Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2021/00797

 

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2021/00797

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: БНСУ Сөүлтигбёл хот  Ё Г Л К /  Co., LTD/ /РД:, утасны дугаар: /

 

Хариуцагч: Баянгол дүүрэг 8 дугаар хороо  тоотод оршин суух Б овогт Б О/РД: , утасны дугаар: /

 

Хариуцагч: Баянгол дүүрэг 9 дүгээр хороо  Хос тулах багана ХХК /РД: 565491, утасны дугаар: /

 

13,693,248 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Г

хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч Б.О

хариуцагчийн өмгөөлөгч Б.С

нарийн бичгийн дарга Б.Сэндэр нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ё Г Л К ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: БНСУ-ын хуулийн этгээд Ё Г Л К компани нь Олон улсын тээвэр зуучийн үйл ажиллагаа явуулдаг ба Монгол Улсын Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын 2005 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн В-2407 шийдвэрээр Улаанбаатар хотод төлөөлөгчийн газар байгуулан ажиллаж байна. Иргэн Б.О нь Ё Г Л К компаниар 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 24,390 кг барилгын материал тээвэрлүүлсэн буюу тээврийн хөлс нь 3,300 доллар болж үүнээсээ 2,000 ам долларыг нь төлж 1,300 ам доллар үлдсэн, үүний дараагаар 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 23,914 кг барилгын материал бүхий ачаа тээвэрлүүлсэн буюу тээврийн хөлс нь 3,500 ам доллар болсон. Нийт 2 удаагийн тээвэрлэлтээр Б.О нь нийт 4,800 ам.долларын үлдэгдэлтэй байна. Эхний тээвэрлэлтийн хөлсний үлдэгдэл 1,300 ам.доллартаа 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр зээлийн гэрээ байгуулсан боловч төлөлт хийгээгүй, удаа дараа шаардсан боловч нэг ч төгрөг төлөхгүй өнөөдрийг хүрсэн тул иргэн Б.О-с 4,800 ам.доллар буюу нийт 13,693,248 төгрөгийг Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжилж байна.

 

