Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 2020/ДШМ/840

 

Л.А, Т.Н нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Гантулгабат,

шүүгдэгч Т.Н,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 2020/ШЦТ/935 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ц.Гантулгабатын бичсэн 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 58 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлээр Л.А, Т.Н нарт холбогдох 2006007811134 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            1. Б овгийн Лын А, 1990 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын засал хийдэг гэх, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сум, 6 дугаар баг, Үндсэн тосгон, 66 дугаар брак гудамжны 0 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 20-520 тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй;

            2. Б овгийн Тийн Н, 1991 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Ховд аймагт төрсөн, 28 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Булаг” худалдааны төвд гоо сайхны барааны худалдагч ажилтай, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүн Баян-Уулын 21 гудамжны 34 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 20-520 тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй;

            Л.А нь 2020 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эко” хүнсний дэлгүүрийн орчим гээгдүүлсэн иргэн С.Гийн “Samsung Galaxy А-50” загварын гар утсыг иргэн Т.Н олж авсныг буюу гэмт хэргийн улмаас олсон гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан гэмт хэрэгт,

            Т.Н нь 2020 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эко” хүнсний дэлгүүрийн орчим явж байхдаа иргэн С.Гийн гээгдүүлсэн “Samsung Galaxy А-50” загварын гар утсыг гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бусдад 782.910 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Л.Агийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Т.Нийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Бн овогт Лн Аг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б овогт Тийн Нийг гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ад хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.А нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Нт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.Нт шүүхээс оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

            Прокурор Ц.Гантулгабат бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Яллагдагч нараас прокурорын шатанд гаргасан хүсэлтийг хүлээн авч, хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж прокурор дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээ, ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай саналыг яллагдагч нарт танилцуулсан ба яллагдагч нар уг саналыг зөвшөөрсөн тул яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Тодруулбал, яллагдагч Л.Аг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх, харин яллагдагч Т.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох санал тус тус гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагч нарт танилцуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр шилжүүлсэн хэргийг хүлээн авсан шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зөвхөн ял оногдуулах шүүх хуралдааныг зарлан явуулах бөгөөд харин хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх боломжгүй гэж үзсэн тохиолдолд хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргах эрх хэмжээг шүүхэд олгожээ. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байтал Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх ял оногдуулах шүүх хуралдааныг 5 дугаар сарын 18-ны өдөр зарлан явуулсан боловч хэрэглэх ёсгүй хуулийн зүйл, заалт хэрэглэж, мөн өдрийн 2020/ШЗ/1749 дугаартай “Шүүх хуралдааныг хойшлуулж, ердийн журмаар шийдвэрлэх тухай” шүүгчийн захирамж гаргасан. Улмаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэсэн нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж буй ажиллагаан дахь прокурорын хяналт, цаашлаад яллагдагчид хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээ, ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай саналыг танилцуулах, яллагдагч уг саналыг хүлээн зөвшөөрөх зэрэг хуульчлан тогтоосон энэхүү харилцаанд прокурорын оролцоо, түүнд олгогдсон эрх хэмжээг үгүйсгэж буй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд заасан “Шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэсэн “хууль ёсны байх” үндсэн зарчмыг зөрчсөн зөрчил гэж үзнэ. Учир нь хэргийг ердийн журмаар шийдвэрлэх асуудлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зөвхөн прокурорын тогтоолоор шийдвэрлэхээр зохицуулсан. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдож байх тул Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 2020/ШЦТ/935 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

            Шүүгдэгч Т.Н “Тус шүүх хуралдаанд гаргах тайлбаргүй.” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Л.А нь 2020 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эко” хүнсний дэлгүүрийн орчим гээгдүүлсэн иргэн С.Гийн “Samsung Galaxy А-50” загварын гар утсыг иргэн Т.Н олж авсныг буюу гэмт хэргийн улмаас олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан гэмт хэрэг,

Т.Н нь 2020 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эко” хүнсний дэлгүүрийн орчим явж байхдаа иргэн С.Гийн гээгдүүлсэн “Samsung Galaxy А-50” загварын гар утсыг гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бусдад 782.910 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч С.Гийн “...“Эко” гээд хүнсний дэлгүүрээс юм худалдаж авахаар үүдэнд зогссон. Нөхөр машин дотор үлдээд би машинаас буугаад дэлгүүр орж, ... гарч ирээд нөхөр гар утсаа надаас асуусан бөгөөд би нөхрийн гар утсаар дэлгүүр орохын өмнө хүнтэй ярьж байсан. ...Буухдаа унагаасан байж магадгүй. ...” /хх 5, 8-10/,

