Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 124

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж, шүүгч Л.Баатар, Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга Х.Дашням,

Иргэдийн төлөөлөгч Б.Ичинхорлоо,

Улсын яллагч Х.Анхцэцэг,

Хохирогч Ц.Балдан,

Шүүгдэгч Г.Төрбаяр, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жанжинхүү овогт Ганхуягийн Төрбаярт холбогдох 201526010854 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв. 

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1998 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Увс аймгийн Завхан суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, ах, эгч, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал-Овоо 25 дугаар гудамжны 31 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй,

- урьд 2013 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 15 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2 дахь хэсэгт зааснаар түүнд хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг  1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

- 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 62 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийнг 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялын зарим болох 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн бүгд 2 жил  6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан, 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 39 дугаартай шүүгчийн захирамжаар, Эрүүгийн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3.1 дэх хэсэгт зааснаар  эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 1 хоногийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан, Жанжинхүү овогт Ганхуягийн Төрбаяр /РД:ОГ98030913/,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Г.Төрбаяр нь урьд хулгайн гэмт хэрэгт ял шийтгүүлээд тэнсэн хянан харгалзах хугацаандаа буюу ялтай байхдаа:

  1. 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Сансарын 12-45 тоотод оршин суух иргэн Н.Чулуунхүүгийн эзэмшлийн монгол гэрийн ханын шийрийг хугалж нэвтрэн гэрлийн утас, алтан ээмэг, монетон бөгж, автомашины зурагт зэрэг эд зүйл хулгайлахыг завдаж, нийт 1.045.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол,
  2. 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Хонхорын 8-228 тоотод оршин суух иргэн Ц.Даваагийн эзэмшлийн монгол гэрийн тооноор нэвтрэн гуулин аяга, зэс аяга, монетон ээмэг, өрөөсөн 2 ширхэг, цагаан мөнгөн гинж ээмэг, мөнгөн хэт, үүргэвч, сваровский ээмэг, гинж, бөгж, болор архи, 5000 төгрөг зэрэг эд зүйл хулгайлж, нийт  659.500 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол,
  3. 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Сансарын 12-40 тоотод оршин суух иргэн М.Батжаргалын эзэмшлийн байшингийн вакум цонхоор нэвтрэн хас, очир хээтэй алтан бөгж 2 ширхэг, чонын соёо, мөнгөн аяга 2 ширхэг, Playstation тоглоом 2 ширхэг зэрэг эд зүйл хулгайлж, нийт 1.810.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол,
  4. 2015 оны 6 дугаар сарын дундуур Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн Ард-Аюушийн 25-ийн 11 дүгээр гудамжны 193 тоотод оршин суух иргэн Н.Долзодмаагийн эзэмшлийн байшингийн вакум цонхоор нэвтрэн шинэ цагийн манан хөөрөг, видео камер, Асер маркийн зөөврийн компьютер, их гарын мөнгөн аяга, мөнгөн ээмэг, бөгж зэрэг эд зүйлийг хулгайлж бусдад нийт 810.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,
  5. 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргий 11 дүгээр хороо, Овоотын 5-119 тоотод оршин суух иргэн Н.Ганбатын эзэмшлийн өвлийн байшингийн цонхыг хагалан нэвтэрч хар толгойтой шаазан хөөрөг, дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, бага гарын мөнгөн аяга, алтан ээмэг, мөнгөн гинж, гоёлын шармал эдлэлүүд, куртка, бэлэн 100.000 төгрөг зэрэг эд зүйл хулгайлж, нийт 2.930.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,
  6. 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Зүүнтасганы 7-104 тоотод оршин суух иргэн Г.Энхтуяагийн эзэмшлийн монгол гэрийн хаалганы цүүг тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэн хөшиж халтар манан хөөрөг, гартааман хөөрөг, мөнгөн хазаар зэрэг эд зүйлийг хулгайлж, нийт 8.760.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол,
  7. 2015 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Овоотын 7 дугаар гудамж 188 тоотод оршин суух иргэн Ц.Балдангийн эзэмшлийн өвлийн сууцны вакум цонхыг хагалан нэвтэрч шар манан хөөрөг, бор өнгийн шавар хөөрөг, дунд гарын мөнгөн аяга, мөнгөн бугуйвч, шүрэн шигтгээтэй ээмэг, бөгж, шигтгээтэй алтан бөгж, эрэгтэй, эмэгтэй монетон гинж, 2 хос монетон ээмэг доллар хэлбэртэй монетон кулон, монетон ээмэг 2 хос, бэлэн 60.000 төгрөг, Никон маркийн зургийн аппарат, 1 гр алт, мөнгөн гинж 4, мөнгөн ээмэг 2 хос, мөнгөн бөгж 3, мөнгөн кулон, сийлбэртэй эртний оюу, мөнгөн дараас, мөнгөн бугуйвч, цагаан шүр, флаш диск 5, 36 грамм мөнгө, зоосууд зэрэг эд зүйл хулгайлж нийт 11.670.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол,
  8. 2015 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-747 Б тоотод оршин суух иргэн Ж.Өлзийжаргалын эзэмшлийн монгол гэрээс бэлэн 50.000 төгрөг, хүү Шинэбаатарын гэрийн хаалганы цоожийг төмөр тэлэгч багаж буюу тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэн хөшиж нэвтрэн дижитал аппарат, мөнгөн товч 9 ширхэг, мөнгөн хос ээмэг, мөнгөн гинж зэрэг эд зүйл хулгайлж, нийт 480.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол,
  9. 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Ногоончулуутын 11 дүгээр гудамжны задгай оршин суух иргэн Б.Батжаргалын эзэмшлийн монгол гэрийн тооноор нэвтрэн 3 ширхэг мөнгөн аяга, хүрэн халтар манан хөөрөг, цагаан хаш хөөрөг, эртний гаанс зэрэг эд зүйл хулгайлж, нийт 6.360.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол тус тус учруулж нийт 8 удаагийн давтан үйлдлээр бусдын орон байранд нэвтэрч эд зүйл хулгайлан, энэ гэмт хэргийн улмаас бусдад нийт 33.479.500 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, үнэлж дүгнэхэд:

