Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 184/ШШ2021/00739

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  2021          03             22                                                184/ШШ2021/00739

 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч:Сонгинохайрхан дүүрэг,  дугаар хороо,  дүгээр хороолол, өнөр хороолол,  тоотод оршин байх, “Г.Н.У” ХХК /рд:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:Сүхбаатар дүүрэг,  дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж т оршин байх, НШШГГ-т холбогдох

 

Хан-Уул дүүрэг, 11 хороо, Удирдлагын академи, Зайсангийн гудамж, 50 дугаар байр, 9 тоотод байрлах, улсын бүртгэлийн 2206006000 дугаарт бүртгэлтэй, 80.14 м.кв талбайтай орон сууцыг 150,266,000 төгрөг гэж тогтоосон үнэлгээ, Сонгинохайрхан дүүрэг, 15 дугаар хороо, Өнөр хороолол 256 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-2201017476 дугаартай 168 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай барилга, мөн хаягт байрлах, 84 м.кв талбайтай 23/8590 18637310658811 нэгж талбарын дугаартай эзэмших эрхтэй газрын 152,475,417 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:нэхэмжлэгч “Г.Н.У” ХХК-ийн төлөөлөгч Э.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ү, О.И, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Номинжаргал нар оролцов.    

 

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Г.Н.У” ХХК-ийг төлөөлөн захирал Э.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 “Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно”, 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт “Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд энэ хуулийн 6.2.1, 6.2.2-т заасан шийдвэрийг үндэслэн явуулж байгаа иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаархи гомдлоо иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэсэн шүүхэд гаргана” гэж тус тус заасныг үндэслэж нэхэмжлэл гаргаж байна.

Үнэлгээний талаарх албан мэдэгдлийг миний бие нь 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дээр очиж гардан авсан болно. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан  шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 184/ШШ2017/00728 тоот захирамжаар гэрээний үүрэгт 444,214,798 төгрөгийг төлбөр төлөгчөөс гаргуулж, төлбөр авагч “Төрийн банк” ХХК-д олгуулахаар, Сонгинохайрхан дүүрэг, 15 дугаар хороо, Өнөр хороолол 256 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-2201017476 дугаартай 168 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалтай барилга, мөн хаягт байрлах 84 м.кв талбайтай 23/8590 18637310658811 нэгж талбарын дугаартай эзэмших эрхтэй газрыг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж, төлбөр төлөгч Д.Мартын зүгээс Сонгинохайрхан дүүрэг, 15 дугаар хороо, Өнөр хороолол 256 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-2201017476 дугаартай 168 м.кв бүхий үйлчилгээний зориулалттай барилга, мөн хаягт байрлах 84 м.кв талбайтай 23/8590 18637310658811 нэгж талбарын дугаартай эзэмших эрхтэй газрыг 600,000,000 төгрөгөөр, Улаанбаатар хот, Хан- Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Удирдлагын академи, Зайсангийн гудамж, 50 дугаар байрны 9 тоотод байрлах, улсын бүртгэлийн 2206006000 дугаарт бүртгэлтэй 80,14 м.кв талбайтай орон сууцыг 250,000,000 төгрөгөөр тодорхойлж үнийн санал хүргүүлсэн.

Гэтэл төлбөр авагч “Төрийн банк” ХХК нь манай зүгээс гаргасан үнийн саналыг хүлээн зөвшөөрөөгүйн улмаас Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42, 55 дугаар зүйлийн 55.2-т зааснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шинжээч томилж, дараах байдлаар үнэлгээ тогтоосон байна. Үүнд:

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Удирдлагын академи, Зайсангийн гудамж, 50 дугаар байрны 9 тоотод байрлах, улсын бүртгэлийн 2206006000 дугаарт бүртгэлтэй 80,14 м.кв талбайтай орон сууцыг 150,266,000 төгрөгөөр,

-Сонгинохайрхан дүүрэг, 15 дугаар хороо, Өнөр хороолол, 256 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-2201017476 дугаартай 168 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай барилга, мөн хаягт байрлах 84 м.кв талбайтай 23/8590 18637310658811 нэгж талбарын дугаартай эзэмших эрхтэй газрыг 152,475,417 төгрөгөөр тус тус үнэлсэн байна.

