Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 769

 

 

 

 

 

 

 

 2020            6             16                                           2020/ДШМ/769

 

 

Э.Лид холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Б.Ариунхишиг, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Туяана,

шүүгдэгч Э.Лийн өмгөөлөгч Ж.Нарантуяа,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 2020/ШЦТ/385 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Лийн өмгөөлөгч Ж.Нарантуяагийн гаргасан давж заалдах гомдол, прокурор Д.Туяанагийн бичсэн улсын яллагчийн эсэргүүцлээр Э.Лид холбогдох 1908034871684 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Э.Л,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 503 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 179 дүгээр зүйлийн 179.1, 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2009 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай 2009 оны хуулиар суллагдсан,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 690 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3, 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 4 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай 2015 оны хуулиар суллагдсан,

Э.Л нь 2019 оны 7 дугаар сарын 3-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага нарангийн 19-25 тоотод оршин суух иргэн Д.Баярсайханы хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч 55 инчийн “Самсунг” маркийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Э.Лийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигон овгийн Эрдэнэтөгсийн Э.Лийг хулгайлах гэмт хэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Э.Лийг 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Лид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Лийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 117 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, эрүүгийн 1908 0348 71684 тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Д.Баярсайханд төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Э.Лийн өмгөөлөгч Ж.Нарантуяа тус шүүхэд гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэм буруутайд тооцсон нотлох баримтад тулгуурлан түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн тухайн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон бусад нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, эрүүгийн хариуцлага хүлээлгээгүй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан  “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн заалтыг шүүх зөрчсөн байна. Тодруулбал өмнө нь ял шийтгүүлж, улмаар 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр суллагдаж, уг ялын хугацаа дууссан байхад шүүх түүнийг урд хоёр удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан, нийгэмшээгүй гэж дүгнэн түүний эрх зүйн байдлыг дордуулсан байх ба хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу хэрэглэн эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн гэж үзнэ.

 Эрүүгийн 1908034871684 дугаартай хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, Э.Л нь 2019 оны 7 дугаар сарын 3-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага Нарангийн 19-25 тоотод оршин суух өөрийн төрсөн дүү Янжинлхамтай гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Д.Баярсайханы гэрийн үүдний амбаарын цонхны хаалгыг эвдэн орж “Самсунг” маркын зурагтыг авч гараад, хашаанаасаа гарч амжилгүй баригдаж, хулгайлсан дээрх эд зүйлээ биет байдлаар буцаан өгч, хохиролгүй болгосон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасны дагуу учруулсан хохирлыг төлсөн бөгөөд шүүх түүнийг хохирогчид төлөх төлбөргүй гэж шийтгэх тогтоолдоо дүгнэсэн атлаа хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Хавтаст хэргийн 20-22, 118 дугаар талд хохирогч Д.Баярсайхан мөрдөн шалгах ажиллагааны явцад удаа дараа мэдүүлсэн мэдүүлэгтээ: “...Эхнэр Янжинлхамын төрсөн ах Эрдэнэтөгсийн Э.Л манай гэр рүү орсон байна лээ. Манай гэрээр байнга орж гарч, хааяа хоноод явдаг. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг болон хэрэгт авагдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Миний эхнэр Янжинлхам нь Солонгос улсад ажиллаж, амьдарч байгаа. Охин Ану-Үжинг хадам эх Б.Цогзолмаа асран халамжилдаг, Э.Л манай гэрээр орж гардаг, түлхүүрээ хаячихаад бид нар цонхоор хамт орж байсан. Миний зүгээс ах Э.Лид гомдол саналгүй. Миний хадам эх буюу Э.Лийн ээжийн зүүн гар нь мэдээгүй, гэр хороололд
ус, түлээгээ зөөж, хагалж чаддаггүй. Ах Э.Л нь ажил хийж, амьжиргааны дэмжлэг үзүүлдэг. Иймд Э.Лийн ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн хохирогчийн чин сэтгэлээсээ шүүхэд хандсан тайлбар зэрэг бусад баримтуудыг харгалзан шүүх шийдвэрээ гаргаагүй гэж үзэж байна. Түүнчлэн шүүх хэргийн үйл баримт, бодит байдалд тал бүрээс нь үнэлэлт дүгнэлт хийхгүйгээр, түүнд хуульд зааснаас доогуур хорих ял оногдуулах шаардлагагүй дээрх хуулийн заалтыг хэрэглэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал гэж дүгнэсэнд манай үйлчлүүлэгчийн зүгээс ихээхэн гомдолтой байгааг дурьдах нь зүйтэй байна.

Манай үйлчлүүлэгч Э.Л нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, хийсэн хэрэгтээ гэмшиж дүгнэлт хийж ухамсарласан, өндөр настай ээжийгээ цаашид асрах, мөн талийгаач аавынхаа урьд эмчлүүлж, эмчилгээ хийлгэхэд банк бус санхүүгийн байгууллагаас өндөр үнэтэй хүүтэй зээл авч зарцуулагдсан өр төлбөр, амьдрал ахуйн хувьд санхүүгийн бэрхшээлтэй нөхцөл байдлуудаа тайлбарлаж холбогдох баримтыг үндэслэн мэдүүлсэн зэрэг хувийн байдлуудыг шүүх огт анхаараагүй байна.

Эрүүгийн 1908034871684 дугаартай хэрэгт Э.Л нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирлоо төлсөн байдал, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, шүүхээс оногдуулсан 2 жилийн хорих ялыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү.

Иймд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасны дагуу 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020/ШЦТ/385 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан, ял шийтгэлийг хөнгөрүүлэн шийдвэрлэнэ үү. ...” гэв.  

Прокурор Д.Туяана бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Э.Л нь 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл 118 хоног цагдан хоригдсон байхад 117 хоногийг түүний эдпэх ялд нь оруулан тооцохоор шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, мөн хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад тус тус заасны дагуу Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 13-ний өдрийн 2020/ШЦТ/385 дугаартай шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол болон прокурорын бичсэн улсын яллагчийн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүх аливаа гэмт хэргийг шийдвэрлэхдээ болсон үйл баримтыг материаллаг болон процессын эрх зүйн хэм хэмжээтэй нийцүүлэн дүгнэлт хийхээс гадна шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцож, яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлж байгаа оролцогчийн гаргасан тайлбарыг зөвхөн хэрэгт байгаа нотлох баримтын хүрээнд хууль зүйн дүгнэлт хийж шийдвэрлэдэг учиртай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагааны шатнаас гадна шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нотлох, шүүх хуралдаанаас боломжит асуудлуудыг шийдвэрлэх талаар тодорхой хуульчилсан бөгөөд ингэхдээ шүүхийн шийдвэрийн эх сурвалж болж байгаа нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй, хуульд заасан арга, хэрэгслээр цугларсан, бэхжүүлсэн эсэхийг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаж, тэдгээрт хууль, эрх зүйн дүгнэлт хийх зэрэг хоорондоо нягт уялдаа холбоо бүхий ажиллагаанууд шүүхийн шийдвэр гаргах үйл явцад хамаардаг онцлогтой.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй” гэж хууль ёсны зарчим, 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинж тодруулан хуульчилжээ.

Хавтаст хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

Э.Л нь 2019 оны 7 дугаар сарын 3-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага нарангийн 19-25 тоотод оршин суух иргэн Д.Баярсайханы хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч 55 инчийн “Самсунг” маркийн зурагт хулгайлахыг завдсан болох нь: 

хохирогч Д.Баярсайханы “...тэгээд дараа нь цагдаагаас над руу яриад танай гэрт хулгай орж зурагтыг чинь авсан байсныг бид барисан байгаа. Та цагдаагийн газар ирж уулзаарай гэж хэлсэн. ...” /хх 21/,

гэрч Х.Баясгалангийн “...эсрэг талын 25 тоотоос нэг залуу зурагт барьчихсан гарч ирсэнийг 26 тоотод амьдардаг залуу барьчихсан байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ...” /хх 11/,

шүүгдэгч Э.Лийн “... зурагтыг аваад эргэж орсон цонхоороо гараад хашаан дотор зурагтыг нь түр орхиж хашаанаас гарч хүн байна уу гэж харсан. Тэгээд хашаанаас гарч амжаагүй байхад хажуу айлын бололтой хүн байсан. Тэр хүн цагдаа дуудаад цагдаа нар ирээд намайг барисан. ...” /хх 112/ гэх мэдүүлгүүд,

гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 5/, цагдаагийн байгууллагын ажилтан Б.Батцолмонгийн “тус тоот хашаан дотор Э.Л гэх эрэгтэй нь хар өнгийн Самсунг маркийн LED зурагт хулгайлсан...” гэх илтгэх хуудас /хх 6/, хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 7-9/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 23/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 25-27/ зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг гэмт этгээд хэрхэн хохирогчоос шилжүүлэн өөрт олж авч байгаагаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах болон бусад гэмт хэргүүд болж ялгагддаг.

Хүний орон байрны халдашгүй байдал болон хуулиар хамгаалагдсан эд хөрөнгийн хувьд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдолд түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах байдлаар орсон бол хууль бус нэвтрэлт гэж үзэж, хохирлын хэмжээг үл харгалзан энэхүү шинжээр хүндрүүлэн зүйлчилнэ.

Хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдэхээс өмнө тухайн орон байранд байгаа эд хөрөнгийг гэмт этгээд урьдчилан мэдсэн, мэдээгүй эсэхээс үл шалтгаалан эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

Хэргийн үйл баримтыг Эрүүгийн хуулийн тохирох зүйл, хэсгээр ангилан тодорхойлохдоо өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн шинжүүдийг анхаарахын зэрэгцээ гэмт үйлдэл эхэлж төгсөж буй цаг хугацааг нарийн тогтоох, тодорхой сэдэлт бий болсон үеийг тодорхойлох нь хэргийг зөв зүйлчлэхэд шууд нөлөөлнө.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална” гэж хууль ёсны зарчим түүний эх сурвалжийг тодруулан хуульчилжээ.

 

            Хууль тогтоомжийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2 дахь заалтад “хуулийн төслийн бүтцийн үндсэн нэгж болох зүйл”, мөн хуулийн 28.1.3 дахь заатад “зүйлийн доторх хэсэг”, 29 дүгээр зүйлийн 29.1.5 дахь хэсэгт “зүйл, хэсэг, заалт нь хоорондоо зөрчилгүй байх”, 30 дугаар зүйлийн 30.7 дахь хэсэгт “Нэр томьёо нь тодорхой утга агуулгаар зөвхөн нэг бүлэг, зүйл, хэсэг, заалтын хүрээнд хэрэглэгдэх бол түүний тодорхойлолт, тайлбарыг холбогдох бүлэг, зүйл, хэсэг, заалтын дотор байрлуулж болно” гэж тус тус зааснаас үзвэл аливаа хуулийн зүйл, хэсэг хоорондоо уялдаа холбоо, дэс дараалал бүхий бие даасан утга санааг илэрхийлэхгүй, хуулийн зүйл нь үндсэн ойлголтыг бүрдүүлэх бөгөөд хэсэг, заалт нь түүнийг тодотгосон байхаас гадна нарийвчлсан байхаар зохицуулан хуульчилжээ.

           

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол хулгайлах гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан бөгөөд тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дахь заалтад “хүн байнга амьдрах ...орон байр, ...нэвтэрч” гэж заажээ.

 

Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрснээр төгссөн гэж үзэхгүй.

 

Харин бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг гэмт этгээд хулгайлсан эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоо бий болсон тохиолдолд төгссөнд тооцдог.

Анхан шатны шүүх “...шүүгдэгч Э.Лийг ... хүн байнга амьдрах зориулалтай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов...” гэж дүгнэсэн нь хууль зүйн хувьд үндэслэл муутай болжээ.

Хэрэгт авагдсан цагдаагийн байгууллагын ажилтан Б.Батцолмонгийн илтгэх хуудас, хохирогч Д.Баярсайхан, гэрч Х.Баясгалан нарын мэдүүлгүүдээс үзвэл шүүгдэгч Э.Л 2019 оны 7 дугаар сарын 3-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага нарангийн 19-25 тоотод оршин суух иргэн Д.Баярсайханы хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч 55 инчийн “Самсунг” маркийн зурагт хулгайлсан хэдий ч түүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй, зурагтыг захиран зарцуулах бодит бололцоо бий болоогүй үйл баримт тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Э.Л хулгайлах гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэж үзнэ.

 

Энэ нь Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт 2. “...гэмт хэрэг гарсан тэр үед ногдуулж болох байснаас илүү хүнд ял  тохоож болохгүй” , Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...эрүүгийн гэмт хэрэг үйлдэх үед хэрэглэж байснаас илүү хүнд ял шийтгэл оногдуулж болохгүй...” гэсэнтэй нийцэх юм.

 

Дээрх үйл баримтуудыг нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч Э.Л нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах зориулалтай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлахыг завдсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

 

Иймд давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, ...болно” гэж заасан эрх хэмжээний хүрээнд, шүүгдэгч Э.Лид холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт болгон хөнгөрүүлэн өөрчилж, түүний гэм буруу, хувийн байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг харгалзан тухайн зүйлд зааснаар 1 жил 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Э.Л 119 цагдан хоригдсон байх бөгөөд энэ талаар прокурорын бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Нарантуяагийн цагдан хоригдсон хоногийг буруу тооцсон гэх тайлбар үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоолын холбогдох заалтыг зөвтгөж шийдвэрлэв. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Нарантуяагийн “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь Эрүүгийн хуулийн ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийн шинж ба гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан энэ хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулна” гэж гэмт хэрэг үйлдэхээр завдсан тохиолдолд оногдуулах ямар ч төрлийн ял дээд хэмжээг хуульчлан тогтоосон болно.

 

Харин гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдэлд шүүхээс хорих ял оногдуулахаар бол гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан хорих ялын доод хэмжээг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан зургаан сар хүртэл тогтоож, хорих ял оногдуулдаг тул уг хуулийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжгүй юм.

Иймд дээрх байдлуудыг үндэслэн шийтгэх тогтоолын холбогдох хэсэг тус бүрт зохих өөрчлөлт оруулж, зөвтгөж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.  

             

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 2020/ШЦТ/385 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

 

 “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокуророос Э.Лид холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт болгон өөрчилсүгэй.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Боржигон овгийн Эрдэнэтөгсийн Э.Лийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж,   

 

Шийтгэх тогтоолын 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэж,

 

Шийтгэх тогтоолын 3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Э.Лид оногдуулсан 1 жил 4 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэж,

Шийтгэх тогтоолын 4 дэх заалтыг “...117 хоног...” гэснийг “...119 хоног...” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

3. Прокурор Д.Туяанагийн бичсэн улсын яллагчийн “цагдан хоригдсон хоногийг зөвтгүүлж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах” агуулга бүхий эсэргүүцлийг хүлээн авч, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Нарантуяагийн “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.ПҮРЭВСҮРЭН

 

 

ШҮҮГЧ                                                                        Б.АРИУНХИШИГ

 

 

ШҮҮГЧ                                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