Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2021/00115

 

 

 

 

 

 

 

 

 

“БББСБ” ХХК-ийн

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Б.Нармандах, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2020/02999 дугаар шийдвэртэй,

 

“БББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Лнд холбогдох,

зээлийн гэрээний үүрэгт 9 902 668 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ганбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэцгээ, хариуцагчийн өмгөөлөгч Б.Даваасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Лн нь “БББСБ” ХХК-тай 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулж, 8 000 000 төгрөгийг сарын 3,9 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн барьцаанд Б.Лн нь өөрийн өмчлөлийн, Баянгол дүүрэг, 21 хороо, 28 гудамжны, 1318 тоотод байрлах хувийн сууцыг газрын хамт барьцаалж, барьцааны гэрээг нотариатаар баталгаажуулж, улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн.

Зээлдэгч нь сар бүрийн 05-ны өдөр үндсэн зээл болон зээлийн хүүг төлөхөөр харилцан тохиролцож график байгуулсан. Хариуцагч нь 2019 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүртэл 34 удаагийн төлөлтөөр 3 458 900 төгрөгийг төлсөн.

Манай байгууллагаас зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч зээл төлөх үүргээ биелүүлээгүй. Иймд 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар үндсэн зээл 7 346 878 төгрөг, зээлийн хүү 2 129 860 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 425 930 төгрөг, нийт 9 902 668 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Лн нь “БББСБ” ХХК-аас 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 8 000 000 төгрөгийг сарын 3,9 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн ба уг зээлсэн мөнгөн хөрөнгийг Д.Цэцгээ би авсан.

Засгийн газраас шийдвэр гарч цар тахалтай холбоотойгоор бизнес зогсож, төлбөрийн чадваргүй болгосон. Гэхдээ 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл 3 483 000 төгрөг төлсөн. 2020 оны 02 сарын 05-ны өдрөөс эхлэн хил хаасан учир 6 сараар зээлийн хүүг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан. Уг хүсэлтийг хүлээж аваагүй учраас Санхүүгийн зохицуулах хороонд мөн хүсэлт гаргасан.

Бүх банкнууд зээлийн хүүгээ 6 сараар хойшлуулж байсан. 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл зээлийн хүүг хойшлуулах ёстой байхад хойшлуулаагүй. 8 000 000 төгрөгийг 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 435 000 төгрөг, 2019 оны 09 дугаар сарын 05-ны өдөр 610 000 төгрөг, 2019 оны 10 дугаар сард 470 000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 617 000 төгрөг 2019 оны 12 дугаар сард 307 000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сард 334 000 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 307 100 төгрөгийг тус тус төлсөн.

Графикийн дагуу 2019 оны 06 дугаар сард 280 000 төгрөг, 2019 оны 07 дугаар сард 303 000 төгрөг, 2019 оны 08 дугаар сард 304 000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сард 295 000 төгрөг, 2019 оны 10 дугаар сард 277 000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сард 277 000 төгрөг, 2019 оны 12 дугаар сард 262 000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сард 259 000 төгрөг, 2020 оны 02 дугаар сард 250 000 төгрөг, нийт 2 231 000 төгрөгийг зээлийн хүүнд төлсөн.

Миний төлсөн 3 483 000 төгрөгөөс зээлийн хүү болох 2 231 000 төгрөгийг хасахаар 1 252 000 төгрөг үндсэн зээлээс хасагдах ёстой. Ингээд зээлийн нийт үлдэгдэл 6 440 000 төгрөгийг төлнө. Зээлийн гэрээний дагуу хүүгээ сар бүр өгч байсан. Өмнө 3 483 000 төгрөг төлөөд нэмээд 9 902 668 төгрөгийг нэхэмжлэхээр нийт 12 000 000 төгрөг болж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч Б.Лнгээс 9 902 668 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “БББСБ” ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 175 953 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 173 393 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Хариуцагч Б.Лн нь БББСБ” ХХК-тай 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 8 000 000 төгрөгийг сарын 3.9 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн гэрээний үүргийн дагуу 2019 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 09-ны өдрийг хүртэл 34 удаагийн төлөлтөөр 3 458 900 төгрөгийг төлж байтал дэлхий нийтэд гарсан цар тахлын улмаас хил хааж, гадагшаа явж бараа татах боломжгүй болсноос эргэлтийн хөрөнгөгүй болж бизнесийн үйл ажиллагаа нь зогссон ба “БББСБ” ХХК-д зээлийн төлөлтийг 6 сараар хойшлуулж өгөөч гэсэн хүсэлтийг 2020 оны 02 дугаар сараас эхлэн 3 удаа бичгээр гаргасан боловч зээлийн эдийн засагч нь байнга солигдож, хүсэлтийг шийдвэрлэж өгөх эрх бүхий албан тушаалтан олдохгүй байсан. Санхүүгийн зохицуулах хороонд хандаж хүсэлт гаргасан.

