Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2021/00857

 

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2021/00857

Улаанбаатар хот

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б-ББСБ нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.Л-д холбогдох,

 

9 912 668 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г, Я.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, хариуцагчийн өмгөөлөгч Х.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэнпунцаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн төлөөлөгч С.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******нь тус компанитай 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулан 8 000 000 төгрөгийг сарын 3.9 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн барьцаанд Б.Лхагвасүрэнгийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2205050625 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 21 дүгээр хороо, Горькийн 28 дугаар гудамж, 1318 тоот хаягт байрлах, хувийн сууцыг, мөн хаягт байрлах улсын бүртгэлийн Г-2205001651 дугаарт бүртгэлтэй, газрыг тус тус барьцаалж гэрээ байгуулан, улсын бүртгэлд бүртгүүлсэн.

 

*******нь зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу төлбөрийг төлөөгүй. Тэрээр 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл нийт 3 458 900 төгрөг төлсөн бөгөөд үүнээс хойш зээлийн төлбөрийг төлөлгүй 223 хоног хэтрүүлж байна. Иймд зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх үндсэн зээлийн үлдэгдэл 7 346 878 төгрөг, үндсэн хүү 2 129 860 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 425 930 төгрөг, нийт зээлийн үүрэгт 9 902 668 төгрөгийг Б.Лхагвасүрэнгээс гаргуулж өгнө үү. Тээврийн хэрэгслийн шатахууны зардалд 10 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

 

Хариуцагч Б.Лхагвасүрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэцгээ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******нь “Бичил глобус финанс ББСБ” ХХК-тай 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 8 000 000 төгрөгийг сарын 3.9 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн.

Засгийн газраас шийдвэр гарч, цар тахалтай холбоотойгоор бизнес зогсож, төлбөрийн чадваргүй болсон. Гэхдээ 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл нийт 3 483 000 төгрөг төлсөн. 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн хил хаасан учир 6 сараар зээлийн хүүг хойшлуулах тухай хүсэлтийг гаргасан. Уг хүсэлтийг хүлээж аваагүй тул Санхүүгийн зохицуулах хороонд мөн хүсэлт гаргасан.

 

2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл зээлийн хүүг хойшлуулах ёстой байхад хойшлуулаагүй. 8 000 000 төгрөгийг 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 435 000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 610 000 төгрөг, 2019 оны 10 дугаар сард 470 000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 617 000 төгрөг 2019 оны 12 дугаар сард 307 000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сард 334 000 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 307 100 төгрөгийг тус тус төлсөн. Графикийн дагуу 2019 оны 6 дугаар сард 280 000 төгрөг, 2019 оны 7 дугаар сард 303 000 төгрөг, 2019 оны 8 дугаар сард 304 000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сард 295 000 төгрөг, 2019 оны 10 дугаар сард 277 000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сард 277 000 төгрөг, 2019 оны 12 дугаар сард 262 000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сард 259 000 төгрөг, 2020 оны 02 дугаар сард 250 000 төгрөг, нийт 2 231 000 төгрөгийг зээлийн хүүд төлсөн. Миний төлсөн 3 483 000 төгрөгөөс зээлийн хүү болох 2 231 000 төгрөгийг хасахаар 1 252 000 төгрөг үндсэн зээлээс хасагдах ёстой. Иймд зээлийн нийт үлдэгдэл 6 440 000 төгрөг болж байна.

 

“Бичил глобус финанс ББСБ” ХХК нь гэрээг нэг талын санаачлагчаар цуцлах үндэслэлгүй. Гэрээ цуцалж байгаа асуудал нь Иргэний хуульд заасан гэрээнээс татгалзаж болохгүй нөхцөл байдал. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно гэж заасан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Б” ХХК нь хариуцагч Б.Лхагвасүрэнд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 9 902 668 төгрөг, шатахууны зардалд 10 000 төгрөг, бүгд 9 912 668 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд шүүх хуралдаанд шатахууны зардалд 10 000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзсан.

 

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэгт 9 902 668 төгрөг гаргуулах шаардлагын үндэслэлээ “...зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл  7 346 878 төгрөг, хүүгийн үлдэгдэл 2 129 860 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 425 930 төгрөг” гэж тодорхойлсон бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэн маргасан.

 

Шүүх зээлийн гэрээний үүрэгт 9 902 668 төгрөг гаргуулах нэхэмжлэл болон шатахууны зардалд 10 000 төгрөг гаргуулах хариуцагчид холбогдох хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

1. Зээлийн гэрээний үүрэгт 9 902 668 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

 

Талуудын хооронд 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдөр 202/2200/00001 дугаартай зээлийн болон 202/220/00001-01 дугаартай барьцааны гэрээ байгуулагдсан байх бөгөөд зохигчид гэрээний хүчин төгөлдөр эсэхэд маргаагүй.

