохиход хэдий завандаа Н.Самданг 18 удаа хайч, хутга зэргийг ашиглан их бага хэмжээгээр гэмтэл учруулан довтолгоо үйлдэж чадах билээ гэдэгт эргэлзээ төрж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлд заасан “Хүнийг санаатай алах” гэсэн ойлголт нь тухайн хүн гэмт этгээдийн гэмт үйлдэл хийсний дараа амь хохирсон байхыг шаарддаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт зааснаар журамласан нь онолын хувьд алдаатай байна. Учир нь хохирогч гэмт этгээдийн үйлдлийн улмаас амь нас нь хохироход бэлэн болсон, гэмт этгээдийн эсрэг ямар нэгэн хариу үйлдэл үзүүлэх боломжгүй болсон байхыг шаарддаг. Гэтэл харин бүр эсрэгээрээ 18 удаа хутга, хайч хэрэглэн гэмт этгээдэд гэмтэл учруулсан байна. Хохирогчийг эмнэлгийн яаралтай тусламж, бусад ямар нэгэн байдлаар гадны тусламж дэмжлэгийн улмаас амь насыг нь аварсан байхыг шаарддаг байхад хохирогч маань дээрхи гэмт этгээдийн эсрэг хийсэн үйлдлүүд нь хуулийг буруу сонгон хэрэглэсэний баталгаа болж байна.

2. Н.Самдан нь тухайн үед ээжийн аав болох Д.Сосороос цувуулж зээлж авсан гэх 1.600.000 төгрөгийн өрийн асуудал байсан, түүнийг төлж барагдуулж чадалгүй удсан зэрэг Н.Самдан, Д.Сосор хоёрын хооронд шийдэгдээгүй өрийн асуудал байсан гэдгийг мөрдөн байцаалтын шатанд тогтоосон байдаг. Тухайн өдөр Д.Сосорын хамтран амьдардаг Лууяа нь хаяаад явсан асуудлаас болж Д.Сосор нилээд уур уцаартай байсан, дээр нь Н.Самдан авсан мөнгөө өгөлгүй хугацаа сунгах талаар ярьсан зэргээс болж Н.Самдан, Д.Сосор нар маргалдан улмаар бие биерүүгээ мэс барин зодолдож 18 удаа хайч, хутга зэргээр гэмтэл учруулсан, сүхдсэн гэх зэргээс харахад нилээн удаан хугацаагаар зодолдож тэмцэлдсэн болж таарч байна. Энэхүү гэмт хэргийн үйлдэгдсэн бодит байдлаас харахад Н.Самдан нь Д.Сосорыг араас нь алах санаа зорилго агуулан 2 удаа сүхээр цохисон гэх үйлдэлд эргэлзээ төрүүлж байна. Энэхүү эргэлзээ төрсөн тохиолдолд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд түүнчлэн Эрүүгийн хууль болох энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасныг хэрэглэлгүй хэт яллах талыг барьж шийдвэрлэсэн байна.

3. Дээрх байдлаас дүгнэхэд энэхүү хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байсан байна.

4. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын прокурор, Хууль цаазын зөвлөх Б.Батболд нь 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 542 тоот тогтоолоор Д.Сосорын үйлдэлийг аргагүй хамгаалалт гэж үзэж хэрэгсэхгүй болгосон нь алдаатай шийдвэр болсон байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 40 дүгээр зүйлд заасан “Аргагүй хамгаалалт” гэх ойлголт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн хохирогчид нөлөөлж байгаа хуулийн заалтууд нь өөр хоорондоо зөрчилдөж байна гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн хохирогч тухайлбал эмнэлгийн яаралтай тусламж буюу бусдын тусламж дэмжлэгийн үр дүнд амь насыг нь аврах боломжтой хохирогч маань яахаараа гэмт этгээдэд 18 удаа хутга, хайч хэрэглэн гэмтэл учруулаад аргагүй хамгаалалт хийгээд байгаа нь хуулийг чадварлагаар сонгон хэрэглэх явдал туйлын хангалтгүй байгаа нь харагдаж байна. Иймд 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 110 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэв.

Хохирогч Д.Сосор тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Н.Самдангйн хэлсэн бүх зүйл худал байна. Би 2016 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр гэртээ ганцаараа байсан. Гэрийн баруун талд гэрийн бүрээс дэлгэж тавиад, оёод байж байхад Н.Самдан гаднаас орж ирсэн. Би түүнд цай аягалж өгөөд идээ өгөхөд гартаа ариун цэврийн нимгэн бээлий өмссөн чигтээ  тавагтай идээнээс амссан. Би түүнээс “машинаа авсан уу хүү минь” гэж асуусан. Надаас зээлж авсан мөнгөө буцааж өгөхгүй гэдгийг нь мэдэж байсан. “Надад чамд дахин өгөх мөнгө алга. Ажил хийж байгаад цалингаа цуглуулж, яаралгүйхэн машинаа ав. Одоо том автобус барьж байгаа юм чинь” гэж хэлсэн. Би гэрийн бүрээс оёод 4 хөллөөд хэвтэж байсан. Тэгсэн чинь Н.Самдан шөвгөр хүрз барьж миний хажууд ирээд газар цавчлаад байсан. Тэгснээ гэнэт гэрийн зүүн тал руу явсан. Хэсэг хугацааны дараа араас хүн гүйгээд ирэх шиг чимээ гарснаа миний толгой руу тас гээд явсан. Би “юу болж байна вэ, авах юмаа бүгдийг нь ав, амийг минь өршөө” гэсэн. Гэтэл дахин цохисон. Хэн юугаар цохиж байгааг нь хараагүй. Гэнэт шилэн хүзүүн дээр мордоод миний багалзуурыг шахан ам руу гараа хийж, хэлийг минь хэгзэлж татсан. Надад хүн хазах шүд байхгүй. Би хажуу тийш гараараа самардахад гарт хутга таарсан. Би хутгыг авч 2 хатгасан. Намайг дахин багалзуурдах үед дахин гараараа ямар нэг зүйл хайж тэмтэрсэн. Гарт хайч таарахад нь аваад гуя руу нь хатгасан. Би Н.Самдантай муудалцсан, хэрэлдсэн зүйл байхгүй. Түүний ярьж байгаа зүйл бүгд худал байна. Гэрийн зүүн талд байсан хүрзийг авч эхэлж намайг цохих гэснээ болиод гэрийн зүүн тийш эргэж очиж сүх авч ирж цохисон. Магадгүй тэр хүрзээр намайг цавчих гэж байсан байх.” гэв.

