Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 183/ШШ2021/00713

 

 

 

 

 

 

 

 

 

 2021 оны 03 сарын 23 өдөр                         Дугаар 183/ШШ2021/00713                       Улаанбаатар хот

 

 

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 0 дүгээр хороо, Токиогийн гудамж 00, Имарт Чингис салбар дэлгүүр,  давхарт байрлах СХ ХХК /РД:00000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 00 дүгээр хороо, Цэцэг хотхон, 000 тоот байрлах ГД ХХК /РД:00000/-д холбогдох

Түрээсийн гэрээний үүрэгт 33 287 575 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ш, хариуцагчийн өмгөөлөгч К.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Буян-Аривжих нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч СХ ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

СХ ХХК нь ГД ХХК-тай 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Түрээсийн талбайн гэрээ байгуулсан билээ. Гэвч тус компани нь 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны талбайн түрээсийн төлбөр 21 707 900 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацааны ашиглалтын зардал 11 579 675 төгрөг нийт 33 287 575 төгрөгийн төлбөрийг төлөөгүй буюу гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөний улмаас  манай компанид бодит хохирол учруулсан байна. Түрээсийн гэрээний төлбөрийг төлөхийг удаа дараа шаардсан бөгөөд цахим хаяг, бичгээр болон амаар гэрээний түрээсийн гэрээний төлбөрийг төлнө гэсээр өнөөдрийг хүрсэн. Энэхүү бодит хохирол дээр гэрээний үүргээ зөрчсөнөөс компанид учирсан шууд бус хохирол, гэрээний дагуу алданги, хүү, торгууль тооцож нийт насжилтийг тооцох байсан ч компани хоорондын хамтран ажиллагаа болон цаашдын найрсаг харилцаа, хариуцагчийн санал, хүсэлт зэргийг үндэслэн гэрээнээс үүдэлтэй учирсан бодит хохирлыг тооцон нэхэмжилж байна. Гэрээгээр тохирсон төлбөрийг төлөх нь Түрээслэгч болох ГД ХХК-ийн гэрээгээр хүлээсэн үндсэн үүрэг бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүй байна. Түрээсийн талбайн гэрэний 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Талуудын аль нэг нь Гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь учирсан хохирол, зардлаа төлөхийг буруутай талаас шаардарх эрхтэй”, мөн 24 дүгээр зүйлийн 24.5 дахь хэсэгт “Энэхүү гэрээ нь талууд гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлснээр дуусна” гэж тус тус заасан байна. Иймд түрээсийн үлдэгдэл төлбөрт 21 707 900 төгрөг, мөн ашиглалтын зардалд 11 579 675 төгрөг, нийт 33 287 575 төгрөгийг ГД ХХК-иас гаргуулж, манай компанид учирсан хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Манай СХ ХХК нь хариуцагч ГД ХХК-тай 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн 2018 оны 3 дугаар сарын 01-ний хүртлэх хугацаанд түрээсийн талбайн гэрээ байгуулж, хариуцагч нь уг талбай дээр үйл