Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2021/00767

 

 

2021 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2021/00767

 

Г.Т-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2021/00327 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г.Т-ын хариуцагч ИНҮТ ААТҮГ-т холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, 2020 оны биеэр эдлээгүй ээлжийн амралтыг нөхөн эдлүүлэх, сахилгын шийтгэл буруу ногдуулсныг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, Б.Ц, З.Т, Э.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1994 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа байгууллагад нэр төртэй ажиллаж байгаад 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ИНЕГ-ын дарга Л.Б-тэй хөдөлмөрийн гэрээ байгуулж, ИНЕГ-ын даргын 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/213 тоот тушаалаар тус газрын Нислэгийн журам боловсруулалтын албаны даргын албан тушаалд томилогдон 3 жил 11 сар ажилласан. Гэтэл ИНЕГ-ын Иргэний нисэхийн үндэсний төвийн дарга П.М-ын 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Б/406 дугаартай тушаалаар ...2020 оны Б/271 дүгээр тушаалаар сахилгын шийтгэл хүлээсэн, 2020 оны 9 дүгээр сарын ажлын цаг ашиглалт хангалтгүй зөрчил тус тус гаргасан нь хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэсэн үндэслэлээр Г.Т-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөр тасалбар болгон цуцалж ажлаас чөлөөлсөн. Уг хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөх тухай тушаал нь нисэхийн нарийн мэргэжлийн боловсон хүчин намайг ялгаварлан гадуурсан үйлдэл болсон бөгөөд ажлаа алдаа дутагдал гаргаагүй сайн хийж байхад ялгаварлан гадуурхаж, Авлигатай тэмцэх газарт мэдүүлэг өглөө гэж ажлаас чөлөөлсөн. Мөн намайг ажлаас чөлөөлөх болсон шалтгаан нь Авлигатай тэмцэх газарт 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр намайг дуудаж байцаалт авсан бөгөөд энэхүү байцаалтыг өгсөн болохыг дарга нар мэдэж намайг ажлаас чөлөөлсөн. Гэтэл хуулийн эрх бүхий байгууллага намайг дуудаж байхад би очихгүй гэж хэлэх эрх байхгүй билээ. Мөн уг тушаал нь иргэн намайг хуульд заасан эрхээ эдлэх боломжийг олгоогүй болно. Өөрөөр хэлбэл 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдөр гаргасан сахилгын шийтгэл хүлээлгэх тухай тушаалыг миний бие эс зөвшөөрч байсан бөгөөд шүүхэд хандах гэтэл П.М дарга гомдол гаргахгүй хүлээж бай гэж хэлсэн тул би хуулийн хугацаанд нь хүлээж байсан. Ажлын цаг хангалтгүй гэж цагийн бүртгэл ашигласан боловч би гадуур гарахдаа энэ тухайгаа дэвтэрт бичсэн. Миний бие ИНЕГ-ын Нислэгийн журам боловсруулалтын албаны даргаар ажиллах хугацаанд ямар нэг алдаа дутагдал, ноцтой зөрчил гаргаж байгаагүй болон захирлын тушаалд дурдагдсан ажлын цаг ашиглалт хангалтгүй гэдэг үндэслэл нь хөдөлмөрийн гэрээг цуцлах, ажлаас чөлөөлөх хэмжээний ноцтой зөрчил биш бөгөөд би Нислэгийн журам боловсруулалтын албаны даргын хувьд ажлын цаг ашиглалтыг хийдүүлж, түүнээс хамаарсан ямар нэгэн зөрчил гаргаагүй тул үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөн гэж үзэж байна. Иймд ИНҮТ-ийн даргын 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн Б/271 дүгээр тушаал, 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Б/406 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож, Г.Т намайг иргэний нисэхийн үндэсний төвийн Нислэгийн журам боловсруулалтын албаны даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, Г.Т-ыг ялгаварлан гадуурхаж ажлаас халсан болохыг тогтоож 2020 оны ажлын шаардлагаар биеэр эдлээгүй ээлжийн амралтын өдрүүдийг биеэр эдлүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Г.Т нь 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс Нислэгийн журам боловсруулалтын албаны даргаар хөдөлмөрийн 12 дугаартай гэрээ байгуулан ажилласан. Нэхэмжлэгч Г.Т-т Иргэний нисэхийн үндэсний төвийн даргын 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн Б/271 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1-д заасныг үндэслэн сануулах сахилгын шийтгэл ногдуулсан. Улмаар нэхэмжлэгч Г.Т-ын 2020 оны 9 дүгээр сарын ажлын цаг ашиглалт хангалтгүй, ИНЕГ-ын Хөдөлмөрийн дотоод журам 5.1.3, 5.1.4-т заасныг зөрчсөн нь цагийн бүртгэлийн системийн хуулбар буюу сонсох ажиллагааны тэмдэглэлээр нотлогдож байх тул ажил олгогч буюу Иргэний нисэхийн үндэсний төвийн дарга Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг үндэслэн Г.Т-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Ажлаас чөлөөлсөн тушаал нь хууль зөрчөөгүй, сахилга хариуцлагын жил болгон зарласан байхад нэхэмжлэгчийн ажлын цаг ашиглалт хангалтгүй байсан зөрчил давтан гаргасан учраас ажлаас чөлөөлсөн. Хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн, гадуур ажилтай явахдаа гадуур ажлын дэвтэрт тэмдэглэгээ хийгээгүй, зохих албан тушаалтнаас зөвшөөрөл аваагүй болох нь сонсох ажиллагааны тэмдэглэл, ирцийн бүртгэлээр нотлогдож байгаа. Мөн сахилгын шийтгэл ногдуулсан тушаалд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн, ээлжийн амралтын хувьд өөрөө л биеэр эдлээгүй, хүсэлт гаргаад амралтын мөнгөө авсан. Иймд ИНҮТ-ийн даргын 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Г.Т-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөх тухай Б/406 дугаартай тушаал нь хөдөлмөрийн тухай хуульд заасантай нийцсэн, үндэслэл бүхий байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.7-д зааснаар нэхэмжлэгч Г.Т-ыг ИНҮТ ААТҮГ-ын Нислэгийн журам боловсруулалтын албаны даргын ажилд эгүүлэн тогтоож, 2020 оны 07 дугаар сарын 30-ний өдрийн Б/271 тоот тушаалаар сахилгын шийтгэл буруу ногдуулсаныг хүчингүй болгох, 2020 оны биеэр эдлээгүй ээлжийн амралтын өдрүүдийг биечлэн эдлүүлэхийг хүссэн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч ИНҮТ ААТҮГ-аас нэхэмжлэгч Г.Т-ын урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 14 925 462 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.Т-т олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг даатгуулагчийн төлбөл зохих Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлж, энэ талаар нэхэмжлэгч Г.Т-ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч ИНҮТ ААТҮГ-т даалгаж, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Г.Т нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч ИНҮТ ААТҮГ-ийн газраас улсын тэмдэгтийн хураамжид 232 577 төгрөг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч Г.Т-т Иргэний нисэхийн үндэсний төвийн даргын 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн Б/271 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1 заасныг үндэслэн сануулах сахилгын шийтгэл ногдуулсан. Нэхэмжлэгч энэхүү тушаалыг 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдөр гардан авсан бөгөөд үндэслэлгүй сахилгын шийтгэл ногдуулсан тухай гомдлоо 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн дараа 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, тодруулж хандсан нь тухайн гомдлыг хуульд заасан хугацаанд гаргаагүй буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т заасны дагуу нэхэмжлэгч хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн нөхцөл байдал тогтоогдоогүй тул дээрх тушаалыг хүчингүй болгох буюу сахилгын шийтгэл буруу ногдуулсан тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Улмаар нэхэмжлэгч Г.Т-ын 2020 оны 9 дүгээр сарын ажлын цаг ашиглалт хангалтгүй, ИНЕГ-ын хөдөлмөрийн дотоод журмын 5.1.3, 5.1.4-т заасныг зөрчсөн нь цагийн бүртгэлийн системийн хуулбар буюу сонсох ажиллагааны тэмдэглэлээр нотлогдож байх тул ажил олгогч буюу Иргэний нисэхийн үндэсний төвийн дарга Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4заасныг үндэслэн Г.Т-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Гэтэл анхан шатны шүүхээс ажлаас чөлөөлсөн буюу халсан тушаалыг доорх байдлаар үнэлж, дүгнэн шийдвэр гаргасныг эс зөвшөөрч байна.

