Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 184/ШШ2021/00868

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг,  дугаар хороо,  хороолол, ард аюушийн өргөн чөлөө гудамж,  байр, тоот хаягт оршин суух, Х овогт Д-ийн Б /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

  Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг,  дүгээр хороо, Толгойт  гудамж, тоот хаягт оршин суух, Б овогт Г-ийн Г /РД: /,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг,  дүгээр хороо, Толгойт гудамж, 663 тоот хаягт оршин суух, Ч овогт Л-ийн Э нарт  холбогдох,

 

Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойт 48 дугаар гудамж, 663 тоот хаягт байрлах газар, хашаа хувийн сууцыг Г.Г, Л.Э нарын хууль бус эзэмшлээс албадан нүүлгэж, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Б, түүний өмгөөлөгч Б.О, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Номинжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр шүүхийн шийдвэрээр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойт 48 дугаар гудамж, 663 тоот хаягт байршилтай хашаа, байшингийн өмчлөгч нь өөрчлөгдөж Д.Б миний бие уг үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нь болсон. Г.Г-тэй 2 удаа утсаар ярьж тухайн хашаа байшинг чөлөөлж өгөх талаар ярьсан боловч нүүхээс татгалзсан. Иймд газар өмчлөх эрхийн Г2201000538 дугаарт бүртгэгдсэн, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Y2201013330 дугаарт бүртгэгдэж гэрчилгээ олгогдсон миний өмчлөлийн хашаа, байшингаас Г.Г болон түүний гэр бүлийг эд хөрөнгийн хамт албадан нүүлгэж өгнө үү.

Би 2020 оны 5 дугаар сараас шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас өөрийн нэр дээр уг хашаа байшинг шилжүүлэн авч уг хашаа байшин дээр амьдарч байгаа Л.Э, Г.Г гэдэг 2 хүнийг албадан нүүлгэх тухай нэхэмжлэл шүүхэд гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Уг хашаа байшин 2015 онд Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба дээр хураагдаад, ажиллагаа нь явагдаад, битүүмжлэгдээд, дуудлага худалдаагаар хоёр удаа ороод, очоод үзэхэд хүнгүй байсан газар одоо гэнэт ингээд хүнтэй болчихсон. Хариуцагч талын хэлж байгаа шиг зүйл байхгүй. Анх Г.Г-ийн гэр бүл амьдарч байгаа гэсэн учир бид Г.Г-т холбогдуулан нэхэмжлэлээ гаргаж байсан боловч хариуцагч Г.Г нь өөрөө хариуцахгүй, одоо Л.Э амьдарч байгаа гэсэн учир бид энэ 2 этгээдийг хамтад нь хариуцагчаар татан оролцуулахаар хүсэлт гаргасан. Л.Э мөн өөрөө амьдарч байгаагаа зөвшөөрч байгаа учир өөрийн өмчлөлийн хашаа байшингаа эдгээр хүмүүс болон хамт амьдарч байгаа гэр бүлийнх нь хамтаар албадан нүүлгэж чөлөөлүүлэх хүсэлтэй байна. Нэхэмжлэлээ бүрэн дэмжиж байна гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Яагаад хариуцагч талаас худалдаж борлуулаагүй гээд худлаа яриад байгааг мэдэхгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа Г.Г, С.Г хүмүүсийн нэр дээр явагдаж, битүүмжлэх ажиллагаа хүртэл хийгдсэн байдаг. Ийм ажиллагаа явагдаж байгааг хариуцагч нар мэдэж л байсан шүү дээ. Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойт 48 дугаар гудамж 663 тоот хаягт байрлах хувийн сууц, гражийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байрлах газрын өмчлөгчөөр Д.Б мөн байна гэсэн улсын бүртгэлийн гэрчилгээ хүртэл байна. 2014 онд эдгээр хүмүүсийн хооронд хийгдсэн хэлцлийн хүчин төгөлдөр байдал болон өмчлөлтэй холбогдуулан шүүхэд хандах эрх нь нээлттэй байсан ч эдгээр хүмүүс тухайн үедээ мэдэж байсан хирнээ хандаагүй байдаг.  Г.Г, Л.Э, С.Г гээд хүмүүс хоорондоо ямар байдлаар хэлцэл хийсэн талаар бид мэдэхгүй. С.Г-с үүргийн гүйцэтгэлийн барьцаа болгож шилжүүлсэн хөрөнгөд дээрх гэрээнүүд шууд хамааралтай биш юм. 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 2418 дугаартай Д.Б-д 23,475,000 төгрөг гаргуулах тухай шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж, ажиллагааны явцад төлбөр төлөгч С.Г нас барж ажиллагаа түр зогссон байсан. Ингээд өв залгамжлагчаар Л.Б тогтоогдсоны дагуу ажиллагааг үргэжлүүлэн хийж уг үл хөдлөх эд хөрөнгийг төлбөрт тооцон шилжүүлэхээр тохиролцсон. Энэ бүх ажиллагааны явцад хариуцагч нар мэдэж байсан. Учир нь эдгээр хүмүүс хоорондоо төрөл садангийн холбоотой хүмүүс байсан. Ажиллагааны явцад гомдол санал гаргах эрх нь байсан ч гаргаагүй.

Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасны дагуу хариуцагч нарыг албадан нүүлгэж чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Г.Г шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нь иргэн Д.Б нэхэмжлэлийг уншиж танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойт 48 дугаар гудамж 663 тоот хаягт байршилтай 0.7 га бүхий талбайтай газар буюу өмчлөх эрхийн Г2201000538 үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Г2201013330 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг миний бие өмчилдөггүй болно. Тухайн газар /хоосон газар байхад нь/ болох эд хөрөнгийг миний бие иргэн Л.Э-тай гэр бүл болоод 1998 онд анх худалдан авч байсан бөгөөд 1999 оны зун 10х8 хэмжээтэй байшинг өөрсдөө барьж босгон амьдарч ирсэн. Улмаар 2002 онд 2 автомашины гараж нэмж барьсан бөгөөд 2012 онд байшингаа томсгоод 12х4 хэмжээтэйг хажуу талд нь нэмж залгаж барьсан. Миний хувьд 2015 оноос эхлэн иргэн Л.Э-с тусдаа амьдарч байсан бөгөөд гэр бүлээ 2018 онд албан ёсоор цуцлуулсан. Л.Э нь одоо 2 хүүхдийн хамт тус газар амьдардаг болно. Би иргэн Д.Б-г мөнгө хүүлэгч гэдгийг мэддэг бөгөөд утсаар ярьсны дараа Л.Э-тай холбогдож хэлэхэд иргэн Л.Э нь энэ өөрийн нэр дээр байсан үл хөдлөх хөрөнгийг хэзээ ямар замаар иргэн Д.Б нэр дээр шилжсэн учрыг мэдэхгүй байсан. Миний хувьд Д.Б-ийн нэхэмжлэлд иргэний хариуцагч байх боломжгүй байна. Одоо тухайн газарт иргэн Л.Э нь өөрийн хүүхдийн хамт амьдардаг болно гэжээ.

 

Хариуцагч Л.Э шүүхэд гаргасан тайлбартаа:Миний бие Л овогтой Э нь иргэн Д.Б-ийн гаргасан нэхэмжлэлийг гардан авсан бөгөөд дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд миний бие Л.Э нь тус нэхэмжлэл дээрх газар болон Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойт 48 дугаар гудамж 650 тоот хаягт 1998 оноос эхлэн амьдарч 2004 онд өмчилж авсан үүнээс хойш одоог хүртэл байгаа болно. Л.Э нь 2004 онд дан ганц өөрийн нэр дээр өмчилж авсан газраа бусдад зарах, барьцаалах, худалдах зорилгоор ямар нэгэн гэрээ хийж байгаагүй. Нэхэмжлэгч Д.Б нь миний эд хөрөнгийг ямар аргаар өөрийн нэр дээр шилжүүлж авсныг сайн мэдэхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй боломжгүй гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Г өмнөөс яриад байх зүйл нээх их байхгүй. Тэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Тэрээр өөрөө тэнд амьдардаггүй бөгөөд түүний хүүхэд, хуучин нөхөр нь уг хашаа байшинд амьдардаг. Эд хөрөнгөө тэрээр бусдад шилжүүлж байгаагүй. Огт зарж байгаагүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Хариуцагч Л.Э-ын хувьд мөн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. 2002 оноос хойш одоог хүртэл энэ хашаа байшинг барьж амьдарч байгаа. Өөрийнх нь нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ нь гарсан. Өөрөө өмчилсөн, үүнээс хойш нэг ч удаа өмчлөх эрхээ хэн нэгэнд шилжүүлж байгаагүй. Барьцаалж зээл аваагүй. Иргэн Д.Бн нэр дээр шилжсэн гэдгийг 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Д.Б өөрөө ирж хэлснээр мэдсэн. Өөрийнхөө бий болгосон, 20 жил амьдарсан эд хөрөнгөө бусдад шилжүүлээгүй. Зараагүй, барьцаалаагүй байж энэ эд хөрөнгөө бусдад өгөх боломжгүй. Угаасаа өөрийнх нь өмч хэвээр байгаа. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Хэргийн материалын 152 хуудас дээр байгаа. Эзэн нь өөрөө тэр гэрээнд оролцоогүй, хүсэл зоригоо илэрхийлээгүй шүү дээ. 2014 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хийгдсэн гээд байгаа гэрээнд миний ах Л.Э оролцож, гарын үсэг зураагүй. Бусдын эд хөрөнгийг ингээд ямар ч хамаагүй аргаар авч болдог юм уу. С.Г гээд хүн байгаа. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр гэрээ дээрх гарын үсэг Л.Э-х биш гэдэг нь тогтоогдсон байгаа. Миний ах хэн нэгэнд өмч хөрөнгөө шилжүүлээгүй, худалдан борлуулаагүй, барьцаалаагүй. 2004 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Л.Э-ын нэр дээр энэ өмч хөрөнгө бүртгэгдсэн. Хэнд ч барьцаалж зээл аваагүй. Хэнд ч шилжүүлээгүй. 21 жил энд амьдарч байна. Энэ бол Л.Э-ын хөрөнгө юм. Энэ хүнээс мөнгө зээлж аваагүй. Тэр зээл авсан хүний өв залгамжлагч, өвлөгчөөс энэ өр төлбөрөө нэхнэ үү. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Г.Г-т холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 48 дугаар гудамж, 663 тоот хаягт байрлах хашаа байшингаас түүнийг гэр бүл, эд хөрөнгийн хамт албадан нүүлгэж чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаар Л.Э нэмж оролцуулан, дээрх хариуцагч нарт холбогдуулан өөрийн өмчлөлийн хашаа байшинг Г.Г, Л.Э нарын хууль бус эзэмшлээс албадан нүүлгэж, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж байна.

 

Зохигчдын шүүхэд гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Д.Б нь Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 48 дугаар гудамж, 663 тоот хаягт байрлах Ү-2201013330 дугаарт бүртгэлтэй, 129 м.кв талбайтай хувийн сууц, гараж болон мөн хаягт байрлалтай, нэгж талбарын 1803100413 дугаартай, 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний газрын хууль ёсны өмчлөгчөөр 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдөр бүртгүүлэн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000793554 дугаартай гэрчилгээг, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000609452 дугаартай гэрчилгээг тус тус авсан болох нь хэргийг 4,5-р талд авагдсан баримтаар тогтоогдож байна.

Дээрх нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 48 дугаар гудамж, 663 тоот хаягт одоогоор Г овогтой Г, Л овогтой Э, Э овогтой А, Э овогтой О нар бүртгэлтэй, оршин суудаг болох нь Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргаас ирүүлсэн 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрйн 343 тоот албан бичгээр тогтоогдож байна. Талууд уг хорооны засаг даргын гарган ирүүлсэн баримтын талаар маргадаггүй бөгөөд харин хариуцагч Г.Г нь уг хаягт бүртгэлтэй боловч гэрлэлтээ цуцлуулсан тул одоогоор амьдардаггүй тайлбарыг гаргадаг. Энэ талаар талууд маргадаггүй. 

 

Хариуцагч Г.Г, Л.Э нар нь маргаан бүхий газар, хувийн сууцыг “....шүүхийн шийдвэрийн дагуу төлбөрт тооцон шилжүүлсэн талаар болон өмчлөгчөөр С.Г, Д.Б нар бүртгэгдсэн талаар мэдээгүй, бид хэн нь ч бусад этгээдтэй үл хөдлөх эд хөрөнгөө худалдах, худалдан авах тухай гэрээ хэлцэл хийгээгүй, 2014 оны 4 дүгээр сарын 09, 17-ны өдрийн гэрээнд Л.Э гарын үсэг зураагүй, хуурамч болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Өмчлөх эрх Д.Б шилжсэнийг 2020 оны 6 дугаар сард түүнийг ирж нүү гэж хэлэхэд мэдсэн..., бид энэ газар хашаа байшиндаа 2004 оноос хойш амьдарч байгаа...” гэсэн тайлбарыг гарган татгалзаж байна.

