Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 796

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч  Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Батзориг, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Хулан,

яллагдагч Э.Д, Х.Д, тэдний өмгөөлөгч О.Анхбаяр, Р.Бадмаа,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 567 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ц.Хулангийн бичсэн 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 28 дугаартай эсэргүүцлийг үндэслэн Э.Д, Х.Д нарт холбогдох эрүүгийн 1911 02591 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Э.Д, 

2. Х.Д, 

Э.Д, Х.Д нар нь Эрүүгийн цагдаагийн албаны Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн мөрдөгчөөр ажиллаж байхдаа бүлэглэн 2019 оны 8 дугаар сарын 14-ний орой 20-21 цагийн үед Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүннарангийн 12-127а тоотод оршин суух, хэрэгт холбогдон шалгагдаагүй Н.Тн гэрт очиж, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт заасан иргэний халдашгүй чөлөөтэй байх эрхэнд халдаж, гэртээ амарч байсан Н.Тг хувцсаа хурдан өмсөхийг шаардаж, нэр төрийг нь доромжлон, Цагдаагийн албаны тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1 дэх хэсэгт заасан “Цагдаагийн алба хаагч нэг бүрийн тусгай хэрэгслийг өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд учирч болзошгүй халдлагыг таслан зогсоох, гэмт хэрэг, зөрчлийн үйлдлийг таслан зогсоох, гэмт хэрэг, зөрчил үйлдсэн этгээдийг баривчлах, зэвсэглэсэн болон зэвсэг хэрэглэн эсэргүүцэж болзошгүй хүнийг баривчлах, баривчлагдсан хүнийг эрүүл мэндийн болон холбогдох байгууллагад албадан хүргэх, яллагдагч, ялтныг хуяглан хүргэх, хяналтад байгаа хүн амиа хорлох, өөрийн бие махбодид гэмтэл учруулах, оргон зайлахаас урьдчилан сэргийлэх, сэтгэцийн эмгэг, сэтгэл санаа хүчтэй цочрон давчидсаны улмаас өөрийгөө удирдах чадваргүй, түүнчлэн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн хүн догшин, хэрцгий авирлаж бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулахаас урьдчилан сэргийлэх, албаны болон бусдын орон байрыг эзлэн авсан, гудамж замын хөдөлгөөнийг бүслэн хаасныг чөлөөлөх, олон нийтийн арга хэмжээний үед нийтийн хэв журам хамгаалах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор тавьсан цагдаагийн алба хаагчийн шаардлагыг биелүүлээгүй, нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчих, эсхүл нийтийн эмх замбараагүй байдлыг таслан зогсоох, хууль бус жагсаал, цуглааныг албадан тараах, тээврийн хэрэгслийг зогсоох эрх бүхий албан тушаалтны шаардлагыг үл биелүүлэн зугтаасан тохиолдолд хэрэглэнэ”, 48 дугаар зүйлийн 48.1.2 дахь хэсэгт “албадлагын арга хэмжээг нэн тэргүүнд хэрэглэхгүй байх нийтлэг шаардлагыг баримтална”, 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт “Албадлагын арга хэмжээг бусдыг гутаан доромжлох, залхаан цээрлүүлэх, шийтгэх зорилгоор хэрэглэхийг хориглоно”, 48 дугаар зүйлийн 48.6 дахь хэсэгт “Цагдаагийн алба хаагч албадлагын арга хэмжээг шууд хэрэглэхээр хуульд зааснаас бусад тохиолдолд урьдчилан сануулж, хууль ёсны шаардлагыг биелүүлэх хангалттай хугацаа олгоно” гэсэн заалтуудыг зөрчиж, түүний гарт нь гав зүүн эрх чөлөөнд нь халдан Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Мөрдөн байцаах албаны байранд дагуулж очсон, улмаар Н.Тг нөхөр Б.Баярмагнайгийн хаана байгаа газрыг зааж өгөхийг шаардаж шөнийн 00 цаг хүртэл Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт дагуулж яван, хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж хүний эрх чөлөөнд халдсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Э.Д, Х.Д нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг  шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Яллагдагч Э.Д, Х.Д нарт холбогдох эрүүгийн 1911025910111 дугаартай хэрэгт яллагдагч нарын өмгөөлөгчийн гаргасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт прокурор нь яллах болон цагаатгах, хөнгөрүүлэх болон хүндрүүлэх талын бүх баримтуудыг цуглуулж, хэргийн нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох, яллагдагч нар нь хохирогчийн гэрт очихдоо зүгээр очоод баривчлаагүй, мөрдөн шалгах ажиллагаа хийгээд явж байсан. Цагдаагийн байгууллагын эрэн сурвалжлах ажиллагааны хүрээнд гүйцэтгэх ажиллагааны мэдээ, мэдээлэлд үндэслэж хохирогчийн гэрт очсон үндэслэл бүхий баримт нь хавтаст хэрэгт байхгүй байна. Энэ мөрдөн шалгах ажиллагааны нууц баримтыг хавтаст хэрэгт хавсаргуулах гэсэн хүсэлтийг хүлээн авах нь зүйтэй байна.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3, 1.4-д заасан нотолбол зохих байдал нотлогдоогүй буюу гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон бусад байдал/, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тогтоох нь хэрэгт ач холбогдолтойн дээр яллагдагч, тэдгээрийн өмгөөлөгч нарыг шүүх хуралдаанд энэ талаар мэтгэлцэх боломжоор хангах үүднээс гүйцэтгэх ажиллагааны материалыг хэрэгт хавсаргах боломжтой эсэх /яллагдагч нар нь хохирогчийн гэрт ямар зорилгоор очсон/-ийг тогтоох нь зүйтэй гэж үзлээ. Иймд дээрх ажиллагааг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор Ц.Хулан бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Эрүүгийн цагдаагийн албаны Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн мөрдөгч Э.Д, Х.Д нар нь 2019 оны 8 дугаар сарын 14-ний орой 20-21 цагийн үед Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүннарангийн 12-127а тоотод оршин суух, эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаагүй, эрүүгийн хэргийн оролцогч биш иргэн Н.Т гэрт очихдоо албан үүргээ биелүүлж явсан болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрч Б.Егор, А.Бямбажав, О.Баярхүү нарын мэдүүлэг, 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн Цагдаагийн байгууллагын хоногийн нөхцөл байдлын танилцуулга зэргээр тогтоогдсон, үүнтэй хэн ч маргаагүй болно.

