Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
Хэргийн индекс | 128/2016/0821/з |
Дугаар | 221/МА2017/0112 |
Огноо | 2017-02-02 |
Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 221/МА2017/0112
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Номуулин даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасанцогт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Лхагвасүрэн, Л.Сарнай нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 949 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Хэт” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 949 дүгээр шийдвэрээр: Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Хэт” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 6/681 тоот албан бичгийг хүчингүй болгон, 23.159.741 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн алдангийг өршөөн хэлтрүүлж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Лхагвасүрэн давж заалдах гомдолдоо: “...анхан шатны шүүх Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д “Өршөөл үзүүлэх тухай хууль тогтоомж нь Монгол улсын Үндсэн хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Захиргааны хариуцлагын тухай хууль, энэ хуулиас бүрдэнэ” гэж заасныг зөрчин Нийгмийн даатгалын тухай хуулиар хариуцлага хүлээсэн этгээдийг дээрх хуулийн үйлчлэлд хамруулж шийдвэрлэсэн.
Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай" хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д “Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ”, 10 дугаар зүйлийн 10.2-т “Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулах үндэслэл нь 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө шүүхийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоол, шийдвэр, төрийн эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр зэргээр тогтоогдсон байна” гэж заасан хэдий ч энэ нь мөн хугацаанаас өмнө захиргааны шийтгэл хүлээсэн этгээд бүрийг өршөөн хэлтрүүлнэ гэсэн үг биш, зөвхөн уг хуулийн 2.1-д заасан хуулиудаар хариуцлага хүлээсэн этгээдийг өршөөх хязгаарлагдмал зохицуулалт юм.
Шүүх хариуцагчийн анхан шатны шүүхэд гаргасан хариу тайлбарын 1, 2, 3 дахь хэсгийг хуулийн үндэслэлтэй үгүйсгэж, тайлбарлалгүй шийдвэрээ гаргасан. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1, 34.2 дахь хэсэгт заасныг зөрчжээ.
Шүүх эсрэг утга агуулгатай 2 хуулийн заалт буюу хариуцлага тооцох тухай Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, хариуцлагаас чөлөөлөх тухай Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь заалтыг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн нь утга агуулгын зөрчилтэй байна.
Эдгээрт үндэслэн шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэж буй тул шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 3019 дүгээр шийдвэрээр Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1.1, 20 дугаар зүйлийн 1.2-т заасныг баримтлан “Хэт” ХХК-иас нийгмийн даатгалын шимтгэлийн өр 241858792 төгрөг, алданги 23159741 төгрөг, нийт 265018533 төгрөгийг гаргуулан Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст олгохоор шийдвэрлэжээ.
Анхан шатны шүүх дээрх “Хэт” ХХК-иас гаргуулахаар шийдвэрлэсэн нийгмийн даатгалын шимтгэлийн алданги болох 23159741 төгрөгийг өршөөлд хамруулж шийдвэрлэсэн нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн зорилго, зохицуулалттай нийцсэн байна.
Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь ...зарим этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулна”, 4 дүгээр зүйлийн 4.3-д “Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ” гэж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөлд хамруулахаар заасан.
Захиргааны хариуцлагын тухай хуулийн 3 дугаар зүйлд “Монгол Улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр буюу тухайн нутаг дэвсгэрт дагаж мөрдүүлэхээр тогтоосон захиргааны журам санаатай буюу болгоомжгүйгээр зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг захиргааны зөрчил гэж үзнэ” гэж хууль тогтоогчоос захиргааны журам гэдэгт нийтээр дагаж мөрдүүлэхээр тогтоосон зан үйлийн горим, эрх зүйн хэм хэмжээг хамруулан, өргөн утгаар хуульчилжээ.
Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1-д “нийгмийн даатгалын тухай хууль тогтоомж зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол нийгмийн даатгалын шимтгэл төлөгчид дараах хариуцлага хүлээлгэнэ:” 2/-т “дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлж, шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,3 хувийн алданги ногдуулна...” гэж нийгмийн даатгалын хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлагыг тодорхой заасан байна.
Иймд дээрх заалтыг үндэслэн “Хэт” ХХК-иас гаргуулахаар шийдвэрлэсэн нийгмийн даатгалын шимтгэлийн алданги болох 23159741 төгрөгийн алданги нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д заасан захиргааны шийтгэлд хамаарч байх тул уг хуулийн үйлчлэлд хамруулах нь зөв, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...зөвхөн хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д заасан хуулиудаар хариуцлага хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ” гэх гомдол үндэслэлгүй.
Харин анхан шатны шүүх Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 6/681 дүгээр албан бичгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна.
Учир нь дээрх албан бичгээр “Хэт” ХХК-ийн гаргасан “нийгмийн даатгалын байцаагчийн актаар ногдуулсан алдангийг “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу өршөөлд хамрагдах” хүсэлтэд “уг хуулийн үйлчлэлд Нийгмийн даатгалын тухай хууль хамаарахгүй тул алдангийг өршөөн хэлтрүүлэх үндэслэлгүй” гэх хариу өгсөн нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д тодорхойлсон захиргааны актын шинжийг агуулаагүй байна.
Иймээс нэхэмжлэлийн энэ шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзах нь зүйтэй гэж үзлээ.
Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 949 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Хэт” ХХК-ийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, “Хэт” ХХК-иас гаргуулахаар шийдвэрлэсэн нийгмийн даатгалын шимтгэлийн алданги болох 23159741 төгрөгийг өршөөн хэлтрүүлж, “Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 6/681 дүгээр албан бичгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ О.НОМУУЛИН
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН