Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2021/01370

 

 

 

 

 

 

 

 

 

“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Нямбазар, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 23-ний өдрийн 183/ШШ2021/00713 дугаар шийдвэртэй, “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Г” ХХК-д холбогдох түрээсийн гэрээний үүрэгт 33,287,575 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа  илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Батцэнгэл шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “С” ХХК нь “Г” ХХК-тай 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр түрээсийн гэрээ байгуулсан. Гэвч тус компани нь 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны талбайн түрээсийн төлбөр 21,707,900 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацааны ашиглалтын зардал 11,579,675 төгрөг нийт 33,287,575 төгрөгийн төлбөрийг төлөөгүй буюу гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн.

Түрээсийн гэрээний 20.1-т “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь учирсан хохирол, зардлаа төлөхийг буруутай талаас шаардах эрхтэй”, мөн 24.5-т “Энэхүү гэрээ нь талууд гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлснээр дуусна” гэж тус тус заасан.

“Э” ХХК төлбөрийг хариуцна гэснийг зөвшөөрөхгүй. Учир нь “Г” ХХК болон “Э” ХХК-ийн хооронд байгуулсан гэрээ нь манай байгууллагад хамааралгүй, энэ талаар холбогдох ажилтан, албан тушаалтанд мэдэгдээгүй. Зөвхөн дараагийн түрээслэгч гэж л мэдэгдсэний улмаас “Э” ХХК-тай түрээсийн гэрээ байгуулсан.

Манайх тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээний оролцогч биш, төлбөртэй холбоотой асуудлыг харилцан тохиролцоогүй. Тухайн ашиглаж байсан тоног төхөөрөмжөө “Э” ХХК-нд худалдсан, уг компани нь манай түрээсийн талбайг ашиглаж үйл ажиллагаа явуулж байсан, талбай дээр тоног төхөөрөмж байгаа гэдэгтэй бол маргахгүй. Бид түрээсийн төлбөр ашиглалтын зардлыг нэхэмжилсэн өглөг авлагын тайланг гаргаж ирүүлсэн, уг түрээсийн төлбөрийн нэгж үнэ зөрж байгаа болохоор нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, түрээсийн төлбөрт гэрээний тусгай нөхцөлд зааснаар 1 м.кв 105,000 төгрөгөөр тооцож 15.6 м.кв талбайн төлбөрт 1,638,000 төгрөг буюу 9,828,000 төгрөг, ашиглалтын зардал 11,579,675 төгрөг, нийт 21,407,675 төгрөг болж байна.

Иймд хариуцагчаас түрээсийн гэрээний үүрэгт 21 407 675 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

 

Хариуцагч төлөөлөгч шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Г” ХХК нь “С” ХХК-тай 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн 2018 оны 3 дугаар сарыг хүртэл хугацаанд түрээсийн гэрээ байгуулан ажиллаж байсан бөгөөд цаашид ажиллуулах боломжгүй болсон учраас түрээсийн талбайг дараагийн түрээслэгч болох “Э” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Лейлад хүлээлгэн өгсөн ба өөрийн бүх тоног төхөөрөмж болон талбайн тохижилтыг С.Лейлад зарж, С.Лейла нь худалдан авсан үнийг “С” ХХК-нд бидний төлж чадаагүй түрээсийн үлдэгдэл төлбөрт тооцуулан төлөхөөр тохиролцсон.

Тухайн үед “С” ХХК-ийн менежер болон дээд албаны захирлуудад мэдэгдэж, зөвшөөрөл авсан. Манай байгууллага “Э” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Лейлатай тоног төхөөрөмжөө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, тус гэрээний нэг хувийг “С” ХХК-ийн менежерт өгсөн. Хэрвээ “С” ХХК-ийн удирдлагууд энэ гэрээний тохиролцоог зөвшөөрөөгүй байсан бол “Э” ХХК-ийг тус талбайд оруулахгүй байсан. Манай байгууллага гэрээний үүргээ бүрэн биелүүлж өөрийн зүгээс “С” ХХК-ийг хохиролгүй болгон дараагийн түрээслүүлэгчид хүлээлгэн өгсөн учир тус түрээсийн мөнгийг “Э” ХХК-аас тохиролцооны дагуу нэхэмжлэх учиртай.

Манай компани үйл ажиллагаагаа зогсоогоод 2 жил болж байгаа бөгөөд ямар ч орлогогүй байгаа.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж түрээсийн 6 сарын төлбөр 9,828,000 төгрөг нэхэмжилсэн боловч уг түрээсийн төлбөрөөс манай барьцаа төлбөр 1,638,000 төгрөг хасагдаагүй байна. Барьцааны мөнгийг хасаад түрээсийн төлбөр 8,190,000 төгрөг болж байгаа боловч энэ төлбөрийг манайх төлөхгүй, манай тоног төхөөрөмж түрээсийн талбайд үлдсэн, уг тоног төхөөрөмжийг ашиглаад ашиг олж байгаа, дараа дараагийн түрээслэгч нарт ашиглуулж ашиг олж байгаа тул зөвшөөрөхгүй.

“Э” ХХК нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлд зааснаар манай өрийг шилжүүлэн авсан гэж үзэж байгаа. 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр дараагийн түрээслэгчтэй гэрээ байгуулснаар өмнөх түрээслэгчээсээ төлөгдөөгүй төлбөрөө шаардах эрх нэхэмжлэгчид үүссэн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 319 дүгээр зүйлийн 319.1, 289.1.2, 292.3-д зааснаар хариуцагч “Г” ХХК-иас түрээсийн гэрээний үүрэгт 19,769,674 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “С” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,638,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 324,390 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “Г” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 256,798 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “С” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Манай “Г” ХХК нь “С” ХХК-тай түрээсийн гэрээ байгуулж 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн 2018 оны 03 сарыг дуустал тус түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж байсан. Бид 2018 онд 03 сард “Э” ХХК-д тоног төхөөрөмжөө худалдаад түрээсийн талбайгаа хүлээлгэн өгсөн. Энэ талаараа “С” ХХК-д мэдэгдэж, түрээсийн төлбөрийг “Э” ХХК хариуцахаар тохиролцсон байдаг. Манай компани анхан шатны шүүх хурал дээр “Э” ХХК-ийн захирлыг гэрчээр оролцуулах хүсэлт өгсөн хэдий ч шүүхээс хангаагүй шийдвэрлэсэн. Манай компани нь уг хэрэгт хариуцагчаар оролцох эрх бүхий этгээд биш бөгөөд “Э” ХХК нь тухайн нэхэмжлээд буй үнийн дүнг төлөх үүрэгтэй.

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд “Э” ХХК-ийн захирлыг оролцуулахгүйгээр, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гадаадад байгаа гэх тайлбарыг үндэслэж хүсэлтийг хэрэгсэхгүй болгож хэргийг шийдвэрлэсэн хариуцагчийн татгалзлаа нотлох боломжийг хааж хэргийг шийдвэрлэсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч “С” ХХК нь хариуцагч “Г” ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 33 287 575 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 21 407 675 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

“С” ХХК болон “Г” ХХК-ийн хооронд 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр түрээсийн гэрээ байгуулагдсан, уг гэрээгээр “С” ХХК нь өөрийн эзэмшлийн, Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, Токиогийн гудамж 23, Имарт Чингис салбар дэлгүүр, 1 давхарт байршилтай, 15,6 м.кв талбайг түрээсийн зориулалтаар “Г” ХХК нь түрээсийн төлбөрийг талбайн хэмжээ болон, менежментийн төлбөрөөр тооцон төлөх үүргийг тус тус хүлээжээ.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэжээ.

 

Талуудын хэн аль нь түрээсийн гэрээ байгуулсан, “Г” ХХК нь 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд түрээсийн талбайд үйл ажиллагаа явуулсан, түрээсийн гэрээг 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр дуусгавар болгосон, “С” ХХК нь 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс “Эл Эс Кэй” ХХК-тай уг түрээсийн зүйлийн талаар гэрээ байгуулсан талаар маргаагүй байна. /хх 80-96/

 

Түрээсийн гэрээний тусгай нөхцөлийн түрээсийн талбайн зориулалт, хэмжээ: нийт талбай 15.6 м.кв гэж, түрээсийн талбайн болон менежментийн төлбөр тооцох: 1 м.кв талбайн төлбөр 95,000 төгрөг, нийт 1,482,000 төгрөг, менежментийн төлбөр 1 м.кв талбайн төлбөр 10,000 төгрөг, нийт 156,000 төгрөг гэж, нэмэлт төлбөр: шууд зардал тооцох эсэх: ус, цахилгаан, хий төлнө гэж талууд тус тус тохиролцсон байна. /хх30-31/

 

2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх 6 сарын түрээсийн төлбөр 9,828,000 төгрөгийн өр шилжүүлэн авсан “Эл Эс Кэй” ХХК төлөх үүрэгтэй гэж хариуцагчийн төлөөлөгч маргасан.

 

“Г” ХХК нь Э ХХК-тай 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байх бөгөөд уг гэрээний /хх61-63/ 2.4-д “худалдан авагч нь худалдагчийн И-Март худалдааны төвийн захиргаанд төлөх 2017 оны болон 2018 оны 1 болон 2 дугаар сарын түрээс, ашиглалтын төлбөрийн үлдэгдэл болох 48 975 891 төгрөгийг төлсөн тухай нотлох баримтыг худалдан авагчид хангалттай хэмжээнд гарган өгөх үүргийг хүлээх бөгөөд худалдагчийг түрээс болон ашиглалттай холбоотой аливаа үүрэг, хариуцлагаас чөлөөлнө” гэж харилцан тохиролцсон байна.

 

Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт зааснаар “Г” ХХК-ийн түрээсийн төлбөр төлөх өрийг буюу үүргийг “Э” ХХК шилжүүлэн авах тохиолдолд түрээсийн гэрээний үүрэг гүйцэтгүүлэгч тал болох “С” ХХК-тай тохиролцох ёстой байжээ.

 

 Иймээс “Г” ХХК болон “Э” ХХК-ийн хооронд байгуулсан тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээгээр “Г” ХХК-ийн түрээсийн төлбөр төлөх үүрэг буюу өр “Э” ХХК-д шилжихгүй юм.

 

Хариуцагч “Г” ХХК нь нэхэмжлэгч “С” ХХК-ийн менежер болон бусад эрх бүхий албан тушаалтанд өр шилжүүлсэн талаар мэдэгдсэн, зөвшөөрөл авсан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй байна.

 

Гэрч Б.Бялхамбилэг “С” ХХК-д менежер ажилтай ба тэрээр хариуцагч талаас худалдах, худалдан авах гэрээг хүлээж аваагүй гэж мэдүүлсэн, гэрч Р.Мухамед худалдах, худалдан авах гэрээний талаар мэдэхгүй гэсэн мэдүүлгийг өгсөн. Тэдгээрийн мэдүүлгээр “Г” ХХК өрөө шилжүүлэхдээ түрээслүүлсэн “С” ХХК-аас зөвшөөрөл аваагүй, тохиролцоо хийгээгүй байна. Иймд “С” ХХК-тай харилцан тохиролцсон гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул өр шилжүүлсэн үр дагавар үүсээгүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

“Э” ХХК-д “Г” ХХК-ийн өр шилжээгүй тул түрээсийн гэрээний үүргийг “Г” ХХК биелүүлэх үүрэгтэй. Энэ үндэслэлээр хариуцагч “Г” ХХК-аас түрээсийн 6 сарын төлбөрт 9,828,000 төгрөг төлөхөөс 1 сарын барьцаа төлбөр 1,638,000 төгрөгийг хасч 8,190,000 төгрөгийг гаргуулж “С” ХХК-д олгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

Талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний 12.2-д “шууд зардал болох үндсэн гэрэлтүүлгээс өөр зориулалтаар ашигласан цахилгааны төлбөр, үйл ажиллагааны төрлөөс хамааран нэмэлтээр ашиглаж буй ус, хий, утас, интернет ашигласны төлбөрийг түрээслэгч дангаар хариуцна. Эдгээр үйлчилгээний төлбөрийг зааглан хэмжих төхөөрөмж, тоолуурыг суурилуулах ба түүний заалтыг үндэслэн нэхэмжлэхийн дагуу төлнө” гэж тохиролцсон, 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацааны харилцагчийн авлага, өглөгийн дэлгэрэнгүй тайланд 2016 оны 12 дугаар сарын 25-нд ашиглалтын төлбөрт хариуцагч “Г” ХХК нь 505 724 төгрөг төлсөн талаараа маргаагүй, харин 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд ашиглалтын төлбөр ус, цахилгаан, газ ашигласны төлбөрт нийт 11,579,675 төгрөг төлөөгүй гэж /хх12-13/ анхан шатны шүүх зөв дүгнэсэн, уг үнийн дүнгийн хэмжээгээр ашиглалтын зардлыг тооцсон нь хуульд нийцжээ.

 

Хариуцагч “Г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “Э” ХХК-ийн төлөөлөгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулах хүсэлт гаргасан байх бөгөөд анхан шатны шүүх “Э” ХХК-ийн төлөөлөгчийг хаана оршин суудаг нь тодорхойгүй тул шүүхэд дуудан ирүүлэх боломжгүй гэж үндэслэлээр хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгахгүй. Учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлдэг боловч гэрчийн оршин суугаа газрыг олж тогтоох үүрэггүй болно. Иймд энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 23-ний өдрийн 183/ШШ2021/00713 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                          ШҮҮГЧИД                                Д.НЯМБАЗАР

 

                                                                                           Э.ЗОЛЗАЯА