ИНЕГ-ын хөдөлмөрийн дотоод журмын 5.1.1-т ИНЕГ, түүний харьяа салбар, нэгжид ажлын өдөр 08:00 цагт эхэлж, 17:00 цагт дуусна гэж заасан бөгөөд нэхэмжлэгчээс илүү цагийн хугацаанд ажил үүргээ гүйцэтгэсэн гэдгээ буюу ажлын цагийг хэтрүүлэн ажилласан талаар шүүхэд нотлох баримтаа гаргаж өгөөгүй байтал илүү цагийн хугацаанд ажил үүргээ гүйцэтгэсэн гэж дүгнэсэн нь, мөн гэрчээр оролцсон ашиг сонирхлын зөрчил бүхий Иргэний нисэхийн ерөнхий газрын Захиргаа, удирдлагын газрын дарга Т.Б-н хариуцагч байгууллагын ажилтнууд 24 цагаар, илүү цагаар сунаж ажилладаг' гэсэн ташаа тайлбарыг үндэслэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэлгүй болохыг нотолж байна. ИНҮТ, түүний харьяа салбар, алба, нэгж нь иргэний нисэхийн үйлдвэрлэлийн үйл ажиллагааг тасралтгүй явуулах зорилгоор иргэний нисэхийн дүрмээр үйл ажиллагаа нь зохицуулагддаг, түүний дагуу гэрчилгээждэг нэгжийн ээлжийн ажилтнууд ээлжийн зохион байгуулалтаар 24 цаг тасралтгүй ажилладаг боловч тус төвийн нийт ажилтнууд илүү цагаар сунаж ажилладаггүй болно. Ажилтан ИНЕГ-ын хөдөлмөрийн дотоод журмын 5.1.1-т заасан цагийг хэтрүүлсэн, эсхүл эрт гарсан бол тус журмын 5.1.3, 5.1.4-т тус тус заасны дагуу арга хэмжээг авч хэрэгжүүлэх үүрэгтэй. Гэтэл нэхэмжлэгч энэ үүргээ биелүүлсэн гэдгээ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлоогүй. Мөн нэхэмжлэгч өдрийн буюу 8 цагаар ажилладаг, илүү цагаар ажилласан тохиолдолд холбогдох шийдвэр гарч, тухайн шийдвэрт заасны дагуу илүү цагаар ажиллаж ийнхүү ажилласан нь цагийн бүртгэлээр нотлогдсон тохиолдолд холбогдох баримтуудыг хавсарган илүү цагаар ажилласанд тооцогдож ноогдох цалин хөлсөө тооцуулж авдаг. Нэхэмжлэгч өөрөө ИНЕГ-ын хөдөлмөрийн дотоод журмын 5.1.1-т заасан тарах хугацаа буюу 17:00 цагаас хойш ямар ажил хийж гүйцэтгэж, илүү цагаар ажилласан гэдгээ өөрөө нотлох үүрэгтэй бөгөөд ийнхүү илүү цагаар ажилласан тухай нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлоогүй, хэрэгт энэ талаар баримт байхгүй атал шүүх зөвхөн цагийн бүртгэлийн баримтаар илүү цагаар ажилладаг мэтээр үнэлсэн нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, шүүхийн дүгнэснээр зөвхөн ирцийн бүртгэлээ үзүүлэн, юу хийсэн эсэх нь тодорхойгүй байхад илүү цагаар ажилласан сайн ажилтан гэж үзэх үндэслэлгүй.

Нэхэмжлэгч нь Нислэгийн журам боловсруулалтын албаны даргаар ажилладаг байсан бөгөөд тухайн албаны гадуур ажлын бүртгэлийн дэвтэрт хэдийгээр тэмдэглэл үйлдсэн ч албаны эсхүл хувийн аль шалтгаанаар дээрх байгууллагуудад очсон, очихдоо урьдчилж шууд удирдах албан тушаалтанд ИНЕГ-ын хөдөлмөрийн дотоод журмын 5.1.3, 5.1.4-т тус тус заасны дагуу мэдэгдэж, зөвшөөрөл авсан эсэх буюу нэхэмжлэгчээс 2020 оны 9 дүгээр сарын 02, 9 дүгээр сарын 16, 9 дүгээр сарын 22-ны өдрүүдэд гадуур ажлаар явахдаа удирдах албан тушаалтандаа урьдчилан мэдэгдээгүй" гэсэн агуулгаар сонсох ажиллагаанд тайлбар авсан бөгөөд шүүхийн дүгнэснээр хариуцсан нэгжийн даргаар баталгаажуулаагүй гэдэг агуулгаар сонсох ажиллагаанд асуулт тавиагүй, хариуцагчаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт ч энэ агуулга дурдагдаагүй. Харин эсрэгээрээ баримтаар тогтоогдоогүй, нэхэмжлэгч өөрөө өөрийнхөө гадуур явсанд, өөрөө гарын үсэг зурсан баримтыг үнэн мэтээр нотлогдож байгаа мэтээр шүүх дүгнэж, үнэлсэн нь үндэслэлгүй гэж үзэх үндэслэлтэй байна. Нэхэмжлэгч дээрх өдрүүдэд албаны, эсхүл хувийн ажлаар гадуур явснаа баримтаар нотлоогүй, мөн дээрх байгууллагуудад гадуур ажлын дэвтэрт тэмдэглэсний дагуу очсон гэдэг нь ч мөн л баримтаар нотлогдоогүй. ИНҮТ-ийг гадаад, дотоодод төлөөлөх эрхтэй нэг л албан тушаалтан байдаг нь тус төвийн дарга П.М , харин нэхэмжлэгч төлөөлөхгүй. Хэрэв АТГ-т хариуцсан ажлаар мэдээлэл хүргэсэн тохиолдолд тус төвийн удирдпагууд мэдээлэлтэй байж, нэхэмжлэгчийг холбогдох удирдлагадаа мэдэгдсэн эсэх асуудалд маргаан гарахгүй байсан. Гэтэл шүүхээс хувийн ажлаар бус албаны ажлаар гэж шууд дүгнэсэн нь мөн л үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгчийг хөдөлмөрийн гэрээ болон албан тушаалын тодорхойлолтод заасан ажил, үүргээ биелүүлээгүй гэдэг үндэслэлээр маргалдаагүй, мөн энэ үндэслэлээр ажлаас чөлөөлөөгүй буюу хөдөлмөрийн гэрээг цуцалж, халаагүй. Гэтэл шүүхээс Нислэгийн журам боловсруулалтын албаны үйл ажиллагаанд хийсэн Нислэгийн аюулгүй ажиллагааны хяналт зохицуулалтын албаны байцаагчийн дүгнэлтээр нэхэмжлэгчийг ажлаа зохих ёсоор гүйцэтгэж байсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Тухайн байцаагчийн дүгнэлт нь тухайн албаны үйл ажиллагааг бүхэлд нь дүгнэсэн, тухайн албаны нийт ажилтнуудын ажлын гүйцэтгэл, үйл ажиллагаа нь иргэний нисэхийн холбогдох дүрмийн дагуу явагдаж байгаа эсэхэд үнэлэлт, дүгнэлт өгсөн баримт болохоос дан ганц тус албаны даргын ажлыг үнэлсэн баримт биш бөгөөд энэхүү байцаагчийн дүгнэлтээр мөн нэхэмжлэгчийг илүү цагийн хугацаанд ажил үүргээ зохих журмын дагуу гүйцэтгэж байсан гэж шүүхийн дүгнэснийг нотлох нотолгооны баримт биш юм. Нэхэмжлэгч Нислэгийн журам боловсруулалтын албаны өдөр тутмын хэвийн ажиллагаанд хяналт тавьж ажиллах үүрэгтэй. Иргэний нисэхийн үйлдвэрлэл, үйлчилгээ нь ажилтнаас өндөр сахилга бат, цаг баримтлахыг шаарддаг онцлогтой салбар юм. Ингэж ажилласнаар нислэгийн аюулгүй байдал хангагдана.

