Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2015 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 125/ШШ2015/0028

 

 

 

 

 

 

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Янжиндулам даргалж, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунгэрэл, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн иргэн Х.У-н нэхэмжлэлтэй Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдох, “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2012 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 152 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, хохирол 11166000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.У, түүний өмгөөлөгч Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н, гуравдагч этгээд Х.Т, иргэдийн төлөөлөгч О.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Өнөрмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.Ушүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний хувийн байшингийн баруун хойд буланд оршин 72 м/кв 4 өрөө бүхий барилгыг Х.С гуай өөрийн төрсөн дүүтэйгээ манайд ирээд энэ барилгаа надад зарчих гээд арван гурван сая таван зуун мянган төгрөгөөр худалдаж авсан. Тэгээд нэг жилийн дараа 2012 оны 9 дүгээр сарын 25-нд Х.С, Х.Х гэдэг 2 хүн хүрч ирээд бид нар мөнгөө өгчихсөн юм чинь барилгаа баталгаажуулж авъя гээд нотариатаар гэрээ хийсэн байдаг. Гэрээ хийсний дараа 2012 оны 10 дугаар сарын 12-нд буцаж ирээд бид нар ер нь наймаанаасаа буцъя танай тэр хойд талын нотариатын байрны Х.З гэдэг хүн чинь биднийг хөөгөөд болохгүй юм гээд мөнгөө буцааж авсан. Тэгээд бид нар бүх юм дууслаа гэж бодож байсан. Гэтэл энэ хүмүүс 2013 оны 4 сард энэ хүмүүс гэнэт манай барилгыг буулгаж ачиж эхэлсэн. Тэгээд энэ хүмүүс 2013 оны хавар фундамент цутгаж эхэлсэн.

Миний бие Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2007 оны 08 дүгээр сарын 01-ний өдрийн 225 дугаар захирамжаар 1270 мкв  газрыг эзэмшихээр болж гэрчилгээ бичүүлж кадастрын зураг гаргуулж авсан. Энэ зураг өнөөдрийг хүртэл ямар нэгэн мл зөрүү байхгүй, албан ёсоор батлагдсан зураг байгаа юм. Сансраас авсан зургаар миний бие анх эзэмшиж авсан газраа илүү хэмжээгээр сунгаагүй яг анх авсан хэмжээгээрээ байгаа гэдэг нь харагддаг. Гэтэл намайг газраа илүү хэмжээгээр сунгаж авлаа гэж тайлбарлаж байна. Илүү хэмжээгээр сунгаж авсан гээд байгаа юм бол миний эзэмшлийн газар аль талаараа илүү байгаа гэдгийг хэн ч тогтоож чадаагүй юм.

Газрын харилцаа, геодези зураг зүйн газраас миний эзэмшлийн газрын сансраас авсан зургийг он оноор нь гаргаж өгсөн. Мөн уг газраас ирүүлсэн албан бичигт “дээрх асуудлыг яаралтай засаж дутагдлыг арилгаж иргэн Х.У-нгазар эзэмших эрхийн гэрчилгээний талбайн хэмжээг 1503 м2 болгон өөрчил” гэж Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт үүрэг чиглэл өгсөн. Гэвч уг шаардлагыг хариуцагч талаас хэрэгжүүлээгүй.

Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2012 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 152 дугаар захирамжийн хавсралт нь Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын архивт байгүй гэдгийг Ховд аймгийн Захиргааны хэргийн шүүхээс нотолсон. Иймд Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2012 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 152 дугаар захирамжийг хүчингүй болгож уг маргааны улмаас надад учирсан хохирол 29140000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг дарга Х.Д шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Өлгий сумын 5 дугаар багийн иргэн Х.Ү-н 2013 оны 7 дугаар сарын 9-ний өдөр аймгийн Захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаж, дараах тайлбар хүргүүлж байна. 2006 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 491 дүгээр Төрийн өмчийн хорооны тогтоолоор актлагдсан АПС-ийн барилгыг тухайн үеийн түрээслэгч болох Х.У-д худалдсан байна. Өлгий сумын архитектор Х.С, Холбооны газрын дарга Х.У, МХС,ХХК-ийн захирал Р.Ш нарын гарыг үсэг зурж баталгаажуулсан байна. АПС-ийн барилгын эзэмшил газрыг нь тогтоосон схем зургийн дагуу 1272 мкв газрыг аймгийн Засаг даргын 2007 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 225 дугаар захирамжаар Х.У, У.Ннарт эзэмшүүлсэн.

