Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 1329

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,

 

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ууганзаяа хөтлөн,

улсын яллагч Д.Туяана,

шүүгдэгч Э.Л нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

Б овогт Э-ийн Л-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 0348 71684 дугаартай, нэг хавтаст хэргийг 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

....................................................................

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Э.Л нь 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага нарангийн 19-25 тоотод оршин суух иргэн Д.Баярсайханы хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч 55 инчийн “Самсунг” маркийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Л мэдүүлэхдээ: 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Нарангийн голын эцэс дээр архи ууж байгаад архины халуундаа хүргэн Баярсайханы гэрийн үүдний амбаарын цонхны хаалтыг эвдэж ороод зурагтыг нь авсан. Би зурагтыг хашаанд тавьж байгаад хүн харсан. Дараа нь зурагтаа аваад гарах гэж байгаад баригдсан. Хашаанаас хол яваагүй, үүдэнд баригдсан гэв.

 

Хоёр. Эрүүгийн 1908 0348 71684 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудад:

1. 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 20 цаг 55 минутаас 21 цаг 20 минутын хооронд хэрэг учрал болсон гэх Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага нарангийн 19-25 тоотод нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 7-9 дүгээр тал),

2. Хохирогч Д.Баярсайханы мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр өгсөн:

 “... Би 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр ажил дээрээ байхад 16 цагийн үед манай хажуу хашааны залуу над руу залгаад “танай гэрт чинь хулгай орсон, би цагдаа дуудчихлаа” гэж хэлсэн. Дараа нь цагдаагаас над руу яриад “танай гэрт хулгай орж зурагтыг чинь авч байсныг би барьсан, та цагдаагийн газарт ирж уулзаарай” гэсэн. Манай гэрт байсан “Samsung” загварын 55 инчийн нумарсан дэлгэцтэй зурагт алдагдсан байсан. Би уг зурагтыг 2018 онд Хар хорин захаас 1.400.000 төгрөгөөр худалдан авсан. Одоо 800.000 төгрөгөөр үнэлж байна. Өөр алдагдсан эд зүйл байхгүй. Манай үүдний амбаарын гадна цонх хагархай, цонхыг таазны лампираар хаасан байсан. Уг газраар амбаар руу орсон байсан. Цаашаа байшин руу ордог хаалга нь цоожгүй онгорхой байдаг юм. Сүүлд мэдэхэд манай эхнэр Янжинлхамын төрсөн ах Эрдэнэтөгсийн Л манай гэр рүү орсон байна лээ. Манай гэрээр байнга орж гарч, хааяа манай гэрт хоноод явдаг. Гэхдээ тухайн өдөр надад хэлэлгүй орсон байсан. Алдагдсан зурагт бол миний эзэмшлийн зурагт юм. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-22 дугаар тал),

-2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр дахин өгсөн:

“... Л-ийн төрсөн дүү Янжинлхамтай гэр бүл болоод 3 жил орчим хамт амьдарсан юм. Тэгээд бараг сүүлийн 2 жил хамт амьдраагүй,  Янжинлхам Солонгос Улсад амьдарч байгаа. Л манай дүүг явснаас хойш хэд хэдэн удаа манай гэрт ирээд явсан. Л миний эзгүйд манай гэрт орох эрхгүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 118 дугаар тал),

 

3. Гэрч Х.Баясгалангийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр өгсөн:

“... 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр гэртээ байж байхад эсрэг талын 25 тоотоос нэг залуу зурагт барьчихсан гарч ирснийг 26 тоотод амьдардаг залуу барьчихсан байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Бага нарангийн 19-25 тоот хаягт бараг хүн амьдардаггүй. Хааяа нэг цэргийн хувцастай хүн ирж харагддаг. Зурагт хулгайлсан залуу уг тоотод оршин суудаггүй....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11 дүгээр тал),

 

4. Шүүгдэгч Э.Л-ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 11  дүгээр сарын 11-ний өдөр яллагдагчаар өгсөн:

