| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 184/2020/04591/И |
| Дугаар | 184/ШШ2021/00945 |
| Огноо | 2021-04-07 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 184/ШШ2021/00945
| 2021 04 07 | 184/ШШ2021/00945 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ж.Г-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: 176 Ц холбогдох
ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.З, хариуцагчийн төлөөлөгч М.Б, хариуцагчийн өмгөөлөгч Ч.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Золжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: ... Би 2011 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн тушаалаар Сонгинохайрхан дүүргийн 176-р Цт няравын ажилд орсон. Тус байгууллагад 2020 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийг хүртэл 9 жил гаруй хугацаанд ажиллаж байна. Ажиллаж байх хугацаанд ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй, үр бүтээлтэй тогтвортой ажиллаж ирсэн ... хүүхэд асрах чөлөөтэй байж байгаад 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр ажилдаа орсон. Ажилдаа ороод ажиллаж байгаад дарамт шахалтын улмаас үндэслэлгүйгээр ажлаас халагдсан. Би ажилд орсон цагаасаа эхэлж дарамтлуулсан. Нягтлан бодогч няравын ажил хийлгэхгүй өөрөө бараа материалаа татах зэргээр хувийн Ц шиг ажилладаг ... дарамтлаад өргөдөл бичүүлэхэд нь намайг дарамтлаад арайчдээ гэж хэлж байсан, 10 дугаар сарын 22-ны өдрийн ажилчдын хурал дээр надад дарамт шахалт үзүүлж бичүүлсэн өргөдлийг маань уншиж танилцуулчхаад хамт олноор хэлэлцсэн гэж яриад байна, намайг дотоод хяналтаар шалгалтаар шалгасан гээд байгаа тийм процесс явагдаагүй. ... 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Цт хүүхдийн хоолны мах ирсэн ба 10 дугаар сарын 14-ний өдөр слесарь Ж.Г, 2 тогоочтой хамт махыг эвдээд гал тогооны хөргөгчинд хийсэн, хөргөгч дүүрсэн учир үлдэгдэл махыг гадаа агуулах руу зөөж оруулсан. Г шуудайтай махыг өргөж оруулсан, би араас нь үлдсэн зүйлийг нь авч тавьсан. Байгууллагын эд зүйлийг зөвшөөрөлгүй авч гарсан зүйл байхгүй, шуудайтай зүйлийг хашаан дотор байдаг агуулахад л оруулсан. Дарга тухайн өдөр сонгуулийн ажилтай эзгүй байсан. Үүнийг Ө хараад зургийг нь аваад, дарга руу зурвас бичсэн байсан. Тэгээд тэр өдрийн үдээс хойш нь Г болон надтай дарга уулзсан. Би нөхцөл байдлын талаар тайлбарласан бөгөөд дарга амаар санууллаа шүү гэсэн. 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр дарга цалин бодоод, цалингийн асуудал дээрээс маргаан үүссэн. Өөрсдөө дотоод хяналт шалгалт явуулаагүй байж, намайг худал бичиг баримт бүрдүүлж, дотоод хяналт шалгалт хийсэн гэж гүтгэж, дарамталсан. Тэгээд цалингаа бүтэн авъя, ур чадвар бодож өгөөч, та надад амаар сануулга өгчихөөд ямар ч тушаал шийдвэр гаргаагүй байж намайг хохироож болохгүй гэж хэлсэн чинь намайг ажил заалаа гэж дургүйцэж, чи ажлаас халагдах өргөдлөө бичиж өг гэж намайг дарамталсан. Дарамт шахалт үзүүлж, ажлаас халагдах өргөдөл бичүүлж авсан. Хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй үндэслэлээр ажлаас халсанд гомдолтой байна. Байгууллагын зүгээс 2020 оны 11 сарын 4-ний өдөр ажлаас халсан. 11 дүгээр сарын 9-ний өдөр 15 цаг 30 минутад тооллого хийгээд дуусгасан. Гэтэл намайг 11 дүгээр сарын 04-ний өдөр тушаал гаргаж, 3 хоногийн цалин дутуу бодож хохироосон. Би ажилд орсон цагаасаа энэ хүний дарамт шахалтад орж, цалин мөнгөөрөө хохирч ирсэн. Би үнэнч шударгаар хэлэх үгээ хэлдэг байсан ... иймд намайг ажилд эгүүлэн тогтоож өгнө үү. Би 538,350 төгрөгийн цалинтай байсан, ажилгүй байсан хугацааны цалин 3,934,284 төгрөгийг нэхэмжилж байна ... гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч М.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 10-11 цагийн хооронд нярав Ж.Г нь ажил үүргээ хийх явцдаа өөрийн төрсөн дүү Цийн слесарь Ж.Гтай нийлж хүнсний агуулахаас хүүхдийн хоолны зүйлийг Цийн захиргаанд мэдэгдэхгүй нууж гарган уурын зуухны өрөөнд хийж байхыг Цийн арга зүйч И.Ө нь хараад надад утсаар мэдэгдсэн. Би шалгалтын комисс байгуулаад болсон үйл явдлыг баталгаажуул гэсэн. Үүний дагуу 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр шалгалтын комисс гарч тэмдэглэл үйлдсэн ... нярав Ж.Г, слесарь Ж.Г нар Цийн хүнсний агуулахаас шуудайд хийсэн хүнс авч гарч байгаа нь камерт бичигдсэн байсан. Тухайн үед нярав Ж.Г нь тогооч нарт мах дууссан байхгүй гээд гаргаж өгөөгүй боловч агуулахаас мах гаргасан байдаг. Ж.Ггаас Ж.Г юу өргөж явааг асуухад “хог” гэсэн боловч цаг алдалгүй дотоод хяналт шалгалтыг эмч Б.Батзаяа, цагаан хэрэглэл угаагч Д.Сарантуяа нарыг байлцуулан уурын зууханд шалгалт хийж, гэрийн цагаан бүрээсэнд боож тавьсан зүйлийг слесарь Ж.Гаар өөрөөр нь гаргуулж ирэхэд хог биш ногооны шуудай дотор хөх гялгар торонд хөлдөөсөн үхрийн мах 11 кг, хүүхдийн будаа, 2 кг бор сахар, байцаа, шар будаа зэрэг хүүхдийн хоолны зүйл байсныг тооцоолоход нийт 116,000 төгрөгийн хүнсний зүйл хийж нуусан байсан нь илэрсэн. Ингээд нярав Ж.Г, Ж.Г нарыг байлцуулан нүдэн дээр нь гаргасан. Нярав Ж.Г, Ж.Г нарт дотоод журам, хөдөлмөрийн гэрээний дагуу арга хэмжээ авах болсон талаар хэлж танилцуулсан. 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 18 цагт байгууллагын хурал зарлан хуралдуулсан. Ж.Г нь хурал болохоос 3 цагийн өмнө “миний буруу, би алдаа гаргаж агуулахаас хүүхдийн хоолны хүнс хэлэлгүй хулгайлж авч гаргасан нь үнэн, дүү Ж.Гаар шуудайтай хүнс өргүүлж гаргасан, зохих хариуцлагаа хүлээж сайн дураараа ажлаас халагдах хүсэлтэй” гэж өөрөө хэлж өргөдөл бичиж өгсөн. Харин өргөдөлдөө эрхлэгч дарамталсан гэсэн худал ташаа зүйл бичсэн байсан. Хурлаар Ж.Гг ажил үүргээ биелүүлэх явцдаа хүүхдийн хоолны хүнс хулгайлж авч гарснаа хүлээн зөвшөөрч, өөрөө халагдах өргөдлөө өгснийг үндэслэн ажлаас халж, дүү Ж.Гийг үлдээх дээр хамт олны санал авч, сахилгын шийтгэл оногдуулж арга хэмжээ авсан. ... Үйлдвэрчний эвлэлийн дарга 2 хүн халаад яахав, Г өөрөө өргөдлөө өгсөн учраас дүүг нь ажилд нь үлдээх талаар саналаа хэлсэн байдаг. ... Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх тушаал гаргахдаа түүний өөрийнх нь бичиж өгсөн ажлаас чөлөөлөгдөх тухай бичгийн хүсэлтийг үндэслэсэн. ... Түүний үйлдэл гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаагүй учраас хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан. ... нэхэмжлэгч өөрөө өргөдлөө бичээд үр дагавар үүсгэсэн, цаашдаа холбогдох хуулийн дагуу ажилгүйдлийн тэтгэмжээ авахаар материалаа бүрдүүлээд өгсөн байна ... Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Г нь хариуцагч Сонгинохайрхан дүүргийн 176 дугаар Цт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах шаардлага гаргасан.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн өөрийнх нь хүсэлтийн дагуу хөдөлмөрийн гэрээг цуцалсан, ажил олгогчийн тушаал хууль зөрчөөгүй гэж маргажээ.
