Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 766

 

 

 

 

 

 

 

  2020          6             16                                              2020/ДШМ/766

 

 

Г.Ж, А.Х нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Б.Ариунхишиг, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Цогтгэрэл,

шүүгдэгч /хохирогч/ А.Х,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 2020/ШЦТ/377 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Г.Цогтгэрэлийн бичсэн улсын яллагчийн эсэргүүцлээр Г.Ж, А.Х нарт холбогдох эрүүгийн 1909046060273 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Г.Ж,

А.Х,

 урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 344 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, уг ялыг 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр эдэлж дууссан,

            Шүүгдэгч А.Х нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2019 оны 12 дугаар сарын 4-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хүнсний 4 дүгээр дэлгүүрийн гадна үл ялих зүйлээр шалтаглан иргэн Б.Алтангэрэл, Г.Ж нарын нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

            Шүүгдэгч Г.Ж нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2019 оны 12 дугаар сарын 4-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хүнсний 4 дүгээр дэлгүүрийн гадна үл ялих зүйлээр шалтаглан А.Хын нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Г.Жгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, А.Хын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч А.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Г.Жг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч А.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Г.Жг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Х, Г.Ж нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, шүүгдэгч А.Х, Г.Ж нар нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Г.Цогтгэрэл бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэх дараах нөхцөл байдал байна. Үүнд:

Шүүхийн шийтгэх тогтоолын ТОГТООХ хэсгийн 2 дахь хэсэгт “...Шүүгдэгч А.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар, Шүүгдэгч Г.Жг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй...” гэж шийдвэрлэсэн байна.

Гэтэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчим алдагдсан буюу ял шийтгэлийг ялгамжтай оногдуулаагүй байна.

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 2020/ШЦТ/377 дугаартай шийтгэх тогтоолыг хэргийн бодит байдалтай нийцээгүй үндэслэлээр хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон прокурорын эсэргүүцэл бичсэн.” гэв.

Шүүдэгч /хохирогч/ А.Х тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Хэлэх тайлбар байхгүй.” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын бичсэн улсын яллагчийн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч А.Х нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2019 оны 12 дугаар сарын 4-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хүнсний 4 дүгээр дэлгүүрийн гадна үл ялих зүйлээр шалтаглан иргэн Б.Алтангэрэл, Г.Ж нарын нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Г.Жгийн “...тэгтэл А.Х дахиж ирээд миний уруул, хамар орчим гараараа нэг удаа цохиж энэ гэмтэл учруулсан. ... ” /хх 10/,

хохирогч Б.Алтангэрэлийн “...тэгтэл нэг хөгшин бараан өнгийн хувцастай ах ирээд үгийн зөрүүгүй миний уруул хэсэгт гараараа цохисон. Яг хэдэн удаа цохисныг мэдэхгүй  байна. Ингээд манай найз салгаж байх үед манай найзыг нөгөө хөгшин ах бас цохихоор нь манай найз араас нь хөөж очоод нүүр рүү цохисон. ...” /хх 15/,

шүүгдэгч А.Хын “...тэр үед би нэг залуугийн нүүр рүү гараараа нэг удаа цохисон..., тэгтэл нөгөө залуу нь болох туранхай намхан хар курткатай залуу нь намайг хөөж гүйгээд Черри дэлгүүрийн үүдэнд гүйцэж ирээд намайг бариад авахаар нь зөрүүлээд барьцалдаж авсан. ...” /хх 53/ гэх мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “Б.Алтангэрэлийн биед баруун дээд 2 дугаар шүдний сулрал, дээд уруулд шарх, баруун шуу, нуруу, хэвлийд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” /хх 30/, “Г.Жгийн биед хамрын нуруу, цээжний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, уруул, баруун хацар, баруун тохойны цус хуралт, зулгаралт, уруулын дотор салстын язарсан шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо. ...эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” /хх 26/ гэх шинжээчийн дүгнэлтүүд зэрэг баримтуудаар,

Шүүгдэгч Г.Ж нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2019 оны 12 дугаар сарын 4-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хүнсний 4 дүгээр дэлгүүрийн гадна үл ялих зүйлээр шалтаглан А.Хын нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч А.Хын “...Тэгээд зууралдаж байгаад би тонгойсон чинь хамар руу өшиглөж энэ гэмтлийг учруулсан. ...” /хх 8/,

шүүгдэгч Г.Жгийн “...миний уруул руу цохихоор нь би гараараа нүүр рүү нь цохиод түлхсэн. ...” /хх 49/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “А.Хын биед хамар ясны хугарал, хамрын нуруунд цус хуралт, зүүн сарвуунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...эрүүл мэндийг түр хугацаагаар сариулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” /хх 23/ гэх шинжээчийн дүгнэлт, А.Хын гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /хх 5/, илтгэх хуудас /хх 6/ зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлаж хэргийн үйл баримтыг шүүгдэгч А.Хыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Г.Жг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан хэмээн дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Г.Жгийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, шүүгдэгч А.Хын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргүүдийн шинжийг тус бүр бүрэн агуулсан, анхан шатны шүүх мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, түүнийг зөв тайлбарлан тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэж заасантай нийцсэн гэж үзнэ.