“... 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр би Нарангийн голын эцэст хэдэн хүмүүстэй архи хувааж ууж байгаад тэндээсээ 16 цагийн орчим автобусанд суугаад манай дүүгийн нөхөр байсан Баярсайханы гэр рүү очиход гэр нь цоожтой байхаар нь үүдний амбаарын цонхны хаалтыг гараараа эвдэж ороод гэрт байх зурагтыг аваад эргэж орсон цонхоороо гараад хашаан дотор нь зурагтыг нь түр орхиж хашаанаас гарч хүн байна уу гэж харсан. Тэгээд хашаанаас гарч амжаагүй байхад хажуу айлын бололтой хүн цагдаа дуудаад цагдаа нар ирээд намайг барьсан. Д.Баярсайхан нь миний төрсөн дүү Янжинлхамтай гэр бүл байж байгаад салсан юм. Надад ямар нэгэн зорилго байгаагүй. Архи уучихаад архины халуундаа гэрт нь очсон юм шиг байсан. Би уг байшинд орох эрх байхгүй. Би Баярсайханд хэлээгүй гэрт нь орсон. Уг хэргийг ганцаараа хийсэн, зурагтнаас өөр эд зүйл аваагүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 112-113 дугаар тал),

 

5. 6005X-Q8 1901 530. 821 HL ST5461D07-2XC2 720MA дугаартай хар өнгийн “Samsung” маркийн зурагтыг удирдлагын хамт хохирогч Д.Баярсайханд хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 23 дугаар тал),

 

6. “Тэнцвэр эстимэйт” ХХК-ний 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 793 дугаартай “...хэрэглэж байсан гэх 55 инчийн “Samsung” маркийн зурагтыг 800.000 төгрөгөөр үнийг тогтоосон...” тухай хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 25-27 дугаар тал),

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:

7. Гэрч Э.Лхагважаргалын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр өгсөн:

“... Миний бага дүү Л нь 1991 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Булган аймгийн нэгдсэн эмнэлэгт төрсөн. Бага насаа Булган аймгийн сургууль, цэцэрлэгээр хүмүүжиж, аймгийн 8 жилийн сургуулийг төгссөн. Сургууль төгсөөд 2001 онд цэргийн албанд жил алба хаасны дараагаар гэрээт цэрэгт 2 жил алба хааж, ажлаасаа гараад Улаанбаатар хотод хувиараа барилгын ажил хийж байсан. Л хүнтэй сууж гэр бүл болж байгаагүй, үр хүүхэд байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 121 дүгээр тал),

 

8. Шүүгдэгч Э.Л-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 65 дугаар тал), урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 91 дүгээр тал), шийтгэх тогтоолууд (хавтаст хэргийн 94-101 дүгээр тал), түүний нэр дээр эд хөрөнгө бүртгэгдээгүй тухай Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн тоот (хавтаст хэргийн 71 дүгээр тал), 2001 оны 11 дүгээр сараас 2019 оны 7 дугаар сар хүртэлх Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа (хавтаст хэргийн 76-77 дугаар тал), тээврийн хэрэгсэл бүртгэлгүй тухай Автотээврийн үндэсний төвийн албан тоот (хавтаст хэргийн 80 дугаар тал), Төрийн банк”, “Богд банк”, “Кредит банк”, “Хас банк”, “Худалдаа хөгжлийн банк”, “Тээвэр хөгжлийн банк”, “Капитал банк”-нд тус тус данс эзэмшдэггүй талаарх лавлагаа (хавтаст хэргийн 82-88 дугаар тал), “Хаан банк”-нд эзэмшдэг депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 90 дүгээр тал) зэрэг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Э.Л-ид холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

1.Гэм буруугийн талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ шүүгдэгч Э.Л нь 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага нарангийн 19-25 тоотод оршин суух иргэн Д.Баярсайханы хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч 55 инчийн “Samsung” маркийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 800.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, хөрөнгийн үнэлгээний тайлан, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг баримтаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Э.Л нь өөрийн өмгөөлөлдөө хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Э.Л-ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Прокуророос шүүгдэгч Э.Л-ийг хохирогч Д.Баярсайханы хүн байнга амьдрах орон байрнаас хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар эд хөрөнгийг нь хулгайлсан гэж тус гэмт хэргийг төгссөн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хэргийн үйл баримт, нотлох баримтаас үзвэл 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр шүүгдэгч Э.Л нь хохирогчийн гэрээс зурагт барьж гарч ирэхийг хохирогчийн хөрш болох 26 тоот айлын эзэн харж, шүүгдэгч Э.Л-ийг хохирогчийн хашаанаас гараагүй байхад нь барьж саатуулсан, улмаар хохирогчийн хөрш болох 25 тоотын эзэн гэрч Х.Баясгалан цагдаагийн байгууллагад дуудлага өгч, тэд шүүгдэгч Э.Л-ийн үйлдлийг нь таслан зогсоож түүнийг саатуулсан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ” гэж заасан.

