Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 183/ШШ2021/00908

 

 

 

2021 оны 04 сарын 07 өдөр Дугаар 183/ШШ2021/00908 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, Партизаны гудамж, өөрийн байранд байрлах, Т ББСБ ХХК /РД:0000000/-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, Үйлдвэр 0 дугаар гудамж, 00 Б байр, 00 тоотод оршин суух, А овогт Б.Э /РД:ХД00000000/;

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Жамъяан гүний гудамж, 00 дугаар байр, 0 Б тоотод оршин суух, А овогт Б.Х /РД:ХД00000000/;

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Жамъяан гүний гудамж, 00 дугаар байр,  Б тоотод оршин суух, Д овогт Б.Н/РД:ЦЕ00000000/ нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 17,618,366 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-Э, оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь 

Нэхэмжлэгч Т ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...нэхэмжлэгч нь хариуцагч Б.Э, Б.Х, Б.Ннартай 2018 оны 6 дугаар сарын 8-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээгээр Б.Э 10,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай сарын 3,2 хувийн хүүтэй зээлүүлсэн. Зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгчээр Б.Х, Б.Н нар нь гэрээ байгуулсан. Гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зогсоолын зориулалтай 15,6 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан. Зээлийн гэрээний үүргээс 2018 оны 8 дугаар сар, 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр тус тус төлөлт хийж, түүнээс хойш огт төлөлт хийгээгүй. Шүүхэд нэхэмжлэл гаргахдаа зээлийн гэрээний үүргийг 2020 оны 9 дүгээр сарын 15-ны байдлаар гаргаж өгсөн. Иймээс үндсэн зээл 9,177,175 төгрөг, зээлийн хүү 7,028,493 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,405,699 төгрөг, нотариатын зардал 7000 төгрөг, нийт 17,618,366 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж,, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар нэхэмжлэл гаргасан ... гэв.

Шүүх зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т ББСБ ХХК-иас хариуцагч Б.Э Б.Х, Б.Н нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 17,618,366 төгрөг гаргуулах, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаартай Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо, Жамъян гүний гудамж 10 байр зоорийн давхар 0 тоотод байрлах, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагч нарт нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзвэл тус банк бус санхүүгийн байгууллагаас хариуцагчид холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3.-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсжээ. Шүүх, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийг зарим шаардлагыг хангаж, үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч болон хариуцагч Б.ЭБ.Х, Б.Н нар 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдөр №000000000000 дугаар Зээлийн гэрээ байгуулж, 10,000,000 төгрөгийг 2 жил буюу 24 сарын хугацаатай, сарын 3,2 хувийн, жилийн 38,4 хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүү нь үндсэн хүүгийн 20 хувь байхаар харилцан тохиролцож гэрээ байгуулсан байх бөгөөд зохигчдын хооронд байгуулсан энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, 451.2.-т Хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийнэ гэж тус тус заасантай нийцсэн хүчин төгөлдөр зээлийн гэрээ байна. /х.х-ийн 10-12 хуудас/

Хариуцагч Б.Э зээлийн гэрээний зүйл болох 10,000,000 төгрөгийг би авч ашиглаагүй, гэрээний зүйлийг ах Б.Х авч ашигласан энэ талаар нэхэмжлэгчид удаа дараа хэлж байсан. Зээлийн гэрээний хүү хэт өндөр байгаа тул багасгаж өгөхийг хүсэж байна. Мөн өмгөөлөгчтэй оролцох хүсэлтэй гэж 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн шүүх хуралдаанд тайлбарласан нь хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байна.

Хариуцагч Б.Н2021 оны 3 дугаар сарын 11-ний өдөр, хариуцагч Б.Х 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр тус тус хариуцагч Б.Эхэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхийг олгож, итгэмжлэл олгосон байна./х.х-ийн 34,42 хуудас/

Дээрх итгэмжлэлийг үндэслэн хариуцагч нарыг төлөөлөн Б.Э хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, тэдний нэрийн өмнөөс тайлбар гаргасан гэж шүүх үзнэ. Иймээс хариуцагч нар зээлийн гэрээний зүйл болох 10,000,000 төгрөгийг авсан, энэ талаар маргаагүй байх бөгөөд харин зээлийн хүү өндөр тогтоогдсон тул хүү, нэмэгдүүлсэн хүүг багасгах хүсэлтийг шүүх хуралдаанд гаргаж байжээ.

Нэхэмжлэгч Т ББСБ ХХК-иас 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хариуцагч Б.ЭБ.Х, Б.Н нартай байгуулсан зээлийн гэрээгээр 10,000,000 төгрөгийг 2 жилийн хугацаанд, жилийн 38,4 хувийн, гэрээний хугацаанд нийт 76,8 хувийн хүү тооцож авахаар тохиролцож зээлийн гэрээ байгуулсан байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-д хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно гэж тус тус заажээ. Зээлийн гэрээний хүү, нэмэгдүүлсэн хүүд нэхэмжлэгч 8,434,192 төгрөгийг нэхэмжилсэн, зээлдэгч нар хүү болон нэмэгдүүлсэн хүүд 2,006,000 төгрөг /х.х-ийн 14 хуудас / төлсөн ба 10,000,000 төгрөгийн зээлийг нэхэмжлэгч зээлдэгчид олгож, нийт 10,440,192 /8,434,192+2,006,000/ төгрөгийн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцсон нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтой тогтоогдсон байна. Иймээс зээлийн хүүгийн хэмжээг шүүх 50 хуваарь багасгаж, 8,434,190 төгрөгийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн үүргээс 4,217,096 төгрөгөөр багасгаж, үлдэх 4,217,096 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан бөгөөд хариуцагч нар хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч нотариатын зардалд төлсөн 7,000 төгрөгийн хохирлыг хариуцагч нараас шаардах эрхтэй байна.

Барьцааны зүйл болох эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаартай, Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо, Жамъян гүний гудамж 10 байр, зоорийн давхрын 2 тоотод байрлах, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нь Д овогт Б.Нболох нь үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байх ба өмчлөгч барьцааны гэрээнд гарын үсэг зурсан, мөн хариуцагчаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон байна./х.х-ийн 30 хуудас/

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдөр №000000000000 дугаар барьцааны гэрээг талууд улсын бүртгэлд бүртгүүлсэн хүчин төгөлдөр гэрээ байх тул нэхэмжлэгч барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй байна. /х.х-ийн 28-30 хуудас/ Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д тус тус зааснаар зохигчид төрийн эрх бүхий байгууллагад барьцааны гэрээг бүртгүүлж, баталгаажуулсан ба нэхэмжлэгч тал шүүхийн журмаар маргааныг шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргажээ.

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд зааснаар барьцааны зүйлийг шүүхийн журмаар худалдаж, үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангахад түүнээс гаргасан нэхэмжлэлийг шүүхээс хангасан тохиолдолд барьцааны зүйлийг Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу албадан дуудлага худалдаагаар худалдана гэж зохицуулсан бол Иргэний хуулийн 175 дугаар зүйлд үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч энэ талаар шаардлага тавихад үл биелүүлсэн тохиолдолд түүний хүсэлтээр шүүхийн шийдвэрээр барьцааны зүйлийг албадан худалдахаар тус тус зохицуулсан.

Иймээс Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлсэн тохиолдолд барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй.

Дээрхийг нэгтгэн дүгнэвэл хариуцагч нараас зээлийн гэрээний үндсэн үүрэгт 9,177,175 төгрөг, хүү, нэмэгдүүлсэн хүүд 4,217,096 төгрөг, хохиролд 7,000 төгрөг нийт 13,401,270 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас 4,217,096 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хариуцагч Б.Э мөн хариуцагч Б.Х, Б.Н нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 12.00 цагт товлон зарлагдсан шүүх хуралдааны тов мэдэгдсэн болох нь шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай баримтаар тогтоогдож байна. Хариуцагч нар шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-д зааснаар хариуцагч нарын эзгүйд, зохигч талуудаас урьд нь гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтган үзэж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1 282 дугаар зүйлийн 282.2 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Э,Б.Х, Б.Н нараас нийт 13,401,270 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4,217,096 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1, дэх заалтыг тус тус баримтлан хариуцагч Б.Э, Б.Х, Б.Ннар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаартай, Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо, Жамъян гүний гудамж 10 байр, зоорийн давхрын 2 тоотод байрлах, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу хуульд нийцүүлэн худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 316,250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Э, Б.Х, Б.Н нараас улсын тэмдэгтийн хураамжид 224,956 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т ББСБ ХХК-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-дЗЭЭЛ зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ШҮҮГЧ                                     Ц.ОЮУНБИЛЭГ