Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2021/00104

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 сарын 28-ны өдрийн 184/ШШ2020/02926 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Д.Б-ийн хариуцагч Г.Г-т холбогдуулан гаргасан Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 48 дугаар гудамж, 663 тоот хаягт байрлах хашаа байшинг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй, гуравдагч этгээд Л.Энхбаярын гаргасан 2014 оны 04 сарын 09-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай бие даасан шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Б-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Оюунгэрэл, хариуцагч болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Сосорбарам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Д.Б- нь 2020 оны 05 сарын 11-ний өдрийн шүүхийн шийдвэрээр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойт 48 дугаар гудамж, 663 тоот хаягт байршилтай үл хөдлөх, эд хөрөнгийн өмчлөгч болсон. Иймд газар өмчлөх эрхийн Г-2201000538 дугаарт бүртгэгдсэн, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Y-2201013330 дугаарт бүртгэлтэй Д.Б-ийн өмчлөлийн хашаа, байшингаас Г.Г- болон түүний гэр бүлийг эд хөрөнгийн хамт албадан нүүлгэж өгнө үү гэжээ.

Хариуцагч тал хариу тайлбартаа: Нэхэмжлэлд дурдсан үл хөдлөх эд хөрөнгийг Г.Г- өмчилдөггүй. Тухайн газрыг хоосон байхад 1998 онд худалдан авч, 1999 онд 10х8 хэмжээтэй байшинг гэр бүлийн хүн Л.Энхбаярын хамт өөрсдөө барьсан. Улмаар 2002 онд 2 автомашины гарааш нэмэн барьж, 2012 онд байшингийн хэмжээг 12х4 болгож томруулсан. 2015 оноос эхлэн Л.Энхбаяраас тусдаа амьдарч, 2018 онд албан ёсоор гэрлэлтээ цуцлуулсан. Г.Г- нь Д.Б-ийн нэхэмжлэлд иргэний хариуцагч байх боломжгүй. Одоо тухайн газарт Л.Энхбаяр нь өөрийн хүүхдийн хамт амьдардаг гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Л.Энхбаяр хариу тайлбар болон шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Д.Б- нь Л.Энхбаярын өмчлөлийн улсын бүртгэлийн дугаар Г-2201000538, Ү22201013330 дугаартай Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо толгойт 48-663 тоот хаягт байршилтай 700 м.кв газар 129 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан байсныг, улмаар шүүхэд хандсаныг 2020 оны 06 сарын 03-ны өдөр охин Э.Оюун-Эрдэнэд танайх эндээс нүү гэж хэлснээр мэдсэн. Л.Энхбаяр Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтэст хандан өргөдөл гаргасныг шалгах явцад бэргэн н.Гантулга нь түүний гарын үсгийг хуурамчаар үйлдэн өөрийн нэр дээр шилжүүлсэн болохыг мэдсэн. Уг гарын үсэг хуурамч болохыг Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон. Мөн 2014 оны 04 сарын 09-ний өдөр хийгдсэн худалдах, худалдан авах гэрээний дагуу Л.Энхбаярын өмчлөлийн газар С.Гантулга руу шилжсэн байна. Л.Энхбаяр нь Монгол Улсын Замын-Үүдийн боомтоор 2014 оны 04 сарын 07-ны өдөр нэвтрэн гарч БНХАУ руу орсон. 2014 оны 04 сарын 09-ний өдөр Монгол Улсын хилээр нэвтрэн орж ирсэн ба 2014 оны 04 сарын 10-ны өдөр Монгол Улсын хилээр буцаж гарсан байдаг. Энэ нь Хил хамгаалах ерөнхий газраас авсан лавлагааны хариугаар нотлогдсон. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Л.Энхбаяр, Г.Г- нар нь гэр бүл байх хугацаандаа тэдний эзэмшлийн хашаа байшин нь 700 м.кв-аас илүү 850 м.кв орчим газартай байсан. Л.Энхбаяр, С.Гантулга нарын хооронд хийгдсэн гэх гэрээнд дурдагдсан газар нь 700 м.кв юм, гэрээнд огт дурдагдаагүй 130 орчим м.кв газрыг Л.Энхбаярын эхнэр байсан Г.Г- одоог хүртэл эзэмшдэг.Нэхэмжлэгчийн гаргасан нотлох баримт дунд талийгаачийн охин Г.Баянбилэгийн гаргасан өргөдөл байна. Г.Баянбилэг нь талийгаач С.Гантулгын өв залгамжлагч, өв хүлээн авагч гэдгээ хүлээн зөвшөөрөөд өвийг хүлээн авсан байна. Өв дагаад үүрэг хамт явах ёстой гэж үзэж байна. Нэгэнт Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн болон цагдаагийн байгууллагаар хууль зөрчиж хүний эд хөрөнгийг өөрийнхөө нэр дээр шилжүүлсэн. Иймээс Г.Баянбилэг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд өв залгамжлагч түүнээс мөнгөө нэхэмжлээч гэж хүсэж байна.

Иймд 2014 оны 04 сарын 09-ний өдрийн Л.Энхбаяр, С.Гантулга нарын хооронд хийгдсэн гэх худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч тал хариу тайлбартаа: Л.Энхбаяр нь 2014 оны 04 арын 07-ны өдөр БНХАУ руу орж, 2014 оны 04 сарын 09-ний өдөр Монгол улс руу нэвтрэн орж ирсэн гэсэн. Тиймээс Л.Энхбаяр өөрөө гэрээн дээр гарын үсэг зурах боломжтой гэж үзэж байна. Г.Г-ийг тус байшинд амьдардаг нь хорооны Засаг даргын тодорхойлолтоор нотлогдоно. Мөн Г.Г- нь тус байшинд амьдарч байх хугацаандаа газрыг таллаж авсан байдаг. Хуулийн дагуу хашаа, байшин С.Гантулгын нэр дээр шилжээд С.Гантулга Д.Б-тэй зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулсан, тиймээс энэ хэрэгт Л.Энхбаяр хамаагүй тул түүний нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Д.Б-ийн нэхэмжлэлтэй Д.Гантөмөрт холбогдох хашаа, байшингаас албадан нүүлгэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар худалдагч Л.Энхбаяр, худалдан авагч С.Гантулга нарын хооронд 2014 оны 04 сарын 09-ний өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээ, 2014 оны 04 сарын 17-ны өдөр байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Б-өөс 70 200 төгрөг гаргуулан бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Л.Энхбаярт олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо: Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойт 48 дугаар гудамж, 663 тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгө бүхий хашаа, байшинд амьдарч байгаа Г.Г- болон түүний гэр бүлийг эд хөрөнгийн хамт албадан нүүлгүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэтэл шүүх Г.Г-ийн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хамтран өмчлөгч хасуулах хэлцэл зэргийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болно гэж заасан. Нэхэмжлэгчийн маргаж байгаа зүйл нь Г.Г-ийг өөрийн хашаа,байшингаас гэр бүл эд хөрөнгийн хамт албадан нүүлгүүлэх тухай юм. Л.Энхбаяр нь эрх, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа бол шүүхэд эрхээ хамгаалуулахаар нэхэмжлэл гаргах эрхтэй боловч Д.Б-ийн гаргасан нэхэмжлэл нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Л.Энхбаярын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх Д.Б-ийн нэхэмжлэлтэй Г.Г-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн оролцогчдын эрх зүйн байдлыг тодорхой бус байдлаар явуулж, нэхэмжлэгч болон гуравдагч этгээд Л.Энхбаярын гаргасан шаардлагыг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчим, хэргийн оролцогчдын мэтгэлцэх эрхийг зөрчсөн байна. Үүний улмаас давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд зохигчдын хоорондох маргааны талаар эрх зүйн дүгнэлт хийх, маргааны талаар зохицуулсан хуулийн зүйл, заалтыг тайлбарлан хэрэглэх, нэхэмжлэгчийн давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлтэй эсэхийг хянах боломжгүй нөхцөл байдал үүссэн байна.

 

Тодруулбал, нэхэмжлэгч Д.Б- нь хариуцагч Г.Г-т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойт 48 гудамж, 663 тоот хаягт байршилтай 129 м.кв талбайтай, хувийн сууц, гараашны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, нэгж талбарын 1803100443 дугаартай 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар тус бүрийн хууль ёсны өмчлөгч тул уг хашаа, байшинд амьдарч буй Г.Г-ийг түүний гэр бүл, эд хөрөнгийн хамт албадан нүүлгүүлэх гэж тайлбарлан, хариуцагчийг тодорхой заасан байна. Энэхүү шаардлагын үндэслэлээ нотлох зорилгоор дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн тус бүрийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хэрэгт хавсаргажээ. /хх 1,4,5/

 

Хариуцагч Г.Г-ийн хувьд нэхэмжлэлд дурдсан үл хөдлөх эд хөрөнгийг өмчилдөггүйн гадна эзэмшээгүй учир хариуцагч биш, маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь Л.Энхбаяр байсан бөгөөд одоо тус хашаа, байшинд тэрээр хүүхдүүдийн хамт амьдардаг гэх агуулгаар татгалзлаа илэрхийлсэн байна. /хх 18/

 

Улмаар 2020 оны 09 сарын 07-ны өдөр дээрх иргэний хэрэгт Л.Энхбаярыг гуравдагч этгээдээр оролцуулах тухай хүсэлтийг түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Сосорбарам гаргасныг /хх 102/ анхан шатны шүүх хүлээн авч хэргийн оролцогч болсныг баталж, мөн өдөр гаргасан шаардлагыг нь сөрөг нэхэмжлэлийн шаардлага мэтээр нэрлэн тодорхойлж ажиллагааг явуулсан байна. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 29 дүгээр зүйлийн 29.1, 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт тус тус заасан бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд болон сөрөг нэхэмжлэл гаргах этгээдийн эрх зүйн байдлыг буруу тодорхойлсон гэж үзнэ. /хх 106/

 

Мөн шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт ...нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч 2014 оны 04 сарын 09-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргана гэж, ....Л.Энхбаяр нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч 2014 оны 04 сарын 09-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээ, 2014 оны 04 сарын 17-ны өдөр байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ гэх зэргээр уг шаардлагыг хэн нь гаргасан эсэхийг ойлгомжгүй байдлаар тусгажээ. /хх 161-162/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2 дахь хэсэгт тус тус зааснаар маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болох бөгөөд зохигчийн эрх эдэлж, үүрэг хүлээх талаар зохицуулсан. Гэтэл анхан шатны шүүх хариуцагч Г.Г-т холбогдуулан гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг гуравдагч этгээдэд холбогдуулан буюу ...Д.Б- нь өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхгүй буюу гуравдагч этгээд Л.Энхбаярт хууль болон гэрээгээр олгосон эрхийг зөрчиж тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлсэн, өмчлөлд шилжүүлэх үндэслэл болох худалдах, худалдан авах гэрээ, орон сууц худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл... гэх агуулгаар дүгнэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт заасантай нийцэхгүй.

 

Тодруулбал, нэхэмжлэгч Д.Б-ийн түүний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөс албадан нүүлгүүлэх тухай шаардлагыг хариуцах ёстой этгээд нь Г.Г- эсхүл шүүх гуравдагч этгээдээр оролцуулсан Л.Энхбаяр нарын аль нь байгаа эсэхээс шалтгаалан талуудын хооронд үүсэх эрх зүйн харилцааг зөв тодорхойлох, улмаар түүнийг шийдвэрлэх хуулийн зохицуулалтыг хэрэглэх нөхцөл бүрдсэн эсэхийг шалгах нь зүйтэй юм.

 

Түүнчлэн, шүүх гуравдагч этгээд Л.Энхбаярын зүгээс нэхэмжлэгч Д.Б-өд холбогдуулан гаргасан С.Гантулга, Л.Энхбаяр нарын хооронд 2014 оны 04 сарын 09-ний өдөр байгуулагдсан гэх худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагын үндэслэлийг тодруулах шаардлагатай байжээ. Өөрөөр хэлбэл, энэхүү хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд нэхэмжлэгч Д.Б- хэрхэн хамаарах, улмаар хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцсоны үр дагаврыг нэхэмжлэгч ямар үндэслэлээр хариуцах ёстой талаар тодруулах шаардлагатай.

 

Учир нь дээрх хэлцлийг үзвэл /хх 95/, 2014 оны 04 сарын 09-ний өдөр нэг талаас худалдагч Л.Энхбаяр, нөгөө талаас худалдан авагч С.Гантулга нар оролцож, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойт 48 гудамж, 650 тоот хаягт байршилтай, нэгж талбарын 18632310074790 дугаартай 700 м.кв газрыг 5 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авах талаар харилцан тохиролцсон гэж тусгагджээ. Нэхэмжлэгч Д.Б- нь уг хэлцлийн хэлцэл хийгч тал биш байхад ямар үндэслэлээр нэхэмжлэгчид холбогдуулан энэхүү шаардлагыг гаргасан болон нэхэмжлэгч хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг хэрхэн хариуцах талаарх нөхцөл байдал тодорхойгүй байна.

 

Дээрхээс гадна анхан шатны шүүх хэн алины нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаагүй 2014 оны 04 сарын 17-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээний талаар шийдвэрийн үндэслэх хэсэгт тусгаж, тогтоох хэсгийн 2 дахь заалтаар уг гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож шийдвэрлэсэн нь хууль буруу тайлбарлан хэрэглэсэн, хэргийн оролцогчийн мэтгэлцэх эрх буюу хэргийн оролцогч өөрөө нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэл, шаардлагаа тодорхойлох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан эрхийг зөрчсөн байна.

 

Давж заалдах шатны шүүхээс дээр дурдсан хэргийн оролцогчийн эрхийн зөрчил, тэдгээрийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх зүйн байдлыг нөхөн тодруулах зэрэг ажиллагааг залруулан хийх эрхийг хуулиар олгоогүй тул хууль хэрэглээний алдааг залруулах боломжгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 сарын 28-ны өдрийн 184/ШШ2020/02926 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

 

Д.НЯМБАЗАР