Нэхэмжлэгч өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагадаа: БНСУ-ын хуулийн этгээд Ё Г Л К компани нь Олон улсын тээвэр зуучийн үйл ажиллагаа явуулдаг ба Монгол Улсын УБЕГ-ын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын 2005 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн В-2407 шийдвэрээр Улаанбаатар хотод төлөөлөгчийн газар байгуулан ажиллаж байна. Иргэн Б.О нь Ё Г Л К компаниар 2019 оны 2 дугаар сарын 01- ний өдөр 24,390 кг барилгын материалыг МЗС118586281 дугаартай контейнер тээвэрлүүлсэн буюу тээврийн хөлс нь 3,300 ам.долллар болж үүнээсээ 2,000 ам.долларыг нь төлж үлдсэн 1,300 ам.доллартаа 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдөр зээлийн гэрээ байгуулан өгөхөөр тохирсон боловч өнөөдрийг хүртлэх хугацаанд төлөөгүй, үүний дараагаар Б.О нь өөрийнхөө Хос тулах багана ХХК-ийн нэр дээр 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн * дугаартай контейнераар мөн барилгын материал бүхий ачааг тээвэрлүүлсэн буюу тээврийн хөлс нь 3,500 ам.доллар болсон ч нэг ч төгрөгийг төлөөгүй. Дээрх мөнгийг Б.О-с удаа дараа шаардаж гар утас руу нь мессеж бичиж, мөн нэхэмжлэгч байгууллагын зүгээс өөрийн оффис дээрээ дуудан уулзаж дансны хуулгаа өөрт нь үзүүлж, мөнгө ороогүй, яагаад төлөхгүй байгаа талаар асуухад би өөрийнхөө мөнгө төлсөн баримтуудаа сайн харъя гээд яваад байдаг, ингээд тодорхой бус юм хэлсээр яваад өнөөдрийг хүрсэн тул иргэн Б.О 2019 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн * дугаартай контейнерын ачаа тээвэрлүүлэлтийн хөлсний үлдэгдэл 1300 ам.долллар буюу 3,708,588 төгрөгийг, Х  ХХК-иас 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн * дугаартай контейнерын ачаа тээвэрлэлтийн хөлс 3,500 ам.доллар буюу 9,984,660 төгрөгийг тус тус гаргуулахаар Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжилж байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Гшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.О 2019 оны 2 сарын 01-ний өдрийн ачаа тээвэрлэлтийн хөлс 1,300 доллар, 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн тээвэрлэлтийн 3,500 доллар нийт 4,800 доллар буюу 13,693,248 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байсан. 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр ачаа тээврүүлээгүй гэсэн хариуцагчийн тайлбартай холбогдуулан манайх баримтаа дахин шүүж үзэхэд 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн ачаа тээврийн мөнгө болж таарсан. Манайх нэхэмжлэлээ гаргахдаа хугацааны хувьд алдаа гаргасан байсан. Ингээд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж хариуцагч Б.Ос 2019 оны 2 дугаар сарын 01-ний өдөр барилгын материал тээвэрлүүлсэн тээврийн хөлсний үлдэгдэл 1,300 долларыг нэхэмжилж байгаа. Харин хариуцагч Х ХХК-иас 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн ачааны хөлс 3,500 ам долларыг нэхэмжилж байгаа. Нийт 4,800 долларын өр төлбөртэй байгаа бөгөөд энэ төлбөрөө өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байна. Эднийх Б  ХХК-иас үйлчилгээ авдаг учраас энэ компаниас тээвэрлүүлсэн ачааны баримтыг үзэхэд 10 удаагийн тээврийн үйлчилгээ авсан гэж үзсэн. Нэг ачаа нь Ж АХХК-ийн нэрээр орж ирсэн, энэ ачааны мөнгө төлөгдсөн байсан. Энэ ачааны тээврийн хөлсийг шаардаагүй. Энэ ачааны хөлсийг оруулаад хариуцагч нар нийт 37,550 ам доллар төлөхөөс 32,750 ам долларыг төлсөн байна. Харин хариуцагч Ж А ХХК-ийн нэрээр орж ирсэн ачааг аваагүй гэж байгаа бол нийт 9 ачаа тээвэрлүүлсэн байна. Эдгээр ачааны хөлс нийтдээ 33,650 ам доллар болж байна. Ж А ХХК-ийн төлөгдсөн 3,900 ам доллар ороод 32,750 ам доллар болж байсан үүнээс энэ 3,900 ам долларыг хасвар хариуцагч нар 28,850 ам доллар төлсөн байна. Тэгэхээр 4,800 ам долларын хөлс төлөөгүй гарч ирж байна. Иймд 2019 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн ачааны үлдэгдэл хөлс 1,300 ам доллар буюу 3,708,588 төгрөгийг Б.О , 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн ачааны хөлс 3,500 ам доллар буюу 9,984,660 төгрөгийг Хос тулах багана ХХК-иас нэхэмжилж байна.

 

Хариуцагч Б.О шүүхэд гаргасан тайлбартаа: Танай шүүхээр хянагдаж байгаа Ё Г Л К компанийн нэхэмжлэлтэй Б.О надаас 13,693,248 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагч миний зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь миний бие сүүлийн 8 жилийн хугацаанд тээвэр зуучлалын компаниар үйлчлүүлж байгаа бөгөөд тус компаниар 2019 онд 7 удаа тээвэрлүүлж 26,000 ам.долларын үйлчилгээ авч бүх төлбөр тооцоогоо бүрэн барагдуулж, оруулж ирсэн контейнеруудаа тухай бүрт нь суллаж өгч байсан. Нэхэмжлэгч компани нь мөнгөний барьцаа болгож контейнерыг нь барьцаанд авч үлддэг бөгөөд төлбөр тооцоо бүрэн барагдуулсны дараа тухайн барьцааг суллаж өгөх зарчмаар үйл ажиллагаагаа явуулдаг тул тээвэрлэлтийн хөлс үлдэнэ гэх ойлголт байхгүй болно. Тухайн компанийн дотоод зохион байгуулалт, ажилтнуудын хайхрамжгүй байдлаас шалтгаалан төлбөр тооцооны үл ойлголцол үүссэн гэж миний бие дүгнэж байна. Учир нь тухайн байгууллагын оффист ажиллаж төлбөр хурааж авдаг 2 эмэгтэй байдаг. Энэ хоёр нь мөнгө тоолж авчихаад баримт өгдөггүй, баримтаа шаардахаар манайх угаасаа баримт өгдөггүй гэх тайлбарыг хийдэг байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

