Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2021/01222

 

 

 

 

Б.Э-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Отгонцэцэг, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 сарын 29-ний өдрийн 102/ШШ2021/00818 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Б.Э-ын хариуцагч Л.О-т холбогдох гэрээний үүрэгт 14,000,000 төгрөг гаргуулах тухайн иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хэрлэнчимэг, хариуцагч Л.О-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Б.Э- нь 2017 оны 04 сарын 20-ны өдөр Л.О-т 5 тооны хурдан удмын адууг нийт 36,000,000 төгрөгөөр худалдсан. Л.О- Улаанбаатар хотод очоод мөнгийг нь шилжүүлнэ” гээд адууг ачаад явсан. Өмнө нь 2-3 удаа уулзаж байсан, танил тул итгэсэн. Гэтэл 4 жил гаруй хугацаанд янз бүрийн шалтгаан тайлбарлан хугацаа хойшлуулсаар мөнгө төлөөгүй. 2020 оны 02 сарын 10-ны өдөр хариуцагчтай уулзаж, 36,000,000 төгрөгөөс 8,000,000 төгрөгийг хасч, 28,000,000 төгрөгийг 2 хуваан 2020 оны 12 сарын 31-ний өдөр 14,000,000 төгрөг, 2021 оны 12 сарын 31-ний өдөр үлдэгдэл 14,000,000 төгрөгийг төлүүлэхээр харилцан тохиролцож төлбөр барагдуулах гэрээ байгуулсан.

2020 оны 12 сарын 31-ний өдөр төлвөл зохих 14,000,000 төгрөгийг төлөөгүй тул гэрээний үүргийн дагуу Л.О-аас гаргуулж өгнө үү. Утсаар холбогдоход аймгийн наадамд морь нь түрүүлсэн, баярлалаагэж байсан. 2,500,000 төгрөгөөр үнэлж байгаа нь үндэслэлгүй. Тухайн үеийн ханшаар хурдан удмын адууг 20,000,000 төгрөгөөр үнэлсэн гэжээ.

 

Хариуцагч тал хариу тайлбартаа: Б.Э-аас 2017 онд хурдан удмын адуу гэж 1 үрээ, 2 гүү, 1 даага, 1 унага худалдан авахаар болсон. Ингээд тус 5 адууг Сүхбаатар аймгаас Дундговь аймаг руу зөөж авч ирсэн. Гэтэл 1 үрээ нь хөлөндөө бэртэлтэй уралдах ямар ч боломжгүй байсан. Тухайн үрээг эмчилж эдгээх гэж АНУ-аас эм тариа авчруулж 1 жил гаруй хугацаанд эмчилгээ хийж багагүй зардал гаргасан. Уг үрээг буцааж өгөх талаар Б.Э-ад мэдэгдэхэд тухайн бэртэл гэмтлийн талаар өөрөө мэдэж байсан боловч буцааж авахаас татгалзсан. Б.Э-аас адуу худалдаж авсан гол зорилго нь хурдан удмын адуу гэж уралдуулах байсан боловч адууны бэртэл гэмтлээс болж уралдуулж чадаагүй тул төлбөрийг төлбөх боломжгүй болсон. Хамгийн үнэтэй тооцсон 1 үрээг худалдаж авах үед хурдан удмын адуу, уралдаанд оролцуулахад ямар 1 асуудалгүй гэж итгэж 15,000,000-20,000,000 төгрөгөөр үнэлж авсан ч тэр үнэлгээндээ хүрэхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 2,500,000 төрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх 11,500,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. 5 адууны үнийг нийлүүлж тооцон, 8,000,000 төгрөг нь 4 адууны, 20,000,000 төгрөг нь хурдан удмын үрээний мөнгө юм. Хариуцагч анхнаасаа 28,000,000 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн. Худалдаж авсан эд хөрөнгө доголдолтой байсан. Үндсэн гэрээний хугацаа дуусаагүй, нэхэмжлээд байгаа үнийн шаардлагаа тодруулж өгсөнгүй, аль адууны урьдчилгаа гэдэг нь тодорхойгүй байна. Шөрмөс гэмтсэнийг шууд хараад мэдэх боломжгүй, шинж тэмдэг илрэнгүүт мэдэгдсэн. Буцааж авахгүй гэсэн болохоор эмчлээд уралдуулъя гэж бодсон. Морины шөрмөсний гэмтэл нь рентген, багажаар харж байж мэдэх боломжтой. Адууны үр төлийг авсан гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан Л.О-аас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 14,000,000 төгрөг гаргуулан, Б.Э-ад олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 227,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 227,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч тал давж заалдах гомдолдоо:. Талууд хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан боловч худалдан авсан адуу хэлэлцэн тохиролцсон үнэд хүрээгүй. Өөрөөр хэлбэл, эд хөрөнгийн доголдолтой байсан. Адууг эмчилж байсан мал эмнэлгийн эмч болон хариуцан хамгаалж байсан хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авах хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлээгүй. Мөн гэрээний дагуу төлбөрийг 2 хувааж төлөхөөр тохиролцсон ба 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хугацаа дуусах тул гэрээний хугацаа дуусаагүй байхад шүүхээс хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Б.Э- нь хариуцагч Л.О-т холбогдуулан гэрээний үүрэгт 14,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч зарим хэсгийг нь буюу 2,500,000 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ. /хх 1, 23/

 

Зохигчдын тайлбар, хэргийн 5 дахь талд авагдсан “Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ”-ний агуулгыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлбэл, Б.Э- нь  Л.О-т 2017 оны 04 сарын 20-ны өдөр 5 тооны адууг 28,000,000 төгрөгөөр худалдах, Л.О- нь гэрээний үнийн 14,000,000 төгрөгийг 2020 оны 12 сарын 31-нийн өдрийн дотор, үлдэх 14,000,000 төгрөгийг 2021 оны 12 сарын 31-ний өдрийн дотор төлөх нөхцөлийг харилцан тохиролцсон үйл баримт тогтоогдож байна.

 

Дээрх тогтоогдсон үйл баримтаас үзвэл, талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ аман хэлбэрээр байгуулагдсан байх бөгөөд уг гэрээ байгуулагдах үед худалдан авагч Л.О- нь 5 тооны адууг хүлээн авсанд болон гэрээний үнэ 28,000,000 төгрөгийн хэмжээнд маргаагүй байна. Иймд худалдагч Б.Э- нь худалдан авагчаас гэрээгээр тохирсон үнийг шаардах эрхтэй энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

 

Хариуцагч тал хүлээн авсан 5 тооны адуу нь нас, хүйс, удмын ялгаанаас хамаарч нэгж бүрийн үнэ өөр байсан гэж тайлбарлах боловч 2020 оны 02 сарын 10-ны өдрийн “Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ”-нд нэг бүрийн үнийг нэрлэн заагаагүй, нийт тоонд хамааруулан үнийг тодорхойлж 28,000,000 төгрөг гэж тусгасан байх тул үүнийг гэрээний үнэ гэж үзнэ. /хх 5/ Өөрөөр хэлбэл, үүнээс өөр байдлаар үнийг тохиролцсон гэж үзэх талуудын хүсэл зоригийн илэрхийлэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

Түүнчлэн, анхан шатны шүүх хариуцагч талаас гаргасан “хүлээн авсан адууны 1 тооны үрээ нь бэртэл, гэмтэлтэй байснаас хамаарч худалдан авагч зориулалтын дагуу ашиглаагүй, энэ талаар худалдагч талд мэдэгдэж байсан” гэсэн тайлбар нь хэргийн баримтаар тогтоогдоогүй, үүнтэй холбогдуулан гэрч асуулгах хүсэлтийг хангаагүйг буруутгах боломжгүй байна.

Учир нь, Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт тухайн эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш 6 сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч шаардлага гаргах эрхтэй байхаар зохицуулсан. Л.О- нь гэрээний зүйлийг 2017 оны 04 сард хүлээн авсан атлаа эд хөрөнгийн доголдлын талаар шаардлагаа дээрх хуулийн зохицуулалт ёсоор гаргаагүй байх тул Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1 дэх хэсэгт зааснаар шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзнэ. Мөн төлбөр төлөх хэлцлийг 2020 оны 02 сарын 10-ны өдөр хийсэн байх тул “адуу гэмтэлтэй байсан талаар нэхэмжлэгч талд мэдэгдэж байсан” гэх тайлбар нь няцаагдсан талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

 

Төлбөр төлөх хэлцэлд заасан хугацаа 2021 оны 12 сар дуусах байхад үүнээс өмнө нэхэмжлэл гаргаж, шүүх хангасан нь буруу гэх хариуцагч талын давж заалдах гомдол мөн үндэслэлгүй байна. Уг гэрээнд төлбөр төлөх хугацааг 2 байдлаар тодорхойлсон байх бөгөөд нэхэмжлэгч нь гэрээний нийт үнэ 28,000,000 төгрөгийг бус 2020 оны 12 сарын 31-ний өдрийн байдлаар төлөх 14,000,000 төгрөгийг уг хугацаа өнгөрсөн үндэслэлээр нэхэмжилсэн тул шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн                167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 сарын 29-ний өдрийн 102/ШШ2021/00818 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Л.О-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 06 сарын 22-ны өдөр төлсөн 227,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ИЧИНХОРЛОО

                                             

                ШҮҮГЧИД                                    А.ОТГОНЦЭЦЭГ

 

Д.НЯМБАЗАР