Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 118

 

Д.Г, О.Т нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын ахлах прокурор Ш.Эрдэнэбилэг, шүүгдэгч Д.Г-гийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням, хохирогч С.Б, түүний өмгөөлөгч З.Алтангэрэл, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 328 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2 дугаар магадлалтай, Д.Г, О.Т нарт холбогдох 2014260006136 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Д.Г-гийн өмгөөлөгч Ц.Дэлгэрнямын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1979 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Д-гийн Г,

2. Монгол Улсын иргэн, 1984 онд төрсөн, эмэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт О-гийн Т нар нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авсны улмаас онц их хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос О.Т-д 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгон түүнийг цагаатгаж, шүүгдэгч Д.Г-д прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 болгон өөрчилж, шүүгдэгч Д.Г-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг залилж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар 5 жил хорих ял шийтгэж, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-гээс 154,012,000 төгрөгийг гаргуулж хохирогч С.Б-д олгохоор шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дахь заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-гээс 162,932,000 төгрөг гаргуулж хохирогч С.Б-д олгосугай” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Г, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Д.Г хохиролд 168,000 төгрөг төлсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Д.Г-гийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Д.Г бусдыг залилан мэхэлсэн болох нь хангалттай нотлогдоогүй, эргэлзээ бүхий нөхцөл байдал, үндэслэлүүд тогтоогдсоор байтал шүүх бүрэлдэхүүн дүгнэлт хийхдээ зөвхөн яллах талыг барьж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Д.Г нь иргэн С.Б-гийн зүгээс О.Т-гээр дамжуулан орон сууцыг зах зээлийн үнээс илтэд хямдаар худалдан авахуулах зорилгоор итгэмжлэн өгсөн мөнгийг завшсан гэж үзэх үндэслэлтэй. Шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байхад шүүхээс дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзээгүй. Давж заалдах шатны шүүх С.Б-д учирсан хохиролд тавилгын үнийг тооцож, олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Учир нь хохирогч С.Б өөрөө тавилгаа авсан гэдгээ мэдүүлсэн, хохирогчийн эцэг С-ийн “тухайн үедээ эдгээр тавилгуудыг хийлгээд өөр байранд тавьж байсан ба тэр байрнаасаа гарахдаа эдгээр хийлгэсэн тавилгаа аваад явсан ба шууд буулгаж болохгүй учраас заримыг нь буулгаж байсан, сүүлд зарим хэсгийг нь хөрөөдөөд гал түлчихсэн” гэсэн мэдүүлгээс үзэхэд хохирогч уг тавилгыг өөр байранд тавьж ашигласан, ашиглаж байсан байрнаасаа гарахдаа тавилгуудыг буулгаж, уг тавилгаар гал түлдэг байсан нь тогтоогдсон байхад шүүхээс хохирогчийн дээрх үйлдлүүдийг харгалзан үзэлгүйгээр миний үйлчлүүлэгчээс 9,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Үүний зэрэгцээ тавилгуудыг “Голденвүүд” ХХК 7,500,000 төгрөгөөр үнэлсэн байхад хэрхэн 9,000,000 төгрөг болгосон нь тодорхойгүй. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн дагуу Д.Г-д холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчилж, бусдын хөрөнгө завших зүйлээр шийдвэрлэж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогч С.Б-гийн өмгөөлөгч З.Алтангэрэл хэлсэн саналдаа “...Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүгдэгч Д.Г нь хохирогч С.Б-г залилан мэхэлсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон. Хохирогчийн зүгээс шийтгэх тогтоол, магадлалыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа тул хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Мөн шүүх хуралдаанд прокурор Ш.Эрдэнэбилэг гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Шүүгдэгч Д.Г нь хямд үнээр байр авч өгнө гэж хуурч мэхлэн хохирогч С.Б-гээс мөнгө авч өөрийн хувийн хэрэгцээндээ ашиглаж зарцуулсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон. Анхан шатны шүүхээс шүүгдэгч О.Т-г цагаатгасан нь хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Г-гийн өмгөөлөгч Ц.Дэлгэрнямын гаргасан гомдлыг үндэслэн Д.Г, О.Т нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Прокуророос Д.Г, О.Т нарыг бүлэглэж Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 56а-42 тоотод байрлах “И” ХХК-ийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “Зайсан Виллаже” хотхоны орон сууцнаас хямд үнээр байр захиалж өгнө хэмээн С.Б-г хуурч мэхлэн 2013 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хүртэл нийт 155,612,000 төгрөгийг залилан авч онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт Д.Г гүйцэтгэгчээр, О.Т-г хамжигчаар оролцсон гэж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүх шүүгдэгч Д.Г нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 56а-42 тоотод байрлах “И” ХХК-ийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “Зайсан Виллаже” хотхоны орон сууцнаас хямд үнээр байр захиалж өгнө хэмээн С.Б-г хуурч мэхлэн 2013 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 155,612,000 төгрөг залилан авч их хэмжээний хохирол учруулсан нь тогтоогдсон, харин шүүгдэгч О.Т нь хохирогч С.Б-гийн хүсэлтээр өөрийн нөхөр байсан Д.Г-тэй ярьж, түүгээр дамжуулан 3 өрөө байрыг захиалахаар С.Б-гээс 2013 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 2013 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд байрны төлбөрт өгсөн мөнгийг авч “И” ХХК-ийн дансанд тушааж, орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх тухай гэрээг өөрийн нэрээр байгуулж баримтуудыг С.Б-д өгсөн, үүнээс хойш С.Б-гээс өгсөн мөнгийг Д.Г бэлнээр авсан, мөн Д.Г нь О.Т-гийн тушаасан мөнгийг хохирогчид мэдэгдэлгүйгээр буцаан авсан тухай шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэн О.Т-д холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болжээ.