Хариуцагч Б.Лн нь зээл төлөх боломжгүй болсон үедээ ямар ч сураггүй алга болоогүй, учир байдлаа дурьдсан хүсэлтийг удаа дараа гаргаж зээлийн төлөлтийг хойшлуулах талаар санаачилж байсан.

“БББСБ” ХХК нь Б.Лнд 36 сарын хугацаатай зээл олгосон атлаа 15 сарын дараа гэрээг цуцалсан. Хүүг 36 сараар тооцон нэхэмжилж, шүүх түүнийг ханган шийдвэрлэснийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Гэрээний хавсралт болох зээлийн эргэн төлөлтийн хуваарь ёсоор тооцож үзэхэд хариуцагч Б.Лн гэрээ цуцалсан 2020 оны 08 дугаар сарыг дуусталх 15 сарын хугацаанд зээлийн хүүд 3 796 577 төгрөгийг төлөх ёстойгоос зээлдүүлэгч буюу нэхэмжлэгчийн гаргасан тооцоогоор хүүд 2 805 778 төгрөгийг төлжээ. Иймд зээлийг ашигласан хугацаанд 990 799 төгрөгийг зээлийн үндсэн хүүд, 198 160 төгрөгийг нэмэгдүүлсэн хүүд төлөх ёстой байна.

Иймд дээрхи үндэслэлүүдийг анхааран хэргийг хянаж, зөвтгөн шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч “БББСБ” ХХК хариуцагч Б.Лнд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9 902 668 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нэхэмжлэлийг 6 440 000 төгрөгийн хэмжээнд хүлээн зөвшөөрч үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

“БББСБ” ХХК нь Б.Лнтэй 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдэгч Б.Лн нь 8 000 000 төгрөгийг сарын 3,9 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн байх ба талууд гэрээний хавралтаар зээлийн эргэн төлөлтийн хуваарийг баталсан байна. /хх7-9/

 

Талуудын тайлбар, Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 9/1986 тоот “БББСБ” ХХК-аас ирүүлсэн албан бичигт дурдсанаас дүгнэвэл зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулсан байх боловч хэрэгт өөрчлөгдсөн хуваарь баримтаар авагдаагүй байна.

 

Зээлдэгч 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд зээлийн үүрэгт 3 458 900 төгрөг төлөхдөө зээлийн гэрээ байгуулахад зээл эргэн төлөх хуваарьт заасан зээлийн үүргийн хэмжээг ялимгүй зөрчсөн байх боловч талуудын хожим өөрчилсөн зээлийн төлөлтийн хуваарийн дагуу үүргийн зөрчлийг тодорхойлох боломжгүй байна.

 

Түүнээс гадна зээлдэгч 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд зээлийн эргэн төлөлтийг ялимгүй зөрчсөн нь Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.7-д “...зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн үлдэгдэл хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр нийт 6 хүртэлх сараар хугацааг сунгах асуудлыг Засгийн газартай хамтран хэрэгжүүлнэ” гэж заасан хөнгөлөлтөд хамаарах эсэхийг анхан шатны шүүх тодруулах байжээ.

 

Учир нь зээлийн гэрээнд зээлийн зориулалтыг “хэрэглээний” гэж тодорхойлсон, хариуцагч нь “бизнесийн үйл ажиллагааны зориулалтаар зээл авсан” гэж зөрүүтэй тайлбар гаргаж байгаа тохиолдолд анхан шатны шүүх зээл авах тухай зээлдэгчийн хүсэлт, зээлдүүлэгчийн шийдвэр зэргийг үндэслэж зээлийн зориулалтыг тодорхойлох байсан. Зээлдэгчийн хүсэлтийг үндэслэж нэхэмжлэгч байгууллага хэрхэн шийдвэрлэснээс хамаарч зээлийн зориулалтыг гэрээнд зөв тодорхойлогдсон эсэх, Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль үйлчлэх эсэхийг тодорхойлох шаардлагатай болно.

Түүнчлэн зээлдэгч зээл төлөх хугацааг 6 сараар хойшлуулах хүсэлтийг гаргаж байсан нь Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 9/1986 тоот албан бичгээр нотлогдож байх бөгөөд нэхэмжлэгч байгууллага уг хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн эсэхийг анхан шатны шүүх тодруулах байжээ.

 

Иймд 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасан үндэслэл тогтоогдож байх тул мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т зааснаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2020/02999 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 154 370 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Н.БАТЗОРИГ

 

                                                 ШҮҮГЧИД                                     Б.НАРМАНДАХ

 

                                                                                             Э.ЗОЛЗАЯА