Одоогийн кадастрын зурагт Х.У, У.Н нарын эзэмшил газрын хэмжээ 1503 мкв байгаа ба 231 мкв газрыг зөвшөөрөлгүй хашаа татан эзэмшиж байна. Иргэн Х.Т, Х.Хнарын гаргасан хүсэлтийн дагуу тус бүрт нь 52,5 мкв газрыг 2012 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 152 дугаар аймгийн Засаг даргын шийдвэрээр эзэмшүүлсэн юм. Энэ нь 2007 оны 225 дугаар захирамжаар 1272 мкв газрыг эзэмшүүлсэн газрын байршлын схем зургийн дагуу Х.У, У.Н нарын эзэмшил газарт орохгүй юм” гэжээ.

 

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн зүгээс гаргаж өгсөн материалаа бодит байдалд тулгуурласан гэж тайлбарлан байна. Бидний зүгээс гаргасан баримтуудыг санаанаасаа зохиож гаргаагүй. Архив, болон тус газрын хувийн хэрэгт байгаа албан ёсны баримтууд байгаа юм. Анх Х.Угазар авахдаа 984м/кв газар гэж аваад сүүлдээ бага багаар сунгасаар байгаад ийм байдалд хүрч байгаа юм. Нэхэмжлэгчийн зүгээс яриад байгаа, өөрийнх нь барьсан гээд байгаа байшин нь Х.Узбены эзэмшлийн газарт баригдаагүй. Х.У-ны эзэмшлийн газартай ямар ч хамаагүй юм. Зөвшөөрөлгүй газар байшин барьж түүнийгээ гуравдагч этгээд нарт худалдсан байгаа юм. Тус газар нь Х.У-ны эзэмшлийн газар биш гэдгийг Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч дүгнэлт гаргаж тогтоосон байгаа юм.

Мөн техникийн нөхцөл гээд С, Шнарны зурсан зургийг үндэслэн газар эзэмших болсон гэж тайлбарлаж байна. Техникийн нөхцөлийг Ерөнхий архитектур, эсхүл хотын архитектур зурж баталгаажуулсан байх ёстой. Гэтэл энэ шаардлагыг хангаагүй этгээдээр зураг хийлгэж гарын үсэг зуруулсан байгаа юм.  Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2012 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 152 дугаар захирамжийн тухайд гэвэл тухайн үед иргэд газар эзэмшүүлэхдээ захирамжийн хавсралтаар нэрсийг нь баталж гаргадаг байсан юм. Уг захирамжийн эх хувь нь манай байгууллагад ч байгаа Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газарт ч гэсэн байгаа. Гэхдээ уг захирамжийн хасвралтанд тамга дарагдаагүйг тухайн үед анзааралгүй өнгөрсөн, эсхүл техникийн алдаа гарсан байх. Х.Т, Х.Х нарын эзэмшлийн газар нь Х.У-н эзэмшлийн газартай давхцахгүй байгаа юм. Газрын харилцаа геодези зураг зүйн газарт очиж бүх бурууг надаас болсон мэтээр ярьсан талаар би сонссон. Хохирол нэхэмжлээд байгаа  асуудал нь надад хамаагүй. Гэхдээ 29 сая төгрөгийн хохирол учирсан гэдэгт би итгэхгүй байна. Хавал Засаг даргаар тодорхойлолт гаргуулсан байна. Засаг дарга байсан Хавал гуай өөрөө газар эзэмшүүлэх захирамжид гарын үсэг зурчхаад гуравдагч этгээд нарт газар эзэмшүүлэх захирамж гаргаагүй мэт тодорхойлолт бичиж өгсөн гэдэг би итгэхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

Гуравдагч этгээд Х.Т шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би шүүхэд 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр гаргасан тайлбартаа дэлгэрэнгүйгээр тайлбарласан. Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2012 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 152 дугаар захирамжийн хавсралтанд тамга тэмдэг дарагдаагүй нь иргэн Х.Т миний буруутай зүйл байхгүй.Галын машин орох боломжгүй, цонхонд нар тусахгүй байна гэдэг асуудал нь маргаан бүхий газарт гуравдагч этгээд миний бие ямар нэгэн барилга бариагүй, маргаан эцэслэн шийдвэрлэгдсэний дараа барилга барих асуудал тусдаа яригдах байх. Нэхэмжлэгч Х.У нь Газрын харилцаа геодези зураг зүйн газраас тухайн маргаан бүхий газрын сансраас авсан зургийг хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн байдаг. Уг сансраас авсан зураг 2005 оны зураг байсан. Одоо эзэмшиж байгаа 1272 мкв газрыг 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 225 дугаартай захирамжаар эзэмшилдээ шилжүүлнэ авсан.