Гагцхүү Э.Д, Х.Д нар нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлсан яллагдагч Б.Баярмагнайг эрэн сурвалжлах явцдаа хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж 2019 оны 8 дугаар сарын 14-ний орой 20 цагийн үед иргэн Н.Түмэннастыг гэрээс нь авч гаран, гарт нь гав зүүж, “ганц худагт хорино” гэж сүрдүүлэн нөхрөө хаана байгаа газрыг нь олж өгөхийг шаардаж, “чи шоронгоор явж ирсэн шоронгийн хулгайчаас яасан их салж хагацаж чаддаггүй тэнэг хүүхэн бэ” гэх зэргээр доромжилж, айлган сүрдүүлж /уйлуулан/ шөнийн 00 цаг хүртэлх хугацаанд автомашинд суулган Нийслэлийн Баянгол, Чингэлтэй, Баянзүрх, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээр авч явсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт авагдсан хохирогч Н.Түмэннаст, гэрч С.Нэргүй, М.Энхцэцэг, Б.Егор, О.Баярхүү нарын мэдүүлэг, хохирогч Н.Түмэннастыг Б.Баярмагнайтай гэр бүл болсныг 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр бүртгэсэн гэрлэлтийн лавлагаа зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон.

Э.Д, Х.Д нарын үйлдлийг иргэн Н.Түмэннастын Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13-т “халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. Хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүй. Баривчилсан шалтгаан, үндэслэлийг баривчлагдсан хүн, түүний гэр бүлийнхэн, өмгөөлөгчид нь хуульд заасан хугацаанд мэдэгдэнэ”, гэж, 14-т “...өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг, эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх..., ...Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно. Гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно” гэж тус тус заасан эрхийг нь ноцтой зөрчиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина”, Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д “Гүйцэтгэх ажлын явцад хуульд заасан үндэслэл, журмаас гадуур хүний эрх, эрх чөлөөг зөрчих, хууль ёсны ашиг сонирхолд нь халдахыг хориглоно” гэж тус тус заасныг зөрчсөн үйлдлийг хийсэн гэж үзэх үндэслэлтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулсан мөрдөн шалгах нууц ажиллагааны үр дүнг нотлох баримтаар тооцох ба нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэх ажиллагааны арга, хэрэгсэл, эх сурвалж нууц байна” гэж, 5 дахь хэсэгт “Хавтаст хэрэгт тусгагдаагүй баримт сэлт, мэдээлэл, мөрдөн шалгах нууц ажиллагааны үр дүн, бусад баримт болон гүйцэтгэх ажилтай холбоотой ямар ч баримт мэдээллийг шүүхийн хэлэлцүүлэг, урьдчилсан хэлэлцүүлэг явуулах, хэрэг хянан шийдвэрлэх шүүхэд танилцуулахыг хориглоно” гэж тус тус заасан тул Б.Баярмагнайд холбогдох эрүүгийн хэрэгт явуулсан мөрдөн шалгах нууц ажиллагаа болон гүйцэтгэх ажиллагааны баримт материалыг Э.Д, Х.Д нарт холбогдох хэрэгт хавсаргах хууль зүйн үндэслэлгүй байна.

Хохирогч Н.Түмэннастын нөхөр Б.Баярмагнайд холбогдох хэргийн эрэн сурвалжлах гүйцэтгэх ажилтай холбоотой баримт мэдээлэл нь Э.Д, Х.Д нарын үйлдлийг зөвтгөхгүй, тэдний үйлдлийн шинжийг үгүйсгэхгүй, хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.10-т “мөрдөн шалгах нууц ажиллагаа гэж” хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад прокурорын зөвшөөрлөөр нууцаар явуулах энэ хуульд заасан ажиллагааг” ойлгохоор заасан. Эрэн сурвалжлах ажиллагааг прокурорын зөвшөөрлөөр явуулдаггүй, мөрдөгч бие даан явуулдаг ажиллагаа бөгөөд прокурор Үндсэн хууль болон бусад хуулийг ноцтой зөрчиж хүний эрх, эрх чөлөөнд халдан мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулах зөвшөөрөл өгөх хууль зүйн үндэслэлгүй байна.

Түүнчлэн хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг зөрөөтэй гэж үзвэл шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцдаа мэдүүлгийг сонсох, асуух, нотлох баримт шинжлэн судалж, хэргийн үйл баримтад дүгнэлт хийн хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3 дахь хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн шалгаж тогтоосон буюу Э.Д, Х.Д нар нь албан үүргээ гүйцэтгэх явцдаа үйлдлээрээ бүлэглэн, санаатайгаар иргэн Н.Түмэннастын эрх чөлөөнд халдсан болох нь дээр дурдагдсан хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн.” гэв.  

Яллагдагч нарын өмгөөлөгч О.Анхбаяраас прокурорын эсэргүүцэлд бичсэн болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгчийн 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 567 дугаартай шийдвэр нь хууль ёсны, бодитой, үндэслэлтэй болж чадсан. Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж заасан байдаг. Өмгөөлөгч миний бие шүүхийн шатнаас эхлэн шүүгдэгч нарын өмгөөлөгчөөр ажиллаж эхэлсэн бөгөөд хавтас хэрэгтэй танилцахад дан яллах талын нотлох баримт хэрэгт цугларсан байсан. Үүнийг урьдчилсан хэлэлцүүлэг дээр илэрхийлэн тайлбар хийхэд шүүх хүсэлтийг үндэслэлтэй гэж үзсэн. Учир нь, шүүгдэгч нар өөрсдийн сайн дураар, дур зоргын үндсэн дээр, гэнэт төрсөн сэдлээр хохирогчтой харьцаагүй байдаг. Хохирогч Н.Түмэннастыг цагдаагийн байгууллагад хүргэсэн ажиллагаа бол мөрдөн шалгах нууц ажиллагааны үр дүнд хийгдсэн зүйл юм. Өөрөөр хэлбэл, хохирогч Н.Түмэннастын гар утсыг цагдаагийн байгууллагаас хянаж байсан бөгөөд энэ нууц ажиллагааны мэдээллийг үндэслэсэн байдаг. Энэхүү нөхцөл байдал нь яалт ч үгүй шүүгдэгч нарыг цагаатгах, хөнгөрүүлэх талын нотлох баримт болно. Гэтэл энэ нууц мөрдөн шалгах ажиллагааны баримтыг прокурор хавтас хэрэгт авч хавсаргаагүй.