Гэтэл тухайн байршилд байрлах орон сууц, үл хөдлөх хөрөнгийн м.кв-ийн үнэлгээ нь зах зээл дээр дунджаар 3-4 сая төгрөг орчим байгаа ба үнэлгээнд харьцуулсан зах зээлийн үнэлгээг оруулаагүй, зах зээлийн үнийг гол тодорхойлох үзүүлэлтүүд болох “Байршлын итгэлцүүр” зэргийг буруу тооцоолж, төвийн шугам холбогдсон байдал үнэлгээ нь зах зээлийн бодит үнэ ханшид нийцээгүй, газрыг тус тусад нь үнэлээгүй, хэт доогуур үнэлсэнд гомдолтой байна.

Мөн үнэлгээний компани нь тухайн үл хөдлөх хөрөнгийг газар дээр очилгүйгээр, өмчлөгчийн эзгүйд зайнаас үнэлсэн байна.

Дээрх үл хөдлөх хөрөнгө нь төв зам дагуу байрлалтай, нэгдсэн машины зогсоолтой, төвлөрсөн халаалт, цэвэр бохир шугам, цахилгаанд холбогдсон, ирээдүйд үнэ цэнэ нь өсөх үл хөдлөх хөрөнгө билээ.

Дээрх үл хөдлөх хөрөнгийн үйл ажиллагаа явуулж орлого олох боломжтой байдлын үнийн итгэлцүүрийг оновчтой тодорхойлоогүй, ашиг олох боломжтой байдлыг хэт багаар тогтоосон, үл хөдлөх хөрөнгийн худалдаа эрхэлдэг зуучлалын байгууллагуудаас бодит үнийн судалгааг аваагүй байна.

Мөн Өнөр хороололд байрлах үл хөдлөх хөрөнгийн газрыг тусад нь үнэлээгүй нь учир дутагдалтай болсон учир нь газар болон дээр нь байрлах үл хөдлөх хөрөнгүүд нь тусдаа өмчлөлийн гэрчилгээтэй 2 өөр хөрөнгө юм. Иймд

1.Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Удирдлагын академи, Зайсангийн гудамж, 50 дугаар байрны 9 тоотод байрлах, улсын бүртгэлийн 2206006000 дугаарт бүртгэлтэй 80,14 м.кв талбайтай орон сууцыг 150,266,000 төгрөгөөр,

2.Сонгинохайрхан дүүрэг, 15 дугаар хороо, Өнөр хороолол 256 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-2201017476 дугаартай 168 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай барилга, мөн хаягт байрлах 84 м.кв талбайтай 23/8590 18637310658811 нэгж талбарын дугаартай эзэмших эрхтэй газрыг 152,475,417 төгрөгөөр тогтоосон үнэлгээг хүчингүй болгож өгнө үү.

Нэхэмжлэлээ дэмжиж оролцож байгаа, эд хөрөнгийн үнэлгээг зах зээлийн ханшаас хэт доогуур багаар үнэлсэн.  Сонгинохайрхан дүүрэг, 15 дугаар хороо, Өнөр хороолол 256 тоот хаягт байрлах газрыг тусад нь үнэлэх ёстой байсан. Үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хэт доогуур үнэлсэн. Үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.  

 

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрыг төлөөлөн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхзул шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэгч “Г.Н.У” ХХК-ний гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 184/ШШ2017/00728 дугаар захирамжаар “Г.Н.У” ХХК, Д.Март нараас 444.214.798 төгрөгийг гаргуулж “Төрийн банк” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч Д.Мартын өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, Өнөр хороолол, 256 байр, 1 тоот хаягт байршилтай 168 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201017476 дугаартай үйлчилгээний зориулалттай 2 давхар хувийн сууц, мөн хаягт байрлах 84 м.кв талбай бүхий 23/8590 18637310658811 нэгж талбарын дугаартай газрыг 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 19270528/4 тоот тогтоолоор битүүмжилж, 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 19270528/13 тоот тогтоол, мөн төлбөрт хураасан Э.Ган-Эрдэнийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Удирдлагын академи, Зайсангийн гудамж, 50 дугаар байр, 9 тоот хаягт байршилтай 80.14 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206006000 дугаартай гурван өрөө орон сууцыг 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 19270528/2 тоот тогтоолоор битүүмжилж, 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 19270528/11 тоот тогтоолоор хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т зааснаар төлбөрт хураагдсан орон сууцыг харилцан тохиролцож үнэлгээ тогтоох тухай 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 4-128/30228 тоот мэдэгдлийг төлбөр төлөгч, төлбөр авагч нарт гардуулан өгч төлбөр авагч харилцан тохиролцох боломжгүй хөндлөнгийн шинжээч томилж зэх зээлийн үнэлгээ хийлгэх хүсэлт ирүүлсэн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар шинжээч томилсон. Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, Өнөр хороолол, 256 байр, 1 тоот хаягт байршилтай 168 м.кв талбайтай, хувийн сууц, мөн хаягт байрлах 84 м.кв газрыг 152.475.417 төгрөгөөр, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Удирдлагын академи, Зайсангийн гудамж, 50 дугаар байр, 9 тоот хаягт байршилтай 80.14 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцыг 150.266.000 төгрөгөөр тус тус үнэлэгдсэн. Төлбөр төлөгч “Г.Н.У” ХХК, Д.Март, Э.Ган-Эрдэнэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дүгээр зүйлийн 55.3-т зааснаар шинжээчийн дүгнэлтийг 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 4-128/33875 тоот албан бичгээр мэдэгдэж гарын үсэг зуруулан тэмдэглэлээр баталгаажуулж авсан байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэгч “Г.Н.У” ХХК-ний гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 184/ШШ2017/00728 дугаар захирамжаар “Г.Н.У” ХХК, Д.Март нараас нийт 444,214,798 төгрөгийг гаргуулж “Төрийн банк” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Хариуцагч нар шийдвэрийг сайн дураараа төлж барагдуулаагүй тохиолдолд шийдвэрт заасан барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн шийдвэр захирамжийг тус газар 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж төлбөр төлөгч “Г.Н.У” ХХК, Д.Март нарт шүүхийн шийдвэр сайн дураар биелүүлж, төлбөрийг барагдуулах тухай хугацаатай мэдэгдэл гардуулсан байдаг. Шийдвэр гүйцэтгэгчийн тогтоосон хугацаанд хариуцагч нар төлбөрийг төлж барагдуулаагүй учраас шүүхийн шийдвэрт нэрлэн заасан буюу Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, Өнөр хороолол, 256 тоот хаягт байрлах  улсын бүртгэлийн  Ү-2201017476 дугаартай 168 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай барилга мөн хаягт байрлах 84 мк.в талбайтай 23/8590 18637310658811 нэгж талбарын дугаартай эзэмших эрхтэй газар, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Удирдлагын академи, Зайсангийн гудамж, 50 дугаар байрны  9 тоот хаягт байрлах  улсын бүртгэлийн  2206006000  дугаарт бүртгэлтэй, 80,14 м.кв талбайтай орон сууцыг битүүмжилж хураасан. Шүүхийн шийдвэрт нийт 5 барьцаа хөрөнгө байдаг. Энэ 5 барьцаа хөрөнгүүдээс зөвхөн сая миний дурьдсан 3 барьцаа хөрөнгө дээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа. Үлдэх 2 барьцаа хөрөнгийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад талуудын гаргасан хүсэлтийг үндэслээд барьцаа хөрөнгө чөлөөлсөн. 