Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2021/01060

 

 

 

 

 

 

 

 

 

Б- ББСБ ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2021/00766 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б- ББСБ ХХК-ийн хариуцагч Б.М-т холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт нийт 29 429 452 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А, хариуцагч Б.М-, хариуцагчийн өмгөөлөгч Б.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б- ББСБ ХХК нь хариуцагч Б.М-той 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр тоот зээл болон барьцааны гэрээ байгуулж, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201012757 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 16 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 27 дугаар байр, 33 тоот 18 м.кв, нэг өрөө орон сууцыг барьцаалж зээл болон барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлж, эд хөрөнгө улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн. Зээлийн гэрээгээр 15 000 000 төгрөгийг, 18 сарын хугацаатай, 1,4 хувийн хүүтэй зээлдэгч Б.М-д зээлүүлсэн. Зээлдэгч нь зээл төлөх үүргээ биелүүлээгүй байх тул үндсэн зээл 14 482 582.19 төгрөг, зээлийн хүү 12 676 552.48 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 270 317.92 төгрөг, хууль зүйн туслалцаа үзүүлэх зардал 2 950 000 төгрөг, нийт 32 379 452.60 төгрөгийг нэхэмжилсэн. Үүнээс нэхэмжлэгч нь хууль зүйн туслалцааны зардал болох 2 950 000 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, үлдэх 29 429 452 төгрөгийг нэхэмжилж байна. Төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа: 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаан байхгүй. Харин уг зээлийг олгохдоо нэхэмжлэгч зээлдэгчийн судалгааг хийгээгүй. Барьцаа хөрөнгө болох орон сууцны хамтран өмчлөгч нь П.Равжир гэх хүн юм. П.Равжирын дүү н.Отгонсугар гэдэг хүнээр дамжуулж Л.Баянтуул гэх хүн П.Равжиртай уулзаж, бизнес хийхээр банк бус санхүүгийн байгууллагаас зээл авах гэтэл барьцаа шаардсан туслаач гэж уулзсан байдаг. Зээлийн гэрээг Л.Баянтуул байгуулах гэсэн боловч нэхэмжлэгч байгууллага нь тус байрны өмчлөгчөөр Б.М- гэдэг хүн байгаа тул Б.М-той уг гэрээг байгуулна гэж хэлэхэд Л.Баянтуул нь Б.М-ыг сургуулийнх нь үүднээс авч яваад зээлийн гэрээг Б.М- байгуулсан. Нэхэмжлэгч нь нэг өрөө орон сууцыг 45 000 000 төгрөгөөр үнэлж, 15 000 000 төгрөгийн зээлийг жилийн 51.6 хувийн хэт өндөр хүүтэй зээл олгосон. Л.Баянтуул нь Б.М-ыг хуурч мэхлэн мөнгө авсан, шүүхэд Б.М- нэхэмжлэл гарган Л.Баянтуулаас 16 579 884 төгрөг гаргуулахаар шүүхээр шийдвэрлүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг 16 579 884 төгрөгийн хэмжээнд төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Барьцаа хөрөнгийн өмчлөгч болох П.Равжир зөвшөөрөл олгосон болохоос тодорхой эрхээ хэрэгжүүлэхийг итгэмжлэлээр олгоогүй, мөн П.Равжир бичиг үсэг мэдэхгүй тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, хүүгийн хэмжээ хэт өндөр байгаа тул багасгаж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 282 дугаар зүйлийн 282.2 дах хэсэгт заасныг тус тус баримтлан зээлийн гэрээний үүрэгт 18 685 574 төгрөгийг хариуцагч Б.М-оос гаргуулж нэхэмжлэгч Б- ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10 743 878 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 156 дугаар зүйлийн 156.3 дах хэсэгт заасныг баримтлан Сонгинохайрхан дүүрэг, 16 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 27 дугаар байр, 33 тоот, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201012756 дугаартай, нэг өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 390 047 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Б.М-оос 251 378 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б- ББСБ ХХК-д олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Зээлдэгч Б.М- нь 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр №ЗГ010000405978 тоот зээл, барьцааны гэрээ байгуулж, зээлийн барьцаанд 00094939 тоот гэрчилгээний дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201012756 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 16 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 27 дугаар байрны 33 тоот 18 м.кв нэг өрөө сууцыг барьцаалж, зээл болон барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлэн, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлж, тус ББСБ-аас 18 сарын хугацаатай, 15 000 000 төгрөгийг нэг сарын 4.3 хувийн хүүтэйгээр зээлсэн. Зээлдэгч Б.М-той байгуулсан зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон бөгөөд зээлийн гэрээний 3.1.3-т заасны дагуу гэрээгээр хүлээсэн үүргээ өнөөдрийг хүртэл хугацаанд зохих ёсоор биелүүлээгүй байдаг. Иймд зээлдэгч Б.М-оос зээл болон барьцааны гэрээний дагуу үндсэн зээл 14 482 582.19 төгрөг, зээлийн хүүнд 12 676 552.48 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 2 270 317.92 төгрөг, түүнчлэн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн У №ЗГ010000405978 тоот барьцааны гэрээний 5.10-д заасны дагуу өмгөөлөгчийн хууль зүйн туслалцааны зардал 2 950 000 төгрөг буюу нийт 32 379 452.60 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 390 047.26 төгрөгийн хамт гаргуулж өгөхийг хүссэн нэхэмжлэлийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэт нэг талыг баримталж шийдвэрлэсэн. Учир нь зээлийн гэрээний хүүг их, бага байна гэдэг саналыг гаргаагүй, тус ББСБ-ын зүгээс бүх зээлдэгч нарт Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан жилийн жигнэсэн дундаж хүүнээс илүү хүүг санал болгоогүй байгааг харгалзаж үзээгүй. Зээлийн гэрээний хүүг талууд анх гэрээ байгуулахдаа харилцан тохиролцсон гэж үзэж байгаа бөгөөд зээлийн гэрээний хүүг шүүх буруулах үндэслэлгүй. Талууд анх гэрээ байгуулахдаа гэрээтэйгээ уншиж танилцаад гарын үсэг зурсан. Мөн барьцаа хөрөнгийн өмчлөгч болох П.Равжирыг бичиг үсэг мэдэхгүй, барьцаа хөрөнгийн хамтран өмчлөгчдийн зөвшөөрлийг батлахдаа Нотариатын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсэгт заасны дагуу гэрч оролцуулж тэмдэглэл хөтлөөгүй гэсэн шалтгаанаар барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа нь үндэслэлгүй. Учир нь хамтран өмчлөгч П.Равжир нь өмнө Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд тус нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Тухайн үед шүүх хурал дээр П.Равжирыг бичиг үсэг мэдэхгүй гэх шалтгааны хэлж байсан боловч гэрч П.Равжир бичиг үсэг мэдэхгүй гэдийг нотлох баримт гаргаж өгөөгүй. Мөн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ шүүх хуралд гэрчээр оролцуулж байгаа П.Равжир гэдэг хүнийг бичиг үсэг мэдэхгүй гэдгийг тогтоогоогүй бөгөөд хамтран өмчлөгч П.Равжир нь 1948 онд төрсөн байдаг. БНМАУ нь 1962 он гэхэд бүх иргэдийг бичиг үсэг сургасан гэдгээ зарласан. Тэгвэл шүүх хурал дээр шүүгч 1962 он гэхэд бүх иргэдийг бичиг үсэг сургасан байдаг та яагаад бичиг үсэг сураагүй гээд байгаа юм бэ гэхэд мэдэхгүй ээ сургуульд сурч байгаагүй гэж П.Равжир хариулт хэлснийг үндэслэж түүнийг бичиг үсэг мэдэхгүй гэж үзсэн нь үндэслэлгүй. Иймд шийдвэрийн тогтоох хэсэгт дараах өөрчлөлт оруулж өгнө үү. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2021/00766 тоот шийдвэрээр зээлийн гэрээний хүүг 1.6 хувь болж буруулж нэхэмжлэлийн шаардлагаас 10 743 878 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон, Сонгинохайрхан дүүрэг, 16 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 27 дугаар байрны 33 тоот, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201012756 тоот дугаартай, нэг өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Б- ББСБ ХХК нь хариуцагч Б.М-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэг болон өмгөөллийн үйлчилгээний хөлсөнд нийт 32 379 452.6 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмгөөллийн үйлчилгээний хөлс 2 950 000 төгрөгөөс татгалзан, 29 429 452.6 төгрөг гаргуулахаар шаардсаны зарим хэсгийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Б- ББСБ ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхэлдэг болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон тусгай зөвшөөрлийн гэрчилгээ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна. /хх-ийн 16-19-р тал/

 

Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгож буй зээлд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү болон хэтэрсэн хугацааны хүү тооцох журмыг Иргэний хуулийн 451-453 дугаар зүйл болон Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22, 24 дүгээр зүйлүүдээр нарийвчлан зохицуулсан, мөн Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дах хэсэгт ... Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй гэж заажээ. Талуудын гэрээний нэмэгдүүлсэн хүүгийн заалтыг анзын тохиролцоотой адилтган үзэх нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний талуудын чөлөөт байдлын зарчим, мөн хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт заасан гэрээний агуулгыг тайлбарлах журамд нийцэхгүй.

 

Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ өмчлөх эрх шилжүүлэх гэрээний төрөлд хамаарах гэрээний хүүгийн талаар нарийвчлан зохицуулсан Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсгийг уг маргаанд хэрэглэсэн нь хууль хэрэглээний хувьд буруу, Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дах хэсэгт үл нийцнэ.

 

Түүнчлэн маргааны зүйл болж буй үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн зүйл болох барьцаа хөрөнгө буюу нэг өрөө орон сууцны өмчлөгч нь хариуцагч Б.М-оос гадна П.Равжир гэх хүн байхад түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар оролцох эсэхийг тодруулалгүй, гэрчээр оролцуулж зөвхөн бичиг, үсэг мэддэг эсэх нөхцөл байдлыг тодруулжээ.

 

Хариуцагч Б.М- нь орон сууц барьцаалах эрхийг өмчлөгч П.Равжираас надад олгоогүй, мөн Л.Баянтуул намайг хуурч мэхлэн зээл болон барьцааны гэрээнд гарын үсэг зуруулсан гэх агуулгатай тайлбар гаргаж байх боловч хэргийн 11 дүгээр талд хамтран өмчлөгчийн зөвшөөрөл гэж П.Равжирын гарын үсэг бүхий нотариатаар баталгаажуулсан баримт авагдсан байна. Орон сууц барьцаалах эрхийг өмчлөгчөөс хариуцагч Б.М-д олгосон эсэх талаар буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл хийгдсэн эсэх талаар талууд маргаж байгаа тохиолдолд дээрх этгээдийн зөвшөөрөл гэх баримтыг гэрчилсэн нотариатын үйлдлийг мөн тодруулах, эрх ашиг нь зөрчигдсөн гэх уг этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах шаардлагатай.

 

Нөгөө талаар талууд зээл болон барьцааны гэрээ байгуулахад хариуцагч Б.М- бусдад хууран мэхлэгдсэн, улмаар энэ үйлдэлд нэхэмжлэгч байгууллагын нөлөөлөл байсан эсэх нөхцөл байдлыг тодруулах нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой.

 

Иймд дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах байдлаар хэргийн үйл баримтад дүгнэлт өгөх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2021/00766 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257 053 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

 

Г.ДАВААДОРЖ