Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2021/01059

 

 

 

 

 

 

 

 

 

Т- ББСБ ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2021/00908 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Т- ББСБ ХХК-ийн хариуцагч Б.Э-, Б.Х-,  Б.Н- нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэг болон нотариатын зардалд нийт 17 618 366 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь хариуцагч Б.Э-, Б.Х-, Б.Н- нартай 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, тус зээлийн гэрээгээр Б.Э-т 10 000 000 төгрөгийг, 24 сарын хугацаатай, сарын 3,2 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгчээр Б.Х-, Б.Н- нар нь гэрээ байгуулсан. Гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар автозогсоолын зориулалтай 15,6 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан. Зэлдэгч нар нь зээлийн гэрээний үүргээс 2018 оны 8 дугаар сар, 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр тус тус төлөлт хийж, түүнээс хойш огт төлөлт хийгээгүй. Шүүхэд нэхэмжлэл гаргахдаа зээлийн гэрээний үүргийг 2020 оны 9 дүгээр сарын 15-ны байдлаар гаргаж өгсөн. Иймээс үндсэн зээл 9 177 175 төгрөг, зээлийн хүү 7 028 493 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 405 699 төгрөг, нотариатын зардал 7 000 төгрөг, нийт 17 618 366 төгрөгийг хариуцагч Б.Э-, Б.Х-, Б.Н- нараас гаргуулж, үүргийг сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