Л.Агийн яллагдагчаар өсгөн “...Манай эхнэр Н нь ... Супер маркетын гадаа “Samsung Galaxy A50” загварын цагаан өнгийн утас олсон талаар хэлсэн. ...Манай эхнэр тухайн утасны сим картыг салгаад цэнэглэж ... асаагаад үзсэн чинь ямар нэгэн кодгүй, шууд асч байхаар нь би өөрийн 80034864 дугаарыг хийгээд ... барьж эхэлсэн. ...” /хх 39-40/ гэх мэдүүлгүүд,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 4/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 23-24/, “Юнител” ХХК-ийн албан бичиг /хх 19/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч оролцогч нарыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Т.Нийг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Л.Аг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, эд зүйлийг мэдсээр байж авч ашигласан тус тус гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Т.Нийн хохирогч С.Гийн гээгдүүлсэн “Samsung Galaxy А-50” загварын гар утсыг гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бусдад 782.910 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Л.Агийн хохирогч С.Гийн гээгдүүлсэн “Samsung Galaxy А-50” загварын гар утсыг Т.Н олсон буюу гээгдэл эд хөрөнгийг завшиж байгааг мэдсээр байж буюу гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага оногдуулсан нь үндэслэл бүхий болжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, хохирогч С.Г нь шүүгдэгч Л.А, Т.Н нартай эвлэрсэн талаарх баримт /хх 83/, шүүгдэгч нарын “...хохирлоо барагдуулсан, гэм буруугийн талаар маргаан байхгүй” /хх 84-85/ гэсэн хүсэлтүүд зэргийг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар прокурор Ц.Гантулгабат 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр шүүгдэгч Л.Ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх санал, Т.Нт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох оногдуулах санал /хх 93/ тус тус гаргасныг яллагдагч нар зөвшөөрч гарын үсэг зуржээ.

Энэ тохиолдолд прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3 дахь заалтад заасан нөхцөл байдал тогтоогдсон эсэхийг хянаад, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзвэл хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналыг яллагдагчид танилцуулж, зөвшөөрвөл гарын үсэг зуруулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд даруй шилжүүлэх хуулийн зохицуулалттай.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянаж, хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргахаар заасан байна.

Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Прокурор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзвэл хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээ, эсхүл ялаас чөлөөлөх, эсхүл ял оногдуулахгүй тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай саналыг яллагдагч, түүний өмгөөлөгчид танилцуулж, яллагдагч зөвшөөрвөл гарын үсэг зуруулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд даруй шилжүүлнэ.” гэж заасан ажиллагааг хийсэн байхад энэ байдлыг үгүйсгэн шүүх хуралдааныг хойшлуулж хэргийг ердийн журмаар хэлэлцэхээр шүүгчийн захирамж гаргажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад энэ хуульд заасан ердийн журмаас гадна энэ бүлэгт заасан тусгай журмыг баримтална.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх тухайн хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл хүлээн авсан даруй, эсхүл 7 хоногийн дотор ял оногдуулах шүүх хуралдаан зарлан явуулж болно.” гэж тус тус зааснаас үзэхэд шүүх хэргийг хүлээн авсан даруй шийдвэрлэх боломжгүй бол 7 хоногт багтаан шүүх хуралдаан хийх, шүүх хуралдааныг хойшлуулсан боловч уг хугацааны дотор шүүх хуралдааныг хийснийг хуульд заасан 7 хоногт багтаан шүүх хуралдааныг явуулсан гэж үзнэ.

Түүнчлэн шүүгдэгч нарт холбогдох хэргийг шүүх хуульд зааснаар 7 хоногийн дотор хянан шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй ба хуульд заасан хугацаа зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.

Мөн анхан шатны шүүх нь шүүгдэгч Л.А, Т.Н нарт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэрэг нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлагын талаар прокуророос гаргасан саналын хүрээнд тэдний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байх тул прокурор Ц.Гантулгабатын “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байтал Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх ял оногдуулах шүүх хуралдааныг 5 дугаар сарын 18-ны өдөр зарлан явуулсан боловч хэрэглэх ёсгүй хуулийн зүйл, заалт хэрэглэж, мөн өдрийн 2020/ШЗ/1749 дугаартай “Шүүх хуралдааныг хойшлуулж, ердийн журмаар шийдвэрлэх тухай” шүүгчийн захирамж гаргасан. Улмаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэсэн нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж буй ажиллагаан дахь прокурорын хяналт, цаашлаад яллагдагчид хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээ, ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай саналыг танилцуулах, яллагдагч уг саналыг хүлээн зөвшөөрөх зэрэг хуульчлан тогтоосон энэхүү харилцаанд прокурорын оролцоо, түүнд олгогдсон эрх хэмжээг үгүйсгэж буй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд заасан “Шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэсэн “хууль ёсны байх” үндсэн зарчмыг зөрчсөн зөрчил гэж үзнэ. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 2020/ШЦТ/935 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах саналтай байна. ...” гэсэн агуулга бүхий улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй болно.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Ц.Гантулгабатын бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 2020/ШЦТ/935 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Ц.Гантулгабатын бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Т.ӨСӨХБАЯР

                        ШҮҮГЧ                                                                       Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                        ШҮҮГЧ                                                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