Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 183/ШШ2021/00766

 

 

2021 оны 03 сарын 26 өдөр Дугаар 183/ШШ2021/00766 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, 5 дугаар хороолол, Сөүлийн гудамж, 00/0 дүгээр барилга, 0 давхарт байрлах, Б. И.ДББСБ ХХК /РД:0000000/-ын нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Рапид харш, 0-00 тоотод оршин суух, Х овогт Б.М /РД:УШ00000000/-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 32,379,452 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ж, хариуцагч Б.М хариуцагчийн өмгөөлөгч Д.Н нар оролцож, нарийн бичгийн дарга Б.Болорчимэг шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Нэхэмжлэгч нь хариуцагч Мөнгөнсортой 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ЗГ-000000000000оот зээл болон барьцааны гэрээ байгуулж, улсын бүртгэлийн Ү-0000000000 тоот гэрчилгээтэй Сонгинохайрхан дүүрэг, 16 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 00 байр, 00 тоот 18 м.кв 2 өрөө байрыг барьцаалж зээл болон барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлж, эд хөрөнгө улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн. Зээлийн гэрээгээр 15,000,000 төгрөгийг 18 сарын хугацаатай, 1,4 хувийн хүүтэй зээлдэгч М зээлүүлсэн. Зээлдэгч нь зээл төлөх үүргээ биелүүлээгүй байх тул үндсэн зээл 14,482,582.19 төгрөг, зээлийн хүү 12,676,552.48 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,270,317.92 төгрөг, хууль зүйн туслалцаа үзүүлэх зардал 2,950,000 төгрөг нийт 32,379,452.60 төгрөгийг нэхэмжилсэн. Үүнээс нэхэмжлэгч нь хууль зүйн туслалцааны зардал болох 2,950,000 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, үлдэх 29,429,452 төгрөгийг нэхэмжилж байна. Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү ... гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Ншүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаан байхгүй. Харин уг зээлийг олгохдоо нэхэмжлэгч зээлдэгчийн судалгааг хийгээгүй. Хариуцагч Б.М барьцаа хөрөнгө болох орон сууцны хамтран өмчлөгч үндсэн өмлөгч нь Р гэх хүн юм.П.Р дүү О гэдэг хүнээр дамжуулж Баянтуул гэх хүн П.Р уулзаж, бизнес хийхээр банк бус санхүүгийн байгууллагаас зээл авах гэтэл барьцаа шаардсан туслаач гэж уулзсан байдаг. Зээлийн гэрээг Баянтуул байгуулах гэсэн боловч нэхэмжлэгч байгууллага нь тус байрны өмчлөгчөөр Б.М гэдэг хүн байгаа тул Б.Мтой уг гэрээг байгуулна гэж хэлэхэд Б нь Б.Мыг сургуулийнхан үүднээс авч яваад зээлийн гэрээг Б.М байгуулсан. Нэхэмжлэгч нь нэг өрөө байрыг 45,000,000 төгрөгөөр үнэлж, 15,000,000 төгрөгийн зээлийг жилийн 51.6 хувийн хэт өндөр хүүтэй зээл олгосон. Б нь Б.Мыг хуурч мэхлэн мөнгө авсан, шүүхэд Б.М нэхэмжлэл гарган Б16,579,884 төгрөг гаргуулахаар шүүхээр шийдвэрлүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг 16,579,884 төгрөгийн хэмжээнд төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Барьцаа хөрөнгийн өмчлөгч болох П.Р зөвшөөрөл олгосон болохоос тодорхой эрхээ хэрэгжүүлэхийг итгэмжлэлээр олгоогүй, мөн П.Р бичиг үсэг мэдэхгүй тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, хүүгийн хэмжээ хэт өндөр байгаа тул багасгаж өгнө үү... гэв.

Шүүх зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б. И.Д ББСБ ХХК-иас хариуцагч Б.Мд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 32,379,452 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 2,950,000 төгрөгөөр багасгаж, зээлийн гэрээний үүрэгт 29,429,452 төгрөг гаргуулах, барьцааны зүйл болох эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 16 дугаар хороо 1 дүгээр хороолол 00 байр 00 тоот орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилж байна

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээс үзвэл тэрээр хариуцагчид холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3.-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсжээ. Шүүх, хэрэгт цугларсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч болон хариуцагч Б.М нар 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Зээлийн гэрээ байгуулж, 15,000,000 төгрөгийг 1,6 жил буюу 18 сарын хугацаатай, сарын 4,30 хувийн, жилийн 51,6 хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүү нь үндсэн хүүгийн 20 хувь байхаар харилцан тохиролцож гэрээ байгуулсан байх бөгөөд зохигчдын хооронд байгуулсан энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, 451.2.-т Хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийнэ гэж тус тус заасантай нийцсэн, хариуцагч Б.М зээлийн гэрээний зүйл болох 15,000,000 төгрөгийг хүлээн авсан, хүчин төгөлдөр зээлийн гэрээ байна. /х.х-ийн 7-8,10 хуудас/

Хариуцагч Б.М нь зээлийн хүү илт хохиролтойгоор тогтоогдсон тул хүү, нэмэгдүүлсэн хүүг багасгах хүсэлтийг шүүх хуралдаанд гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

Нэхэмжлэгч Б. И.Д БСБ ХХК-иас 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хариуцагч Б.Мтой байгуулсан зээлийн гэрээгээр 15,000,000 төгрөгийг 1,6 жилийн хугацаанд нийт 77,4 хувийн хүү тооцож авахаар тохиролцож зээлийн гэрээ байгуулсан байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-д хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно гэж тус тус заажээ. Зээлийн гэрээний хүү, нэмэгдүүлсэн хүүд нэхэмжлэгч 14,946,869 төгрөгийг нэхэмжилсэн, зээлдэгч Б.М хүү болон нэмэгдүүлсэн хүүд 6,540,886 төгрөг /х.х-ийн 37-68 хуудас / төлсөн ба 15,000,000 төгрөгийн зээлийг нэхэмжлэгч зээлдэгчид олгож, нийт 21,487,755 төгрөгийг хүү, нэмэгдүүлсэн хүүд тооцсон нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтой тогтоогдсон байна. Иймээс зээлийн хүүгийн хэмжээг шүүх 50 хуваарь багасгаж 10,743,877 төгрөгийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцож, үүнээс зээлдэгчийн хүү, нэмэгдүүлсэн хүүд төлсөн 6,540,885 төгрөгийг хасаж үлдэх 4,202,992 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна.

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэгч хариуцагч Б.М нар 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр №ЗГ000000000000 дугаар барьцааны гэрээгээр эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 16 дугаар хороо 1 дүгээр хороолол 00 байр 00 тоот, нэг өрөө орон сууцыг барьцаалж, 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр барьцаалбарт бүртгүүлжээ. /х.х-ийн 9 хуудас/

Сонгинохайрхан дүүрэг, 16 дугаар хороо 1 дүгээр хороолол 27 байр 33 тоот, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаартай, нэг өрөө орон сууцны өмчлөгч нь П.Р хамтран өмчлөгч нь Б.М болох нь үл хөдлөх хөрөнгийн 0094939 дугаар өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. /х.х-ийн 12 хуудас/

П.Равжир 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хамтран өмчлөгчдийн зөвшөөрөлд ... Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2 дах хэсэгт заасны дагуу бидний дундын өмчлөлд байгаа 0094939 тоот өмчлөх эрхийн гэрчилгээтэй эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 16 дугаар хороо 1 дүгээр хороолол 27 байр 33 тоот хаягт байрлах, 1 өрөө орон сууцыг Б. И.ДББСБ-д зээлийн барьцаанд тавих, зээлийн барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахтай холбогдсон үүргийг гүйцэтгүүлэхийг гэр бүлийн гишүүн Б.Мд зөвшөөрч байна. ... Энэ зөвшөөрөл олгосны дагуу Булгантамир овогтой М намайг төлөөлж гэрээ хийхийг зөвшөөрч байна... гэх агуулга бүхий хэлцлээр Б.Мд зөвшөөрөл олгожээ. /х.х-ийн 11 хуудас/

Өмчлөгч Д.Р нь шүүх хуралдааны явцад гэрчийн мэдүүлэгтээ ... сургуульд сурч байгаагүй, бичиг үсэг мэдэхгүй, зөвхөн гарын үсгээ зурж чаддаг, 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хамтран өмчлөгчдийн зөвшөөрөл гэх баримтыг ойлгож танилцаагүй, бичиг үсэг мэдэхгүй тул уншиж танилцаагүй, уг бичигт зурсан гарын үсэг минийх мөн маргахгүй байна... гэж мэдүүлжээ.

Нотариатын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-д ... монгол хэл мэддэггүй хүний гарын үсгийн үнэн зөвийг гэрчлэхдээ үйлчлүүлэгчийн иргэний баримт бичгийг шалгаж гарын үсэг зурахад гэрч оролцуулах эсэхийг тодруулах ба шаардлагатай гэж үзвэл гэрч оролцуулж тэмдэглэл хөтөлнө гэж заасан байна. Нотариатч нь 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хамтран өмчлөгчдийн зөвшөөрөл гэх хэлцлийн гарын үсгийн үнэн зөвийг гэрчлэхдээ Нотариатын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-д заасан гэрч оролцуулах эсэхийг тодруулаагүй, энэ талаар зөвшөөрөлд тэмдэглэл үйлдээгүй байх тул хуульд заасан ажиллагааг хийгээгүйгээс Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар Хамтран өмчлөгчдийн зөвшөөрөл гэх хэлцэл хүчин төгөлдөр бус байх хэлцэл болсон байна

Хамтран өмчлөгчдийн зөвшөөрөл гэх хэлцэл хүчин төгөлдөр бус байх хэлцэл болсон учраас Зохигчдын хооронд хийсэн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр №ЗГ000000000000 дугаар барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл болсон байх тул барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэл болжээ. Өөрөөр хэлбэл эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 16 дугаар хороо 1 дүгээр хороолол 00 байр 00 тоот, нэг өрөө орон сууцыг өмчлөгч П.Р барьцаанд тавихыг зөвшөөрсөн хэлцэл хүчин төгөлдөр бус байх хэлцэл болсноор Б.М түүнийг төлөөлөх, барьцааны гэрээнд гарын үсэг зурах эрхгүй юм.

Иймд дээрхийг нэгтгэн дүгнэвэл хариуцагч Б.Моос үндсэн зээлд 14,482,582 төгрөг, хүү, нэмэгдүүлсэн хүү 4,202,992 төгрөг нийт 18,685,574 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10,743,878 төгрөг, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 282 дугаар зүйлийн 282.2 дах хэсэгт заасныг тус тус баримтлан зээлийн гэрээний үүрэгт 18,685,574 төгрөгийг хариуцагч Б.М оос гаргуулж нэхэмжлэгч Б. И.Д ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10,743,878 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 156 дугаар зүйлийн 156.3 дах хэсэгт заасныг баримтлан Сонгинохайрхан дүүрэг, 16 дугаар хороо 1 дүгээр хороолол 27 байр 33 тоот, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаартай, нэг өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр төлсөн 390,047 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Б.Моос 251,378 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б. И.ДББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ШҮҮГЧ                 Ц.ОЮУНБИЛЭГ