Нэхэмжлэгчийг ажлаа илүү цагийн хугацаанд гүйцэтгэж байсан эсэх, ажил, үүргээ зохих журмын дагуу хийж гүйцэтгэдэг байсан эсэх асуудлаар маргалдаагүй, энэ үндэслэлээр ч ажлаас чөлөөлөөгүй, харин ИНЕГ, Иргэний нисэхийн үндэсний төв, түүний харьяа салбар, алба, нэгжийн ажилтан ИНЕГ-ын хөдөлмөрийн дотоод журмын 5.1.1, 5.1.3, 5.1.4-т тус тус заасан арга хэмжээг авч хэрэгжүүлэх үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлээгүй нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэл болно. Өмнө нь 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдөр сануулах сахилгын шийтгэл хүлээсэн ажилтан дахин зөрчил гаргасан тохиолдолд, тухайн ажилтны гаргасан зөрчлийн хэр хэмжээ, үр дагавраас үл шалтгаалан ИНҮТ-ийн дарга Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд заасан сахилгын шийтгэлийн хэлбэрүүдээс сонгож, хариуцлага хүлээлгэх эрхтэй. Ийнхүү гаргасан шийдвэрийг шүүхээс үндэслэлгүй гэж дүгнэн шийдвэрлэж байгаа нь ажил олгогч байгууллагын эрх бүхий албан тушаалтан, зохион байгуулалтын нэгжүүдийн зохих ёсны үйл ажиллагааг илтэд буруутгасан, үгүйсгэсэн, хууль зөрчсөн мэтээр дүгнэж, Иргэний нисэхийн үндэсний төвийн даргын бүрэн эрхэд халдсан шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. Мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232 577.31 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Г.Т нь хариуцагч ИНҮТ ААТҮГ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, 2020 оны биеэр эдлээгүй ээлжийн амралтыг нөхөн эдлүүлэх, сахилгын шийтгэл буруу ногдуулсныг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч ажлын цаг ашиглалт хангалтгүй, гадуур ажлын дэвтэрт тэмдэглэгээ хийгээгүй, зохих албан тушаалтнаас зөвшөөрөл аваагүй хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн, сахилгын зөрчлийг давтан гаргасан тул ажлаас чөлөөлсөн, сахилгын зөрчил ногдуулсан нь хууль зөрчөөгүй, 2020 оны ээлжийн амралтыг өөрийн хүсэлтээр биеэр эдлээгүй гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч Г.Т нь 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/213 тоот тушаалаар Иргэний нисэхийн ерөнхий газрын Нислэгийн журам боловсруулалтын албаны даргаар томилогдож, 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан үйл баримт тогтоогдсон байна. /хх15-19 дэх тал/

 

Иргэний нисэхийн үндэсний төвийн даргын 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн Б/271 тоот тушаалаар Нислэгийн журам боловсруулалтын албаны дарга Г.Т нь Иргэний нисэхийн үндэсний төвийн Захиргаа, хүний нөөцийн хэлстээс ажилтнуудын ажлын цагийн бүртгэлд хийсэн гэнэтийн үзлэгээр ажлын цагийн бүртгэл хангалтгүй байх тул сануулах сахилгын шийтгэл ногдуулсан болох нь хэргийн 20, 101, 143 дах талд авагдсан 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн Б/271 тоот тушаал, хяналтын карт, 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн сонсох ажиллагааны талаарх мэдээлэл зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдсон байна.

 

Хариуцагч байгууллагаас 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдөр сонсох ажиллагаа явуулж, уг сонсох ажиллагаанд нэхэмжлэгч Г.Т оролцож тэрээр сахилгын зөрчил гаргасан болохоо зөвшөөрч гарын үсэг зурсан болох нь хэргийн 101 дэх талд авагдсан 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн сонсох ажиллагааны талаарх мэдээлэл баримтаар тогтоогджээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч нь сахилгын шийтгэл буруу ногдуулсан тухай гомдлоо 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр гаргасан нь хуульд заасан хугацааг хэтрүүлсэн тул нэхэмжлэгч Г.Т-ын гаргасан зөрчилд Иргэний нисэхийн үндэсний төвийн даргын 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн №Б/271 тоот тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсныг хүчингүй болгох буюу сахилгын шийтгэл буруу ногдуулсан тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д заасантай нийцжээ.

 

Иргэний нисэхийн үндэсний төвийн даргын 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Б/406 тоот тушаалаар Г.Т-ыг сахилгын зөрчлийг давтан гаргасан гэх үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөр тасалбар болгон цуцалж, ажлаас чөлөөлсөн байна. /хх3-4, 15-19, 21-22 дах тал/

 

Г.Т нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дах хэсэгт заасан нэг сарын дотор буюу 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ажлаас буруу халсан тухай гомдлоо шүүхэд гаргасан нь хуульд нийцжээ.

 

Хариуцагч байгууллага нь 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Б/406 тоот тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, 43 дугаар зүйлийн 43.1, хөдөлмөрийн гэрээний 2.2.1, Иргэний нисэхийн ерөнхий газрын хөдөлмөрийн дотоод журмын 5.1.3, 5.1.4, Иргэний нисэхийн үндэсний төвийн дүрмийн 4.3.2, Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын Эрх шилжүүлэх тухай 2020 оны А/394 дүгээр тушаалыг тус тус баримталсан байх ба Иргэний нисэхийн үндэсний төвийн даргын 2020 оны Б/271 дүгээр тушаалаар сахилгын шийтгэл хүлээсэн, 2020 оны 9 дүгээр сарын ажлын цаг ашиглалт хангалтгүй зөрчил тус тус гаргасан нь хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэх үндэслэлийг заасан байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 4.2.3.1-д ажилтан хөдөлмөрийн гэрээгээр болон ИНЕГ-ын хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргээ бүхэлд нь буюу хэсэгчлэн биелүүлээгүйгээс сахилгын шийтгэлийг 2 ба түүнээс дээш удаа хүлээсэн бол, 4.2.3.2-т хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 ба түүнээс дээш өдрийн хугацаагаар ажил тасалсан, эсвэл хуанлийн нэг сарын хугацаанд тасалсан цагийг нэгтгэн бодоход ажлын 3 өдөртэй тэнцэж байвал ноцтой зөрчил гаргасан гэж үзэхээр тохиролцсон байна.

 

Мөн ИНЕГ-ын даргын 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/416 тоот тушаалаар хөдөлмөрийн дотоод журмын /10 дах хэвлэл/ 5.1.3-т ажилтан нь ажлын цагт багтах цагаар хариуцсан ажлын шаардлагаар өөр байгууллагад /гадуур/ ажиллах үед нэгжийн удирдлагад мэдэгдэж, гадагш ажлаар явах тухайгаа бүртгэлийн дэвтэрт тэмдэглэнэ, 5.1.4-т ажилтан нь ажлын цагт багтах цагаар хувийн асуудлаар гадуур явахдаа шууд харьяалах нэгжийн даргад мэдэгдэн, чөлөөний хуудсаар баталгаажуулж, Захиргаа хариуцсан нэгжид хүргүүлсэн байна гэсэн заалтыг өөрчлөн найруулжээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийг 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 14:43 цагт ажилдаа ирсэн, энэ тухайгаа харьяалах даргадаа мэдэгдээгүй, чөлөө аваагүй, 9 дүгээр сарын 16, 22-ны өдрүүдэд гадуур ажлаар явснаа хариуцсан нэгжийн даргад мэдэгдээгүй, баталгаажуулаагүй нь Хөдөлмөрийн дотоод журмын /11 дэх хэвлэл/ 5.1.3, 5.1.4-д заасныг зөрчсөн гэж тайлбарлаж мэтгэлцсэн боловч нэхэмжлэгч Г.Т 2020 оны 9 дүгээр сарын 16, 22-ны өдрүүдэд гадуур ажлаар явсан тухайгаа Нислэгийн журам боловсруулалтын албаны гадуур ажлын бүртгэлийн дэвтэрт 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Г.Т дарга АТГ, ЗТХЯ 15.00-17.00 мэдээлэл хүргэх, 9 дүгээр сарын 22-ны өдөр АТГ 08.00-11.00 мэдээлэл хүргэх гэж тус тус тэмдэглэсэн болох нь хэргийн 90-100 дах талд авагдсан гадуур ажлын бүртгэлийн дэвтэрээр тогтоогдсон байна.

 

2020 оны 10 сараас өөрчлөлт орсон хөдөлмөрийн дотоод журмын 11 дэх хэвлэлийг мөрдөж эхэлсэн бөгөөд нэхэмжлэгчийг гадуур ажлын дэвтэрт тэмдэглэл хийж байх үед хөдөлмөрийн дотоод журамд өөрчлөлт ороогүй байсан тул хариуцсан нэгжийн даргаар баталгаажуулаагүй гэсэн хариуцагчийн тайлбар үндэслэлгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Нэхэмжлэгч нь 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хувийн ажлаар гадуур явсан 14:43 цагт ажилдаа ирсэн, энэ тухайгаа харьяалах даргадаа мэдэгдээгүй, тухайн өдөр чөлөө аваагүй хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн болох нь тогтоогдсон боловч дээрх зөрчил нь хөдөлмөрийн дотоод журмын 4.2.3.2-т хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 ба түүнээс дээш өдрийн хугацаагаар ажил тасалсан... зөрчилд хамаарахгүй байна. Энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Иймд хэргийн баримтаар Г.Т-ын ажлын цаг ашиглалт хангалтгүй, хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан нь баримтаар нотлогдоогүй тул хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан нь үндэслэлгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй юм.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийж хариуцагч Иргэний нисэхийн үндэсний төв Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын Нислэгийн журам боловсруулалтын албаны даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 14 925 462 төгрөгийг хариуцагч Иргэний нисэхийн үндэсний төв Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газраас гаргуулж нэхэмжлэгч Г.Т-т олгож, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч ИНҮТ ААТҮГ-т даалгаж хэргийг шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дах хэсэгт нийцжээ. Иймд ажил олгогч байгууллагын эрх бүхий албан тушаалтан, зохион байгуулалтын нэгжүүдийн зохих ёсны үйл ажиллагааг илтэд буруутгасан, үгүйсгэсэн, хууль зөрчсөн мэтээр дүгнэж, Иргэний нисэхийн үндэсний төвийн даргын бүрэн эрхэд халдсан шийдвэр гаргасан гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй юм.

 

Нэхэмжлэгч нь ажлын шаардлагаар ээлжийн амралтын бүхий л өдрүүдийг биечлэн эдлэх боломж гараагүй, ажилдаа ирж очиж байсан, ээлжийн амралтын мөнгийг авсан гэсэн тайлбар нь хэргийн 68 дах талд авагдсан түүний нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтоор тогтоогдсон тул нэхэмжлэгч Г.Т-ын 2020 оны ажлын шаардлагаар биеэр эдлээгүй боловч ээлжийн амралтын олговрыг олгосон нь тогтоогдсон учир ээлжийн амралтын өдрүүдийг биечлэн эдлүүлэх тухай шаардлагыг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2021/00327 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