Нэхэмжлэгч нь маргаан бүхий газрын бидэнд худалдаж нотариатаар батлуулахаас өмнө захирамж гарсан байна гэж маргаж байна. Гуравдагч этгээд С, Х нар нь Х.У-ны худалдсан газар нь Х.Узбены эзэмшлийн газар биш гэдгийг 2011 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын мэргэжилтнээс олж мэдсэн байдаг юм. Дараа нь 2012 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр нэхэмжлэгч Х.Унь Серхан Хурметхан нар дээр өөрөө ирж, өөрийнхөө эзэмшлийн газраас хасалт хийлгэж, газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээ байгуулж нотариатаар батлуулъя гэж хэлсэн байдаг юм. Тэгэхэд нь С, Х нар нь тус газар нь таны эзэмшлийн газар биш учраас бид тус газрыг эзэмшиж авсан тухай хэлж, холбогдох баримтыг үзүүлэхэд Х.У нь ямар ч байсан газраа шилжүүлж нотариатаар батлуулъя гэсэн байдаг юм. Ингээд Х.У нь өөрөө сайн дураараа газраа шилжүүлэхийг хүссэн учраас С, Х нар нь төөрөлдсөн байдлаар нотариат дээр очиж газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээ хийсэн байдаг. Энэ хэргийг Улсын дээд шүүхээс дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд байдаг. Улсын дээд шүүхээс дахин хэлэлцүүлэхээр буцаахдаа 1272 мкв газар хэний эзэмшлийн газар болох, мөн 1503 мкв газар нь хэний эзэмшлийн газар болох, Х.У нь аль талаараа илүү газар эзэмшээд байгааг тогтоо гэж буцаасан байдаг. Хавтаст хэрэгт авагдсан бүхий л баримтаар Х.У нь захирамжаар олгосон хэмжээнээс илүү хэмжээний газар эзэмшиж байгаа гэдэг нь нотлогдсон байдаг юм.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Гуравдагч этгээд Х.Х шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Х.С, Х.Х нар нь 2011 оны 08 сарын сүүлчээр газар дээр цутгасан намхан суурин дээр 4 үе бетонон блок орсон газрыг Х.Узбенээс 12500000 /арван хоёр сая таван зуун мянган/ төгрөгөөр худалдаж авсан. Дээр нь нэг сая төгрөгийн барилгын материалыг нэмж аваад нийтдээ Х.У-д 13500000 /арван гурван сая таван зуун мянган/ төгрөг өгсөн юм. Х.Узбеныөрсөн 4 үе блокийг суурьтай нь хамт буулгаж, оронд нь дахин суурь цутгаж, конторын зориулалтаар 7 өрөө бүхий барилга барьсан. Уг барилгыг Х.Х-гийн захиалгаар тээврийн хэрэгслийн оношлогоо, хянан зохицуулах газрын Баян-Өлгий аймаг дахь салбарын контор болгож ашиглахаар зориуд захиалгаар хийлгэж тэр байгууллагаа хүлээн авсан байна. Х.С, Х.Хнар нь Х.У-ээс худалдаж авсан газар нь түүний эзэмшлийн газар биш байсан гэдгийг газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас олж мэдсэн байна. 2011 оны 12 сарын 26-ны өдөр аймгийн Засаг даргад тухайн газрыг эзэмших талаар хүсэлтээ гаргаж, шаардагдах бүх баримт бичгийг хууль журамд заасны дагуу бүрдүүлэн өргөдлөө өгсөн байна. Миний бие Х.Х-ны 52,5 мкв газар, Х.Х-ны хүү болох Х.Т-д 52,5 мкв газрыг тус тус хуулийн дагуу аймгийн Засаг даргын 2012 оны 03-р сарын 26-ны өдрийн 152 дугаар захирамжаар бидний эзэмшилд олгосон. Х.Ущ өөрийнхөө эзэмшлийн газар биш гэдгийг ухамсарлан Х.Сщ, Х.Х нарт авсан мөнгөө буцааж олгосон байна. 2012 оны 9-р сарын 25-ны өдөр Х.У нь Х.С, Х.Х нарт ирж эрх шилжүүлэх гэрээ хийж нотариатаар батлуулъя өөрийнхөө эзэмшлийн газрын кадастрын зургаас хасалт хийлгэж өгье гэж хэлсэн байна. Тэд нар шаардлагагүй, таны эзэмшлийн газар биш байсан тул бид хууль ёсны дагуу эзэмшилд авч, гэрчилгээ авсан байгаа гэж хэлжээ. Х.У “үгүй тийм биш, миний газар кадастрын зурагт тодорхой харуулсан байгаа, тийм учраас хасалт хийлгэх зүйтэй” гэж гуйгаад байхаар нь нотариатаар батлуулсан байна. 2012 оны 10-р сард Х.С, Х.Х нар барьсан байшингийн хажууд хашлага /хашаа/ хийх гэж байхад К.З ирж энэ газар миний газар, Х.У-ны ч газар биш, та нар хашаа битгий бариарай гэж хэлсэн байна. Тэгэхээр нь Х.С, Х.Хнар аймгийн газрын албанд очиж кадастрын зургийг үзэж мэргэжилтнүүдээс лавлахад Х.У, К.З нарын эзэмшлийн газар биш, та хоёрын газарт ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй байна гэж хариулсан байна. Ингээд Х.С, Х.Х нар Х.У-д уулзаж “та бид хоёрыг хууран мэхэлж хэний ч эзэмшлийн биш газрыг худалдсан байна. Урьд нь та Б.Б-д бас л газар худалдаж байсан. Тийм учраас хуулийн байгууллагад шалгуулна” гэж хэлэхэд Х.Ү авсан мөнгөө буцааж өгсөн байна. Иймд Х.С, Х.Хнарын конторын зориулалтаар барьсан байшинг буулгаж, шинээр 4 давхар орон сууц барих үед Х.У нь үндэслэлгүй нэхэмжлэл гаргаж байна. Х.У-ны нэхэмжлэлдээ барилга худалдсан гэж бичжээ. Энэ нь 4 үе орсон 200 ш блок байсан. Дутуу барьсан барилга гэж болох бөгөөд харин 1 сая төгрөгийн барилгын