Шүүгдэгч Д.Г-гийн бусдын онц их хэмжээний эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар олж авсан гэмт үйлдэл нь тухайн үед мөрдөгдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн “Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан бөгөөд уг зүйлийн хүндрүүлэх бүрэлдэхүүн болох “энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан” гэсэн шинжээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангасан байна.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэх үед урьд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хуулиас хөнгөн ялтай шинэ хууль мөрдөгдөж эхэлсэн бөгөөд ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх зарчим Монгол Улсын нэгдэн орсон Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын 15 дугаар зүйлийн 1, үндэсний хууль тогтоомж болох 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд тусгагджээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх дээрх зарчим, хэм хэмжээг баримтлан шүүгдэгч Д.Г-гийн үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар зүйлчилж, түүнд хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулж Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдоогүй болно.

Хохирогч С.Б нь Д.Г-гийн захиалсан гэх орон сууцанд тодорхой хугацаанд амьдрахдаа тухайн байранд зориулж тавилга хийлгэсэн, уг байрыг хүлээлгэн өгөхдөө тавилгаа эвдэж авсан нөхцөл байдал тогтоогдсон ба байрны захиалгад өгсөн хохирол дээр тавилгын үнийг нэмж шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт шударга бөгөөд бодит байдалд нийцсэн байх тул энэ талаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ.

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч залилан мэхлэх гэмт хэрэг үйлдээгүй, харин хүний итгэмжлэн өгсөн хөрөнгийг завшсан гэж гомдол гаргасан нь хууль болон эрүүгийн эрх зүйн онолын хувьд үндэслэлгүй болно.

Итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийн тухайд, завшиж байгаа эд хөрөнгө нь гэрээ хэлцэл, хууль дүрэм, албан ажлын шаардлагын дагуу түүний өөрийнх нь эзэмшил, мэдэлд хууль зүйн дагуу шилждэгт оршдог.

Д.Г-гийн хувьд хохирогчийн эд хөрөнгийг хариу төлбөргүйгээр авах зорилго, сэдэлтээр бодит байдлыг нууж, хуурсны эцэст төөрөгдөлд оруулан их хэмжээний эд хөрөнгийг нь шилжүүлэн авч ашигласныг хууль зүйн дагуу хийгдсэн хэлцлийн дагуу эзэмшиж байгаа эд хөрөнгийг ашигласан гэж үзэх үндэслэлгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 328 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Г-гийн өмгөөлөгч Ц.Дэлгэрнямын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                        ДАРГАЛАГЧ                                                   Б.ЦОГТ

                        ШҮҮГЧ                                                           Б.БАТЦЭРЭН

                                                                                              Д.ГАНЗОРИГ

                                                                                              Ч.ХОСБАЯР

                                                                                              Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН