Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2021/00625

 

 

 

 

 

2021 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2021/00625

 

 

Т.Эгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2021/00385 дугаар шийдвэртэй, Т.Эгийн нэхэмжлэлтэй, Г.Б ХХК-д холбогдох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, уг хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгуулах тухай иргэний хэргийг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бат-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Ж.Батмөнх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Хүүбаяр, Б.Ганбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Т.Э нь 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Г.Б ХХК-ийн Суваг удирдлагын газар Хувийн банкны хэлтэст менежер албан тушаалд ажилд орсон. Гэтэл Г.Бны гүйцэтгэх захирлын орлогчийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 300 дугаар Ажлаас халах тухай тушаалаар Т.Этай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн. Тус ажлаас халсан тушаалыг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Улмаар Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 182/ШШ2019/01914 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Т.Эг Г.Б ХХК-ийн Хувийн банкны хэлтсийн менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 8 109 072 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийг дуусталх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх шийдвэр гаргах өдөр хүртэлх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэсэн. Гэтэл хариуцагч Г.Б ХХК нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг одоо хүртэл биелүүлэхгүй байхаас гадна анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдөр буюу 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс өнөөдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны олговрыг олгохгүй байсаар байна. Иймд хариуцагч Г.Б ХХК-иас 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, дээрх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Т.Э нэхэмжлэлийн үндэслэлээ ...хариуцагч Г.Б ХХК нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг одоо хүртэл биелүүлэхгүй байхаас гадна анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдөр буюу 2019 оны 11 сарын 04-ний өдрөөс өнөөдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны олговрыг олгохгүй байсаар байна... гэж тайлбарласан. Гэвч Г.Б ХХК-ийн зүгээс шүүхийн шийдвэрийг биелүүлж байгаа буюу шийдвэрт дурдсан ажиллагааг гүйцэтгэсэн. Тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан үйл баримт нь үндэслэлгүй байна. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 сарын 04-ний өдрийн 182/ШШ2019/01914 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгчийг албан тушаалд эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 8 109 072 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Улмаар Г.Б ХХК нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэхээр холбогдох ажиллагааг хийсэн. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн үндэслэл болгож буй ажилгүй байсан хугацааны олговрыг шүүх өмнө нь шийдвэрлэсэн атал одоо нэхэмжлэгч нь шүүхэд 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж буй нь ойлгомжгүй байна. Иймд нэхэмжпэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу хариуцагч Г.Б ХХК-иас 19 676 430 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Эд олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасны дагуу нэхэмжлэгч Т.Эгийн ажилгүй байсан 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийг дуусталх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагч Г.Б ХХК-нд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу хариуцагч Г.Б ХХК-иас 256 332 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Учир нь хуулийн хүчин төгөлдөр болсон шийдвэрийг хариуцагч сайн дураараа биелүүлэхээр холбогдох ажиллагааг хийж, нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны олговрыг олгож, төлбөл зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг төлж, ажилд эгүүлэн авах хуульд заасан ажиллагааг гүйцэтгэсэн. Гэвч Т.Э нь ажил олгогчоос санал болгосон гурван ажлын байрыг хүлээн авахаас татгалзаж, зөвхөн шүүхийн шийдвэрт л дурдсан ажил албан тушаалд орох ёстой хэмээн тухайн ажлын байрыг зөвхөн өөрт нь зориулж бий болгох ёстой мэтээр шаардсан бөгөөд ийм шаардлага гаргаж байснаа нэхэмжлэгч шүүх хуралдаанд үгүйсгээгүй. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан гэх хугацааг бодитоор дүгнэж шийдвэрлэсэн бол түүний ажилгүй байсан гэх хугацааг ажил олгогчоос адил чанарын ажил байр санал болгосныг хүлээн авахаас татгалзсан өдрөөс эхлэн тооцох нь зүйд нийцэхээр байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагад нийцэж байна.

Нэхэмжлэгч Т.Э нь хариуцагч Г.Б ХХК-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Т.Э нь Г.Б ХХК-ийн Хувийн банкны хэлтсийн менежерээр ажиллаж байгаад, 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 300 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1914 дугаар шийдвэрээр, нэхэмжлэгч Т.Эг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэлх 6 сар 4 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговорт 8 109 072 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь зохигчдын тайлбар, шүүхийн шийдвэр, тогтоол зэрэг баримтуудаар тус тус тогтоогдсон. /хх-ийн 1-25-р тал/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй.

Хариуцагч Г.Б ХХК нь нэхэмжлэгч Т.Эг шүүхийн шийдвэрээр эгүүлэн тогтоосон албан тушаалд өнөөдрийг хүртэл томилоогүй, шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйгээс нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн, эрхийн зөрчил үргэлжилж байна гэж үзнэ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгохоор заасан, нэхэмжлэгч ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр гарснаас хойш 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 2021 оны 2 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацааны цалинтай тэнцэх олговор шаардсан нь ажилгүй байсан хугацаанд хамаарч байна. Өөрөөр хэлбэл, Т.Э нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу ажилгүй байсан бүх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг шаардах эрхтэй.

Ажил олгогч Г.Б ХХК нь ажилтны урьд эрхэлж байсан албан тушаал нь байхгүй болсон тул адил чанарын 3 төрлийн ажил санал болгож шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэх тайлбар, гомдол гаргах боловч хариуцагчийн татгалзлын үндэслэл хэрэгт авагдсан баримтаар эргэлзээгүй нотлогдоогүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт зааснаар ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй.

Хэргийн 44,49,70-71,72-75 дугаар талд авагдсан танилцах хуудас болон Г.Бны сайтад байрлуулсан бүтэц зохион байгуулалт гэсэн хэсэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр ажилтны урьд эрхэлж байсан ажил албан тушаал бодиттой цомхотгогдсон, нөхцөл байдлыг зохих ёсоор ажилтанд танилцуулсан, санал болгосон харилцааны менежер, банкир-2, мониторингийн мэрэгжилтэний албан тушаал нь нэхэмжлэгчийн эрхэлж байсан албан тушаалтай адил чанарынх мөн болохыг нотолж, танилцуулсан болох нь хангалттай нотлогдоогүй байна. Иймд анхан шатны шүүхийн энэ талаарх дүгнэлтийг буруутгах боломжгүй юм.

Түүнчлэн, Хөдөлмөрийн тухай хуулийн дээрхи заалтаар ажил албан тушаал нь цомхотгогдсон тохиолдолд ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй болохыг зохицуулсан. Энэ нь ажил олгогчийн үүрэг учраас хариуцагч нь тухайн албан тушаал цомхотгогдсон, адил чанарын албан тушаал санал болгож нэхэмжлэгчид танилцуулсан гэх нөхцөл байдлуудыг нотлох учиртай. Тэрээр тухайн мэдээллийг эзэмшигч талын хувьд нэхэмжлэгч үүнийг мэдэх боломжтой байдлаар буюу уг мэдээллийг хангалттай өгсөн гэдгийг нотлох ёстой атал эргэлзээгүй баримт хэрэгт авагдаагүй байна. Иргэний хуулийн 188 дугаар зүйлийн 188.1, 188.2 дахь хэсэгт зааснаар хуулиар хүлээсэн үүрэгтэй нь холбоотой мэдээллийг өгсөн гэдгээ нотлоогүй байна.

Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд хариуцагч нь нэхэмжлэгчийг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу ажилд томилсон эсхүл адил чанарын ажлаар хангасан, энэхүү шийдвэр биелэгдсэн гэж үзэх боломжгүй байгаа учраас нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд буюу 2019 оны 11 сарын 4-ний өдрөөс 2021 оны 2 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар гаргуулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны шүүх Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1914 дугаар шийдвэрт тогтоогдсоноор нэхэмжлэгчийн нэг сарын дундаж цалин хөлсийг 1 311 762 төгрөгөөр, нэг өдрийн дундаж цалин хөлсийг 59 625 төгрөгөөр тооцож, хариуцагч байгууллагаас 19 676 430 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь зөв болно.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2021/00385 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 256 333 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

Б.НАРМАНДАХ