Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2023/00098

 

Д.Бгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Баярмаа, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 135/ШШ2022/01685 дугаар шийдвэр,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 209/МА2023/00021 дүгээр магадлалтай,

Д.Бгийн нэхэмжлэлтэй,

Э.Мд холбогдох,

Хууль бус эзэмшлээс орон сууц гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч Т.Аийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б, нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Э.Мд холбогдуулан хууль бус эзэмшлээс Дархан-Уул аймаг,  ............... хорооллын  ............... тоот орон сууцыг  гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

2.Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 135/ШШ2022/01685 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3-т тус тус заасныг баримтлан Дархан-Уул аймгийн  ...............,  ...............тоот орон сууцыг хариуцагч Э.М болон түүний гэр бүлийн гишүүдийн хууль бус эзэмшлээс гаргуулж, нэхэмжлэгч Д.Бд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Мгаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Бд олгож шийдвэрлэжээ.

3.Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 209/МА2023/00021 дүгээр магадлалаар: Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 135/ШШ2022/01685 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч Э.Мгаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

4.Хариуцагчийн өмгөөлөгч Т.А хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; 172.2.3-т “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэж заасан үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4.1.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаар:

а.Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Э.Мд холбогдуулан 2020.06.07-ны өдөр “Э.Мг миний хууль ёсны өмчлөлийн Дархан-Уул аймгийн  ............... хорооллын Ласти таун хотхон,  ...............тоот орон сууцнаас албадан гаргуулж өгнө үү” гэсэн шаардлагатай нэхэмжлэлийг шүүхэд гаргаснаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан.

Анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн бөгөөд шийдвэрийн тогтоох хэсэгт... Дархан-Уул аймгийн  ............... хорооллын Ласти таун хотхон,  ...............тоот орон сууцыг хариуцагч Э.М болон түүний гэр бүлийн гишүүдийн хууль бус эзэмшлээс гаргуулж, нэхэмжлэгч Д.Бд олгосугай гэжээ.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг шүүх санаачилгаараа нэмэгдүүлж, “Э.М болон түүний гэр бүлийн гишүүдийн хууль бус эзэмшлээс гаргуулах” болгон шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д заасан нэхэмжлэгчид олгосон эрхийг шүүх хэрэгжүүлж, нэхэмжлэлийн шаардлагаас хальсан, нэхэмжлэгч талд дэмжлэг үзүүлсэн хууль бус шийдвэрийг гаргасан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл шүүх хөндлөнгийн хяналт тавих чиг үүрэгтэй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, зөвтгөж, нэмэгдүүлж шийдвэр гаргах эрхгүй юм.

б.Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022.11.25-ны өдрийн 135/Ш32022/06830 дугаар “Хүсэлт шийдвэрлэх тухай” захирамжаар хариуцагчаас гаргасан хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн. Дээрх шүүгчийн захирамжийн захирамжлах хэсгийн 2 дугаар заалтаар захирамжид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д зааснаар гомдол гаргах эрхтэй гэж заасан бөгөөд шүүгчийн захирамж албажиж хэрэгт авагдсан байдаг. Энэхүү шүүгчийн захирамж нь хүчин төгөлдөр байгаа бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-т зааснаар тус захирамжийг хүчингүй болгосон, өөрчлөлт оруулсан зүйл байхгүй. Шүүгчийн захирамж нь эрх зүйн актын хувьд албажсан байдлаар нь нэг мөр ойлгоно гэж үзэж байна. Шүүгчийн 2022.11.25-ны өдрийн 135/Ш32022/06830 дугаар захирамжаар болон хуулиар олгогдсон гомдол гаргах эрхээр хариуцагчийг хангаагүй, тус өдрөө хэргийг шийдвэрлэсэн нь хариуцагчийн эрхийг хязгаарласан зөрчил болсон.