Прокурор Р.Очирсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтад тулгуурлан  үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, гаргасан давж заалдах гомдлуулыг хэрэгсэхгүй болгох саналтай байна.” гэв.

ХЯНАВАЛ:

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Н.Самданг “2016 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр Сонгинохайрхан дүүрэг, 32 дугаар хороо, Шандын 1 дүгээр гудамж, 8 тоотод амьдрах Д.Сосорыг хашаандаа байхад нь түүний 1 ширхэг цагаан шүрэн хөөрөг, 3 ширхэг алтан бөгжийг авах зорилгоор толгойд нь 2 удаа сүхээр цохиж, цээжин дээр нь өвдөглөж уушигны эдийн няцрал, цээжний хөндийн цусан хураа бүхий учрах үедээ амь биед аюултай хүнд гэмтэл учруулан, хоолойг нь гараараа боож алахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн” гэж дүгнэж түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хохирогч Д.Сосорын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...юм оёж байхдаа нүднийхээ булангаар харахад Н.Самдан гэрээс гараад надруу ирж явах шиг харагдсан. Гэтэл удалгүй миний толгой дундуур хоёр удаа маш хүчтэй өвдөлт мэдрэгдэж толгой өвдөж манарах үед Н.Самдан нь намайг эргүүлж харуулаад цээж хэсэг дээр өвдөглөж байгаад нэг гараараа хоолой боож шахаж, нөгөө гараараа миний амыг барьж дарсан. Тэгэхээр нь “авах юмаа ав, амьд үлдээчих” гэж гуйхад бүр илүү чангалж шахаж эхэлсэн. ...Н.Самдан миний эвхдэг тонгоргыг булааж аваад миний баруун гарын эрхий, долоовор хурууны заагт 1, баруун шууны гадна хэсэгт 1 удаа хатгасан. Эмнэлгийн байгууллага ирж намайг үзээд шууд гэмтлийн эмнэлэгт хэвтүүлээд толгойны орой хэсэгт 5 удаа, ар дагз хэсэгт 7 удаа, баруун гарын эрхий, долоовор хурууны завсар 5 удаа, гарын шуунд 3 удаа, хэлэнд 7 удаа тус тус оёдол тавьсан” гэх мэдүүлэг /хх1, х29-32/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “Д.Сосорын биед баруун уушигны эдийн няцрал, цээжний хөндийн цусан хураа, баруун талын 4, 5 дугаар хавирганы далд зөрүүтэй хугарал, баруун зулай, дагз, баруун сарвуу, шуу няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, хэлэнд шарх, хүзүү, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн 1 бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уушигны эдийн няцрал, цээжний хөндийн цусан хураа гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Баруун талын 4, 5 дугаар хавирганы хугарал гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр, бусад гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх 12704 тоот шинжээчийн дүгнэлт зэргээс үзэхэд Н.Самдан нь 83 настай хохирогч Д.Сосорын биед олон тооны шарх, гэмтэл учруулах үйлдлүүдийг хийж хохирогчийн араас гэнэдүүлэн сүхээр цохих, хоолойг нь боомилох, хутгалах зэргээр онц харгис хэрцгий аргаар, учрах үедээ амь биед аюултай хүнд гэмтэл учруулан алахыг завдсан, улмаар хохирогчийн эсэргүүцлээс болж гэмт үйлдлээ төгсгөж чадаагүй болох нь тогтоогдсон байхад түүний үйлдлийг зөвхөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

Өөрөөр хэлбэл Н.Самдангийн үйлдэлд хүнийг онц харгис аргаар санаатай алахыг завдсан шинж байгаа эсэхийг болон түүний үйлдэл төгссөн, эсхүл төгсөөгүй завдалт алин болохыг тодруулан дахин шалгаж, хэргийг зөв зүйлчлэх шаардлагатай гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийн зүйлчлэлийг зөвтгүүлэхээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаахаар шийдвэрлэлээ.

Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасантай холбогдуулан ялтан Н.Самдан, түүний өмгөөлөгч А.Ганбат нарын гаргасан давж заалдах гомдлуудыг энэ удаад хянан хэлэлцээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 110 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Н.Самданд холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан прокурорт буцаасугай.

2. Хэрэг прокурорт очтол Н.Самданд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Н.БАТСАЙХАН

                                 ШҮҮГЧИД                                                          О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                                                                                                Ц.ОЧ