Мөрдөгч болон прокурор нь яллах, цагаатгах, хүндрүүлэх, хөнгөрүүлэх нотлох баримтыг ялгалгүй нэгэн адил цуглуулах хуульд заасан үүрэгтэй. Гэтэл зөвхөн яллах талын баримтаа цуглуулаад хөнгөрүүлэх, цагаатгах баримтаа хэрэгт хавсаргаагүй. Ийм байхад өмгөөлөгч шүүхийн өмнө тэгш мэтгэлцээн өрнүүлж, тэндээс шүүх бодит үнэнг тогтоох боломжгүй билээ. Шүүх энэ нөхцөл байдлыг төвийг сахисан, хөндлөнгийн байр сууринаас үнэлээд баримтыг авч хэрэгт хавсаргуулахаар хэргийг буцаасан. Шүүгдэгчийн өмгөөлөгч миний хувьд хавтас хэрэгт авагдаагүй баримтыг үндэслэн мэтгэлцэх ямар ч боломжгүй юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.8 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Хавтаст хэрэгт тусгагдаагүй баримт сэлт, мэдээлэл, мөрдөн шалгах нууц ажиллагааны үр дүн, бусад баримт болон гүйцэтгэх ажилтай холбоотой ямар ч баримт мэдээллийг шүүхийн хэлэлцүүлэг, урьдчилсан хэлэлцүүлэг явуулах, хэрэг хянан шийдвэрлэх шүүхэд танилцуулахыг хориглоно” гэж заасан байдаг. Энэхүү заалтын зохицуулалт бол хэрэгт ач холбогдолтой мөрдөн шалгах нууц баримтыг заавал хавтаст хэрэгт хавсаргаж байж нотлох баримт болно, хэрэв хавсаргаагүй тохиолдолд дараа нь нууц баримт гараад ирвэл түүнийг шүүхэд үзүүлэхгүй гэсэн утгатай юм. Гэтэл прокурор эсэргүүцэлдээ Баярмагнай гэгчид холбогдох эрүүгийн хэрэгт байгаа нууц баримтыг шүүхэд өгч болохгүй мэтээр дээрх хуулийн заалтыг илт эсрэгээр нь буруу тайлбарлаж байна. Э.Д, Х.Д нарт холбогдох хэрэгт ач холбогдолтой гэж үзвэл өөр хүнд холбогдох, өөр эрүүгийн хавтас хэргээс нотлох баримтыг хуулбарлан авах ёстой, энэхүү ажиллагааг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэж байгаа нь шүүх хуулийг зөв тайлбарлаж буй хэрэг юм. Энэ бүгдээс дүгнэхэд шүүх нь прокурорын эсэргүүцэлд дурдсан шиг хэргийн бодит байдалд нийцээгүй шийдвэр гаргасан бус харин ч эсрэгээрээ яллагдагч нарыг цагаатгах, хөнгөрүүлэх баримт хэрэгт авагдаагүй байгаа нь өмгөөлөх тал шүүхийн өмнө тэгш мэтгэлцэх боломжгүй болж байгаа нөхцөл байдлыг анхаарч, хэргийн бодит байдалд нийцсэн шийдвэр гаргасан болно. Эрэн сурвалжлах ажиллагааг прокурорын зөвшөөрөлтэй явуулдаггүй. Цагдаагийн албан хаагч бие дааж явуулдаг гэж байна. Энэ нь зөв. Гэхдээ эрэн сурвалжлах ажиллагаа явуулах болсон гол үндэслэл, шалтгаан нь нууц мөрдөн шалгах ажиллагаа байсан. Нууц мөрдөн шалгах ажиллагаа буюу утсаар чагнаж байгаад гялс гэр рүү нь орж эрэн сурвалжлах ажиллагаа хийхгүй бол болохгүй юм байна гээд уг хоёр мөрдөгч гарч байгаа. Энэ нууц мөрдөн шалгах ажиллагааны үр дүнг авч хэрэгт хавсаргаагүй. Яллагдагч нарыг цагаатгах нотлох баримтууд хэрэгт авагдаагүй. Шүүх хуралдаанд тэгш мэтгэлцэх, бодит үнэнийг тогтоох боломжгүй болсон гэдгийг анхан шатны шүүх хүлээж авсан. Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Яллагдагч нарын өмгөөлөгч Р.Бадмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурор 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдөр 122 дугаартай яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Хэргийг шүүхэд шилжүүлэхээс өмнө дүүргийн прокурорт бидний зүгээс гомдол гаргаж байсан. Дүүргийн прокурор хариу өгөөгүй байж шүүхэд хэргийг шилжүүлсэн байдаг. Нэгэнт шүүхэд хэрэг шилжсэн учраас шүүх хэргийг хэлэлцсэн. Анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт бидний зүгээс гаргасан хүсэлтдээ “прокурор яллах дүгнэлтдээ Э.Д нь хохирогчийг гавалсан байхад түүнтэй хамт явсан Х.Д гавалсан гэсэн байдлаар бичсэн” байдаг. Энэ яллах дүгнэлтийн гол яллах нотлох баримт учраас шаардлага хангахгүй байна гэж үзсэн. Хохирогч мэдүүлэхдээ “намайг гавлаад машинд суулгасан” гэсэн байдаг. Э.Д мэдүүлэхдээ “...машинд суусны дараа амиа хорлоно гээд байхаар нь би гавалсан” гэсэн байдаг. Энэ талаарх мэдүүлгийн зөрүүг арилгахаар хохирогчоос тодруулж асуух ёстой байсан. Мөн Э.Д, Х.Д хоёрын мэдүүлэг зөрүүтэй байхад яг адилхан зүйлээр зүйлчилсэн. Шүүгдэгч нарын хэрэгт оролцсон оролцоо, нийгмийн хор аюул зэрэгт нь ялгамжтай хандаж, зүйлчлэх ёстой гэж үзсэн.” гэв. 