2019 оны 12 дугаар сард  “Төрийн банк” ХХК болон төлбөр төлөгч нараас гаргасан хүсэлтийн дагуу 150,000,000 төгрөгийн төлбөр төлөгдсөн учраас Сонгинохайрхан дүүрэг, 13 дугаар хороо, 01 дүгээр хороолол, 11 дүгээр байрны 342 тоот хаягт байрлах орон сууц мөн Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, 3 дугаар байрны 39 тоот хаягт байрлах орон сууцыг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахгүйгээр барьцаанаас чөлөөлж, өмчлөх эрхийг нь сэргээсэн. Барьцаа хөрөнгүүдийг битүүмжилж хураагаад төлбөр төлөгч өмчлөгч нараас үнийн санал авахаар удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн байдаг. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч Д.Март болон  “Г.Н.У” ХХК-ийн захирал нарт удаа дараа мэдэгдэл хүргүүлэхэд шийдвэр гүйцэтгэгчийн дуудсан цагт ирдэггүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас зайлсхийдэг. Шүүхийн заасан хаягаар очиход өөрсдөө байдаггүй. Үнийн санал өгнө үү гэж шийдвэр гүйцэтгэгч Т.Мөнхзул удаа дараа мэдэгдэл хүргүүлээд Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, Өнөр хороолол, 258-1 хаяг дээр нь очиход “Г.Н.У” ХХК-ийн захирал болон Д.Мартын төрсөн дүү Д.Г гэдэг хүн байдаг. Д.Г гэдэг хүн бүх мэдэгдлүүдийг гардаж аваад цааш нь Д.Март болон “Г.Н.У” ХХК-ийн захирал нарт гардуулж өгнө. Өөрсдөө бол мэдэж байгаа гэдэг. Утсаар залгаж төлбөрөө төлнө үү, үнийн саналаа хэлнэ үү гэхэд очиж уулзана гэж хэлдэг. Төлбөр төлөгч нарын бүртгэлтэй хаягаар нь очоод насанд хүрсэн, хамт амьдарч байгаа хүнд нь мэдэгдлийг нь гардуулсан. Төлбөр төлөгч нартай өөрсдөө хөрөнгөдөө хөрөнгийн үнийн санал гаргаагүй учраас төлбөр авагч “Төрийн банк” ХХК-ийн хүсэлтийг үндэслээд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу шинжээч томилсон. Шинжээч томилж хөрөнгийн үнэлгээчнээр Баян модот ХХК-г томилоод Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Удирдлагын академи, Зайсангийн гудамж, 50 дугаар байрны  9 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн 2206006000 дугаарт бүртгэлтэй, 80,14 м.кв талбайтай орон сууцны үнэлгээг тогтоолгосон. Энэ үнэлгээг шинжээч тогтоохдоо 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар тогтоосон. Шинжээч хөрөнгийн үнэлгээний тайландаа хөрөнгийн байршил, ашиглалтын нас, насжилтыг тооцож хөрөнгийн үнэлэхдээ өртгийн хандлагын тооцоо, зах зээлийн хандлагын тооцоо, орлогын хандлагын тооцоо зэрэг аргуудыг үндэслэж хөрөнгийн үнэлгээг гаргасан байна. Дунджаар мк.в-ийн үнэ нь 1,870,000 орчим төгрөгөөр үнэлсэн байна. Ингээд 152 орчим сая төгрөг байхаар үнийг гаргасан байна. Дараагийн ээлжинд “Сэлэнгэ эстимейт” хөрөнгийн үнэлгээний компанийг хөрөнгийн үнэлгээчнээр томилж, бас 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар шинжээч тайлангаа ирүүлсэн байна.Тайлангаар Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, Өнөр хороолол, 256 тоот хаягт байршилтай 168 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай 2 давхар хувийн сууц болон суурийн доод талын газар болох 18637310658811 нэгж талбарын дугаартай эзэмших эрхтэй газрыг хамтад нь 152,475,417 төгрөгөөр тогтоосон. Энэ үнэлгээг 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр төлбөр төлөгчийн оршин суух хаягаар очиж танилцуулсан. Төлбөр төлөгч нар хаяг дээрээ өөрсдөө байгаагүй учраас төрсөн дүү Д.Гт нь танилцуулаад дамжуулж өгөхийг мэдэгдсэн байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан байдаг. Тэгэхээр 2020 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр энэ мэдэгдлийг танилцуулсан байхад бүр 10 дугаар сард нэхэмжлэгч нэхэмжлэлээ шүүхэд гаргасан байх тул хуулийн хугацаа хэтэрсэн байна. Хоёрдугаарт шинжээч нар хөрөнгийн үнэлгээний тайландаа дэлгэрэнгүй тусгасан байна. Хөрөнгийн байршил, насжилт, энэ хөрөнгөөр хэр орлого олох боломжтой, хэдий хэмжээний өртөг орсон хөрөнгө гэдгийг нарийн тооцож гаргасан байна. Иймд нэхэмжлэгчийн яриад байгаа зах зээлийн ханшаас доогуур үнэлэгдсэн гэж байгаа нь үгүйсгэгдэж байна. Мөн нэхэмжлэгчийн ярьснаар Зайсанд орон сууц 4 сая орчим төгрөгийн ханштай байдаг гэж байгаа  боловч нотолсон баримтаа тэрээр шүүхэд өгөөгүй. Зайсанд байрлах байрууд бүгд 4 сая төгрөгийн үнэтэй байна гэж байхгүй. Тэр талаар нотолсон баримтаа нэхэмжлэгч талаас гаргаж өгөөгүй. Өөрсдөө баримтаа шүүхэд талууд гаргаж өгөх үүрэгтэй. Хийсвэр амаараа зөвхөн яриад байж болохгүй. Баримттай байх хэрэгтэй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны бүхий л үе шатуудад төлбөр төлөгч нарт ажиллагааг танилцуулж баримт үйлдэж байдаг. Хөрөнгийн үнэлгээний тайланг танилцуулсан байгаа. Танилцсан учраас л өнөөдөр ингээд шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэж ойлгож байна. Мэдэгдлийг танилцуулах үедээ хавсралтаар хөрөнгийн үнэлгээний тайланг үлдээдэг. Өнөөдөр танилцаагүй гэж яриад байгаа нь огт үндэслэлгүй юм.

Төлбөр төлөгч өөрөө шийдвэр гүйцэтгэгчийн хяналт дор хөрөнгөө худалдан борлуулаад худалдан борлуулсан орлогоосоо төлбөрөө төлөх бүрэн боломжтой. Хөрөнгийн үнэлгээ тогтоосноос хойш ч та энэ үнээс багагүй үнээр өөрөө худалдан борлуулах эрхтэй шүү гэдгийг шийдвэр гүйцэтгэгч мэдэгдлээрээ хүртэл тайлбарлаад бичсэн байдаг гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.И шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нөгөө итгэмжлэгдсэн төлөөлөгчтэйгөө тайлбар адил байна. Нэмж ярих зүйл байхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн талуудын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Г.Н.У” ХХК нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Хан-Уул дүүрэг, 11 хороо, Удирдлагын академи, Зайсангийн гудамж, 50 дугаар байр, 9 тоотод байрлах, улсын бүртгэлийн 2206006000 дугаарт бүртгэлтэй, 80,14 м.кв талбайтай орон сууцыг 150,266,000 төгрөг гэж тогтоосон үнэлгээ, Сонгинохайрхан дүүрэг, 15 дугаар хороо, Өнөр хороолол 256 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-2201017476 дугаартай 168 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай барилга, мөн хаягт байрлах, 84 м.кв талбайтай 23/8590 18637310658811 нэгж талбарын дугаартай эзэмших эрхтэй газрын 152,475,417 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үнэлгээ хийхдээ барьцаа хөрөнгийг үнэлэхдээ  тухайн байршилд өнөөгийн зах зээлийн үнэлгээ 1м.кв нь 3-4 сая төгрөгөөр үнэлэгдэг байгааг харьцуулаагүй, байршлын итгэлцүүрийг буруу тооцоолсон, ирээдүйд үнэ цэнээ алдахгүй байршилтай, дэд бүтцэд холбогдсон зэргийг ийг харгалзаж үзээгүй одоо Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Удирдлагын академи, Зайсангийн гудамж, 50 дугаар байрны 9 тоотод байрлах, улсын бүртгэлийн 2206006000 дугаарт бүртгэлтэй 80,14 м.кв талбайтай орон сууцыг 150,266,000 төгрөгөөр үнэлж зах зээлийн ханшаас хэт доогуур,үнэлсэн,

Мөн Сонгинохайрхан дүүрэг, 15 дугаар хороо, Өнөр хороолол 256 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-2201017476 дугаартай 168 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай барилга, мөн хаягт байрлах 84 м.кв талбайтай 23/8590 18637310658811 нэгж талбарын дугаартай эзэмших эрхтэй газрыг 152,475,417 төгрөгөөр үнэлгээ хийсэн нь газрыг тусад нь үнэлгээ хийгээгүй, мөн орлого олох боломжтой байдлыг үнийн итгэлцүүрт оруулан тооцоолоогүй, ашиг орлого олох боломжтой байдлыг хэт багаар үнэлсэн, төв зам дагуу байршилтай, нэгдсэн машины зогсоолтой, халаалт, цэвэр бохир усны шугам, цахилгаанд холбогдсон ирээдүйд үнэ цэнэ нь улам өсөх хөрөнгийг хэт багаар үнэлсэн нь  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчиж дүгнэлт гаргасан гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлаж байна.

 

Хариуцагч нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан, барьцаа хөрөнгийн үнэлгээний талаар санал асуусан боловч төлбөр төлөгч, төлбөр авагч нар нь зөрүүтэй үнийн санал ирүүлж, үнэлгээ хийлгэх хүсэлт гаргасан тул хөндлөнгийн мэргэжлийн үнэлгээний байгууллагаар үнэлүүлсэн, үнэлгээг гаргасан үнэлгээчин хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон талуудын тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдож байна гэж үзлээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 184/ШШ2017/00728 дугаартай шүүхийн шийдвэрээр “Г.Н.У” ХХК, Д.Март нараас 444,214,798 төгрөгийг гаргуулан “Төрийн банк” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 16,409,252 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, 164 дүгээр зүйлийн 164.1, 153 дугаар зүйлийн 153.1-д заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 11 дүгээр байрны 342 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201008738 дугаарт бүртгэгдсэн орон сууц, Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 3 дугаар байрны 39 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201000908 дугаарт бүртгэгдсэн орон сууц, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Удирдлагын академи 50 дугаар байрны 9 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206006000 дугаарт бүртгэгдсэн орон сууц, Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, Өнөр хороолол, 256 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201017476 дугаарт бүртгэгдсэн, 168 м.кв талбай бүхий үйлчилгээний барилга, Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, Өнөр хороолол, 256 тоот хаягт байрлах, 84 м.кв талбай бүхий, нэгж талбарын 23/8590 18637310658811 дугаартай газрын эзэмших эрхийг тус тус албадан худалдаж, үнийн дүнгээс шаардлагыг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар даалгаж шийдвэрлэсэн байна. Уг анхан шатны шүүхийн шийдвэрийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хянаад 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 1149 дугаартай магадлалаар хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.  Энэхүү шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч гаргасан талуудын гомдлыг үндэслэн Улсын дээр шүүх Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 001/ХТ2017/01169 дугаартай тогтоолоор шийдвэр магадлалд өөрчлөлт оруулан хариуцагчаас 441,658,556 төгрөгийг , улсын тэмдэгтийн хураамжийн 2,366,242 төгрөгийг тус тус гаргуулан Төрийн банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн байна.

 

Дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг төлбөр төлөгч Г.Н.У ХХК болон Д.Март нар сайн дураар биелүүлээгүйн улмаас Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 184/ШЗ2019/01669 дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай шүүгчийн захирамж, түүний дагуу мөн өдөр олгогдсон 184/ГХ2019/00176 дугаартай гүйцэтгэх хуудсуудыг үндэслэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 19270528 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол гарган шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн, холбогдох ажиллагааг явуулсан байна.

 

Хариуцагч нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулж, төлбөр төлөх талаар төлбөр төлөгч буюу нэхэмжлэгчид мэдэгдэж байсан болох нь шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, шүүхийн шийдвэр тогтоолыг биелүүлэх тухай мэдэгдлээр тогтоогдож байх бөгөөд зохигч талууд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хуульд зааснаар явуулсан гэдэгтэй маргаагүй байна.

 

Нэхэмжлэгч Г.Н.У ХХК нь хариуцагч байгууллагын дээрх ажиллагаанаас эд хөрөнгийн үнэлгээ гаргуулсан ажиллагааг эс зөвшөөрсөн гомдлоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан 7 хоногийн хугацааны дотор шүүхэд гаргасан байна. /хх 11-15-р хуудас/

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д “дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоох бөгөөд хэрэв тохиролцохгүй бол дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд хараат бус, мэргэжлийн үнэлгээчний саналыг үндэслэн тогтооно. Хараат бус мэргэжлийн үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно” гэж заажээ.

 

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад төлбөр төлөгч Г.Н.У ХХК болон Д.Март нарт хураагдсан эд хөрөнгө буюу барьцаа хөрөнгүүдийн үнийг талууд харилцан тохиролцож тогтоон  Иргэний хуулийн 117 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнийн саналаа гарган 2020 оны 8 дугаар сарын 26, 9 дүгээр сарын 11-ний дотор тус тус ирүүлэхийг төлбөр төлөгч, төлбөр авагч нарт мэдэгдсэн болох нь 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 4-128/30228 тоот мэдэгдэл, 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 4-128/32322 дугаартай албан мэдэгдэл зэрэг баримтуудаар тогтоогдож байх бөгөөд төлбөр төлөгч нараас үнийн санал ирүүлээгүй тул хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-д “үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө”-ийг шинжээчээр үнэлүүлнэ гэж зааснаар “Баян модот” ХХК-ийг 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 9/434 дугаартай “Шинжээч томилох тухай” шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор томилсон байна.