Хэрэгт авагдсан 2014 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн Л.Э, С.Г нарын хооронд байгуулагдсан худалдах худалдан авах гэрээгээр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 48 дугаар гудамж, 653 тоот хаягт байрлах нэгж талбарын 000264281 дугаарай, өмчлөх эрхийн Г-2201000538 дугаарт бүртгэлтэй 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний газрыг худалдах, худалдан авахаар, мөн 2014 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн Л.Э, С.Г нарын хооронд байгуулагдсан худалдах худалдан авах гэрээгээр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 48 дугаар гудамж, 650 тоот хаягт байрлах 129 м.кв талбай бүхий 0001311015 гэрчилгээний дугаартай, Ү-220101330 дугаарт бүртгэгдсэн хувийн сууц, гаражийг худалдах, худалдан авахаар гэрээ байгуулсны дагуу өмчлөгчөөр С.Г бүртгэгдэн гэрчилгээ олгогдсон байна. /хх-ийн 95-96, 135-138/  Улмаар С.Г-с уг үл хөдлөх эд хөрөнгийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 2418 дугаартай шийдвэрийг үндэслэн хийгдсэн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад төлбөрт тооцон Д.Б-н өмчлөлд шилжүүлэн улсын бүртгэлд бүртгүүлсэн үйл баримт тогтоогдож байна.

 

Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх хууль болон гэрээнд заасан үндэслэлээр үүсдэг бөгөөд талуудын хооронд  Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар гэрээ байгуулагдаагүй харин Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан ажиллагаагаар нэхэмжлэгч нь маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоогдсон болох нь хэрэгт авагдсан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 4-134/35002 тоот албан бичгээр тогтоогдож байна. Уг албан бичигт дурдсанаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 2418 дугаартай шийдвэрээр С.Г-с 23,475,000 төгрөг гаргуулж, Д.Б олгохоор шийдвэрлэсэн байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас дээрх шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж, төлбөр төлөгч С.Г нь төлбөрөө мөнгөн төлбөрөөр төлөөгүй, улмаар ажиллагааны явцад 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр нас барж, түүний төрсөн охин С.Б 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр өв  хүлээн авсан гэсэн үндэслэлээр НШШГА-нд хүсэлт гарган төлбөрт хураагдсан эд хөрөнгийг төлбөрийн үнийн дүнд тооцон төлбөр авагчийн нэр дээр шилжүүлж төлбөрийг барагдуулж байгаа тухай хүсэлтийг үндэслэн Сонгинохайрхан дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст газар, хувийн сууцны өмчлөх эрхийг төлбөр авагч Д.Б-н нэр дээр шилжүүлэн өмчлөгчөөр бүртгүүлэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон байна. /хх-ийн 83-87, 151-153-р тал/ Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар  С.Б нь С.Г-ын төрүүлсэн охин мөн бөгөөд С.Г, Л.Э нар нь нэг айлын хүргэн бэрүүд байсан гэсэн тайлбарыг гаргадаг. 

Дээрх Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 2418 дугаартай шийдвэрт “...нэхэмжлэгч С.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл тайлбартаа ..., ... уг орон сууцанд миний бие өөрийн төрсөн дүү С.Г, түүний нөхөр Л.Э, түүний хүү Э.А, охин Э.О, нарын хамт амьдарч байна...., ...Д.Б нь хашаа байшинг өөрийн нэр дээр шилжүүлэн авчихаад зарж борлуулж мөнгөө гаргаж авна гэх болсон. Улмаар хашаа байшингаа чөлөөлж өгөхийг шаардаж цагдаа хамгаалалтын хүн авч очиж албадан гаргана гэж сүрдүүлэх болсон...” гэснээс үзвэл 2015 оноос хойш өмчлөгч өөрчлөгдсөн, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж байгаа болохыг хариуцагч Г.Г, Л.Э над мэдэж байсан, мэдэх боломжтой байсан гэж үзэх үндэслэлтэй, хариуцагч нарыг “...Л.Э нь С.Г-тай гэрээ хэлцэл хийгээгүй, огтоосоо энэ талаар мэдээгүй байсан...” гэх тайлбарыг үгүйсгэж байна.