Нэхэмжлэгч Ж.Г Сонгинохайрхан дүүргийн 176 дугаар Цт 2011 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр няравын ажилд орж, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан байх ба талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн байна.
Сонгинохайрхан дүүргийн 176 Цийн эрхлэгчийн 2020 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн Б/25 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, 131 дүгээр зүйлийн 131.1.3, 59.1, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, 11.1.2, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.1, байгууллагын дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.2, 12.6, Хөдөлмөрийн гэрээний 5.7.3-т заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.
Нэхэмжлэгч ажлаас буруу халсан тухай гомдлоо Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацаанд шүүхэд гаргасан нь хуульд нийцсэн байна.
Хөдөлмөрийн тухай хуульд ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажилтаны, эсхүл ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар заасан бөгөөд мөн хуулийн 39 дүгээр зүйлд хөдөлмөрийн гэрээг ажилтны санаачилгаар, 40 дүгээр зүйлд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэл, журмыг тусгасан.
Хариуцагч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалдаа дээрх хоёр үндэслэлийг нэгэн зэрэг баримтласан буюу ажилтаныг өөрийнх нь хүсэлтийг үндэслэсэн, мөн түүнийг хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил болон ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан гэж үзжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д зааснаар хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол ажилтан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай өргөдлөө ажил олгогчид өгсөн өдрөөс хойш 30 хоног өнгөрмөгц ажлын байраа орхих эрхтэй. Энэ нь ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй тухай хүний үндсэн эрх, эрх чөлөөнд үндэслэгдсэн хөдөлмөрийн харилцааг нэг талын санаачилгаар цуцлах нөхцөл болдог. Тодруулбал ажилтан энэ эрхээ ажил олгогчийн шахалт шаардлага, зүй бус нөлөөлөл, хөндлөнгийн оролцоогүйгээр, зөвхөн өөрийн хүсэл зоригийн дагуу, сайн дурын үндсэн дээр хэрэгжүүлэх ёстой.
Хариуцагчийн төлөөлөгч нэхэмжлэгчийг өөрийнх нь хүсэлтийг үндэслэж ажлаас чөлөөлсөн гэх боловч нэхэмжлэгч Ж.Г ажлаас чөлөөлөгдөх тухай өргөдөлдөө “ ... дарамт шахалтын дагуу ажлаас чөлөөлөгдөх хүсэлтэй ... “ гэж дурдсанаас гадна тэрээр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “ ... ажлаас халагдах өргөдлөө бичиж өг гэж намайг дарамталсан, дарамт шахалт үзүүлж, ажлаас халагдах өргөдөл бичүүлж авсан ... “ гэжээ.