материал авсан байна. Х.С, Х.Х нар уг 4 үе орсон блокийг буулгаж дахин шинээр барилга барихад Х.Т, Х.Б нартай гэрээ байгуулан ажиллуулсан байна. 2011 оны 11-р сарын 01-нд энэхүү барилгыг дуусгаж хүлээлгэн өгсөн байна. Энэ талаар тэр орчинд байгаа бүх хүмүүс мэдэж байна. Х.У-ы цагдаагийн газарт гаргасан гомдол нь бас л үндэслэлгүй гэж прокурорын тогтоол гарсан байгаа. Аймгийн газрын албанд гаргасан гомдлын хариуд нь Х.У-ны газарт ямар нэгэн хэмжээгээр Х.С, Х.Х-д олгосон газар давхцаагүй байна гэсэн хариулт өгсөн байна. Бидний хууль ёсны эзэмшлийн газарт барилга бариулахгүй, ажилд саад бол бидэнд үлэмж хэмжээний хохирол үзүүлж байна. Иймд Х.У-ны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Ц шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч Х.У нь одоогийн эзэмшлийн газраа анх Баян-Өлгий аймгийн Холбооны газраас эрх шилжүүлж авсан байдаг. Гэтэл Газрын тухай хуулийн 23.4.3-д заасан “эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх” гэснийг Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар нь хэрэгжүүлээгүй. Х.У-ны эзэмшлийн газрын эргэлтийн цэгийг тодорхойлоогүй, кадастрын мэдээллийн санд оруулаагүйгээр өнөөдрийг хүрсэн байна. Энэ үүргээ хэрэгжүүлээгүй хэрнээ сүүлд хүсэлт гаргасан Т, Х нарт газар эзэмшүүлж байгаа нь хууль зөрчиж байна. Х.У анх удаа газар эзэмшээд байгаа юм биш. Холбооны газраас эрх шилжүүлж авсан тэр газрын хэмжээгээрээ л одоо болтол байгаа, илүү сунгаж авсан зүйл байхгүй гэдгийг шүүх анхаарч үзнэ үү. Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас Х.У-ы эзэмшлийн газрыг тодорхойлж өгөөгүй нь Х.У-ны газар эзэмших эрхийг зөрчигдөхөд хүргэсэн үндсэн шалтгаан болж байна.

Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2012 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 152 дугаар захирамжийн тухайд гэвэл Үндэсний статистикийн хорооны үндэсний зөвлөлөөс гаргасан 2011 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 02 дугаар тогтоолоор батлагдсан “ Бичиг баримт, албан хэрэг хөтлөлтийн стандарт” гэж байдаг.  Уг стандартад “захирамжлалын баримт бичгийн хавсралтыг байгууллагын тамгаар баталгаажуулна” гэж заасан байдаг. Хавтаст хэрэгт авагдсан уг захирамжийн хавсралтанд Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамга дарагдаагүй байна. Энэ бүгдээс үзэхэд маргаан бүхий захиргааны акт нь утга агуулгын илэрхий алдаатай байгаа учраас хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.Унь Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2012 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 152 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, хариуцагчаас хохирол 11.166.000 /арван нэгэн сая нэг зуун жаран зургаан мянган/ төгрөгийг гаргуулах  шаардлага бүхий нэхэмжлэлийг  шүүхэд гаргажээ.