 

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлд зааснаар Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шийдвэр гүйцэтгэгч өөрийн санаачилгаар, эсхүл оролцогч талын хүсэлтээр шинжилгээ хийж, дүгнэлт гаргуулахаар шинжээчийн томилон оролцуулж болно. Гагцхүү шинжээч нь шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтлана. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд зааснаар Шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол эрх бүхий этгээд нь тусгай мэдлэг бүхий тухайн хэрэгт хувийн сонирхолгүй хүнийг урьж, хувийн бичиг баримт, мэргэжил, чадвар, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулсны дараа харшлах шалтгаан байхгүй гэж үзвэл шинжээчид шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлтийг гардуулан өгч, эрх, үүрэг, хариуцлагыг нь урьдчилан сануулж, гарын үсэг зуруулна гэсэн хуульд заасан ажиллагааг хийж гүйцэтгэсэн байна. Энэ талаар нэхэмжлэгч маргаагүй байна.

 

Харин үнэлгээчин үнэлгээг гаргахдаа тухайн хөрөнгийн зах зээлийн одоогийн үнэлгээ болон ирээдүйд үйл ажиллагаа явуулж олох орлого, байршил зэргийг харгалзаагүй, үл хөдлөх эд хөрөнгийн тухай байршлын итгэлцүүр үнийг буруу тооцсон гэж нэхэмжлэгч гомдол гаргаж байгаа боловч үнэлгээг гаргахдаа шинжээч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, бусад ямар хууль журмыг зөрчсөн талаарх үндэслэл бүхий тайлбарыг гаргаж, нэхэмжлэлийг шаардлага, түүний үндэслэлээ баримтаар нотолж чадахгүй байна.

                                                                                                              

Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 9/434 дугаартай Шинжээч томилох тогтоолоор  шинжээчээр томилогдсон Баян модот ХХК-ийн үнэлгээчин  С.Ц нь Сангийн яамнаас олгосон тусгай зөвшөөрөл бүхий этгээд байх ба Хөрөнгийн үнэлгээний тайландаа үнэлгээг гаргахдаа баримталсан хууль, стандартыг дурдаж, үнэлж буй хөрөнгийн талаарх мэдээллийг тусган, арга, аргачлалыг нэг бүрчлэн тодорхой дурдсан байна.  

Үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнэ ханшаас хэт доогуур үнэлсэн гэх нэхэмжлэлд заасан үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүйгээс гадна тухайн үл хөдлөх эд хөрөнгийн 1 м.кв талбай зах зээлийн үнэ ханш дунджаар 4,000,000 төгрөг гэсэн нэхэмжлэгчийн тайлбар баримтаар нотлогдохгүй байна. 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй байна.

Хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нь дээр дурдсан эд хөрөнгө битүүмжлэх, хураан авах, хөрөнгийн үнийн санал авах, мэдэгдэл хүргүүлэх, албадан дуудлага худалдаа зохион байгуулах зэрэг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу явуулсан нь тогтоогдож байна гэж үзлээ.

 

Шүүх дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иймд, Хан-Уул дүүрэг, 11 хороо, Удирдлагын академи, Зайсангийн гудамж, 50 дугаар байр, 9 тоотод байрлах, улсын бүртгэлийн 2206006000 дугаарт бүртгэлтэй, 80.14 м.кв талбайтай орон сууцыг 150,266,000 төгрөг гэж тогтоосон үнэлгээ, Сонгинохайрхан дүүрэг, 15 дугаар хороо, Өнөр хороолол 256 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-2201017476 дугаартай 168 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай барилга, мөн хаягт байрлах, 84 м.кв талбайтай 23/8590 18637310658811 нэгж талбарын дугаартай эзэмших эрхтэй газрын 152,475,417 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч “Г.Н.У” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.5, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Г.Н.У” ХХК-ийн хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан Хан-Уул дүүрэг, 11 хороо, Удирдлагын академи, Зайсангийн гудамж, 50 дугаар байр, 9 тоотод байрлах, улсын бүртгэлийн 2206006000 дугаарт бүртгэлтэй, 80.14 м.кв талбайтай орон сууцыг 150,266,000 төгрөг гэж тогтоосон үнэлгээ, Сонгинохайрхан дүүрэг, 15 дугаар хороо, Өнөр хороолол 256 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-2201017476 дугаартай 168 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай барилга, мөн хаягт байрлах, 84 м.кв талбайтай 23/8590 18637310658811 нэгж талбарын дугаартай эзэмших эрхтэй газрын 152,475,417 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Ч.НЯМСҮРЭН