Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 794

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Батзориг, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Гүнсэл,

яллагдагч Ц.Д, түүний өмгөөлөгч Ж.Баяржавхлан,

хохирогч Ж.Т, түүний өмгөөлөгч Д.Оюунбаатар,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 793 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Э.Гүнсэлийн бичсэн 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 31 дугаартай эсэргүүцлийг үндэслэн Ц.Дд холбогдох эрүүгийн 1910 02358 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ц.Д,

Ц.Д нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, элдэв хуурамч аргаар төөрөгдүүлэх замаар, 2019 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 08 дугаар сарын 10-ны өдрийн хооронд Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Догшин домогт” групп нэртэй 8 нэрийн хүнсний дэлгүүрт иргэн Ж.Тд “гааль дээр хураагдсан машин хямдхан авч өгье, танил ах гаалийн байцаагч” гэж хэлж, бэлнээр 2.000.000 төгрөг, өөрийн ХААН банкны 5721652509 дугаарын дансаар 5.200.000 төгрөгийг шилжүүлэн залилан авч, бусдад нийт 7.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Ц.Дгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг  шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Яллагдагч Ц.Дд холбогдох эрүүгийн 1910023580211 дугаартай хэрэгт яллагдагчийн хувийн байдалтай холбоотой гэрч О.Дэлгэрцэцэгийн “...Ц.Д 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр бөөр орлуулах эмчилгээ хийдэг аппаратанд ирсэн цагаас өнөөдрийг хүртэл эмчлүүлж байгаа. Ц.Д долоо хоногийн 1, 3, 5 дахь өдөр ирж бөөрний аппаратанд ордог...” /хх 25/ гэсэн мэдүүлэг, эмчлэгч эмчийн тодорхойлолт /хх 60/, урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд оролцсон яллагдагчийн өмгөөлөгч Ж.Баяржавхлангаас гаргаж ирүүлсэн түүний эрүүл мэндийн байдалтай холбоотой Төв аймгийн нэгдсэн эмнэлгийн албан бичиг, Төв аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр, байнгын асаргаа шаардлагатай иргэний тодорхойлолт бүхий 4 хуудас баримт зэргээс дүгнэхэд яллагдагч Ц.Д нь хөдөлмөрийн чадвар алдалт 80 хувиар тогтоогдсон байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Дараах сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч оролцох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй;

1.1 хөгжлийн бэрхшээл, сэтгэцийн эсхүл хүнд өвчний улмаас өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх эрхээ эдэлж чадахгүй...” гэж,

мөн хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх

ажиллагааны явцад шүүх, прокурор, мөрдөгч нь яллагдагч нь өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана.” гэж тус тус заажээ.

Төв аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр, Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн албан бичиг, байнгын асаргаа шаардлагатай иргэний тодорхойлолт зэргээр яллагдагч Ц.Д нь хөдөлмөрийн чадвар 80 хувиар алдагдсан байх бөгөөд Ц.Дд холбогдох хэрэгт 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг /хх 1/ нээж, 2019 оны 10 дугаар сарын 22, 28-ны өдрүүдэд гэрчээр мэдүүлэг /хх 17-18, 19-20/ авсан, 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж /хх 65-66/, 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдөр яллагдагчаар мэдүүлэг /хх 67-68/ авчээ.

Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.Дг өмгөөлөгч авах эрхийг эдлүүлээгүй, өмгөөлөгчийг огт оролцуулалгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан яллагдагчийн эрхийг хязгаарлаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг ноцтой зөрчсөн байна гэж дүгнэв. Иймд дээрх зөрчлийг арилгаж, мөрдөн шалгах ажиллагааг бүрэн хийсний эцэст хэргийг шүүхэд шилжүүлэх шаардлагатай гэж дүгнэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.  

Прокурор Б.Гүнсэл бичсэн эсэргүүцэлдээ: “... Шүүхийн шийдвэрт яллагдагчийн эрхийг хязгаарлаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна. Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “...хөгжлийн бэрхшээл, сэтгэцийн эсхүл хүнд өвчний улмаас өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх эрхээ эдэлж чадахгүй...” гэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд эсхүл гэх холбоо үгийг ашигласан байх ба хууль зүйн бичвэр болон агуулгын хувьд хоёрдмол салаа утгагүй, нэг мөр ойлгохоор илэрхийлэгдсэн байна.

Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 14 дэх заалтад “...өөрийгөө өмгөөлөх,  ...шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, ... эрхтэй...” гэж, тавин тавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх эрхтэй...” гэж,

Иргэний болон улс төрийн эрхийн тухай Олон улсын пактын Арван дөрөвдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “...хүн бүр өөрийг нь яллагдагчаар татсан аливаа эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхэд бүрэн тэгш эрхийн үндсэн дээр дараах наад захын баталгаагаар хангагдах эрхтэй.” гээд (d) заалтад “хэргийг нь шүүхээр хянан хэлэлцэхэд байлцах, өөрийгөө биечлэн өмгөөлөх...” гэж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх, прокурор, мөрдөгч нь яллагдагч нь өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана...” гэж тус тус заажээ.

Иргэн өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх эрх нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан иргэний үндсэн эрх юм. Дээрх үндсэн эрхийг хязгаарласан зөрчил мөрдөн шалгах ажиллагааны явцад гараагүй. Хүнд өвчтэй иргэнийг эрх зүйн ухамсар, мэдлэг чадваргүй гэж үзэх нь хэтэрхий өрөөсгөл буюу түүнийг эрх зүйн мэдлэггүй, улсын яллагчийн үндэслэлийг няцаах чадваргүй гэж үзэж болохгүй, мөн хүнд өвчтэй хүнийг иргэний эрх зүйн чадвар, чадамжгүй гэж үзэж болохгүй. Хүнд өвчний улмаас өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх эрхээ эдэлж чадахгүй гэж үзэж шууд өмгөөлөгч оролцуулах ажиллагаа нь дээр дурдсан иргэний үндсэн эрхийг зөрчиж байна.

Харин хүнд өвчний улмаас өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгохгүй, өөрийгөө зөв удирдаж чадахгүй болсон тохиолдолд хэргийн оролцогчдын Үндсэн хуулиар олгогдсон эрхийг хангах үндсэн хэрэгсэл нь өмгөөлөгч оролцуулах ажиллагаа юм. Мөрдөн шалгах ажиллагааны явцад прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг Ц.Дд танилцуулсан, мөн хуулийн 7 дугаар бүлэгт заасан эрхийг танилцуулсан, улмаар яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө өмгөөлөгчгүй оролцох талаар хүсэл зоригоо илэрхийлснийг өөрийгөө өмгөөлөх бүрэн чадвар, чадамжтай гэж хууль зүйн дүгнэлт хийж болохоор байна. Иймд Ц.Дгаас яллагдагчаар мэдүүлэг авахад заавал өмгөөлөгч оролцуулах шаардлагагүй. Харин яллагдагч Ц.Д шүүхийн шатанд буюу 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр өмгөөлөгч Ж.Баяржавхлантай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанд өмгөөлөгчийн хамт оролцож, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт хүсэлт тавиагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй ба шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд яллагдагч Ц.Дд холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн.” гэв.  

Хохирогчийн өмгөөлөгч Д.Оюунбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь, ямар нэгэн байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх журам ноцтой зөрчсөн асуудал байхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд өмгөөлөгч зайлшгүй оролцуулах үндэслэлүүдийг заасан. Шүүгдэгч Ц.Дд өвчний улмаас өөрийгөө өмгөөлөх болон өмгөөлүүлэх эрхээ эдэлж чадахгүй нөхцөл байдал тогтоогдсон байх ёстой. Гэтэл хэрэгт авагдсан баримтуудаар тийм нөхцөл байдал тогтоогдоогүй. Мөн шүүх үндэслэлгүйгээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэснээр хохирогчийн эрх зөрчигдөж байна. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн дагуу шүүгдэгчээс дахин өмгөөлөгчтэй мэдүүлэг авсан ч хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудалд нөлөөлөхгүй учир хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүх рүү буцааж өгнө үү.” гэв.

Хохирогч Ж.Т “шүүх хуралдаанд хэлэх зүйлгүй” гэв.

Яллагдагчийн өмгөөлөгч Ж.Баяржавхлан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байна гэж үзэж байна. Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хүнд өвчний улмаас өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх эрхээ эдэлж чадахгүй байгаа” гэж тодорхой зааж өгсөн. Мөн хавтас хэрэгт авагдсан баримтууд болон өмгөөлөгчийн урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр шүүхэд гаргаж өгсөн материалуудаас харахад Ц.Д нь 80 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай болох нь тогтоогдсон. Энэ нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсоор байтал мэдүүлэг авсан явдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж байгаа тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

Яллагдагч Ц.Д “шүүх хуралдаанд хэлэх зүйлгүй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар Ц.Дд холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Ц.Дд холбогдох хэргийг хянан хэлэлцээд прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагааг хийх шаардлагагүй байна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1.1-д “Хөгжлийн бэрхшээлтэй хүн” гэдэгт бие махбодь, оюун санаа, сэтгэл мэдрэл, мэдрэхүйн байнгын согог нь орчны бусад саадтай нийлсний улмаас бусдын адил нийгмийн амьдралд бүрэн дүүрэн, үр дүнтэй оролцох чадвар нь хязгаарлагдсан хүнийг,

Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсэгт “сэтгэцийн эмгэг” гэж өвчний олон улсын ангиллын “сэтгэц, зан үйлийн эмгэгүүд” бүлэгт оношилгооны хэмжүүрээр оношилж болох бүх өвчнийг,

мөн “хүнд өвчин” гэж эдгэрэхдээ удаан, аминд аюултай өвчинг тус тус хамааруулан ойлгохоор байна.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “Хөгжлийн бэрхшээл, сэтгэцийн, эсхүл хүнд өвчний улмаас өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх эрхээ эдэлж чадахгүй” гэж заасан ойлголтыг Ц.Дгийн хувийн байдалтай хамааруулан үзэхэд, тэрээр нийгэмд чөлөөтэй зорчиж, оюун санааны хувьд бусадтай чөлөөтэй харьцах чадвартай, өөрийн эрхээ хэрэгжүүлэх боломжтой, нийгмийн амьдралд бүрэн дүүрэн, үр дүнтэй оролцох чадвар нь хязгаарлагдаагүй байх тул өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх эрхээ эдэлж чадахгүй гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэв.  

Өөрөөр хэлбэл, Ц.Дгийн хувьд түүнийг хөгжлийн бэрхшээл, сэтгэцийн, эсхүл хүнд өвчний улмаас өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх эрхээ эдэлж чадахгүй байдалд байсан гэж үзэх нөхцөл байдал хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдохгүй байна.

Түүнчлэн 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдөр гэрчээр Ц.Дгийн: “...Би өмгөөлөгч сонгон аваагүй байгаа бөгөөд одоо мэдүүлгээ өмгөөлөгчгүй өгөхөд татгалзах зүйл байхгүй...” /хх 17-20/, 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдөр яллагдагч Ц.Дгийн “...Би өмгөөлөгч сонгон аваагүй байгаа бөгөөд одоо мэдүүлгээ өмгөөлөгчгүй өгөхөд татгалзах зүйл байхгүй. ...” /хх 67-68/ гэх мэдүүлэг, яллагдагч нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд өмгөөлөгч сонгон авч өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцсон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг зөрчсөн гэх үндэслэлд хамаарахгүй гэж үзнэ.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд Ц.Дд холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэх боломжтой байх тул прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Үүнээс гадна яллагдагч Ц.Дд холбогдох хэргийг хянан хэлцэлцсэн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлд “...хохирогч оролцоогүй байхад оролцсон тухай, мөн яллагдагчийн өмгөөлөгч Ж.Баяржавхлан гэсэн ирц байгаа боловч яллагдагчийн өмгөөлөгч Г.Нацагдорж...” гэж зөрүүтэй бичсэнийг цаашид анхаарвал зохино.