Мөн хариуцагч байгууллагын 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн багш, ажилчдын хурлын тэмдэглэл, гэрч П.Цэцэгмаагийн “ ... хурал дээр Гг дүүтэйгээ хамтарч байгууллагын эд зүйл гаргасан асуудал танилцуулагдсан ... нэгийг нь ч гэсэн ажилдаа үлдэг гэсэн үүднээс нууц санал асуулга дээр Гийг ажилд нь авч үлдээе гэж санал өгсөн ... “, гэрч Д.Сарантуяагийн “ ... багш, ажилчдын хурлаар 2020.10.14-ний өдрийн хүнсний зүйл авсан асуудлыг хэлэлцсэн. Тэгээд Г тэр асуудалтай холбоотойгоор өөрийн хүсэлтээр ажлаас гарах өргөдлөө өгсөн тухай асуудал яригдсан ... “ гэсэн мэдүүлэг зэргээр нэхэмжлэгчид өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах, ажлаас чөлөөлөгдөх хүсэл сонирхол байгаагүй, тэрээр ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өөрийн хүсэлтээр бус ажил олгогчийн зүй бус нөлөөллийн улмаас бичсэн байна.
Тиймээс нэхэмжлэгчийн өөрийнх нь санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй, бодит байдалд нийцээгүй байна.
Нөгөө талаар ажил олгогчийн санаачилгаар ажилтныг ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтны гаргасан зөрчил буюу ажлаас халагдсан үндэслэлтэй тохирсон байхыг шаарддаг.
Хариуцагч тал нэхэмжлэгч Ж.Гг ажил үүргээ гүйцэтгэх явцдаа хөдөлмөрийн харилцааг зогсоохоор ноцтой зөрчил, ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл гаргасан буюу 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр слесарь Ж.Гтай нийлж агуулахаас хүүхдийн хоолны хүнс барааг захиргаанд мэдэгдэлгүй нууж гаргасан гэжээ.
Хариуцагч байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 11.2-т “Дараах сахилгын зөрчлийг гаргасан тохиолдолд хөдөлмөрийн сахилгыг ноцтой зөрчсөн гэж үзэж Цийн захиргааны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлана. Үүнд: ... 11.2-т “Байгууллагын хамт олны дунд ёс суртахууны доголдол ёс зүйн алдаа гаргах, ховын шинжтэй яриа /худал хэлэх, гүтгэх, цуурхал тараах, хэрэлдэх, хулгай хийх, архидан согтуурах/ зэрэг хүүхэд хүмүүжүүлэх, төлөвшүүлэх сургалтын үйл ажиллагааг зөрчсөн алдаа гаргавал”, мөн дүрмийн 12.6-д “хориглох зүйл: ... Зөвшөөрөлгүй эд аж ахуйн зүйс гадагш зөөхийг”, Хөдөлмөрийн гэрээний 5.7.3-т “Цийн захиргааны зөвшөөрөлгүй эд хөрөнгө авч гарсан тохиолдолд шууд цуцлана” гэж тус тус зааснаас үзэхэд байгууллагын эд зүйлийг захиргааны зөвшөөрөлгүй гадагш гаргах, хулгай хийх нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчилд тооцогдохоор байна.
Гэхдээ нэхэмжлэгч Ж.Г 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр байгууллагын эд зүйл, хүнсний барааг зөвшөөрөлгүй авч гарсан эсэх, энэ үйлдэлд нэхэмжлэгч буруутай эсэх, цаашлаад нэхэмжлэгчийн буруутай үйлдлийн улмаас ямар ямар эд хөрөнгө дутсан, байгуулагад ямар хэмжээний хохирол учирсан зэрэг өөрийн тайлбар, татгалзлын үндэслэлтэй холбоотой үйл баримтыг хариуцагч баримтаар нотолж чадаагүй.