Шүүгдэгч Г.Төрбаяр нь бусдын орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлахыг завдсан, мөн давтан үйлдлээр, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж, бусдын орон байранд нэвтэрч, бусдад их хэмжээний буюу 33.480.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Тухайлбал, 

 

2015 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Сансарын 12-45 тоотод оршин суух иргэн Н.Чулуунхүүгийн эзэмшлийн монгол гэрийн ханын шийрийг хугалан нэвтэрч гэрлийн утас, алтан ээмэг, монетон бөгж, автомашины зурагт зэргийг хулгайлахыг завдсан болох нь:

 

Хохирогч Н.Чулуунхүүгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2015 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 10:00 цагийн үед ажлаа тараад эхнэр Уртнасангийн хамт гэртээ ирэхэд гэрийн баруун хатавчны хана эвдэрсэн байсан. Тэгээд гэрийнхээ хаалгыг онгойлгоод гэртээ ортол манай гэрийн бүх юмыг онгичсон байдалтай байсан. Тэгтэл манай гэрийн зүүн орон доор юм хөдлөх шиг болохоор нь хартал цэнхэр өнгийн футболктой хүн хэвтэж байсан. Тэгээд уг хүнийг машиндаа суулгаад цагдаагийн хэлтэс дээр авчирсан. Уг этгээд нь цагдаа руу явах замд машинаас бууж зугтаах гээд машины хаалга оролдоод байсан. ...Манайхаас 300 метр гэрлийн утас, 2 граммын цэцгэн хэлбэртэй алтан ээмэг, 1.2 граммын монетон бөгж, машины DVD тоглуулагчтай жижиг зурагт зэргийг авч явахаар бэлдсэн байсан. Манай гэрийн ханыг эвдсэн, хохирлоо нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 23-26х/

 

            Эд зүйлийн үнэлгээ: /1 хх-ийн 27-28 х/

Зурагт 65.000,

Монетон бөгж 150.000,

Алтан ээмэг 230.000,

Гэрлийн утас 600.000, нийт 1.045.000 төгрөг /1хх-ийн 27х/

Гэрийн ханын 3 шийр,  100.000  төгрөг /1хх-ийн  28х/

 

Гэрч Д.Уртнасангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2015 оны 5 дугаар сарын 26-ны өдөр би ажлаа тараад нөхөр Чулуунхүүгийн хамт гэрийнхээ хаалгыг онгойлгоод орсон чинь урдаас авахуулаад хойд хоймор хүртэл хувцас, өвлийн дээл, сервант дотор байсан бичиг баримт зэргийг дэлгээд, эмх замбараагүй болгосон байсан. Би гараад гэрээ тойроод үзсэн чинь гэрийн эсгий сөхөөд хананы шийрийг хугалаад орсон юм шиг байтал удалгүй манай нөхөр Чулуунхүү манай зүүн талд байрлалтай орон доороос нэг залууг гаргаж ирсэн. Тэр залуу манайд хананы шийрийг хугалаад орсон байсан. Тэр залуу 20 орчим насны, 160-165 см орчим өндөртэй, цэнхэр өнгийн подволк өмссөн байсан...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 30 х/

 

Гэрч Ө.Алтангэрэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би хулгай орсон гэх Чулуунхүүгийн хашаанд ер нь юу болоо бол гэж бодоод гэрийнх нь хаалгаар харахад гэрийнх нь эд зүйлийг ийш тийшээ сандаачсан байдалтай харагдаж байсан. Хулгай ордог гэрийн эзэн Чулуунхүүгийн эхнэр нь тухайн үед миний шилэн аяганд үлдээсэн байсан миний монетон бөгжийг авах гээд хөмрөөд тавьсан байна гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 29 х/

 

Гэрч Н.Данзанжамцын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2015 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хохирогч нь цагдаад ирээд гэрт нь хулгайч орчихсон талаар жижүүрийн хариуцлагатай зохицуулагчид мэдэгдэж байсан. Хүн нь үйлдэл дээрээ баригдсан гэсэн.  Хэргийн газарт ажиллах бүрэлдэхүүний хамт очиход монгол гэрийн хаалганы баруун талын хананы баруун талын хаяаг нь сөхөөд хананы шийрийг нь хугалаад гэрт нь орсон байдалтай улмаар үүдээр нь харахад гэрийн эд зүйл эмх замбараагүй, энд тэнд тарсан харагдаж байсан...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 31 х/ зэргээр,

 

            Төгссөн гэмт хэргийн тухайд:

            1. 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Хонхорын 8-228 тоотод оршин суух иргэн Ц.Даваагийн эзэмшлийн монгол гэрийн тооноор нэвтрэн орж гуулин аяга, зэс аяга, өрөөсөн 2 ширхэг монетон ээмэг,  мөнгөн гинж, цагаан мөнгөн гинж ээмэгний хос, хар талсттай мөнгөн ээмэг гинжний хос, мөнгөн хэт, үүргэвч, сваровски ээмэг, гинж, бөгж, Болор архи, бэлэн 5.000 төгрөг зэрэг эд зүйл хулгайлж, 659.500 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