Яллагдагч Э.Д тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Баярмагнай гэх хүнийг эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулах талаар хяналт тавьж буй Сүхбаатар дүүргийн прокурорын газраас албан даалгавар ирүүлсэн. Үүний дагуу эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулж явуулсан. Зөвхөн Баярмагнай гэх хүнийг эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулснаас гадна тухайн этгээдийн үйлдсэн хулгайн хэргүүд дээр алдагдсан эд зүйлүүдийг давхар эрэн сурвалжлах ажиллагааг явуулсан. Учир нь, Баярмагнай гэх этгээд Хөвсгөл, Дорнод, Сүхбаатар аймгуудаар явж хулгайлах гэмт хэргүүдийг үйлдэж, маш их хохирол учруулсан байсан. Хулгайн эд зүйлүүд олддоггүй байсан. Түмэннаст нь Баярмагнайгийн үйлдсэн хулгайн хэрэгт нь мэдээлэл өгч оролцож байсан учраас бид шалгасан. Тэр талаарх баримтуудыг хавтас хэрэгт хавсаргаж, үнэн зөв байдлыг тогтоож өгнө үү гэсэн хүсэлтийг прокурорт гаргаж байсан боловч хүлээж аваагүй. Мөрдөн шалгах ажиллагаанд авагдсан мэдээ, мэдээллийг та бүхэн эрх хэмжээнийхээ хүрээнд хавтас хэрэгт хавсаргуулж өгнө үү. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Яллагдагч Х.Д “шүүх хуралдаанд гаргах тайлбар байхгүй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад хэргийг прокурорт буцаах шаардлагагүй гэж үзэв.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзэхэд, Э.Д, Х.Д нарт холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалган тогтоожээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан бөгөөд  прокурор хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд шүүх хуралдаанд гэрч, хохирогч, шинжээч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, шүүх хуралдаанд хэргийн бодит байдлыг тогтоох чиг үүргийг хэрэгжүүлэх боломжтой байна.

Түүнчлэн, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гэрч, хохирогч, шинжээч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, цагаатгах, ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хэрэгжүүлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчимд нийцнэ.

Шүүгчийн захирамжид заасан “...Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тогтоох нь хэрэгт ач холбогдолтойн дээр яллагдагч, тэдгээрийн өмгөөлөгч нарыг шүүх хуралдаанд энэ талаар мэтгэлцэх боломжоор хангах үүднээс гүйцэтгэх ажиллагааны материалыг хэрэгт хавсаргах боломжтой эсэх /яллагдагч нар нь хохирогчийн гэрт ямар зорилгоор очсон/ тогтоох нь зүйтэй гэж үзлээ.” гэж үзсэн нь үндэслэлгүй байх бөгөөд энэ хэрэгт хамааралгүй өөр хэргийн мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагааг нотлох баримтаар хавсаргуулах шаардлагагүй байна гэж үзэв.  

Иймд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд Х.Д, Э.Д нарт холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэх боломжтой байх тул прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.