Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 183/ШШ2021/00327

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 2021             02            04                                                 183/ШШ2021/00327

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

     Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 0 дугаар хороо, 00 дүгээр байр, 00 тоотод оршин суух, А овогт Г Т /РД:000000/ нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 00 дүгээр хороо, Б, өөрийн байранд байрлах, ИНҮТААТҮГ холбогдох,

            Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, 2020 оны биеэр эдлээгүй ээлжийн амралтыг нөхөн эдлүүлэх, сахилгын шийтгэл буруу ногдуулсныг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, гэрч Т.Б шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Баттөмөр нар оролцов.

 

                                                                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Г.Тү шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлага шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр И Л.Б Хөдөлмөрийн гэрээ /дугаар 12/ байгуулж, Ин 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/000 тоот тушаалаар тус газрын Нислэгийн журам боловсруулалтын албаны даргын албан тушаалд томилогдон 3 жил 11 сар ажилласан. Гэтэл Иргэний нисэхийн ерөнхий газрын Иргэний нисэхийн үндэсний төвийн дарга П.М 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Б/406 дугаартай тушаалаар “... 2020 оны Б/271 дүгээр тушаалаар сахилгын шийтгэл хүлээсэн, 2020 оны 9 дүгээр сарын ажлын цаг ашиглалт хангалтгүй зөрчил тус тус  гаргасан нь хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан байх тул” гэсэн үндэслэлээр надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөр тасалбар болгон цуцалж ажлаас чөлөөлсөн. Миний бие Иргэний нисэхийн ерөнхий газрын Нислэгийн журам боловсруулалтын албаны даргаар ажиллах хугацаанд ямар нэг алдаа дутагдал, ноцтой зөрчил гаргаж байгаагүй болон захирлын тушаалд дурдагдсан ажлын цаг ашиглалт хангалтгүй гэдэг үндэслэл нь хөдөлмөрийн гэрээг цуцлах, ажлаас халах хэмжээний ноцтой зөрчил биш бөгөөд би Нислэгийн журам боловсруулалтын албаны даргын хувьд ажлын цаг ашиглалтыг хийдүүлж, түүнээс хамаарсан ямар нэгэн зөрчил гаргаагүй. Би өөрийгөө үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөн гэж үзэж байгаа тул иргэний шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд Г.Т намайг Нислэгийн журам боловсруулалтын албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговорыг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, 2020 оны ажлын шаардлагаар биеэр эдлээгүй ээлжийн амралтын өдрүүдийг биеэр эдлүүлэх боломж гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.  

Иргэн Г.Т миний бие Иргэний нисэхийн үндэсний төвийн даргын 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Б/406 дугаар тушаалыг эс зөвшөөрч тус шүүхэд “ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай” нэхэмжлэл гаргасан. Гэтэл уг “Хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөх” тухай Иргэний нисэхийн үндэсний төвийн даргын тушаал нь нисэхийн нарийн мэргэжлийн боловсон хүчин намайг ялгаварлан гадуурсан үйлдэл болсон. Учир нь нисэхийн салбарт ямар ч дарга нарын ажлын цагийг бүртгэж, арга хэмжээ авч байсан удаа байхгүй болно. Мөн намайг ажлаас халах болсон шалтгаан нь Авлигатай тэмцэх газарт 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр намайг дуудаж байцаалт авсан бөгөөд энэхүү байцаалтыг өгсөн болохыг дарга нар мэдэж намайг ажлаас чөлөөлсөн. Гэтэл хуулийн эрх бүхий байгууллага намайг дуудаж байхад “би очихгүй гэж хэлэх эрх байхгүй” билээ. Ийнхүү хуулийг биелүүлж ажилласны төлөө би ажлаас чөлөөлөгдсөн. Мөн уг тушаал нь иргэн намайг хуульд заасан эрхээ эдлэх боломжийг олгоогүй болно. Өөрөөр хэлбэл 2020 оны 7 дугаар сарын 30-ний өдөр гаргасан “Сахилгын шийтгэл хүлээлгэх” тухай тушаалыг миний бие эс зөвшөөрч байсан бөгөөд шүүхэд хандах гэтэл М дарга “гомдол гаргахгүй хүлээж бай” гэж хэлсэн тул би хуулийн хугацаанд нь хүлээж байсан.

Иймд Иргэний нисэхийн үндэсний төвийн даргын 2020 оны 7 дугаар сарын 30-ний өдрийн Б/271 дүгээр тушаал, 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Б/406 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож, Г.Т намайг иргэний нисэхийн үндэсний төвийн Нислэгийн журам боловсруулалтын албаны даргын  ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, мөн намайг ялгаварлан гадуурхаж ажлаас халсан болохыг тогтоож өгнө үү.

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Миний бие 1994 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа байгууллагад нэр төртэй ажиллаж байгаад 2016 оны 11 дүгээр сараас эхлэн Нислэгийн журам боловсруулалтын албаны даргын албан тушаалд томилогдсон. Гэтэл 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Б/406 тоот Иргэний нисэхийн үндэсний төвийн даргын тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар ажлаас чөлөөлсөнг зөвшөөрөхгүй, гомдолтой байна. Учир нь ажлаа алдаа дутагдал гаргаагүй сайн хийж байхад ялгаврлан гадуурхаж, Авлигатай тэмцэх газарт мэдүүлэг өглөө гээд халсан. Ажлын цаг хангалтгүй гэж цагийн бүртгэл ашигласан боловч би гадуур гарахдаа энэ тухайгаа дэвтэрт бичсэн. Надад мөн сахилгын шийтгэл ногдуулсныг би зөвшөөрөхгүй гэсэн боловч дарга гомдол битгий гаргаарай гэж гуйсан болохоор л би гаргаагүй байсан юм. Би ээлжийн амралтаа 8 сард эдлэхээр тохирсон байсан, өөрөөр хэлбэл 8 сарын 01-ний өдрөөс 9 сарын 04-ний өдрийг хүртэл амрах байсан, гэтэл ажил ихтэй гээд 1 ч өдөр амраагаагүй дуудаж ажиллуулсан. Тиймээс л биеэр эдлүүлэх боломж олгож өгнө үү гэж хүссэн юм. Намайг ажлаас халах тушаал болон сонсох ажиллагааны тэмдэглэл хоёр зөрүүтэй байгаа, эхлээд ноцтой зөрчил гаргасан гэж байснаа тушаал дээр болохоор сахилгын зөрчил давтан гаргасан гэж бичсэн байна. Хэрэв цагийн бүртгэл баримтлаад арга хэмжээ авах юм бол манайд хүн үлдэхгүй, тиймээс намайг ялгаврлан гадуурхаж, халах гэж л халсан учраас гомдолтой байна гэв.  

           

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Г.Т тус шүүхэд 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр гаргасан нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг  доор дурдсан үндэслэлээр эс зөвшөөрч энэ хариу тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч Г.Т нь 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс Нислэгийн журам боловсруулалтын албаны даргаар хөдөлмөрийн 12 дугаартай гэрээ байгуулан ажилласан байна. Нэхэмжлэгч Г.Түвшинбаярт Иргэний нисэхийн үндэсний төвийн даргын 2020 оны 7 дугаар сарын 30-ний өдрийн Б/271 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1 дэх заалтыг үндэслэн сануулах сахилгын шийтгэл ногдуулсан байна. Улмаар нэхэмжлэгч Г.Түвшинбаярын 2020 оны 9 дүгээр сарын ажлын цаг ашиглалт хангалтгүй, Иргэний нисэхийн ерөнхий газрын Хөдөлмөрийн дотоод журам 5.1.3, 5.1.4-т заасныг зөрчсөн нь цагийн бүртгэлийн системийн хуулбар буюу сонсох ажиллагааны тэмдэглэлээр нотлогдож байх тул ажил олгогч буюу Иргэний нисэхийн үндэсний төвийн дарга Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтад “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан” гэж заасныг үндэслэн Г.Т байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан.

Иймд Иргэний нисэхийн үндэсний төвийн даргын 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Г.Т байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөх тухай Б/406 дугаартай тушаал нь хөдөлмөрийн тухай хуульд заасантай нийцсэн, үндэслэл бүхий байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Ажлаас чөлөөлсөн тушаал нь хууль зөрчөөгүй, сахилга хариуцлагын жил болгон зарласан байхад нэхэмжлэгчийн ажлын цаг ашиглалт хангалтгүй байсан зөрчил давтан гаргасан учраас ажлаас чөлөөлсөн. Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн, гадуур ажилтай явахдаа гадуур ажлын дэвтэрт тэмдэглэгээ хийгээгүй, зохих албан тушаалтнаас зөвшөөрөл аваагүй болох нь сонсох ажиллагааны тэмдэглэл, ирцийн бүртгэлээр нотлогдож байгаа. Мөн сахилгын шийтгэл ногдуулсан тушаалд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн, ээлжийн амралтын хувьд өөрөө л биеэр эдлээгүй, хүсэлт гаргаад амралтын мөнгөө авсан. Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.  

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

    ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Т нь хариуцагч Иргэний нисэхийн үндэсний төв Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газарт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, 2020 оны биеэр эдлээгүй ээлжийн амралтыг нөхөн эдлүүлэх, сахилгын шийтгэл буруу ногдуулсныг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.7-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд ажлын цаг ашиглалт хангалтгүй гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж ажлаас чөлөөлснийг зөвшөөрөхгүй, ялгаврлан гадуурхаж ажлаас чөлөөлсөн, сахилгын зөрчлийг буруу ногдуулсан, 2020 оны ээлжийн амралтыг биечлэн эдлэх боломж олгоогүй эрх зөрчсөн гэсэн.

Хариуцагч нь нэхэмжлэгчийг ажлын цаг ашиглалт хангалтгүй гэж сахилгын шийтгэл ногдуулсан байхад дахин ирцийн бүртгэл буюу ажлын цаг ашиглалт хангалтгүй, гадуур ажлын дэвтэрт тэмдэглэгээ хийгээгүй, зохих албан тушаалтнаас зөвшөөрөл аваагүй хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн тул сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй, сахилгын зөрчил ногдуулсан нь хууль зөрчөөгүй, сахилгын шийтгэл ногдуулсан тушаалд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, 2020 оны ээлжийн амралтыг өөрийн хүсэлтээр биеэр эдлээгүй гэж маргасан. 

 

И 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Б/406 тоот “Г.Т байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлаж, ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалт, 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэг, ажил олгогч ажилтан нарын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 2.2.1, Иргэний нисэхийн ерөнхий газрын Хөдөлмөрийн дотоод журмын 5.1.3, 5.1.4 дэх заалт, Иргэний нисэхийн үндэсний төвийн дүрмийн 4.3.2 дахь заалт, Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын “Эрх шилжүүлэх тухай” 2020 оны А/394 дүгээр тушаалыг үндэслэн нислэгийн журам боловсруулалтын албаны дарга Г.Т И 2020 оны Б/271 дүгээр тушаалаар сахилгын шийтгэл хүлээсэн, 2020 оны 9 дүгээр сарын ажлын цаг ашиглалт хангалтгүй зөрчил тус тус гаргасан нь хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан зөрчил байна гэж үзэж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлажээ. /хэргийн 3-4-р хуудас/

Нэхэмжлэгч нь “Г.Т байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлаж, ажлаас чөлөөлөх тухай“ 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн №Б/406 тоот тушаалыг хүлээн авч, ажлаас буруу халсан талаарх гомдлоо тус шүүхэд 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг /нэг сар/ хэтрүүлээгүй, энэ тухайд талууд маргаагүй болно.

 

 Нэхэмжлэгч Г.Т нь 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/213 тоот тушаалаар Иргэний нисэхийн ерөнхий газрын Нислэгийн журам боловсруулалтын албаны даргаар томилогдож, 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан болох 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн №12 тоот хөдөлмөрийн гэрээ, гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлтүүд, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 15-19, 144-р хуудас/

Зохигч 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн №12 тоот хөдөлмөрийн гэрээний хувьд маргаагүй бөгөөд нэхэмжлэгч нь Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Л.Б 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр №12 тоот хөдөлмөрийн гэрээ байгуулж, уг гэрээний хугацааг 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс хугацаагүйгээр сунган ажиллаж байсан бөгөөд Иргэний нисэхийн үндэсний төв аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрыг 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлж, 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн А/393 дугаар Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын Дүрэм шинэчлэн батлах тухай тушаалаар Иргэний нисэхийн үндэсний төвийн дүрмийг шинэчлэн баталсан бөгөөд  2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын А/394 тоот эрх шилжүүлэх тухай тушаалаар Иргэний нисэхийн үндэсний төвд хамаарагдах хавсралтад заасан албан тушаалтан, ажилтнуудыг ажилд томилох, ажлаас чөлөөлөх эрх, батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах эрхийг Иргэний нисэхийн үндэсний төвийн дарга П.М 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс шилжүүлжээ. /хэргийн 13, 26-31-р хуудас/  

 

            Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан” бол ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заажээ.

            Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-д “ажлаас халах”, 43 дугаар зүйлийн 43.1-д “ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажил хүлээлгэн өгөх хугацааг тогтоож уг хугацааг ажлаас халах тухай шийдвэрт заана” гэж заасан байна.

Ажил олгогчийн ажилтантай байгуулсан 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн №12 тоот Хөдөлмөрийн гэрээний 2.2.1-д “ажилтан хөдөлмөрийн дотоод журмыг чанд сахиж, биелүүлнэ”, Иргэний нисэхийн ерөнхий газрын хөдөлмөрийн дотоод журмын /11 дэх хэвлэл/ 5.1.3-д “ажилтан нь гадуур ажиллах тохиолдолд удирдлагадаа урьдчилан мэдэгдэж “Гадуур ажлын бүртгэлийн дэвтэр”-т тэмдэглэн ажлын 2 хоногийн дотор хариуцсан нэгжийн даргаар баталгаажуулна. Цагийн бүртгэлийн системд бүртгүүлээгүй, гадуур ажлын дэвтэрт тэмдэглээгүй, хариуцсан нэгжийн даргаар баталгаажуулаагүй, ажлын байрыг зөвшөөрөлгүйгээр орхин явсан бол ажил тасалсанд тооцно”, 5.1.4-д “ажилтан нь ажлын цагт багтах цагаар хувийн асуудлаар гадуур явахдаа шууд харьяалах нэгжийн даргад мэдэгдэн, чөлөөний хуудсаар баталгаажуулж, Захиргаа хариуцсан нэгжид хүргүүлсэн байна” гэжээ.

Нэхэмжлэгч нь 2020 оны 07 дугаар сарын 30-ний өдрийн Б/271 тоот тушаалаар ажлын цагийн бүртгэлд хийсэн гэнэтийн үзлэгээр ажлын цагийн бүртгэл хангалтгүй гэсэн нь үндэслэлгүй, 2020 оны 09 сарын ирцийн бүртгэл хангалтгүй, хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн сахилгын зөрчил гаргасан гэдэг хууль зөрчсөн, ажлын цаг ашиглалт зөрчөөгүй, гадуур ажиллах тохиолдолд энэ тухайгаа “Гадуур ажлын бүртгэлийн дэвтэр”-т тэмдэглүүлсэн гэж тайлбарласан.

Хариуцагчийн төлөөлөгч нь нэхэмжлэгч Г.Т ажлын цаг ашиглалт хангалтгүй байсан нь гэнэтийн үзлэгээр илэрсэн учир сахилгын шийтгэл ногдуулсан, гэтэл 2020 оны 09 сарын 03, 04, 07, 16, 17, 18, 21-ний өдрүүдэд 8 цагт ажилдаа ирээгүй, 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 14:43 минут ирсэн, 09 сарын 16, 22-ны өдрүүдэд гадуур ажлаар мэдээлэл хүргэх гээд явсан гэдэг боловч хариуцсан нэгжийн даргад мэдэгдээгүй, зөвшөөрөл аваагүй болох нь цагийн бүртгэл, сонсох ажиллагааны тэмдэглэл, сахилгын шийтгэл ногдуулсан тушаалаар тус тус нотлогдоно гэж мэтгэлцсэн.

Иргэний нисэхийн үндэсний төвийн даргын 2020 оны 07 дугаар сарын 30-ний өдрийн Б/271 тоот “Г.Т сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалаар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 10 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1 дэх заалт, Ажил олгогч, ажилтан нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 2.2.1 дэх заалт, Иргэний нисэхийн ерөнхий газрын Хөдөлмөрийн дотоод журмын 3.4.8 дахь заалт, Иргэний нисэхийн үндэсний төвийн дүрмийн 6.4.6, 6.4.7 дахь заалтыг тус тус үндэслэн Нислэгийн журам боловсруулалтын албаны дарга Г.Т нь Иргэний нисэхийн үндэсний төвийн Захиргаа, хүний нөөцийн хэлстээс ажилтнуудын ажлын цагийн бүртгэлд хийсэн гэнэтийн үзлэгээр ажлын цагийн бүртгэл хангалтгүй байх тул сануулах сахилгын шийтгэл ногдуулсан болох нь хэрэгт авагдсан 2020 оны 07 дугаар сарын 30-ний өдрийн Б/271 тоот тушаал, хяналтын карт, 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Сонсох ажиллагааны талаарх мэдээлэл, нэхэмжлэгч, хариуцагчийн нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна. /хэргийн 20, 101-р хуудас/

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д ажил олгогч нь хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн ажилтанд дор дурдсан хэлбэрийн сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна. Мөн хуулийн 131.1.1-д сануулах гэж тус тус заасан байна.

Нэхэмжлэгчээс дээрх сахилгын шийтгэл ногдуулах тухай 2020 оны 07 дугаар сарын 30-ний өдрийн №Б/271 тоот тушаалыг 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авсан боловч дарга гомдлоо гаргаад хэрэггүй гэсэн тул гомдлоо гаргаагүй байсан гэж тайлбарласан бөгөөд хэрэгт авагдсан 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Сонсох ажиллагааны мэдээлэлд Г.Т сахилгын шийтгэл ногдуулах гэснийг нэхэмжлэгч танилцаж гарын үсэг зурсан талаараа маргаагүй болно. /хэргийн 101-р хуудас/

Мөн Г.Т сахилгын шийтгэл ногдуулах тухай хяналтын карт №23-д “8 сарын 03-нд Б/271 тоот танилцсан, 2020 оны 8 сарын 3-нд гардаж авсан гэж ИНЕГ-т мэдэгдэх” гэж тэмдэглэгджээ. /хэргийн 143-р хуудас/

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д “хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-д зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч нь сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр гардан авч, буруу ногдуулсан тухай гомдлоо хуульд заасан хугацааны дотор гаргаагүй байна гэж үзэв.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-д “энэ зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тохиолдолд шүүх уг хугацааг сэргээн тогтоож, хэргийг хянан шийдвэрлэж болно” гэж заасан боловч нэхэмжлэгч энэ талаар хүсэлт гаргаагүй, хөөн хэлэлцэх хугацааг сэргээх хүндэтгэн үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

Иймд нэхэмжлэгч нь сахилгын шийтгэл буруу ногдуулсан тухай гомдлоо 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр гаргасан нь хуульд заасан хугацааг хэтрүүлсэн, мөн дарга гомдлоо гаргахгүй хүлээж байгаарай гэж гуйсан гэсэн нь хөөн хэлэлцэх хугацааг сэргээх хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэхгүй тул нэхэмжлэгчийн гаргасан Иргэний нисэхийн үндэсний төвийн даргын 2020 оны 07 дугаар сарын 30-ний өдрийн №Б/271 дугаартай “Г.Түвшинбаярт сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгох буюу сахилгын шийтгэл буруу ногдуулсан тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв. 

            Харин хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн ажлын цагийг бүртгэсэн 2020 оны 09 дүгээр сарын ирцийн бүртгэлийн баримтад 2020 оны 09 сарын 01-нд 08:47-19:57, 09 сарын 02-нд 14:43-19:33, 09 сарын 03-нд 09:08-16:58, 09 сарын 04-нд 09:02-19:32, 06-нд 11:36-13:00, 07-нд 08:45-20:03, 08-нд 08:48-18:16, 09-нд 08:44-21:53, 10-нд 08:18-19:52, 11-нд 08:17-23:54, 12-нд 10:26-19:30, 13-нд 23:39, 14-нд 08:42-17:57, 15-нд 10:16-22:03, 16-нд 08:44-14:34, 17-нд 08:45-18:49, 18-нд 08:56-18:07, 21-нд 08:38-17:16, 22-нд 11:32-16:50, 23-нд 08:22-21:04, 24-нд 08:07-22:19, 25-нд 08:05-14:01-22:11, 26-нд 09:03-11:25-15:49, 28-нд 06:32-20:42, 29-нд 07:58-22:42, 30-нд 07:51-22:37 гэж бүртгэгдсэн байна. /хэргийн 78-79-р хуудас/

Мөн Чингисхаан Олон улсын нисэх буудлын А5 постоор нэхэмжлэгчийн орсон, гарсан бүртгэлд 2020 оны 09 сарын 01-нд 8:29-19:43, 02-нд 14:24-19:19, 03-нд 8:50-16:44, 11:11-16:44, 16:59-8:57, 04-нд 8:44-8:57, 9:13-19:18, 14:57-19:18, 06-нд 11:18-12:46, 07-нд 08:27-19:48, 11:04-19:48, 15:19-19:48, 08-нд 08:30-13:08, 10:53-13:06, 14:03-13:08, 09-нд 08:25-13:06, 13:00-13:08, 13:19-21:39, 14:43-21:39, 10-нд 7:59-19:38, 10:13-19:38, 17:51-19:38, 11-нд 7:58-23:40, 12-нд 09:51-12:49, 12-нд 12:57-19:15, 13-нд 9:45-23:25, 14-нд 08:23-17:42, 10:10-17:42, 11:04-17:42, 14:17-17:42, 15-нд 9:57-12:35, 14:43-21:49, 15:59-21:49, 16-нд 08:24-14:19, 14:26-14:31, 17-нд 08:26-9:18, 10:47-18:34, 13:02-18:34, 16:03-18:34,  18-нд 08:36-17:52, 11:56-17:52, 14:42-17:52, 21-нд 08:18-17:01, 14:32-17:01, 16:54-17:01, 22-нд 11:12-12:46, 13:11-16:35, 23-нд 08:02-20:49, 24-нд 07:46-11:55, 12:49-22:04, 15:05-22:04, 25-нд 07:45-26-ны 8:47, 10:06-8:47, 21:50-08:47, 26-нд 11:04-15:33, 27-нд 1:44-6:15, 28-нд 10:26-14:47, 11:16-14:47, 11:40-14:47, 14:56-22:26, 15:46-22:26, 15:49-22:26, 29-нд 07:37-22:26, 14:06-22:26, 30-нд 12:23-22:22, гэж тэмдэглэгдсэн болох нь тогтоогдож байх бөгөөд ирцийн бүртгэл болон орсон, гарсан бүртгэлийн талаар зохигч талууд маргаагүй болно. /хэргийн 87-88-р хуудас/

Хариуцагчийн төлөөлөгч нь нэхэмжлэгчийг ажлын цаг ашиглалт хангалтгүй, 2020 оны 09 сарын 03, 04, 07, 16, 17, 18, 21-ний өдрүүдэд өглөө 08.00 цагт ажилдаа ирээгүй нь ирцийн бүртгэлээр нотлогдоно гэсэн боловч Хөдөлмөрийн дотоод журмын /11 дэх хэвлэл/ 5.1.1-д “ИНЕГ, түүний харьяа салбар, нэгжид ажлын өдөр 08.00 цагт эхэлж, 17.00 цагт дуусна. Ажлын өдрийн үргэлжлэх хугацаа 8 цаг, үдийн цайны завсарлага 12.00-13.00 цагийн хооронд байна” гэсэн байх бөгөөд нэхэмжлэгч нь ажлын өдрийн үргэлжлэх 8 цаг болон түүнээс илүү цагийн хугацаанд ажил үүргээ гүйцэтгэж байсан болох нь ирцийн бүртгэл болон орсон, гарсан бүртгэлийн баримтаар тогтоогдож байх тул хариуцагчийн ажлын цаг ашиглалт хангалтгүй гэсэн тайлбар нь үндэслэлгүй байна гэж үзэв.

Шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Т.Б өглөө ажилдаа 8.00 цагт ирээгүй гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн зүйл гарч байгаагүй, манай байгууллага бол 24 цагийн үйл ажиллагаатай ажилчид илүү цагаар сунаж ажилладаг гэж тайлбарласан болно.    

Хөдөлмөрийн дотоод журмын /11 дэх хэвлэл/ 5.1.2-д “ажилтны ажилд ирсэн, явсан цагийг бүртгэх хяналтын системийг салбар нэгж бүр хэрэгжүүлж мөрдөнө. Захиргаа хариуцсан нэгж ажилтны цагийг бүртгэлийг үндэслэн ажилласан өдөр, цагийн тооцоог гаргаж, сард 2 удаа хянаж баталгаажуулан санхүү хариуцсан нэгжид хүргүүлнэ. Цагийн бүртгэл нь тухайн ажилтны хөдөлмөрийн хөлсийг тооцож олгох санхүүгийн үндсэн баримт болно” гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгчийг ажлын цаг ашиглалт муу, ирцийн бүртгэл хангалтгүй гэсэн боловч түүний цагийн бүртгэлийн тооцоог гаргаж баталгаажуулсан эсэх нь тодорхойгүй байна.

           

Мөн хариуцагчийн төлөөлөгч нь нэхэмжлэгчийг 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 14:43 цагт ажилдаа ирсэн, энэ тухайгаа харьяалах даргадаа мэдэгдээгүй, чөлөө аваагүй, 09 дүгээр сарын 16 болон 22-ны өдрүүдэд гадуур ажлаар явснаа хариуцсан нэгжийн даргад мэдэгдээгүй, баталгаажуулаагүй Хөдөлмөрийн дотоод журмын /11 дэх хэвлэл/ 5.1.3, 5.1.4-д заасныг зөрчсөн гэсэн боловч хэрэгт авагдсан Нислэгийн журам боловсруулалтын албаны гадуур ажлын бүртгэлийн дэвтэрт “...2020.09.16 Г.Т дарга АТГ, ЗТХЯ 15.00-17.00 мэдээлэл хүргэх, 2020.09.22 Г.Т дарга АТГ 08.00-11.00 мэдээлэл хүргэх...” гэж тус тус тэмдэглэгдсэн болох нь тогтоогдож байна. /хэргийн 90-100-р хуудас/

            Хэрэгт авагдсан 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Сонсох ажиллагааны тэмдэглэлд “...Г.Түвшинбаярт өмнө нь сахилгын шийтгэл ногдуулсан, 2 дахь зөрчил нь ажлын цаг ашиглалт тун хангалтгүй, холбогдох шууд удирдах нэгжийн даргаас чөлөө, зөвшөөрөл аваагүй, Хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу гадуур ажлын дэвтэрт шууд удирдах нэгжийн даргын зөвшөөрсөн гарын үсгийг зуруулж баталгаажуулаагүй ажлын цаг ашиглалтын зөрчил гаргасан, хуралдаанд оролцсон агаарын навигацын дэд дарга Г.Мөнгөнхуягаас зөвшөөрөл аваагүй, 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хурууны хээний бүртгэлийн ирцийн мэдээнд ажилд ирсэн цаг 14:43 цагт бүртгүүлсэн, энэ талаар холбогдох удирдах албан тушаалтнаас зөвшөөрөл аваагүй, гадуур ажлын дэвтэрт тэмдэглээгүй, 09 дүгээр сарын 16-нд 14:43 цагт ажлаас явсан, 09 дүгээр сарын 22-ны өдөр 11:32 цагт ажилдаа ирэхдээ холбогдох удирдлагын зөвшөөрлийг аваагүй” гэжээ. /хэргийн хуудас/          

            Гэтэл сонсох ажиллагааны тэмдэглэл буюу хариуцагчийн тайлбарт дурдснаар  гадуур ажлын дэвтэрт шууд удирдах нэгжийн даргын зөвшөөрсөн гарын үсгийг зуруулж баталгаажуулаагүй хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн гэсэн боловч хариуцагчийн шүүхэд ирүүлсэн Нислэгийн журам боловсруулалтын албаны гадуур ажлын бүртгэлийн дэвтэрт нэхэмжлэгч нь гадуур ямар ажлаар явж байгаа тухайгаа тэмдэглэж гарын үсэг зурсан байх бөгөөд хариуцсан нэгжийн даргаар хэрхэн баталгаажуулдаг эсэх нь тодорхойгүй, нэхэмжлэгч нь хувийн ажлаар бус АТГ, ЗТХЯаманд мэдээлэл хүргэхээр гэж тэмдэглэгдсэн байх тул Хөдөлмөрийн дотоод журмын 5.1.3-ыг зөрчсөн гэсэн тайлбар нь үндэслэлгүй байна гэж дүгнэв.

            Мөн нэхэмжлэгчээс Хөдөлмөрийн дотоод журмын /10 дах хэвлэл/ 5.1.3-д “ажилтан нь ажлын цагт багтах цагаар хариуцсан ажлын шаардлагаар өөр байгууллагад /гадуур/ ажиллах үед нэгжийн удирдлагад мэдэгдэж, гадагш ажлаар явах тухайгаа бүртгэлийн дэвтэрт тэмдэглэнэ” гэж зааснаар АТГ, ЗТХЯ-нд мэдээлэл хүргүүлэх тухайгаа тэмдэглэсэн гэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хариуцагчийн тайлбарлаж байгаа Хөдөлмөрийн дотоод журам /11 дэх хэвлэл / 5.1.3 дахь заалтыг ИНЕГ-ны даргын 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/416 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан байх бөгөөд нэхэмжлэгчийг гадуур ажлын дэвтэрт тэмдэглэж байхад Хөдөлмөрийн дотоод журамд өөрчлөлт ороогүй байсан байх тул хариуцсан нэгжийн даргаар баталгаажуулаагүй гэсэн хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгчийг 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хувийн ажлаар ажлаас хоцорч ирэхдээ харьяалах нэгжийн даргад мэдэгдээгүй, чөлөөний хуудсаар баталгаажуулаагүй гэсэн боловч хэрэгт авагдсан ээлжийн амралт олгох хуудсаар 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр ажилдаа орно гэжээ. /хэргийн 102-р хуудас/

            Сахилгын хариуцлага хүлээлгэх үндэслэл нь ажилтан сахилгын зөрчил гаргасан байх явдал бөгөөд ажилтны гаргасан зөрчил нь түүний хөдөлмөрлөх явцдаа хөдөлмөрийн гэрээ болон дотоод журам, мэргэжлийн ажил үүрэгтэй холбоотой дүрэм, журам зэргийг зөрчих, мөн ёс зүйн алдаа гаргах зэргээр зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байдаг бөгөөд хэр хэмжээ, үр дагаварыг харгалзан сахилгын шийтгэл ногдуулах нь хуульд нийцнэ.

Гэтэл нэхэмжлэгч нь ажлын цаг ашиглалт хангалтгүй сахилгын зөрчил гаргасан гэдэг нь баримтаар нотлогдохгүй, ажлын цагийн ирцийн бүртгэлээр ажлын өдрийн үргэлжлэх 8 цаг болон түүнээс илүү цагийн хугацаанд ажил үүргээ гүйцэтгэж байсан, Хөдөлмөрийн дотоод журмын /11 дэх хэвлэл/ 5.1.3, 5.1.4 дэх заалтыг зөрчсөн гэсэн боловч уг Хөдөлмөрийн дотоод журмын 5.1.3 дах заалтад 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн тушаалаар өөрчлөлт орсон байх бөгөөд нэхэмжлэгчийн ажлаа зохих журмын дагуу гүйцэтгэж байсан нь 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 630/20 тоот Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын газрын байцаагчийн дүгнэлтээр тогтоогдож байна гэсэн тайлбар нь үндэслэлтэй байна гэж үзэв. /хэргийн 103-106-р хуудас/

            Иймд 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/443 тоот Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын “Зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” тушаалаар Иргэний нисэхийн үндэсний төвийн зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн баталсан байх бөгөөд тушаалын хавсралтад нэхэмжлэгчийн ажлын байр болох нислэгийн журам боловсруулалтын алба хэвээр байгаа талаар зохигч талууд маргаагүй тул нэхэмжлэгч Г.Т Иргэний нисэхийн үндэсний төв Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын Нислэгийн журам боловсруулалтын албаны даргын ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин гаргуулах нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалинг тооцохдоо нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтыг үндэслэн Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журмын” 7-ын А-д зааснаар тооцвол нэг сарын дундаж цалин 3 909 050 төгрөг /3 010 220+4 235 450+4 481 480=11 727 150=11 727 150:3=3 909 050 төгрөг/ байх тул түүний ажилгүй байсан хугацааны буюу 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2021 оны  02 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл 3 сар, 18 хоногийн цалин нийт 14 925 462 төгрөгийг /3 909 050х3сар=11 727 150 төгрөг, 3 909 050:22хоног=177 684 төгрөг, 177 684х18 хоног=3 198 312 төгрөг, 11 727 150+3 198 312=14 925 462 төгрөг/ хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ. /хэргийн 144-р хуудас/

Нэхэмжлэгч нь нийгмийн даатгалын дэвтэр, түүний хуулбарыг нотлох баримтаар шүүхэд ирүүлээгүй бөгөөд дундаж цалинг нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтыг ирүүлснийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хүлээн зөвшөөрсөн маргаагүй болно.           

                                      

           Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д “Ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй”, 46.2-т “ ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй” гэж тус тус заажээ.

           Иймд хариуцагч Иргэний нисэхийн үндэсний төв Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газарт нэхэмжлэгч Г.Түвшинбаярын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг үүрэг болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзэв.

 

Нэхэмжлэгчээс 2020 оны биеэр эдлээгүй ээлжийн амралтын өдрүүдийг биечлэн эдлүүлэхийг хүссэн шаардлагыг гаргасан бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ээлжийн амралтаа өөрөө биечлэн эдлэхгүй гэсэн хүсэлт гаргаад амралтын мөнгөө авсан гэж тайлбарласан.

            Иргэний нисэхийн ерөнхий газрын Хөдөлмөрийн дотоод журмын 5.2.1-д “ажил олгогч ажилтанд жил бүр ээлжийн амралт олгож, хуваарийн дагуу биеэр эдлүүлнэ”, 5.2.6-д “ажлын шаардлагаар календарийн жилд ээлжийн амралтаа тухайн жилд биеэр эдлэж чадаагүй ажилтныг дараа жилийн 1 дүгээр улиралд багтаан нөхөн амраана”, 5.2.7-д “ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтыг биеэр эдлээгүй тохиолдолд Хамтын гэрээнд заасны дагуу мөнгөн урамшуулал олгоно” гэж тус тус заасан байна.

Хэрэгт авагдсан 2020 оны 7 сарын 29-ний өдөр 112 тоот Иргэний нисэхийн үндэсний төв ажилтанд ээлжийн амралт олгох хуудсанд “НЖБАлбаны дарга ажилтай Г.Түвшинбаяр нь 2020 оны ээлжийн амралтаа 2020 оны 8 сарын 03-ны өдрөөс эхлэн ажлын 15 хоног нэмэгдэл амралтын 9 хоног баяр ёслолын 8 хоног бүгд 32 хоног амраад 2020 оны 9 сарын 04-ний өдөр ажилдаа орно” гэжээ.

Нэхэмжлэгч нь ажлын шаардлагаар ээлжийн амралтын бүхий л өдрүүдийг биечлэн эдлэх боломж гараагүй, ажилдаа ирж очиж байсан, ээлжийн амралтын мөнгийг авсан гэж тайлбарласан нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтоор тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгчийн 2020 оны ажлын шаардлагаар биеэр эдлээгүй ээлжийн амралтын өдрүүдийг биечлэн эдлүүлэхийг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:                        

                                                                                                                    

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.7-д зааснаар нэхэмжлэгч А овогт Г Т ИнүнтАтг Нислэгийн журам боловсруулалтын албаны даргын ажилд эгүүлэн тогтоож, 2020 оны 07 дугаар сарын 30-ний өдрийн Б/271 тоот тушаалаар сахилгын шийтгэл буруу ногдуулсаныг хүчингүй болгох, 2020 оны биеэр эдлээгүй ээлжийн амралтын өдрүүдийг биечлэн эдлүүлэхийг хүссэн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

           2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Иргэний нисэхийн үндэсний төв Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газраас нэхэмжлэгч Г.Т урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 14 925 462 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г. олгосугай.

 

3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг даатгуулагчийн төлбөл зохих Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлж, энэ талаар нэхэмжлэгч Г.Т нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Иргэний нисэхийн үндэсний төв Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газарт даалгасугай.

 

4.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Г.Т нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Иргэний нисэхийн үндэсний төв Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газраас улсын тэмдэгтийн хураамжид 232 577 төгрөг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулсугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                              

ДАРГАЛАГЧ                                  Д.ХУЛАН