             Хохирогч Ц.Даваагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2015 оны 6 дугаар сарын 12-ны өдөр эхнэр Жаргалсайхан бид хоёр 12:00 цагийн үед гэрээсээ гараад ажил дээрээ очоод байж байтал охин Маргад-Эрдэнэ 20:00 цагийн үед над руу утсаар яриад гэрт хулгайч орсон байна гэсэн. Тэгээд би гэртээ яваад очиход хулгайч хаалттай байсан манай гэрийн тоононы цонхыг авч гэр дээр орхиод дотогш орж гуулин аяга, зэс аяга,  монетон өрөөсөн ээмэг 2 ш, мөнгөн гинж, цагаан мөнгөн гинж ээмэгний хос, хар талсттай мөнгөн ээмэг гинжний хос, сваровски ээмэг, гинж, бөгж, Болор архи зэрэг эд зүйл хулгайлсан байсан. Дараа нь дахин эд зүйлээ бүртгэж үзэхэд үүргэвч, мөнгөн тоногтой хэт зэрэг эд зүйл алдагдсан байна...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 151-152, 3 хх-ийн 108 х, шүүх хуралдааны тэмдэглэл/

 

Эд зүйлийн үнэлгээ: /1хх 167-168х, 3хх 135-136, 198х/

дунд гарын гуулин аяга 40.000 төгрөг, зэс аяга 20.000 төгрөг, монетон өрөөсөн ээмэг 2 ширхэг 100.000 төгрөг, мөнгөн гинж 40.000 төгрөг, цагаан мөнгөн гинж ээмэгтэйгээ 70.000 төгрөг, хар талсттай мөнгөн ээмэг гинж 70.000 төгрөг, Сваровски ээмэг, гинж бөгжний хослол 90.000 төгрөг, болор архи 19.500 төгрөг, үүргэвч 25.000 төгрөг, мөнгөн хэт 180.000 төгрөг, нийт  654.500 төгрөг,

 

            2. 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Сансарын 12-40 тоотод оршин суух иргэн М.Батжаргалын эзэмшлийн байшингийн вакум цонхны салхивчыг онгойлгон нэвтэрч хас хээтэй алтан бөгж 1 ширхэг, очиртой алтан бөгж 1 ширхэг,  мөнгөөр бүрсэн чонын соёо, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, бага гарын мөнгөн аяга 1 ширхэг, Playstation тоглоом 2 ширхэг зэрэг эд зүйл хулгайлж, М.Батжаргалд 1.810.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

          Хохирогч М.Батжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2015 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Сансарын 12-40 тоот хашаанд байрлах манай байшингийн баруун зүг рүү харсан вакум цонхны салхивч онгорхой байхаар нь гэртээ ороход эд зүйл замбараагүй болчихсон, хулгай орж эд зүйл алдагдсан байсан гэсэн. 7.47 гр очиртой эмэгтэй хүний алтан бөгж, 10.19 гр хастай эмэгтэй хүний алтан бөгж, мөнгөөр бүрсэн чонын соёо, бага, дунд гарын 2 ширхэг мөнгөн аяга алга болсон болсон байсан. ...Мөн манай гэрээс 2 ширхэг Playstation тоглоом алдагдсан” гэсэн мэдүүлэг /2 хх-ийн 52 х, 3 хх-ийн 116 х/

 

Эд зүйлийн үнэлгээ /2 хх-ийн 54 х, 3 хх-ийн 119 х/

мөнгөөр бүрсэн чонын соёо 200.000 төгрөг, бага, дунд гарын 2 ш мөнгөн аяга 260.000 төгрөг, 2 ш алтан бөгж 800.000 төгрөг, PSP Playstation 300.000 төгрөг, BP Playstation 250.000 төгрөг, нийт 1.810.000 төгрөг 

 

           3. 2015 оны 6 дугаар сарын дундуур Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн Ард-Аюушийн 25, 11 дүгээр гудамжны 193 тоотод оршин суух иргэн Н.Долзодмаагийн эзэмшлийн байшингийн вакум цонхоор нэвтэрч шинэ цагийн манан хөөрөг, видео камер, Асер маркийн зөөврийн компьютер, их гарын мөнгөн аяга, мөнгөн ээмэг, бөгж зэрэг эд зүйлийг хулгайлж, Н.Долзодмаад 810.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

            Хохирогч Н.Долзодмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “...2015 оны 6 дугаар сарын дундуур гэрээсээ гараад 18:00 цагийн үед ирэхэд манай байшингийн том өрөөний вакум цонхыг өшиглөөд онгойлгосон бололтой цонхон дээр гутлын мөр байсан. Ингээд би гэртээ ороод үзэхэд эд зүйлсийг эмх цэгцгүй болгосон байдалтай сандаачаад хаячихсан байсан. Тэгээд эд зүйлээ бүртгэж үзэхэд видео камер, их гарын мөнгөн аяга, хөөрөг, зөөврийн компьютер, мөнгөн ээмэг, бөгж зэрэг эд зүйл алдагдсан байсан...” гэсэн мэдүүлэг /2 хх-ийн 57 х/

 

            Эд зүйлийн үнэлгээ /2 хх-ийн 58 х/

            хөөрөг 30.000 төгрөг, их гарын мөнгөн аяга 200.000 төгрөг, видео камер  280.000 төгрөг, компьютер 250.000 төгрөг, мөнгөн ээмэг, бөгж 50.000 төгрөг, нийт 810.000 төгрөг,

            4. 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Овоотын 5-119 тоотод оршин суух иргэн Н.Ганбатын эзэмшлийн өвлийн байшингийн цонхыг хагалан нэвтэрч хар толгойтой цагаан шаазан хөөрөг 1 ширхэг , дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, бага гарын мөнгөн аяга 1 ширхэг, алтан ээмэг 1 хос, мөнгөн гинж 1 ширхэг, гоёлын шармал ээмэг 1 хос, шармал бөгж 12 ширхэг, гоёлын зүүлт 2 ширхэг, куртик 1 ширхэг, бэлэн 100.000 төгрөг зэрэг эд зүйл хулгайлж, Н.Ганбатад 2.930.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

            Хохирогч Н.Ганбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2015 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 08:00 цаг өнгөрч байхад эхнэр, охин нарын хамт гэрээсээ хаалга үүдээ цоожлоод цонхоо шалгаад гарсан. Ингээд ажил дээрээ байж байтал охин Эрдэнэсувд залгаад манай гэрт хулгай орсон талаар надад хэлж би гэртээ ирсэн. Манай байшингийн зүүн талын модон рамтай цонхыг хагалан хулгай орж гэрийн эд зүйлийг эмх замбараагүй болгосон, эд зүйлийг авдар шкафнаас гаргаж шидсэн байсан. Миний өв залгамжилж ирсэн хар толгойтой цагаан өнгийн шаазан хөөрөг, дунд гарын мөнгөн аяга 2 ш, бага гарын мөнгөн аяга, мөнгөн гинж, куртик, алтан ээмэг 1 хос, шармал ээмэг 1 хос,  шармал бөгж 12 ш, шармал зүүлт 2 ш, бэлэн 100.000 төгрөг зэрэг эд зүйл алдсан...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 104-105 х, 3 хх-ийн 110 х/

 

            Эд зүйлийн үнэлгээ: /1 хх-ийн 127 х, 4 хх-ийн 17 х/

            мөнгөн гинж 40.000 төгрөг, куртик 70.000 төгрөг, алтан ээмэг 300.000 төгрөг, гоёлын ээмэг 70.000 төгрөг, гоёлын шалмал бөгж 12 ш 200.000 төгрөг, гоёлын шалмал зүүлт 2 ш 140.000 төгрөг, Дунд гарын мөнгөн аяга 240.000 төгрөг, бага гарын мөнгөн аяга 70.000 төгрөг, хөөрөг 1.700.000 төгрөг, бэлэн 100.000 төг,  нийт 2.930.000 төгрөг,

            5. 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Зүүнтасганы 7-104 тоотод оршин суух иргэн Г.Энхтуяагийн эзэмшлийн монгол гэрийн хаалганы цүүг тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэн хөшиж халтар манан хөөрөг, шүрэн толгойтой гартааман хөөрөг, мөнгөн хазаар зэрэг эд зүйлийг хулгайлж, Г.Энхтуяад 8.761.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

            Хохирогч Г.Энхтуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2015 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүүхэд Наранжаргал утсаар яриад гэрт хулгай орсон байна гэхээр нь би цагдаад дуудлага өгсөн. Тэгээд гэрт ирсэн чинь гэрийн хамаг юмыг ухаад хаясан байсан. Тухайн өдөр Наранжаргал надад хэлэхдээ хашаагаар ороод ирсэн чинь хар цүнх үүрсэн хүн гэрээс гараад гүйсэн гэж хэлсэн. Манай гэрээс суран жолоотой хээтэй, товруутай мөнгөн хазаар, халтар манан хөөрөг, шүрэн толгойтой гартааман хөөрөг алдагдсан. Эд мөрийн баримтаар хураагдсан мөнгөн хазаар манай хазаар мөн байна. Хазаараа авсан хоёр хөөргөө аваагүй. Алдагдсан бусад эд зүйлээ олж авмаар байна...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 202-203, 2хх-ийн 124, 3хх-ийн 124 х/

 

            Эд зүйлийн үнэлгээ: /1 хх-ийн 204 х, 3 хх-ийн 135-136х/

            мөнгөн хазаар 5.001.000 төгрөг, дунд гарын халтар манан хөөрөг 160.000 төгрөг,  дунд гарын гартаам хөөрөг 3.600.000 төгрөг, нийт 8.761.000 төгрөг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн шинжээчийн 06/377 дүгнэлтэд:

            а/ Шинжилгээнд ирүүлсэн 1 дугаартай гарын мөр нь харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. б/ Шинжилгээнд тэнцэж буй 1 дугаартай гарын мөр нь Ганхуяг овогтой Төрбатын зүүн гарын эрхий хуруутай ерөнхий болон дараах хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирч байна гэжээ. /1 хх-ийн 207-208 х/

 

            Шинжээч Б.Бүжинлхамын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:     “...Шинжилгээнд тэнцсэн 1 ширхэг гарын мөр нь Ганхуяг овогтой Төрбаярын зүүн гарын эрхий хуруутай ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгээрээ тохирч байсан. Би Ганхуяг овогтой Төрбаяр гэж бичих гэж байгаад Ганхуяг овогтой Төрбат гэж андуурч бичсан байна. Хэргийн газраас бэхжүүлж авсан гарын мөр нь гарын мөрний нэгдсэн папилон санд Ганхуяг овогтой Төрбаярын гарын дардастай тохирч байсан учир Ганхуяг овогтой Төрбаярын мэдээлэл зургийг оруулсан юм...” гэсэн мэдүүлэг /3 хх-ийн 149 х/

 

            Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл: /2 хх-ийн 63-65 х/

            “...шаргал өнгийн металл гархитай, төмөр амгаатай,  5 ширхэг цагаан өнгийн  металл товруутай, 2 метр суран жолоотой, 46 ширхэг металл тоногтой хазаарыг  Г.Төрбаяраас хураан авч  хохирогч Г.Энхтуяад хүлээлгэн өгсөн тухай”

 

               6. 2015 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Овоотын 7 дугаар гудамж 188 тоотод оршин суух иргэн Ц.Балдангийн эзэмшлийн өвлийн сууцны вакум цонхыг хагалан нэвтэрч шүрэн толгойтой дунд гарын шар манан хөөрөг, бор өнгийн шавар хөөрөг, дунд гарын мөнгөн аяга, мөнгөн бугуйвч 2 ширхэг, шүрэн шигтгээтэй ээмэг 1 хос, бөгж 1 ширхэг, шигтгээтэй алтан бөгж 1 ширхэг, эрэгтэй монетон гинж 1 ширхэг, эмэгтэй монетон гинж 1 ширхэг, 1 доллар хэлбэртэй монетон кулон 1 ширхэг, монетон ээмэг 3 хос, бэлэн 60.000 төгрөг, Никон маркийн зургийн аппарат 1 ширхэг, 1 гр алт, кулонтой мөнгөн гинж 1 ширхэг, сувдан шигтгээтэй мөнгөн ээмэг 1 хос, бөөрөнхий кулонтой мөнгөн бөгж 1 ширхэг, ундарман шигтгээтэй мөнгөн бөгж 1 ширхэг, морины хэлбэртэй эрэгтэй  мөнгөн бөгж 1 ширхэг,  энгийн мөнгөн бөгж 1 ширхэг,  мөнгөн ээмэг, бөгж гинж, кулоны хослол,  сийлбэртэй эртний оюу 1 ширхэг, үсний мөнгөн дараас 1 ширхэг, цагаан шүр 1 ширхэг, флаш диск 5 ширхэг, 36 грамм мөнгө, зоосууд зэрэг эд зүйл хулгайлж, Ц.Балданд 11.670.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

                Хохирогч Ц.Балдангийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2015 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 16.40 цагт гэртээ ирээд хаалгаа түлхүүрээр онгойлгоод ороход манай байшингийн хойд талын вакум цонхыг хагалаад онгойлгочихсон байсан ба гэрийн эд зүйл эмх цэгцгүй байдалтай хулгай орсон байсан. Манай том өрөөнд байсан жижиг сейфийг эвдлээд дотор нь байсан эд зүйлсийг аваад явчихсан байсан. Сэйфэнд манан хөөрөг, шавар хөөрөг, дунд гарын мөнгөн аяга, мөнгөн бугуйвч, шүрэн ээмэг, ширэн шигтгээтэй бөгж, алтан бөгж, эр монетон гинж, эм монетон гинж, монетон хос ээмэг,  кулон, 2 гр монетон ээмэг, 1 гр монетон ээмэг, мөнгөн кулонтой гинж, бэлэн 60.000 төг, 50 гр мөнгөн хос гинж, 1 гр алт, зургийн аппарат, сувдан шигтгээтэй мөнгөн ээмэг, бөөрөнхий кулонтой мөнгөн гинж, ундарман шигтгээтэй бөгж, морь хэлбэртэй бөгж, 5 гр мөнгөн бөгж, нийт 10 грамм мөнгөн ээмэг бөгж гинж кулон, сийлбэртэй эртний оюу, үсний мөнгөн дараас, мөнгөн бугуйвч, цагаан шүр 2 ширхэг, бугуйвч хийлгэх гэж байсан мөнгөн эд зүйлийн цуглуулгууд, 2 G-тай төмөр флаш 4 ширхэг, 16 G-тай флаш 1 ширхэг, мөн цуглуулж бйсан гадаадын болон дотоодын эртний зоосон мөнгөнүүд төмөр хайрцагтайгаа алдагдсан байна. Би гомдолтой байна. Алдагдсан эд зүйлүүдээ олж авмаар байна. 150.000 төгрөгийн үнэ бүхий төмөр сейф эвдсэн, вакум цонхны салхивчийг хагалсан байсан. Ер нь бол нэмж хэлэхэд миний алдагдсан хөөргийг үнэлбэл үнэ нь нэмэгдэнэ үү гэхээс хасагдахгүй байна. Энэ хэрэг 3 жил гаран боллоо, хурдан шийдүүлмээр байна гэсэн мэдүүлэг...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 61-63, 3хх-ийн 120х, шүүх хуралдааны тэмдэглэл/

 

            Эд зүйлийн үнэлгээ: /1 хх-ийн 64-66х, 3 хх-ийн 123х/

шүрэн толгойтой дунд гарын манан хөөрөг 5.000.000  төгрөг, шавар хөөрөг 15.000 төгрөг, мөнгөн бугуйвч, шүрэн ээмэг, шүрэн шигтгээтэй бөгжний хослол 1.500.000 төгрөг, алтан бөгж 500.000 төгрөг, /эр/ монетон гинж 650.000 төгрөг, /эм/ монетон гинж 200.000 төгрөг, монетон хос ээмэг 100.000 төгрөг, 1.5 гр доллар хэлбэртэй кулон 100.000 төгрөг, 2 гр монетон ээмэг 180.000 төгрөг, мөнгөн гинж кулонтой 20 гр 100.000 төгрөг, бэлэн 60.000 төг, 50 гр мөнгөн хос гинж 150.000 төгрөг, 1 гр алт 90.000 төгрөг, зургийн аппарат 350.000 төгрөг, сувдан шигтгээтэй мөнгөн ээмэг 1 хос 60.000 төгрөг, бөөрөнхий кулонтой мөнгөн гинж 50.000 төгрөг, ундарман шигтгээтэй бөгж 50.000 төгрөг, морь хэлбэртэй бөгж 60.000 төгрөг, 5 гр мөнгөн бөгж 45.000 төгрөг, нийт 10 грамм мөнгөн ээмэг бөгж гинж кулон 150.000 төгрөг, сийлбэртэй эртний оюу 300.000 төгрөг, номин шигтгээтэй үсний мөнгөн дараас 150.000 төгрөг, дөрвөлжин хэлбэртэй мөнгөн бугуйвч 50.000 төгрөг, цагаан шүр 2 ширхэг 1.000.000 төгрөг, 2 G тэй 4 ш флаш 60,000 төгрөг, 16 GB флаш 1 ш 38.000 төгрөг, мөнгөн эдлэлийн цуглуулга  162.000 төгрөг, зооснууд 100.000 төгрөг, дунд гарын мөнгөн аяга 350.000 төгрөг,  1 гр монетон ээмэг  1 хос  50.000 төгрөг, төмөр сейф 150.000 төгрөг, цонхны салхивч 25.000 төгрөг, нийт 11.845.000 төгрөг

               Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол: гурилын элдүүр мод, сейфний эвдэрсэн цоож, цилиндр хэлбэртэй цул төмөр, пүүзэн гутал  зэрэг эд зүйлс /1хх-ийн 60, 230х/

 

            7. 2015 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-747 Б тоотод оршин суух иргэн Ж.Өлзийжаргалын эзэмшлийн монгол гэрийн цоожийг онгойлгон нэвтэрч бэлэн 50.000 төгрөг, хүү А.Шинэбаатарын гэрийн хаалганы цоожийг төмөр тэлэгч багаж буюу тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэн хөшиж онгойлгон нэвтэрч дижитал аппарат, мөнгөн товч 9 ширхэг, мөнгөн хос ээмэг, мөнгөн гинж зэрэг эд зүйл хулгайлж, Ж.Өлзийжаргалд 480.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

            Хохирогч Ж.Өлзийжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:   “...2015 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 17:30 цагийн орчимд гэртээ ирэхэд гэрийн хаалга онгорхой цоож нь байхгүй гэрт ороод хартал гэрт байсан эд зүйлийг онгичоод эмх замбараагүй болгосон байсан. Тухайн өдөр манай гэрээс хүнс авах гээд орхисон байсан бэлэн 50.000 төгрөг, харин хүү Шинэбаатарын гэрээс зургийн аппарат, мөнгөн товч 9 ширхэг, мөнгөн ээмэг хос, мөнгөн гинж зэрэг эд зүйл алдагдсан байсан. Би Шинэбаатарын гэрт байдаг байсан 2 ширхэг мөнгөн аягыг хулгай гардаг өдөр байсан байх гэж бодсон чинь хүү ломбарданд тавьчихаад явсныг би мэдээгүй байна лээ. Сүүлд мэдсэн. Эдгээр алдсан зүйлсээс би зургийн аппарат, мөнгөн товч 9 ширхэг, мөнгөн ээмэг хос, мөнгөн гинж зэрэг эд зүйлээ буцаан авсан. Алдагдсан 50.000 төгрөгөө төлүүлмээр байна. Хүү Шинэбаатар надад итгэмжлэх хийж өгсөн учраас би хохирогчоор оролцоно...” гэсэн мэдүүлэг /2 хх-ийн 44 х, 3 хх-ийн 114 х/

 

Эд зүйлийн үнэлгээ /3 хх-ийн 121 х/

Зургийн аппарат 200.000  төгрөг, мөнгөн товч 180.000 төгрөг, мөнгөн хос ээмэг 30.000 төгрөг, мөнгөн гинж 20.000 төгрөг, бэлэн 50.000 төгрөг, нийт 480.000 төгрөг/

Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2 хх-ийн 61-62 х/

“...Г.Төрбаяраас, Канон  зургийн аппарат, 9 ш цайвар өнгийн товч, 42 см урттай цайвар өнгийн металл гинж 1ш, хатгадаг шигтгээтэй ээмэг 1 хос... зэргийг хураан авч, хохирогч Ж.Өлзийжаргалд өгсөн тухай”

 

Итгэмжлэл:  /3 хх-ийн 111 х/

 

8. 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Ногоончулуутын 11 дүгээр гудамжинд задгайд оршин суух иргэн Б.Батжаргалын эзэмшлийн монгол гэрийн тооноор нэвтэрч хуучны их гарын мөнгөн аяга 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, шинэ цагийн дунд гарын мөнгөн 1 ширхэг, хүрэн халтар манан хөөрөг, цагаан хаш хөөрөг, эртний гаанс зэрэг эд зүйл хулгайлж, Б.Батжаргалд нийт 6.360.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч Б.Батжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 14:30 цагийн орчимд гэрээсээ гараад хаалгаа цоожлоод ажилдаа явсан. Орой 20:00 цагийн орчимд гэртээ ирээд гэрийнхээ цоожийг онгойлгоод гэртээ ороход хөргөгчний хаалга онгорхой гэрэл асчихсан байхаар нь хулгай орсныг мэдсэн. Манай гэрийн цоож ямар нэгэн эвдрэлгүй байсан ба гэрийн тооноор хулгай орсон байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Манай гэрээс 9-тэй буюу их гарын хуучны мөнгөн аяга 1ш, 6-тай буюу дунд гарын мөнгөн аяга 1ш, шинэ дунд гарын аяга 1 ширхэг,  хүрэн халтар мана их биетэй ягаан өнгийн хув толгойтой, ясан халбагатай хөөрөг, хээгүй их биетэй, улаан дуураймал чулуун толгойтой ясан халбагатай цагаан хаш хөөрөг зэргийг алдагдсан. Би өөрийн алдсан эд зүйлээс хоёр ширхэг хөөргөө бүрэн бүтэн хүлээн авсан. Одоо 3 аяганыхаа хохирлыг барагдуулж авмаар байна гэсэн... Би тухайн үед мэдээгүй байсан. Дараа нь үзэхэд манай гэрээс  төмөр гаанс алга болсон байсан. Мөн манай зурагт эвдэрсэн байсныг нэхэмжилнэ..” гэсэн мэдүүлэг /2 хх-ийн 16-18 х, 3 хх-ийн 126 х, шүүх хуралдааны тэмдэглэл/

 

Эд зүйлийн үнэлгээ: /3 хх-ийн 198, 233 х/

Гаанс 250.000 төгрөг, хүрэн халтар манан хөөрөг 1.800.000 төгрөг, цагаан хаш хөөрөг 2.500.000 төгрөг,  3 ш мөнгөн аяга 1.810.000 төгрөг буюу 6.360.000 төгрөг,  Зурагт /хагарсан/ 197.400, нийт 6.557.400 төгрөг/

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2 хх-ийн 19 х/

“...хүрэн халтар мана хөөрөг 1 ширхэг, цагаан хаш хөөрөг 1 ширхэгийг хохирогч Б.Батжаргалд хүлээлгэн өгсөн тухай”

Дээрх нотлох баримтуудаас гадна Г.Төрбаярын мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэлүүд: /2 хх-ийн 193-209х/ “...тус ажиллагаагаар Г.Төрбаяр нь хохирогч Ц.Балдан, Ц.Даваа, Н.Долзодмаа, М.Батжаргал, Л.Чулуунхүү, Н.Ганбат, Б.Батжаргал нарын гэрийг заасан” тэмдэглэл болон шүүгдэгч Г.Төрбаярын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, мөн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн гэмт хэргийн талаар мэдүүлэхдээ хохирогч нарын хулгайд алдсан гэж мэдүүлсэн эд зүйлүүдийн тоо, шинж чанар, үнэлгээ зэргийг хүлээн зөвшөөрч мэдүүлсэн төдийгүй тухайн эд зүйлсээс зарим эд зүйлийг нь хохирогч нарт буцаан хүлээлгэн өгсөн  тухай баримттай байна. /2 хх-ийн 124, 132-134, 137-138, 4 хх-ийн 63-69х/

            Гэвч шүүгдэгч Г.Төрбаяр нь 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн /өнөөдрийн/ шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...хохирогч Чулуунхүүгийн гэрээс гэрлийн утас авах гэж орсон. Бусад зүйлийг аваагүй. Хохирогч Энхтуяа, Өлзийжаргал, Б.Батжаргал, Ц.Балдан нарын гэрээс эд зүйл хулгайлсныг хүлээн зөвшөөрч байна.  Бусад хохирогч нарын гэрт орж эд зүйл хулгайлсан боловч зарим алдагдсан гэх зүйлийг нь аваагүй. Эртний эдлэлийн эд зүйлийн  үнэлгээг дахин улсын үнэлгээний байгууллагаар үнэлүүлмээр байна. Дүүргийн үнэлгээний байгууллага, хувийн компаниар үнэлүүлсэн үнэлгээг бодитой бус гэж үзэж байна, энэ нь миний эрх зүйн байдлыг дордуулж байна” гэж өмнө мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээ өөрчлөн мэдүүлсэн нь шүүгдэгч  өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй, өөрийн гэм бурууг нотлох үүрэг хүлээхгүй байх эрхээ эдэлсэн гэж үзэх үндэстэй бөгөөд энэ нь хэргийг мөрдөн байцаалтанд буцаах, хэргийн зүйлчлэлд нөлөөлөх үндэслэл, нотолгоо болохгүй юм.

          Мөн шүүгдэгч Г.Төрбаяр нь мөрдөн байцаалтын шатанд зарим хохирогч нарын эд зүйлийн үнэлгээн дээр маргаж, үнэлгээг дахин хийлгэсэн тухай баримттай байх тул ахин үнэлгээ хийлгэх шаардлагагүй, хавтаст хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзэв. /3хх-ийн 135-136, 198, 233, 4хх-ийн 17х/

Шүүгдэгч Г.Төрбаяр нь хохирогч Н.Чулуунхүүгийн гэрийн ханын шийрийг хугалан нэвтэрч гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл санаатай хийсэн боловч түүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг туйлдаа хүрээгүй буюу  үйлдэл дээрээ баригдсан байх тул тус үйлдлийг завдалт гэж үзнэ.

 Харин бусад гэмт хэргийн тухайд, шүүгдэгч Г.Төрбаяр нь давтан үйлдлээр, бусдын эзэмшлийн монгол гэрийн тооноор орох, байшингийн цонх хагалах, мөн өөрийн үйлдлийг хялбарчлах зорилгоор тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэн хаалганы цоожыг нь эвдэх, цонхны савхивчаар орох зэргээр хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлан авч улмаар өөртөө захиран зарцуулах бодит бололцоог бий болгосноор тухайн гэмт хэргүүд төгссөн байна.

           

            Иймд шүүгдэгч Г.Төрбаярыг орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө хулгайлахыг завдсан гэм буруутайд, давтан үйлдлээр, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж, орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь  үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

 

Шүүгдэгч Г.Төрбаяр урьд нь 2013 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 15 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2 дахь хэсэгт зааснаар түүнд хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг  1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

- 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 62 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийнг 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялын зарим болох 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн бүгд 2 жил  6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан, 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 39 дугаартай шүүгчийн захирамжаар, Эрүүгийн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3.1 дэх хэсэгт зааснаар  эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 1 хоногийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан болох нь шийтгэх тогтоолын хуулбар, ялын тооцооны лавлагаа, суллагдсан хүмүүст олгодог тодорхойлолт, ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллах тухай шүүгчийн захирамжийн хуулбар зэргээр тогтоогдсон байна. /2 хх-ийн 158-167х/

Дээрх байдлыг дүгнэхэд шүүгдэгч Г.Төрбаяр нь хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд, мөн 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 39 дугаартай шүүгчийн захирамжаар, Эрүүгийн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3.1 дэх хэсэгт зааснаар  эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 1 хоногийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан хугацаанд дахин шинэ гэмт хэрэг үйлдсэнээр ялгүйд тооцох хугацаа тус тус тасарсан байх тул Г.Төрбаярыг ялтай гэж үзнэ.