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгч Х.У нь өөрт учирсан хохирол гэх 11.166.000 /арван нэгэн сая нэг зуун жарган зургаан мянган/ төгрөгийг 29.140.000 /хорин есөн сая нэг зуун дөчин мянган/ төгрөг болгон хохирлыг гуравдагч этгээд Х.Т-аас гаргуулахаар шаардлагыг өөрчилсөн болно.

Нэхэмжлэгч Х.У-ы нэхэмжлэл нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.10-д заасан захиргааны хэргийн шүүхийн харьяаллын, захиргааны журмаар урьдчилан шийдвэрлэх шаардлагыг биелүүлэхийг шаардахгүй, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасан хугацааг хэтрүүлээгүй, Захиргааны хэргийн анхан шатны 16 дугаар шүүхийн Ерөнхий шүүгчийн 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн “Хэрэг шилжүүлэх тухай” 07 дугаар захирамжаар Захиргааны хэргийн анхан шатны 17 дугаар шүүхэд захиргааны хэрэг шилжиж ирснээр хэргийн нутаг дэвсгэрийн харьяаллыг тус тус зөрчөөгүй байх тул тус шүүхийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Х.У-с У.С-д олгосон итгэмжлэл[1]ийн хугацаа дууссан тул Х.У өөрөө, хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг дарга Х.Д-с олгосон итгэмжлэл[2]ээр түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н, гуравдагч этгээд Х.Т нар оролцож, гуравдагч этгээд Х.Х-н итгэмжлэгдсэн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.С хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд оролцоогүй тул түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.   

Шүүхээс хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, шүүх хуралдаан дээр хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас гаргасан тайлбар, санал бусад нотлох баримтуудыг үнэлж дүгнээд, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч Х.Узбены нэхэмжлэлийг зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэг. Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2012 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн  “Газар эзэмшүүлэх тухай” 152 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2012 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 152 дугаар захирамжаар Х.Т, Х.Х нарт хувийн орон сууцны зориулалтаар тус бүрт 52,5м2 газар эзэмшүүлсэн нь Х.У-ны эзэмшлийн газартай давхацсан, улмаар түүний газар эзэмших эрхийг зөрчсөн гэж нэхэмжлэгч маргажээ.

Хариуцагч болон гуравдагч этгээд нарын зүгээс кадастрын зурагт Х.У-ны эзэмшил газрын хэмжээ 1503м 2  байгаа ба 231 м 2  газрыг зөвшөөрөлгүй хашаа татан эзэмшиж байгаа, иргэн Х.Т, Х.Х нарт эзэмшүүлсэн газартай давхцалгүй байгаа талаар тайлбар гаргажээ.

Маргаан бүхий газар нь ертөнцийн зүгээр нэхэмжлэгч Х.У-ны хувийн 2 давхар байшингийн баруун хойд талд залгаа байдалтай байх ба Х.У-н нь уг газарт байсан 60м2 талбай бүхий хуучин барилга байсныг нурааж  72м2 талбай бүхий нэг давхар барилга бариулж байсан нь иргэн Б.Х-тай Х.У-ны эхнэр Х.А-ийн байгуулсан “Байшин барих гэрээ”[3], гэрч Б.Х-н мэдүүлгээр[4], уг барилгыг Х.С, Х.Хнарт худалдсан болох нь гэрч Б.Х-н мэдүүлэг болон 2012 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”[5]-ээр, тэд уг барилгыг ашиглалтанд оруулан бусдад конторын зориулалтаар түрээслүүлж байсан болох нь 2011 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ[6]”, гэрэл зураг[7]  гэрч Х.Т, Н.С нарын мэдүүлэг[8], Тээврийн хэрэгслийн оношлогоо, хяналт, зохицуулалтын албаны Баян-Өлгий аймаг дахь салбарын ажилтнуудын тодорхойлолт[9] тус тус нотлогдож байна.

Нэхэмжлэгч Х.У ашиглалтанд ороогүй барилгыг 2011 оны 8 сарын 31-ний өдөр Х.С, Х.Хнарт худалдсан, тэд уг барилгыг 2011 оны 09 дүгээр сарын 10-наас 11 дүгээр сарын 01 –ны хугацаанд ашиглалтанд оруулж 2011 оны 11 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн бусдад түрээслүүлж байсан улмаар Х.С, Х.Х нар 2011 оны 12 сард наймаагаа буцааж ашиглалтанд ороогүй барилга худалдан авсан 13,500,000 /арван гурван сая таван зуун мянган/ төгрөгөө Х.У-с буцаан авсан зэрэг үйл явдал, баримтуудын талаар талууд маргаагүй хүлээн зөвшөөрсөн байна.

 Х.У-с барилгыг газрын хамт худалдсан гэх 2012 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнд “Х.У-ны одоогийн 2 давхар байшингийн баруун талын хананд 4м тулгаж урагшаа 8м гаргаж барьсан  72м2 барилгыг Х.С, Х.Х нарт худалдав” гэж бичсэн байх боловч Х.У-ны эзэмшлийн газраас Х.С, Х.Х нарт шилжүүлсэн талаар эрх бүхий байгууллагын шийдвэр гараагүй, Х.У-ны эзэмшлийн газрын хэмжээнд өөрчлөлт орж газар эзэмших эрхийн гэрчилгээг шинэчлэн олгох ажиллагаа хийгдээгүй байна. Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-т зааснаар барилга байшин нь газраас салгамагц зориулалтын дагуу үл ашиглаж болох үл хөдлөх хөрөнгөнд хамаарах тул барилгын доорх газар болон барилгыг өмчлөх эрхийг салгаж ойлгох боломжгүй бөгөөд Х.С, Х.Х нар уг барилгын өмчлөгчөөр үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлсэн шийдвэр гараагүй байна. Дээрх гэрээ нь агуулга, хэлбэрийн хувьд гэрээний стандарт нөхцөлийг хангаагүй байсныг тэмдэглэж байна.

 Иймд барилга худалдсан буюу газар эзэмших эрх шилжүүлсэн гэх гэрээ нь анхнаасаа хууль бус байсан бөгөөд хожим талууд наймаагаа буцааснаар газрын маргаан гарах эхлэл болжээ .

Х.С, Х.Х нарын тайлбарласнаар уг газрыг Х.У-ны эзэмшил газар биш гэдгийг мэдсэнээр уг газрыг эзэмших хүсэлтийг Х.С-ны эхнэр Х.Х, Х.Х-ны хүү Х.Т нар 2011 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, хот байгуулалтын газарт гаргаж, улмаар Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2012 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 152 дугаар захирамжаар уг маргаан бүхий газарт газар эзэмшсэн байна.

Нэхэмжлэгч Х.Ушүүх хуралдаанд Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2012 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 152 дугаар захирамжаар Х.Х, Х.Тнарт олгосон газрын Х.Т-д эзэмшүүлсэн 52.5м2 газар түүний эзэмшил газартай давхацсан бөгөөд Х.Х-д холбогдох газар давхцаагүй талаар тайлбар гаргасан болно.       

Нэхэмжлэгч Х.У нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт орших Холбооны газрын АПС-ын хуучин барилгыг зохих хууль тогтоомжийн хүрээнд 2007 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн “Эзэмшлийн газрыг бусдад шилжүүлэх гэрээ”[10]-ээр 984м2 газрын хамт шилжүүлэн авсан байх боловч  Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2007 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 225 дугаар захирамжаар 1272мгазар эзэмших болсон нь “Газар эзэмших эрхийн гэрчилгээ”[11]-гээр тогтоогдож байна.

Анх 2007 онд нэхэмжлэгч Х.У-д газар эзэмшүүлэхдээ газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас тухайн газрын хил зааг, хэмжээг тэмдэгжүүлж хүлээлгэж өгөөгүйгээс Х.У-ны эзэмшлийн газрын хэмжээний талаар маргаан гарсан байна. Х.У-ы эзэмшлийн газрын хувийн хэрэгт 2007 онд эзэмшүүлсэн газрын тойм зураг болон эргэлтийн цэгийг хэрхэн тогтоосон талаар баримт байхгүй, гэрч Ж.Е-гийн мэдүүлсэн[12]ээр Х.У нь газар эзэмшүүлэх шийдвэр гарахаас өмнө уг газрыг хашаалсан байсан учир дахин хэмжилт хийгээгүй өргөдөлд дурдсан хэмжээгээр нь шийдвэрлэжээ.

Харин газрын маргаан гарч, захиргааны хэргийн шүүхэд захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж эхэлснээс хойш Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас гаргаж ирүүлсэн кадастрын зураг болон шүүхээс маргаан бүхий газарт удаа дараа хийсэн үзлэгээр АПС-ийн барилгын схем зураг дээрх байшингийн уртын хэмжээ буруу буюу дутуу бичигдсэний улмаар Х.У-ны эзэмшлийн хашаалсан газар Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2007 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 225 дугаар захирамжаар эзэмшүүлсэн 1272м2 газраас илүү байгаа нь тогтоогдсон ба энэ нь анх газар эзэмших үед газрын хил хязгаарыг тогтоож, хэмжилт хийгээгүй захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаатай холбоотой байна. Мөн Х.У нь маргаан бүхий газарт барилга барьж байх үед захиргааны байгууллагаас зөвшөөрөлгүй газар гэж үзэн холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлээгүй, түүний эзэмшлийн газар илүү хэмжээтэй байгаа талаар шалгаж тогтоогоогүй, газрын хил заагийг нарийвчлан тогтоож, тэмдэгжүүлээгүйд иргэнийг буруутгах боломжгүй юм.

Энэ талаар нэхэмжлэгч Х.У нь Газрын харилцаа, геодези зураг зүйн газарт хүсэлт гаргаж шийдвэрлүүлсэн байх ба Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 1/1207 тоот албан бичгээр[13] Х.Узбенд газар эзэмших эрхийн гэрчилгээ олгох үед барилгын уртын хэмжээ 32м байхыг 24м гэж буруу тогтоосон ба иргэний эзэмшил талбайн кадастрын зургийг заавар, стандартын дагуу үйлдээгүйгээс болж талбайн хэмжээ нь буруу бичигдэж гэрчилгээ олгогдсон, эзэмшиж байгаа барилга, хашааны хэлбэр, хэмжээнд өөрчлөлт ороогүй болох, газрын кадастрын зураглалын мэдээллийн санд байгаа 2007, 2009 онд гүйцэтгэсэн кадастрын ба байр зүйн зургуудаас болон харьцуулсан хэмжилтээр эзэмшил талбай буюу байшин хашааны талбайн хэмжээг 1503м2 болохыг тогтоож, Х.У-ны эзэмшил газрын хэмжээ буруу хэмжигдсэнийг залруулах үүргийг Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт өгчээ.

Анх Баян-Өлгий аймгийн Засаг даргын захирамжаар нэхэмжлэгч Х.У-д газар эзэмшүүлэхдээ газрын хэмжээг буюу 1272м2 гэсэн хэмжээг тогтоохдоо Х.Узбены эзэмшил газрын хувийн хэрэгт хадгалагдаж хавсаргасан байгаа тухайн үеийн АПС-ийн барилгын зураг схем[14] дээрх хэмжээ, заагаар газар эзэмшүүлэх шийдвэрээ гаргасан нь төрийн захиргааны байгууллагаас тухайн барилгын зураг дээрх газрын байршил болон хэмжээг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй.

Түүнчлэн Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын мэдээллийн сангаас гаргасан 2009 онд хийгдсэн “Кадастрын зураглал ба газрын бүртгэлийн ажил”-ын мэдээллийн сан дахь Х.У-ны эзэмшил газрын кадастрын зураг[15] нь тухайн үеийн АПС-ийн барилгын зураг схемтэй тохирч байна. Эдгээр кадастрын зураг болон схем зургаас үзэхэд иргэн Х.Т-д эзэмшүүлсэн газар нь Х.У-ны эзэмшил газартай давхцалтай, иргэн Х.Х-д эзэмшүүлсэн газартай давхцалгүй байна.

Геодези зураг зүйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д “кадастрын зураг” гэж газар болон бусад үл хөдлөх эд хөрөнгө, газрын хэвлийг ашиглахтай холбогдсон үйл ажиллагааг зохицуулахад шаардагдах дэвсгэр зураг зохиох, газрын зургийн мэдээллээр геодези, зураг зүйн мэдээллийн улсын нэгдсэн санг бүрдүүлэх зорилготой хийсэн бусад зургийг, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн  3 дугаар зүйлийн 3.1.4-т “нэгж талбар” гэж хилээр хязгаарлагдсан ашиглалтын зориулалт адил, эзэмшигч, ашиглагч, өмчлөгч нь нэг, оноосон дугаартай, кадастрт тусгавал зохих эдлэн газар, объект буюу түүний хэсгийг, 3.1.5-т “эргэлтийн цэг” гэж нэгж талбарыг хязгаарласан хилийн шугамын нугаралтыг газар дээр нь болон кадастрын зураг дээр тодорхойлсон цэгийг ойлгоно гэж заасан байна.

Гэтэл Х.Х, Х.Тнарт эзэмшүүлсэн газар Х.У-ны эзэмшил газартай давхацсан эсэх талаар Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас гаргаж ирүүлсэн кадастрын зураг[16], 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 21-04/047/216 дугаар шинжээчийн дүгнэлтээр[17] Х.Х, Х.Т нарт эзэмшүүлсэн газар Х.У-ны эзэмшил газартай давхцаагүй байдалтай байна гэж дүгнэсэн боловч 1272м2 газрын эхлэлийн цэгийг тогтоосон зураг байхгүй байхад аль талаас эхлэлийн цэгийг авч, уг хашаалсан газрын хэмжээ нь аль талаар илүү байгааг хэрхэн тогтоосон нь тодорхойгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын мэдээллийн сангаас гаргасан 2009 онд хийгдсэн “Кадастрын зураглал ба газрын бүртгэлийн ажил”-ын мэдээллийн сан дахь Х.У-ны эзэмшил газрын кадастрын зургийг няцаагаагүй, Х.Унь хашаагаа сунгаж өөрчилсөн талаар тогтоогдоогүй тул дээр дурдсан кадастрын зураг, шинжээчийн дүгнэлтийг үндэслэн  нь Х.У-ны эзэмшил газар Х.Т-д эзэмшүүлсэн газартай давхцаагүй гэж дүгнэх боломжгүй байна.

Иймд Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2012 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 152 дугаар захирамжийн Х.Т-д холбогдох хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Хоёр. Гуравдагч этгээд Х.Т-с хохирол 29.140.000 /хорин есөн сая нэг зуун дөчин мянган/ төгрөг гаргуулах шаардлагын тухайд:   

Нэхэмжлэгч Х.У шүүх хуралдаан дээр маргаан бүхий захиргааны актын улмаас өөрт учирсан хохирол гэх  29.140.000 /хорин есөн сая нэг зуун дөчин мянган/ төгрөгийг гаргуулах этгээдийг хариуцагч захиргааны байгууллага бус гуравдагч этгээд Х.Т гэж тодорхойлсон байна. Захиргааны байгууллага, албан тушаалтнаас гаргасан захиргааны актын улмаас учирсан хохирлыг иргэн хариуцах эрх зүйн үндэслэлгүй бөгөөд харин уг захиргааны актын шууд бус үр дагавраар иргэд нэгэндээ хохирол учруулсан бол иргэний журмаар зохих шүүхэд хандан шийдвэрлүүлэх боломжтой гэж дүгнэлээ.  

 Нэхэмжлэгч Х.У нь хохирол нэхэмжилсэн шаардлага гаргасан боловч уг хохирлын задаргаа, холбогдох нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй болохыг тэмдэглэж байна.  

Иймд нэхэмжлэгч Х.У-ны гуравдагч этгээд Х.Т-с 29.140.000 /хорин есөн сая нэг зуун дөчин мянган/ төгрөг гаргуулах шаардлага нь захиргааны хэргийн шүүхийн харъяаллын бус маргаан гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй байна.

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн, хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргын ажлын алба болох Засаг даргын тамгын газраас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.8 дахь хэсэг, 72 дугаар зүйлийн 72.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг  баримтлан нэхэмжлэгч Х.Узбены нэхэмжлэлийн шаардлагаас Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2012 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 152 дугаар захирамжийн Х.Т-д холбогдох хэсгийг хүчингүй болгох шаардлагыг хангаж, Х.Х-д холбогдох хэсгийг хэвээр үлдээсүгэй.
  2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Х.У-ы гуравдагч этгээд Х.Т-с хохирол 29.140.000 /хорин есөн сая нэг зуун дөчин мянган/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсугай.
  3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргын ажлын алба болох Засаг даргын тамгын газраас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
  4.  Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг уншиж танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй   болох бөгөөд мөн хуулийн 73 дугаар зүйлийн 73.3 дах хэсэгт   заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурдсугай.
  5. Энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81   дүгээр зүйлийн  81.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

         

 

 

 

[1] хх I-ийн 206 дахь тал

[2] хх III –ийн 651 дэх тал

[3] хх I -  ийн 21 дэх тал

[4] хх I  - ийн 101 дэх тал

[5] хх I – ийн 8 дахь тал

[6] хх I – ийн 81-83 дахь тал

[7] хх I – ийн 83-86 дахь тал

[8] хх I – ийн 95-96, 98-99 дэх тал

[9] хх I –ийн 90 дэх тал

[10] хх I –ийн 42 дахь тал

[11] хх I-  ийн 45 дахь тал

[12] хх I – ийн 138-139 дэх тал

[13]  хх III –ийн 654 дэх тал

[14] хх I- ийн 47, 61, 62 дахь тал

[15] хх III –ийн 655 дахь тал

[16] хх II – ийн 439 -440 дэх тал

[17] хх III- ийн 613-614 дэх тал