Тухайлбал хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн №757 дугаар тогтоолд “ ... слесарь Ж.Г, нярав Ж.Г нар нь бүлэглэн ... эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдэгдсэн болох нь тогтоогдохгүй буюу гэмт хэргийн шинжгүй байна ... “, мөн хариуцагч байгууллагын дотоод хяналт шалтгалтын комиссын өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн ажлын тэмдэглэлд “ ... 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр ангиас гарч явахад сантехникч Ж.Г ногоон ууттай нилээн хүнд юм тэвэрсэн Цийн үүдэнд таарсан ... Ж.Гийг гал тогоонд орж ирсний дараа ц/х угаагч Д.С дагуулан уурын зуух руу орж Гийн оруулсан эд зүйлийг хайж олсон ... “ гэж тус тус тэмдэглэгдсэн байдал, гэрч И.Өгийн “ ... Ггийн төрсөн дүү Г шуудайтай зүйл барьж явахад нь зөрсөн ... би юу аваад явж байгаа юм бол гэж бодоод харахад уурын зуух руу аваад орж байсан ... Ггаас асуухад би хог гаргуулсан гэсэн ... “, гэрч Б.Б “ ... Г шуудайтай зүйл өргөөд аваад явчихлаа бид хоёрыг очиж хараад өгөөч гэхээр нь харахад гэрийн цагаан цавгаар гадна талаар боочихсон шуудайтай зүйл байсан ... “, гэрч Д.С “ ... тухай өдөр ёс зүйн хорооны дарга Ө дуудаад уурын зуух руу слесарь Г ногоон шуудайтай зүйл оруулчихлаа очиж үзье гэсний дагуу очиж үзсэн ... “, гэрч П.Ц “ ... Г дүүтэйгээ байгууллагын эд зүйл гаргасан асуудал танилцуулагдсан ... “, гэрч Ж.Гийн “ ... тухайн өдөр склад дүүрэн байсан учир би тэр шуудайтай зүйлийг урд талын уурын зуухны усны өрөөний доод склад тавихаар өргөж аваачиж хийсэн ... “ гэх мэдүүлэг болон шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл, байгууллагын ажилчдын хурлын тэмдэглэл зэргээс үзэхэд нэхэмжлэгч ноцтой үйлдэл гаргасан нь эрх бүхий байгууллагын шалгалтаар тогтоогдоогүйгээс гадна байгууллагаас зөвшөөрөлгүй гаргасан гэх шуудайтай хүнсний зүйлийг нэхэмжлэгчээс өөр этгээд өргөж гарсан байх ба энэ үйлдэлд нэхэмжлэгч холбоотой болохыг хариуцагч баримтаар нотолж чадаагүй.
Дээрх баримтуудаас өөрөөр, тушаалын үндэслэлийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй бөгөөд нэхэмжлэгчийг ажил олгогчийн итгэлийг алдаж, хариуцсан мөнгө, эд хөрөнгийг дутаасан талаар шалгаж тогтоосон эрх бүхий байгууллагын дүгнэлт гараагүй байна.
Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн 176 дугаар Цийн эрхлэгчийн 2016 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн №А/03 дугаар “Арга хэмжээ авах тухай” тушаалаар Ж.Гд сахилгын шийтгэл ногдуулж байсан боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 131.4-т зааснаар нэг жилийн хугацаа өнгөрсөн тул сахилгын шийтгэлгүйд тооцох ба нэхэмжлэгчийг хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзэх үндэслэлгүй.
Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Ж.Гг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж үзэв.
Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, лавлагаа, цалингийн баланс, хөдөлмөрийн гэрээ зэргийг үндэслэн нэхэмжлэгчийн нэг сарын дундаж цалин хөлсийг 710,522 төгрөгөөр тооцож, ажилгүй байсан хугацааны цалин 3,552,613 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, ажилгүй байх хугацааны нийгмийн, болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, дэвтэрт зохих журмын дагуу нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу хариуцагч Сонгинохайрхан дүүргийн 176 дугаар Цээс улсын тэмдэгтийн хураамж 141,991 төгрөг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Шарнууд овогт Жамъянсүрэнгийн Гг Сонгинохайрхан дүүргийн 176 дугаар Цийн няравын ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан ажилгүй байсан хугацааны цалин, олговорт 3,552,613 төгрөгийг хариуцагч Сонгинохайрхан дүүргийн 176 дугаар Цээс гаргуулж нэхэмжлэгч Ж.Гд олгосугай.
3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар Ж.Ггийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, зохих бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Сонгинохайрхан дүүргийн 176 дугаар Цээс улсын тэмдэгтийн хураамж 141,991 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
5. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН