Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 865

 

 

 

 

 

 

 

 

 

 

Х.Оэд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Оюунчулуун даргалж, шүүгч Б.Зориг, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Дэлгэрдалай,

шүүгдэгч Х.О, түүний өмгөөлөгч Э.Шинэзориг,

нарийн бичгийн дарга И.Буманбаяр нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дашдондов даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 383 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Дэлгэрдалайгийн бичсэн 2017 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 26 дугаартай улсын яллагчийн эсэргүүцэлд үндэслэн Х.Оэд холбогдох 1708000000048 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

...................... овогт ....................ийн ..................., 1984 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ............................ мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ганцаар, Сонгинохайрхан дүүргийн .............................. тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ...................../,

Х.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 09 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Москва центр” төвийн гадна зогсож байсан Бүгд найрамдах Солонгос Улсын иргэн ...................................-ыг үндэс, угсаагаар үзэн ядаж толгой руу нь гараараа цохиж, хөлөөрөө хавсарч унаган түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас: Х.Оийн үйлдлийг 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Х.Оэд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж,

...................... овогт ....................ийн .........................ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Оийг 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Х.Оэд танилцуулж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус баримтлан Х.Оээс 28.680 төгрөгийг гаргуулан Баянгол дүүргийн ............................. тоотод оршин суух, .................................. дугаарын регистертэй ....................................-д олгож, уг хохирлыг 1 сарын хугацаанд төлөхийг ялтан Х.Оэд үүрэг болгож, хохирогч онгоцны тийзийн зардлын зөрүү болон цаашид гарах эмчилгээний зардлын нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,

Ялтан Х.Оийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Б.Дэлгэрдалай бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2017 оны 10 дугаар сарын 9-ний өдөр хянан хэлэлцээд, Х.Оийн үйлдэлд “үндэс, угсаагаар нь үзэн ядаж” үйлдсэн гэх хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжтэй гэх байдлыг нотлох баримт болох гэрч Т.Болдбаатарын “...би очиж өнөөх залууг барьж аваад оффис руугаа дагуулж орж ирээд яагаад зодсон талаар асуухад зодсон залуу надад хандан хэлэхдээ “Би уг хүнийг Хятад хүн байна гэж бодоод зодсон” гэж хэлээд Ким захирлаас уучлалт гуйгаад байсан...” гэх мэдүүлгийн эх сурвалж нь шүүгдэгчийн “өөрийнх нь тайлбар” гэх бөгөөд шүүгдэгч мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт энэ талаар тодорхой тайлбар өгдөггүй, мөрдөн шалгах ажиллагаагаар гэрчийн мэдүүлгийн эх сурвалжийг шалгаж тогтоогоогүй, уг мэдүүлгийн эх сурвалж тодорхойгүй тул гэрч Т.Болдбаатарын мэдүүлгээс дээрх хэсгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй тул бүрэн нотлон тогтоож чадаагүй гэж шүүх үзэн Х.Оэд холбогдох   хэргийн   зүйлчлэлийг   Эрүүгийн   хуулийн   тусгай   ангийн   11.4  дүгээр зүйлийн   1   дэх  хэсэг  болгон  хөнгөрүүлэн  өөрчлөн   шийдвэрлэсэн нь дараах үндэслэлээр үгүйсгэгдэж байна. Үүнд: Гэрч Т.Болдбаатарын “...би очиж өнөөх залууг барьж аваад оффис руугаа дагуулж орж ирээд яагаад зодсон талаар асуухад зодсон залуу надад хандан хэлэхдээ “Би уг хүнийг Хятад хүн байна гэж бодоод зодсон” гэж хэлээд Ким захирлаас уучлалт гуйгаад байсан...” гэх мэдүүлэг нь Х.О нь хохирогчийг зодох болсон шалтгаанаа гэрч Т.Болдбаатарт хэрэг учрал болсон 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хэлж байсан талаар гэрч Т.Болдбаатар мэдүүлсэн. Хохирогч Ким Ёнг Сук-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Намайг зодсон гэх хүнийг оффисын ажилтан манай өрөөнд оруулж ирэх үед нөгөө залуу ярихдаа намайг Хятад улсын иргэн байна гэж бодоод зодсон гэж ярьсан байна лээ...” гэх мэдүүлэг нь гэрч Т.Болдбаатарт 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Х.О хэлж байсан болох нь тогтоогдож байна. Гэрч Т.Болдбаатарын “...би очиж өнөөх залууг барьж аваад оффис руугаа дагуулж орж ирээд яагаад зодсон талаар асуухад зодсон залуу надад хандан хэлэхдээ “Би уг хүнийг Хятад хүн байна гэж бодоод зодсон” гэж хэлээд Ким захирлаас уучлалт гуйгаад байсан...” гэх мэдүүлгийн эх сурвалж нь шүүгдэгчийн “өөрийнх нь тайлбар” гэх бөгөөд шүүгдэгч мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт энэ талаар тодорхой тайлбар өгдөггүй” гэж шүүх тайлбарласан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэснийг зөрчиж байна. Учир нь Х.О нь бусдыг үндэс, угсаагаар үзэн ядаж зодсон талаараа өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүргийг хүлээхгүй тул энэ талаар мэдүүлэг өгөх үүрэггүй, Х.О нь “Хятад улсын иргэн гэж бодоод зодсон” гэж хэлж байгаагүй талаар мэдүүлээгүй, мөн гэрч Т.Болдбаатарт үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэйг тайлбарлан мэдүүлэг авахад “Х.О нь 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хохирогч Ким Ёнг Сук-ыг Хятад улсын иргэн байна гэж бодоод зодсон” гэж хэлснийг мэдүүлсэн. Яллагдагч нь өөрийн эсрэг өгсөн мэдүүлэгт үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэхь заалтад зааснаар хэргийг зүйлчилээгүй ба гэмт хэрэг үйлдсэн сэдэлтийг гэрчийн мэдүүлэгт үндэслэсэн болно. Х.О нь хохирогч Ким Ёнг Сук-ыг яагаад зодсон талаараа өөрийн эрхийн хүрээнд мэдүүлээгүй, мөрдөн шалгах ажиллагааны үед бусдыг зодож санаатай хүндэвтэр хохирол учруулсан өөр шалтгаан, нөхцөл тогтоогдоогүй. Иймд Х.О нь үндэс, угсаагаар үзэн ядаж Солонгос Улсын иргэн Ким Ёнг Сук-ыг зодож түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна. Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 383 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Х.Оийн өмгөөлөгч Э.Шинэзориг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 383 дугаартай шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Шүүхээс хуулиар олгогдсон эрх хэмжээ, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн шийдвэрлэсэн тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна. Гэрч Т.Болдбаатарын “...өнөөх залуу надад хандан хэлэхдээ би уг хүнийг Хятад хүн байна гэж бодоод зодсон” гэж хэлсэн мэдүүлгийн эх сурвалж нь шүүгдэгчийн өөрийнх нь тайлбар гэх боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Х.О нь хохирогчийн “баруун хөл рүү өшиглөхөд өнөө хүн газар унаад би дээрээс нь хартал гадаадын иргэн байсан. Би хохирогчийг өмнө нь таньж мэдэдгүй байсан. Гадаадын иргэн гэж мэдээгүй” гэж мэдүүлсэн байдаг. Өмгөөлөгчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад Х.Оээс бусдыг үндэс угсаагаар нь үзэн ядаж зодсон эсэх асуудлыг тодруулах зорилгоор асуулт асуусан байдаг. Хохирогчийг гадаадын иргэн гэдгийг хэзээ олж мэдсэн талаар мөрдөн байцаалтын шатанд асууж байсан. Х.О нь “газарт унаад хөлөө бариад над руу эргэж харахад нь гадаадын иргэн байна гэж мэдсэн” гэж мэдүүлсэн. Хохирогчийг араас нь дуудахад аль улсын иргэн байгаа талаар нь мэдсэн үү гэж  тодруулан асуухад Х.О хариулахдаа “гадаад хүн гэж харагдаагүй” гэж хэлсэн. Шүүгдэгч Х.О нь гэмт хэрэг үйлдэхээсээ өмнө хохирогчийг гадаад хүн гэж мэдээгүй байсан. Гадаад хүн гэдгийг мэдсэний үндсэн дээр зориуд үзэн ядаж зодсон нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүхээс хэргийг хөнгөрүүлж шийдсэн нь зөв учир анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Х.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Прокурорын эсэргүүцлийг үндэслэлгүй гэж үзэж байна.” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Х.Оэд холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэлд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй байна гэж үзэв.