Прокурор Г.Цогтгэрэлийн бичсэн улсын яллагчийн “...ял шийтгэлийг ялгамжтай оногдуулаагүй байна. ...377 дугаартай шийтгэх тогтоолыг хэргийн бодит байдалтай нийцээгүй үндэслэлээр хүчингүй болгож өгнө үү. ...” гэх утга бүхий эсэргүүцлийг хүлээн авах боломжгүй байна.

Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдах учиртай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дэх хэсэгт “Шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болно” гэж тодруулан хуульчилжээ.

 

Эрүүгийн хэргийн нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болох гэдэг нь тухайн эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлах, шалгах, үнэлэх процесс ажиллагааг цогц утгаар илэрхийлдэг.

Ингэхдээ шүүхээс шүүхийн шийдвэрийн эх сурвалж болж байгаа нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй, хуульд заасан арга, хэрэгслээр цугларсан, бэхжүүлсэн эсэхийг тал бүрээс нь бүрэн, бодиттой шинжлэн судалж, тэдгээрт хууль, эрх зүйн дүгнэлт хийх зэрэг хооронд нягт уялдаа холбоо бүхий ажиллагаа хамаардаг.

Дээрх байдлыг нягт нямбай хянасны үндсэн дээр шүүхээс гэмт хэргийг сэргээн дүрслэх замаар хэргийн болж өнгөрсөн жинхэнэ нөхцөл байдлыг бүрэн, бодиттой тогтоож, энэ тухай хууль зүйн дүгнэлт гаргадаг.

Иймээс шүүх нь хийсвэр бус, харин шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор нэгэнт шалгагдсан буюу бэхжүүлж, хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан шинжлэн нягталж үзсэний үндсэн дээр хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үйл баримтыг өөрийн дотоод итгэлээрээ үнэлдэг.

Хохирогч А.Хын “...тэр буудал дээр зогсдог зүс таних таксины жолооч нэг хүнтэй маргаад, цээж нүцгэн залуу агсраад байхаар нь зодоон болж магадгүй гэж бодоод боль гэсэн чинь тэр цээж нүцгэн залуугийн найз бололтой 2 залуу ирээд хэрүүл  хийсэн. ...” /хх 8/, хохирогч Г.Ж “...Алтангэрэл дахиад нөгөө таксины жолоочтой хэрүүл хийсэн. ...” /хх 10/, хохирогч Б.Алтангэрэл “...тэгэхээр нь Г.Ж бид хоёр буусан, буучихаад би явахгүй юм бол яах гэж энд зогсдог юм гээд бид хоёр маргалдсан. ...” /хх 12/ гэсэн мэдүүлгүүд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаас дүгнэхэд Г.Ж, Б.Алтангэрэл нар таксины жолоочтой маргалдалсны улмаас гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон гэж дүгнэх боломжтой байна.

Хэдийгээр шүүгдэгч А.Х хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Г.Жгийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигийн хувьд илүү байгаа ч тухайн гэмт хэрэг гарахад хохирогч нарын зүй бус үйлдэл нөлөөлсөн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх ёстой.

Анхан шатны шүүх нотлох баримтуудад тулгуурлан хэргийн бодит байдалд нийцсэн дүгнэлт хийж, улмаар шүүгдэгч нарт ял оногдуулахдаа энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзсэн нь хууль зөрчөөгүй болно.

Гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогч нарын зан төлөв, гэмт этгээд, хохирогч хоорондын харилцааны онцлог зэрэг нь гэм буруу болон гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл, гэмт хэрэг үйлдсэн хүнд ял шийтгэлийг оногдуулахад чухал ач холбогдолтой.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон хэргийн хэмжээний хүрээнд хууль зүйн дүгнэлт хийж эрүүгийн хариуцлагыг тухайн зүйл, хэсэгт заасан ял оногдуулсныг хууль буруу хэрэглэсэн үзэхгүй.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн гэж үзнэ.

Мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн талаар прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлд заасан хянавал зохих асуудлуудыг бүрэн хянасан, шүүхийн шийтгэх тогтоол нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 2020/ШЦТ/377 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Г.Цогтгэрэлийн бичсэн 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 18 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14  хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                М.ПҮРЭВСҮРЭН

 

 

ШҮҮГЧ                                                                        Б.АРИУНХИШИГ

 

           

ШҮҮГЧ                                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