Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2021/01042

 

“Г Н У” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ч.Цэнд, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 184/ШШ2021/00739 дугаар шийдвэртэй, “Г Н У” ХХК-ийн НШШГГ т холбогдох үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие үнэлгээний талаарх албан мэдэгдлийг 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр гардан авсан. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 184/ШШ2017/00728 тоот захирамжаар гэрээний үүрэгт 444 214 798 төгрөгийг төлбөр төлөгчөөс гаргуулж, төлбөр авагч Төрийн банк ХХК-д олгож, Сонгинохайрхан дүүрэг, 15 дугаар хороо, Өнөр хороолол 256 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-2201017476 дугаартай 168 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалтай барилга, мөн хаягт байрлах 84 м.кв талбайтай 23/8590 18637310658811 нэгж талбарын дугаартай эзэмших эрхтэй газрыг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж, төлбөр төлөгч Д.Мартын зүгээс Сонгинохайрхан дүүрэг, 15 дугаар хороо, Өнөр хороолол 256 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-2201017476 дугаартай 168 м.кв бүхий үйлчилгээний зориулалттай барилга, мөн хаягт байрлах 84 м.кв талбайтай 23/8590 18637310658811 нэгж талбарын дугаартай эзэмших эрхтэй газрыг 600 000 000 төгрөгөөр, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Удирдлагын академи, Зайсангийн гудамж, 50 дугаар байрны 9 тоотод байрлах, улсын бүртгэлийн 2206006000 дугаарт бүртгэлтэй 80,14 м.кв талбайтай орон сууцыг 250 000 000 төгрөгөөр тодорхойлж үнийн санал хүргүүлсэн. Гэтэл төлбөр авагч Төрийн банк ХХК нь манай зүгээс гаргасан үнийн саналыг хүлээн зөвшөөрөөгүйн улмаас Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42, 55 дугаар зүйлийн 55.2 дах хэсэгт зааснаар НШШГГ  нь шинжээч томилж, дараах байдлаар үнэлгээ тогтоосон байна. Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Удирдлагын академи, Зайсангийн гудамж, 50 дугаар байрны 9 тоотод байрлах, улсын бүртгэлийн 2206006000 дугаарт бүртгэлтэй 80,14 м.кв талбайтай орон сууцыг 150 266 000 төгрөгөөр Сонгинохайрхан дүүрэг, 15 дугаар хороо, Өнөр хороолол, 256 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-2201017476 дугаартай 168 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай барилга, мөн хаягт байрлах 84 м.кв талбайтай 23/8590 18637310658811 нэгж талбарын дугаартай эзэмших эрхтэй газрыг 152 475 417 төгрөгөөр тус тус үнэлсэн байна. Гэтэл тухайн байршилд байрлах орон сууц, үл хөдлөх хөрөнгийн м.кв-ийн үнэлгээ нь зах зээл дээр дунджаар 3 000 000- 4 000 000 төгрөг орчим байгаа ба үнэлгээнд харьцуулсан зах зээлийн үнэлгээг оруулаагүй, зах зээлийн үнийг гол тодорхойлох үзүүлэлтүүд болох Байршлын итгэлцүүр зэргийг буруу тооцоолж, төвийн шугам холбогдсон байдал үнэлгээ нь зах зээлийн бодит үнэ ханшид нийцээгүй, газрыг тус тусад нь үнэлээгүй, хэт доогуур үнэлсэнд гомдолтой байна. Мөн үнэлгээний компани нь тухайн үл хөдлөх хөрөнгийг газар дээр очилгүйгээр, өмчлөгчийн эзгүйд зайнаас үнэлсэн байна. Дээрх үл хөдлөх хөрөнгө нь төв зам дагуу байрлалтай, нэгдсэн машины зогсоолтой, төвлөрсөн халаалт, цэвэр бохир шугам, цахилгаанд холбогдсон, ирээдүйд үнэ цэнэ нь өсөх үл хөдлөх хөрөнгө билээ. Дээрх үл хөдлөх хөрөнгийн үйл ажиллагаа явуулж орлого олох боломжтой байдлын үнийн итгэлцүүрийг оновчтой тодорхойлоогүй, ашиг олох боломжтой байдлыг хэт багаар тогтоосон, үл хөдлөх хөрөнгийн худалдаа эрхэлдэг зуучлалын байгууллагуудаас бодит үнийн судалгааг аваагүй байна. Мөн Өнөр хороололд байрлах үл хөдлөх хөрөнгийн газрыг тусад нь үнэлээгүй нь учир дутагдалтай болсон учир нь газар болон дээр нь байрлах үл хөдлөх хөрөнгүүд нь тусдаа өмчлөлийн гэрчилгээтэй 2 өөр хөрөнгө юм. Иймд үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 184/ШШ2017/00728 дугаар захирамжаар Г Н У ХХК, Д.Март нараас 444 214 798 төгрөгийг гаргуулж Төрийн банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч Д.Мартын өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, Өнөр хороолол, 256 байр, 1 тоот хаягт байршилтай 168 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201017476 дугаартай үйлчилгээний зориулалттай 2 давхар хувийн сууц, мөн хаягт байрлах 84 м.