Дээрх нөхцөл байдлаас дүгнэвэл шүүгдэгч Э.Л-ийн хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас үйлдэл нь таслан зогсоогдсон байх тул түүнийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлахыг завдсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

Иймд шүүгдэгч Э.Л нь 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага нарангийн 19-25 тоотод оршин суух иргэн Д.Баярсайханы хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч 55 инчийн “Samsung” маркийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлахыг завдсан болох нь:

-хохирогч Д.Баярсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр ...16 цагийн үед манай хажуу хашааны залуу над руу яриад “танай гэрт хулгай орсон, би цагдаа дуудчихлаа” гэсэн. ...дараа нь цагдаагаас над руу яриад “танай гэрт хулгай орж зурагтыг чинь авч байсныг барьсан, та цагдаагийн газарт ирж уулзаарай” гэсэн. Манай гэрээс “Samsung” загварын 55 инчийн зурагт алдагдсан. Би уг зурагтыг 2018 онд Хар хорин захаас 1.400.000 төгрөгөөр худалдан авсан. Одоо 800.000 төгрөгөөр үнэлж байна. ...Сүүлд мэдэхэд манай эхнэр Янжинлхамын төрсөн ах Эрдэнэтөгсийн Л манай гэр рүү орсон байна лээ. ...тухайн өдөр надад хэлэлгүй орсон байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-22 дугаар тал), мөн түүний хохирогчоор дахин өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 118 дугаар тал),

-гэрч Х.Баясгалангийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр гэртээ байхад эсрэг талын 25 тоотоос нэг залуу зурагт барьчихсан гарч ирснийг 26 тоотод амьдардаг залуу барьчихсан байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Зурагт хулгайлсан залуу уг тоотод оршин суудаггүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11 дүгээр тал),

-шүүгдэгч Э.Л-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “... 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр ...манай дүүгийн нөхөр байсан Баярсайханы гэр рүү очиход гэр нь цоожтой байхаар нь үүдний амбаарын цонхны хаалтыг гараараа эвдэж ороод гэрт байх зурагтыг аваад эргэж орсон цонхоороо гараад хашаан дотор нь зурагтыг нь түр орхиж хашаанаас гарч хүн байна уу гэж харсан. Тэгээд хашаанаас гарч амжаагүй байхад хажуу айлын бололтой хүн цагдаа дуудаад цагдаа нар ирээд намайг барьсан. ...Би уг байшинд орох эрх байхгүй. Би гэрт нь орсон талаар Баярсайханд хэлээгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 112-113 дугаар тал), хэрэг учрал болсон гэх газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 7-9 дүгээр тал), эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 23 дугаар тал), “Тэнцвэр эстимэйт” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 25-27 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авч, өөрийн эзэмшил болгохыг ойлгоно.

Түүнчлэн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хүн байнга буюу түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр гэх зэргийг хамааруулна.

Тухайн хэргийн хувьд шүүгдэгч Э.Л нь мөнгө олох зорилгоор, шунахай сэдэлтээр, гэм буруугийн санаатай хэлбэрээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлахыг завдсан болох нь хангалттай тогтоогдсон байна. Мөн шүүгдэгч гэмт хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн байсан нь тус гэмт хэргийг үйлдэхэд нөлөөлсөн гэж үзэхээр байна.

Иймд Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Э.Л-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Э.Л-ийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Э.Л нь хохирогчийн гэрээс авсан “Samsung” маркийн зурагтыг хохирогч Д.Баярсайханд биетээр нь буцаан өгсөн байх тул түүнийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

 

 

3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагч дүгнэлтдээ шүүгдэгч Э.Л-ид “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Э.Л нь дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Э.Л нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар хоёр удаа ял шийтгүүлж байсан байх ба, уг ялын хугацаа дууссан, хуульд зааснаар түүнд нэмж нэгтгэх ялгүй байна.

Шүүхээс шүүгдэгч Э.Л-ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “шүүх гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийн шинж ба гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан энэ хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулна” гэж заасан.

Иймд шүүгдэгч Э.Л-ийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлахыг завдсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хариуцлагын зорилго болон Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил 10 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, түүний хувийн байдлыг харгалзан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

 

4.Бусад асуудлаар:

Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдаж ирүүлсэн эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б овогт Э-ийн Л-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч Б овогт Э-ийн Л-ийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Э.Л-ид 1 (нэг) жил 10 (арав) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Л-ид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн 1908 0348 71684 тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Д.Б-д төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Э.Л-ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх хорих ялыг 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн тоолсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хохирогч, шүүгдэгч, улсын яллагч, дээд шатны прокурор  гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

8. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Э.Л-ид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Т.АЛТАНТУЯА