Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 182/ШШ2021/00385

 

2021 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 182/ШШ2021/00385

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Т.Э-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Д.Сүхбаатарын талбай-Голомт банкны төв байр хаягт байрлах “Г” банк -нд холбогдох

Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, өмгөөлөгч Ж.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж, Т.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Т.Э нь 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр "“Г” банк -ийн Суваг удирдлагын газар - Хувийн банкны хэлтэст менежер албан тушаалд ажилд орсон. Гэтэл Голомт банкны гүйцэтгэх захирлын орлогчийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 300 дугаар Ажлаас халах тухай тушаалаар Т.Этай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн. Тус ажлаас халсан тушаалыг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Улмаар Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 182/ШШ2019/01914 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Т.Эг “Г” банк-ийн Хувийн банкны хэлтсийн менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 8,109,072 төгрөгийг хариуцагч “Г" банк-аас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн. Мөн нэхэмжлэгч Т.Эгийн ажилгүй байсан 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийг дуусталх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагч “Г” банк-д даалгасан. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх шийдвэр гаргах өдөр хүртэлх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэсэн.

Дээрх анхан шатны шүүхийн шийдвэрийг Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 001/XT2020/00521 дугаар тогтоолоор хэвээр үлдээн шийдвэрлэж, анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. Гэтэл хариуцагч “Г” банк нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг одоо хүртэл биелүүлэхгүй байхаас гадна анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдөр буюу 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс өнөөдрийг хүртзлх ажилгүй байсан хугацааны олговрыг олгохгүй байсаар байна.

Иймд хариуцагч “Г” банк-аас 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, дээрх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Т.Э нь Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 17,410,656 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах тухай" шаардлага бүхий нэхэмжлэлийг “Г” банк-д холбогдуулан гаргажээ. Тэрээр нэхэмжлэлийн үндэслэлээ ...хариуцагч “Г” банк нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг одоо хүртэл биелүүлэхгүй байхаас гадна анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдөр буюу 2019 оны 11 сарын 04-ний өдрөөс өнөөдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны олговрыг олгохгүй байсаар байна... гэж тайлбарласан байна. Гэвч “Г” банк-ийн зүгээс шүүхийн шийдвэрийг биелүүлж байгаа буюу шийдвэрт дурдсан ажиллагааг гүйцэтгэсэн. Тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан үйл баримт нь үндэслэлгүй байна.

Тодруулбал, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 сарын 04-ний өдрийн 182/ШШ2019/01914 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгчийг албан тушаалд эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 8,109,072 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд энэхүү шүүхийн шийдвэр нь Улсын дээд шүүхийн 2020 оны 09 сарын 15-ны өдрийн 521 дүгээр тогтоолоор хуулийн хүчин төгөлдөр болсон. Улмаар “Г” банк нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэхээр холбогдох ажиллагааг хийсэн. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн үндэслэл болгож буй ажилгүй байсан хугацааны олговрыг шүүх өмнө нь шийдвэрлэсэн атал одоо нэхэмжлэгч нь шүүхэд 2019 оны 11 сарын 04-ний өдрөөс ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж буй нь ойлгомжгүй байна.

Иймд нэхэмжпэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хэрэгт авагдсан баримтуудыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Э нь хариуцагч “Г” банк-нд холбогдуулан 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж холбогдох дэвтэрт бичилт хийлгүүлэхийг даалгуулахыг хүсэж нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжин, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 01914 дугаар шийдвэрээр Голомт банкны Хувийн банкны хэлтсийн менежерийн ажилд эгүүлэн тогтоосон боловч өнөөдрийг хүртэл ажилд томилоогүй байх тул ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах эрхтэй гэж тайлбарлаж байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөн, “Г” банкинд өнгөрсөн хугацаанд бүтэц, орон тооны өөрчлөлт хийсэн тул шүүхийн шийдвэрт дурдсан албан тушаалд буцаан томилох боломжгүй болж Т.Эд хуучин эрхэлж байсан албан тушаалтай нь адил чанарын гурван ажлын байр санал болгосон хэдий ч зөвшөөрөөгүй. Голомт банк Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасан үүргээ зохих ёсоор биелүүлсэн тул буруугүй гэж мэтгэлцэж байна.

Зохигчдын тайлбар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад тогтоогдсон дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

1.    Нэхэмжлэгчийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 182/ШШ2019/01914 дугаар шийдвэрээр “Г” банк-ийн Хувийн банкны хэлтсийн менежерийн ажилд эгүүлэн тогтоосон байх ба тус шийдвэрийг давж заалдах болон хяналтын шатны журмаар хянан хэлэлцэж, Улсын дээд шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн тогтоолоор хэвээр үлдээжээ. /хх-ийн 3-25 дугаар тал/

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.1.2-т заасны дагуу ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд ажил олгогч, ажилтныг урьд эрхэлж байсан албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д энэ хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгохоор зохицуулсан байдаг.

Зохигчдын хэн аль нь “Г” банк-нд өнгөрсөн хугацаанд бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийгдсэн бодит байдлын тухайд маргаагүй байх бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчийн хуучин эрхэлж байсан ажил албан тушаалтай адил чанарын 3 төрлийн ажлын байрыг санал болгосон талаараа шүүх хуралдаанд тайлбарлаж байна. Нэхэмжлэгч 3 төрлийн ажил санал болгосон тухайд болон эдгээр албан тушаалыг эс зөвшөөрч татгалзсан үйл баримтын тухайд маргаагүй боловч гагцхүү эдгээр нь адил чанарын албан тушаал биш байсан тул татгалзсан гэх агуулгаар мэтгэлцэж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т Ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхтгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй гэжээ. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэрээр эгүүлэн тогтоосон албан тушаал орон тооны өөрчлөлтийн дүнд үгүй болсон бол ажил олгогчийн зүгээс хуучин ажилтай нь адил чанарын албан тушаал санал болгох үүрэг энэ тохиолдолд нэгэн адил хамаарах бөгөөд хэрэв ажил нь адил чанарын биш бол ажилтан татгалзах эрхтэй байхаар заажээ.

Маргаан бүхий тохиолдолд ажилтныг эгүүлэн тогтоосон Хувийн банкны хэлтсийн менежерийн албан тушаал үгүй болсон тул түүнд харилцааны менежер, банкир, мониторингийн менежер гэх гурван албан тушаалыг санал болгосон байх бөгөөд харин нэхэмжлэгч ийнхүү санал болгосныг үгүйсгээгүй ч ... эдгээр нь хувийн банкны менежертэй адил чанарын эсэхийг мэдэх боломжгүй байсны зэрэгцээ энэ талаар дүгнэлт гаргахад шаардлагатай ажлын байрны тодорхойлолт холбогдох бусад баримт бичигтэй танилцуулаагүй. Энэ тухай хүсэлт тавьж танилцуулахыг шаардахад банкны цахим сангаас мэдээллийг унших талаар зааварчилсан. Цахим санд шаардлагатай мэдээлэл байгаагүй гэх агуулгаар шүүх хуралдаанд тайлбарлаж байна.

Шүүх нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэл бүхий гэж үзлээ. Учир нь хариуцагч талаас нэхэмжлэгчид ажлын байр санал болгохдоо тухайн ажлын байр нь адил чанарын эсэх талаар хангалттай тодорхой мэдээлэл өгсөн болох нь баримтаар тогтоогдоогүйн зэрэгцээ эдгээр ажлын байр шүүхийн шийдвэрт дурдсан ажлын байртай адил чанарын эсэхийг нотолсон нотлох баримтыг ч шүүхэд ирүүлээгүй болно. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйл, 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасны дагуу хариуцагчийн үүрэг болно. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг ажилгүй байсан хугацаа буюу 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэлх хугацаагаар хангах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасантай нийцэхээр байна.

Нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоосон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт түүний нэг сарын дундаж цалин хөлсийг 1,311,762, төгрөгөөр тогтоосон байх ба /хх-ийн 8 дугаар тал/ энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасны дагуу шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримт мөн байх тул 2019 оны 11 дүгээр сарын 4-ний өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацааны 15 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 19,676,430 /1,311,762*15/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэстэй гэж үзэв.

2.    Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасны дагуу нэхэмжлэгчийг ажилгүй байсан 15 сарын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж холбогдох дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалган шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу хариуцагч “Г” банк-аас 256,332 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу хариуцагч “Г” банк-иас 19,676,430 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Эд олгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасны дагуу нэхэмжлэгч Т.Эгийн ажилгүй байсан 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийг дуусталх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагч “Г” банк-нд даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу хариуцагч “Г” банк-аас 256,332 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан арга, журмын дагуу шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсүгэй. 

5.  Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай. 

6.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Н.БАЯРМАА