Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 181/ШШ2021/00493

 

 

 

 

 

 

 

 

 2021          03         05                                             181/ШШ2021/00493            

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг,  дугаар хороо,  дүгээр хороолол,    гудамж,   плазад байрлах, БК ХХК /УБД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг,  дугаар хороо,  үгээр хороолол,  гудамж,  байр,  тоотод оршин суух, Б.О /РД:ХН  /-д холбогдох,

5 543 333 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг  хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т , хариуцагч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Сандаг нар оролцов.

                                                                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч БК ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Манай байгууллага нь Сонгинохайрхан дүүргийн   хорооны нутаг дэвсгэрт байрлах Бб плазагын   давхарт байрлах   мкв Фитнесс, аэробик явуулах зориулалттай талбайг түрээслүүлэхээр хариуцагч Б.О  тохирч, 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 16/к/07 дугаартай “Түрээсийн гэрээ”-г нэг жилийн хугацаатай байгуулсан. Түрээсийн гэрээгээр нэг сарын төлбөр 4.500.000 төгрөг байхаар тохиролцсон ба түрээслэгч нь түрээсийн төлбөрөөс

1/ 2017 оны 06-р сард 2.250.000 төгрөгийг,

2/ 2017 оны 07-р сард 350.000 төгрөгийг,

3/ 2017 оны 08-р сард 910.000 төгрөгийг

4/ 2017 оны 09-р сард 2.033.333 төгрөгийг тус тус дутуу төлсөн.

Дээрх төлбөрүүд хуримтлагдсаар нийт 5.543.333 төгрөгийн өр төлбөр үүссэн.

Хариуцагч нь тухайн өр төлбөрийг хүлээн зөвшөөрсөн тухай түүний гараар бичсэн бичгэн нотлох баримт байдаг боловч өнөөдрийг хүртэл хууль зүйн үндэслэл шалтгаангүйгээр төлбөрийг төлөхгүй байсаар байна.

Гэрээний талууд түрээсийн гэрээний хэлбэрийн хувьд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт түрээсийн гэрээг бүртгүүлээгүй юм. Нэгэнт хуульд заасан гэрээ байгуулах хэлбэрийн шаардлага хангаагүй тул дээрх хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасныг зөрчсөн, хүчин төгөлдөр бус хэлцэл байна. ИХ-ийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар тус хуулийн 56.1-т заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцэлээр шилжүүлсэн бүх зүйлээ хариуцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх ззрэгтэй бөгөөд өгсөн авсан зүйлээ харилцан буцаалцдаг үр дагавартай. ИХ-ийн 492 дугаар зүйлийн 492.1-т “Бусдын өмнө хүлээсэн үүүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шижпүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй. ИХ-ийн 492.1.1-т хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж зааснаар манай байгууллага нь шилжүүлсэн хөрөнгөө буцаан авч 493 дугаар зүйлийн 493.1-т зааснаар хөрөнгө, түүнээс олсон орлого, үр шимийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

Иймд үл хөдлөх эд хөрөнгийг хүлээлцсэн 2017 оны 9 дүгээр сар хүртэл хариуцагч этгээдийн олсон ашгийг талуудын тохиролцсон нэг сарын төлбөр буюу 4 500 000 төгрөгөөр тооцож үзэхэд 2017 оны 6,7,8,9 сарын хугацаанд нийт 18 000 000 /арван найман сая/ төгрөгөөр болох ба нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 5.543.333 төгрөгийг шударга ёсны зарчим, ИХ-ийн 492, 493 дугаар зүйлд заасныг баримтлан хариуцагчаас гаргуулж манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Б.О шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Хариуцагч Б.О миний бие нэхэмжлэгч “БК ХХК-д фитнессийн багшаар 2014 оноос эхлэн \сарын 600,000 төгрөгийн үндсэн цалинтай, хоол унааны мөнгө 200,000 төгрөг \800,000 төгрөгийн цалинтайгаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн юм. Нэхэмжлэгчийн гүйцэтгэх захирал нь миний сайн найз бөгөөд “найз нь фитнесс ажиллуулах гэсэн юм яах вэ олдоггүй. Чи найздаа туслаад миний ажлыг жигдрүүлээд өгөөч” гэж намайг гуйгаад байхаар нь би “БК” ХХК-д ажилд орсон.

Ажиллаж байх явцдаа Ц.О тай ярилцаад “фитнессийг нь түрээслэхээр болсон” Бумбод плазагийн фитнессийн заалыг фитнессийн үйл ажиллагаа явуулах зорилгоор “Түрээсийн гэрээ”-г 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдөр байгуулан, 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн ажиллуулж эхэлсэн болно ...түрээсийн гэрээний дагуу 2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл үйл ажиллагаа явуулсан бөгөөд “заалаа хүлээж аваач” гэж олон удаа Ц. О т хэлсэн боловч “завгүй” гээд явсаар байгаад 2017 оны 9 дүгээр сарын 20-ний өдөр хүлээлцсэн болно. Хэдийгээр 2017 оны 9 дүгээр сарын 20-ний өдөр хүлээлцсэн ч би 2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл үйл ажиллагаа явуулсан болно. Эд хөрөнгөө хүлээлцэхгүй байсан нь надаас шалтгаалаагүй болно.

Түрээсийн гэрээний зүйлийг хүлээлцээд 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлээд миний бие “БК ХХК”-д фитнессийн багшаар үргэлжлүүлэн ажиллаж эхэлсэн болно. Түрээсийн гэрээний төлбөрийн үлдэгдэлтэй гэдгээ миний бие мэдэж байсан боловч ийм их гэж бодож байгаагүй бөгөөд Ц.О т цалингаасаа суутгуулаад байхаар тохирч сар бүр цалингаасаа суутгуулж байсан болно. 2018 оны 7 дугаар сард миний бие Монгол улсаа төлөөлөн Канад улсад зохиогдсон Пауэрлифтингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоод 8 сард ирээд ажилдаа орсон өдөр санхүүгээс дуудаад “төлбөр тооцооны асуудлаа цэгцэл” гэхээр нь би Ц.О тай орж уулзаад хэлсэн чинь “за яахав төлнө гээд бичээд өгчих, болох байлгүй дээ” гэхээр нь би энэ бичгийг бичээд өгчихсөн юм. Би Ц.О ыг намайг шүүхэд өгчихнө гэж санаагүй төлбөр мөнгөө цалингаасаа төлөөд бараг дуусчихсан гэж бодож байсан. ...Цалин мөнгөгүй бараг жил гаран ажилласан. Нэхэмжлэгч нь миний Үндсэн хууль болон хөдөлмөрийн хуульд заасан үндсэн эрхийг зөрчин “боолын хөдөлмөр эрхлүүлсэн ”-д маш их гомдолтой байна. Миний бие түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөрөө төлөөд дууссан тул нэхэмжлэгч "БК ХХК-д ямар нэгэн өргүй гэж бодож байна.

...БК ХХК-ийн ярьж байгаа тийм их мөнгө орж ирээгүй. Урьд саруудад би яг цаг тухайд нь 4,500,000 төгрөгийг төлж байсан. Зуны улиралд та бүхэн бүгд мэдэж байгаа байх бүх фитнессүүд бусад байгууллагууд зуны улиралд хүн цөөхөн, хүмүүс багатай байдаг. Тиймдээ ч ашиг орлого бага олдог. Зарим фитнессууд бүр хүнгүй ч байж байдаг. Би 6 сард яг олсон төлбөрөө дутуу ч гэсэн тушааж түрээсэлж байсан. 2017 оны 06 сард олсон орлогоосоо мөн дутуу тушаасан. Яагаад гэвэл орлого байхгүй байсан учраас бас би эхнэр 3 хүүхэдтэй. Эхнэр маань ажилгүй би ар гэрээ тэжээж байсан болохоор гэртээ тодорхой хэмжээгээр нь хоол хүнсний юмаа зохицуулж байсан. 7 сард бол ашиг орлогийн 350,000 төгрөгийг дутуу төлсөн. 08 сард мөн орлогийн 910,000 төгрөгийг дутуу төлсөн. Миний дутуу төлөөд яваад байсан нь ер нь бол үнэн.

Гэхдээ фитнессээс ашиг орлого олчихоод өөрөө орлогоо аваад идээд байсан зүйл байхгүй. Тэгээд би 08 сард БК ХХК дээр очиж найз дээрээ орж уулзаад би энэ фитнессийг цаашид түрээсэлж чадахгүй болж байх шиг байна. Зун болоод хүн бага ашиг орлого бага байна гэж хэлсэн. Тэгээд түрээсээ ядаж 2,500,000 төгрөг болгочих гэж хүсэлт тавьсан. Тэгэхэд миний энэ саналыг хүлээн зөвшөөрөөгүй 4,500,000 төгрөгөө л авна гэж хэлсэн... Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

  Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч БК ХХК нь хариуцагч Б.Од холбогдуулан 5 543 333 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч төлбөрийг бүрэн төлсөн үндэслэлээр эс зөвшөөрч, маргаж байна.

 

Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримт, зохигчийн тайлбар зэрэгт үндэслэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв. Үндэслэлийг тайлбарлавал нь:

Зохигч 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 16/к/07 дугаартай түрээсийн гэрээ нэртэй гэрээ хэлцэл хийсэн, тус хэлцлээр Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн   хорооны нутаг дэвсгэрт байрлалтай “Б д плаза” төвийн  давхарын, 524 м.кв талбай бүхий байрыг фитнесс аэробек зориулалтаар, байр, төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн хугацаанаас хойш 1 жилийн хугацаагаар эзэмшилж, ашиглуулж, нэг сарын 4 500 000 төгрөгөөр хөлс төлөхөөр тус тус тохиролцсон үйл баримтын талаар хэн аль нь маргаангүй байна./хх-ийн 9-11, 13-14-р тал/

 

Харин нэхэмжлэгч тал тухайн байрыг тоног төхөөрөмжийн хамт ашиглуулахаар хариуцагчийн эзэмшилд шилжүүлсэн 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс  хойш хүлээн авсан  2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэлх хугацааны төлөгдөөгүй түрээсийн хөлсийг, түүний эзэмшилд үүргийн дагуу шилжүүлсэн эд хөрөнгөөс олсон орлого, ашигтай дүйцүүлэн тооцон нэхэмжилж, хариуцагч мөн хугацаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурдсан 2017 оны 6, 7, 8 саруудын төлбөрийг  дутуу төлсөнөө зөвшөөрч байх боловч хожим хөдөлмөрийн гэрээгээр үргэлжлүүлэн ажиллах явцдаа цалин хөлснөөс суутган бүрэн төлсөн үндэслэлээр тус тус марган, мэтгэлцэж байна.

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, хариуцагчийн татгалзлыг нотлох хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар үнэлэн, тухайн иргэний эрх зүйн харилцааг зохицуулсан материаллаг хуулийг хэрэглэн хянан шийдвэрлэв.

 

Зохигчийн хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан “Түрээсийн гэрээ” нэртэй гэрээ байгуулагдсан байх боловч тус хэлцэл нь мөн хуулийн 318.3 дахь хэсэгт “...хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ...”, 318.4 дэх хэсэгт “энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна.”гэж тус тус зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8.хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн,... хэлцэл” хүчин төгөлдөр бус байна, 56.5 дахь хэсэгт “энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй.” гэж заасан үр дагаврыг үүсгэдэг.

Түүнчлэн Иргэний хуулийн 492.1 дэх хэсэгт 492.1.1.хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд ...үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй байдаг.

Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт “буцаан шаардах шаардлагад өөр этгээдэд шилжүүлсэн хөрөнгө, түүнээс олсон орлого, үр шим, түүнчлэн тухайн хөрөнгийг эвдсэн, устгасан, гэмтээсэн буюу хураалгасан бол нөхөн төлбөрт авах бүх зүйл хамаарна.” гэж зааснаар нэхэмжлэгч нь өөрийн хөрөнгийг хариуцагчийн эзэмшил, ашиглалтанд шилжүүлэх үүрэг нь хожим хүчин төгөлдөр бус болсны улмаас түүнээс олсон орлого, үр шимийг буцаан шаардах эрхтэй.

Хариуцагч Б.О нь ... төлбөрийн үлдэгдэлтэй гэдгээ миний бие мэдэж байсан боловч...цалингаасаа суутгуулаад байхаар тохирч сар бүр цалингаасаа суутгуулж байсан болно...гэж тайлбарлаж байх боловч төлөх ёстой гэж үзсэн төлбөрийг төлсөн эсэх, нэхэмжлэгч талаас шилжүүлсэн фитнесс аэробекын тоног төхөөрөмжийг ашиглаж, эзэмшиж байсан хугацаанд хэдий хэмжээний ашиг, үр шим хүртсэн, ашиг үр шим хүртсэн эсэх талаар баримт гаргаж өгөөгүй байдал нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч өөрсдийн шаардлага, татгалзлаа нотлох үүргийг хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт заасан “...

шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1дэх хэсэгт “зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй”, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт ”зохигч нэг талын гаргасан тайлбар, нотлох баримтын талаар эсрэг тал өөрийн тайлбараа холбогдох нотлох баримтын хамт гаргаж болно” гэж тус тус заасан үүргээ биелүүлээгүй байна.

Харин шүүх хариуцагч Б.Огийн нэхэмжлэгчээс шилжүүлэн авч эзэмшиж, ашиглаж байсан тоног төхөөрөмжийг 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүлээлгэж өгөхөөр тохиролцсон боловч нэхэмжлэгч тал хүлээн авахгүй байсны улмаас 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүлээлгэн өгсөн...үйл ажиллагааг тасалдуулахгүйн тулд үйл ажиллагаа явагдаж байсан...гэх тайлбарыг хүлээж авах үндэслэлтэй байна.

Учир нь хэрэгт авагдсан нотлох баримтаар 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд хариуцагч Б.О нь фитнесс аэробекын тоног төхөөрөмжүүдийг ашиглан 2 033 333 төгрөгийн ашиг олж, үр шим хүртсэн нь хангалттай нотлогдоогүй, түүнчлэн төхөөрөмжүүдийг 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хүлээлгэн өгсөн байна.

Шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас 2017 оны 6, 7, 8 саруудад тухайн хөрөнгөөс ашиг, орлого хүртсэн үндэслэлээр, хариуцагчийн төлөгдөөгүй дүн гэж маргаангүй байгаа мөнгөн дүнгийн буюу 3 510 000 төгрөгийн хэмжээгээр гаргуулах нь зүйтэй гэж үзэж, харин 2017 оны 09 дүгээр сард бүтэн ашиг, орлого олсон гэх үйл баримт нь хангалттай нотлогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 2 033 333 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хариуцагч Б.О нь шүүхэд татгалзлаа нотлох баримтаар   О ийн Голомт банк ХХК-ийн дансны хуулгыг 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар, тус байгууллагатай байгуулсан 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01 дугаар хөдөлмөрийн гэрээний хуулбарыг гарган өгч, нэхэмжлэгч байгууллагаас цалин хөлс авч байсан байдлыг нотлоно гэж тайлбарлаж байх боловч, тухайн баримтууд нь тухайн нэхэмжлэлийн шаардлагыг ямар байдлаар няцааж, өөрийн татгалзлыг хэрхэн нотлож байгаа нь ойлгомжгүй байна.

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь, мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт зааснаар ...бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө” гэж заасан шаардлагыг хангасан баримтыг үнэлэх зохицуулалттай.

Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Б.Огоос 3 510 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч БК ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 033 333 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 103 660 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Огоос нэхэмжлэлийн хангагдсан шаардлагын хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжид 71 110 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон  

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Б.Огоос 3 510 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч БК ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 033 333 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 103 660 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Огоос 71 110 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоног өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдэж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид мөн хугацаанд шийдвэрийн хувийг гардуулах буюу хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Н. ГАНТУЯА