4.2.Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаар:

а.Хариуцагчийн өмгөөлөгч Т.А нь 2023.02.28-ны өдрийн шүүх хуралдаанд шүүх бүрэлдэхүүн болох Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Амарсанаа, шүүгч Х.Байгалмаа, шүүгч Я.Туул нарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-т заасан үндэслэлээр татгалзан гаргах хүсэлт гаргасан.

2023.03.06-ны өдрийн 209/ЗТ2023/00013 дугаар Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.8-д заасныг баримтлан өмгөөлөгчийн гаргасан шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах хүсэлтийг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д зааснаар гомдол гаргах эрхгүйг дурдаж шийдвэрлэсэн бөгөөд зөвлөгөөнийг Ерөнхий шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгчид Х.Байгалмаа, Я.Туул, Г.Мягмарсүрэн нар оролцсон байна.

Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023.01.12-ны өдрийн 05 дугаар “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84, 91, 92 дугаар зүйлийн зарим хэсэг, заалтыг тайлбарлах тухай” тогтоолын тайлбарлах хэсгийн 6-д ...Харин тухайн шүүхийн бүх шүүгчдийг татгалзсан, эсхүл нийт шүүгчийн олонхийг татгалзсанаас шүүгчдийн зөвлөлгөөний ирц бүрдэхгүй болсон тохиолдолд хүсэлтийг адил шатны өөр шүүхийн шүүгчдийн зөвлөлгөөн хэлэлцэж шийдвэрлэнэ. Татгалзан гаргах хүсэлтийг шийдвэрлэхэд татгалзан гаргагдаж байгаа шүүгч оролцохгүй,... гэж тайлбарласан.

Ерөнхий шүүгч Л.Амарсанаа, шүүгчид Х.Байгалмаа, Я.Туул нарыг татгалзан гаргах хүсэлт гаргасныг эдгээр 3 шүүгч өөрсдөө шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлан хэрэглэж, хууль бус бүрэлдэхүүнээр хүсэлт шийдвэрлэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан гэж үзэж байна.

б.Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт ...2022.11.25-ны өдрийн 135/Ш32022/06830 дугаар захирамж нь ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-т заасан гомдол гаргах эрхтэй захирамж биш ...гэж дүгнэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022.11.25-ны өдрийн 135/Ш32022/06830 дугаар “Хүсэлт шийдвэрлэх тухай” захирамжид гомдол гаргах эрхтэй гэж зааснаар албажиж, шүүгчийн захирамж хүчин төгөлдөр болсон байна. Энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрх олгосон захирамжлах хэсгийн 2 дахь заалт үндэслэлгүй гэж үзэж байгаа бол анхан шатны шүүхийн дээрх алдааг давж заалдах шатны шүүх дүгнэлтээр засах боломжгүй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-т зааснаар тухайн шатны шүүх захирамжийг хүчингүй болгох, өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүхүүд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрхий дээрх алдаа, зөрчлүүдийг гаргасныг Улсын дээд шүүх залруулах боломжгүй гэж үзэж байгаа тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

5.Хариуцагчийн өмгөөлөгч Т.Аийн хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2, 172.2.3-т заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023.04.20-ны өдрийн 001/ШХТ2023/00468 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

ХЯНАВАЛ:

6.Хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

7.Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Э.Мд холбогдуулан хууль бус эзэмшлээс орон сууц гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлийг “... Дархан-Уул аймгийн  ...............д байрлалтай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ............. дугаарт бүртгэгдсэн  ...............тоот орон сууцыг 2019.02.21-ний өдөр Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс олгосон  ...............тоот гэрчилгээний үндсэн дээр өмчилж байна. Гэтэл Э.М миний өмчлөлд бүртгэлтэй дээрх орон сууцыг өнөөдрийг хүртэл хууль бусаар эзэмшиж, уг орон сууцанд амьдарч байгаа ба миний өмчлөлийн орон сууцны улсын бүртгэл, гэрчилгээг хүчингүй болгуулахаар түүний гаргасан нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд Э.Мгийн хууль бус эзэмшлээс орон сууцыг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “...би “ ...............” ХХК-тай 2016.11.08-ны өдөр орон сууц захиалгаар бариулах гэрээг байгуулж тус 2 өрөө орон сууцыг 78,375,000 төгрөгөөр худалдан авсан. Мөнгийг 3 жилийн хугацаанд хувааж төлөхөөр тохиролцож, 2016.11.08-ны өдөр 24,453,000 төгрөг, 2017.11.17-ны өдөр 25,000,000 төгрөгийг буюу нийт 49,453,000 төгрөгийг төлсөн бөгөөд 2016 оноос хойш уг орон сууцандаа амьдарч байна. Захиргааны хэргийн шүүхээс шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын шийдвэрийн дагуу орон сууц Д.Бгийн өмчлөлд бүртгэгдсэнийг буруутгах үндэслэлгүй гэсэн боловч миний иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрх нээлттэй тухай дурдсан.” гэсэн тайлбарыг гаргасан.

8.Анхан шатны шүүх “...Д.Б 2019.02.21-ний өдөр орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэн,. ...хууль ёсны өмчлөгч, түүний өмчлөх эрхийн бүртгэлийг хүчингүй болгуулах Э.Мгийн нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүх хэрэгсэхгүй болгосон, мөн түүний “ ...............” ХХК-тай байгуулсан орон сууц захиалан бариулах гэрээнээс татгалзаж, хэлцлээр шилжүүлсэн мөнгөө буцаан авах нэхэмжлэлийг иргэний хэргийн шүүх шийдвэрлэж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хянаж хэвээр үлдээжээ.

9.Хариуцагчийн өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, давж заалдах шатны шүүх шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг шийдвэрлэхдээ хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас зөрүүтэй хэрэглэсэн, эдгээр алдаа нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн үндэслэлээр хяналтын гомдлыг гаргасан байх бөгөөд уг гомдлын хүрээнд хяналтын шатны шүүхээс дараах дүгнэлтийг хийв.

10.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.

10.1.Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Э.Мд холбогдуулан түүний хууль бус эзэмшлээс орон сууц гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангахдаа хариуцагч Э.М болон түүний гэр бүлийн гишүүдийн хууль бус эзэмшлээс орон сууцыг гаргуулж, нэхэмжлэгч Д.Бд олгохоор шийдвэрлэсэн ба энэхүү байдлыг шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хальж, санаачилгаараа нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж шийдвэрлэсэн гэж үзэхгүй.

Учир нь хууль бус эзэмшлээс орон сууцыг гаргуулах шаардлага нь хариуцагч Э.М, түүнтэй хамтран амьдарч буй гэр бүлийн гишүүдэд хамааралтай ба нэгэнт хариуцагчийн эзэмшлийг хууль бус гэж шүүх үзэж орон сууцыг гаргуулж байгаа тохиолдолд шийдвэрийг бодитоор биелэгдэх арга, журмыг зааж тухайн ажиллагааг явуулахад шаардагдах бусад зөвшөөрөл олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасантай харшлахгүй байна.

10.2.Анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.М нь 2022.11.25-ны өдөр шүүхэд хандаж, “ ...............” ХХК-аас 49,453,000 төгрөгийг гаргуулж Э.Мд олгохоор шийдвэрлэсэн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 135/ШШ2022/02996 дугаар шийдвэрт хариуцагч давж заалдах гомдол гаргасан тул уг хэргийг шийдвэрлэх хүртэл шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргасныг шүүгч “...“ ...............” ХХК давж заалдах гомдол гаргаж шүүхэд хүргүүлсэн, шүүх гомдлыг хүлээн авсан эсэх нь тодорхой бус, мөн тухайн хэргийн маргааны зүйл нь энэ шийдвэрлэж буй хэрэгтэй хамааралгүй” гэсэн агуулгатай дүгнэлт хийж хүсэлтийг хангахгүй орхиж, 135/Ш32022/06830 дугаар захирамж гаргаж, уг захирамжид тухайн шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурджээ.

Э.Мгийн дээрх хүсэлтийг хангахгүй орхисон үндэслэлийг шүүгч захирамждаа тодорхой заасан байх ба уг дүгнэлтийг үгүйсгэх боломжгүй, тодруулбал нэгэнт товлогдсон шүүх хуралдааныг хойшлуулах, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй байна. Харин энэхүү захирамжид хэргийн оролцогчид гомдол гаргах эрхийг хуулиар олгоогүй байхад шүүгч гомдол гаргах эрхтэй гэсэн нь буруу бөгөөд гомдол гаргах эрхтэй гэж заасан нь аливаа үр дагавар үүсгэхгүй юм.

11.Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн энэ нь гаргасан шийдвэрт нөлөөлсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

11.1.Анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаж хэргийг хэлэлцсэн давж заалдах шатны шүүхийн 2023.02.28-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч Т.А нь оролцохдоо шүүх бүрэлдэхүүнийг буюу Ерөнхий шүүгч Л.Амарсанаа, шүүгч Х.Байгалмаа, шүүгч Я.Туул нарыг татгалзан гаргах хүсэлт гаргаж, өмнө шийдвэрлэсэн “ ...............” ХХК-тай холбоотой маргааныг шийдвэрлэхдээ нэг талд шийдвэрлэгдэж байгаа болохоор жишиг тогтсон гэж үзэж байна гээд, уг үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-т заасан хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ төрүүлсэн гэж тодорхойлжээ. Шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг шүүгчдийн зөвлөлгөөнөөр шийдвэрлэхээр шүүх хуралдааныг хойшлуулсан байна.

Улмаар хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтийг тухайн шүүхийн буюу Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн зөвлөлгөөнөөр 2023.03.06-ны өдөр хэлэлцэж хүсэлтийг хангахгүй орхиж 209/ЗТ2023/00013 дугаар тогтоол гаргасан бөгөөд шүүгчдийн зөвлөлгөөнд шүүгч Л.Амарсанаа, Я.Туул, Х.Байгалмаа, Г.Мягмарсүрэн нар оролцжээ.

Улсын дээд шүүхийн 2023.01.12-ны өдрийн 05 дугаар “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84, 91, 92 дугаар зүйлийн зарим хэсэг, заалтыг тайлбарлах тухай” тогтоолын тайлбарлах хэсгийн 6-д “...хуулийн 92 дугаар зүйлийн 92.8-д заасан “шүүгчдийн зөвлөлгөөн” гэдгийг тухайн шүүхийн болон адил шатны өөр шүүхийн зөвлөлгөөн гэж ойлгоно, ...тухайн шүүхийн бүх шүүгчдийг татгалзсан, эсхүл нийт шүүгчийн олонхийг татгалзсанаас шүүгчдийн зөвлөлгөөний ирц бүрдэхгүй болсон тохиолдолд хүсэлтийг адил шатны өөр шүүхийн шүүгчдийн зөвлөлгөөн хэлэлцэж шийдвэрлэнэ. Татгалзан гаргах хүсэлтийг шийдвэрлэхэд татгалзан гаргагдаж байгаа шүүгч оролцохгүй...” гэж тайлбарласан.

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шүүгчдийн зөвлөлгөөний бүрэлдэхүүнд 4 шүүгч оролцсоноос 3 нь татгалзан гаргагдаж байгаа шүүгчид байгаа нь татгалзан гаргах хүсэлтийг шийдвэрлэхэд тухайн татгалзан гаргагдаж байгаа шүүгч оролцохгүй гэсэн Улсын дээд шүүхийн тайлбараас зөрүүтэйгээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.8-д заасныг хэрэглэжээ. Гэвч энэхүү тайлбараар мөн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2 дахь хэсгийн “шүүгчийг татгалзаж үл болно” гэсэн зохицуулалтыг энэ хуульд заагаагүй үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоос шүүгч өөрөө татгалзах, эсхүл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс шүүгчийг татгалзан гаргахыг хориглоно гэсэн байна.

Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүгчийг татгалзан гаргах хүсэлт нь шүүгчийг татгалзан гаргах хуульд заасан үндэслэлд илтэд хамаарахгүй бол шүүх бүрэлдэхүүн уг хүсэлтийг гаргаагүйд тооцож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэх эрхтэй.

Учир нь шүүх бүрэлдэхүүн шүүгчийг татгалзан гаргах хүсэлтэд заасан үндэслэл нь хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх эрх бүхий этгээдийн эсхүл шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулах тухайн хэргийг шийдвэрлэж байгаа шүүх бүрэлдэхүүний алины бүрэн эрхэд хамаарах асуудал болохыг тогтоох учиртай.

Тухайлбал, шүүх бүрэлдэхүүн шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг шүүгчдийн зөвлөлгөөний шалгаж тогтоох, үнэлэлт дүгнэлт хийх эрх хэмжээний асуудал гэж үзсэн тохиолдолд татгалзах хүсэлтийг шийдвэрлүүлэхээр шүүх хуралдааныг хойшлуулна. Харин гаргасан хүсэлт нь илтэд хуульд заасан үндэслэлд хамаарахгүй, хамаарах нөхцөлийг бодит баримттай заагаагүй бол шүүх бүрэлдэхүүн шүүх хуралдааныг хойшлуулах хуульд заасан үндэслэл бий болоогүй гэж үзэн хуралдааныг үргэлжлүүлж болно.

Хариуцагчийн өмгөөлөгч Т.А шүүх бүрэлдэхүүнээс татгалзан гаргах хүсэлтдээ, шүүгч нарын өмнө шийдсэн өөр хэрэгтэй холбон тайлбарлаж, уг үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-т заасан хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар эргэлзээ бий болсон гэх нөхцөлд хамааруулсан бөгөөд энэ нь илтэд шүүгчийг татгалзах хуульд заасан үндэслэлд хамаарахгүй байна.

Учир нь хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаарх үндэслэл бүхий эргэлзээ нь хэргийн оролцогчтой хувийн харилцаатай бөгөөд ямар нэгэн ашиг сонирхолтой, эсхүл хуулиар хориглосон үйлдлийг шүүгч гаргасан нь бодитоор илэрсэнтэй холбоотой ойлголт ба энэ талаар үндэслэл бүхий тайлбар, баримтыг хүсэлтдээ заагаагүй байна.

Иймд хариуцагчийн өмгөөлөгч хуульд заагаагүй үндэслэлээр шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах хүсэлт гаргасан гэж дүгнэх бөгөөд харин давж заалдах шатны шүүх хүсэлтийг хэлэлцэхээр шүүх хуралдааныг хойшлуулах, улмаар хүсэлтийг шүүгчдийн зөвлөлгөөнөөр хэлэлцэх шаардлагагүй байжээ. Дүгнэвэл, энэ хэргийн хувьд шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг шийдвэрлэхэд татгалзан гаргагдаж буй шүүх бүрэлдэхүүн оролцсон нь буруу боловч уг алдаа нь шүүхийн шийдвэрт нөлөөлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд хамаарахгүй гэж үзлээ.

11.2.Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шүүгчийн 2022.11.25-ны өдрийн 135/Ш32022/06830 дугаар захирамж нь ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-т заасан гомдол гаргах эрхтэй захирамж биш ...гэж дүгнэсэн нь зөв, үндэслэлийг тогтоолын 10.2 дахь хэсэгт дурдсан болно.

12.Дээр дурдсанаар шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 135/ШШ2022/01685 дугаар шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 209/МА2023/00021 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Э.Мгийн 2023.03.28-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Х.ЭРДЭНЭСУВД

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ                                                    

ШҮҮГЧИД                                                       Н.БАЯРМАА

                                                                        П.ЗОЛЗАЯА

Д.ЦОЛМОН