 

Гэрээний 1-д зааснаар хариуцагч нь 8 000 000 төгрөгийг 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл буюу 36 сарын хугацаатай, сарын 3.9 хувийн хүүтэй, 20 хувийн нэмэгдүүлсэн хүү төлөхөөр нэхэмжлэгчээс зээлж, үүргийн гүйцэтгэлийн барьцаанд улсын бүртгэлийн Ү-2205050625 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 21 дүгээр хороо, Горькийн 28 дугаар гудамж, 1318 тоот хаягт байрлах хувийн сууцыг, мөн хаягт байрлах улсын бүртгэлийн Г-2205001651 дугаарт бүртгэлтэй, 292 м.кв талбайтай газрын хамт барьцаалсан нь зээлийн болон барьцааны гэрээ, мөн талуудын шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчид гэрээнд заасны дагуу 8 000 000 төгрөгийг хариуцагчид шилжүүлэх, хариуцагчид гэрээнд заасан хугацаанд үндсэн зээлийг хүүгийн хамт нэхэмжлэгчид буцаан төлөх үүрэг үүссэн байна.

 

Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээнд заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө. Нэхэмжлэгч нь дээрх гэрээний дагуу зээл 8 000 000 төгрөгийг хариуцагчид бэлэн бусаар шилжүүлсэн нь Хаан банкны шилжүүлгийн мэдээллээр нотлогдож байхаас гадна хариуцагч энэ талаар маргаагүй. Иймд нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх үүргээ биелүүлсэн гэж үзнэ.

 

Гэрээний хавсралтад зааснаар хариуцагч нь 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл үндсэн зээлд 1 999 998 төгрөг төлөхөөс 653 121 төгрөгийг, зээлийн хүүд 2 509 575 төгрөг төлөхөөс 2 510 577 төгрөг буюу дээрх хугацаанд үндсэн зээлийн үүрэг болон хүүд нийт 4 509 573 төгрөг төлөхөөс 3 163 698 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 295 200 төгрөг, бүгд 3 458 900 төгрөг төлсөн нь зээл төлөлтийн дэлгэрэнгүй тооцоолол болон зээлийн дансны хуулгаар нотлогдож байхаас гадна хариуцагч нь үүнийг баримтаар үгүйсгэж чадахгүй байна.

 

Дээрх хугацаанд буюу 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн хариуцагчийн үндсэн зээлийн төлөлтийг хойшлуулах агуулга бүхий хүсэлтийг нэхэмжлэгч хангаж, 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх нийт 888 888 төгрөгийн үндсэн зээлийн төлөлтийг хойшлуулсан нь хариуцагчийн өргөдөл, прован салбарт хүсэлт гаргах тухай баримт болон эргэн төлөлтийн хуваариар нотлогдож байна. Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан эргэн төлөлтийн хуваарьт гэрээний талууд гарын үсэг зураагүй байх боловч хариуцагч нь уг үйл баримтыг үгүйсгээгүй. Улмаар, хариуцагч нь 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр дахин зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах агуулга бүхий хүсэлт гаргасныг нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь хариуцагчийн дээрх хүсэлт гэх баримтаар тогтоогдож байна.

 

Ийнхүү хариуцагч нь 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс хойш үндсэн зээл болон зээлийн хүүгийн төлбөрийг төлөөгүй тул нэхэмжлэгч нь гэрээний үүргийг биелүүлэхийг хариуцагчид 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр, 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр, 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдөр тус тус мэдэгдсэн. Гэвч хариуцагч нь мэдэгдлийг хүлээн авсан боловч үндсэн болон зээлийн хүүгийн хуримтлагдсан төлбөрийг төлөөгүй тул нэхэмжлэгч нь зээлийн гэрээг хугацаанаас өмнө нь цуцалж, тус шүүхэд 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр зээлийн гэрээний үүргийг шаардаж нэхэмжлэл гаргасан.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй боловч мөн зүйлийн 225.4.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргийг ялимгүй зөрчсөн тохиолдолд талууд гэрээнээс татгалзаж болохгүй.

 

Хариуцагчаас эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулах хүсэлтийг нэхэмжлэгчид 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр гаргасны дагуу нэхэмжлэгч нь эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулсан. Уг өөрчлөлтөөр үндсэн зээлийн төлбөрт 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдөр төлөх 222 222 төгрөгийг, 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр төлөх 222 222 төгрөгийг, 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр төлөх 222 222 төгрөгийг, 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр төлөх 222 222 төгрөгийг, 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр төлөх 222 222 төгрөгийг, 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр төлөх 222 222 төгрөгийг, 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр төлөх 222 222 төгрөгийг буюу нийт 7 сарын хугацаанд төлөх 1 555 554 төгрөгийн үндсэн зээл төлөх үүргийг хойшлуулсан байна.

 

Иймд талууд зээлийн эргэн төлөлтөд өөрчлөлт оруулсан тул хариуцагчийн гэрээний үүргийн зөрчлийг гэрээний хавсралтад дурдсан хуваарийн дагуу бус, харин өөрчлөлт оруулсан эргэн төлөлтийн хуваарийн дагуу тодорхойлно.

 

Эргэн төлөлтийн хуваарьд зааснаар хариуцагч нь үндсэн зээлийн төлбөрт 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл нийт 653 121 төгрөг төлөх үүргийг биелүүлсэн, харин шүүхэд нэхэмжлэл гаргасан 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх 1 333 332 төгрөгийн үндсэн зээлийг, дээрх хугацааны хүүгийн төлбөрт 4 456 646 төгрөг төлөхөөс 2 805 779 төгрөгийг төлж, үлдэх 1 650 867 төгрөгийг тус тус төлөөгүй байна. Өөрөөр хэлбэл, өөрчлөлт оруулсан эргэн төлөлтийн хуваарийн дагуу хариуцагч нь 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс нэхэмжлэгч гэрээг цуцалж, шүүхэд нэхэмжлэл гаргасан 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл үндсэн зээл 1 986 453 төгрөг төлөхөөс 653 121 төгрөгийг, мөн хугацааны хүүгийн төлбөрт 4 456 646 төгрөг төлөхөөс 2 805 779 төгрөгийг тус тус төлсөн буюу үндсэн зээлийн үүргийн 32.8 хувийг, хүү төлөх үүргийн 62.9 хувийг, үндсэн зээл болон хүүгийн нийт үүргийн 53.6 хувийг биелүүлсэн байна. Иймд хариуцагчийн дээрх гэрээний үүргийн зөрчлийг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-д заасан үүргийг ялимгүй зөрчилд тооцох үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, улмаар гэрээний үүргийг хариуцагчаас шаардсан нь үндэслэлгүй байна.

 

Нөгөөтээгүүр, зээлийн гэрээнд зээлийг “хэрэглээний” гэж, харин зээл хүсэх тухай хүсэлтэд зээлийг “бизнесийн хэрэгцээнд” гэж тус тус харилцан адилгүй тодорхойлсон байх боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “...бизнесийн хэрэглээ” гэх тайлбараас үзвэл нэхэмжлэгчээс хариуцагчид бизнесийн зориулалттай зээл олгосон гэж үзэх үндэслэлтэй. Түүнчлэн, Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 9/1986 дугаар албан бичгээр зээлийн эргэн төлөлттэй холбоотой асуудлыг гэрээний талуудыг харилцан тохиролцох журмаар шийдвэрлэхийг хариуцагчид мэдэгдсэн байна.

 

Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль /2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр/-ийн 10 дугаар зүйлийн 10.7-д ипотекийн зээлийн эргэн төлөлтийн хугацааг зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн үлдэгдэл хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр нийт 6 хүртэлх сараар хугацааг сунгах асуудлыг Төв банк болон арилжааны банк нь Засгийн газартай хамтран хэрэгжүүлэхээр заасан. Хэрэгт авагдсан баримтаар дээрх хуулийн мөн зүйлд заасан нөхцөл байдал гэрээний талуудад үүссэн гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна.

 

2. 10 000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан 10 000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан бөгөөд үндэслэлээ “...шатахууны зардалд 10 000 төгрөг” гэж тодорхойлсон.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч уг нэхэмжлэлээсээ татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

 

Иймд дээрх үндэслэлээр хариуцагч Б.Л-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 9 902 668 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Бичил глобус финанс ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийг, хариуцагч Б.Лхагвасүрэнд холбогдох 10 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч “Б” ХХК татгалзсаныг баталж, холбогдох хэргийг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасан үндэслэлгүй тул хариуцагч Б.Лхагвасүрэнд холбогдох, 9 902 668 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Б” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Бичил глобус финанс ББСБ” ХХК хариуцагч Б.Лхагвасүрэнд холбогдох, 10 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 175 953 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  М.БАЯСГАЛАН