Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2021/00850

 

 

2021 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2021/00850

 

Н.О-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 102/ШШ2021/00943 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Н.О-ны хариуцагч Б.Т-т холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 25 315 835 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Т нь охин О.Н-той 2017 онд танилцаж, 2018 оны хавраас манайхаар орж гардаг болсон. 2018 оны 9 сараас бизнесээ өргөжүүлэхэд мөнгө шаардлагатай байна, цалингийн зээл аваад өгөөч, сар бүрийн төлөлтийг хүүгийн хамт төлж байгаад ашиг орлого нэмэгдэнгүүт бөөнд нь зээлийг төлнө гэж удаа дараа гуйсан. Би эхэндээ зөвшөөрөхгүй байж байгаад манай охинтой найзалж, хамт амьдарч байсан болохоор итгэж, 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Голомт банкнаас цалингийн зээл 19 700 000 төгрөгийг 48 сарын хугацаатай, жилийн 16.8 хувийн хүүтэй, нийт 27 010 835 төгрөг төлөхөөр тохиролцож зээл болон барьцааны гэрээ байгуулан зээл авсан. Зээл авсан даруйдаа Б.Т ын Хаан банкны дансанд 6 230 000 төгрөг, үлдсэнийг бэлнээр өөрт нь хүлээлгэн өгсөн. Үүнээс хойш Б.Т зээлээрээ ТННО трейвэл ХХК-ийг байгуулж, мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэл, худалдаа, бууз баншны үйлдвэрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаад 2019 оны 2 сараас зогсоосон. Зээл гаргуулж авсны дараа 10, 11, 12 сарын эргэн төлөлтөд 1 695 000 төгрөг өгсөн. Үүнээс хойш зээлийн эргэн төлөлтийг янз бүрийн шалтаг, тайлбар хэлж төлөлгүй явсаар 2019 оны 3 сард хөдөө явлаа гээд, түүнээс хойш утсаа авахаа больж, сураггүй болсон. Ингээд зээлийн эргэн төлөлтийг би өөрийн цалингаас суутгуулан төлж, хохирч байна. Иймд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 25 315 835 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Т-т 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 6 260 000 төгрөгийг Н.О шилжүүлсэн нь үнэн. Үлдэгдэл мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй. 19 700 000 төгрөгийг өгсөн гэх боловч дансаар авсан. Н.О-с 10 000 000 төгрөгийг О.Н авсан. О.Н уг мөнгийг хийсэн. Тухайн үед Б.Т ын дансыг тухайн үед ашиглаж байсан. О.Н Б.Т нарын хооронд ааваараа зээл авахуулж маханд яваад бизнес эрхлэх санаачилгыг О.Н гаргаж, Б.Т ын дансанд мөнгийг хийсэн. Махаа авчирсны дараа бууз, баншаа хийгээд ашгаа О.Н авдаг байсан. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан. Голомт банктай байгуулсан гэрээний дагуу төлөх хүүний төлбөрийг Б.Т төлөх үүрэг хүлээгээгүй. Мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно. Зээлдэгчид бодитой гардуулсан байхыг шаардаж байгаа. Н.О-с Б.Т гардаж аваагүй. Түүний охин О.Н-с 10 000 000 төгрөгийг авсан. 6 260 000 төгрөгийг авсан, гэвч махны тоног төхөөрөмж нь нэхэмжлэгчийн охин О.Н-д үлдсэн тул 3 500 000 төгрөг болон буцаан өгсөн 1 695 000 төгрөгийг хасч үлдэх 1 065 000 төгрөгийг зөвшөөрнө. Бичгээр гэрээ байгуулаагүй тул хүү тооцохгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Т-с зээлийн гэрээний үүрэгт 16 260 000 төгрөг гаргуулан,  Н.О-д шаардлагаас үлдэх 9 055 835 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс хураамжид төлсөн 284 530 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хураамжид 239 250 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан тайлбартаа Б.Т аас 1 650 000 төгрөг буцааж авсан талаар хүлээн зөвшөөрч илэрхийлсэн. Мөн гэрч О.Н 1 695 000 төгрөгийг эргэн төлж байсныг гэрчилдэг. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж тогтоох хэсгийн 1 дэх заалтын 16 260 000 төгрөг гэснийг 14 565 000 төгрөг гэж өөрчилж, 1 695 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Н.О нь хариуцагч Б.Т-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 25 315 835 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг зарим хэсгийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Н.О 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Голомт банкнаас 19 700 000 төгрөгийн цалингийн зээлийг 48 сарын хугацаатай, жилийн 16.8 хувийн хүүтэй зээлж, 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хариуцагч Б.Т ын Хаан банк дах дансанд шилжүүлсэн үйл баримт хэргийн 5-7 дах талд авагдсан зээл болон барьцааны гэрээгээр тогтоогдсон байна.

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь зөв болжээ.

 

Хариуцагч нь 10 000 000 төгрөгийг нэхэмжлэгчээс аваагүй, түүний охин О.Номингоос авсан гэж тайлбарлаж маргасан боловч гэрч О.Н, Р.У, Д.Ш нар Н.О-оос авсныг мэдүүлсэн, нэхэмжлэгчийн тайлбар нотлогдсон тул нэхэмжлэгч нь 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 10 000 000 төгрөгийг бэлнээр хариуцагчид шилжүүлэн өгсөн гэж үзнэ. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй.

 

Нэхэмжлэгч Н.О зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж 16 260 000 төгрөгийг Б.Т-т шилжүүлсэн боловч хариуцагч нь зээлийг буцаан төлөх гэрээний үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй. Анхан шатны шүүх энэ талаар зөв дүгнэсэн байна.

 

Нэхэмжлэгч нь банкинд төлөх хүүний төлбөр 5 615 835 төгрөгийг хариуцагчтай байгуулсан гэрээний хүү гэж тодорхойлсон байх боловч талууд хүү төлөх талаар бичгээр тохиролцоогүй тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч хүү авах эрхээ алдах бөгөөд цалингийн зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь шаардсан нь үндэслэлгүй талаарх шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй юм.

 

Иймд анхан шатны шүүх хариуцагч Б.Т-с 16 260 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.О-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 9 055 835 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3 дах хэсэгт нийцжээ.

 

Хариуцагчийн төлсөн 1 695 000 төгрөг нь нэхэмжлэгч Н.О-ны банкнаас авсан зээл, зээлийн хүүд төлөгдсөн тул дээрх 1 695 000 төгрөгийг хариуцагчийн төлөх төлбөрөөс хасч тооцох үндэслэлгүй. Учир нь нэхэмжлэгч Н.О нь Голомт банкнаас зээлсэн мөнгөн хөрөнгөнөөс 16 260 000 төгрөг хариуцагч Б.Т-т зээлдүүлж уг мөнгөний зээлийн хүүг Голомт банкинд төлж хохирсон тул энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 102/ШШ2021/00943 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42 070 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ОТГОНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