кв талбай бүхий 23/8590 18637310658811 нэгж талбарын дугаартай газрыг 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 19270528/4 тоот тогтоолоор битүүмжилж, 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 19270528/13 тоот тогтоол, мөн төлбөрт хураасан Э.Ган-Эрдэнийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Удирдлагын академи, Зайсангийн гудамж, 50 дугаар байр, 9 тоот хаягт байршилтай 80.14 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206006000 дугаартай гурван өрөө орон сууцыг 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 19270528/2 тоот тогтоолоор битүүмжилж, 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 19270528/11 тоот тогтоолоор хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т зааснаар төлбөрт хураагдсан орон сууцыг харилцан тохиролцож үнэлгээ тогтоох тухай 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 4-128/30228 тоот мэдэгдлийг төлбөр төлөгч, төлбөр авагч нарт гардуулан өгч төлбөр авагч харилцан тохиролцох боломжгүй хөндлөнгийн шинжээч томилж зэх зээлийн үнэлгээ хийлгэх хүсэлт ирүүлсэн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар шинжээч томилсон. Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, Өнөр хороолол, 256 байр, 1 тоот хаягт байршилтай 168 м.кв талбайтай, хувийн сууц, мөн хаягт байрлах 84 м.кв газрыг 152 475 417 төгрөгөөр, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Удирдлагын академи, Зайсангийн гудамж, 50 дугаар байр, 9 тоот хаягт байршилтай 80.14 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцыг 150 266 000 төгрөгөөр тус тус үнэлэгдсэн. Төлбөр төлөгч Г Н У ХХК, Д.Март, Э.Ган-Эрдэнэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дах хэсэгт зааснаар шинжээчийн дүгнэлтийг 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 4-128/33875 тоот албан бичгээр мэдэгдэж гарын үсэг зуруулан тэмдэглэлээр баталгаажуулж авсан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.5, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г Н У ХХК-ийн хариуцагч НШШГГ т холбогдуулан гаргасан Хан-Уул дүүрэг, 11 хороо, Удирдлагын академи, Зайсангийн гудамж, 50 дугаар байр, 9 тоотод байрлах, улсын бүртгэлийн 2206006000 дугаарт бүртгэлтэй, 80.14 м.кв талбайтай орон сууцыг 150 266 000 төгрөг гэж тогтоосон үнэлгээ, Сонгинохайрхан дүүрэг, 15 дугаар хороо, Өнөр хороолол 256 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-2201017476 дугаартай 168 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай барилга, мөн хаягт байрлах, 84 м.кв талбайтай 23/8590 18637310658811 нэгж талбарын дугаартай эзэмших эрхтэй газрын 152 475 417 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар зэргийг шүүх хуралдааны явцад шинжлэн судлахдаа хэргийн оролцогч бүрийн тэгш эрхийг хангаагүй, нэхэмжлэгч талд ашигтай үйл баримтыг дутуу судалж шүүх хуралдааны шийдвэр бүхэлдээ хариуцагчийн талд гарсанд гомдолтой байна. Шинжээч нь үнэлгээг гаргахдаа газрыг тусд нь үнэлээгүй, 2 тусдаа өмчлөх болон эзэмших эрхтэй үл хөдлөх хөрөнгүүдийг хамтад нь үнэлсэнийг шүүх хянаагүй. Түүнчлэн, үнэлгээний компани нь түхайн үл хөдлөх хөрөнгүүд дээр газар дээр нь очилгүйгээр, өмчлөгчийн эзгүйд зайнаас үнэлсэн үйл баримтад дүгнэлт өгөөгүй. Нэхэмжлэгч талаас өмгөөлөгч авах хүсэлт гаргасан боловч шүүхээс хүлээж аваагүй. Уг иргэний хэрэгт “Төрийн банк” ХХК-ийн эрх, ашиг зөрчигдөж байхад “Төрийн банк” ХХК-ийн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулаагүй. Мөн хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзалаа хангалттай нотолж чадаагүй, зөвхөн гарын үсэг, цаг хугацаа гэх мэт техникийн шинж чанартай тайлбар хэлсэн, мөн шүүх хэрэг маргааныг зөвхөн энэ талаас нь буюу хариуцагч нарт ашигтай байдлаар асуудалд хандаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Үнэлгээ хүчингүй болгуулах шаардлагын гол үндэслэл нь газрын үнийг үнэлгээнд оруулаагүй, үүний улмаас үнэлгээ багаар тогтоогдсон байгаа талаар маргасан боловч шүүхээс энэ талаас шийдвэрлэж чадаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