Х.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Бүгд найрамдах Солонгос Улсын иргэн Ким Ёнг Сук-ын толгой руу нь гараараа цохиж, хөлөөрөө хавсарч унаган түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг “үндэс, угсаагаар үзэн ядаж” үйлдсэн болох нь гэрч Т.Болдбаатарын “...би очиж өнөөх залууг барьж аваад оффис руугаа дагуулж орж ирээд яагаад зодсон талаар асуухад зодсон залуу надад хандан хэлэхдээ “Би уг хүнийг Хятад хүн байна гэж бодоод зодсон” гэж хэлээд Ким захирлаас уучлалт гуйгаад байсан...” гэх, хохирогч Ким Ёнг Сук-н “...Намайг зодсон гэх хүнийг оффисын ажилтан манай өрөөнд оруулж ирэн цагдаа дуудсан байхад өнөөх залуу ярихдаа намайг “Хятад Улсын иргэн байна” гээд зодсон гэж ярьсан байна лээ” гэсэн мэдүүлгүүдээр тогтоогдсон байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн арваннаймдугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлд заасан Монгол Улсын иргэний үндсэн эрх, эрх чөлөөг тус улсын нутаг дэвсгэрт байгаа гадаадын иргэн, харъяалалгүй хүнд эдлүүлэхдээ...хүний салшгүй эрхээс бусад эрхийн хувьд ...зохих хязгаарлал тогтоож болно” гэж нээлттэй зохицуулсан бөгөөд БНСУлсын иргэний хувьд Монгол Улсад ажиллаж амьдрах, ялангуяа өөрийн ажлын байрны гадна үүд, тамхи татах зориулалтын цэгт тамхи татахыг хуулиар хязгаарласан зохицуулалт байхгүй байна. Энэ тохиолдолд шүүгдэгч Х.О нь архи ууж согтуурсан үедээ тодорхой шалтаг шалтгаангүйгээр хохирогчийг “Муу хужаа, тамхиа өг” гэх мэтээр харьцаж түүнийг зодсон үйлдэл нь хохирогчийг гадаадын иргэн гэдгээр үзэн ядсан хэлбэрт тооцогдоно гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч нь бусдыг үндэс, угсаагаар үзэн ядаж зодсон талаараа өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүргийг хүлээхгүй тул энэ талаар мэдүүлэг өгөх үүрэггүй юм.

Гэтэл Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2017 оны 10 дугаар сарын 9-ний өдөр хянан хэлэлцээд, “Х.Оийн үйлдэлд “үндэс, угсаагаар нь үзэн ядаж” үйлдсэн гэх хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийн гэрч Т.Болдбаатарын “...би очиж өнөөх залууг барьж аваад оффис руугаа дагуулж орж ирээд яагаад зодсон талаар асуухад зодсон залуу надад хандан хэлэхдээ “Би уг хүнийг Хятад хүн байна гэж бодоод зодсон” гэж хэлээд Ким захирлаас уучлалт гуйгаад байсан...” гэх мэдүүлгийн эх сурвалж нь шүүгдэгчийн “өөрийнх нь тайлбар” гэх бөгөөд шүүгдэгч мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт энэ талаар тодорхой тайлбар өгдөггүй, мөрдөн шалгах ажиллагаагаар гэрчийн мэдүүлгийн эх сурвалжийг шалгаж тогтоогоогүй, уг мэдүүлгийн эх сурвалж тодорхойгүй тул гэрч Т.Болдбаатарын мэдүүлгээс дээрх хэсгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй тул бүрэн нотлон тогтоож чадаагүй гэж шүүх үзсэн.” гэх үндэслэлгүй дүгнэлт хийж Х.Оэд холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн   11.4  дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчлөн шийдвэрлэсэн үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна.

Иймд прокурор Б.Дэлгэрдалайгийн бичсэн 2017 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 26 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 383 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Х.Оэд холбогдох хэргийг шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 383 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Х.Оэд холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хэрэг шүүхэд очтол шүүгдэгч Х.Оэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ОЮУНЧУЛУУН

 

ШҮҮГЧИД                                                       Б.ЗОРИГ

 

                                                                                    Ц.ОЧ