Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2021/00943

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 04 сарын 02 өдөр Дугаар 102/ШШ2021/00943 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  Отгоны  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Тайванбаатарт  холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 25,315,835 /хорин таван сая гурван зуун арван таван мянга найман зуун гучин тав/ төгрөг гаргуулах тухай хэргийн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мягмаржав, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Халиун, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жаргал, гэрч О.Номин, Р.Уртнасан, Д.Шийрэвдамба, нарийн бичгийн дарга Ш.Лхамсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б.Тайванбаатар нь охин О.Номинтой минь 2017 онд танилцаж, 2018 оны хавраас манайхаар орж гардаг болсон. 2018 оны 9 сараас бизнесээ өргөжүүлэхэд мөнгө шаардлагатай байна, цалингийн зээл аваад өгөөч, сар бүрийн төлөлтийг хүүгийн хамт төлж байгаад ашиг орлого нэмэгдэнгүүт бөөнд нь зээлийг төлнө гэж удаа дараа гуйсан. Би эхэндээ зөвшөөрөхгүй байж байгаад манай охинтой найзалж, хамт амьдарч байсан болохоор итгэж, 2018.09.06-ны өдөр Голомт банкнаас цалингийн зээл 19,700,000 төгрөгийг 48 сарын хугацаатай, жилийн 16.8% хүүтэй, нийт 27,010,835 төгрөг төлөхөөр тохиролцож Зээл болон барьцааны гэрээ байгуулан зээл авсан. Зээл авсан даруйдаа Б.Тайванбаатарын Хаан банкны дансанд 6,230,000 төгрөг, үлдсэнийг бэлнээр өөрт нь хүлээлгэн өгсөн. Үүнээс хойш Тайванбаатар зээлээрээ ТННО трейвэл ХХК-ийг байгуулж, мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэл, худалдаа, бууз баншны үйлдвэрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаад 2019 оны 2 сараас зогсоосон. Зээл гаргуулж авсны дараа 10, 11, 12 сарын эргэн төлөлтөд 1,695,000 төгрөг өгсөн. Үүнээс хойш зээлийн эргэн төлөлтийг янз бүрийн шалтаг, тайлбар хэлж төлөлгүй явсаар 2019 оны 3 сард хөдөө явлаа гээд, түүнээс хойш утсаа авахаа больж, сураггүй болсон. Ингээд зээлийн эргэн төлөлтийг би өөрийн цалингаас суутгуулан төлж, хохирч байна. Иймд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 25,315,835 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тайванбаатарт 2018.09.10-ны өдөр 6,260,000 төгрөгийг Н.Отгон шилжүүлсэн нь үнэн. Үлдэгдэл мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй. 19,700,000 төгрөгийг өгсөн гэх боловч дансаар авсан. Н.Отгоноос 10 сая төгрөгийг О.Номин авсан. О.Номин уг мөнгийг хийсэн. Тухайн үед Б.Тайванбаатарын дансыг тухайн үед ашиглаж байсан. О.Номин Б.Тайванбаатар нарын хооронд, ааваараа зээл авахуулж маханд яваад бизнес эрхлэх санаачилгыг О.Номин гаргаж, Б.Тайванбаатарын дансанд мөнгийг хийсэн. Махаа авчирсны дараа бууз, баншаа хийгээд ашгаа О.Номин авдаг байсан. Иргэний хуулийн 282.3-т зааснаар хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан. Голомт банктай байгуулсан гэрээний дагуу төлөх хүүний төлбөрийг Б.Тайванбаатар төлөх үүрэг хүлээгээгүй. Мөн хуулийн 282.4-т зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно. Зээлдэгчид бодитой гардуулсан байхыг шаардаж байгаа. Отгоноос Тайванбаатар гардаж аваагүй. Түүний охин О.Номингоос 10,000,000 төгрөгийг авсан. 6,260,000 төгрөгийг авсан, гэвч махны тоног төхөөрөмж нь нэхэмжлэгчийн охин О.Номинд үлдсэн тул 3,500,000 төгрөг болон буцаан өгсөн 1,695,000 төгрөгийг хасч үлдэх 1,065,000 төгрөгийг зөвшөөрнө. Бичгээр гэрээ байгуулаагүй тул хүү тооцохгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, гэрч нарын мэдүүлэг, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Н.Отгон нь Б.Тайванбаатарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 25,315,835 гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ хүсэлтээр нь банкнаас цалингийн зээл авч өгсөн тул зээлийг гэрээний хугацаанд төлөх хүүгийн хамт гаргуулна гэж тайлбарлав.

 

Хариуцагч нь шаардлагаас дансаар авсан 6,260,000 төгрөгийг авснаас махны тоног төхөөрөмж нь үлдсэн тул 3,500,000 төгрөгийг, буцаан өгсөн 1,695,000 төгрөгийг хасч үлдэх 1,065,000 төгрөгийг зөвшөөрнө, харин 10,000,000 төгрөгийг Н.Отгоноос аваагүй, түүний охин О.Номингоос авсан гэж маргалаа.

 

Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.1-д хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцлийн үндсэн дээр эрх зүйн харилцаа үүснэ гэж, 187 дугаар зүйлийн 187.1-д үүрэг нь хэлцлийн үндсэн дээр үүссэн эрх зүйн харилцаанаас үүсэхээр зохицуулсан байна.

 

Нэхэмжлэгч нь 2018.09.06-ны өдөр Голомт банкнаас 19,700,000 төгрөгийн цалингийн зээлийг 48 сарын хугацаатай, жилийн 16.8% хүүтэйгээр зээлж, 2018.09.18-ны өдөр хариуцагчийн Хаан банк дахь дансанд шилжүүлжээ.

 

Иргэний хуулийн 39 дүгээр зүйлд иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэж, 40 дүгээр зүйлийн 40.1-д хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэжээ.

 

Хариуцагчийн хүсэлтийн дагуу нэхэмжлэгч нь банкнаас цалингийн зээл авах болсон нь хэргийн үйл баримтаар тогтоогдсон тул Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох зарчимд нийцсэн, талууд хүсэл зоригоо илэрхийлснээр гэрээ хүчин төгөлдөр болж, талуудын хооронд зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэхээр байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэжээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчээс бэлнээр 2018.09.10-ны өдөр 10,000,000 төгрөгийг хүлээн авсан болох нь гэрч Д.Шийрэвдамбын тухайн үед Б.Тайванбаатарт мөнгөний хэрэгцээ гарч, зээл асууж байсан гэх мэдүүлэг, гэрч О.Номин, Р.Уртнасан нарын махны бизнес хийхэд мөнгө хэрэгтэй байна, зээл авч өгөөч гэж нэхэмжлэгчээс гуйсан гэх мэдүүлэг, гэрч О.Номингийн Голомт банк 10,000,000 төгрөгийг гүйлгээгээр хийх боломжгүй гээд бэлнээр гаргаж өгснийг аав миний дэргэд Б.Тайванбаатарт өгсөн гэх мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байна.

 

Иймд зээлдэгч Н.Отгон зээлдүүлэгч Б.Тайванбаатарын өмчлөлд 16,260,000 төгрөгийг шилжүүлэх үүргээ биелүүлсэн, харин зээлдэгч нь мөнгийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй буруутай байх тул нэхэмжлэгч нь шаардах эрхтэй байна.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болохоор, 282.3-т хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдахаар заажээ.

 

Тухайн тохиолдолд нэхэмжлэгч нь банкинд төлөх хүүний төлбөр 5,615,835 төгрөгийг хариуцагчтай байгуулсан гэрээний хүү гэж тодорхойлж байх бөгөөд дээрх хуулийн зохицуулалтын дагуу нэхэмжлэгч хүү авах эрхээ алдах бөгөөд нөгөөтэйгүүр цалингийн зээлийн гэрээг 4 жилийн хугацаатай буюу 2022.06.22-ны өдөр хүртэл байгуулсан, гэрээний хугацаа дуусаагүй байхад үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь шаардсан нь үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч нь 19,700,000 төгрөгийн 3,440,000 төгрөгийг махны тоног төхөөрөмж авахаар зээлсэн гэж тайлбарлах ч хэргийн үйл баримтаар нотлогдохгүй байна.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр Б.Тайванбаатараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 16,260,000 төгрөг гаргуулан, Н.Отгонд олгож, шаардлагаас үлдэх 99,055,835 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс хураамжид төлсөн 284,530 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хураамжид 239,250 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгов.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3 дахь хэсэгт заасныг баримтлан Тайванбаатараас зээлийн гэрээний үүрэгт 16,260,000 /арван зургаан сая хоёр зуун жаран мянга/ төгрөг гаргуулан,  Отгонд шаардлагаас үлдэх 9,055,835 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс хураамжид төлсөн 284,530 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хураамжид 239,250 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