            Нэхэмжлэгч Г Н У ХХК нь улсын бүртгэлийн 2206006000 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 11 хороо, Удирдлагын академи, Зайсангийн гудамж, 50 дугаар байр, 9 тоотод байрлах, 80.14 м.кв талбайтай орон сууцыг 150 266 000 төгрөгөөр, улсын бүртгэлийн Ү-2201017476 дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 15 дугаар хороо, Өнөр хороолол, 256 тоот хаягт байрлах 168 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай барилга, мөн хаягт байрлах, 84 м.кв талбайтай 23/8590 18637310658811 нэгж талбарын дугаартай эзэмших эрхтэй газрын хамт 152 475 417 төгрөгөөр тус тус үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба эс зөвшөөрч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэж маргажээ.

            Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 184/ШШ2017/00728 дугаартай шүүхийн шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 1149 дугаартай магадлал, Улсын дээд шүүх Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 001/ХТ2017/01169 дугаартай тогтоолоорГ Н У ХХК, Д.Март нараас 441 658 556 төгрөгийг гаргуулж “Төрийн банк ХХК-д олгохоор шийдвэрлэжээ. Улмаар шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, 164 дүгээр зүйлийн 164.1, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 11 дүгээр байрны 342 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201008738 дугаарт бүртгэгдсэн орон сууц, Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 3 дугаар байрны 39 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201000908 дугаарт бүртгэгдсэн орон сууц, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Удирдлагын академи 50 дугаар байрны 9 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206006000 дугаарт бүртгэгдсэн орон сууц, Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, Өнөр хороолол, 256 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201017476 дугаарт бүртгэгдсэн, 168 м.кв талбай бүхий үйлчилгээний барилга, Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, Өнөр хороолол, 256 тоот хаягт байрлах, 84 м.кв талбай бүхий, нэгж талбарын 23/8590 18637310658811 дугаартай газрын эзэмших эрхийг тус тус албадан худалдаж, үнийн дүнгээс шаардлагыг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар даалгаж шийдвэрлэсэн нь хүчин төгөлдөр болжээ. /хэргийн 39-52 дугаар тал/

 

Төлбөр төлөгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй. Дээрх шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 184/ШЗ2019/01669 шүүгчийн захирамж, мөн өдөр 184/ГХ2019/00176 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэний дагуу хариуцагчаас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж, шүүхийн шийдвэр биелүүлэхийг төлбөр төлөгчид мэдэгдсэн боловч биелүүлээгүй байна. Үүний улмаас барьцааны үл хөдлөх хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2201017476 дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, Өнөр хороолол, 256 байр, 1 тоот хаягт байршилтай 168 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай 2 давхар хувийн сууц, мөн хаягт байрлах 84 м.кв талбай бүхий 23/8590 18637310658811 нэгж талбарын дугаартай газрыг 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 19270528/4 тоот тогтоолоор битүүмжилж, 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 19270528/13 тоот тогтоолоор хураасан, улсын бүртгэлийн Ү-2206006000 дугаартай Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Удирдлагын академи, Зайсангийн гудамж, 50 дугаар байр, 9 тоот хаягт байршилтай 80.14 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцыг 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 19270528/2 тоот тогтоолоор битүүмжилж, 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 19270528/11 тоот тогтоолоор хураасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасанд нийцжээ. /хэргийн 84-89 дүгээр тал/

Талуудаас дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнийн санал авахад төлбөр төлөгч нараас үнийн санал ирүүлээгүй тул хариуцагчаас 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 9/434 дугаартай тогтоолоор улсын бүртгэлийн Ү-2206006000 дугаартай Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Удирдлагын академи, Зайсангийн гудамж, 50 дугаар байр, 9 тоот хаягт байршилтай 80.14 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцын үнэлгээ тогтоолгохоор “Баян модот” ХХК-ийг, мөн өдрийн 9/433 дугаартай тогтоолоор улсын бүртгэлийн Ү-2201017476 дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, Өнөр хороолол, 256 байр, 1 тоот хаягт байршилтай 168 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай 2 давхар хувийн сууц, мөн хаягт байрлах 84 м.кв талбай бүхий 23/8590 18637310658811 нэгж талбарын дугаартай газрын үнэлгээ тогтоолгохоор “Сэлэнгэ Эстимэйт” ХХК-ийг тус тус шинжээчээр томилсон байна. /хэргийн 98,116 дугаар тал/ Дээрх шинжээч томилсон тогтоол нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасан зохицуулалтыг зөрчөөгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

            Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно” гэж заажээ.

            Шинжээч “Баян модот” ХХК-аас улсын бүртгэлийн Ү-2206006000 дугаартай Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Удирдлагын академи, Зайсангийн гудамж, 50 дугаар байр, 9 тоот хаягт байршилтай 80.14 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцыг 150 266 000 төгрөгөөр үнэлсэн байна. Дээрх үнэлгээг хийхдээ үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн, орлогын, өртөгийн хандлагын аргуудыг хослуулан тодорхойлсон байх бөгөөд хөрөнгийн зах зээлийн үнийг тогтооход үнэлэгдэж буй хөрөнгийн орлого олох бодит боломж, өртөгийн өнөөгийн үнэ, байрлал, шинж чанар, орчны хувьд адил төстэй хөрөнгийн зах зээлд худалдах санал болгож буй үнэ цэнийг жишиж судалгаа хийж харьцуулсан нь үнэлгээний тайланд тодорхой тусгагджээ. /хэргийн 99-115 дугаар тал/ Иймд уг үл хөдлөх эд хөрөнгийг үнэ тогтоох ажиллагаа хууль зөрчөөгүй, хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан, төлбөр төлөгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

            Харин “Сэлэнгэ Эстимэйт” ХХК-аас улсын бүртгэлийн Ү-2201017476 дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 15 дугаар хороо, Өнөр хороолол 256 тоот хаягт байрлах 168 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай барилга, мөн хаягт байрлах, 18637310658811 нэгж талбарын дугаартай, 84 м.кв талбайтай 23/8590 эзэмших эрхтэй газрын хамт                152 475 417 төгрөгөөр үнэлсэн нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт нийцээгүй байна.

            Учир нь дээрх үнэлгээг хийхдээ зах зээлийн, өртөгийн хандлагын аргыг ашигласан боловч орлогын хандлагын аргыг ашиглаагүй байна. Уг үнэлгээ тогтоолгох хөрөнгө нь үйлчилгээний зориулалттай барилга байх тул орлогын хандлагын аргыг зайлшгүй хэрэглэх шаардлагатай. Уг шинжээчийн дүгнэлтэд орлогын хандлагын аргыг хэрэглээгүй үндэслэлээ тайлбарлаагүй байна. Дээрх аргуудыг хослуулан хэрэглэсний үр дүнд хөрөнгийн үнэлгээний бодит үнийг тогтоох боломжтой.

            Мөн шинжээчийн дүгнэлтэд өртөгийн хандлагын аргаар хөрөнгийн үнэлгээг тогтоохдоо үйлчилгээний зориулалттай барилга, газар эзэмших эрхийг тус тусад нь үнэлсэн атлаа зах зээлийн хандлагын аргаар үнэлгээг тогтоохдоо хамтад нь үнэлснийг бодит үнэлгээ гэж үзэх боломжгүй. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй.

            Харин нэхэмжлэгчийн төлөөлөгчийн “шүүхээс өмгөөлөгч авах хүсэлтийг хүлээж аваагүй, гуравдагч этгээд “Төрийн банк” ХХК-ийг шүүх хуралдаанд оролцуулаагүй” гэх агуулгаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй. Учир нь тус шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 184/ШЗ2021/01565 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн өмгөөлөгч авах хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг хойшлуулсан байна. Анхан шатны шүүхээс гуравдагч этгээд “Төрийн банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэснийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэхгүй. Учир нь гуравдагч этгээд “Төрийн банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхбаатарт 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр болох шүүх хуралдааны товыг шүүгчийн туслах 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр утсаар мэдэгдсэн байх тул хэргийг түүний эзгүйд шийдвэрлэснийг буруутгахгүй.

            Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 184/ШШ2021/00739 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.5, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч Г Н У ХХК-ийн хариуцагч НШШГГ т холбогдуулан гаргасан Сонгинохайрхан дүүрэг, 15 дугаар хороо, Өнөр хороолол 256 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-2201017476 дугаартай 168 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай барилга, мөн хаягт байрлах, 84 м.кв талбайтай 23/8590 18637310658811 нэгж талбарын дугаартай эзэмших эрхтэй газрын 152 475 417 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх, Хан-Уул дүүрэг, 11 хороо, Удирдлагын академи, Зайсангийн гудамж, 50 дугаар байр, 9 тоотод байрлах, улсын бүртгэлийн 2206006000 дугаарт бүртгэлтэй, 80.14 м.кв талбайтай орон сууцыг 150 266 000 төгрөг гэж тогтоосон үнэлгээг хүчингүй болгуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” Гэж, шийдвэрийн 2 дах заалтын “...үлдээсүгэй...” гэснийг “...үлдээж, хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас улсын тэмдэгтийн хураамжинд 35 100 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.” гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

                                                       

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Н.БАТЗОРИГ

 

 

                        ШҮҮГЧИД                  Ч.ЦЭНД

 

 

                                                                          С.ЭНХТӨР