Хариуцагч Б.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч талаас 2019 оны 2 дугаар сарын 01-ний өдөр, 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдөр ачаа тээвэрлүүлсэн гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Хувь хүнээр болон компаниараа нийт 9 контейнер ачаа ачуулсан. 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр ямар ч ачаа ачуулаагүй. Хамгийн сүүлд 13,550 доллар төлж, ачаагаа хүлээн авсан. Төлбөр төлөөгүй бол контейнерийн ачааг суллаж авах боломжгүй байдаг. 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр бэлнээр 4,800 ам долларыг төлсөн. Нийт 33,650 ам доллар төлж бүх ачааны тээврийг төлсөн байна. Эдний компанийн төлбөр хураамж авдаг эмэгтэй төлбөр тооцоо дууссан гэж баримт бичиж өгсөн, хэрэгт өгсөн байгаа. 2019 оны 12 сард төлбөрийн үлдэгдэлтэй байна гэсэн мэссэж ирэхээр нь яриад төлбөрийг төлсөн гэж хэлсэн, ингээд таг байж байгаад дахиад 2020 оны 1 сард дахиад мэссэж ирсэн. Хар дэвтэртээ бичээгүй алдаа гаргасан гэж үзэж байна, мөнгө авсан, өгсөн талаар баримт надад өгөх ёстой. Танайх бэлэн мөнгөний баримт байдаггүй гэж хэлээд өгөөгүй болохоор надад одоо өгөх юм алга байна. Хамгийн сүүлийн төлбөр төлөхөд надад ямар ч асуудал байхгүй гэж хэлсэн. Ингээд бүх өр төлбөр дуусгавар болсон. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв. Учир нь:

 

Нэхэмжлэгч Ё Г Л К ХХК нь хариуцагч Б.О холбогдуулан 2019 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн тээврийн хөлсний үлдэгдэл 1,300 ам доллар, 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн тээврийн хөлс 3,500 ам доллар гаргуулахаар шаардаж байсан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Хос тулах багана ХХК-ийг хамтран хариуцагчаар оролцуулж, уг компаниас тээврийн хөлс 3,500 ам.доллар буюу 9,984,660 төгрөг, хариуцагч Б.О тээврийн хөлсний үлдэгдэл 1,300 ам доллар буюу 3,708,588 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч Б.О захиалгаар 2019 онд 4 удаа, хариуцагч Х  ХХК-ийн захиалгаар 2019 онд 5 удаа БНСУ-аас Монгол Улс руу ачаа тээвэрлэх, уг ажлын хөлсөнд хариуцагч Б.О 14,550 ам доллар, хариуцагч Хос тулах багана ХХК 19,100 ам доллар төлөхөөр тохиролцжээ. Дээрх гэрээний шинж, агуулга, талуудын эрх, үүргээс дүгнэвэл зохигчийн хооронд Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт заасан тээвэрлэлтийн гэрээ байгуулагдсан байна.

 

Тээвэрлэлтийн гэрээгээр тээвэрлэгч нь зорчигч буюу ачаа, тээшийг тогтоосон газар хүргэх, тээвэрлүүлэгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. Энэхүү гэрээний үүргээ нэхэмжлэгч буюу тээвэрлэгч тал биелүүлсэн ба энэ асуудлаар болон тээврийн хөлсний хэмжээний талаар, мөн хариуцагч нар тээврийн хөлсөнд дансаар 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдөр 2,000 ам доллар, 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдөр 7,300 ам доллар, 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдөр 13,550 ам доллар, бэлнээр 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 3,900 ам доллар, 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 2,100 ам доллар төлсөн үйл баримтад талууд маргаагүй. Мөн 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдөр дансаар Хос тулах багана ХХК-ийн нэрээр шилжүүлсэн мөнгөнөөс 1,800 ам долларыг Б.Отгонбаатарын төлбөрт, 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн шилжүүлгээс 3,450 ам долларыг Б.О төлбөрт тооцсон байх ба энэ талаар зохигч маргаагүй байна. Энэ нь Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсэгт нийцжээ. Харин хариуцагч 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр өмнөх тээврийн хөлсний үлдэгдэл төлбөр болох 4,800 ам долларыг бэлнээр төлсөн, төлбөр төлсөн тухай баримт үйлдээгүйгээс нэхэмжлэгч тал өөрөө тооцооны алдаа гаргаж байна, тээвэрлэлтийн хөлсөө төлж ачаагаа авдаг журамтай тул тээврийн хөлс үлдэх үндэслэлгүй гэж маргав.