ажиллагаа явуулж байсан. Гэтэл түрээслэгч болох ГД ХХК нь түрээсийн төлбөр болон ашиглалтын зардлаа төлөөгүй, гэрээг дуусгавар болгоод алга болсон. Бид төлөөгүй түрээсийн төлбөр болон ашиглалтын зардлаа шаардаж удаа дараа утсаар болон мэйл хаягаар нь мэдэгдэж байсан. Бид алданги, торгууль нэхэмжлэх эрхтэй боловч нэхэмжлээгүй зөвхөн түрээсийн талбайн гэрээнийн 20.1, 24.5-д заасан үүргээ биелүүлэхийг шаардаж байгаа юм. Хариуцагчийн хаяг тодорхойгүй байсны улмаас бид эрэн сурвалжилж хаягийг нь тогтоосон. Хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбараад байгаа түрээсийн төлбөрийг бид хариуцахгүй, Эл Эс Кей ХХК хариуцана гэснийг зөвшөөрөхгүй, учир нь ГД ХХК болон Эл Эс Кей ХХК-ийн хооронд байгуулсан гэрээ нь манайд хамааралгүй, энэ талаар бидэнд мэдэгдээгүй, холбогдох ажилтан, албан тушаалтанд мэдэгдээгүй. Зөвхөн дараагийн түрээслэгч гэж л мэдэгдсэний улмаас бид Эл Эс Кей ХХК-тай түрээсийн талбайн гэрээ байгуулсан байдаг. Учир нь уг түрээсийн талбайд зөвхөн дөнерийн үйл ажиллагаа явуулдаг учраас ижил төстэй үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж гэж танилцуулсан болохоос манай төлөгдөөгүй түрээс болон ашиглалтын зардлыг төлнө гэж мэдэгдээгүй. Манайх Тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээний оролцогч биш, төлбөртэй холбоотой асуудлыг харилцан тохиролцоогүй. Гэрээг манай талаас шүүхэд гаргаж өгснөөр биднийг зөвшөөрсөн гэж үзэж болохгүй юм. Тухайн ашиглаж байсан тоног төхөөрөмжөө Эл Эс Кей ХХК-нд худалдсан юм байна, уг компани нь манай түрээсийн талбайг ашиглаж үйл ажиллагаа явуулж байсан, талбай дээр тоног төхөөрөмж байгаа гэдэгтэй бол маргахгүй. Уг тоног төхөөрөмжийг нь ашиглаад ашиг олоод байгаа гэсэн хариуцагчийн тайлбарыг зөвшөөрөхгүй, бид түрээсийн талбайг ашиглуулсны төлбөрийг нэхэмжилж байгаа. Бид шүүхэд нэхэмжлэл гаргахдаа түрээсийн гэрээний үүрэгт нийт 33 287 575 төгрөг гаргуулахаар шаардсан, энэ нь 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 01-ний хүртэлх хугацааны түрээсийн төлбөр 21 707 900 төгрөг, гэрээнд ашиглалтын зардлыг төлөхөөр харилцан тохиролцсон тул 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 05-ны хүртлэх ашиглалтын зардал буюу тог, ус цахилгаан дулаан, хий ашигласны төлбөрт 11 579 675 төгрөг болж байгаа юм. Бид түрээсийн төлбөр ашиглалтын зардлыг нэхэмжилсэн өглөг авлагын тайланг гаргаж ирүүлсэн боловч уг түрээсийн төлбөрийн нэгж үнэ зөрж байгаа болохоор нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, түрээсийн төлбөрт гэрээний тусгай нөхцөлд зааснаар 1м.кв 105 000 төгрөгөөр тооцож 15.6 м.кв талбайн төлбөрт 1 638 000 төгрөг буюу 9 828 000 төгрөг, ашиглалтын зардал 11 579 675 төгрөг, нийт 21 407 675 төгрөг болж байна. Иймд хариуцагчаас түрээсийн гэрээний үүрэгт 21 407 675 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.   

 

Хариуцагч ГД ХХК-ийн захирал Н.Баярмагнай шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

СХ компанийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн нэхэмжлэлийн дагуу ГД ХХК-ийн гүйцэтгэх захирал Насанбаяр овогтой Баярмагнай миний бие доорх тайлбарыг өгч байна. Манай ГД ХХК нь СХ-д 2015 оноос түрээсээр ажилладаг байсан бөгөөд цаашид ажиллуулах боломжгүй болсон үүднээс 2018 онд түрээсийн талбайгаа дараагийн түрээслэгч болох Эл Эс Кей ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Лейлад өөрийн бүх тоног төхөөрөмж болон талбайн тохижилтыг зарж, энэ зарсан дүнг С.Лейла СХ ХХК-нд бидний төлж чадаагүй түрээсийн үлдэгдлийг төлөхөөр харилцан тохиролцож 2018 оны 8 дугаар сард тухайн үед түрээсийн гэрээг хариуцаж байсан Скай хайпермаркетийн менежер Бялхамбилэг болон дээдэх албаны захиралуудад нь мэдэгдэн зөвшөөрөл авсан. Үүний дагуу Н.Баярмагнай би Эл Эс Кей ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Лейлатай тоног төхөөрөмжөө худалдах, худалдан авах гэрээг хийж тус гэрээг Скай хайпермаркетийн менежер Бяламбилэгт мөн хүлээлгэн өгсөн. Хэрвээ Скай хайпермаркетийн удирдлагууд энэ гэрээ тохиролцоог маань зөвшөөрөөгүй байсан бол Эл Эс Кей ХХК-ийг тус талбайд оруулахгүй байсан. Тиймээс манай ГД энэ асуудлаас гарсан бөгөөд гэрээний үүргээ бүрэн биелүүлж өөрийн зүгээс СХ компанийг хохиролгүй болгон дараагийн түрээслүүлэгчид хүлээлгэн өгсөн учир тус түрээсийн мөнгийг Эл Эс Кей ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Лейлагаас тохиролцооны дагуу нэхэмжилж авна уу. Манай компани үйл ажиллагаагаа зогсоогоод 2 жил болж байгаа бөгөөд ямар  ч орлогогүй, мөн И-мартын удирдлагуудтай зөвшилцөж тохироод энэ асуудлаас гарсан учир төлөх боломжгүй. Мөн тухайн үед энэ асуудлыг Эл Эс Кей ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Лейлад хариуцуулан үлдээсэн учир энэ хүнтэй түрээсийн асуудлыг шийдэхийг хүсье гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ш шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай ГД ХХК нь нэхэмжлэгч СХ ХХК-тай түрээсийн талбайн гэрээ байгуулж, талбай түрээслэж үйл ажиллагаа явуулж байсан талаараа маргахгүй. 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн 2018 оны 3 дугаар сарыг хүртэл ажиллаж байсан. Гэхдээ бид 2018 оны 3 сард Эл Эс Кей ХХК-нд тоног төхөөрөмжөө худалдаад түрээсийн талбайгаа хүлээлгэн өгсөн. Энэ талаараа СХ ХХК-ийн ажилтан н.Бялхамбилэг болон бусад албан тушаалтанд мэдэгдээд Тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байдаг. Уг гэрээгээр түрээсийн төлбөрийг дараагийн компани нь хариуцан төлөхөөр болсон учраас бид гэрээнээс гарсан тул төлбөрийг ГД ХХК-иас биш Эл Эс Кей ХХК буюу түүний захирал тухайн үед гэрээ байгуулсан С.Лейлагаас нэхэмжлэх нь зүйтэй гэж үзэж байна. Нэхэмжлэгч Тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээний нэг оролцогч биш гэж байгаа боловч уг гэрээ нь нэхэмжлэгчээс гарч ирсэн учраас гэрээг зөвшөөрсөн гэж үзэж байгаа.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж түрээсийн 6 сарын төлбөр 9 828 000 төгрөг гэж нэхэмжилсэн боловч уг түрээсийн төлбөрөөс манай барьцаа төлбөр 1 638 000 төгрөг хасагдаагүй байна. Гэрээ дуусгавар болсон боловч барьцааны мөнгө болох 1 сарын түрээсийн төлбөрийг буцаан өгөөгүй юм. Тиймээс барьцааны мөнгийг хасаад түрээсийн төлбөр нь 8 190 000 төгрөг болж байгаа боловч энэ төлбөрийг манайх төлөхгүй, манай тоног төхөөрөмж түрээсийн талбайд үлдсэн байгаа тиймээс уг тоног төхөөрөмжийг ашиглаад ашиг олж байгаа, дараа дараагийн түрээслэгч нарт ашиглуулж ашиг олж байгаа тул зөвшөөрөхгүй.

Мөн санхүүгийн тооцоо нийлсэн акт нэхэмжлэгчид байдаггүй, нэхэмжлэгч шүүхэд гаргаж өгөөгүй. Эл Эс Кей ХХК нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлд зааснаар манай өрийг шилжүүлэн авсан гэж үзэж байгаа. Нэхэмжлэгч нь манай Эл Эс Кей ХХК-тай байгуулсан Тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээг өөрсдөө гаргаж шүүхэд ирүүлсэн. Тиймээс үүрэг болон өр дараагийн түрээслэгчид шилжсэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн. 2018 оны 3 дугаар сарын 19-нд дараагийн түрээслэгчтэй гэрээ байгуулснаар өмнөх түрээслэгчээсээ төлөөгдөөгүй төлбөрөө шаардах эрх нэхэмжлэгчид үүссэн. Тиймээс дараагийн түрээслэгч болох Эл Эс Кей ХХК нь түрээсийн төлбөр болон ашиглалтын зардлыг нэхэмжлэгчид төлж байсан гэж харагдахаар байна. Өмнөх төлбөрөө Эл Эс Кей ХХК-иас авсан байх гэж үзэж байгаа. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү, төлбөрийг Эл Эс Кей ХХК-иас нэхэмжлэх нь зүйтэй гэв.  

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, зохигч талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч СХ ХХК нь хариуцагч ГД ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 33 287 575 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 21 407 675 гаргуулахаар багасгажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч СХ ХХК нь хариуцагч ГД ХХК-тай Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, Токиогийн гудамж 23, Имарт Чингис салбар дэлгүүр, 1 давхарт байршилтай, 15,6 мкв талбайтай, түрээсийн талбайн зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийг 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн 2018 оны 12 дугаар сарын 31-ний хүртэл 3 жилийн хугацаатай түрээслэхээр харилцан тохиролцож 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр түрээсийн гэрээ байгуулсан болох нь хэрэгт авагдсан №3741427 тоот Түрээсийн талбайн гэрээ, №570033 тоот гэрээний тусгай нөхцөл, талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тус тус тогтоогдож байна. /хэргийн 17-32-р хуудас/

Зохигч талууд “Түрээсийн талбайн гэрээ” байгуулсан талаараа маргаагүй, нэхэмжлэгч түрээсийн гэрээний зүйл болох түрээсийн 15,6 м.кв талбайг шилжүүлсэн,  хариуцагч нь уг түрээсийн талбайг хүлээн авч үйл ажиллагаагаа явуулж байсан тул талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээ байгуулагдсан, хүчин төгөлдөр хэлцэл байна гэж дүгнэв.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д “түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо хэрэгжүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар хариуцагч нь түрээсийн төлбөрийг төлөх үүрэгтэй байх тул нэхэмжлэгч нь шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчийг түрээсийн гэрээний үүргээ зөрчиж, 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны 6 сарын түрээсийн төлбөр 9 828 000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх ашиглалтын зардал 11 579 675 төгрөгийг тус тус төлөөгүй тул нийт 21 407 675 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн.

Хариуцагч нь түрээсийн талбайг Эл Эс Кэй ХХК-нд шилжүүлэн өгч түрээсийн гэрээг дуусгавар болгосон, Эл Эс Кэй ХХК түрээсийн төлбөр болон ашиглалтын зардлыг төлөхөөр гэрээгээр харилцан тохиролцож үүрэг хүлээсэн, өр шилжсэн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, түрээсийн төлбөр болон ашиглалтын зардлыг Эл Эс Кэй ХХК хариуцана гэж маргасан.

 

Нэхэмжлэгч СХ ХХК нь хариуцагч “Герман дөнэр” ХХК-тай 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр №3741427 тоот түрээсийн талбайн гэрээ байгуулж, түрээслэгч нь Чингис салбар дэлгүүрт тусгай нөхцөлд заасан зориулалтын дагуу худалдаа үйлчилгээ эрхлэх, гэрээгээр тохирсон төлбөрүүдийг түрээслүүлэгчид төлөхөөр харилцан тохиролцож, 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж байсан талаараа хэн аль нь маргаагүй бөгөөд талбайн түрээсийн гэрээг 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр дуусгавар болгож, 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс СХ ХХК нь Эл Эс Кэй ХХК-тай түрээсийн талбайн гэрээг байгуулжээ. /хэргийн 80-96-р хуудас/

 

Хариуцагч ГД ХХК нь Эл Эс Кей ХХК-тай 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээ нь “Герман дөнэр” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Баярмагнай болон Эл Эс Кэй ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Лейла нарын хооронд байгуулагдсан, худалдагч “Герман дөнэр” ХХК нь тоног төхөөрөмжүүдийг Эл Эс Кэй ХХК-нд худалдах, худалдан авагч Эл Эс Кэй ХХК нь тоног төхөөрөмжүүдийг “Герман дөнэр” ХХК-иас 50 000 000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцсон байна. /хэргийн 60-63-р хуудас/

Тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээний 2.4-д “худалдан авагч нь Худалдагчийн И-Март худалдааны төвийн захиргаанд төлөх 2017 оны болон 2018 оны 1 болон 2 дугаар сарын түрээс, ашиглалтын төлбөрийн үлдэгдэл болох 48 975 891 төгрөгийг төлсөн тухай нотлох баримтыг Худалдан авагчид хангалттай хэмжээнд гарган өгөх үүргийг хүлээх бөгөөд худалдагчийг түрээс болон ашиглалттай холбоотой аливаа үүрэг, хариуцлагаас чөлөөлнө”, 2.5-д “худалдан авагч нь энэхүү гэрээний 2.3 болон 2.4 дахь хэсэгт заасан үүргээ бүрэн биелүүлснээр тоног төхөөрөмжүүдийг өмчлөх эрх Худалдан авагчид шилжинэ” гэж харилцан тохиролцсон байх бөгөөд уг гэрээний Хавсралт А-д заасан тоног төхөөрөмжүүдийн жагсаалтаар эд хөрөнгө Эл Эс Кей ХХК-нд шилжсэн талаар хариуцагч нь маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно. /хэргийн 64-р хуудас/

Хариуцагч болон түүний төлөөлөгч нь энэхүү Тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээгээр Эл Эс Кей ХХК нь түрээс болон ашиглалттай холбоотой төлбөрийг төлөх үүргийг хүлээсэн тул ГД ХХК-иас түрээсийн гэрээний үүргийг шаардсан нь үндэслэлгүй, түрээсийн үүргийг Эл Эс Кей ХХК нь нэхэмжлэгчид төлөх талаар харилцан тохиролцсон болох нь Тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээний 1 хувь нь нэхэмжлэгч СХ ХХК-нд байснаар нотлогдоно, эрх бүхий албан тушаалтнууд болон Б.Бялхамбилэг нь өр шилжсэн талаар мэдэж байсан гэж мэтгэлцсэн.  

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хариуцагчийн түрээсийн үүргийг Эл Эс Кей ХХК төлөх талаар нэхэмжлэгчтэй тохиролцоогүй, СХ ХХК нь Тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээний нэг тал биш гэж тайлбарласан.

Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д “эзэмшигчтэй нь тохиролцсоноор үүрэг гүйцэтгэгчийн өрийг гуравдагч этгээд шаардах эрхийг өөртөө шилжүүлэн авч үүрэг гүйцэтгэж болох өгөөд энэ тохиолдолд энэ хуулийн 123.8-д заасан журам нэгэн адил үйлчилнэ” гэж заасан байх бөгөөд хариуцагч ГД ХХК болон Эл Эс Кей ХХК-ийн хооронд байгуулсан Тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээгээр өр шилжсэн гэж үзэх үндэслэлгүй, энэ талаар нэхэмжлэгчтэй харилцан тохиролцоогүй, түүнд мэдэгдээгүй болох нь гэрч Б.Бялхамбилэгийн мэдүүлэг, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байх бөгөөд Тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээ нэхэмжлэгчид байсан гэснээр өр шилжсэнийг хүлээн зөвшөөрсөн гэсэн хариуцагчийн тайлбар үндэслэлгүй болно.

Хариуцагч нь Тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээний 2.4-д заасан үүргийг Эл Эс Кей ХХК нь биелүүлсэн гэж үзэж, 2.5-д зааснаар тоног төхөөрөмжүүдийг өмчлөх эрхийг шилжүүлэхээр харилцан тохиролцож тоног төхөөрөмжийг шилжүүлсэн өгсөн бөгөөд энэхүү үүргээ Эл Эс Кей ХХК нь биелүүлсэн эсэх, И-Март худалдааны төвийн захиргаанд төлөх 2017 оны болон 2018 оны 1 болон 2 дугаар сарын түрээс, ашиглалтын төлбөрийг төлсөн эсэх талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй, энэ талаар Эл Эс Кей ХХК-иас шаардаж байсан талаараа баримтаар нотлоогүй.

Мөн зохигч талуудын хооронд байгуулсан талбайн түрээсийн гэрээний 3.1-т “талууд худалдаа, үйлчилгээ эрхлэх түрээсийн талбайг хүлээлцсэн тухай актыг гэрээ байгуулах болон дуусгавар болоход үйлдэнэ” гэж зааснаар гэрээг дуусгавар болгохдоо ямар нэгэн акт үйлдээгүй, түрээсийн төлбөр болон ашиглалтын зардлыг төлөх талаар харилцан тохиролцсон баримтгүй байна.

 

Зохигч талуудын хооронд байгуулсан талбайн түрээсийн гэрээний 12.2-д “шууд зардал болох үндсэн гэрэлтүүлгээс өөр зориулалтаар ашигласан цахилгааны төлбөр, үйл ажиллагааны төрлөөс хамааран нэмэлтээр ашиглаж буй ус, хий, утас, интернэт ашигласны төлбөрийг түрээслэгч дангаар хариуцна. Эдгээр үйлчилгээний төлбөрийг зааглан хэмжих төхөөрөмж, тоолуурыг суурилуулах ба түүний заалтыг үндэслэн нэхэмжлэхийн дагуу төлнө”, 13.1-д “түрээслүүлэгч нь дараа сарын түрээсийн төлбөр болон менежментийн төлбөрийн нэхэмжлэхийг сар бүрийн 15-ны өдөр түрээслэгчид цахим хэлбэрээр илгээх” ба, 13.3-д “түрээслэгч нь тухайн сарын түрээсийн төлбөр болон менежментийн төлбөрийг нэхэмжлэхийн дагуу өмнөх сарын 20-ны дотор тусгай нөхцөлд заасан дансаар түрээслүүлэгчид төлсөн байна” гэж харилцан тохиролцжээ.

Хэрэгт авагдсан түрээсийн талбайн гэрээний №570033 дугаартай тусгай нөхцөл нь 5753988 дугаартай гэрээний салшгүй хэсэг бөгөөд хууль эрх зүйн хувьд хүчин төгөлдөр байна гэсэн байх бөгөөд уг тусгай нөхцлийн 6-д “түрээсийн талбайн хэмжээ нийт талбай 15,6 мкв, үндсэн талбай 15,6 м.кв, түрээсийн талбайн төлбөр болон менежментийн төлбөр барьцаа төлбөр нь 1 м.кв талбайн төлбөр 105 000, нийт 1 638 000 төгрөг байршуулна”, “түрээсийн талбайн болон менежментийн төлбөр тооцох түрээсийн талбайн төлбөр 1 м.кв талбайн төлбөр 95 000 төгрөг, нийт 1 482 000 төгрөг, менежментийн төлбөр 1 м.кв талбайн төлбөр 10 000 төгрөг, нийт 156 000 төгрөг төлнө. Нэмэлт төлбөр ус, цахилгаан, хий төлнө” гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч болон өмгөөлөгч нь манай тоног төхөөрөмжийг ашиглаж ашиг олж байгаа тул түрээсийн төлбөрийг төлөхгүй, Эл Эс Кей ХХК-иас манай төлөх байсан төлбөрийг нэхэмжлээд авсан байх магадлалтай гэж маргасан боловч Тоног төхөөрөмж худалдах худалдан авах гэрээний хавсралтад дурдсан тоног төхөөрөмжүүдийг Эл Эс Кей ХХК-нд худалдан борлуулж шилжүүлэн өгсөн гэж тайлбарласан тул тайлбар нь үндэслэлгүй, нэхэмжлэгч нь түрээсийн талбайн гэрээнд зааснаар ашиглалтын зардал, түрээсийн төлбөрийг нэхэмжилсэн болно.

Нэхэмжлэгч СХ ХХК-иас “Герман дөнэр” ХХК-нд холбогдуулан 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 01/1205 тоот албан бичгээр түрээсийн төлбөр төлөх талаар мэдэгдэж байсан байх тул давхардуулан нэхэмжилж байгаа гэсэн тайлбар нь үндэслэлгүй байна гэж үзэв. /хэргийн 16-р хуудас/

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 289.1.2-д ”эд хөрөнгө ашигласны хөлсийг хугацаанд нь төлөх”, 292.3-д “талууд тохиролцсон бол нэмэлт зардлын төлбөрийг нэгэн адил төлнө” гэж зааснаар түрээсийн талбай ашигласны төлбөр болон ашиглалтын зардлыг хариуцагч ГД ХХК-иас нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна гэж үзэв.

Хэрэгт авагдсан харилцагчийн авлага, өглөгийн дэлгэрэнгүй тайланд /2016.01.01-2020.02.28 хүртэлх хугацааных/ 2016 оны 12 дугаар сарын 25-нд ашиглалтын төлбөрт хариуцагч ГД ХХК нь 505 724 төгрөг төлсөн талаараа маргаагүй, харин 2017 оны 01 дүгээр сарын 05-наас ашиглалтын төлбөр буюу 570033 тоот гэрээний ус, цахилгаан, газ ашигласны төлбөрт нийт 11 579 675 төгрөг төлөөгүй болох нь тогтоогдож байна. /хэргийн 12-13-р хуудас/

Мөн харилцагчийн авлага өглөгийн дэлгэрэнгүй тайланд /2016.01.01-2020.02.28 хүртлэх/ 2017 оны 09 дүгээр сарын 22-ноос 2018 оны 03 дугаар сарын 01-ний хүртлэх түрээсийн болон менежментийн орлого нийт 34 079 760 төгрөг байснаас 12 371 860 төгрөгийг хариуцагч төлсөн тул үлдэгдэл 21 707 900 төгрөг төлөгдөөгүй байгаа талаараа маргаагүй болно. /хэргийн 14-15-р хуудас/

Хэрэгт авагдсан харилцагчийн авлага, өглөгийн дэлгэрэнгүй тайлангаас 2017 оны 09 дүгээр сарын 22-ноос 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртлэх түрээсийн болон менежментийн орлогыг тооцоход 10 810 800 /15 600+1 482 000+156 000+148 200+148 200+1 482 000+15 600+156 000+1 1482 000+15 600+148 200+156 000+15 600+148 200+156 000+1 482 000+156 000+1 482 000+15 600+148 200+148 200+1 482 000+15 600+156 000=10 810 800/ төгрөг байх бөгөөд нэхэмжлэгч нь 6 сарын түрээсийн талбайн төлбөрт тусгай нөхцөлд харилцан тохиролцсноор 1 сарын түрээсийн төлбөр 1 638 000 төгрөг нийт 9 828 000 төгрөгийг / 1 638 000 х6 сар =9 828 000/ нэхэмжилсэн.

Иймд хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь 1 сарын түрээсийн төлбөр 1 638 000 төгрөгөөр тохирч, барьцаа байршуулсан талаар хүлээн зөвшөөрсөн тул  түрээсийн гэрээний үүрэгт түрээсийн талбайн 6 сарын түрээсийн төлбөрт 9 282 000 төгрөгийг, ашиглалтын зардал 11 579 675 төгрөг, нийт 21 407 675 төгрөгийг гаргуулан олгох үндэслэлтэй байна гэж үзэв.  

Гэвч зохигч талуудын хооронд байгуулсан талбайн түрээсийн гэрээний 9.1-д “түрээслэгч нь гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын гурав хоногт багтаан Тусгай нөхцөлд заасан үнийн дүн бүхий барьцаа төлбөрийг /түрээсийн төлбөрийн нэг сартай тэнцэх хэмжээний мөнгөн дүн/ гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх барьцаа болгож түрээслүүлэгч талд байршуулна”, 11.1-д “энэхүү гэрээний үйл ажиллагааны хугацаа дуусгавар болж сул чөлөөтэй түрээсийн талбайг түрээслүүлэгчид хүлээлгэн өгсөнөөс хойш гуч хоногийн дотор эсвэл түрээслэгч гэрээний нөхцөл гэрээний заалтыг дагаж мөрдөн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас түрээслүүлэгчээс түрээслэгчид гаргасан сүүлийн нэхэмжлэл шийдвэрлэгдсэнээс хойш 30 хоногийн дотор зэргийн аль сүүлд тохиолдсон өдөрт барьцаа төлбөрийг буцаан олгоно”, 11.4-д “хэрэв түрээслэгчийн буруутай үйл ажиллагааны улмаас гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан бол барьцаа төлбөрийг буцаан олгохгүй” тус тус харилцан тохиролцсон байх бөгөөд барьцаа төлбөрийг буцаан олгоогүй байгаа талаараа нэхэмжлэгчийн төлөөлөгч нь маргаагүй, гэрээний 11.4-т заасан нөхцөл тогтоогдоогүй, харилцан тохиролцоод түрээсийн талбайн гэрээг дуусгавар болгосон гэж зохигч тайлбарласан тул хариуцагчийн байршуулсан барьцаа мөнгийг түрээсийн төлбөрөөс хасч тооцох нь зүйтэй гэж дүгнэв.

Иймд хариуцагч ГД ХХК-иас түрээсийн гэрээний үүрэгт 9 828 000 төгрөгнөөс барьцаа төлбөр болох 1 638 000 төгрөгийг хасаад үлдэх 8 190 000 төгрөг, ашиглалтын зардал 11 579 675 төгрөг, нийт 19 769 675 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч СХ ХХК-нд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 1 638 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 324 390 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ГД ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 256 798 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч СХ ХХК-д олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон   

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 319 дүгээр зүйлийн 319.1, 289.1.2, 292.3-д зааснаар хариуцагч ГД ХХК-иас түрээсийн гэрээний үүрэгт 19 769 674 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч СХ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 638 000 төгрөгийг хэрэгсэхгүй болосугай.

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 324 390 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ГД ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 256 798 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч СХ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус  дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ                             Д.ХУЛАН