Мөн хариуцагч Г.Г, Л.Э нар нь дээрх хаягт 2004 оноос хойш гэр бүл болж хамт амьдарч байгаад 2018 онд албан ёсоор гэрлэлтээ цуцлуулсан гэсэн тайлбарыг гаргадаг бөгөөд энэ нь Г.Г-ийн Төрийн мэдээллийн сангаас 2020 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр гаргасан “гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа”-аар авагдсан гэр бүл цуцалснаас хойш гэр бүлгүй гэх тодорхойлолт /хх-ийн 68-р тал/ хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, хорооны засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна.

Энэ бүгдээс дүгнэн үзвэл хариуцагч Г.Г, Л.Э нар нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөл, түүний бүртгэлд орсон өөрчлөлт, гэрээ, хэлцлийн хүчин төгөлдөр байдлын талаар болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар мэдэх боломжтой байсан байх төдийгүй, зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандах эрх нь нээлттэй байжээ.  

Талууд хэн аль нь маргаан бүхий газар, хувийн сууц нь Г.Г, Л.Э нарын гэр бүлийн өмчлөлд байсан, одоо Д.Б-ийн өмчлөлд шилжсэн талаар болон одоогоор уг газар, хувийн сууц нь хариуцагч Л.Э түүний хүүхдүүдийн эзэмшилд байгаа талаар маргадаггүй. Гагцхүү хариуцагч нарын өмчлөлөөс С.Г өмчлөлд шилжсэн талаар маргадаг. Улмаар хариуцагч Л.Э нь 2014 оны 4 дүгээр сарын 09, 17-ний өдөр тус тус Л.Э, С.Г нарын хооронд байгуулагдсан гэх худалдах худалдан авах гэрээнд гарын үсэг зураагүй, миний гарын үсгийг хуурамчаар зурсан гэж тайлбарлан гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч Д.Б-д холбогдуулан гаргадаг бөгөөд нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд дээрх газар, хувийн сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхтэй холбоотой гэрээний харилцаа үүсээгүй, сөрөг шаардлагыг Д.Б-ийн газар, хувийн сууцыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгчийн шаардлагатай хамтад нь шийдвэрлэх боломжгүй, үндсэн нэхэмжлэлтэй харилцан тооцогдох боломжгүй гэж үзэн хүлээн авахаас татгалзсан болно.  

Түүнчлэн хэрэгт авагдсан 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 3255 дугаартай шинжээчийн 2014 оны 4 дүгээр сарын 09, 17-ний өдөр байгуулагдсан худалдах худалдан авах гэрээ гэх баримтад тус тус зурагдсан гарын үсэг нь Л.Э-ын гарын үсэгтэй тохирохгүй байна гэх дүгнэлт /хх-ийн 73-82-р хуудас/ нь 02418 дугаартай шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж С.Г-аас үл хөдлөх эд хөрөнгийг төлбөрт тооцон Д.Б-ийн өмчлөлд шилжүүлсэн үйл баримтыг үгүйсгэх, шууд хамааралтай гэж үзэх боломжгүй байна. Харин хариуцагч Л.Э нь дээрх хэлцлийн хүчин төгөлдөр байдлын талаар болон хэлцлийн улмаас зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандах эрх нь нээлттэй байна.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч Д.Б нь уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч мөн тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, мөн хуулийн 106.3-д Энэ хуулийн 106.1, 106.2-т заасан шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал, өмчлөгч шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна гэж заасны дагуу нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийн  өмчлөгчийн хувьд өмчлөх эрхээ хэрэгжүүлэх зорилгоор хариуцагчийн хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэх шаардлага гаргасан нь хуульд нийцэж байна гэж үзлээ.

Иймд Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 48 дугаар гудамж, 663 тоот хаягт байрлах Ү-2201013330 дугаарт бүртгэлтэй, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000793554 дугаартай гэрчилгээ бүхий 129 м.кв талбайтай хувийн сууц, гараж болон мөн хаягт байрлалтай, нэгж талбарын 1803100413 дугаартай, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000609452 дугаартай гэрчилгээ бүхий 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний газрыг тус тус хариуцагч Л.Э, Г.Г нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай Д.Б-н нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

 1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 48 дугаар гудамж, 663 тоот хаягт байрлах Ү-2201013330 дугаарт бүртгэлтэй, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000793554 дугаартай гэрчилгээ бүхий 129 м.кв талбайтай хувийн сууц, гараж болон мөн хаягт байрлалтай, нэгж талбарын 1803100413 дугаартай, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000609452 дугаартай гэрчилгээ бүхий 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний газрыг тус тус хариуцагч Л.Э, Г.Г нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Б-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Ч.НЯМСҮРЭН