Хариуцагч Б.Х-, Б.Н- нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч Б.Э- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийн гэрээний дагуу авсан 10 000 000 төгрөгийг ах Б.Х- авч ашигласан. Зээлийн гэрээний хүү хэт өндөр байгаа тул багасгаж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1 282 дугаар зүйлийн 282.2 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Э-, Б.Х-, Б.Н- нараас нийт 13 401 270 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс 4 217 096 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1, дэх заалтыг тус тус баримтлан хариуцагч Б.Э-, Б.Х-, Б.Н- нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2203038464 дугаартай, Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо, Жамъян гүний гудамж 10 байр, зоорийн давхрын 2 тоотод байрлах, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу хуульд нийцүүлэн худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 316 250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Э-, Б.Х-, Б.Н- нараас улсын тэмдэгтийн хураамжид 224 956 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т- ББСБ ХХК-д олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Шүүхээс хариуцагч нарт нэхэмжлэл гардуулах ажиллагааг хийсэн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хугацааны дотор хэн нь ч хариу тайлбар, түүнтэй холбоотой нотлох баримтаа шүүхэд өгөөгүй. Хэрэв хуульд заасан хугацаанд шүүхэд хариу тайлбараа гаргаж өгөөгүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцохоор хуульчилсныг шүүх харгалзан үзээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх үндсэн зарчмыг зөрчсөн гэж үзэж байна. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 4 217 096 төгрөгийг хасаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт Хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно гэж заасныг баримталсан байх бөгөөд хуулийн уг зохицуулалтыг хэрэглэх нөхцөл үүсээгүй байна. Тодруулбал, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт заасан хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон гэдгийг шүүх хэрхэн тогтоосон, ямар нотлох баримтыг үндэслэн зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтой гэж үзсэн нь тодорхойгүй. Хэрэв сарын 3,2 хувь, жилийн 38,4 хувийн хүүг хэт хохиролтой гэж үзсэн бол дундаж хүү мөн эсэх талаар нэхэмжлэгчээс тодруулаагүй, ямар ч нотлох баримтгүйгээр, өөрийн хувийн үзэмжээр шийдвэрлэсэн мэт ойлгогдож байна. Мөн шүүхийн шийдвэрийн 3 дугаар талд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж заасныг дурьдсан байх бөгөөд энэ зохицуулалтаар нэмэгдүүлсэн хүүг багасгаж болох мэтээр тайлбарласан байна. Гэтэл нэмэгдүүлсэн хүүг зөвхөн банк, зээлийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий хуулийн этгээдийн зээлийн үйл ажиллагаанд хэрэглэх ба анз буюу торгууль, алдангийг хэрэглэхгүйгээр хуульчилсан. Гэтэл анхан шатны шүүх нэмэгдүүлсэн хүүг анз хэмээн тайлбарлаж, түүнийг нь шүүх буруулж болох мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй. Хариуцагч нь 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдөр зээлийн гэрээ байгуулснаас хойш 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 1 400 000 төгрөг, 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 606 000 төгрөг, нийт 2 006 000 төгрөг төлснөөс хойш ямар ч төлбөр төлөөгүй. Анхан шатны шүүх хариуцагчийн төлсөн 2 006 000 төгрөгийг шүүхийн шийдвэртээ нийт нэхэмжилсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр болох 8 434 192 төгрөг дээр нэмж тооцон хариуцагчид нийт 10 440 192 төгрөгийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн үүрэг үүсгэсэн мэтээр тайлбарлажээ. Гэтэл хариуцагчийн төлсөн 2 006 000 төгрөгөөс 822 825 төгрөгийг үндсэн зээлд тооцож, үлдсэн төлбөрийг зээлийн гэрээний хариу төлбөр болох хүүнд тооцсон. Хариуцагч тал 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс хойш ямар ч төлөлт хийхгүйгээр, байгуулсан гэрээний үүргээ зөрчиж өнөөдрийн үр дүн буюу нэхэмжлэлийн шаардлагад хүргэснийг зөвтгөх үндэслэлгүй юм. Хүндэтгэн үзэх шалтгаанаа илэрхийлсэн баримт, илт хохиролтой тогтоогдсон гэх баримтаа ч шүүхэд ирүүлээгүй юм. Үүнээс гадна хариуцагч, хариуцагч нарын төлөөлөгч Б.Э- 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох тухай хүсэлт гаргасны зэрэгцээ хүү хэт өндөр байгаа талаар тайлбар илэрхийлээгүй бөгөөд нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй тухайгаа тайлбарласныг шүүхийн шийдвэрт Зээлийн гэрээний хүү хэт өндөр байгаа тул багасгаж өгөхийг хүссэн мэтээр бичсэнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас 4 217 096 төгрөгийг хасаж шийдвэрлэснийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Т- ББСБ ХХК нь хариуцагч Б.Э-, Б.Х-, Б.Н- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг болон нотариатын зардалд нийт 17 618 366 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ зээлдэгч нар нь зээлийг хугацаанд нь төлөх үүргээ биелүүлээгүй тул зээлийн гэрээний үүрэг болон нотариатын зардалд нийт 17 618 366 төгрөгийг гаргуулж, үүргийг сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэсэн бол хариуцагч нар зээлийн хүү хэт өндөр тогтоогдсон тул багасгаж өгнө үү гэсэн тайлбар гаргасан байна.

 

Нэхэмжлэгч Т- ББСБ ХХК нь хариуцагч Б.Э-, Б.Х-, Б.Н- нартай 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч Т- ББСБ ХХК нь 10 000 000 төгрөгийг, сарын 3.2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, хэрэглээний зээлийн зориулалтаар олгох, хариуцагч нар нь зээлийг зориулалтын дагуу ашиглаж, зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу хугацаанд нь бүрэн төлөхөөр харилцан тохиролцон, нэхэмжлэгч байгууллага нь зээлийн гэрээний үүргийг биелүүлж, зээлийн мөнгөн хөрөнгө болох 10 000 000 төгрөгийг хариуцагч нарт хүлээлгэн өгсөн болох нь талуудын тайлбар, зээлийн гэрээ зэрэг нотлох баримтаар тогтоогджээ. /хх-ийн 10-11-р тал/

Мөн өдөр талууд баталгаат ипотекийн гэрээ байгуулж, хариуцагч Б.Наранлхагвын өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Жамъян гүний гудамж, 10 дугаар байр, зоорийн давхрын 2 тоот хаягт байршилтай, 15.6 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203038461 дугаарт бүртгэлтэй, автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан байна. /хх-ийн 29-30-р тал/

 

Анхан шатны шүүх талуудын байгуулсан зээл болон баталгаат ипотекийн гэрээг Иргэний хуулийн 166 дугаар зүйлийн 166.1, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасанд нийцсэн хүчин төгөлдөр гэрээ гэж зөв дүгнэжээ.

 

Гэвч шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ өмчлөх эрх шилжүүлэх гэрээний төрөлд хамаарах зээлийн гэрээний хүүгийн талаар зохицуулсан Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсгийн зохицуулалтыг тусгай зориулалтын үндсэн дээр нийтэд хандан зээлийн үйлчилгээ үзүүлэх гэрээнд хамааруулан дүгнэсэн нь Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дах хэсэгт нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч Т- ББСБ ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхэлдэг болох нь тус компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ болон Санхүүгийн зохицуулах хорооны 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 533 дугаар тогтоол зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна. /хх-ийн 4-8-р тал/. Энэ тохиолдолд талуудын байгуулсан зээлийн гэрээний харилцаа нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль болон Иргэний хуулийн 451-453 дугаар зүйлээр зохицуулагдах юм.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт ... банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заажээ.

 

Талуудын байгуулсан зээлийн гэрээний 3.1.3-т сарын хүү 3.2 хувь байна гэж заасан бөгөөд энэ нь хууль зөрчсөн хэлцэл биш байна. Өөрөөр хэлбэл, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт зээлийг ашигласан хугацаанд гэрээнд заасан хэмжээгээр тооцсон зээлдэгчийн хариу төлбөр буюу зээлийн үнэ нь зээлийн хүү болно гэж тодорхойлсон бөгөөд мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дах хэсэгт зааснаар зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулсан байна.

 

Түүнчлэн Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дах хэсэгт ... Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй гэж заасан байхад анхан шатны шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дах хэсгийг үндэслэн хүү, нэмэгдүүлсэн хүүг багасгаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт заасан гэрээний агуулгыг тайлбарлах журамд мөн нийцээгүй байна.

 

Хариуцагч Б.Э-, Б.Х-, Б.Н- нар нь 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд зээлийн гэрээний үүрэгт нийт 2 006 000 төгрөг төлж, эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийг төлөлгүй, гэрээний үүргийг зөрчсөн байх бөгөөд 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар төлөгдөөгүй зээлийн нийт үүрэг буюу үндсэн зээл 9 177 175 төгрөг, хүү 7 028 493 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 405 699 төгрөг, нийт 17 611 367 төгрөг болсон нь зээл, хүүгийн тооцооллоор тогтоогдсон байна. /хх-ийн 14-р тал/

 

Мөн нэхэмжлэгч Транскпаитал ББСБ ХХК нь хариуцагч нараас нотариатын зардалд 7 000 төгрөг нэхэмжилжээ. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан. Хариуцагч нарыг гэрээний үүргээ биелүүлээгүйтэй холбоотойгоор нэхэмжлэгч нь шүүхэд хандаж, баримт бичгийг нотариатаар гэрчлүүлсэн болох нь нотариатчийн мөнгөний тасалбараар тогтоогдсон байна. /хх-ийн 13-р тал/

 

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, хариуцагч Б.Э-, Б.Х-, Б.Н- нараас зээлийн гэрээний үүрэг болон хохиролд нийт 17 618 366 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Т- ББСБ ХХК-д олгуулахаар шийдвэрлэх нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасанд тус тус нийцнэ.

 

Харин барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасанд нийцсэн боловч шийдвэрийн тогтоох хэсэгт үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн дугаарыг буруу бичсэн, мөн тус шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилалгүй орхигдуулсан байгааг залруулах шаардлагатай.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2021/00908 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтаас ... 282 дугаар зүйлийн 282.2 ... гэснийг хасаж, ... 13,401,270 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4,217,096 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. гэснийг 17 618 366 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т- ББСБ ХХК-д олгосугай. гэж,

2 дах заалтын ... Ү-2203038464 ... гэснийг Ү-2203038461 гэж,

3 дах заалтын ... 7.1.1... гэсний дараа 7.1.2 гэж нэмж, ... 224,956... гэснийг 316 241 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 82 450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

Г.ДАВААДОРЖ