 

Хариуцагч Б.О нь 2019 оны 2 дугаар сарын 01-ний өдөр МSCU8586281/QIF862107 дугаар чингэлгийг нэхэмжлэгчээр тээвэрлүүлсэн байх ба уг тээврийн хөлсөнд 3,300 ам доллар төлөхөөс 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдөр 2,000 ам доллар төлж, үлдсэн 1,300 ам долларыг нэг сарын хугацаанд төлөх үүрэг хүлээж 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдөр зээлийн гэрээ-г байгуулсан байна. /ХХ-ийн 7, 10, 13, 24-25 дугаар тал/

 

Нэхэмжлэгч нь 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдөр CAIU4373961/595371 дугаар бүхий чингэлгийг хүлээн авагч Б.О нэр дээр тээвэрлэж Монгол Улсад 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Хос тулах багана ХХК хүлээн авсан байх ба уг ачааны тээврийн хөлсөнд 3,500 ам доллар төлөх үүрэг хүлээжээ. /ХХ-ийн 11-12, 22-23, 54-62 дугаар тал/

 

Дээрх гэрээнүүдийн тээврийн хөлсийг 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр төлж, дараагийн ачаагаа хүлээж авсан гэж хариуцагч тайлбарласан ба энэ талаар ямар нэг баримт гаргаж өгөөгүй байна. Мөн хэргийн 43 дугаар талд авагдсан баримтыг тооцоо дууссан гэж нэхэмжлэгч тал бичиж өгсөн гэж хариуцагч тайлбарласан хэдий боловч тухайн баримтад зохигчийн маргахгүй байгаа төлбөрийн талаар бичигдсэн, маргаан бүхий төлбөрийг төлсөн талаарх бичилт хийгдээгүй байна. Нэхэмжлэгчийн нотлох баримтаар ирүүлсэн тээврийн хөлсний тооцооны дэвтэрт хариуцагч нарын 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдөр төлсөн 2,000 ам доллар, 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр төлсөн 3,900 ам доллар, 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр төлсөн 2,100 ам доллар, 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдөр төлсөн 7,300 ам доллар, 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдөр төлсөн 13, 550 ам долларын төлөлт бичигдсэн, 2019 оны 3 дугаар сард төлбөр төлөгдсөн ямар нэг бичилт хийгдээгүй байна. Иймд хариуцагч нарыг 4,800 ам доллар төлсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд нэхэмжлэгч тал бичилт хийгээгүй алдаа гаргасан гэсэн тайлбараа хариуцагч нотлоогүй гэж үзэв. Мөн хариуцагч нар нь нэхэмжлэгч нь мөнгөний барьцаа болгож контейнерыг барьцаанд авч үлддэг, төлбөр тооцоо бүрэн барагдуулсны дараа барьцааг суллаж өгдөг гэсэн тайлбараа баримтаар нотлоогүй болно. Иймд хариуцагч нарын төлөх төлбөр тооцоо дууссан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иймд хариуцагч Б.О-с 1,300 ам доллар буюу 3,708,588 төгрөг, хариуцагч Хос тулах багана ХХК-иас 3,500 ам доллар буюу 9,984,660 төгрөг гаргуулахаар шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн үнийг тодорхойлж, уг дүнгээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн нь хуульд нийцжээ. Харин нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч тус бүрээр тодорхойлсон тул улсын тэмдэгтийн хураамжийг мөнгөн шаардлага тус бүрээс төлнө. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээр улсын тэмдэгтийн хураамжийг нөхөн төлүүлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б О 3,708,588 төгрөг, хариуцагч Х  ХХК-иас 9,984,660 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ёнжин глобал ложистик ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 226,417 төгрөгийг улсын орлогод үлдээж, нэхэмжлэгч Ёнжин глобал ложистик ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 22,574 төгрөг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагч Б.О улсын тэмдэгтийн хураамжид 74,287 төгрөг, хариуцагч Хос тулах багана ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 174,704 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ёнжин глобал ложистик ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА