Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2021/00736

 

 

 

 

 

2021 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2021/00736

 

 

 

БК ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Г.Даваадорж, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2021/00493 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч БК ХХК-ийн хариуцагч Б.О-д холбогдуулан 5 543 333 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг, хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т, хариуцагч Б.О-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай байгууллага нь Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Б- плазагийн 2 давхарт байрлах 524 м.кв Фитнесс, аэробик явуулах зориулалттай талбайг түрээслүүлэхээр хариуцагч Б.О-той тохирч, 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 16/к/07 дугаартай түрээсийн гэрээг нэг жилийн хугацаатай байгуулсан. Уг гэрээгээр сарын түрээсийн төлбөрийг 4 500 000 төгрөгөөр тохиролцсон ба түрээслэгч нь нийт 5 543 333 төгрөгийн өр төлбөр үүсгэсэн. Хариуцагч нь тухайн өр төлбөрийг хүлээн зөвшөөрч, түүний гараар бичсэн нотлох баримт байдаг боловч өнөөдрийг хүртэл шалтгаангүйгээр төлбөрийг төлөхгүй байна. Түрээсийн гэрээний хэлбэрийн хувьд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт гэрээг бүртгүүлээгүй, хуульд заасан гэрээ байгуулах хэлбэрийн шаардлага хангаагүй тул дээрх хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасныг зөрчсөн, хүчин төгөлдөр бус хэлцэл болох учраас Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж зааснаар манай байгууллага нь шилжүүлсэн хөрөнгөө буцаан авч, мөн хуулийн 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт зааснаар хөрөнгө, түүнээс олсон орлого, үр шимийг хариуцагчаас шаардаж байна. Иймд үл хөдлөх эд хөрөнгийг хүлээлцсэн 2017 оны 9 дүгээр сар хүртэл хариуцагч этгээдийн олсон ашгийг талуудын тохиролцсон нэг сарын төлбөр буюу 4 500 000 төгрөгөөр тооцож үзэхэд 2017 оны 6,7,8,9 сарын хугацаанд нийт 18 000 000 төгрөг болох үүнээс төлөгдсөн төлбөрийг хасч 5 543 333 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч Б.О- миний бие нэхэмжлэгч БК ХХК-д фитнессийн багшаар 2014 оноос эхлэн сарын 600 000 төгрөгийн үндсэн цалинтай, хоол унааны мөнгө 200 000 төгрөг, нийт 800 000 төгрөгийн цалинтайгаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн. Нэхэмжлэгч компанийн гүйцэтгэх захирал нь миний найз бөгөөд түүний найз нь фитнесс ажиллуулах гэж байгаа, найздаа туслаад миний ажлыг жигдрүүлээд өгөөч гээд би БК ХХК-д ажилд орсон. Ажиллаж байх явцдаа Ц.О-тай ярилцаад фитнессийг нь түрээслэхээр болсон Б- плазагийн фитнессийн заалыг фитнессийн үйл ажиллагаа явуулахаар түрээсэлж, гэрээг 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдөр байгуулан, 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ажиллуулж эхэлсэн. Түрээсийн гэрээний дагуу 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл үйл ажиллагаа явуулсан бөгөөд заалаа хүлээж аваач гэж олон удаа Ц.О-т хэлсэн боловч завгүй гээд явсаар байгаад 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүлээлцсэн болно. Хэдийгээр 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүлээлцсэн ч би 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл үйл ажиллагаа явуулсан. Эд хөрөнгөө хүлээлцэхгүй байсан нь надаас шалтгаалаагүй болно. Түрээсийн гэрээний зүйлийг хүлээлцээд 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлээд миний бие БК ХХК-д фитнессийн багшаар үргэлжлүүлэн ажилласан. Түрээсийн гэрээний төлбөрийн үлдэгдэлтэй гэдгээ миний бие мэдэж байсан бөгөөд Ц.О-т цалингаасаа суутгуулаад байхаар тохирч сар бүр цалингаасаа суутгуулж байсан. 2018 оны 7 дугаар сард миний бие Монгол улсаа төлөөлөн Канад улсад зохиогдсон Пауэрлифтингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоод 8 сард ирээд ажилдаа орсон өдөр санхүүгээс дуудаад төлбөр тооцооны асуудлаа цэгцэл гэхээр нь би Ц.О-тай орж уулзахад төлнө гээд бичээд өгчих гэж хэлсэн. Би цалингүй бараг жил гаруй хугацаанд ажилласан. Миний бие түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөрөө төлөөд дууссан тул нэхэмжлэгч БК ХХК-д ямар нэгэн өр төлбөргүй болно. Урьд саруудад би яг цаг тухайд нь 4 500 000 төгрөгийг төлж байсан. Бүх фитнессүүд бусад байгууллагууд зуны улиралд хүмүүс багатай учраас ашиг орлого бага олдог. Би зуны саруудад олсон төлбөрөө дутуу ч гэсэн тушааж байсан. 2017 оны 6 дугаар сард олсон орлогоосоо мөн дутуу тушаасан. 7 сард бол ашиг орлогын 350 000 төгрөгийг дутуу төлсөн. 8 сард мөн орлогын 910 000 төгрөгийг дутуу төлсөн. 8 дугаар сард БК ХХК дээр очиж уулзаад би энэ фитнессийг цаашид түрээсэлж чадахгүй болж байна. Зун болоод хүн бага ашиг орлого бага байна, түрээсээ 2 500 000 төгрөг болгох талаар хүсэлт тавихад зөвшөөрөөгүй. Эдгээр үлдэгдлийг цалингаас суутгаж төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Б.О-гоос 3 510 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч БК ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 033 333 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 103 660 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.О-гоос 71 110 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Б.О- давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэрийн эс зөвшөөрч дараах давж заалдах гомдол гаргаж байна. Миний бие анх БК ХХК-тай сарын 600 000 төгрөгийн үндсэн цалин, хоол унааны нэмэгдэлтэй нийт 800 000 төгрөгийн цалинтайгаар ажиллахаар хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулан ажилд орсон. Хэрэгт хөдөлмөрийн гэрээг, нэхэмжлэгчээс авч байсан цалингийн хуулгын хамтаар гаргаж өгсөн. Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусахаас өмнө БК ХХК-ийн фитнессийн заалыг миний бие түрээслэхээр гэрээ байгуулж ажиллуулсан. Тухайн үед орлого муутай байсан учир хэлэлцэн тохиролцсон хугацаа дуусмагц фитнессээ ажиллуулахаа болиод заалаа хүлээж ав гэж хэлэхэд заалыг хүлээн авахгүй 2017 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хүлээлцсэн акт үйлдсэн. Би 2017 оны 9 дүгээр сараас фитнессийн заалаа хүлээлгэн өгөөд үргэлжлүүлэн багшаар ажилласан. Түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөрийг цалингаас суутгахаар тохиролцож, сар бүр цалингаасаа суутгуулж нийт 4 018 069 төгрөгийг төлсөн. Хэрэгт авагдсан Голомт банкны цалингийн хуулганаас харахад цалингаасаа суутгал хийлгэж байсан нь нотлогдсон. Гэтэл шүүх нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв үнэлэх үүргээ биелүүлээгүйгээс шүүхийн шийдвэр хуульд нийцсэн, үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч БК ХХК нь хариуцагч Б.О-д холбогдуулан түрээсийн төлбөрийн төлөгдөөгүй үлдэгдэл 5 543 333 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч ...төлбөрийн үлдэгдэлтэй байсан бөгөөд цалингаас суутгуулж, бүрэн төлж дууссан гэж маргажээ.

 

Талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн түрээсийн гэрээгээр Б- төвийн 2 давхрын 524 м.кв талбайг Б.О- нь Фитнесс, аэробик-ийн зориулалтаар сарын 4 500 000 төгрөгөөр, 12 сарын хугацаатайгаар түрээсэлсэн байна.

 

Хэрэгт 2017 оны 6, 7, 8, 9 дүгээр сарын түрээсийн төлбөрийн үлдэгдлийг харуулсан Түрээсийн гэрээ цуцлах акт гэх баримт авагдсан ба уг баримтад заасан төлбөрийн үлдэгдлийг цалингаас суутган төлж дуусгасан гэж хариуцагч тайлбарлажээ.

 

Гэрээ цуцалснаас хойш ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн харилцааг үргэлжлүүлж, 800 000 төгрөгийн цалинтай ажилласан, уг цалингаас суутгуулж төлбөрийг барагдуулсан гэж цалингийн дансны хуулгыг шүүхэд баримтаар гаргажээ. /хх-51-66, 69-72/

 

Нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээний нөхцлийг өөрчлөлгүйгээр үргэлжлүүлсэн гэж тайлбарлан, цалингаас зээлийн 2 000 000 төгрөг, түрээсийн төлбөрт 508 678 төгрөгийг суутгасан, өөр суутгал хийгээгүй, цалинг ажилласан цагт нь бодож олгосон гэж тайлбарлав. /хх-78/

 

Хэрэгт Б.О-гийн ажлын цагийн бүртгэл, цалин бодогдсон санхүүгийн баримт болон 2017 оны 9 дүгээр сараас 2018 оны 6 дугаар сар хүртэлх хугацаанд сар тутамд хэдэн төгрөгийн цалин хөлс бодогдсоноос хэдэн төгрөгийг ямар төлбөрт суутгасан, ажилтны зээл, өр төлбөр нь байгууллагын санхүүгийн тайланд тусгагдсан эсэх талаар баримт авагдаагүй байна.

 

Мөн шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч БК ХХК нь ...Б.О-гийн зээлсэн 2 000 000 төгрөгийг цалингаас суутгасан гэж тайлбарласныг хариуцагч ...компаниас ямар нэгэн мөнгө зээлж авч байсан удаа байхгүй гэж татгалзсан, нэхэмжлэгчээс гаргасан 2 000 000 төгрөгийг Б.О- зээлсэн гэх баримтын гарын үсэг эргэлзээтэй, уг баримтад хариуцагч гарын үсэг зураагүй, мөнгө зээлээгүй гэж маргажээ.

 

Талуудын маргаж буй түрээсийн төлбөрийг цалингаас суутган төлсөн гэх маргааны үйл баримт тогтоогдоогүй байх бөгөөд шүүх цалингаас суутган төлсөн гэх хариуцагчийн тайлбарыг анхааралгүй, түрээсийн төлбөр дутуу төлөгдсөнийг хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэн 3 510 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй байна.

 

Дээрхээс үзвэл талууд төлбөр төлөгдсөн, цалингаас суутгал хийгдсэн асуудлаар харилцан зөрүүтэй тайлбар гаргаж байгааг тодруулах, талуудын тайлбарт дурдагдсан нотлох баримтыг бүрдүүлэх шаардлагатай, хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2021/00493 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71 110 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

А.ОТГОНЦЭЦЭГ