           

            Харин шүүгдэгч Г.Төрбаярын  эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 1 хоногийн хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллаж, хянан харгалзсан хугацаа нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3 дахь заасан үндэслэлд хамаарагдаж байх тул  тус хугацааг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Хохирол төлбөрийн тухайд:

Шүүгдэгч Г.Төрбаяр нь гэмт хэргийн улмаас бусдад 33.480.500 төгрөгийн шууд, 472.400 төгрөгийн шууд бус, нийт 33.952.900 /гучин гурван сая, есөн зуун тавин хоёр мянга, есөн зуу/ төгрөгийн хохирол учруулснаас 5.001.000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн хазаарыг хохирогч Г.Энхтуяад /2хх-ийн 63-65х/, 1.800.000 төгрөгийн үнэ бүхий хүрэн халтар манан хөөрөг 1 ширхэг, 2.500.000 төгрөгийн үнэ бүхий цагаан хаш хөөрөг 1 ширхэгийг хохирогч Б.Батжаргалд /2хх-ийн 19х/, 430.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлүүдийг хохирогч Ж.Өлзийжаргал /2хх-ийн 61-62х/ нарт өгсөн буюу 9.731.000 төгрөгийн эд зүйлийг буцаан өгсөн байх тул үлдэгдэл 24.221.900 /хорин дөрвөн сая, хоёр зуун хорин нэг мянга, есөн зуу/  төгрөгийг шүүгдэгч Г.Төрбаяраас гаргуулж, хохирогч Н.Чулуунхүүд 100.000 төгрөг, хохирогч Ц.Даваад 659.500 төгрөг, хохирогч М.Батжаргалд 1.810.000 төгрөг, хохирогч Н.Долзодмаад 810.000 төгрөг, хохирогч Н.Ганбатад 2.930.000 төгрөг, хохирогч Г.Энхтуяад 3.760.000 төгрөг, хохирогч Ц.Балданд 11.845.000 төгрөг, хохирогч Ж.Өлзийжаргалд 50.000 төгрөг, хохирогч Б.Батжаргалд 2.257.400 төгрөгийг тус тус олгох нь зүйтэй байна.

 

            Шүүгдэгч Г.Төрбаяр нь 2015 оны 8 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл 16 хоног, 2015 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл 77 хоног, 2016 оны 4 дүгээр сарын 6-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 359 хоног,  нийт 452 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан  тооцов. /2хх-ийн 91, 93-94, 97, 99, 107, 111, 116, 212, 3хх-ийн 56, 153, 179, 215, 224, 238, 4хх-ийн 20, 22, 23, 25,77-83, 99-105, 110-11х/

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн гурилын элдүүр мод 1 ширхэг, 9.5х4.8 см хэмжээтэй цилиндр хэмжээтэй цул төмөр 1 ширхэг, сейфний эвдэрхий цоож 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, пүүзэн гутал 1 хосыг шүүгдэгч Г.Төрбаярт буцаан олгохоор шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Г.Төрбаярын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй  болохыг дурдав.

 

             Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 295, 296, 297, 298  дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

            1. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3 дахь хэсэгт зааснаар хорих газраас тэнсэн суллагдсан шүүгдэгч Г.Төрбаярын хянан харгалзах хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгосугай.

  

2. Шүүгдэгч Г.Төрбаярыг орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлахыг завдсан гэм буруутайд,

- давтан үйлдлээр, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж, орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлсаны улмаас бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

3. Шүүгдэгч Г.Төрбаярт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.2, 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 1 жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар  50.000 /тавин мянга/ төгрөгийн эд хөрөнгө хурааж, 7 /долоон/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Төрбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар  оногдуулсан 50.000 /тавин мянга/ төгрөгийн эд хөрөнгө хурааж, 7 /долоон/ жилийн хугацаагаар хорих ял дээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.2, 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар  оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 1 жилийн хугацаагаар хорих ялыг багтааж, биечлэн эдлэх ялыг 50.000/ тавин мянга/ төгрөгийн эд хөрөнгө хурааж, 7 /долоон/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Төрбаярт оногдуулсан 7 жилийн хугацаагаар  хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Төрбаярын цагдан хоригдсон 452 хоногийг түүний ял эдэлсэн хугацаан оруулан тоолсугай.

 

7.  Монгол улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Төрбаяраас 24.221.900 /хорин дөрвөн сая, хоёр зуун хорин нэгэн мянга, есөн зуу/ төгрөгийг гаргуулж, хохирогч Н.Чулуунхүүд 100.000 төгрөг, хохирогч Ц.Даваад 659.500 төгрөг, хохирогч М.Батжаргалд 1.810.000 төгрөг, хохирогч Н.Долзодмаад 810.000 төгрөг, хохирогч Н.Ганбатад 2.930.000 төгрөг, хохирогч Г.Энхтуяад 3.760.000 төгрөг, хохирогч Ц.Балданд 11.845.000 төгрөг, хохирогч Ж.Өлзийжаргалд 50.000 төгрөг, хохирогч Б.Батжаргалд 2.257.400 төгрөгийг тус тус олгосугай.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн гурилын элдүүр мод 1 ширхэг, 9.5х4.8 см хэмжээтэй цилиндр хэмжээтэй цул төмөр 1 ширхэг, сейфний эвдэрхий цоож 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгаж, пүүзэн гутал 1 хосыг шүүгдэгч Г.Төрбаярт тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.

 

9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Төрбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2017 оны 03 дүгээр сарын 31-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор  эсэргүүцэл бичих эрхтэй.

 

11.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Төрбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ:                                   Г.АЛТАНЦЭЦЭГ

 

 

                                  ШҮҮГЧИД :                                    Л.БААТАР

 

 

                                                                                            Г.ГАНБААТАР