Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2021/00818

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 29 өдөр Дугаар 102/ШШ2021/00818 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  Э нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  О холбогдох,

Гэрээний үүрэгт 14,000,000 /арван дөрвөн сая/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хэрлэнчимэг, хариуцагч Л.О, хариуцагчийн өмгөөлөгч Г.Ундрах, нарийн бичгийн дарга Ш.Лхамсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгчөөс шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 2017.04.20-ны өдөр Л.О 5 тооны адуугаа худалдсан. Миний худалдсан адуу хурдан удамын адуу байсан. Л.О өөрөө машинтай ирээд адууг маань ачаад явсан. Улаанбаатар хот очоод мөнгийг чинь шилжүүлнэ гэсэн. Тухайн үед 5 адуугаа би нийт 36,000,000 төгрөгөөр худалдсан. Л.Оргилбаатар нь хотын нэг дүүрэгт газрын албанд ажил хийдэг гэж ярьж байсан. Манайхаар 2-3 удаа ирж бид танилцсан тул итгээд наймаа хийсэн. Гэтэл 4 жил гаруй хугацаанд адууны мөнгө шилжүүлэхгүй, худал үнэн ярьж, шалтаг шалтгаан тоочиж хугацаа их алдуулсан. Ингээд би 2020.02.10-ны өдөр хотод очиж өөрийн биеэр уулзаж, мөнгөө шаардаж, гэрээ байгуулсан. Зовлон тоочоод байхаар нь 36,0 сая төгрөгөөс 8,0 сая төгрөг хасаж, 28,0 сая төгрөгийг 2 хувааж буюу 2020.12.31-нд 14,0 сая төгрөг, 2021.12.31-нд үлдэгдэл 14,0 сая төгрөг өгөхөөр тохиролцсон. Гэтэл эхний 14,0 сая төгрөгийг өгөх хугацаа өнгөрөөд байна. Утсаар ярих дээр өчнөөн шалтаг, шалтгаан ярьдаг хэвээр. Би маш их хохирч байна. Адууныхаа үнээс хасч, боломж олгоод байхад хүндрэл учруулж байна. Иймд гэрээний үүргийн дагуу 2020.12.31-ний дотор адууны үнэ 14,0 сая төгрөгийг Л.Оргилбаатараас гаргуулж өгнө үү. Удаа дараа залгахад аймгийн наадамд морь нь түрүүлсэн, баярлалаа гэж байсан. 2,5 сая төгрөгөөр үнэлж байгаа нь үндэслэлгүй. Төл нь гэхэд 5,0 сая төгрөгийн үнэ хүрнэ. Баян хүрээ, хурдан адуу сонирхдог хүн мэднэ. Сунгаанд медаль өгдөггүй, харин наадмаар өгдөг. Даагатай гүү уралдаанд ороод түрүүлсэн гэсэн дам яриаг сонссон. Өгье гэсэн бол 4 жилийн хугацаанд боломж байсан.******* морио уралдуулж түрүүлснээр алдар цол, нэр хүнд олсон. Тухайн үеийн ханшаар хурдан удмын адууг 20,0 сая төгрөгөөр үнэлсэн гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Тус шүүхэд *******ын гаргасан 14,0 сая төгрөг гаргуулах нэхэмжэлтэй танилцаад зарим хэсгийг эс зөвшөөрч байна. Миний бие *******аас хурдан удмын адуу гэж 1 үрээ, 2 гүү, 1 даага, 1 унага 2017 онд худалдан авахаар болсон. Ингээд тус 5 адууг Сүхбаатар аймгаас Дундговь аймаг руу зөөж авч ирсэн. Гэтэл 1 үрээ нь хөлөндөө бэртэлтэй уралдах ямар ч боломжгүй байсан. Тухайн үрээг эмчилж эдгээх гэж АНУ-аас эм тариа авчруулж 1 жил гаран эмчилгээ хийж багагүй зардал гаргасан. Би энэ талаар *******ад хэлж уг үрээг буцааж өгөх талаар хэлэхэд тухайн бэртэл гэмтлийн талаар өөрөө мэдэж байсан боловч надаас буцааж авахаас татгалзсан. *******тай наймаа хийж адуу худалдаж авсан гол зорилго нь хурдан удмын адуу гэж уралдуулах байсан боловч ийм боломжгүй болсон учраас төлбөр төлбөх боломжгүй болж өнөөдрийг хүрсэн. Хамгийн үнэтэй тооцсон 1 үрээг худалдаж авах үед хурдан удмын адуу, уралдаанд оролцуулахад ямар 1 асуудалгүй гэж итгэж 15,0-20,0 сая төгрөгөөр үнэлж авсан ч тэр үнэлгээндээ хүрэхгүй байгаа тул шаардлагаас 2,5 сая төрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх 11,5 сая хүлээн зөвшөөрөхгүй. Би барих орон сууцнаас 1 өрөө байрыг өгхөөр ярьж байсан боловч газрын маргаанаас боломжгүй болсон. Ингээд 5 адууг 28,0 сая төгрөгөөр тохиролцон уралдуулах зорилгоор уг адууг авсан ч аймгийн наадамд уралдуулж чадаагүй. Удмын хувьд хурдан. Би олон үнэтэй адуу авч байсан. Гэрээний дагуу 2021 оны 12 сард багтаагаад өгье гэж бодож байсан. Үүнээс өмнө шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Намайг Сүхбаатар аймгийн цагдаагийн байгууллагад өгч, хэсгийн төлөөлөгчтэйгээ ирээд гэрээгээ хийвэл хэргийг хаая гэсэн. 5 адууны үнийг базаад тооцон, 8,0 сая төгрөг нь 4 адууны, 20,0 сая нь хурдан удмын үрээний мөнгө юм. Хариуцагч анхнаасаа 28,0 сая төгрөг төлөхөө илэрхийлсэн. Худалдаж авсан эд хөрөнгө доголдолтой байсан. Үндсэн гэрээний хугацаа дуусаагүй, нэхэмжлээд байгаа үнийн шаардлагаа тодруулж өгсөнгүй, аль адууны урьдчилгаа гэдэг нь тодорхойгүй байна. Шөрмөс гэмтсэнийг шууд хараад мэдэх боломжгүй, шинж тэмдэг илрэнгүүт мэдэгдсэн. Буцааж авахгүй гэсэн болохоор эмчлээд уралдуулъя гэж бодсон. Морины шөрмөсний гэмтэл нь рентген, багажаар харж байж мэдэх боломжтой. Би адууны үр төлийг авсан гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Б.******* нь Л.Оргилбаатарт холбогдуулан гэрээний үүргийн эхний төлбөрт 14,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж тайлбарлав.

 

Хариуцагч нь худалдан авсан хурдан удмын адууны шөрмөс нь гэмтсэн буюу доголдолтой эд хөрөнгө байсан, мэдсээр байж худалдсан, буцаах гэтэл аваагүй, өөрийн зардлаар эмчилж, сумын наадамд уралдаж түрүүлсэн, үр төлийг нь авсан, бэртэлтэй байсан адууг 2,500,000 төгрөгөөр үнэлж төлөхөө хүлээн зөвшөөрч үлдэх хэсгийг төлөхгүй гэж маргалаа.

 

Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.1-д хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцлийн үндсэн дээр эрх зүйн харилцаа үүснэ гэж, 187 дугаар зүйлийн 187.1-д үүрэг нь хэлцлийн үндсэн дээр үүссэн эрх зүйн харилцаанаас үүсэхээр зохицуулсан байна.

 

Нэхэмжлэгч 2017.04.20-ны өдөр Л.Оргилбаатарт 5 тооны адууг худалдахаар хэлцэл хийж, хариуцагч адууг хүлээн авч явсан үйл баримт тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 39 дүгээр зүйлд иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэж, 40 дүгээр зүйлийн 40.1-д хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэжээ.

 

Талууд хэлцлээр хүсэл зоригоо илэрхийлэн эрх үүргийг үүсгэсэн, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй зарчимд нийцсэн, хүсэл зоригоо илэрхийлснээр хэлцэл хүчин төгөлдөр болсон байна.

 

Дээрх хэлцлийн дагуу хүлээн авсан 5 тооны адууны төлбөрийг хариуцагч төлөөгүйгээс талууд 2020.02.10-ны өдөр Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ байгуулан, 2020.12.31-ний өдөр 14,000,000 төгрөг, 2021.12.31-ны өдөр үлдэх 14,0 сая төгрөг, нийт 28,000,000 төгрөгийг 2 хувааж төлөхөөр тохиролцжээ.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, хөрөнгөө хүлээн авах үүргийг зохицуулжээ.

 

Худалдагч Б.******* нь 2017 оны 4 сард 5 тооны адууг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлсэн, Л.Оргилбаатар нь худалдан авсан 5 тооны адууг хүлээн авсан боловч хэлэлцэн тохирсон үнийн эхний төлбөр болох 14,000,000 төгрөгийг 2020.12.31-ний өдөр төлөх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

 

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 251.2-т хэрэв гэрээнд чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзэх, 254.1-д худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солих, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлагыг гаргах эрхтэй гэж тодорхойлжээ.

 

Хариуцагч нь тухайн маргааны зүйл болсон хурдан удмын үрээг уралдуулах зорилгоор аваад шөрмөс нь гэмтсэнээс зориулалтаар ашиглах боломжгүй болсноос дээрх хуульд заасан шаардлагыг гаргаж байсан нь хэргийн үйл баримтаар нотлогдохгүй байна.

 

Өөрөөр хэлбэл хариуцагч нь 2017 оны 4 сард хүлээн авсан адууг буцаах хүсэлтийг гаргасан гэх атлаа 2020.02.10-ны өдөр төлбөр барагдуулах гэрээг байгуулсан, зориулалтаар ашиглах боломжгүй гэсэн атлаа сумын наадамд түрүүлсэн талаар няцаагаагүй тул хариуцагчийн тайлбар үгүйсгэгдсэн гэж үзэхээр байна.

 

Хариуцагчийн өмгөөлөгчөөс гэрээний хугацаа дуусаагүй тул шаардах эрхгүй гэж тайлбарлаж байгаа ч гэрээгээр тохиролцсон эхний төлбөрийн хугацаанаас хойш нэхэмжлэгчид эхний төлбөрийг шаардах эрх үүсэх тул Л.Оргилбаатараас 14,000,000 төгрөгийг гаргуулан, Б.*******ад олгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 227,950 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 227,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан Гөрөөчин овогтой  Оргилбаатараас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 14,000,000 /арван дөрвөн сая/ төгрөг гаргуулан,  *******ад  олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 227,950 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 227,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй ба шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